Хайр заримдаа хүнийг “тэнэг ” болгодог

/Уншигчийн захиалгаар бичив/
Миний өмнө нэгэн уншигчийн захидал дэлгээстэй байна. Бие биедээ “үхэтлээ’ дурлаж, хүсч мөрөөдсөн аз жаргалтайгаа учирч, гэр бүл болцгоосон хосууд…
Бие биедээ эрхэлж нялхарч, хорвоо дээр бид хоёроос илүү сайхан, аз жаргалтай нь үгүй, насан туршдаа зөвхөн бид хоёр л ийм аз жаргалтай байх болно гэсэн мөрөөдлийн сайхан бодолдоо ‘мансуурцгаана”. Аз жаргал мансуурлаар дүүрэн “бал сар’ өнгөрч, цаг цагийн эрхээр амьдрал нь ердийн хэмнэлд орж, бусдын адил амьдарцгаах болно. Хүүхэд төрж, баярлан хөөрч, заримдаа алив асуудлаас болж бухимдан маргацгаах зүйл гарна. Амьдрал хэвийн үргэлжилсээр олон он жилийн дараа, “бидний амьдрал нэг л болж өгөхгүй байна” эсвэл “бид яагаад салчихваа?” гэж гайхширана. Зүрх сэтгэлд нь дүүрч бүр бялхаж асан хайр нь хэзээ хаана асгарсаар, дундарч бас дуусаж орхисныг үл мэднэ. Сэтгэлдээ шаналж, энэ бүхний хариуг хаа нэгтэйгээс хайна.
Надад хандсан энэ захидлын хариуд би энэ өгүүллийг бичихээр шийдлээ. Би ч бас энэ амьдралд алдаж явсан. Мундаг ухаантан, судлаач, бас ид шидтэн биш ч өөрийн сэтгэлийн эмзэглэлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
1. Чи миний хүслийг биелүүлэгч “чандмань эрдэнэ”
-Чи минь наддаа хайртай юу?
-Хайртай байлгүй яах вэ?
-Бүх насан туршдаа юу?

-Мэдээж
-Чи минь миний хүссэн бүхнийг биелүүлнэ. Тийм ээ?
-Тэгэлгүй яахав, хайрт минь. Яагаад гэвэл чи минь энэ ертөнцийн хамгийн сайхан, хамгийн ухаалаг бүсгүй шүү дээ!

Иймэрхүү маягаар эхэлсэн халуун хайр сэтгэл олон жилийн дараа “шулам” “тэнэг” гэдэг үгээр солигдоно гэж хэн төсөөлөх билээ. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр нэг нь нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг “сохроор” даган биелүүлж, хайр сэтгэлдээ ‘үнэнчээ’ илэрхийлснээр, бүх зүйлийг зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор байлгах гэсэн “тэнэг’ үйлдлийг төлөвшүүлж орхино.
-Би ийм зүйл хүсч байна гэнэ.
– Аав ээж, ах дүүсдээ ингэж хэл гэнэ.
– Найз чинь надад таалагдахгүй байна. Чи надад хайртай юу, найздаа хайртай юу?
-Би ингэж амьдрахыг хүсч байна гэнэ.
-Би тийм зүйл авмаар байна гэнэ.

Хүний хүсэлд хязгаар байх биш. Хүн юу эсийг эс хүсэх билээ. А.С. Пушкины “Алтан загасны эмгэн” хэмээх ёгт үлгэр энэ бүхний сонгодог жишээ.
Ямар ч эсэргүүцэлгүйгээр хайртай хүнийхээ хүссэн бүхнийг дуугүй биелүүлээд байвал, эцэст нь нөгөө хүндээ ч сонирхолгүй, “тэнэг” байдалд орж, ийм сэтгэгдэл төрүүлдэг болох нь ч олонтаа. Би саяхан нэг онигоо уншсанаа санаж байна.
…Эхнэр нь гэртээ ирээд хоол хийх гэж ногоогоо арилгаж, махаа хөшиглөж байж. Нөхөр нь хажууд нь ирж, “чи наад ногоогоо зөв хэрчээч, мах чинь багадахнээ, давсаа тааруулаач” гэхчилэн үглэж гарч л дээ. Тэсвэр алдсан эхнэр нь, “чи яасан ядаргаатай юм бэ? чамтай чамгүй хоолоо хийж дөнгөнө, чи зүгээр холдоод өгөөч” гэж уурлажээ. Харин нөхөр нь инээгээд “Хоолондоо гол нь бишээ. Намайг машин жолоодож явахад хажууд зааж зааварчлаад байвал ямар байдгийг л ойлгуулах гэсэн юм’ гэсэн гэдэг. Инээдтэй ч сургамжтай онигоо. Нээрээ л машин жолоодож явахад нь хажууд нь сууж яваа эхнэр нь зааж зааварчилж, бас зэмлэж байхыг би олонтаа анзаарсан юм. Тэд нөхөртөө тэгтлээ итгэхээ больчихсон, эсвэл “тэнэг’ гэж боддог байх. Нэг нь нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг байнга биелүүлээд, үг дүүгүй зөвшөөрөөд байвал, “энэ лав тэнэг байх” гэдэг бодлыг төрүүлж, улмаар итгэл үнэмшил болгож орхидог юм биш байгаа.
Элдэв маргаан, зөрчлөөс төвөгшөөж, зөвхөн хүслийг нь биелүүлдэг “чандмань эрдэнэ” болон хувирах нь амьдралд зөрчил авч ирдэг гол шалтгаан. Ийм байдлаас л нэг нь нөгөөгийнхөө “Мөр’ болон ‘толгой’ дээр нь гарч суугаад “дарамтлагч’ болно. Үүнээс болж нөгөө нь өөртөө итгэлгүй, дотроо бухимдалтай, бас арчаагүй болж хувирахад хүрдэг. Алив асуудлаар санал нийлэхгүй бол “үгүй’ “болохгүй” гэж хэлж, маргалдаж мэтгэлцээд ч болсон ойлголцож, уг асуудлыг зөвөөр шийдэж, тохиролцоонд хүрч байх нь үүнээс сэргийлэх гол арга мөн. Хааяа ч гэсэн бие биедээ буулт өгч, асуудлыг өөр өнцгөөс харж байх нь “доошоо орж, нэр сүр тань унаж байгаа’ хэрэг огтхон ч биш. Хайр гэдэг, нэг нь нөгөөгийнхөө хүсэл сонирхлыг үг дүүгүй, хүлцэнгүй биелүүлж байдаг “чандмань эрдэнэ” огтхон ч биш, харин хамтран амьдарч буй хоёр хүний тэгш эрх бас тэгш ашиг сонирхол. Ядаж л бие биеэ хүндэтгэн, үгийг нь сонсч, тусгаж авч байх нь хэн хэнд ч тустай зүйл шүү дээ.

