Хайр гэж юу юм бэ?

Хүмүүс бие биенээсээ болон, заримдаа өөрөөсөө ийн асуудаг. Нэг л сайхан мөрөөдөл нэгэн цагт замхран одох мөчид, нэгэн сайхан учрал санаандгүй жаргал болон амилах мөчид, халаглах харамсах, баярлан уулга алдах аль алинд энэ л асуулт дагалдах нь бий. Талаас түүсэн гоёмсог цэцгийг баглаа болгон түүнд барихтай адил, таалагдах нэгэн бэлгийг гоёмсог сайхнаар чимж өргөн барихтай адил, хундаганд мэлтэлзэх сархадыг ерөөл дагуулан дээжлэхтэй адил, хайрын нандин сэтгэлийг зүрхээ нээн харуулж үл чадах.
Хүмүүс бид бие биетэйгээ адилгүй ааш араншинтай хэдий ч, хүмүүний нэгэн заяанд бие биенээ л түшдэг болохоор хайрын гэгээн ертөнцөд төстэй учрал олон буй.

ХАЙР-гоёмсог сайхнаар нүдэнд харагдавч гарт баригддаггүй өнгийн СОЛОНГО
…Бусадтай учрах учралдаа зүв зүгээр л байдаг атлаа, гагц түүнийг харах мөчид сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрх минь хүчтэйеэ цохилж, амьсгаа нэг л дээрдэж, алга нэгэнтээ хөлөрнө. Энэ л догдлолдоо би тэвдэж, нүүр минь улайж, үг минь ээдрэн будилна. Түүнд ямар ид шид байдгийг би мэдэхгүй хэдий ч, түүнийг харах бүрдээ өөрөө өөрийгөө захирч үл чадах.
Хамт байх мөчдөө тэвдэн сандравч, холдоод явчихаж бас л зүрхлэхгүй. Салаад явчих тэр л мөчид ертөнц тэр чигээрээ харанхуйлж, дахин учрахын гэрэл гэгээг сэтгэлдээ хүсэмжлэн аргаднам. Зэрэгцээд суух мөчид гарыг нь атгаж чадахгүй, галд түлэгдэх юм шиг л сандрах. Эгцэлж хараад ярихдаа, ичиж зовон, сандарч тэвдээд гацах. Түүнд ямархан гайхамшиг цогцолсныг би мэдэхгүй ч, түүнгүй байхад юм бүхэн өнгөө алдан гундахыг мэдэрдэг.
Энэ ертөнцийн хамаг сайхан бүхэн гагц түүнтэй сүлэлдэж, ээнэгшим дулаахан сэтгэл гагц түүнээс над руу урсан, энэ биений минь цогц хэмнэлийг гагц тэр л эвдэж чадах. Яагаад түүнд дурлаж хайрлах болсноо би үл мэднэ, яг л тэнгэрт байгаа өнгийн солонго мэт. Гартаа барьж чадахгүй тэр солонгын хойноос хөөцөлдөн гүйхдээ, ганцxан түүнийг яагаад хайрлах болсноо тайлбарлаж үл чадна.  Хэн үүнийг тайлбарлаж чадах юм бол?

ХАЙР-хаа нэгтэйгээс худалдан авч хэн нэгэнд бэлэглэж болдог БАРАА БИШ

…Учиргүй дурлаж, ухаан алдах шахаж байсан догдлол, ард хоцрох агшинд “алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан” гэж хэлдэг хүмүүс нэг биш бий. Сэтгэлд биш өнгөнд шунаж, хайранд биш мөнгөнд умбах мөчдөө, хүмүүс хүн чанараа алдаж эхэлдэг. Тэд хэн нэгнийг огтхон ч түгдрэхгүйгээр худлаа магтаж, ичиж зовохгүйгээр тэврэн шүлсдэж, ‘хайртай’ гэдэг үгийг хаа сайгүй үсчүүлдэг. Хамт байхдаа наалинхайтаж, хагацаад явахдаа шоолж, учрах бүрдээ магтаж, уулзаад салахдаа мартаж орхино.
Хамт байх мөчдөө сархадаар ичингүйрлээ даруулан хөлчүүрч, хүн чанараа мөнгөөр үнэлэн арилжиж, бутархай мөнгө шиг энэ амьдралаа бусдын нүднээс баярхлаар халхлан аагирхдаг. Тэд хайр сэтгэл, ухаангүй дурлалыг шоолж, энэ амьдралын тансаг сайхныг өнгө мөнгөөр хэмжиж байхдаа, сэтгэлд нь ус гүйж, судсанд нь дарс урсаж байгаагаа мэдэхгүй. Өнгөтэй нэгэнтэй самуурч байхдаа сэтгэл цэнгэдэггүй, мөнгөтэй нэгэнтэй наймаалцаж байхдаа амьдралд жаргадаггүй.
Энэ ертөнцийн хамаг бүхнийг өнгө мөнгөөр хэмжин арилжиж байхдаа, зүрхнийхээ гүнд уйлан харамсаж, бас гунин шаналж байдаг юм тэд. Чин сэтгэлийн хайрыг мөрөөдөвч олдох нь үгүй, нэгэн сайхан амьдралыг хүсэмжлэвч худалдагдах нь үгүй, хүн чанарыг эргүүлж авахыг хичээвч өнгө мөнгөнд хучигдаад харагдах нь үгүй.  Хайр гэдэг хаа нэгтэйгээс худалдан авч, хэн нэгэнд бэлэглэж болдог гоёмсог бараа биш.

