УРЛАГИЙН ҮНЭЛЭМЖ

Эхлэл
Хааяадаа интернетээр монголд тоглогдож буй урлагийн тоглолт, концертийг үзэх. Манай үзэгчид их өөр болжээ.
Нэгэн зүйл: Зохиолын болон хип хоп дуучдын концертын эхэнд, хөтлөгч болон дуучин өөрөө үзэгчдэд хандан ” гараа дээш өргөөрэй, чангаар алга ташаарай” гэхчилэн командалж, хэдэнтээ дасгал хийлгэн, “бие халаасан” ы дараа тоглолтоо эхэлдэг.
Тоглолтын явцад дуучин маань, дуулах явцдаа “за хамтдаа дуулна шүү, дагаад дуулаарай” гэхчилэн удирдаж, үзэгчдээр дуулж буй дуугаа дуулуулах ба энэ завсраа өөрөө ч амсхийж амжина. Нилээд халах явцдаа “одоо хана ханаараа дуулна шүү” хэмээн зааварчилж, эцэстээ энэ концертод хэн нь дуулах учиртайг мэдэхгүй болтлоо “найр хавтгайрах”. Эцэстээ үзэгчид ч дуучид ч хамтдаа найган ганхан дуулцгааж, уяхан зарим нь дуундаа уярч, бяцхан нулимс унагааж амжина. Сайхан даа, сайхан. Яг л найр мэт.
Тоглолтын явцад байн байн “алга таших яасан бэ? Өшөө чанга алга ташаарай” гэхчилэн зааварлан удирдаж, үзэгчдийн санал хүсэлт, сэтгэгдэлээс хамаарахгүйгээр нижигнэсэн алга ташилтын дор тоглолтоо дуусгана. Мундаг менежмент.
Шагийн бус шахааны билетээр концерт үзэж, хөтлөгч дуучдын хатуу чанд шаардлагын дор алгаа хортол нь ташиж, хоолойгоо сөөтөл дуулсан үзэгчид, “хэн гуайн найр сайхан боллоо шүү” гэх сэтгэгдэлтэйгээр маадгар гэгч харьцгаадаг.
Тоглолт бүр нь нижигнэтэл алга ташилтын дор, үзэгчидтэйгээ хамтдаа найган ганхан, уяран мэлмэрэн дуулцгаах энэ үзэгдэл, монгол оронд минь урлагийн “үнэлэмж” хичнээн өндөр түвшинд хүрсэнийг яруу тод илтгэх мэт…
Нэгэн зүйл: Нэгэнтээ шог хошин зохиолч М.Цэрэнжамц гуайн, дууны үгийн талаархи өгүүлсэн хошигнол, санаанаас гарахгүйгээр үл барам, зарим дууны үгийг сонсох бүрд санаанд орж өөрийн эрхгүй инээд хүргэх. Монголчууд бид, ээж аавын элбэрэл, эх орны тухай ихэд магтан дуулцгаадаг.
Ээжийн тухай дуунд ихэвчлэн, “тэрлэг нь хүндэдсэн”, “араг шиг намхан”, гэрийнхээ гадаа, гэртээ ирдэггүй хүүгээ саравчлан саравчлан харуулдах, хөдөөний бололтой ээжийн тухай өгүүлдэг. Өнөө цагт ихэд элбэг болсон, орон сууцанд амьдардаг, өндөр нуруутай, цагаан царайтай, гоё ганган ээжийн тухай тэгтлээ дуулахгүй.
Аавын тухай дуунд ихэвчлэн, “гаансанд тамхиа нэрсэн”, ” үг дуу цөөтэй”, бодол санаа нь үргэлж дотроо л байдаг, морь их унадаг хөдөөний бололтой аавын тухай өгүүлдэг. Одоо цагийн жентельмен төрхтэй, “жееп” унадаг, энд тэнд илтгэл тавьж, гадаад дотоодоор их явж, гахай шувууны мах иддэг аавын тухай ердөө ч дуулахгүй.
Эх нутгийн тухай дуу, клипэнд ихэвчлэн, уул толгодын тэртээд, санаашран гиеүрэн алхах нэгэн, эсвэл их мал сүрэг, уул ус , овоо толгодын дэргэд, нөгөө бол монгол гэрт ууж идэн, залбирч мөргөн, наадаж наргих ах дүү, амраг садан, анд нөхдийг их харуулан дуулж, дүрслэх болж дээ. Сүүлийн үед дууг захиалах, эзэнтэй дуу гэх нүүр улайм магтаалын дуу, ихэд дэлгэрэх болсон буюу. Мөнгөтэй бол, урлагийг хүртэл худалдаж авах гэдэг хийрхэлийн тод илрэл.
Залуусын хайр сэтгэлийн илэрхийлэлийг дүрслэхдээ, ой мод эсвэл цэцэрлэгт хүрээлэнд хөөцөлдөн гүйлдэх хосууд, эцэж ядармагц нэг нь нөгөөгийнхээ нүдийг даран “таалгах”, ялдамхан агшнаар илэрхийлдэг.

