ХАЙР ба ХАРДАЛТ

\”Амьдрал их энгийн” цуврал-3\
Амьдрал их энгийн. Хүн төрөлхтөн бий болж эсрэг хүйстнээ хүсэмжлэх болсон цагаас л хайр, хардалт зэрэгцэж бас харгалдах болсон. Хайр хүний амьдралд жаргалыг авчрах боловч хардалт нь зовлон болгон хувиргадаг. Хайрын тухай хүмүүс янз бүрээр төсөөлж, янз бүрээр тайлбарлах боловч үндсэндээ энэ нь тухайн хүний сэтгэлийн дотоод сэтгэлээс л урган гардаг мэдрэмж. Хичнээн төлөвлөн төсөөлж, товлон эрж хайж, бусдад захиж захиалавч, хайр нэгэн өдөр сэтгэл зүрхэнд тань өөрөө л хүрээд ирдэг. Түүний юунд ч юм бэ? татагдан зүрх тань хүчтэй цохилж, харц тулгарахдаа царай  тань улайж өөрөө ч мэдэлгүй инээмсэглэнэ, хэлэх гэсэн үгээ ч мартаж ээрч тэвдэх авч дотоод сэтгэлд тань тийм гэж төсөөлөхийн аргагүй баяр бахадлаар дүүрч цалгилах мэдрэмж бол хайр юм. Зарим хүмүүс хайр дурлалын тухай, “энэ бол урд насны барилдлага, үйлийн үрийн төлөөс” хэмээн тайлбарлах авч, хосуудын энэ харилцаа нь үгээр тайлбарлаж, үйлдлээр нотлохын аргагүй гайхамшигт учрал гэж би боддог. Хайрлан дурлалцаж, ижилдэн дасч, хамтдаа амьдрал зохиож, үр хүүхэдтэй болж тэднийгээ өөрсдийн үргэлжлэл болгон өсгөж хүмүүжүүлэн энэ ертөнцөд үлдээх үйлдэл нь хүн болж төрсний үүрэг хариуцлага. Гэхдээ энэ хугацаанд их юм болноо.
Зарим хүмүүс бие биедээ “хайртай л байхад бүх зүйл сайхан болно” гэж боддог. Ингэж төсөөлөхдөө бидний хамгийн эрхэм зүйл болох ХҮНДЭТГЭЛ, ИТГЭЛ-ийн тухай умартах нь бий. Анх учрахдаа л чиний сэтгэлийг өөрийн мэдэлгүй татсан чанар нь ХҮНДЭТГЭЛ-ийг бий болгож аажим аажимдаа энэ нь ҮНЭ ЦЭНЭ болон хувирдаг. Анх учрахдаа өөрийн сул талаа нууж, төгс төгөлдөр мэтээр ойлгуулсан бол аажим аажимдаа илрэх сул талууд тань анхны бишрэм сэтгэгдлийг алгуур унтрааж орхих. Тоглоом шоглоомоор ч атугай өөрийн сул талаа ойлгуулж аажим аажимдаа өөрийн сайн талуудаа мэдрүүлэх нь хүндэтгэл бишрэлийг улам ихээр төрүүлэх нь ч бий. Товчхондоо, чи өөрийн байгаагаараа байх нь хожим уучлал, ойлголцолд амар хүрэх боломж нь. За тэгээд хоосон “панаал” хэрэггүй дээ. Ингэж холбогдсон хүмүүс хожим нь тэр их хайр хаана унтарч, хаана алга болсныг хайж эрээд ч ололгүй цөхрөхдөө “Сайхан хайр зөвхөн ном зохиол, бас кинонд л байдаг” гэж итгэн бусдад үүнийгөө жишээ болгон зөвлөнө. Хууртагдсан “үнэн”-ий сүүдэрт хүмүүс ИТГЭЛ -ээ алдаж эхэлдэг. Бие биенээ хуурч эхлэхдээ л хүмүүс өөрсдийн үнэ цэнээ алдаж эхэлнэ. Олон хүмүүс бусдыг өөртэйгээ адилтгаж төсөөлөхдөө өөрийн хийсэн үйлдэл болгондоо хамаатуулж боддог. Эндээс л маш их хэрүүл маргаан, хардалт үүсдэг юм даа.
Хардалт бол шууд хэлэхэд “сэтгэцийн өвчин”. Хайртай хүнээ зөвхөн  “өөрийн өмч” мэтээр төсөөлж алхах гишгэх, үйлдэх үйлдэл болгоныг нь хардан сэрдэж өөрийгөө болон өрөөлийг “тамлах” нь амьдралыг тэр чигт нь “там” болгон хувиргана. Хэзээ ч хүний оюун санаа, хүсэл бодлыг “хүлж” болдоггүйн адил, хичнээн хардаж зовоогоод ч чи өөрийн хайр сэтгэлээ “аргамжиж” чадахгүй. “Хоосон хардуулж байхаар…” хэмээх арга барсан бодол хүмүүсийг нөгөө тийш нь чангааж орхино. Яг үнэндээ байна шүү дээ, “хуурья” гэж бодсон л бол яаж ийгээд ч хуурч дөнгөдөг. Харин “Хайрт минь намайг хуурахгүй шүү дээ” гэх итгэл хайртай хүнийг нь ямар нэгэн үйлдлийн өмнө зогтусан эргэлзэхэд хүргэдэг. “Хайрт минь надад итгэж байгаа шүү дээ…” гэдэг бодол гэнэт үүссэн сэрлийн өмнө өөртөө эргэцүүлэхэд хүргэдэг. Зүгээр л түүнийхээ эрхэлсэн төрхийг нүдэндээ харахдаа л “уучлаарай” хэмээн өрөөл бусдад ч өөртөө хэлэх шалтгаан нь болно. Ингээд төсөөлөхөөр ХАЙР-ХҮНДЭТГЭЛ-ИТГЭЛ гурав бидний амьдралын тулгын гурван чулуу болдог аж. Аль нэг нь үгүй болохоор амьдрал доголдож, сэтгэл хиртэж эхэлдэг. Ав адилхан тулж чадсан хүмүүс энэ амьдралаа жаргал болгож чадна. Эс тэгвэл бид өөрсдийн аз жаргалаа зовлон болгон хувиргадаг. Бие биенийхээ оюун санааны эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ хүндлэн хайрлаж, итгэж байх нь амьдралыг илүү амар амгалан болгодог юм даа.
