Хайртай хосууд яагаад муудалцдаг вэ?

-Чи ийм л өөдгүй шүү дээ! Чамайг ийм муухай хүн гэж мэдсэн бол чамтай суухгүй байсан, за юу
-Чи надтай суухаас өмнө хэн байлаа даа?
-Одоо чамайг надаас өөр хэн тоох юм бэ?
-Танай гэрийнхэн намайг хүн гэж үздэг биш? чи ч тэдэнтэйгээ адилдаа адил
-Чамтай танилцсан тэр өдөртөө би харамсаж байна

…Тун саяхан л зүү орох зайгүй бие биенээ хайрлаж , зүрх сэтгэлдээ бие биенээ бишрэн энхрийлж, энэ ертөнцөд бие биеэ “амьдралын утга учир”, “нар сар”, ” навч цэцэг” , “гэрэл гэгээ” гэж нэрлэн магтаж байсан хосууд, элдэв асуудлаас болж муудалцахдаа бухимдан цухалдаж, элдвээр хэлэх үе бий. Яг энэ мөчид учраа олохгүй тэвдэж, яахаа мэдэхгүй самгардаж, тэр л мөчид бие биенээ л давж гарах гэсэн тэнэгхэн муйхарлалаар бие биенээ гомдоох нь зөндөө. Саяхан л энэ ертөнцийн их шид, гайхамшиг болж байсан хайрын сэтгэл сэвтэж, “шулам”, “хог новш”хэмээн бие биенээ нэрлэх тэрхэн үедээ тэд, хоромхон мөчид ухааны хязгаараа алдах нь бий.

Муудалцаж ахуй тэр мөчид зүрх сэтгэлд нь агсагман цовхчиж асан хөөрөл намдах агшинд сэтгэлдээ сэмхэн харамсаж, хэлсэн шигээ хаяад явчихаж зүрхлэхгүй шаналалд, “уучлал гуйгаад аргадах болов уу?” гэсэн далд хүлээлтэд урссан нулимсаа алгаараа л арчих. Буруу харан сэмхэн уйлан мэгших сэтгэлд нь хайр дахин амилах агшинд “хөөрхий минь би арай л дэндүүлчих вүү дээ” гэж харамсавч, “аргадахаас нь нааш нүүр өгөхгүй юм шүү” гэх эрхлэлт зөрүүдийн манан дунд хөтлөх аж.
Хайр сэтгэлдээ шатаж явсан олон олон залуусын хайрын галыг, элдэв асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан хөргөж орхидог тохиолдол зөндөө бий. Хэн нэгнээс асууж, хэрэгтэй үг сонсохыг хүсэвч, “нэр төрөө хичээх” хүсэл нь нэрэлхэн дуугай болох шалтаг нь болдог. Бид бүгдээрээ үүнийг туулах хэрнээ муу туршлагаас үүдсэн ухаарлаа хэн нэгэнд яагаад хэлж өгдөггүй юм бол? Амьдралын босгыг дөнгөж алхаж байгаа тэдэнд бусдын туршлага хэрэгтэй байдаг. Гэхдээ хуурай онолоор биш жинхэнэ амьдралд хэрэг болох нь.
Тэдэнд хэлж сануулдаггүй болохоор хэн нэг нь амьдралдаа алдаж, тасарсан аргамжаагаа залгаж чадахгүй холдож одно. Тэр тохиолдолд итгэл эргэж ирэлгүй, хорсол шаналалдаа самуурах нь бий. Өөрсдөө хичээж учраа олох нь олонтой боловч, сэтгэл хөрч хайр дундрах нь бас л зөндөө. Тасарсан аргамжаагаа эвлүүлэн зангидаж, итгэл-хүндэтгэл-хайраа хадгалж үлдэж байгаа нь ч зөндөө. Гэхдээ л амьдралын тасралтгүй урсгал дунд хайр сэтгэл, хүндэтгэл бахархал, итгэл найдвар л бөхдөггүй юм.

