“ФЕЙСБУУКИЙН ЗАЛУУ ИНЖЕНЕР” Энхболдын Хонгор

Facebookn campustiin uudend bairlah sambar

…Сан-Франциско дахь “Цахиурын хөндий”-д байршин мэдээллийн технологийн “тархи” нь болж байгаа олон компаниудын нэг болох Фейсбуук компанид 4 монгол залуус ажилладаг. Мэргэн өдгөө Европт ажиллаж байгаа бол Хонгор, Өлзийбаяр нар АНУ-н Калифорни муж дах төв оффист, Сайнбаяр New York-д тус тус  ажиллаж байна. Ажаад байхад “90-ээд оны” монгол залуус энэ салбрын орон зайд нилээд “хүч түрэн” орж байгаа мэт. Дэлхийн хэмжээнд хүчтэй хөгжиж, аажим аажмаар бизнесийн цахим орон зайг эзэлж байгаа мэдээллийн технологийн  мундаг салбруудад ажиллаж байгаа монгол залуустай уулзаж ярилцах, тэдний санаа бодол болон амьдралын замналыг нь бусдад хүргэх зорилготой байгаа болохоор энэ удаад Э.Хонгортой уулзаж ярилцсанаа та нарт хүргэж байна. Э.Хонгор ид залуу насандаа хэрнээ, Фейсбуук компанид орж ажиллаад жил гаруй хугацааг элээж байгаа аж. Бид хоёрын яриа бусад ярилцлагуудыг бодвол товч, тодорхой байлаа.

ӨРНҮҮЛСЭН ТОВЧ ЯРИА

-Г.Галбадрах: Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу? Хаана төрсөн бэ?

-Э.Хонгор: 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. Аавыг минь  Энхболд гэдэг, цахилгааны инженер мэргэжилтэй. Ээжийг минь Оюунчимэг гэдэг модны инженер мэргэжилтэй. Аав минь хувиараа бизнес эрхэлж, ээж минь МҮХАҮТанхимд ажилладаг. Би дээрээ ахтай, доороо дүүтэй айлын дунд хүү.

-Г.Галбадрах: Харин сургуульд бол?

-Э.Хонгор: Баянзүрх дүүргийн 84-р сургуульд элсэж ороод 10-р анги төгстлөө суралцав. Дунд сургуульдаа тийм ч мундаг хүүхдүүдийн тоонд орохгүй дээ. Математик, физикийн хичээлдээ нилээд сонирхолтой байсан. Нийгмийн талын хичээлүүддээ тийм ч сайн биш байсан даа. Математик физикийн олимпиадуудад оролцож байсан ч улсын хэмжээнд тийм ч мундаг амжилт гаргаж байгаагүй. Харин сургууль болон дүүргийнхээ хэмжээнд бол дажгүй л оролцож байсан байх.

-Г.Галбадрах: Байгалын ухааны хичээлүүдэд сонирхолтой байсан тань одоогийн мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байж таарах нээ?

-Э.Хонгор:Намайг 10-р анги төгсдөг зун Мобиком корпораци “Мэдээллийн технологийн жишиг сургууль” байгуулах төслөө 24-р сургууль дээр хэрэгжүүлэх болсныг сонсоод тэнд элсэн орж суралцсан. Иж бүрэн компьютерийн лабораторитай мундаг сургууль байв. Би багаасаа математикийн хичээлд дуртай, олимпиадад оролцдог компьютерт нилээд сонирхолтой байсан болохоор энэ сургуульд суралцахаар шалгалт өгөөд тэнцсэн юм. Энэ сургуульд ороод анх удаа л жижиг программууд дээр ажиллаж, компьютерийн программын талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байгаа юм. Улмаар програмчлалд илүү татагдан нэг онлайн вэб сайт олоод түүнийг сонирхон бие дааж нилээд зүйл сурсан даа. Энэ сургуульд суралцаж байхдаа мэдээлэл зүйн олимпиадад оролцож улсын олимпиадад шалгарч оролцсон ч ямар нэг амжилт үзүүлээгүй.

-Г.Галбадрах:Дунд сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?