Урлагийн тухай бидний бодол, үнэлэмж нэг иймэрхүү хэмжээнд, тушаатаи морь жугаа адил, эргэцэн дэвхцэнэ.
Нэгэн зүйл: Саяхан АНУ-д ажлынхаа зав чөлөөгөөр бүтээлээ туурвидаг, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн “Алтайн магтаал” -ыг, сүүлийн үейин техник, технологи ашиглан шинэчилж хийсэн клип, олон хүний талархлыг хүлээж, бас олон хүний эгдүүцэл, дургүйцэлийг төрүүлсэн. Бидний ягштал мөрдөж ирсэн ойлголтоор бол, “Алтайн магтаал” гэхээр, сүрлэг Алтайн уулсын өмнөд хэсэгт, үндэсний хувцастай, хуучин хөгжмийн зэмсэгтэй, нэг буюу хэсэг хүн дуулж хуурдан, бас хөөмийлж, аялгуулж байх учиртай. Гэтэл юун “нүцгэн хүүхнүүд”, “өндөр барилгууд вэ” хэмээн олон хүн эгдүүцлээ. Урлагийн бүтээл гэдэг, тухайн уран бүтээлчийн дотоод сэтгэл, авьяас, алив зүйлийг харах өөрийн үзэл, хөг аялгуу нь байдаг. Яаж илэрхийлэх нь тэр хүний авьяас билэг, тэр хүний хэзээ ч давтагдахгүй өвөрмөц сэтгэлгээний илэрхийлэл.

Түүнчлэн монгол уртын дууг бид, морин хуур, нар, адуу мал болон байгалын үзсэгэлэнт сайхантай зураглалаар л төсөөлдөг. Гадаадад гарч бусдын адил хар, бор ажил хийж, амьдралаа залгуулж буй олон авьяаслаг уран бүтээлчид, дэлхийн урлагийн чиг хандлагыг нүдээр харж, сэтгэлээр мэдэрч, тэр л хэмжээнд монголын соёл урлагийг аваачих, үгүйдээ л ойртуулах сан гэж мөрөөдөж, сэтгэл зүрхээ шаналгаж л яваа. Өнөөгийн монголын урлагийн үнэлэмж, хөгжлийн хандлагыг өөрчлөх сөн гэж хүсч л байгаа. Тэд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа ч, мэргэжилдээ дуртай, үнэнч сэтгэл нь, хэн хүнд заяагаагүй авьяас билэг нь зүрх сэтгэлийг нь шаналгаж, амраахгүй л байгаа.

Ярилцлага
Өнгөрсөн хавар Вашингтон ДС-д болсон АНУ-д байгаа монголын урлаг соёлын ажилтны чуулга уулзалтын үеэр, олон хүмүүсийн бодол санаа, хүсэл тэмүүлэлийг сонсож байхдаа, урлаг соёлд хил хязгаар үгүй, уудам энэ орчлонд, ямархан их орон зай, боломж байдгийг анзаарч байсан. Энэ чуулга уулзалтаас хойш, морин хуурч Г.Уртнасан бид 2, урлагтай холбоотой олон асуудлуудаар санал бодлоо солилцож байсан нь энэ бүхнийг бичих нэгэн шалтаг боллоо.
-АНУ-д морин хуур хөгжмийг сурталчлах талаар багагүй зүйл хийж байгааг анзаарч байгаа.
-Би АНУ-д хоёр зорилготой ирсэн. Мэдээж залуу хүн болохоор суралцаж, өөрийгөө хөгжүүлэх, нөгөө талаар АНУ-д морин хуураа сурталчилж, сургалт явуулах, тодорхой түвшинд хөгжүүлэх.

