Утгын чимэг-2011″ уран уншлагын наадам ба бас бус арга хэмжээнүүд

…Лос-Анжелос хотноо зохион байгуулагдсан “Монгол Соёлын өдөрлөг”-ийн хүрээнд богино өгүүллэгийг уран сайхнаар унших “Утгын чимэг” наадам болж өнгөрлөө. 3 дахь жилдээ болж буй энэ арга хэмжээг Лос-Анжелос хотноо ажиллаж амьдардаг Алтанхуягийн гэр бүл санаачлан явуулдаг аж. Тэд гэр бүлээрээ спортоор хичээллэн амжилт гаргаж байсан төдийгүй, монголчуудынхаа оюуны хэрэгцээг хангахын тулд номын сан байгуулжээ. Номын сан байгуулан ажиллахын зэрэгцээ Лос-Анжелос хотын монголчуудын оюуны алжаалыг тайлан уран уншлагын уралдаан зохион байгуулж байгаа нь өдгөө уламжлал болон хэвшиж буй аж.

Энэ жилийн “Утгын чимэг” наадамд нийт 9 бүтээлийг 8 уран уншигч уншиж оролцлоо.
-Мөнхдэлгэрийн бичсэн “Уртын дуу” өгүүллэгийг Уранчимэг
-Вандангийн бичсэн “Өвгөд” өгүүллэгийг зохиогч нь өөрөө
-Шүүдэрцэцэгийн бичсэн “Тал гамбир” өгүүллэгийг Ганчимэг
-Жа.Пүрэвийн бичсэн “Өдөр шөнө” өгүүллэгийг Батсүх
-Болор-Эрдэнийн бичсэн “Уучлаарай аав аа” өгүүллэгийг Энхжаргал
-Хатанбаатарын бичсэн “Ээждээ захидал бичээрэй” өгүүллэгийг Хандсүрэн
-Шүүдэрцэцэгийн бичсэн “Архичны эхнэрийн хүүрнэл” өгүүллэгийг Ц.Хандсүрэн
-Түмэндэмбэрэлийн бичсэн “Ганцаардал” өгүүллэгийг Сосорбарам
-Бум-Эрдэнийн бичсэн “Юу ч бодож болдог орчлон” өгүүллэгийг Уранчимэг тус тус уран сайхнаар уншив.
Үзэгчдийг уйлуулж, сэм сэмхэн санаа алдуулж, сэтгэл зүрхэнд нь санаашрал, ухаарал өгсөн энэ бүтээлүүдийг тэд чин сэтгэлээсээ үнэхээр сайхан уншсан.
Уралдаан л болсон хойно эцсийн дүн гарахад  “Уртын дуу”, “Юу ч бодож болдог орчлон” өгүүллэгүүдийг уншсан Уранчимэг тэргүүн байр эзлэв. Тэрээр өмнөх жилд мөн л Бум-Эрдэнийн “Товч” өгүүллэгийг уншиж түрүүлж байсан аж. Тэрээр Равдан, Жагдаг нар шиг уран уншлагын шилдэг мастеруудын хэмжээнд нилээд ойртож байгаа нь илүү бахархалтай байлаа. “Ганцаардал” өгүүллэгийг уншсан Сосорбарам 2-р байр эзлэн шагнагдав. Тэрээр Лос-Анжелос хотноо кино урлагийн чиглэлээр суралцаж буй юм билээ.

Харин 3-р байрыг “Архичны эхнэрийн хүүрнэл”
өгүүллэгийг уншсан Ц.Хандсүрэн эзэллээ. Тэрээр жүжигчний мэргэжлээр сургууль төгсөж СУИС-д тайзны урлагийн багшаар ажиллаж байсан юм. 3 жил дараалан энэ уралдаанд оролцож байгаа Батсүхийг тусгай шагналаар шагналаа. Тэрээр энэ наадмын төгсгөлд “Нүүдэл” нэртэй шүлгээ уншиж хүмүүсийн сэтгэл зүрхийг хөвсөлзүүлж орхив.
Энэ жил Монголын өвгөдийн хүүрнэлийн тухай өөрийн өгүүллэгээ уншсан Вандан гуай ирэх жил Америкт байгаа өвгөдийн хүрнэлийг бичиж дахин оролцохоо амалсан.
Нэрт зохион бүтээгч, Монголын үндсэний тоглоом наадгайг дэлхийн хэмжээнд сурталчилж байгаа З.Түмэн-Өлзий гуай “Лос-Анжелосийн монголчууд үнэхээр авьяаслаг, монгол зангаараа байж, монголоороо гоёж байгаад бахархаж, талархаж” байсантай санал нэг байна.
Энэ арга хэмжээ айрагтай, ааруултай, шинэхэн зөөхийтэй, бас боорцогтой, цуйвантай, буузтай байсан нь дээрх магтаалыг баталж байлаа.
Номын хурим
5 жилийн тэртээд Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог санаачлан байгуулж байсан Х.Ширчин ” Б.Инжинаш “Нэгэн анги Бөгтөр”ийг шүлэглэсэн нь” нэртэй номыг бичиж хэвлүүлжээ. Өдгөө Сиэтл хотод ажиллаж амьдарч байгаа Х.Ширчин Монголын түүхтэй холбоотой олон ч бүтээлүүд бичиж олон нийтэд хүргэж байсныг мэдэх юм.
Лос-Анжелосийн Монголчуудын Холбоог байгуулахаас эхлээд идэвхтэй дэмжин оролцож байсан Д.Бишүүгарам “Лос-Анжелосийн тэмдэглэл” нэртэй ном бичиж хэвлүүлжээ. Өдгөө Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаа Д.Бишүүгарамыг олон ч нийтлэл, тэмдэглэл, ярилцлагаар нь уншигчид сайн мэднэ.
Лос-Анжелос хотын Номын сан энэ өдөр Х.Ширчин, Д.Бишүүгарам нарын энэхүү номын  нээлтийг хийж, урам талархлын сайхан үгсийг, хадган дээр тавьсан мөнгөн аягатай сүүний амтанд хачирлан байж мялаалаа. Ажил амьдралын амаргүй нугачаанд алд биеэ алжаан байж, сэтгэл оюунаа чилээн байж бүтээсэн энэ оюуны өргөл нь олон ч монголчуудын оюун ухаанд цацал болон шингэх буйз.