-Э.Хонгор: 2008 онд 11-р ангиа төгсөөд МУИС-ийн Математик Компъютерийн Сургуульд программ хангамжийн инженерийн ангид элсэж оров. МУИС-д орсон цагаасаа программчиллын олимпиадад нилээд оролцсон. МУИС дээр Багаболд гэж багш маань биднийг удирдан баг болж олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэж эхэлсэн. Бид багаараа ч, хувиараа ч дотоод гадаадын олон ч уралдаан тэмцээнүүдэд оролцож байв. Онлайн тэмцээнүүд ч их болж байсан юм. МУИС-д суралцаж байх 4 жилийн хугацаандаа Улсын олимпиадаас 1 алт, 3 мөнгөн медаль авсан юм байна. Олон улсын хэмжээнд ACM-ICPC гэх нэр хүндтэй тэмцээн байдаг ба олон үе шаттай явагддаг. Эхлээд улсаасаа, дараа нь бүсийн хэмжээнд гэхчилэн шалгарч оролцоно. Бүсийн ангилалд Ази тивд гэхэд 20 орчим бүсийн тэмцээн \Япон, Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг орнуудад\ болдог. Дэлхийн хэмжээнд 50-60 орчим бүсэд хуваагддаг юм болов уу даа. Анх удаа 2009 онд Шанхайд болсон бүсийн тэмцээнээс багаараа хүрэл медаль авч байсан нь Монголчуудын анхны медаль байсан. Олон улсын тэмцээнд 3 удаа оролцсоноос 2 хүрэл, харин сүүлийн удаа 2011 онд нилээд амжилттай оролцож мөнгөн медаль авсан.

-Г.Галбадрах: Энэ бол муугүй амжилт байна шүү? Харин МУИС-аа төгсөөд?

-Э.Хонгор: 2012 онд МУИС-аа төгсөхөөсөө арай өмнө Мобиком корпорацид программ хангамжийн инженерээр ажил орлоо. Тэндээ хагас жил орчим ажиллаад л АНУ-д мастерт суралцахаар ирэв. Айяова мужид нэг их том биш сургууль л даа. Компьютерийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь нэлээд өвөрмөц боломжтой байсан. Давуу тал нь болохоор сургуульдаа нэг жил суралцаад сүүлийн 2 жил нь компаниуд дээр дадлагын хэлбэрээр ажилладаг юм. 2012 оны 10 сард элсэж ороод 2013 оны 6 сард судлах хичээлээ дуусгасан. Суралцаж байхдаа онлайн тэмцээнүүдэд оролцож байв. Сургуулиа төгсөхөөсөө өмнө 2013 оны 2 сард Америкийн Коллежийн оюутнуудад зориулсан нээлттэй тэмцээнд оролцоод 5-р байр эзэллээ. Уг тэмцээнийг зохион байгуулсан HackerRank компани нь уг уралдаанд эхний 10 байр эзэлсэн оюутнуудыг “Цахиурын хөндий” д танилцах аялалд оролцуулахад тэр компаныг үүсгэн байгуулагч нь биднийг удирдан авч явж байсан юм. Тэр хүнтэй танилцаж ярилцах боломж олдсон ба, улмаар надад компанидаа ажиллахыг санал болголоо.

-Г.Галбадрах:Тэр компанидаа очиж ажилласан уу?

-Э.Хонгор: Тэгээд 2013 оны 6 сард хичээлээ дуусгангуутаа энэ компанид ирж ажилласан. Энэ компани нь Америкийн салбартаа 5 ажилтантай, Энэтхэгийн салбартаа 10 ажилтантай, дөнгөж эхлэх байсан start up компани байсан. Энэ компанид 2014 оны 12 сар хүртэл гэдэг чинь 1 жил хагас орчим хугацаанд ажиллаа. Энэ компанид ажиллаж байхдаа маш их зүйлийг сурсан даа. Цөөхөн ажилтантай компани болохоор маш олон төрлийн төслүүд дээр гардан ажилласан.

-Г.Галбадрах: Фейсбуукт хэзээ ирж ажилласан юм бэ?