-Яагаад заавал морин хуур гэж?
-Би, Монголд төдийгүй дэлхийд алдартай морин хуурын чуулгын хөгжимчин. Би үүгээрээ маш их бахархдаг. Намайг нааш явахад, чуулгын хамт олон болон багшийн минь хэлж, сургаж захисан зүйл бас бий.
-АНУ-д морин нуурын сургалт явуулсан тухайгаа
-Морин хуурын сургалт гэдэг утгаараа, миний оролдлого бол 2 дахь удаагийнх юм. Денверт байгаа Ариунболд хуурч ийм сургалт өмнө нь явуулж байсан. Ийм сургалт явуулж эхэлснээс хойш 9 сар болж байна. Вашингтон ДС-д үйл ажиллагаагаа явуулдаг Монгол Соёлын Төв , намайг дэмжиж анхны сургалтыг явуулахад тусалсан. Эхний сургалтад 1 америк, 1солонгос, 2 монгол хүн хамрагдсан. Харин одоо Сэйтлд 1 америк оюутантай хичээллэж байгаа.
-Гадаад хүмүүс морин хуурыг хэр сурч байна?
-Эхний 2 гадаад хүн маань 6 сарын хугацаанд, хуураа өөрсдөө хөглөж, хуураа бусдад тайлбарлах хэмжээний мэдлэгтэй, тодорхой ая тоглоод байх хэмжээнд суралцсан. Нэг ёсондоо, энэ 6 сарын хуагцаанд, монголын хөгжмийн мэргэжлийн сургуульд 1 жилийн хугацаанд үзэж судлах хичээлийг ерөнхийд нь үзэж судалсан гэсэн үг. Харин сүүлийн оюунтандаа миний хувьд, барилаа олж, жаахан туршлага суусан ч гэх үү, арай хурдацтай явж байгаа.
-Сургалтанд гадаад хүн болон монгол хүний ялгаа хэр мэдрэгдэж байв?
-Монгол хүн болохоор байгалаас заяасан авьяас илүү байдаг, нөгөө талаар үндэсний гэдэг утгаараа амархан сурдаг . Харин гадаадынхны хувьд, хөгжмийн суурь боловсрол нь их сайн олгогдсон нь мэдрэгддэг. Тэд сургалтыг, суурь боловсролын дэвсгэр дээрээ их сайн хүлээж авдаг. Тэд сонирхогчдийн хэмжээнд ингэж сурч байгаа юм чинь, мэргэжлийн хэмжээнд ямар их мундаг байдаг нь бараг мэдрэгдэж байна шүү.
-Сургалтаас гадна, энд тэнд болж байгаа арга хэмжээнд их оролцож байгаа тань харагддаг.
-Морин хуураа сурталчлах хүрээнд, Монгол Соёлын Төвийн зохион байгуулсан 2 ч арга хэмжээнд оролцож, лекц уншиж, илтгэл тавилаа. АНУ-д байгаа монголчуудын дунд зохион байгуулагдаж байгаа урлаг соёлын арга хэмжээнд өөрийн боломж, чадлаараа оролцохыг хичээж байгаа.

-Ингэж оролцож явахад, чамд мэдрэгдэж байгаа сайн муу талуудын тухайд?
-АНУ-д байгаа монголчуудын дунд урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдаж, эх орноосоо алсад байгаа тэдэнд үйлчилж байгаа нь их сайн хэрэг. Гэхдээ арга хэмжээ болгон нь адилгүй. Зарим нь мэргэжлийн түвшинд сайн бэлтгэгдэж, сайтар зохион байгуулагдсан байхад, зарим нь бэлтгэлгүй, зохион байгуулалт муутай байх жишээтэй. Нилээд чухал арга хэмжээнүүдэд оролцоход, өмнө нь морин хуур сонсож байгаагүй гадаадынхан ихэд сонирхоно. Ер нь бага гэлтгүй ямар ч рага хэмжээ бэлгтгэл, зохион байгуулалтаасаа ихэд хамаардаг.
-АНУ дотроо ийм арга хэмжээнд оролцохдоо зардлаа яах вэ?
-Эхлээд өөрөө зардлаа гаргаад явах үе байсан. Тэр үед өөрийгөө таниулах л их чухал байлаа шүү дээ. Гадаадад байгаа хэдий ч, алив арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүс ашиг олох гэж хийдэггүй болохоор, боломжтой боломжгүй үе гэж байдаг. Харин сүүлийн үед урьж байгаа талтайгаа тодорхой тохиролцоонд хүрч, зардлын асуудлыг шийдүүлж байгаа. Бага ч атугай ахиц гарч байгаа гэсэн үг.