Муудалцдаг олон шалтгаанууд

1. Хүмүүжил, хэвшлийн ялгаа:
…Хүн болгон өөр өөр орчинд өсөж, хүмүүждэг болохоор нэг гэрт ороод хамт амьдрахдаа зөндөө олон ялгаагаа мэдэрдэг. Өглөө босоод ороо хураахгүй байх, өмссөн хувцсаа тайлаад хаа нэгтээ чулуудах, хогоо хаана ч хамаагүй хаяж орхих, хоол хийхэд нь туслахгүй зурагт үзээд суух,  хөлөө угаахгүй байх, хоолоо сорж идэх, аяга тавгаа цэвэрлэхгүй орхих, онгойлгосон хаалгаа хаахгүй байх, уйлсан хүүхдээ аргадахгүй байх, цэвэрлэсэн газрыг бохирдуулж орхих гээд зөндөө л олон зөрчил үүсгэх шалтгаанууд бий. Хүмүүс бага насандаа өөртөө олж авсан хүмүүжил хэвшлээрээ энэ л хамтын амьдралд ханддаг болохоор зөрчилдөөн үүсэх нь аргагүй.
-Харин  гэр бүл болгон өөрийн дүрмээ зохиож, нэгэн хэвшил дор санаа нэгдэх нь энэ л маргаанаас гарах эхний алхам. Мэдээж санасан болгон шууд биелдэггүй болохоор цаг хугацааны урсгал дор бие биедээ тоглоом тохуугаар ч болов сануулж, бас хайр дундаа учирлаж, хааяадаа аргадан байж л бүрдүүлэх аж.

2. Үзэл бодлын зөрөө:
…Амьдрал болон алив асуудалд хандах үзэл бодол гэдэг мөн л бага наснаас төлөвшдөг. Тэгэхээр энэ ялгааг хайр дундаа шатаж яваж үедээ мэдрэх боломж тун бага. Харин  хамтран амьдрах мөчдөө илүү гүнзгий мэдэрдэг. Зарим эрчүүд эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх, хүсэл хангах, хоол хийх үүрэгтэй гэж үздэг бол, зарим бүсгүйчүүд эрчүүдийг мөнгө олох, чандмань хүслийг биелүүлэгч, дутагдсан бүхнийг нөхөгч гэж үзэх нь бий. Зарим нь эрдэм мэдлэг чухал гэж үзэж байхад нөгөө зарим нь мөнгө чухал гэж үзэх нь бий. Баян тансаг амьдрал болон хэрэгцээн дундаа сэтгэл хангалуун амьдрах гэдгийн ялгаан дээр ч хосууд маргалддаг.
-Тэгэхээр эхлээд л танилцаж бас хайрлан дурлалцах мөчдөө үзэл бодлоо мэдэж ойлголцох нь тун чухал. Заавал төгс төгөлдөр байх нь албагүй хэдий ч мөнгөний төлөөх амьдрал, мэдлэгийн төлөөх амьдрал, нэр хүндийн төлөөх амьдрал, ашиг сонирхлын төлөөх амьдрал, амгалан тайвны төлөөх амьдрал гээд бүгд л ялгаатай. Үзэл бодол  болон өөрсдийн сонирхлын төлөө нэгдсэн амьдрал илүү бат бөх байдаг. Энэ бол тэнцвэр. “Тэнцээгүй ачаа тэмээ малын зовлон, тэнцвэргүй амраг сэтгэл зүрхний зовлон” гэдэг үг бий. Эсвэл эхэндээ сайн ойлголцож, яваандаа зөв сайнаа дагалдах гэдэг л энэ тэнцвэрийн жишиг болох буйз.