-Э.Хонгор: 2014 оны 12 сард ажлаасаа гараад 2015 оны 1 сараас Фейсбуукт ажиллаж эхлэв. 2014 оны 10 сараас л “Start Up компанид ажиллаж үзлээ, одоо бол мэдээллийн технологийн том компанид ажиллаж үзэх хэрэгтэй байна” гэж бодож байлаа. Фейсбуук, Гүүгль, Палантир 3 компанийг сонгож ажлын ярилцлага өгөөд 3 уулангаас нь ажлын урилга авсан. Нэгэнт том компаныг сонгох хүсэлтэй байсан болохоор Гүүгль, Фейсбүүк хоёр дээр сонголт маань үлдсэн. Миний хувьд энэ сонголт нилээд хэцүү байсан л даа. Аль аль нь топ компани. Компаниудаа судалж, хүмүүстэй зөвлөлдөж, эцсийн эцэст компаны соёл ажиллах зарчмын хувьд Фейсбүүк илүү таалагдсан болохоор сонгосон юм.

-Г.Галбадрах: Фейсбуук компаны давуу тал нь юу байв, чиний сонголтоор?

-Э.Хонгор: Фейсбүүкт ажиллахаар шинээр ирж байгаа инженерүүд 8 долоо хоног сургалтад суудаг юм. Код бичихээс эхлүүлээд фейсбүүкт хэрхэн ажиллах талаар бидэнд зөвлөж сургана. Мөн энэ үедээ энд хичнээн багууд ажилладаг байна, тэр багууд дээр очиж танилцаад өөрийн сонирхол чадвараа илэрхийлж, өөрөө сонголт хийх боломжийг олгодог. Тэгэхээр хувь хүн өөрийн сонирхол хүсэлтээрээ ажлаа ч, багаа ч сонгож ажиллах боломжтой. Ихэнх компаниудын хувьд, анх ажилд орохдоо апплейкешн бөглөхдөө багаа сонгодог. Гэтэл хамтран ажиллах багаа тухайн хүн өөрөө судлах боломж хязгаарлагдмал учраас сэтгэл ханамж бага байх тохиолдол байдаг. Фейсбүүкийн хувьд бусад компаниудаас ялгарах онцлог нь энэ юм болов уу? гэж харж байна.

-Г.Галбадрах: Том төслүүд дээр багаар ажиллах нь хамгийн чухал байдаг байх? Яг л цагны механизм шиг.

-Э.Хонгор: Мэдээллийн технологийн компанид ажилд орох ярилцлагад ороход программчиллын асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварт илүү анхаардаг юм. Бодлого сайн бодно гэдэг чинь сайн ажиллах баталгаа бас биш юм. Багаар ажиллах чадвар чухал. Баг дээр өөрийн санаа бодлоо хэрхэн илэрхийлэх чадвар, бусадтай хэрхэн ойлголцож хамтран ажиллах чадвар зэргүүдээс гадна хувь хүний зан чанар их нөлөөлдөг юм. Аль нэгэн төсөл дээр асуудлыг хэсэгчилж хувааж аваад хийхдээ багаараа байнга уулзан мэдээлэл солилцон зөвлөлдөж байдаг юм. “Миний хийж байгаа ажил ийм түвшинд явж байна, чинийх яаж холбогдож яаж хийх хэрэгтэй вэ?” гэхчилэн байнга л санал солилцоно. Учир нь хүн бүрийн хийж байгаа ажлууд нөгөөгөөсөө заавал хамааралтай байдаг болохоор. Эцэст нь энэ бүхнийг нэгтгээд харахад нэг л том төсөл босч ирдэг юм. Ер нь ийм том төслүүдийг нэг хүн дангаараа хийнэ гэж байхгүй, тийм боломж ч байхгүй.

-Г.Галбадрах: Фейсбуук программыг хүн болгон л ашиглаж байна. Фейсбуукийн цаашдын хөгжлийн талаар ч сонирхож байгаа байх?