-Одоо хоёул урлагийн үнэлэмжийн талаар ярилцья
-Урлаг бол ард түмний оюун санаанд нөлөөлж, тэдний зүрх сэтгэлд сайнаар нөлөөлж байдгаараа их чухал зүйл. Сайхан аялгуу сонсоод уярдаггүй хүн гэж хаа байх билээ. Тийм болохоор хүмүүс урлагийг үнэлж, бүтээгчдийг нь хүндлэн биширч байдаг юм шүү дээ.
-Өнөөгийн монголын урлагийн түвшинд авч үзвэл?
-Хамгийн харамсалтай нь, мэргэжлийн урлагийн болон сонирхогчдын урлаг ялгарахаа больсон байна. Та бодоод үз дээ? ХБДС гээд мэргэжлийн сургуулиас эхлээд СИУС төгстөл, дор хаяж 11-16 жил зарцуулдаг. Энэ бол их хөдөлмөр. Гэтэл ийм хугацаанд эзэмшсэн тэдний ур чадварыг, сонирхогч болон урансайханчтай харьцуулж болохгүй шүү дээ. Харин өнөөдөр тэдний хөдөлмөр, үнэлэмжийг нэг түвшинд авч үзэж байгаа нь хамгийн харамсалтай.
-Энэ бүхний шалтгаан нь?
-Урлаг соёлын бодлого, дунд сургуулиар дамжин бие хүнд олгогдох учиртай хөгжим, урлагийн боловсролын чанартай хамаатай. Ядаж л дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлээр, соёлтой, мэдлэгтэй үзэгч бэлтгэхэд анхаарч болох шүү дээ.
-Би ч бас үүнтэй чинь санал нийлж байна. Жишээлбэл: Өнөөдөр монголд Соёлын Яам гэж байсныг татан буулгаад, одоогийн байдлаар Соёл Урлагийн Хороо хэмээх статусаар ажиллуулах гэж буй бололтой. Иим байдал дунд, олон нийтэд хүрэх ёстой соёл урлагийн бодлого, үйл ажиллагааны хэмнэл нь алдагдаж буй мэт. Харин ч өнөөдөр монголын Соёл Урлагийн бодлого нь урлагтаа үнэнч, авьяас зүтгэлтэй хүмүүсийн сэтгэл, хөдөлмөр дээр яваа мэт.

-Тийм ээ! Гадаадад байгаа бид ч, монголын урлагийн хөгжил, үнэлэмжийн талаар сэтгэл зовж яваа. Үүнийг өнгөрсөн хавар энд болсон урлгийн ажилтны чуулга уулзалт харуулсан. Бидэнд цаашид их боломж бий.
-Тухайлбал?
-Өлзийсайхан ах, бусад хэд хэдэн хүмүүс АНУ-д мэргэжлийн урлагийн ажилтны холбоо байгуулж, бодит ажил хийхээр ярилцаж байгаа. Бид АНУ-д байгаа монголчууддаа чанартай тоглолт үйлчилгээ үзүүлэхээс гадна, эвлэлдэн нэгдэж, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихийг хүсч байна. Нөгөө талаар дэлхийн өндөр хөгжилтэй АНУ-аас , Монголдоо хэрэгжүүлж болох олон санааг судалж, монголдоо хэрэгжүүлэхийг хүсч байгаа. Харин бидний эв нэгдэл хамгаас чухал байнаа.
-Энэ харин сайхан санаа байна. Ер нь гадаадад байгаа монголчууд бага ч гэлтгүй нэгдэж, монгол руугаа хандаж, шинэчлэл өөрчлөлт хийх нь иж чухал байнаа.

-Ямартай ч ийм зүйлийн эхлэлийг тавих санаа байнаа. Энэ талаар урлаг судлаач Б.Батжаргал ах ч ярьж байсан. Саяын чуулга уулзалтын үеэр ч ийм санаа их яригдсан. АНУ-д байгаа урлаг соёлынхон маань ч дэмжйх байх аа.
-Чи залуу хүн. Эрч хүч, сайхан эрмэлзлэлтэй байна. Цаашдын чинь мөрөөдөл?
-Их юм мөрөөдөж байнаа. Морин хуураа АНУ-д төдийгүй дэлхийд сурталчилж, хөг аялгууны гайхамшигийг мэдрүүлэх юм сан. АНУ-д морин хуурын том сургалтын төвтэй болох сон. Бидний араас олон уран бүтээлчид ирж дор бүрнээ их зүйлийг хийх болноо. Өнөөдөр Лас Вегаст 2 Монгол бүсгүй, уран нугаралтын сургалт явуулж байгаа. Бас гадаадад байгаа мэргэжлийн урлаг соёлынхон маань нэгдэж, хамтдаа хөгжиж, Монголын соёл урлагийн хөгжилд их хувь нэмэр оруулах сан.
-Сайхан мөрөөдөл байна. Яагаад биелэж болохгүй гэж? Бидний сэтгэл зүтгэл, эв нэгдлээс их хамаарна.
-Тийм шүү! Ажлаа зөв эхэлж, хүмүүст зөв сайнаар ойлгуулж, мэдрүүлж чадвал аяндаа дэмжигдэх байхаа.
-Ярилцсанд их баярлалаа. Өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл тань биелж, монголын маань соёл урлаг хөгжиг ээ!
-Танд ч бас их баярлалаа. Ерөөлөөр болог!