3. Бие биенээсээ илүү байх хүслэн:
…Манай монголчууд өөрийн хүү охиноо гэр бүл болоход нь “За тэгээд эхнэртээ толгойгоо мэдүүлэв зэй” эсвэл “За охин минь нөхөртөө толгойгоо мэдүүлээд арчаагүйтээд байв зай” гэхчилэн сануулдаг нь мөнөөх л ээж аавыгаа хүндэтгэн дээдэлдэг сэтгэлгээнд нөлөөлдөг аж. Ямар нэгэн асуудлаас улбаалан маргалдаж мэтгэлцэх тохиолдолд уг асуудалд эрүүл саруул ухаанаар хандахаас илүүтэй мөнөөх л “аминчхан захиас” толгойд нь орж ирдгээс улам зөрүүдэлдэг байж магадгүй. “Уг нь хайртынх нь хэлж байгаа зөв мэт” санагдавч, энэ л тулаанд ялагдаж орхивоос цаашид “эрх мэдэл түүний гарт шилжиж магадгүй” гэх болгоомжлол л хэрүүл маргааныг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх шалтаг болж болох юм.
-Уг нь гэр бүл гэдэг эрх тэгш харилцаа болон чин сэтгэлийн ойлголцол дээр тогтдог. Маргалдаж байгаа тухайн асуудал дээр “эрүүл ухаан саруул бодол”-оор хандах гэдэг л хамгаас чухал. Түүнээс хэн нэгний дарангуйлалд болгоомжлох гэдэг илүүц асуудал. Бид залуудаа “олон хүн биш хоёр хүний асуудал ойлголцоход илүү амар байх ёстой” гэсэн төсөөлөл байсан хэдий ч яг амьдрал дээр энэ нь хэцүү, Бараг зуун хүнтэй учраа учраа ололцохоос ч амаргүй байсан гэдгийг зөвшөөрөх байх. Яг үнэндээ энэ бүх маргаантай асуудлыг бие биедээ маш их хайртай та 2 -оос өөр хэн ч шийдэж чадахгүй гэдгийг л ойлгож байвал илүү амар байх болов уу?

4. Санхvvгийн дутагдал гачигдлаас:
…Энэ ертөнцийн бүх л хүмүүс өөрсдийн амьдралаа хэн нэгний амьдралтай заавал зэрэгцүүлэн жишдэг. Энэ нь ухамсар гэхээсээ илүүтэй бараг зөн шахуу зүйл. Балдангийнх ямар байшинд амьдарч, ямар машин унаж байгаа нь, Сарангийн ямар хувцас өмсөж, ямар зүүлт зүүж байгаа нь бидний нүдэнд ил байдаг болохоор л бид өөрсдийгөө харьцуулан шанална. Бид бие биенээсээ дутуу эсвэл тэднээс дооогуур явж болохгүй гэх өчүүхэн атаархал юм уу даа. Эд баялаг болон бусдад гоё сайхан харагдах байдал гэдэг уг нь өөрийн гэртээ ямар их хайр энхрийлэл аз жаргалаар бялхаж байгаатай харьцуулахад тун өчүүхэн зүйл гэдгийг мэдэхгүйн мунхаглал юм даа.
-Уг нь сэтгэлийн амар амгалан,  байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх гэдэг ямар их аз жаргал гэдгийг хүмүүс тэгтлээ анзаардаггүй. Заавал ядуу байх ёстой биш л дээ. Гэхдээ хүмүүсийн хэрэгцээ гэдэг даанч өчүүхэн зүйл. Сайхан байр сууц. сайн машин, хэрэгцээтэй цагт зарцуулж чадах мөнгөний хуримтлал. Хамгийн гол нь бие биедээ хайртай байж, өөрийн босгосон амьдралдаа сэтгэл хангалуун байх гэдэг аз жаргал. Түүн дээр дуртай ажлаа хийж, ойлголцдог найз нөхөдтэй байх гэдэг ямар сайхан гээч. Хэрэв та 2 хүсвэл энэ бүхнийг өөрсдийн хүссэнээрээ бий болгож чадна л даа. Үүний тулд ухаантай, бас боловсролтой байхад л хангалттай. Заавал луйварчин байх хэрэггүй.

