УТАА-ГАМШИГ-УЛСТӨР

Улаанбаатарын утааны тухай:
Нэг 9-д яах вэ?  Нил утаа болно Хоёр 9-д яах вэ? Хор нь улам ихэднэ  Гурван 9-д яах вэ? Гамшигийн хэмжээнд хүрнэ Дөрвөн 9-д яах вэ? 4 зүг харагдахаа болино Таван 9-д яах вэ? Тархсан утаа татарна Зургаан9-д яах вэ? Зам бүртийж харагдана Долоон 9-д яах вэ? Хотын өнгө харласан байна Найман 9-д яах вэ? Нарны туяа тодорч харагдана Есөн 9-д яах вэ? Ердийн утаатай болно

Сүүлийн үед фейсбуук дээр ихээр бичигдэж байгаа онигоо маягийн шинэ хэллэгүүд.  Монгол оронд идэр есийн хүйтэн эхэлж, гэр хорооллынхон галаа ихээр түлэх болсноос өдгөө Улаанбаатарын утаа улам л ихсэж байгаа бололтой.  Жилийн жилд Улаанбаатарын утааны талаар ярьсаар улиг болж, багасахыг хүлээн цөхөрч, эцэстээ гунигт байдалтайгаа эвлэрэх бололтой.

-Улаанбаатарын утаа тийм их их болсон гэж үү?

-Хэцүү, хэцүү. Урдах замаа бараг л олж харахгүй шүү дээ.
Зарим мэдээллийн хэрэгслэлүүд болон фейсбуук дээр гарч буй зургуудыг харахаар нэг л биш хэрнээ сэтгэлд тэгтлээ буухгүй. Утааны улирлаар олон ч хүмүүс гадаадын орныг зорьж, өвлийг өнгөрөөгөөд цагаан сарын өмнөхөн нутагтаа буцна. Эрүүл мэнддээ санаа тавьж байгаа нь тэр. Харин дарга нар болохоор утаанаас дайжиж, хотоос зайдуу харшиндаа заларч, хааяадаа хот орохдоо “Албан тасалгааны цонхоор амьдрал дажгүй” байгааг харна. Жирийн иргэд нь болохоор утааны гашуунд хахаж цацан ханиалгаж, уушигнаасаа хар цэрээр нулимж, болзоондоо төөрч, нүүрэндээ “хар маска” тавиулна.

Ийм байдлаар лавтайяа 4 жилийг үдэв дээ. Улаанбаатарын утааны тухай  энэ л үед халаглан гаславч, урь унан дулаарч утаа багасах цагаар бүгд л мартаж орхих нь монголчууд бидний хэнэггүй зангийн илрэл аж. Хаваржингаа баяр тэмдэглэж, зунжингаа зугаацаж, намаржингаа найрлан бүхнийг умартацгааж, хариг хүйтэн цагаар гэнэт санан тэвдэцгээнэ, бас гаслана. Жил жилийн Улсын төсөвт утааг арилгах талаар их ч мөнгө төсөвлөж, элдэв тендер зарлан, эсэн бусын арга сүвэгчлэх хэдий ч үр дүн нь бага. Гэтэл үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй, хэн хариуцлага хүлээх нь ч тодорхойгүй, төсөвлөсөн мөнгө нь хэрхэн яаж зарцуулагдсаныг хэн  ч мэдэхгүй, хэн ч хянахгүй шаардахгүй жил жилийг үдсээр. Бид ч хий дэмий л гасласаар, байдал ч өөрчлөгдөхгүй хэвээрээ.

Нээрээ мартаснаас Улаанбаатар хотын засаг дарга, нийслэлийн захирагч Мөнхбаяр энэ жил “Оны бүтээлч хүн” гэдэг цолыг хүртэж шагнагдсан гэнэ.  Шагнал “эзнээ олно”, “эзнээ голно” гэхчилэн олон л янз байдаг гэсэн. Чухам аль нь болохыг бид мэдсэнгүй.  Ямартай ч ямар нэгэн амжилт үзүүлсэний төлөө шагнасан бололтой. Харин энэ амжилтад нь Улаанбаатарын утаа хамааралтай эсэх нь тодорхойгүй үлдлээ. Ер нь тэгээд өнөө цагийн дарга нарт “үндсэн ба үндсэн бус ажил”, “үүрэгт ба үүрэгт бус хариуцлагууд” төдийлэн ялгаагүй болсон бололтой.

