Улайрал

…Хүн алив нэгэн зүйлд улайрахаараа өөрийн хяналтаа алддаг. Хэрэв уг зүйл нь хууль бус эсвэл буруу зүйл байсан ч ялгаа үгүй. Өөрийн шунал, тэчьяадалдаа автсан тэрээр “энэ бол муухай зүйл болж байна даа” хэмээн сэтгэлдээ өгүүлэвч, олж авах гэсэн, эсвэл зорилгодоо хүрэх гэсэн мунхаг тэмүүлэл нь зогсоож дийлэхгүй. Хүн чанар, мунхаг хүслийн хооронд болж буй энэ дотоод сэтгэлийн тэмцэлд мунхаг нь ялах нь олонтаа. Тэр үедээ өөрийн энэ байдлыг өрөөл бусад нь анзаарч мэдэрч байгаа гэдгийг төсөөлж байвч, “төсөөлөхгүй байгаа хэмээн “зөрүүд ” сэтгэлдээ өөрийгөө тайвшруулан “зоригжуулдаг “.
Яг л харж мэдрэх боломжтой зүйлээ бодитойгоор харж мэдрэхийг хүсэхгүйгээр барахгүй, бусад олон нийт харж мэдэрч байгаа гэдгийг ч ойлгохыг хүсдэггүйгээрээ өөрийгөө “тэнэг ” байдалд оруулах нь элбэг.

Олон олон ийм тэнэг улайрлын дараа хүн нэг ёсондоо “цагаандаа гарна ” гэдэг болдог гэлтэй. Монголчууд ийм үзэгдлийг “шунал ихэдвэл шулам болдог ” хэмээн сургаж сануулж асан.
Монгол орны минь өнөөгийн нөхцөл байдалд ийм “шунал ” болсон улайрал улам ч гаарч олон нийтийн дургүйг хүргэх боллоо.

Тэрбүмын төлөөх улайрал
Бид УЙХ -ын эрхэм гишүүдийг Монгол оронд хэрэгтэй байгаа хууль эрх зүйг санаачилж, батлан хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрхийнх нь төлөө сонгодог. Энэ хууль  эрх зүй нь ард иргэд болон нийгмийн харилцааны зөв зохицуулалт байх учиртай. Тийм учраас бид энэхүү хууль эрх зүйг “шударга, зөв ” байгаасай гэж хүсээд, дуугараад бичээд байгаа хэрэг шүү дээ.
Харин төсөв ямар байх, юунд хэрхэн зарцуулах учиртайг УЙХ хуульчлан баталж, түүнийг нь Засгийн газар хэрэгжүүлж байх тогтолцоотой. Түүнээс УЙХ нь Засгийн газартайгаа зэрэгцээд санхүүгийн эрх мэдэл эдэлж, мөнгө зарцуулаад байх шаардлага бас эрх үгүй. Харин сүүлийн үейин ийм үзэгдэл, монгол төрийн энэ тогтолцоонд “гажуудал ” үүсгэх үндэслэл болох нээ. Үүнийг улайрал гэхээс өөрөөр яаж нэрлэх билээ.

Улс төрийн албан тушаалыг “бизнес ” болгон хувиргасан МАХН, МАН -ын энэхүү “тоглоомын дүрэм ” нилээд эртнээс улбаатай. УЙХ -ын сонгуулийн мөнгөний амлалт 10 000 төгрөгнөөс 1.5 сая төгрөг хүртэл “гэрлийн хурдаар ” өссөнтэй зэрэгцээд УЙХ-ын эрхэм гишүүдийн тойрогтоо зарцуулах нэрээр хувийн бизнес хийж буй мөнгө, 10 сая төгрөгөөс 1 тэрбүм төгрөг хүртлээ өслөө. Яг үүний төлөө л мөнгөтэй бизнесменүүд, мөнгөгүй  зальтангууд, бас баяжих хүсэлтэй луйварчингууд УЙХ-д сонгогдох гэж ингэтлээ улайраад байгаа хэрэг шүү дээ.
Тэднийг УЙХ -д сонгогдох гэж улайран, их мөнгө цацаж, нам дотроо лобби хийж, бусдад худал амладаг үндэслэл нь ердөө л энэ. Тэд улс орныг хөгжүүлэх гэхээсээ энэ боломжийг ашиглан зөвхөн өөртөө илүү, бүр их мөнгө олж баяжих, “баас хатавч өмхийгөө… ” гэгчээр энэ заль луйвраа, эрх мэдлээр халхавчлан далдлах гэсэн шунал, тэчьяадалд тулгуурласан улайрал юм шүү дээ.