5. Хардлага:
…Хүмүүс бие биентэйгээ гэрлэмэгцээ бие биенийгээ “өөрийн өмч” гэж тооцдог муу зуршилтай. Тэр л сэтгэхүйгээрээ бие биенээ уулзаж учирсан, хамт байсан хүмүүстэйгээ хардаж зовоодог. Мэдээж “сайхны өмнө харц буруугүй” гэдэгтэй бид эвлэрэх ёстой ч “энэ маань намайг хуурч гомдоохыг хүсдэггүй” гэдэг итгэл л хамгаас чухал. Итгэл гэдэг хамгаас чухал хэдий ч бид “хүний сэтгэлийг олсоор хүлж чаддаггүй” гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Уулзаж учирсан, хамт байсан хэн нэгэнтэй эхнэр нөхрөө байнга хардаж зовооно гэдэг л эцэстээ өөрийгөө ч, хажууд байгаа хайртыгаа ч сэтгэлийн шаналал, зовлонд унагах нэгэн шалтаг болдог. Энэ нь олон ч гэр бүлийн байнгын хэрүүл маргааны шалтаг нь болох нь олонтой.Яг энэ үйлдлээр “жүжиг шиг” олон амьдрал цогцолж буй. Бусдын өмнө Ромео Жульетта шиг харагдахыг хүсдэг боловч яг үнэндээ “там шиг амьдрал”-тай хүмүүс зөндөө.
-Анх хүмүүс бие биендээ сэтгэл алдран дурласан шалтаг нь юу байсан гэдгийг тэгтлээ анзаардаггүй. Мэдээж бусдаас ялгарах нэгэн онцлог байсан гэдгийг бид мэддэг. Гэсэн хэрнээ түүнээ л өргөн хөгжүүлэхийг хүсдэггүй. Бас дахин анзаарахыг ч хүсдэггэй. Магадгүй ямар нэгэн маргаан мэтгэлцээний дунд “Чи яагаад? Яг миний юунд дурласан юм бэ?” хэмээн асуудаггүй. Анх бие биенээ харан сэтгэлээр дурлахдаа олж харж байсан тэр л эрхэм зүйлийг бид санаддаггүй дурсдаггүй байгаад алдаж байгаа байж магадгүй. “Чи миний нүдээр хар л даа” гэж найздаа хэлж байсан шиг тэр л цагийн “сэтгэлийн нүд”-ээр харах ухаан дутаж байж болох.

6. Аав, ээж, хамаатан садангуудаас:
…Монголчууд бид элгэмсэг дотно гэдгээ илэрхийлж, ямагт өөрсдийн мах цусны тасархайгаа л сэтгэлдээ өмөөрдөг. Яг үнэндээ тэдний өссөн орчин, хүмүүжил , үзэл бодол ойр байгаагаас шүү дээ. Тэд сэтгэл зүрхэндээ бие биедээ дэндүү ойрхон. Тийм болохоор өөрийн хүнээ зөвтгөх түмэн шалтаг тэдэнд бий. Гэхдээ тэд нөгөө талын хүнээ зөвтгөх шалтаг олох нь ховор. Магадгүй энэ нь өөрсдийнхөө муу талыг олж харан зөвшөөрөхөөс эмээх шалтаг байж болох юм. Зарим  хүмүүс өөрийн сул муу талыг олж харан, бусдын сайн талд нийцүүлэх гэж оролдох нь бий. Гэхдээ дэмжлэг олох магадлал тун бага даа. Харин түүний өөрийн хүндээ шивнэж хэлсэн зөвлөлгөө бусдын сэтгэл зүрхэнд дэндүү ойртож очин, эерэг шийдвэрт сайнаар нөлөөлөх тохиолдол буй.
-Залуус заримдаа бие биедээ гомдохдоо “би чамтай л гэрлэсэн болохоор танай аав ээж, хамаатан садангуудтай гэрлээгүй шүү дээ” хэмээн цөхрөлдөө дуу алдах нь бий. Энэ л үнэн. Тэд бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдийгөө олсон юм чинь бусдын тусламж дэмжлэггүйгээр өөрсдөө учраа олон ойлголцож байвал сайн сан. Тэд хамтдаа л амьдрах болохоор бусдад таалагдаагүй зүйлийнхээ төлөө салах хэрэггүй. Тэдэнд үнэт зүйл, бие биедээ татагдсан сайхан чанар гэж бий. Тэд түүнийгээ л ойлголцож, бусдын хэл амнаас хамгаалж байг л дээ. Тэднийг хагаралдуулж салгахын оронд эвцэлдүүлэх нэгэн хэрэгтэй үг хэлж байх хэрэгтэй байнаа. Яагаад гэвэл тэд бидэнтэй л адилхан хамтдаа жаргаж зовж байхыг хүсч байгаа.

