ХАЙРТАЙ БҮСГҮЙН ТАНЬ ӨВӨР…

Хайртай бүсгүйн тань өвөр
Хамгийн хэцүү амьдралын мөчид
Хоргодож тайвшрах чиний орон зай
                        Цээжин дотор урсалдаж арцалдсан галзуу барс
                        Нэгэн хоромд тайвширч, эрхлэлдэн хэвтэх орон зай
                        Цэгээн чулууг бутартал цамнах хуй салхин шуурга
                        Нэгэн хоромд намжин, зөөлнөөр бүүвэйлэх орон зай
Эжий тань үгүй болж ертөнцөд өнчирч хоцроход
Элгэндээ тэвэрч чамайг бүтэн болгосон хайрын өлгий
Эр ховор нулимсаа гадагшлуулж чадалгүй багтрахад
Энхрийлж аргадан чамайг уйлуулж урсгасан бүүвэйн дуу 
                          Хад чулуун дунд цамнасан үерийн догшин урсгал
                          Нэгэн хоромд татарч, намуухан урсах орон зай
                          Харанхуй шөнийн айдаст автсан сэтгэлийн жавар  
                          Нэгэн хоромд бүлээсэж, итгэлээр дулаацуулах орон зай
Үрс минь мэндэлж энэ хорвоог дүүргэн инээхэд
Сүүгээр хайрыг тань сүлж өглөөний наранд өргөсөн сацал
Үйлийн үрэндээ бүдчин хорвоод сохорч явахад тань
Сэтгэлийн амар амгалангаар мэлмийг тань нээсэн бурхан
                            Агсамнаж цамнасан аргамаг хүлгийн догшин цамнаа
                            Нэгэн хоромд номхорч, тэнүүн талд жороолох орон зай
                            Аархаж бас онгирч дэвэрсэн омголон араншин
                            Нэгэн хоромд дарагдан, бүсгүйн өмнө сөгдөх орон зай
Бие биедээ уусан энэ ертөнцийн мянган жаргалыг эдлэхэд
Бүтэн сартай шөнө ч гэрэлтүүлж барамгүй уудам хорвоо
Бие биенийхээ хайранд шингэн буман шөнийн уртыг элээхэд
Бүтэн амьдрал ч хүрэлцэмгүй жаргалын дагшин  диваажин
                              Өндрөөс дүүлэн халих бүргэдийн омог бардам дэвэлт
                              Нэгэн хоромд шунгин, газар дахь олзоо дарах орон зай
                              Өөрөөс тань илүү гоо үзэсгэлэнгүй цэцэгт талд
                              Нэгэн хоромд саатан, чам руу гар сунгах орон зай
Хайртай бүсгүйн тань өвөр
Хамгийн жаргалтай амьдралын мөчид
Хамтдаа байхыг хүсэх чиний орон зай

Share Your Thoughts