Зургийн үзэсгэлэн
Лос-Анжелос хотноо ажиллаж амьдардаг зураач Лувсанжамбаагийн Мөнхтөр, Сан-Франциско хотод ажиллаж амьдардаг уран хайчилбарч Сандагдоржийн Төрбүрам нарын уран бүтээлийн болон фото зурагчин Чулуунбатын Бобби, Audrey Stein нарын зургуудын үзэсгэлэн энэ өдрүүдэд Лос-Анжелос хотноо нээгджээ.
Зураач Л.Мөнхтөрийн бүтээлүүд дотор монгол бичгийн дүрслэлээр хийсэн олон ч сайхан бүтээлүүд байлаа. Харин харандаагаар зурсан зургууд нь яг л хуучны цагийн фото зураг мэт өвөрмөц харагдах аж. Тосон будгийн зургууд нь зураачийн сэтгэлийн элдэв өнгийг илэрхийлж байлаа.
Хайчилбарч С.Төрбүрамыг гайхамшигтай хэрнээ өвөрмөц бүтээлүүдээр нь хүмүүс сайн мэднэ. “Монголын нууц товчоо” номын чимэглэлийг уран хайчилбраар хийсэн нь өдгөө ч гайхамшигт бүтээлд тооцогддог. Орой нь бид хамтдаа яриа өрнүүлж суух завсар хар өнгийн цаас, жижиг хайч гарган шууд л бүтээлүүд хайчилж бидэнд дурсгасан нь үнэхээр бахархалтай санагдаж байсан шүү.
Х.Ширчингийн  шинээр хэвлүүлсэн “Б.Инжинаш “Нэгэн анги Бөгтөр”-ийг шүлэглэсэн нь” номын хавтасны зургийг Л.Мөнхтөр зураач урлаж, номын зураг чимэглэлийг С.Төрбүрам хийсэн юм билээ. Харь газар ч монголчууд бие биенээ дэмжиж, андын нөхөрлөлийн ариун журмыг сахиж, бүтээл туурвиж буйн сайхан жишээ энэ байлаа.
Лос-Анжелосийн монголчуудын аж төрөхүй, амьдралын олон хэмнэлийг харуулсан фото зургууд энэ үзэсгэлэнд тавигджээ. Ч.Бобби-г ТВ бүтээлүүд болон нэвтрүүлэгүүдээр нь Америкт байгаа монголчуудын нилээд нь сайн мэднэ. Олон ч арга хэмжээнүүд болон өнгөрсөн оны эцсээр болсон З.Хангал агсаны дурсгалд зориулсан “Аяны шувуу” тоглолтыг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцсон. Харин түүний авсан фото зургууд нь зохиомж болон донжийн хувьд нилээд өвөрмөц байлаа. Гэрэл зурагчин Audrey Stein ийг, Лос-Анжелост болсон монгол оюутнуудын
уулзалтад оролцож бүтээлээ танилцуулж байсныг санаж байна. Ямартай ч тэрээр Монголчуудыг нилээд сонирхон судалж, уран бүтээлийнхээ үндэс болгож байгаа юм билээ.
Монголын түүхт их ойн жилүүдийн хүрээнд алс холын Америк гүрэнд “Монголын урлаг соёлыг
сурталчилсан өдөрлөг” зохион байгуулж, монголоороо гоёж, бахархаж, бусдад гайхуулан бишрүүлж чадсан, өдгөө 5 нас хүрч буй Лос-Анжелос хотын Монголчуудын Холбоонд талархал илэрхийлье. Алив ажлыг ярих амархан хийх хэцүү. Амаргүй бүхнийг даван туулж, ажил хэрэг болохыг бусдад үлгэрлэн харуулсан энэхүү арга хэмжээ жил жилд уламжлал болон явагдваас юутай сайн. Энэ хэрээр Монголын тухай Америкчууд эерэг сайнаар ойлгож, монголчууд бидний эв нэгдэл, бие биенээ сайнаар дэмжих боломж болон хувирах буйз.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2011-06-05

Share Your Thoughts