Миний л үг

…Би энэ амьдралд 3 зүйлийг эвцэлдүүлэн ойлгодог. Яг л тулгын 3 чулуу шиг. Энэ бол ХАЙР-ХҮНДЭТГЭЛ-ИТГЭЛ. Би энэ тухай нэгэнтээ бичиж байсан. Хүмүүс бид бусдад сургаж зөвлөж байвч яг үнэндээ өөрсдөө л амьдралд алдаж онож явдаг. Насан туршдаа шүү. Өөрийнхөө алдааг бусдад сануулж байхдаа өөрийгөө л таньж чадаагүй явдаг. Гунигт үнэн энэ.
Заримдаа бидний хүүхдүүдийн хэн нэгэн  шөнө дөлөөр утасдан “ааваа! ээжээ ! би яах вэ?” гэх сэтгэл шаналгасан асуултын хариуд бид нэгэн үг хэлэн аргадавч, нойр хулжаан шаналдаг. Бидний сэтгэлийн гүн дэх шаналал нулимс болон дэрэн дээр урсавч түүнийг хэн ойлгоно гэж?
…Яг л үүн лугаа олон олон монголчууд шаналж байгаа. Өөрийн хүүхдээ өмөөрөвч, өнөд мөнхийн тавиланг бид зохицуулж үл чадах. Тэд л өөрсдийн амьдрал хувь тавилангийн эзэн байхаас түүнийг бид залж хэрхэн үл чадах. Тэдний аугаа хайрын гэрч бид өөрсдөө байж чадах ч тэдний босгосон тоонот гэрийн галыг бид хэрхэн асааж, бас хамгаалж чадах.
…Өдгөө бид “салшгүй сайн хүндээ марташгүй муу үг бүү хэл” хэмээх ишлэлийг байнга санадаг. Маргааш эвлэрэх сэтгэлийн зайд сэтгэл зүрхийг шаналаах бузар муу үгийг хэлэх хэрэг юун. Муудалцан маргалдах дор “маргааш эвлэрэх” сэтгэлийн зайг үлдээж байх юутай хэрэгтэй. Өнөө нэг нь уурлан бачимдавч өөрөө л үүний тэнцвэрийг хадгалан тэвчих юутай сайн гэж? Маргааш өглөө нь хэн нэгэн тайтгарч “намайгаа уучлаарай би мунхаглажээ, би ганцxан чамдаа л  хайртай шүү дээ” хэмээн хэлэх мөчид хайртай түүнээ тэврэн аргадах мөч гэдэг, хоёул нулимсаараа бие биенийхээ сэтгэлийг угаан цэлмээх мөчид энэ л дэлхийд наран  илчээрээ гийгүүлж, эрхэлж бие биедээ жарган тайтгарах мөч гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал.
…Монгол залуус минь та нар Монгол Улсын нэгэн гал голомтын эзэд. Нэгэн гэр бүлээс Монгол орон бүрддэг. Олон олон гайхамшигт гэр бүлүүдийн нэгдлээр Монгол орон тогтдог. Гэр бүл эвтэй байваас Монгол орон эвтэй байдаг. Нэгэн гэр бүл ухаалаг байваас Монгол орон ухаалаг оршдог.Муудалцах зүйл зөндөө байвч, эвлэрэх шалтаг нь зөндөө буй.
Монголчууд бид бид бие биенгүйгээр, бид нэгэн гэр бүлийн дэмжлэггүйгээр юусан билээ.
Тэгэхээр та нар биднээс илүү ухаалаг байх хэрэгтэй байнаа. Та нарын үр хүүхэд биднээс ухаалаг байна гэдэг Монгол орон  үүрд мандан бадрахын бэлгэгдэл буюу. Нэгэн сайхан гэр бүлээс нэт ирээдүйтэй улс гүрэн оршмуй.

Монголчууд бид өөр хоорндоо эвтэүй байваас Улс гүрэн сайнаар хөгжмүй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-09-03

Share Your Thoughts