ХАЙРЫН ЗАХИА

…”Хайрт минь би чамайгаа ямар их санаж байнаа. Чамаасаа хол байх тусмаа чамд ямар их хайртайгаа, бас чи минь надад ямар их хэрэгтэй болохыг мэдэрч байна. Чамдаа маш их хайртай шүү. Чанга тэврэн үнсье.” Дугтуйг задлах гэж захыг нь яаран сандран урж тасадсан, цагийн уртад шарлаж үнгэгдсэн цаасан дээр бичсэн ийм үгтэй захиаг одоо нээгээд уншвал хүний сэтгэл ямар ихээр догдолж уярахыг төсөөлж байна уу? Тэр цагт хайрандаа шатаж байсан зүрхний хэмнэлд гар нь хэрхэн салганаж, зүрх нь ямар их чангаар цохилж, санасан сэтгэл нь сормуусанд нь нулимс болон торж байсан мөчийг яг өчигдрийнх мэт тодхон санах сан. Гар гараасаа хөтлөлцөн хэнээс ч юм нуугдан гүйлдэж, өчигдөрхөн уулзаад салсан хэрнээ өдөржин шөнөжин санаж шаналсан сэтгэлээ харцандаа нуун байж эрхэлсэн, “чи минь л надтайгаа хамтад байвал энэ ертөнцөд өөр юу ч хэрэггүй” шивнэх сэтгэлээ тэврэлдэн байж зүрх зүрхэндээ сонсгосон мөчүүдийг эргэн дурсах сан.

Цаг цагийн урсгалд элэгдэж хуучирсан хуудас цааснууд хайрлаж дурлаж явсан ухаангүй юм шиг мөчүүдийн гэрч болон үлджээ. Хэзээ хойно сэтгэл сэмрээж, бодолд хөтлөн, дурсамж хөглөх мөчүүдийг ийм захидлууд сэргээдэг сэн. Зөвхөн хайраар амьсгалан ухаангүй юм шиг авирлаж, бусдын учирлалыг үг чинээ тоохгүй бардамнаж явсан үе нь харин өнөөдөр мартагдаж, “улиг” болсон ч юм шиг санагдах үеүдэд тэр цагийн захиа л бүхнийг эргүүлэн сануулдаг “эрдэнэ мэт” баримт. Өнөөдөр түүнийхээ өөрийг нь тоохгүй байгаа юм шиг араншинд нь гомдол тээж, тэр цагт өөрт нь бичиж байсан захиаг эргэн уншихдаа өөрийн мэдэлгүй инээмсэглэж, “ганцхан надад л ийм их хайртай байсан юм шүү дээ” гэж бардамнахан бодоход л сэтгэл нь сэргэж, толинд өөрийгөө нэг ажих. Ухаангүй хайрлаж явсан түүнийгээ сэмхэн харахдаа дэврүүн, омголон залуу насны хөөрүү төрхийг нь сэтгэлдээ нэг “тольдож”, сэмхэндээ нэг “өхөөрдөх”. Тийм их хайртай байсныг нь сануулсан захидлыг уншихдаа түүнийгээ уучлах “ямар амархан” болохыг сэтгэлдээ мэдрэх.

Хайрлаж байхад нь тоогоогүй орхисон зүрхэнд илгээсэн захидлыг уншихдаа, тэр цагийн ичингүрсэн төрхтэй сөөсгөрхөн хөвгүүнийг гэнэт санана. Үг болгоноос нь тэвдүүхэн хэрнээ учирлаж “хайр” гуйсан сэтгэл нь, бичсэн цаас шиг нь ямархан цагаахан болохыг амьдралын элдэв нугачаанд алжааж ядарсан зүрх нь түүнд дамжуулан уншиж өгөх аж. Өөрийн хөөрхөн төрхөндөө, сээтгэрхэн охин насандаа бардамнаж явсан үеэ сэргээж нэг дурсана. Өөрийг нь бараадан, сэм сэмхэн алсаас нусаа татан дагаж алхаж асан хөвгүүний төрхийг бүүр түүрхэн санах төдий ч, өвөр дээрээ дэлгэн уншиж байгаа хайрын захидлаас нь сэтгэлийн догдлолыг нь одоо л анзаарч мэдрэх аж. “Хөөрхий дөө хаана яажшуухан явдаг юм бол доо” гэж санаа алдахуйяа, одоо дахиад тааралдвал хайрлаж ч чадах юм шиг сонихон мэдрэмж сэтгэлд нь эргэлдэнэ. Хорвоод өөрт нь ухаангүй дурлаж, амьдралын аз жаргалтай агшин бүрийг өөрт нь харамгүй бэлэглэхээр амалж агсан хайрын сэтгэлийг хэзээ хойно ч гэлээ мэдрэхдээ өөрийн эрхгүй баярлана. Сэтгэл нь нэг уужрах шиг. Хэн нэгэнд хайрлуулах сайхан.

