Хадам

Хүмүүс бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэсэн цагаасаа “хадмууд”тай болцгоодог. Энэ мөчөөс өөрсдөө ч “хүргэн”, ” бэр”  гэсэн нэртэй ч болцгооно. Хайрлан хүндэлж, шүтэж биширдэг зүйлийнхээ тухай дуу шүлэг зохион, магтан дуулцгаадаг монголчууд, хадмын тухай тэгтлээ магтан дуулж, шүлэглэдэггүй нь нэгийг бодуулж, хоёрыг сануулах мэт.

“Хадмын хаяа түшсэн миний харцыг яагаад татаад байнаа” гэсэн үгтэй шалигдуу эрийн марзандуу, “сэтгэлд хүрсэн сайхан таныгаа айлын бэрээс харамлахгүй байж чадахгүй нээ”  гэсэн үгтэй шаралхуу, хартай бүсгүйн санааширсан дуу ихэд дуулагдана.

“Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай”  гэсэн нилээд айдас төрөм, “төрхмөө үзээд бараан дээр гарав”  гэсэн нилээд дарамтанд байж байгаад, ах дүүгээ хараад ихэд баярлаж буй бүсгүйн төрхийг илэрхийлсэн хэллэгүүд ч бас байдаг.
Харин онигоо бол зөндөө. Ихэвчлэн хадам ээждээ “хортой алим”  идүүлэх хүслээс эхлээд, болж л өгвөл нөгөө ертөнцөд явуулах оролдлого илэрхийлсэн марзан яриа ихэд яригддаг.
Хүмүүс бид гэр бүл зохиохдоо өөрийн “хадам” болон “хадмууд”  аа давхар сонгох бөгөөд, тэд  хүссэн эс хүссэнээс хамаарахгүйгээр бидний амьдралд багагүй үүрэг гүйцэтгэнэ. “Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэдэгчлэн, хадмууд ч бас сайн муугаар “тохиож”, бидний амьдралд сайн муугаар нөлөөлдөг. Хадмууд заримдаа бидний амьдралыг 180 хэм, эсвэл орвонгоор нь эргүүлэх тохиолдол ч бий.

Үүнийг үл анзааран өгүүлэх нь:
Монгол хадмууд нийгмийн хөгжлийн чиг хандлагатай нягт уялдан, хөгжлийн тодорхой үеийг дамжин, улам улмаар төгөлдөржин хөгжсөөр иржээ.
-Нилээд эрт үед хадмууд, хүргэд бэрээ саахалт зайд буулгаж, амьдралд хэрхэн тэнцэрч буйг нь алсаас ажиж, алдааг нь битүү ёж үгээр “зэмэлж”, авах сайн чанарыг нь битүүхэндээ дэмжин “хөгжүүлж” ирсэн уламжлалтай. Саахалтын зайд байгаа хадмуудаасаа дутахгүй гэсэндээ өглөө эртлэн босч, сүү саалиа амжуулж, үйл үртсээ хамтдаа хийж, өдөр бүрийн цаг наргүй ажилд үүртэж алжаахгүй байх ухааныг тэднээс л сурдаг. Адуу малаа эргүүлж, арилжаа наймаа хийх, бууц сэлгэх нутаг сонгох, бусадтай харилцаж, бас тусалж, нэр төрөө авч явах ухааныг тэднээс л сурч байсан.
Хэдийгээр өдөр тутмын үйл хэрэгт нь үгэлж дуулан, яншиж яхирлаад байлгүй хийж сурах ёстой үйлд нь аядуу зөөлнөөр, аажим аажмаар сургадаг байсан монгол ухаан энэ аж.