-Э.Хонгор: Фейсбүүк бол олон нийтэд зориулж сошиал медиа чиглэлээрээ хөгжиж байгаа. Фейсбүүк гарч ирээд хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилсөн шүү дээ. Өмнө нь хамаатан садан, найз нөхөд, бусад хүмүүстэй тэр болгон харилцаж чаддаггүй байсан бол фейсбүүкийн ачаар тэдэнтэй өдөр тутам хамгийн ойр дотно харилцаж байна. Мөн адил сонирхолтой хүмүүс найз нөхөд болж санал бодол, сонирхолоо хуваалцаж байна. Хувь хүмүүсийн мэдээллийг нэг дороос үзэж танилцах боломжтой боллоо. Энэ бүхэн бол нилээд том өөрчлөлтүүд. Одоо бол фейсбүүк дэлхий дахины хэмжээнд интернетийн хүртээмж, хурдыг нэмэгдүүлэх боломжийн талаар нилээд ажиллаж байгаа. Том улс хотуудаас гадна алслагдсан жижиг суурин тосгод зэрэг газруудад интернетийг яаж хүртээмжтэй болгох вэ? гэдэг бол том асуудал. Энэ тал дээр Гүүгль болохоор хөөрдөг бөмбөлөг ашиглаж байхад, Фейсбүүк нисдэг дрон ашиглаж байна.

-Г.Галбадрах: Фейсбуук бол бидний амьдралын нэгэн хэв шинж болж орхиж. Хэрэглээний хувьд хүмүүс янз бүрийн хандлагатай байх шиг?

Facebookn campus-n view
-Э.Хонгор: Фейсбуукийг янз янзаар ашиглан хэрэглэж байгаа тэрбум орчим хүн байгаа. Энэ дотор мэдээллийг үүсгэдэг хүмүүс байна, мэдээллүүдийг уншиж өөртөө ашигладаг хүмүүс байна, зарим нь хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд дунд маш их цагийг өнгөрөөдөг хүмүүс байна. Яаж ашиглах нь хувь хүмүүсийн л асуудал. Хэрвээ фейсбуукийг үр дүнтэй ашиглая гэвэл өөрийн сонирхол хүслээрээ сонголт хийх боломжууд байгаа. Энэ дотор чинь өчнөөн олон группууд байдаг. Ууланд аялах сонирхолтой бол тийм группууд байна, математик сонирхдог бол тийм групп бас байна. Тэгэхээр энэ дундаас өөртөө хэрэгтэй сонирхолтой мэдээлэл болон группуудээ сонгож, зөв ашиглах нь чухал байх. Түүнээс тэр олон хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд дунд хүний оюун ухаан ядарна шүү дээ.

-Г.Галбадрах: Фейсбуукт чиний хариуцан ажиллаж байгаа чиглэлийг сонирхвол?

-Э.Хонгор: Friending багт ажилладаг. Найз гэдэг бол Facebook-н хамгийн чухал функцуудын нэг ба өөрийн найзуудаа Facebook-ээс олж тэдэнтэйгээ холбоотой байна гэдэг нь тухайн хэрэглэгчдийн хувьд маш чухал асуудал. Миний ажилладаг баг энэ бүтээгдэхүүнийг хариуцан ажилладаг юм.

-Г.Галбадрах: Саяхан Гүүглийн Баттулгатай ярилцаж байхад, мэдээллийн технологийн ирээдүйн хөгжилд “90-ээд оны” залуус илүү амжилт гаргах байх гэж бодож байгаагаа ярьж байсан. Та нарын үеийнхэнд байгаа давуу талаа чи яаж харж байна вэ?

-Э.Хонгор: Өнгөрсөн зун Цахиурын хөндийд мэдээллийн технологийн компаниудад 4 найз минь ирж дадлага хийгээд явлаа. Тэдэнтэй хамт байгаад анзаарахад “90-ээд оныхон”-ы давалгаа ирж яваа нь мэдрэгдэж байна. Хэдэн жилийн өмнөөс манай үеийнхний олон залуус Америк болоод бусад орнуудад суралцахаар их явцгаасан л даа. Одоо тэд сургуулиа төгсөөд том том компаниудад сонголт хийн ажиллаж эхэлж байгаа. Бидний үеийнхний давуу тал нь интернэтийн эрин үед сурч байгаа нь байх. Би өөрөөрөө жишээд тэгж боддог юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдал бидний сул талыг нөхөж чадсан. Харин одоо бол зөв л ашиглах хэрэгтэй болж байна.