Төгсгөл
Нэгэн үе, АНУ-д байгаа монголчуудын дунд зохиогдож байгаа олон арга хэмжээнд, монголын хамтлаг дуучдыг урьж. тэдэнд их хэмжээний хөлс төлж байсан. Тоглолт бүрийн дараа сайн муу яриа гарч, зохион байгуулсан хүмүүсийг элдвээр хардаж, шүүмжилж асан. Харин сүүлийн үед АНУ-д байгаа урлаг соёлынхон багагүй зүйлийг санаачилж хийх болжээ. Зөндөө олон теле нэвтрүүлэг, олон тоглолт, арга хэмжээ зохиогдох болсон. Энэ бол бага зүйл бишээ.
Харь оронд хатуу хөтүү, хүсээгүй ажил хөдөлмөр хийж, бусдын адил ядарч зүдэрч, баярлаж гуниглаж яваа олон, олон авьяастнуудын зүрх сэтгэлд, мөнөөх л урлагийн төлөө гэсэн шаналал нь, зүрх сэтгэлийг нь амраадаггүй аж. Авьяас тэтгэвэрт гардаггүйн адил, авьяас гэдэг хүнд хэцүү цаг мөчид ч унтардаггүй аж.
Тэд харь энэ газар бусдын адил зовж зүдэрч явахдаа, үзэж харж, ухаарч мэдэрч байгаа бүхнээ бусдад урлагаар л дамжуулж ухааруулж хэлэх сэн гэж хүсдэг. Энэ ядмагхан орон зайд, мөнгө хийж, ашиг олохсон гэж хүсэх хүмүүс бишээ тэд.

Миний л мэдэхийн хэд хэдэн дуучид. харь энэ нутагт тоглолтоо хийж, хэд хэдэн хамтлаг үүсэн хөгжиж, мундаг уран бүтээлчид бүтээлээ туурвиж байгаа. Тэднийг мөнгө олох хүслээс илүүтэй, өөрсдийн авьяас билэгээ харь энэ нутагт авьяас унтраачихгүй юм сан гэх шаналал нь зовоодог юм даа.
Өдгөө бид тэднийгээ дэмжиж, тоглолтыг нь үзэж, урам талархлын үгээр сэтгэл юуг нь урамшуулж яагаад болохгүй гэж? Тэд биднээс мөнгөнөөс илүүтэй, сэтгэлийн урам, хэрэгтэй нэг үгийг л хүлээж байгаа.
Вашингтонд ажиллаж амьдарч буй хөгжимийн зохиолч С.Сансаргэрэлтэх, хийлч Дээгий нар дэлхийн хэмжээний гайхамшигт уран бүтээл туурвиж, энэ уудам орон зайд монголын нэрийг гаргахаар хөдөлмөрлөж буй.
Хэдхэн хоногийн дараа монголын үндэсний их баяр наадмын үеэр, Вашингтон ДС-д ажиллаж амьдардаг Алтанбагана, Болдбаатар нар, өөр хотуудад амьдран суугаа мэргэжил нэгтэй 3 бүсгүйтэй хамтран “Би хэн бэ?” нэртэй драмын жүжиг тоглох гэж буй. АНУ-д тоглогдох гэж буй анхны монгол жүжиг. Та боломж гарган заавал очиж үзээрэй. Энэ бас л нэгэн том эхлэл. Чулууны үйлдвэрт ажилладаг энэ 2 залууд, зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөөс илүүтэй сайхан нь юу билээ. Алдаа оноотой ч бай энэ бол та бидэнд зориулсан сэтгэлийн өчил.
Урлагийн үнэлэмж гэдэг, билет худалдан авч буй мөнгөндөө бус, энэ гайхамшигийг бүтээх гэж, зовж шаналж, хөдөлмөрлөсөн сэтгэлийн угт нь байдаг юм шүү.
Хүмүүст өгөх гэсэн сэтгэлийн ухаарал, шаналал, таашаал, зүрх сэтгэлийн угаас мэлмэрэх нулимс, чин сэтгэлийн угаас талархан өргөх цэцгийн баглаанд урлагийн үнэлэмж нь оршдог юм.
Урлагийн тэнгэр, гэгээн сэтгэлийн ариусал та биднийг ивээг!.

 

Share Your Thoughts