-Дараахан үед хадмууд, хүргэд бэрээ хажуудаа авч, амьдралд нь оролцож, алхам тутамдаа зааж сургах болжээ. Хагас суурьшмал энэ л амьдралд өөрийн олж мэдсэн бүхнээ ухааруулж бус, шахаж шаардан сургахыг хичээнэ. Санаа зовсон сэтгэл нь шаналал болон хувирч, гэртээ авах эд хогшил, мөрөндөө углах хувцсыг ч хүртэл хамтдаа сонгож, ” бусдаас илүү үгүй гэхэд дутуу үгүй явж”, ” бусдад муу муухай харагдаж болохгүйн”  сургаалиа хамтад нь хадаж, “чимэглэнэ”.
Тэд ” үгнээс гардаггүй дуулгавартай, үнэнч сайн хүргэн бэрээ”  өрөөл бусдад магтан сайрхахдаа, өөрсдөдөө итгэж, өөрсдийнхөөрөө байж, өөрсдөө амьдралаа авч явах чин хүслийг нь “чөдөрлөж”  буйгаа анзаарахгүй
-Өнөө цагт хадмууд, зах зээлийн хүнд хэцүү байдлаар шалтгаалан, хүргэн бэрүүдтэйгээ хамтдаа амьдрах нь олширчээ. Идэж уух, унтаж амрахаас эхлээд, гэр бүл доторхи харилцаа, уур амьсгал дунд ямагт хамтдаа байх нь хэн хэндээ төвөгтэй байдал үүсгэж буйг мэдэж байвч, эвлэрэхээс өөр арга үгүй. Харилцан туслалцаж, хамтран амьдарч буй энэ үзэгдэл, гэр бүл дотроо бие биенээ “хянаж”, өөрсдийн хүсэл, эрх чөлөөг “хязгаарлаж”,  хэн хэндээ “дарамт” болж буй.
“Хоноц хоноцдоо дургүй”  байж болох хэдий ч ” хадамдаа дургүй”  байх сэтгэлээ дарж амьдрах ч бас амаргүй аж.

Монгол хадмууд хүргэн бэрээ алсаас тандаж, алгуур залан хөтөлдөг байсан уламжлалаас,  дэргэдээ байлган бүхнийг зааж сургах үзэгдлээр дамжин, харилцан туслалцаж, хамтран амьдрах хүртэлх хөгжлийн энэ эрэмбэ, сайн муу үр дагаврыг авчирдаг. Алив зүйл хоёр талтай байдагчлан, энэ амьдралдаа дуртай нэгэн байхад, тааламжгүй ханддаг нөгөө нэгэн бас л байсаар.
Үүнийг үл анзааран өгүүлэх нь:
Бид хайртай хүнтэйгээ гэрлэсэн цагаасаа л хадмууддаа “сонжуулан”, ” шинжүүлнэ”.
Зүс царай, бие бялдраас эхлээд ааш араншин, дадал зуршил, ажил үйл, идэж уух хэм хэмжээгээ хүртэл шинжүүлцгээнэ. Эхэндээ ичингүйрэн биеэ барихаас, эцэстээ хээгээ алдан холилдох хүртэлх хугацаанд юу эс болж, юу эс ойлголцох.
Амьдралын хэмнэлд олонтаа тохиох хэрүүл маргаанд хадмууд өөрсдийн хүү охиноо л өмөөрдөг.  Тэр л хоромд, өөрийн ажиглаж мэдэрсэн хүргэн бэрийнхээ “сул тал” -ыг ихэд дөвийлгэн “илчилж”, өөрийн өмгөөлж буй хүнээ зөвтгөх “шалтаг” болгох нь бий.