-Г.Галбадрах: Өөрийнхөө ирээдүйн талаар?

-Э.Хонгор: Би энэ компанид орж ажиллаж байгаа азтай тохиолдлоо ашиглан инженерийнхээ хувьд маш их зүйлийг сурч хөгжихийг хүсч байгаа. Одоо бол би жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа болохоор танд тайлбарлаж ярих зүйл харьцангуй бага байна л даа. Энэ боломжоо ашиглаад миний ойрын зорилт бол товчхондоо “Чадварлаг инженер” болох. Дараагийн том зорилтууд гээд ярихаар одоо бол эрт байна, гэхдээ бодож байгаа зүйлүүд бол бий. \инээв\

-Г.Галбадрах: Чи фейсбуукт инженерээр орж ажиллах хүртэл бага биш хугацааг туулжээ. Одоо эргээд харахад чамд ойлгогдож байгаа зүйл тань юу байна вэ?

-Э.Хонгор: Бага байхдаа мөрөөдөж байсан зүйлүүд бол бий, Microsoft шиг том компанид орж ажиллахсан гэдэг ч юм уу? Харин мэдээлэл зүйн тэмцээн уралдаанд оролцож байхдаа боломжоо жаахан харж эхэлж байгаа юм. Наашаа ирэх гэж зорьж байхад миний англи хэл тийм ч сайн байгаагүй. Хэрэв англи хэлний түвшин сайн байсан бол “том сургууль” сонгох байсан ч байж магадгүй. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. Одоо энд ажиллаж байхдаа юу гэж бодож байна гээч! Ийм том компаниудад орж ажиллахад топ сургуулиудын нэгт сурсан бол боломж арай их байж магадгүй. Гэхдээ “том” биш сургуульд сурч байгаа ч өөрт байгаа боломжоо ашиглаад сурах зүйлээ л сайн сурч чадвал бүх боломж адилхан байна гэдгийг сайн ойлгосон. Тэгэхээр хувь хүний background ямар ч бай зорилго тавиад сурах зүйлээ л сайн сурах нь өөрт хэрэгтэй юм. Өөрөө л хичээх юм бол боломжууд хаана ч байдаг.

-Г.Галбадрах: Өөртөө олдсон боломжоо ашиглаад Монголдоо хийхээр бодож байгаа зүйл байгаа юу?

-Э.Хонгор: Боломж олдвол Монголдоо очихдоо бага насны хүүхдүүдэд код бичиж сурахад нь туслах бодол бий. Миний мэдэж байгаагаар Мэргэн ах 2 удаа Монголд ЕБС-н сурагчдад чиглэсэн сургалт явуулсан юм. Америкт ийм туршлагууд зөндөө байгаа. Харин бид Монголдоо энэ талаар анхаарал тавих хэрэгтэй байна. Мэдээллийн технологи бол дэлхийд тэргүүлэх салбар болох нь ойлгомжтой болж байна. Тэгэхээр монголчууд бид анхаарч чиглэх хэрэгтэй. Тэр тусмаа хүүхдүүдийг бага наснаас энэ чиглэлд анхаарч хөгжүүлбэл зүгээр байх. Тэгж байж л энэ салбарт илүү олон монголчууд орж ирэх болно. Мэргэжил сонгох тал дээр монголчууд бидэнд сул тал байгаа. Олдсон мэргэжлээ сонгож ордог, гэтэл тэр нь тэр хүний амжилт гаргах салбар нь мөн ч юм уу? биш ч юм уу? гэвэл эргэлзээтэй. “Дургүйд хүчгүй” гэгчээр дургүй зүйлдээ хүн амжилт гаргаж чадахгүй шүү дээ. Аль болох бага наснаас нь чиглүүлж байвал зүгээр юм шиг надад санагддаг юм.