2009 оны төсөвт суулгасан гишүүн бүрийн 1 тэрбүм төгрөгийн дуулиан, ерөнхийлэгчийн хориг, түүнийг үл зөвшөөрсөн шийдвэрүүд сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа. Би үүнийг ингэж харж байна.
-Тойрогтоо зарцуулах гэж УЙХ-ын гишүүдийн мэдэлд хуваарилж байгаа энэ мөнгө тэдний хувьдаа “мөнгө унагаах ” их боломж нь. Төсвийн мөнгөөр бизнес хийж хувьдаа мөнгө унагаадаг аргачлалын бүхэл бүтэн сүлжээ бий болсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тэд барилга бариулах, дээвэр засах, худаг гаргах, хөгжим авах, зам засах, засвар хийлгэх нэрээр хэнтэй хуйвалдаж,  хэрхэн санхүүгийн баримт бүрдүүлэхээ тун сайн мэднэ. Энэ тэрбүмын хэдэн хувь нь хувьд нь очихыг олон нийт бараг л гадарлаж байгаа. УЙХ-ын гишүүдийн цалин хангамж дээрээ энэ мэтийн “унац “-ын төлөө, өөр бас олон боломжуудын төлөө хэн ч гэсэн УЙХ-ын гишүүн болохыг хүсэлгүй л яах билээ.

-Өөрөө мөнгийг мэдэн зарцуулж, тойрогтоо их зүйл хийж, олон нийтэд “буян үйлдсэн ” ачтан болж харагдах их боломж энд байгаа. Улсын мөнгөөр дараагийн сонгуулиар сонгогдох “сурталчилгаа ” гаа хийж байгаа хэрэг. Ийм их мөнгийг жил бүр тойрогтоо зарцуулж, өөрийгөө сурталчлах боломж нь дараагийн сонгуульд шударгаар өрсөлдөх бүх боломжийг хааж буй хэрэг. Энэ шударга явдал гэж үү?
-Улсын төсөв хүрэлцэхгүй байна, төсөв хүрэлцэхгүйн улмаас олон асуудлыг шийдэж болохгүй байна хэмээн шалтагладаг тэд, ард иргэдийн өмнө тулгамдсан, яаралтай шийдэж болох олон боломжуудыг үгүйсгэж байна. Саяхан Б.Номинчимэд “Авилгалгүй орчинд амьдарч нэг үзэхсэн ” бичлэгтээ, энэхүү 76 тэрбүм төгрөгөөр 1000 хүний суудалтай 44 спорт цогцолбор, 12 дунд сургууль, 16 эмнэлгийн цогцолбор, 7 метр өргөнтэй 253 км хар зам барьж байгуулж болох боломжтой гэж дурдсан байсан.
Жалга жалгад юм хийсэн нэртэй, үр дүн багатай, хяналт тавих боломжгүй цацсан мөнгөний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй,  “Дагдангийн эхнэр таргалж, Цэрмаа турсаар ” л үлдэх гэж үү? Энэ гаж үзэгдэл нь аймгуудын засаг дарга нарын эрхэнд халдаж, орон нутгийн өөрөө өөрийгөө удирдах эрхэнд ч муугаар нөлөөлж болзошгүй.