Зарим хүмүүс ярьж байнаа. “Энэ жил гэр хорооллын айлуудад утаа гаргадагүй зуух хуваарилан худалдсанаас утаа бага зэрэг багасаж байгаа” гэх. Гэтэл зарим нь “үгүй ээ, тэр зуухнууд нь дэлбэрээд сүйд болж байгаа гэсэн” гэх. Зуухаа зөв боловсноор хэрэглэж чадахгүй байгаагаас болж зарим нь зутарч байхад, зөв боловсон хэрэглэж байгаа зарим гудамжны айлууд нь утаагүй болж байгаа гэх. “Утаагүй гудамжнаас утаагүй Улаанбаатар болно” гэх сурталчилгааны маягтай бичлэгүүд бас харагдаж байнаа. Хүмүүсийн сэтгэл санаанд янз бүрээр “нөлөөлөх” гэж оролдож байгаа ч бодит үр дүн нь “муу” байгааг бид харж  байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол “гамшиг” -ийн хэмжээнд хүрээд байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, анхааруулж байгааг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн судалгаа нотолж байна. Харин бид энэхүү ГАМШИГ гэдэгт төдийлэн анхаарлаа хандуулахгүй байгаа нь хамгийн харамсалтай.

УТААНЫ ГАМШИГ

ГАМШИГ-1:  Утааг багасгахад зориулж 2010 онд 3 тэрбум, 2011 онд 6,2 тэрбум төгрөгийг “салхинд хийсгэжээ”. Энэ мөнгөний 850 сая төгрөгийг утаагүй зуухны тендерт зарцуулсан бол 2010 онд утааг бууруулах зорилгоор үртэсний 2 үйлдвэрт 400 сая, шахмал түлшний үйлдвэрт 523 сая, 36 сая төгрөгөөр 1000 айлд дулаалга, 100 өрхөд тогоор халдаг хөшиг зэргийг суурилуулжээ.

Эх сурвалж: Н.Далай  “Нийгмийн толь” сонин.  сонин.мн 2012-01-09

Энэ бол зөвхөн захын баримт. Үүний цаана Улаанбаатарын утааг арилгах зорилгоор хичнээн хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулсан, “залилсан” бусад олон баримтууд НУУЦ хэвээрээ байгаа. Тендерийг хаанаас хэн зарлаж, ямар байгууллага яаж оролцон шалгарсан болон, тендерийн бодит үр дүн ямар байсан талаар  тодорхой мэдээллийг ил гаргасангүй өдий хүрлээ. Ил тод бус нууцлаг явагддаг хэрнээ үр дүнг нь тооцдоггүй энэ л тогтолцооны улмаас  эрх мэдэлтнүүд болон улстөрч эрхмүүдийг  хуйвалдан”мөнгө угааж”, хуваан “завшиж” байна хэмээн хардаад байгаа юм шүү дээ. “Зуд болоход нохой зоолж, зовлон ирэхэд лам баяждаг” гэдэг шиг.

Тэгэхээр бид одоо Улаанбаатарын утааг арилгах болон багасгах зорилгоор сүүлийн жилүүдэд улсын төсвөөс болон гадны зээл тусламжаар зарцуулсан мөнгө болон хөрөнгийн тооцоог ил гарган зарлаж, олон нийтэд бодитоор мэдээлэхийг шаардахын зэрэгцээ ХАРИУЦЛАГА тооцох хэрэгтэй болж байна. Яг үнэндээ энэ бүх зарцуулалт болон тендерт оролцож ялсан компаниуд болон байгууллагуудын баримт бичгүүд “цагаан цаасан дээр хараар бичигдсэн” л байгаа шүү дээ. Алив ийм ажиллагаанд манайхан л “мэдэн будилаад” байдаг болохоос “баримтууд” нь маш тодорхой байгаа. Бид одооноос буруутай эздийг нь заавал олж ХАРИУЦЛАГА тооцож сурахгүйгээр энэ ГАМШИГ-ийг арилгаж чадахгүй.
ГАМШИГ-2:  Өнгөрсөн жил 9000 гаруй хүүхэд мэндэлсэн ч тэдний 800 -аад нь нярайн өвчтэй төржээ. Тэдний 300 гаруй нь дутуу төрсөн гэнэ. Эдгээр дутуу төрсөн хүүхдүүдийн 50 хувь нь “уушигны эмгэг” оноштой байжээ.