-Г.Галбадрах: Энэ талаар хувь хүмүүс гэлтгүй, Төрийн бодлогыг хэмжээнд анхаармаар санагдаж байгаа юм?

-Э.Хонгор: Жишээ нь, дунд сургуулиудад зохион байгуулагддаг математикийн хичээлийн олимпиадын талаар хүн болгон мэднэ, түүнд оролцох нь нэр төрийн хэрэг. Үүнийгээ дагаад математикийг маш олон хүүхэд сонгон суралцдаг, өрсөлдөөн ч их. Харин мэдээлэл зүйн олимпиадын талаар мэдлэг мэдээлэл маш дутмаг. Заавал мэдээлэл зүйн гэлтгүйгээр software чиглэл рүү хандсан сургалтууд, уралдаан тэмцээн олныг зохион байгуулж байвал зүгээр байна. Энэ чиглэл рүү олон хүүхдийг татаж чадвал энэ чиглэлээр хангалттай олон чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэнэ. Тэгж байж л магадгүй хэдэн жилийн дараа “Цахиурын хөндий” д олон монгол залуус ирж ажиллах болно доо.

-Г.Галбадрах:Тийм ээ сайхан санал байна. Уулзаж ярилцахад сайхан байлаа. Чамд болон чиний үеийнхний өмнө том ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Та нарт амжилт ерөөе.

-Э.Хонгор: Танд ч бас их баярлалаа. Би ажиллаж эхлээд удаагүй байгаа болохоор өөрийн хэмжээнд л ярилцлаа. Цаашид сайн инженер болохын тулд хичээх болноо. Бас “Цахиурын хөндий”-н монгол залуус өөрсдийн нетворктой болж олон хүмүүст туслах санаа ажил хэрэг болно гэж бодож байгаа. Яваандаа энд монголчууд бид олуулаа болох байхаа.

…Өдгөө Apple, Google, Facebook, Microsoft, Intel, Amazon, IBM зэрэг мэдээллийн технологийн “акул” компаниудад монголчууд ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа монгол залуусын тоо ч жилээс жилд нэмэгдэх төлөвтэй. Энэ бол Монгол орны ирээдүйн хөгжилд хүчтэй нөлөөлөх том боломж гэж би харж байгаа юм. Тэр тусмаа Монголын шинэ үеийн залууст ийм боломжийг мэдрүүлэх нь бидний хийх ёстой ажил, хүлээх үүргийн нэг нь мөн. 23-хан настай Э.Хонгор бид хоёрын яриа товчхон боллоо. Бид ийм залуусыг “мундаг” гэж хөөргөн магтахаас илүүтэй, бусад залууст үлгэр жишээ болгох нь хэрэгтэй байна. Э.Хонгор шиг олон олон залуус дэлхийн мэдээллийн технологийн салбарт орж ирэн өөрийн орон зайгаа бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Заавал топ сургууль гэлтгүй, сонгож элссэн сургуульдаа сурч чадах зүйлээ өөрийн боломжоороо сурч чадвал ямар ч том компаниудад орж ажиллах боломж нээлттэй байгааг Э.Хонгор бидэнд ойлгуулж байна. Ийм олон олон монгол залуус хоорондоо нэгдэн, өөр өөрсдийн боломжоо нэгтгэн хамтарч ажиллах нь Монгол орон төдийгүй монголчууд бидний хөгжилд ч дэмтэй. “Цахиурын хөндий”-н монголчуудаас ийм санаачлага гарч эхэлж байгаад ч бид баяртай байгаа. Хонгор оо, чиний өмнө сайхан сайхан ирээдүй, Монгол орны хөгжлийн төлөөх үүрэг хариуцлага ч бас байгаа шүү. Амжилт ерөөе.

One Comment

  1. Anonymous

    December 11, 2015

    Өмнөө тавьсан зорилготой, зорьсондоо хүрэх гэсэн чин хүсэлтэй Монголын ирээдүй, бахархал болсон Хонгор дүүдээ амжилт хүсье.

Share Your Thoughts