Төвлөрсөн төлөвлөгөө
…Өндөр хөгжилтэй орнуудад бүх зүйлээ сайтар судалж, олон жилээр төлөвлөж, тэр хугацаандаа бүх зүйлээ хийж амждаг. Үүний төлөө судалгааны маш олон төвүүд ажилладаг. 10 жилийн дараа барих замын төслөө судалгаан дээр тулгуурлан одоо бэлэн болгож байна. Алив зүйл цаг хугацааны орчилд зохицуулагдаж байх аж.
Социализмын үед “5 жилийн төлөвлөгөө ” гэж байж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа 5 жилээр төлөвлөн төсөвлөж, ард иргэддээ сурталчладаг байсан. Үүний муу гэж үгүй. Ялангуяа өнөө цаг дор энэ бүхэн улам улмаар шаардагдсаар байна.
Хэрэв Монгол орны хөгжлийн эрэмбээ, ойрын болон алс хэтийн гэж төлөвлөж, ард иргэд олон нийтдээ ойлгуулан сурталчлаж байсан бол энэчлэн дур зоргоор авирлан улайрах үзэгдэл гарах байсан гэж үү?
Ядахнаа гадагш урсаж байгаа их мөнгөний урсгалыг дотроо тогтоон барьж, зөв зарцуулж байж л бид хөгжинө. Наад зах нь орчин үейин эмчилгээ оношлогооны төв, загвар болсон сайн сургууль хэрэгтэй байна шүү дээ. Энэ 76 тэрбүм төгрөгөөр шийдэж болох олон боломжууд бий.  Яагаад УЙХ-ын эрхэм гишүүд үүний төлөө санаа тавьж, бодитоор сэтгэж, үр дүнтэй ажиллаж чадахгүй, үүнийг хүсэхгүй байна вэ? Яагаад тэд хувийн өчүүхэн ашиг сонирхлын төлөө ингэтлээ улайрна вэ?

Төгсгөл
…Муу зүйлд улайрч байгаа хүн улам улмаар эрээ цээрээ алдаж, бусдын жигшиж дургүйцсэн байдлыг ч анзаарахаа болино. Ямар ч аргаар хамаагүй өөрийн шунал, тэчьяадалаа биелүүлэхийн тулд, өөрийн хүн чанар, ичих сэтгэл, бодит ухамсраа ч алдаж орхино. Яг л манан дунд бүдчиж яваа мэт…

2009 оны улсын төсөвт суулгасан 1 тэрбүм төгрөг, түүнийг дэмжиж байгаа, олон олон хүний мөн чанарыг харуулж буй. Энэ бусармаг үзэгдлийг одоо зогсоож эс чадваас цааш цаашдаа Монголын улс төрд гажуудал буюу буруу жишиг тогтох болно. Цаашид УЙХ-д сонгогдсон гишүүд, хууль тогтоох үүргээсээ илүүтэй санхүүгийн эрх мэдлийн төлөө улайран зүтгэдэг жишиг тогтож, засгийн газрын эрх үүргийг булаан авбал яах вэ?
“Ниргэсэн хойно нь хашгирав ” гэдэгчлэн улайраад цагаандаа гарсан тэднийг зогсоож чадахгүйд хүрвэл, хэн хариуцлага хүлээх вэ? Энэ бүхэн бид бүгдэд хамаатай.
УЙХ-ын эрхэм гишүүд ээ! Та нар хүн чанар, ухамсрын үүднээс хууль ёсоор олгогдсон хийх учиртай ажлаа хий л дээ. Өнөөдөр Монгол оронд  шударга ёс, хуулийн хэрэгжилт, нийгмийн хамгаалал, халамж, харилцааны олон асуудлууд эн тэргүүнд хэрэгтэй байна. Үүнийг л бид та нараас хүлээж байгаа.
Та нар жаахан эрүүл ухаанаар сэтгэ л дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-12-19

Share Your Thoughts