Уурын мунхаг

Хүн ямар нэгэн зүйлд, эсвэл хэн нэгэнд уурлахаараа бачимдаж, чанга дуугаар хашгирч, уйлж унжиж, хэлж буй үг, хийж буй үйлдлээ хянах чадваргүй болох нь олонтаа. Хэсэгхэн хугацаанд тэвчин, биеэ барьж, өөрийгөө хянаж чадаагүйн уршгаар, насан туршдаа харамсаж, гэмших муу үр дагаварыг авч ирэх нь бий.

…Хэт уурлаж бачимдсан үедээ, уураа тогтоон барьж дийлэлгүй, бусдад гар хүрч, гэмтээн бэртээж, тэр ч бүү хэл амь насыг нь хөнөөсөн тохиолдол ч буй. Энэ бүхэнд эмгэнэн харамсаж суухдаа, “Тэрхэн мөчид би биеэ барьж чадсан бол…”  хэмээн харамсах хэдий ч, бүх зүйл нэгэнт ард өнгөрч, өнгөрсөн бүхнийг эргүүлэн авчрах ямар ч боломжгүй болсон байх аж.

…Хэт уурлаж бачимдсан үедээ, сэтгэлээ тогтоон хянаж дийлэлгүй, ялан дийлэх хүслээр, амандаа орсон муу муухай дорoмж үгсийг, хайр найргүй цацаж, төрүүлж өсгөсөн аав ээж, амраг хань. өөрийн үр хүүхэд, анд нөхдөө “голд нь ортол”  гомдоож, өөрөөсөө холдуулсан тохиолдол буй. Уур нь гарч, учраа ололцож, уучлал гуйсан хэдий ч, бодолгүй ухаангүй муу үгс нь, бусдын зүрхийг шархлааж, сэтгэлийг хиртээдэг. Хүнийг алж, бас аварч болдог “үг” гэдэг, амнаас унасан хойноо, эргүүлж залгиж болддоггүй аж.

…Хэт уурлаж бачимдсан үедээ. үйлдлээ хянаж чадаагүйн улмаас, эд хөрөнгөө эвдэлж, энэхэн биеэ сэглэж, өөрийгөө хохироон зовоох тохиолдол гардаг. Эвдэрсэн бүхнээ засаж, энэхэн биеэ эмчилж, устгасан бүхнээ худалдан авч болох хэдий ч, сэтгэлийн мунхаг нь арилж өгөхгүй зовоох аж.

Биднийг бага ахуйд , хүүхдүүд бие биеййн хамрыг гурвантаа дээш сөргөөж, “жинхэнэ монгол хүн ингэхээр заавал уурладаг юм гэнэ билээ” гэж туршиж асан. Тэр ч бүү хэл хэн нэгнийг “ууртай”  хэмээн тодотгон нэрлэж, битүүхэндээ айн ширвээтнэ. Өөрийгөө “ууртай” гэсэн нэр, дүрэндээ итгэсэн зарим нь, өчүүхэн зүйлд уурлан сүржигнэж, орилж хашгичин, унаж тусан “бөөлөх”.

 Хүн юунд уурладаг вэ?

-Хүн алив нэгэн зүйл, үйлдлийг өөрийн хүсэл, бодож санаснаас өөрөөр болох ахул, уурлан бачимдаж, эсэргүүцлээ илэрхийлдэг.

-Өөрийн хүсэл бодол, ашиг сонирхлоо өрөөл бусдад тулган шаардаж, уурлан бачимдаж, хүслээ илэрхийлдэг.
-Өөрийн сүр хүч, эрх мэдлээр бусдыг далайлган сүрдүүлэх гэж, уурлан бачимдаж, дарамтаа илэрхийлдэг.
 Уур гэж юу юм бэ?

Миний нэгэн танил энэ тухай, “Хүн ер нь юунд уурлаад байдаг нь хамгаас сонин. Ямар нэгэн үйлдэл, хэн нэгэнд уурлаад  байна гэтэл, үйлдэл нь болоод өнгөрсөн, нөгөө хүн нь гараад явсан хойно ч уурласаар байх. Өөртөө уурлаад байна уу? гэтэл бас л үгүй. Тэгэхээр уур гэдэг чинь хүний дотоод сэтгэлээс гарч буй муу үйл буюу муу энерги юм шиг”  гэж тайлбарлаж билээ.  Нээрээ ч бодоод байхад уур гэдэг нь өөрийн дотоод сэтгэлээс гарч, бусдад түгээж буй муу энерги юм . Энэ муу энерги, хүмүүст муугаар нөлөөлж, элдэв муу үйлийг дагуулж байдаг гэлтэй.

Уурласан үедээ хүнээс гарч буй, буруу муу үйлдлийг монголчууд эртнээс “уурын мунхаг”  хэмээн жигшин нэрлэж, зүйрлэж байсан аж. Ямартай ч уурлан, уурлан байж, алив үйлийг сайнаар бүтээж байсан тохиол үгүй гэдэг.

 Уур биейиг зовооно

Уулын эгц өгсүүр өөд, хүн болон ачаатай зүтгэх морьд, багагүй амьсгаадан, эцэж ядардаг. Үүн лугаа адйл, уур хүнийг багагүй ядраан зовоодог аж. Тийм ч болоод монголчууд эрт үеэс “уур биейиг зовооно, уул морийг зовооно”  хэмээн сануулж асан.

Зөнгөөрөө байгаа бие, сэтгэлийг тэгтлээ зовоох хэрэг юусан билээ.