Эх сурвалж: Н.Далай  “Нийгмийн толь” сонин.  сонин.мн  2012-01-09.
Энэ бол зөвхөн захын баримт. Үүний цаана Улаанбаатарын утаанаас болж  шинээр төрсөн хичнээн хүүхэд өвчилж байгаа байгаа болон “хорт хавдар”-ын өвчлөл хэрхэн нэмэгдэж байгаа, насанд хүрсэн хүмүүсийн амьсгалын замын болон уушигны өвчлөлтийн талаарх мэдээлэл  алга байна. Улаанбаатарын утаа болон агаарын бохирдлын улмаас оршин сууж буй хүмүүсийн эрүүл мэндийн асуудал Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд хамаагүй гэж үү? Юу юунаас илүү монгол хүний эрүүл мэнд болон Монголын газар нутаг дээр шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн “эрүүл өсч бойжих” эрхийн асуудалд өнөөг хүртэл хэн ч анхаарлаа хандуулсангүй. Улаанбаатарын утаанаас болж хүн амын өсөлт ч саарч байгааг анхаарахгүй байж боломгүй. Харин энэ талаар УИХ -д нэр дэвшихийн тулд “жендер”-ийн асуудал хөнддөг Эмэгтэйчүүд болон эхчүүдийн эрх ашгийг хамгаалах учиртай олон байгууллагууд ч “чив чимээгүй”.

Тэгэхээр бид одоо Монголын Эрүүл Мэндийн Яам болон шаардлагатай бусад олон байгууллагуудаас эдгээр судалгааны баримтуудыг гаргаж олон нийтэд мэдээлэхийг санал болгох төдийгүй шаардах хэрэгтэй болж байна. Монголчууд бид аливаа асуудалд тооцоо судалгаагүй “сураг баримжаа” гаар ханддагийн муу үр дүн энэ. Хэрэв бид энэ талаарх бодит судалгааны материалуудыг анхаарч харах юм бол “энэ утааг яана даа” гэж гаслан хэн нэгнийг харааж зүхэхийн оронд , ямархуу ГАМШИГ бидний өмнө оршиж байгааг мэдэрч, хэн буруутайг олж харан, зөв зохистой шаардлагыг  хууль ёсоор тавьж сурах болно. Бид алив асуудалд судалгаа болон бодит баримтанд тулгуурлан хандаж сурваас цаашид гарч болох олон ч ГАМШИГ-аас сэргийлж чадах болно.

ГАМШИГ-3:  Нийслэлийн гэр хорооллын 170 000 гаруй өрх айлууд жилдээ 750 000 тонн орчим түүхий нүүрс хэрэглэдэг аж. Үүн дээр хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа хагас сая орчим автомашиныг нэмбэл Улаанбаатарын утааг үүсгэж байгаа эх үүсвэрийг мэдэрч болно. Энэ бүхэн нь хөдөөнөөс хот руу урсах ИХ НҮҮДЭЛ болон гадаадаас оруулж ирж буй ашиглалт нь дууссан хуучин АВТОМАШИНУУДЫН ЦУГЛУУЛГА-уудын муу үр дүн юм.
Улаанбаатарын утааны энэхүү ГАМШИГ-ийн талаар сэтгэл зовиносон олон хүн янз бүрийн санал ярьдаг. Гэхдээ өөр хоорондоо л. Гэр хорооллыг орон сууцанд оруулах арга зам болон  төвлөрлийг сааруулах боломжууд, хуучин автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахдаа утааг хэмжин хянаж байх, автомашины экспортод хязгаарлалт тавих, Улаанбаатарын метро болон Богд уулыг нүхлэн Төв аймагтай холбох гэхчилэн. Юу юунаас илүү эрх мэдэлтнүүд, улстөрчдөөс  энгийн иргэд энэ талаар жинхэнээсээ сэтгэл нь зовиноно. Харин тэдний санал болон санаачлагыг хэн ч үл тоодог. Энд энгийн иргэд ирээдүйн амьдралдаа санаа зовж байхад эрх мэдэлтнүүд  “хууль бусаар ” олж болох их мөнгөнд л санаа тавьдаг. Ялгаа нь энэ.
Тэгэхээр бид одоо Улаанбаатарын утааг хэрхэн багасгаж болох талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй болж байна. Учир нь утааны асуудал Улаанбаатарын дарга нарын асуудал биш, энэ хотод оршин суугаа хүн бүхний, бас улс орны хэмжээний асуудал болон хувирч байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэгчлэн энэхүү хэлэлцүүлэг болон саналыг судалж үзэн хамгийн оновчтой зөв хувилбрыг сонгон яаралтай хэрэгжүүлэх нь ТӨР, ЗАСАГ-ийн үүрэг. Өчүүхэн ашиг сонирхлын төлөө “ажиллаж сурсан”  тэд, Улаанбаатарын утааг арилгахын төлөө юу ч хийж чадахгүй “арчаагүй” гэдгээ өнгөрсөн жилүүдэд нотлов. Өдгөө Монголд “борооны дараах мөөг” мэт урган нэмэгдэж байгаа ТББ-ууд ч үүний төлөө анхаарах цаг нь болж байна даа. Ядахнаа л бид өөрсдөө өөрсдийнхөө төлөө зөв шударгаар “дуугарч, шаардаж” байх нь ГАМШИГ-ийг арилгах нэгэн боломж. Алийн болгон бид өөр хоорондоо л бусдыг шүүмжилж ярилцах билээ.
ХӨГЖИЛТЭЙ УЛСТӨРЧИД