Хичнээн ихээр догдолж, хүмүүсээс нуугдан байж, энд тэндээс шүлгийн ном олж хуулбарлаж, бяцхан зүрхэндээ багтаж ядсан хайраа илчилж бичсэн боловч эзэндээ очиж амжаагүй захидлыг өнөөдөр өөрөө уншиж суухдаа, тэр цагийн гэгээн цайлган дурсамжаа сэргээнэ. Өгөх гэж зүрхээ дэлбэлэнгээ алдаж, нүүрээ хийх газаргүй юм шиг ичиж, тулаад очихдоо галд түлэгдэх юм шиг тэвдэн холдож явсаар эзэнд нь гардуулж амжаагүй хайрын захидал. Дурласан бүсгүй нь өөр нэгний хайранд “шатаж”, аз жаргалаа хэн бүхэнд ил гайхуулж, инээд баяраар цалгин өнгөрөх бүрд тэр л бяцхан зүрх “шархалж”, хорвоо ертөнц, тэр байтугай амьдрал гэдэг “ямар ч өнгөгүй, утгагүй” юм шиг санагдаж байсан мөчүүдэд энэ л захидлаа уншиж өөрийгөө “аргадна”. Хэзээ нэгэн цагт түүнээс ч хөөрхөн бүсгүйг эхнэрээ болгон сугадаад яг хажуугаар нь гайхуулан өнгөрөх адбиш хүсэл мөрөөдөл зүрхийг нь “базан” тэвдүүлэх аж. Өнөөдөр өөрөө уншиж байгаа тэр л хайрын захидал өөрийг нь энэ зэрэгтэй явах “ташуур” болсон ч байж мэдэх. Гэхдээ л сэтгэлдээ хайрлах хүнтэй байх гэдэг ямар сайхан болохыг энэ захиа үргэлж л түүнд сануулсаар иржээ.

Хүмүүс бид өнөөдөр бие биедээ хайрын захидал бичихээ больжээ, харамсалтай. “Би чамд хайртай” гэдэг үгийг дуртай цагтаа амаараа биш, сэтгэл зүрхээ шингээн байж цаасан дээр баримт болгон буулгаж байсан үеүдийг бид мартаж орхижээ. Албатай ч юм шиг, ёстой ч юм шиг, хайнгадуухан урсгах хайрын үгс тэр мөчид хэн нэгний чихэнд сонсогдоод өнгөрөхөөс бус, сэтгэлд нь шингэж хоногшдоггүй нь цаасан дээр буулгасан хайрын захидал бичихээ больсны муу уршиг. Хүн захидлыг бичихдээ зүрхээ чагнаж, сэтгэлээ илчилж, үгсийн гайхамшигийг сонгож бичдэг болохоор зүрхэнд нь хүрдэг. Хааяадаа гомдож, гомдоож, муудалцах үедээ тэр л хайрын захидлыг гаргаад унших дор сэтгэл нь тайвширч, уучлахад хялбар болдог. Зүрхнээс зүрхэнд бичсэн болохоор нэг их нуршуу тайлбар хэрэггүй, тэвдүү мунгинуу учирлал ч хэрэггүй. Сэтгэлийн чанадад байгаа их хайрыг хайрын захидал л баталдаг, нотолдог, бас ойлгуулдаг.
Цав цагаахан цаасан дээр тод гаргацтай үзгээр сэтгэлийн их хайраа илчилж “би чамдаа маш их хайртай шүү” гэж бичих ямар гоё гээч. Өвлийн цав цагаахан цасан дээр мөнх ногоон гацуур модод өнгийн чимэглэлээрээ бусдын анхаарлыг татаж тодрон харагдах шиг. Шинэ оны өдрүүдэд үүнээс сайхан бэлэг олдоно гэж үү? Алмаазан зүүлтнээс ч, алтан ээмэг сэлтээс ч, нэгэн өдөр өмсөөд далд хийх гоёлын даашинзнаас чинь хол илүү үнэтэй. Тэр захидлыг хамгийн нандин зүйлээ хадгалдаг хайрцгандаа хийж хадгалаад хааяа гаргаж уншиж байхад л сэмэрч гунисан сэтгэл тань сэргээд л ирнэ, харж л байгаарай. Захидлын гоёмсог дугтуй, түүн дээр наасан марк нь хүртэл энэ их хайрын, цаг хугацааны гэрч болж таны хайрыг найдвартай манаж байдаг юм. Хожим нь үр хүүхдүүд тань хүртэл аав ээж нь бие биенээ ямар их хайраар ” өлгийдэж” байсныг мэдэрч та нараар улам ч их бахархана, бас өөрсдөө хайрын захидал бичиж эхэлнэ.

Хайр гэдэг энэ ертөнцөд хүмүүсийн сэтгэл зүрхэнд байгаа хамгийн ариун нандин, бас гайхамшигтай мэдрэмж. Бид аавыгаа, ээжийгээ бас өөрийн үр хүүхдээ хүртэл ямар их хайраар хайрладаг гээч. Харин бид үүнийгээ цаасан дээр бичиж илчилж, бас дурсан хадгалж, хайрлан хямгадаж чаддаг билүү?

ХҮМҮҮС ЭЭ! БИЕ БИЕДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЫН ЗАХИДАЛ БИЧИЖ БАЙЯ. ШИНЭ ОНДОО ХАЙРААР БЯЛХАЖ ЯВААРАЙ.

Share Your Thoughts