Уурлаж бачимдсан үедээ хүмүүс, нүүр нь улайж, нүд нь бүлтэгнэж, амьсгаадаж, бие нь салганан чичирнэ. Даралт өндөртэй зарим нь татаж унах нь бий. Уурлах үед хүний сэтгэл төдийгүй бие махбодь нь хүртэл хямардаг аж. Уур нь гарсан хойноо ч зүрх нь дэлсэж, хамаг л бие нь суларч, толгой нь өвдөнө. Уурлах гэдэг зовлонгийн үүсвэр, бүр ихээр уурлах гэдэг зовлонгийн “далай”  болдог буюу.

Уур сэтгэлийг зовооно

Уур гэдэг хүний дотоод сэтгэлээс оргилон гарч буй,муу үйл, муу энерги. Хүн уурлан бачимдсан үедээ, сэтгэцийн тайван байдлаа алдаж, өөрийгөө хянах чадвараа алддаг. Энэ л үед бодолгүй хэлсэн муу үг, болгоомжгүй хийсэн муу үйлдэл, хүний сэтгэлийн шаналал болон хувирна. “Яах ч гэж би тэгж хэлэв дээ, таг дуугүй суугаад байж болох л байсан шүү дээ”  гэх харамсал үргэлж л сэтгэлийг зовооно. “Өнгөрсөн борооны хойноос”  хичнээн “цув нөмрөөд ч” сэтгэлийн тайвшралыг олох нь үгүй. Хичнээн гэмшиж, уйлж унжиж, уучлал эрээд ч өнгөрсөн бүхнийг эргүүлж авч ирэх нь үгүй. Сэтгэлийн шарх гэдэг, биейин шарх адил амар эдгэдэггүй аж. Уурлаж бачимдсан үедээ, хүн сэтгэлийн ариуслыг олохгүй гэнэм.

Уур бусдыг зовооно

Өчүүхэн зүйл болгон дээр уурлаж бачимдаж, өөрийгөө илэрхийлэх нэгнээс хүн болгон зай барин холдоно. Хэн ч цаг ямагт муу энергийг мэдэрч байхыг хүсэх билээ.
Ийм хүний ойр байгаа хүн болгон, өөрсдөө ч сэтгэлийн дарамттай болж, тэр хүнд хандах сайхан сэтгэлийн гэрэл гэгээ үгүй болдог. Тэр л хүний, уурласан үедээ хэлсэн муу үг, хийсэн муу үйлдлийнх нь төлөө, ойр дотных нь хүмүүс, ичиж зовон, нүүрээ улалзуулан байж, өрөөл бусдаас уучлал гуйж л байдаг. Уурын мунхагийн өмнөөс шүү дээ. Уурын мунхаг гэдэг өөрийгөө ч төдийгүй өрөөл бусдыг ч зовоох муу үйл ажгуу.

Төгсгөл

-Өнөө цагт монголчууд бид ихэд уурлан бухимдацгааж буй. Шударга бус байдал, хүнд суртал, улс орны удирдагчдын арчаагүй, амин хувиа хичээсэн байдал, авилгал хээл хахуулын сүлжээ, элдэв сэтгэлийн дарамт гээд бухимдах зүйл олонтой. Уурлаж, хилэгнэн бухимдсанаас, асуудлыг нааштай шийдэж болдоггүй гэдгийг өнгөрсөн 7 сарын 1 ний үйлдэл бидэнд нотолсон. Уужуу тайван. ухаалаг хянамгай байж, эв нэгдлийг эрхэмлэн, бие биеэ дэмжиж байж л амжилтад хүрнээ, бид.

-Өчүүхэн зүйлд уурлан бухимдаж, өөр хоорондоо хэрэлдэж, өрөөл бусадтай зодолдон байж сүр хүч , эрх мэдлийг олох нь үгүй. “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна”  гэдэгчлэн, уурийн мунхагаа , бүдүүлэг танхи байдлаа тэвчиж сурах нь өнөө цагт бидэнд их хэрэгтэй байна.

-Уурлаж бухимдах болсон ч дотроо тэвчиж, дуугаа хурааж, өрөөл бусадтай тэмцэлдэхгүйгээр, өөрөө аяндаа тайвширч байх нь, хожмын гэмшил харамслаас өөрийгөө аврах зөв зам болох санж.
– Уурын мунхагаар, хайртай нэгнийхээ сэтгэлийг хиртээж, итгэлийг хугалж, хамтдаа зовж шаналахгүйгээр, хоорондоо ярилцан ойлголцож, бага дээр нь уучлан засаж, дор бүрдээ хичээж байх нь, өөрийн амьдралаа “там” болгохоос аврах зөв зам болох санж.

-Уурлаж бухимдах нэгнээс холдож, түүнээс ялгарах муу сэтгэлийн энергээс зайлсхийж, өөрийгөө төдийгүй, өрөөл бусдыг ч “ариун”  байлгах нь хэрэгтэй байнаа.

Сэтгэлийн ариусал гэдэг амар амгалангийн үүд гэнэм.
Уурын мунхаг гэдэг, өөрийн тань бие сэтгэл болон өрөөл бусдыг ч зовоох сэтгэлийн муу үйл гэнэм. Энэ муу үйлийг алд биенээсээ тэвчиж, өрөөл бусдад сайн үйлийг түгээж байх нь энэ цэг дор юу юунаас илүү чухал байнаа. Тэр тусмаа монголчууд бидний эв нэгдэлд илүү их хэрэгтэй.

Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн, өөрчилж болох олон зүйлийн нэг нь энэ.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”
“Уур биейиг зовооно, уул морийг зовооно”
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2009-05-20

Share Your Thoughts