Ууртай монголчууд \жижиг хэрнээ том асуудлууд\

Биднийг бага ахуйд хүүхдүүд бие биенийхээ хамрыг сөргөөж өдөөд, уурлахгүй бол “чи ч монгол хүн биш байнаа” гэх, хэрэв уурлавал “хэ хэ хэ чи харин жинхэнэ монгол хүн байна” хэмээн сонжоогоо тайлбарладаг байсан сан. Монгол эр хүн омогшуу, ширүүн догшин, эрэлхэг дайчин төрхтэй байх ёстой гэсэн санаа байсан юм болов уу? Тэр цаг үе аль хэдийн улирчээ. Дэлхийгээр  хэрэн дайтаж, өөрсдийн ноёрхлоо тогтоон бардамнаж явсан  тэр цаг үеэс, даяаршиж нэгэн гэр бүл дор хамтдаа аж төрөх болсон энэ цаг үе биднээс огт өөр араншинг шаардах болсон.

Замын бас сэтгэлгээний түгжрэл

-Энэ лалар чинь яаж байнаа, урдуур дайраад байх чинь
-Хөөш новш оо, чи зам тавиад өг л дөө
-Муу хулгайчийг шахаад, яахыг нь харья
-Машин олигтой барьж чадахгүй байж, яасан их зантай новш вэ?
-Хүүе п…да, чи юундаа уурлаад байгаа п…да вэ?

Өдөр тутмын бидний амьдралд бухимдан уцаарлах шалтаг бишгүй. Машин бариад замын хөдөлгөөнд оролцож явахдаа бүгдээрээ л бухимдан уурлацгаадаг. “Ядаж байхад яр” гэдэгчлэн ачааллаа даахаа больсон зам, засвар хийж байгаа нэрээр байн байн хааж байгаад нөхөж цойлдох нь бас л нэрмээс болох.
Замын урт хөдөлгөөнд оролцож явахдаа бусад машинаас түрүүлэх гэж хурдлах авч нэгэн гэрлэн дохион дээр хамтдаа л зогсож байдаг сан. Бид өөр хоорондоо хичнээн уралдах гэвч хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохио  биднийг нэгэн хэмд барьж байдаг. Яг л амьдрал шиг. Тэгэхээр бид ингэж өөрсдийн нервээ барж байхаар боломж гарган бие биедээ зам тавьж, бас хүндэлж байвал өнөөдөр эс гэхэд маргааш нэг л мэдэх дор бид хөдөлгөөний соёлд дадаж орхино. Хэн нэгэнд зам тавьж өгснөөр бид өөрсдөө “доошоо орж” дорой харагдана гэж бодвол эндүүрэл.
Иймэрхүү тэнэгдүү гэмээр сэтгэлгээ биднийг арчаагүй, бүдүүлэг мэт харагдуулаад байдаг юм шүү дээ.
Унасан машинаараа бусдад гайхуулж, ууртай догшин авираараа бусдын анхаарлыг татна гэж бодвол бас эндүүрэл. Энэ хорвоо ертөнц зөөлөн авир дээр л тогтдог.  Яг л голын ус мэт.  Урдуур тань зүтгэлээд байгаа нэгэнд зөөлөн сайхнаар инээмсэглээд зам тавиад өгөх тийм хэцүү гэж үү? Замын түгжрэл дунду хичнээн бухимдаж, хараал цувуулаад бид юуг ч өөрчилж чаддаггүй. Уурлаж урдах машинаар мөргөөд ч бид өөрсдөө л хохирно. Улаан гэрлээр нэгэн хоромд дайрч гарахдаа хожим харамсаад ч барахгүй зовлонд унах нь бий. Уур савсуулсан сэтгэлийн
уцаарлал насан туршид шаналал болон хувирах нь бий. Цаг хугацааны урсгалыг сөрж хэрхэн чадах билээ бид. Тэгэхээр тэвчээртэй байж, бусдыг хүндлэх гэдэг  өөрийгөө аврах нэгэн боломж байж болох.

“Хүмүүс яагаад уурлахаараа чанга чанга хашгирдаг юм бэ?” хэмээн бурхнаас асуусан асуултын хариуд бурхан “Уурласан үед хүмүүсийн зүрх сэтгэл нь холддог. Зүрх сэтгэл нь холдох тусам хүмүүс  холдсон сэтгэлдээ сонсгох гэж улам чангаар хашгирдаг юм. Хүмүүс бие биенээ хайрлах тусам сэтгэл зүрх нь улам ойртдог . Тийм болохоор бие биедээ хайртай хүмүүс хэзээ ч чангаар хашгиралгүйгээр шивнэн ярилцдаг юм даа” гэж хариулсан гэдэг.

