УУЧЛАЛ ба ҮЗЭН ЯДАЛТ

…Амьдрал их энгийн. Гэхдээ хүмүүс бид өөр хоорондын таагүй харилцаанаасаа болж бие биенээ үзэн ядах нь бий. Уг нь байна шүү дээ, бидний таагүй харилцаа нь би тэр хүнд таалагдаагүйгээс, эсвэл тэр хүн надад таалагдаагүйгээс үүсдэг юм билээ. Бухимдсандаа “Би ямар доллар биш, хүн бүхэнд таалагдах албатай юм уу?” гэж бодох авч, бидний эргэн тойронд байгаа хүмүүс маань бас доллар биш болохоор надад таалагдах албагүй гэдгийг хүлээн зөвшөөрч амждаггүй. Тэгээд л бухамдал гомдлоо хэн нэгэнтэй хуваалцаж өөрт таалагдаагүй тэр хүний тухай өөрийнхөөрөө тайлбарлан муучилж, хамтдаа үзэн ядахыг уриалах авай. Чиний сонгож авч хуучилсан хүн нь “чиний талд” байгаа болохоор “Хөөх ямар новшийн, адгийн амьтан бэ?” хэмээн зэвүүрхэж, уг зэвүүцлээ өргөн олон түмэнтэй хуваалцахаар яарна. Бид нэг л зүйлийг гүйцэд ойлгодоггүй. Муудалцсан тохиолдолд тэр хоёр хүний хэн нэг нь 100 хувь буруутай байдаггүй хийгээд, муудалцах олон шалтгуудын нарийн шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд мэдэх ч боломжгүй. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэж өвөг дээдсүүд дэмий нэг хэлээгүй аж.
“Хүний мууд дуртай” нь хүмүүс бидний төрөлхийн араншин юм шиг байгаа юм. Хэн нэгнийг муучилж  ярихад  нүд нь сэргээд, нүүр нь гэрэлтээд, үг хэл нь мэргэн цэцэн болдог төрх үүний нотолгоо. Яагаад ч юм бэ? өөрийнхөө сул муу чанарт эмзэглэж явсан ичингүйрэл нь  “ханьтай” болсондоо баярлан тайвширдаг байж ч болох. Үзэн ядуулсан тэр хүн нь буруугаа хүлээн гэмшиж, нус нулимстайгаа холилдох мөчийг харан баясахдаа өөрийгөө тэр хүнээс “хамаагүй дээр” хэмээн мэдрэхийг хүсдэг ч байж мэдэх.  Хэн нэгний алдааны жишээ нь “Тээр би чамд хэлээгүй юу?” хэмээн өөрийн үйлдлээ харьцуулан зөвтгөх шалтаг нь ч болж магадгүй. Хамтран амьдарч байсан гэр бүл салснаас үүдэлтэй хэн нэгийг бүх л хамаатан саднаараа насан туршид нь үзэн ядацгааж, үр хүүхдүүдэд нь хүртэл “халдаах”-ыг хүсдэг хүмүүс цөөнгүй бий. Хамтран бизнес хийж байгаад бүтэлгүйтлээсээ болж “дампуурсан” д буруутай нэгнээ насан туршид үзэн ядаж, бусдад муучлан гомдоллож , харааж зүхэж явдаг хүмүүс бий. Хамтдаа сайхан нөхөрлөж яваад  хов жив, хэрүүл маргаанаас улбаалан насан туршид нэг нэгнээ үзэн ядаж, бусдад муучилж явдаг хүмүүс бий. Үзэн ядагсад ихэвчлэн “чиний сайн явахыг нь харнаа” хэмээн харааж, сайн явж болох замд нь тээг саад болохыг хүсдэг.
Бид нэг зүйлийг сайтар ойлгож ухаардаггүй. Амьдрал гэдэг чинь цаг хугацааны урсгал, хэн ч юу ч түүнийг зогсоож чадахгүй, зогсоох боломж ч үгүй. Урсгал ус сайхан муухай бүхнийг хаман оддог шиг, амьдралын урсгал сайн муу бүхнийг хаман урсана. Хүмүүс алдаа гаргаж, муу муухай зүйлийг үйлдлээ гээд цаг хугацааг зогсоон түүнийг шүүн шийтгэж болдоггүй шиг, цаг хугацааны урсгал бүхнийг өөрчилдөг. Муу гэж бодсон хүмүүс сайн хүн болон өөрчлөгдөж, сайн гэж бодож асан хүн чинь новш болж хувирах тохиолдол зөндөө. Алдаа гэдэг аймшигтай зүйл биш, харин цаг хугацааны шалгуур. Хүмүүс алдаан дээрээсээ суралцаж, цаг хугацааны шалгууруудыг давах бүрдээ ухаажиж бас хүчирхэгжиж байдаг. Үзэсгэлэн гоо гүнж шүүр унасан шулам болон хувирах, үлгэрийн баатар шиг сайхан залуу өчүүхэн бэртэгчин болж хувирах нь амьдралын тохуурхал. Гэхдээ л энэ амьдралд хүн өөрийнхөө амьдрах сайхан, тэгж амьдарч чадна гэдэг бүр ч сайхан. Өнөөдөр сэтгэлээр унаж хэцүү байлаа ч маргааш сэргэлэн болжмор шиг жиргэн дүүлж болдог нь амьдралын цаг хугацааны урсгал. Сайхандаа сайхан.
Уучлал гэдэг амар амгалан амьдралын жишиг. Хичнээн буруутай байлаа ч тэр хүнийг сэтгэлдээ уучилж өршөөнө гэдэг бүүдгэр саарал өдрийн үүлс дороос наран мэлтийн гарч ирэх шиг сайхан, бас амгалан. Ирээд л буцдаг энэ хорвоод юуг үлдээх гэж бусдыг үзэн ядах билээ, тэртэй тэргүй бид бүгдээрээ яваад л одно, байгаль дэлхий уул ус хэвээрээ л үлдэнэ. Хожим нь харамсан гэмшиж суухын оронд өнөөдөр уучилж өршөөж байвал сэтгэл тань уужирч амарна. Уучлахгүй, үзэн ядаад дуусна гэж зүтгэхэд чи тэр хүнийг ч, бас амьдралыг нь ч өөрчилж чадахгүй бол яана. Уучлалгүй үзэн ядалт гэдэг далавч нь шархадсан өрөөл шувуу, ус нь булингартсан намаг, навчисгүй мод, хөрс нь зулгарсан бас гандсан хөрс шороо. Тэнд шувууд дүүлэн нисч, тунгалагхан горхис шоржигнон урсаж, навчсаа дааж ядах модод сүүдэртээ сэрүү татаж, цэцэгс алагласан зүлэг хараа булааж яахин чадах билээ. Бид хүмүүсийг өөр шигээ байлгах гэж тарчлахын оронд өөрийнх нь байгаагаар нь ойлгож бас байгаагаар нь хүлээж авч чаддаг бол юутай сайн сан. “За яахав дээ, байгаа нь л энэ юм шүү дээ. Өөрчилж чадахгүйгээс хойш уучилж байя” гэдэг ухаарлаас үүдэлтэй бодол хүмүүсийг тайвшруулна. Уучилна гэдэг чинь хэнийг ч болов байгаагаар нь ойлгож, сэтгэлдээ хүлээн зөвшөөрөх ухаан юм шүү дээ. Үзэн ядалт хүмүүст зовлон авчирдаг бол уучлал хүмүүст тайвшрал авч ирдэг. Амьдрал гэдэг чинь их энгийн.

Share Your Thoughts