ХАЙР-сурах бичигт байдаг ОНОЛ БИШ өвчтөнд бичиж өгдөг ЖОР БИШ

…Хайрлаж дурлаад учирсан хосуудад зөвлөгчид мундахгүй. Өмнөөс нь асуудлыг шийдэх гэж оролдогсод ч цөөддөггүй. Анхны гайхамшигт төсөөлөл газрын хөрсөн дээр бууж, алив нэгэн зөрчилдөөн даамжрах бүрийд онол ярьж, жор найруулагчид тэдэнд тус биш гай болох нь олонтаа. Нэгэнтээ Р.Хосбаяртай хийсэн ярилцлага дээр “Миний гутлыг өмсөж үзээгүй байж, намайг яаж алхахыг бусад нь яаж мэдэх юм бэ?” гэж хэлсэнчлэн, маргаан зөрчилдөөн болгонд хөндлөнгөөс оролцон зааж зааварлах, өмнөөс нь шийдвэрлэх оролдлого болгон зөрчлийг улам улмаар дэвэргэдэг.
Өөрийнхөө хүүхдэдээ, дүүдээ хайртай халамжтайгаа илэрхийлж, түүний сайн сайхны төлөөх “гундашгүй” сэтгэлээ илэрхийлэх боломж бүхэн, хоёр биенээ хайрлах сэтгэл, итгэх итгэлийг хиртээж, улам улмаар холдон холдох ан цавыг өргөсгөдөг. Тэр ч бүү хэл дуулгавартай сайн дагагчийн “ганцаардсан” амьдралд тус болж чадахгүйдээ бухимдан гомдоох нь, “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” үлгэр болох нь ч олонтаа. Маш олон гэр бүл салалтын гол шалтгаан нь тэд өөрсдөө биш, аав ээж, ах дүү садангууд байх нь түгээмэл.

Тэд яг л өөрсдийнхөө амьдралын амттай болон гашуун туршлагаас онол ярьж, жор найруулж байхдаа тэдний сэтгэл зүрх чухам юунд татагдан, хөглөгдсөнийг эс мэдэх. Тэд хэн болох, тэд бие биенийхээ юунд татагдан тэмүүлснийг мэдэхгүйгээр оношлож бас зөвлөж болно гэж үү?
Тэдний бие биедээ шивнэн хэлдэг чин сэтгэлийн хайрын үгс, хүсэж тэмүүлдэг мөрөөдөл, учирлаж хэлдэг аргадалт бүхэн өөр өөр. Бас хэзээ ч давтагдашгүй. Хэрвээ өнгө мөнгөөр биш, чин сэтгэлээсээ хайрлаж дурласан л бол тэд хэзээ ч бусдын тусламжгүйгээр учраа олж дөнгөдөг. Хайр бол хэн нэгний гаргасан онол, хэн нэгний найруулсан жор биш бөгөөд хүн болгонд өөр өөрийнхөөр нь үйлчилдэг.
ХАЙР-хэмжээндээ байваас ЖАРГАЛ
хэмжээнээсээ халиваас ЗОВЛОН
…Хайртай хосууд хоёрхон биедээ эрхэлж нялхрах нь, бас нялуурах нь хорвоогийн жам. Тэд энэ үедээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг “шаардан”, зөвхөн түүнд хайртайгаа нотлохыг “хүсч”, хэн нэгнээс хардан “харамлана”. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй лугаа, эрхэлж нялуурахад ч хязгаар үгүй. Харин амьдрал, боломж бүхэн хязгаартай. Яг л ус дүүргэсэн ган сав шиг. Ус дүүрэн байвал хүн болгон сэтгэл хангалуун. Ус дундуур байваас ямагт түгшүүртэй, харин хальж асгарваас хэнд ч хэрэггүй, бас хайран.