Инээмсэглэлээс гэрэл цацардаг

Уурлаж хорсон занасан бахардлын өмнөөс эелдэг сайхнаар инээмсэглэх ахул, хэн ч гэнэт зогтусдаг. “Чи үхсэндээ өөдөөс арзайгаад байгаа юм бэ?” гэж мунхаг уурандаа хашгирах авч эрч нь нэг л сулхан. Уурын харанхуй мунхаглал инээд цацруулсан гэрэлт нарны  илчинд бүлээсдэгтэй адил. Сэтгэлийн чанадад эрчилж асан бухимдал инээмсэглэлд л хамгийн амархан уусдаг.
Суурин иргэншилд олон зуун жил оршсон орны хүмүүс боломж гарах бүрд бие биедээ инээмсэглэдэг. Ажлаасаа ядарч ирээд гэртээ орох гэж цахилгаан шатанд  орох мөчид, хамтдаа орж ирсэн нэгэн намайг танихгүй ч эелдэг сайхнаар инээмсэглэн мэндэлж, цахилгаан шатнаас гарах мөчид “баяртай, та сайхан амраарай” гэж хэлэх мөчид сэтгэлд нэг л сайхан мэдрэмж төрдөг. Аль нэгэн албан газарт орж ирэхэд үүдэнд угтаж авсан үйлчлэгч эелдэг сайхнаар инээмсэглэн “Та тавтай морилно уу? Танд юугаар тус болж болох сон бол” гэж асуухад л сэтгэлийн
гүнд оршиж байсан айдас сарниж, гэнэт өөртөө итгэлтэй болж орхино. Өвдөж шаналсандаа эмнэлэг бараадах мөчид угтаж авсан сувилагч бүсгүй маш сайхнаар инээмсэглэж “Та санаа зовох хэрэггүй ээ, бид одоохон танд тусалж чадах болно” гэж хэлэх мөчид өвчин зовиур нь намжих мэт санагдаж, өөрөө ч мэдэлгүй муухан мушийна. Амьдралд хоргодох сэтгэл нь улам ч ихээр  буцалж, амьдрал гэдэг ямархан сайхан зүйл болохыг амтлах мэт.
Хүмүүс бид бие биедээ инээмсэглэх гэдэг нь монголчууд бидний төсөөлж асан “манж зан”, “аалигүйтэл”, хуурамч зусардлаас огт өөр зүйл. Зүгээр л хүмүүс бид нэгэн нарны доор, нэгэн дэлхий ертөнц дээр хамтдаа л амьдарч, оршиж байгаагийн төлөөх талархал. Бас бидний зовлон жаргал адил байдгийн төлөөх адилтгал. Бид өнөөдөр хамтдаа амьд байж энэ ертөнцийн нэгэн хэмнэлд адил байгаагийн төлөөх хүндлэл. Таних танихгүй ч хамаагүй тааралдсан хүн болгоны өмнөөс инээмсэглэж байх гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Амьдралд заавал хүндээр бус
хөнгөхөн байдлаар хүлээж авч болох олон зүйл байдаг. Өмнө тань тулгарсан олон асуудлын төлөө шаналж, хөмсгөө зангидан, духаа үрчийлгэн муухай хараад байх тусам та өөрийгөө л улам ихээр зовоож, энэ ертөнцөд амьдрах насаа өөрөө л хороож байгаа хэрэг. Тэгснээр та бусдад сүрлэг биш арчаагүй, дулаан биш хүйтэн, тэвчээртэй бус адгуу нэгэн болж л харагддаг. Хүмүүс таныг өрөвдөж биш харамсаж, хайрлаж биш холдож харьцдаг болно.

Энэ бүхэн тийм хэцүү гэж үү?

Миний л анзаарч мэдэрч байгаагаар монголчууд бид бие биендээ дээрэнгүй байдлаар, уурлаж уцаарлаж, доромж маягаар харьцах нь илүүтэй байгаа. Гэсэн мөртлөө “монголчууд бид мундаг” гэж цээжээ балбах дуртай.  Бас заримдаа “монголчууд бид арчаагүй, атгаг муу санаатай” гэж муулах нь бий. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг ч дийлэнх олонхи нь бие биедээ ингэж хандаж байгаа болохоор л бидний санаа зовж буй хэрэг. Бас жил жилээр өөрчлөгдөж байгаа ч өдөр тутам өөрсдөө хичээж байвал бүр ч хурдан өөрчлөгдөх болно. Яг
үнэндээ бид сэтгэлдээ үүнийг хүсээд байдаг хэрнээ дор бүрнээ хичээхгүй байгаа л даа. Гэхдээ энэ бүхнийг  сайн сайхнаар өөрчлөхөд тийм хэцүү гэж үү?

-Яарч сандран давхиж байгаа нэгэндээ зам тавиад өгөхөд тийм хэцүү гэж үү?
-Уурлаж харааж байгаа нэгний өөдөөс “уучлаарай” гэж хэлээд инээмсэглэх тийм хэцүү гэж үү?
-Хаалга руу яарч яваа бүсгүй хүнд хаалгыг нь онгойлгоод өгөх тийм хэцүү гэж үү?
-Уцаарлаж бухимдаж байгаа дотно хүндээ “уурлах хэрэггүй, тайван бай даа” гэж хэлэх тийм хэцүү гэж үү?
-Буруу зүйл хийгээд гомдоож байгаа хүүдээ “өө чи ийм өөдгүй ш дээ” гэж өхөөрдөх тийм хэцүү гэж үү?
-Хуурч, муу зүйл хийсэн нэгэндээ “уучлаарай би чамд итгэж байсан юм даа” гэж хэлээд гараад явах тийм хэцүү гэж үү?
-Өдөр бүр зам зуур таарах нэгэндээ “өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлээд инээмсэглэх тийм хэцүү гэж үү?
-Өдөр шөнийн аль ч цагт бие биедээ “баярлалаа” гэж хэлэх тийм хэцүү гэж үү?
-Монголчууд бид ямагт бие биедээ сайхнаар инээмсэглэж, үгсийн сайхныг хэлэлцэж, сэтгэлийн сайхнаар дэмжиж байх тийм хэцүү гэж үү?

Монголчууд бид энэ дэлхийд цөөхүүлээ мөртлөө “мундаг” гэдгээрээ гайхуулдаг. Бусад үндэстний адилаар бидэнд алдаа оноо аль аль нь бий. Бас бид өөрсдийнхөө өөдрөг сайхан ирээдүйд итгэдэг. Харин бага гэхгүйгээр дор бүрнээ хичээж байвал амар хурдан өөрчлөгдөх олон боломжууд бидэнд бий.  “Эзэн хичээвэл заяа хичээнэ ” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2012-06-23

Share Your Thoughts