Улс орныг ГАМШИГТ автуулаад байгаа Улаанбаатарын утааг  арилгах, үгүй ядахдаа багасгахын төлөө эрдэм мэдлэг, ухаан санаа, ур чадвараа гаргаж байх учиртай улстөрчид саяхан нэгэн утаа уугиулж “сан тавив”. Монгол төрийн ган тулганд Монгол төрийн их галыг бадраах ёслол гэгчид монгол дээлтэй оролцож байгаа Монгол төрийн түшээдийг харахуй дор “дээдчүүд нь суудлаа олохгүй бол доодчуул нь гүйдлээ олохгүй” гэх сургаал үг санаанд бууна. “Ядаж байхад яр” гэдэгчлэн энэхүү ёслолд “Монголын бузардсан эмэгтэйчүүд оролцож болохгүй” гэсэн “феодаль” маягийн яриа нь “даарин дээр давс нэмнэ” гэдэг үлгэр лугаа шуугиан зэвүүцлийг зэрэгцүүлэн асаав. Энэ талаар Баабар, Цэнддоо нар уран хошиноор бичсэн нь олон ч хүнд “нэгийг бодогдуулсан” байх. Энэ ёслолд зэвүүцсэн нэгэн уншигч “Улаанбаатарын утаа гадаа бахардуулж байхад, улстөрчид нь дотроо утаа тавин угаартаж байх гэж” хэмээн харуусан бичсэн байсан. Энэ ёслолын зургийг харж байхад , өндөр боловсролтой, бидний хүндэлж явдаг олон залуус тэнд байхыг хараад харамсах сэтгэл төрсөн.

Дэлхий ертөнц 2 дахь мянганы хөгжилдөө ороод мэдээллийн хүчирхэг ертөнцөд аялж байхад  Монголын улстөрчид “бөөгийн еслол” маягийн үйлдэл хийж, ингэснээр “Монгол орны тэнгэр тэтгэсэн их хөгжил ирнэ” гэх маягийн зүйл ярьж байх нь хэр зохимжтой байсан юм бол?  Шийдвэл зохих олон асуудалд энэ мэтчилэнгээр хандаад байх ахул, үүнийг “үндэсний бахархал, гайхамшигт монгол зан үйл” хэмээн үзэж “далдаганаад” байх нь юу л бол? Улаанбаатарын утааг “галын ёслол” үйлдэн “дарж устгана” хэмээн эндүүрээгүй л байгаа даа тэд. Энэ жил Монгол Төрийн тулганд Монгол Төрийн галыг бадрааж, ирэх жилд Монгол сүүтэй цай чанан 4 зүг, найман зовхист цацал өргөнө гэж хадуурч мэдэх л бий вий. Тэгээд л зогсохгүй 2012 оны сонгуульд ялахын тулд Сүхбаатарын талбай дээр 999 бөө “онгод тэнгэрийн хүч” -ийг дуудан “сүрийг үзүүлбэл” яах билээ? Жаахан эрүүл ухаанаар сэтгэ л дээ, улстөрчид минь. Хэн та нарыг “хөгжилтэй” гэж өхөөрдөх юм бэ?

УТАА ГАМШИГ болон хувирч буй энэ л бусармаг үзэгдэлд монголчууд бид өөрсдөө их буруутай. Бид алив асуудлыг зөвхөн дарга нарт “даатган” тэднийг “шүүмжилж” суух дуртай. Аймхай хулчгар, зусар зулгүй зандаа “хүлэгдэх” хэрээрээ бид л тэднийг “давраадаг”. Буруу муу зүйлд ХАРИУЦЛАГА шаардахын оронд “хэн нэгэн хүлэгт баатар” гарч ирэн тэднийг “шонд дүүжлэн, шоронд хатаагаасай” хэмээн мөрөөддөг. Харин тэднийг өөрчлөх цорын ганц боломж болох “сонгууль”-ийн саналаа бид тэдэнд худалдаж орхидог.  Тэгэхээр буруугаа бид тэднээс биш, өөрсдөөсөө л хайх хэрэгтэй болж байна даа.

Уулын бэлд буусан МАНАН монгол гэрийн яндангаас олгойдох цэнхэр утаанд алгуурхан сарнидаг юм. Бас цэнхэр утаа суунаглан хүрэх, тэнгэрт мандах нарны шаргал туяанд  бүлээссэн МАНАН арилдаг юм.

МОНГОЛЫН ЦЭНХЭР ТЭНГЭР ЯМАГТ ЦЭЛМЭГ БАЙГ.

Share Your Thoughts