Хэн нэгэн нь шидэт саваатай үлгэрийн ханхүү, эсвэл гайхамшигт гүнж биш болохоор хүсэл мөрөөдөл бүхэн биелэх боломж үгүй. Харин үлгэрийн ханхүү, гайхамшигт гүнж байхын тулд хоёулаа л хичээж зүтгэх учиртай. Хэн нэг нь зүтгээд, нөгөө нэг нь хөлөө унжуулаад хэлээ зажлаад суух аваас, хүсэл мөрөөдөл хэзээ ч биелэхгүй л дээ. Хүсэл мөрөөдөл биелэхгүй байх мөч бүхэн гомдол дагуулдаг. Хайр заримдаа хэн нэгнийг тэнэг болгож, аймшгийн шулам болгох нь бий. Тийм болохоор, хайр гэдэг “жаргал”, ” зовлон”-гийн дэнсийг хэмждэг аж.
Амьдрал гэдэг арга билгийн зохицолдоон. Түүн лугаа эр эм хүмүүс адил тэгшээр зохицолдон амьдрах учиртай мэт. Аль нэг нь тэнцвэр алдваас жаргал бус зовлон болон хувирдаг. Нэг нь жаргаж, нөгөөх нь зовох үйл амьдрал биш гэнэм. Жаргавал хамтдаа жаргаж, зовбол хамтдаа зовох гэдэг энэ л амьдралын тэнцвэр гэнэм. Хайртай л бол бие биедээ итгэж, сонсож, ойлгож байх нь тийм ч хэцүү биш. Хамтдаа л байхдаа жаргалтай байдагчлан, хамтдаа л ойлголцож, хамтдаа бүхнийг шийдэж,  сайн муу үр дүнг нь хамтдаа л амсаж, хамтдаа л жаргаж зовж байх нь юутай хэрэгтэй гээч.
Хайр гэдэг бүх л зүйлд хамтдаа зүтгэж, адил хэмжээнд байваас жаргаж, аль нэг нь алдагдваас хэмжээ алдаж зовлон болох нигууртай аж.

ХАЙР- хос зүрхний УЧИРЛАЛ чин сэтгэлийн МЭДРЭМЖ

… Анх бие биендээ дурлаж хайрлах байх мөчдөө мэдрэгдэж байсан мэдрэмжээ хадгалж үлдэх гэдэг амаргүй хэдий ч маш сайхан. Түүнийхээ гарыг атгахдаа халгаж байснаа, эгцэлж харахдаа ичиж байснаа, үгээ хэлэхдээ түгдэрч байснаа, холдоод явахад шаналж байснаа, уулзаад учрахдаа баярлаж байснаа ямагт санаж, сануулж байх нь юутай хэрэгтэй гээч. Ээж нь өмөөрөөд загнаж байхад гомдож байснаа, эргээд өөрийг нь аргадахад уярч байснаа, хоолгүй хонохдоо гомдоод уйлж байснаа, хорхог хийхэд дээжийг нь түүндээ хадгалж байснаа, хүүхдээ төрөхөд нь хоёулаа уйлаад тэврэлдэж байснаа, хожим хүүхдээсээ болоод муудалцаж байснаа, хардаж түүнээ гомдоож байснаа, харамласандаа болоод энгэрт нь мэгшиж байснаа хожим дурсан инээлдэж байх ямар сайхан гээч.
Хэн ч юу ч гэсэн хоёрхон биедээ л учирлан аргадаж байх ховор сайхан цаг мөч. Уурлаж хашгичиж байх цаг мөчид, учирлан аргадах надаас өөр хэн байх гэж? Уруу царайлан гуниж суухад, уруул дээр үнсэн тайтгаруулах надаас өөр хэн байх гэж? Онгирч сагсууран бардамнаж байх мөчид, онгироон байж учирлан дарах, надаас өөр хэн байх гэж? Үхэл өвчинд шаналан  нулимс унагаах мөчид, элгэндээ наан байж уяраах надаас өөр хэн байх гэж? Амьдралд надаас өөр хэн чамд чин сэтгэлийн түшиг байх гэж?

Тэр л нэгэн мөчид яагаад чамд дурласнаа өнөө би хэлж мэдэхгүй ч, энэ амьдралд ганцxан чи л миний түшиг гэдгийг би мэддэг. Тийм болохоор өнөө би чамд гомдовч, маргааш би чамайг аргадан тайтгаруулдаг. Тэгээд бид хамтдаа л жаргаж, бас зовж энэ тавилангаа хамтдаа элээх заяанд сүсэлдэг. Магадгүй хайр гэдэг биднийг холбож, хамтдаа энэ амьдралыг элээх тавиланг заяасан байж болох. Маргааш би энэ ертөнцөөс явахдаа, магад ганцxан чамайг өнчрөөн шаналгана гэдгээ би төсөөлдөг. Магад чи миний араас над дээр ирнэ гэж хүлээх л болно.
Хайр гэдэг аугаа зүйл гэдгийг хүн болгон мэдэх авч, гагц түүнийг хэн ч тайлбарлан таниулж үл чадна. Гайхамшиг гэдэг энэ буюу.
Нэгэн шөнийн цэнгэлийг
хэн нэгэнтэй эдэлж болох хэдий ч
Нэгэн насны жаргалыг
хүн бүхэнтэй элээж болно гэж үү

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-02-11

Share Your Thoughts