Муудалцаж маргалдаад хандах бүрийд  хэн нэгнийг нь буруутгалгүйгээр “өөрсдөө учраа олж бай”  хэмээн адил тэгш хандаж,  эвлэрлийн үүдийг өөрсдөө нээж байх боломж олгож байх нь юутай хэрэгтэй. Учрыг нь сайн ололгүйгээр хэн нэгнийг буруутгаж, нөгөөг өмөөрөх нь хэн нэгний хадмууддаа таагүй хандах шалтаг нь болох аж. Хэт талцсан байдал газар авах аваас ” би чинь энэ хүнтэй гэрлэсэн билүү? эсвэл хадмуудтайгаа гэрлэсэн билүү? ”  гэх эргэлзээнд оруулах нь ч бас буй.
Үүнийг үл анзааран өгүүлэх нь:
Монголчууд бидэнд “хадмын хаяа түших”, ” хазгар хүргэн хадамсаг”  гэх хэллэгүүд түгээмэл байдаг. Төсөөлөх ахул, өөрийн гэрээ хадмынхаа хаяанд барьчихаад, өдөр тутмын олон ажил хэрэг, амьдралын олон асуудлаа хамтдаа шийдэхээр хазганан алхах хүргэн санаанд бууна. Өнөө цагт арай дөнгүүр амьдралтай, арай боломжтой нэгнийхээ хаяаг нийтээр бараадан, нөмөр нөөлөг дор нь амьдралаа залгуулах сонирхол ихэсчээ.

Арай ядруу амьдралтай нэгэнд, архинд толгойгоо мэдүүлж задарсан нэгэнд, өр зээлээ төлж ядан яваа нэгэнд, өвчин зовлонд шаналж яваа нэгэнд, халуун тусламжийн гараа сунган, “хандив”  өргүүлэх санал хадмуудаас бишгүй л гардаг. Сэтгэл гаргаж нэгэн удаа тусалснаар байдал дээрдэхгүй болохоор, өндийж ядан өөрсдийгөө болгох гэж яваа тэдэнд багагүй хүндрэл учирч, басxүү маргааны үндэс болох нь бий. Өрх гэр нь ” Лусын  хааны ордон”  биш болохоор, өнөөдөр хүргэж ядаж буй , маргаашийн сайн сайхны төлөө хурааж хуримтлуулж байгаа бүхнээсээ бие биенээсээ “нууж ядан”  өөрийн аав ээждээ илүүчлэх тохиолдол зөндөө. Энэ нь гэр бүлийн “далд эдийн засгийг”  үүсгэн хөгжүүлэх сайн талтай хэдий ч, бие биедээ итгэх итгэлийг “далдалж” орхидогоороо муу талтай.
Бие биенээ дэмжиж тусалж байх нь сайхан байлгүй л яахав. Гэхдээ цаг ямагт ийм шаардлагыг биелүүлээд байх нь, өөрсдөө тэнцрэх боломжоо алдаж, өрөөл бусдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургах муу талтай. Албатай юм шиг л хэн нэгэнд “татвар, хандив ” өгч байх үзэгдэл “хадам” болон “хадмууд ” даа таагүй хандах нэгэн шалтаг болох аж.

Үүнийг үл анзааран өгүүлэх нь:
Залуус гэрлээд шинэ амьдрал эхлэхдээ зөвхөн гэр бүлээрээ хамтдаа байхыг л ихэд хүсэцгээдэг. Хоюулахнаа байхдаа л бие биенээ эрхлүүлэн энхрийлж, хүсэл мөрөөдлөө ичиж зовохгүйгээр ярилцаж, олсон мөнгөө юунд зарцуулж, юу худалдан авахыг хүсч байгаа, гэрээ хэрхэн гоёх гээд л ярилцах, шийдэх зүйл мундахгүй. Гомдсон нэгнээ аргадан эрхлүүлж, бие биенгүйгээр байсан цаг мөч бүхнээ хуучилж, хоолоо хамтдаа хийж, оройн мөчид бие биендээ эрхлэн нялуурах бүх л үйлдэл, тэднийг бие биенээ ойлгож мэдрэх, илүү ойр дотно сэтгэл, илүү их хайр халамжтай болоход тусалдаг юм.
Ямар нэгэн шалтаг шалтгаанаар хадмууд хамт байх, бүр хамтран амьдрах хугацаанд энэ бүхэн үгүй болж, энэ байдалдаа бухимдан гомдож, уурлаж уцаарлан муудалцах нь олонтаа. Удаан үргэлжилсэн ийм байдалдаа дасан зохицох үедээ , бие биенээсээ улам улмаар холдон хөндийрч буйгаа анзаардаггүй. Хадмынхаа хажууд байнга үнсэлдэж эрхлэлдээд байж чадахгүй, гэр бүлийн олон асуудлаа “шивнэн” ярилцаж, мөнгө төгрөгийн зарцуулалтаа ч нууцалж, өөрийн гэртээ биеэ барьж амьдрах нь тэдэнд их л төвөгтэй байдаг.  Ийм үзэгдэл нь хадмууддаа таагүй хандах нэгэн үндэс болох аж.