Амьдрал их энгийн шүү дээ. Хайрлаж чадвал чин сэтгэлээсээ хайрла. Хэцүү хүнд мэт санагдвал өөд өөдөөсөө харж, нүд нүдээ ширтэж суугаад ойлголцохыг хичээ. Хичнээн хэцүү байлаа ч хардаж зовоохын оронд итгэж байгаагаа шулуухан хэл, уучлахыг хичээ. Хайрлаж уучилж чадахгүй бол  хэсэгхэн хугацаанд ч болов холдоод үз. Хэн хэндээ хайртай, түүнгүйгээр байж чадахгүй санагдвал дахин суугаад чин сэтгэлээсээ ярилцан ойлголцож, уучил бас итгэ. Түрхэн хугацаанд салж холдоод ч түүнийгээ өөртөө огт хэрэггүй гэж мэдэрвэл салж холд. Хөрсөн сэтгэлийг хичнээн халаах гэвч чадахгүй бол дахин  бие биенээ  бас үр хүүхдүүдээ “тамлах” хэрэг юун. Хайрлаж дурлаад хамтдаа амьдарч байгаад холдож байгаа бол бие биенээ бусдад бүү муулж ярь, бүү хонзогно, бүү үзэн яд. Энэ бол чиний сонголт. Хэрэв чи  түүнийг бусдад муулж байгаа бол өөрийгөө муулж байгаагаас ялгаа юун. Хэзээ ч хэн нэг нь 100 хувь буруутай байдаггүй юм. Салалт болгон аймшиг бас гутамшиг биш. Ухаарал уучлал болгон хүнд огт өөр мэдрэмж өгдөг. Салалт заримдаа ололт болох нь буй. Боломж олдох л юм бол салахгүйг хичээ, бие биенээ ойлгож уучил. Өмнөхөөсөө ч илүү сайхнаар хайрла, итгэлээ бүү нугал. Бид бие биенээ хичнээн муулавч, бас үзэн ядавч зөв бурууг нь хүмүүс бус цаг хугацаа л нотолдог юм.
Амьдрал тань аз жаргалтай сайхан байх нь өөр хэнээс ч бус зөвхөн та 2 оос л шалтгаалдаг. Амаргүй хүнд хэцүү цагт анх хэрхэн дурлаж хайрлаж байснаа сана, араас нь яаж царайчилж гүйж байснаа дурс. Хүүхдээ тэврээд хамтдаа инээж байснаа сана, өвдөхөд нь хамтдаа уйлж тэвдэж сууснаа дурс. Холд явсан нэгнийхээ араас хоног тоолж бэтгэрч сууснаа сана, холоос ирэхэд нь цээжинд нь наалдаад мэгшиж байснаа дурс. Мөнгөгүй зутарч байхдаа “болгоно доо” гэж хамтдаа хичээж байснаа сана, мөр мөрөө түшин ядарч ирээд зүүрмэглэж байснаа дурс. Харанхуйд айж тэвдсэн түүнийгээ тосон тэвэрч байснаа сана, гэрэлтэйд хөтлөлцөн алхаж эрхлэлдэж явснаа дурс. Амьдрал гэдэг чинь дэндүү сайхан шүү дээ, хосоороо байхад. Авсанд ороод нойрсоход нь ямархан үнэ цэнэтэй  байсныг нь  ойлгодог юм. Зуурдхан ирээд буцдаг хорвоод  зовлонгоо жаргал, жаргалаа зовлон болгож байснаа ухаардаг юм. Уучлал гэдэг нуурын мандал дээр далавчаа шүргэн нисэхэд үүсдэг атираа юм, ухаарал гэдэг өнгөрсөн цаг дээр бичдэг хайр юм. Бид энэ амьдралаас холдож одоход хайр, хардлага дурсамж л болон чимээгүй үлддэг.Хайр гэдэг чинь дэндүү гэгээн бас ариухан зүйл. Хайр үгүй бол энэ амьдрал бас ертөнц хов хоосон бас хав харанхүй. Хайр байгаа л бол чи энэ ертөнцөд дэлгэрч буй цэцэгсийн дэлбээг хайрлан илбэж, тэнгэрт дүүлэх шувуудын дууг аялгуу болгон сонсдог юм.  Амьдрал гэдэг чинь их энгийн юм шүү дээ.

Share Your Thoughts