Учирлал:
Монголчууд бид их л элгэмсэг, садансаг, хадамсаг ард түмэн. Олон олон гэр бүлүүд, хадмуудтайгаа харилцан ойлголцож, элэгсэг найрсгаар бие биенээ дэмжин, халуун дотноор аж төрж буй. Олон олон гэр бүлүүд, энэ харилцааны ээдрээтэй нугачааннд “бүдчиж”, алдаж онож л яваа.  Амьдралд тохиох сайн муу олон үйлийн шлатгааны үрийг хадмууд тарилцаж, өөр хоорондоо зөрчил бухимдал үүсгэж байгаа нь нууц биш. Бид мэддэг хэрнээ, төдийлэн анзаарч анхаарал тавьдаггүй олон шалтаг шалтгаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна.
-Шинээр гэр бүл болж, амьдралаа эхлүүлж буй залуу хосуудад өөрсдийнхөөрөө байх, амьдралд тохиолдож болох олон асуудлуудын харйуг өөрсдөө олж шийдэж байх, өөрсдийн хүсэл, боломжоороо амьдралаа авч явж сурах боломжийг нь олгох нь их хэрэгтэй байна. Алив маргаан мэтгэлцээнд гаднаас эрээ цээргүй оролцож, өөрсдийн үзэл бодлоо тулгах, өөрийн хүнээ өмөөрөн хамгаалж, өрөөл бусдыг буруутгах сэтгэлгээнээс салах нь тэдэнд үзүүлж буй хамгийн сайн дэмжлэг болно.

-Амьдралд нь тэр болгон хутгалдаж, алив бүхнийг зааж зааварчлаад байлгүйгээр, алсаас нь ноён нурууг нь харж, аядуу зөөлнөөр засч чиглүүлж байх монгол ухаан ихэд хэрэгтэй байна. Үүсэн дэгжиж буй өрх гэр, өөрөө л батжин дэвжиж, олсноо ариглан гамнаж, дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байх боломжийг нь олгож байх сан. Тогтож ядаж байхад нь татаж унагааснаас, тэнцэртэл нь тулж түшиж байх нь хэрэгтэй байна.
-Халуун хайрандаа эрхэлж, хайрын баландаа бялуурч, хамтдаа л байхыг хүсэх тэр мөчид нь саад болохгүй байх сан. Хайр гэдэг, энэ л балын амтанд бэхжиж, харгалдаж зөрөлдөх мөч бүрийг нь зөөллөж, хатуу бэрхийг ч давах ухаан, итгэлийг өгдөг шидтэй. Өөрсдөө л бүхнийг ухаарч тэвчиж,  хамтдаа давж, сайхан бүхнээ хамтдаа бий болгосон гэр бүл хэзээ ч салдаггүй аж.
“Уул усны ойр нь, ураг төрлийн хол нь дээр”  гэж ухаант монголчууд дэмий нэг хэлээгүй байх. Өнөө цагт хадмууддаа “хортой алим”  өгөх гэж бус, хайрлаж хүндэлж ” шүүслэг алим” таваглаж, хамтдаа жаргал зовлонгоо хуваалцаж байх нь монголчууд бидэнд нэн хэрэгтэй сэн. Харин энэ үйл нь өөр хэнээс ч бус та биднээс л хамаарна.
Хадам, хүргэн бэрүүд  жаргалтай, эвтэй сайхан амьдрацгааг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-04-02

Share Your Thoughts