2. Чи зөвхөн миний “өмч”

Гадаадынхантай харьцуулбал монголчууд бид гэрлэсэн л бол бие биеэ шууд л өөрийн “өмч” гэж тооцдог өвөрмөц сэтгэхүйтэй. “Чи бол зөвхөн минийх, би бол зөвхөн чинийх” гэсэн уриан дор, “Хайртай бол хартай” гэдэг уламжлалт  сургаалыг алив харилцаанд мөрдлөг болгон ашигладаг. Чи гэр бүлтэй учраас бусад хүмүүстэй дотно харьцаж болохгүй, бусад хүмүүсийг аятайхан харж “инээмсэглэн, аальгүйтэж’ болохгүй, бусдад тааламжит сэтгэгдэл төрүүлж болохгүй гэхчилэн олон “болохгүй’-н хоригууд уг хосуудыг бусдын өмнө “эвгүй байдалд” оруулж “шоолуулах” шалтаг болдгийг нуух юун. Чи хайр сэтгэл, гэр бүлдээ “үнэнч’ байх ёстой нь үнэн хэдий ч өөр бусад сайхан хүмүүсийн талаарх сэтгэгдлээ гэм хийсэн мэт “нуун дарагдуулах” бодит шалтаг бас биш. Бие биедээ илүү нээлттэй, илүү итгэлтэй, бие биеийн бодол сонирхлыг илүү хүндэтгэн үзэж байх шаардлага бий болжээ. Хүн хэзээ ч нэг нэгнийхээ бодол санааг “өмчилж” чадахгүй бөгөөд тийм боломж ч үгүй.

Зарим тохиолдолд, бие биеэ ажлын газрынхан, найз нөхөд, хамтран ажиллагч эсрэг хүйстэнтэй утга учиргүй хардана. Хардсаны улмаас алхам тутмыг нь хянаж, цаг хугацаа бүрийг хэмжиж, хэлэх ярих бүрийг нь зааварчилж, өөрийгөө болон өрөөлийг ч зовооно. Эгээ л дээл оёж, товч бүчийг нь хадаж байгаа аятай.
Энэ бүхнээс залхахдаа хэрүүл маргаан үүсгэнэ. Хэрүүл маргаанд “ялагч” байдаггүй тоглоомын дүрмээр хэн ч асуудлыг нааштайгаар шийдэж чаддаггүй.
Та хоёр бие биейинхээ хувийн “өмч” биш. Хэн нь ч бусад олон хүмүүстэй хамтран ажиллаж, найзлаж нөхөрлөх эрхтэй. Харин бие биедээ итгэж, алив төвөгтэй асуудлыг нүүр тулан ярилцаж, ойлголцож, бас бие биеэ уучилж сурах хэрэгтэй болдог.

3. Салшгүй сайн хүндээ марташгүй муу үг бүү хэл!

“Бал сар”дуусаж, амьдралын ердийн хэмнэлд орсноос хойш, бага багаар санал зөрөлдөж, маргалдах зүйл багагүй гардаг. Аргагүй шүү дээ, хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр хүмүүжил, хоёр өөр үзэл бодлын зөрчилдөөн илэрч байгаа хэрэг. Маргалдах үедээ хэн нэг нь, нөгөөгөө давж гарах гэж, санаанд орсон бүдүүлэг үгээ харамгүй цацаж орхиод, сүүлд нь хармсдаггүйгээр барахгүй “энэ надад хайртай юм чинь уучилж л таараа’ , эсвэл “намайг юу ч гэж хэлсэн энэ гомдохгүй ээ” гэдэг бодлоор өөрийгөө тайтгаруулдаг. Дараа нь та хоёр эвлэрч, учраа ололцож, бие биеэ уучилсан ч, “зүрх зүсэж, гол гомдоон” хэлсэн муу үг нь мартагдаж өгөхгүй нэг л “цээж хөндүүрлүүлнэ”. Олон олон ийм тохиолдлын дараа, хуримтлагдсаар байсан “цээжний хөндүүр” гомдол болон тэсэрч, ямар ч ‘гунигт’, муу үр дагаварт хүргэж болзошгүй. Ийм олон гунигт тохиолдлуудын тухай бид уншиж сонссор байгаа.
“Үгээр хүнийг үхүүлж, бас аварч болдог”.
Тэгэхээр маргалдаж, муудалцаж байгаа тохиолдол бүхэндээ хэлэх үгээ бодож цэнэж байх нь хэрэгтэй. Хэрэв та хоёр бие биедээ үнэхээр хайртай, бие биегүйгээрээ байж чадахгүй гаж бодож байвал, маргалдаж муудалцах бүрдээ сэтгэл дотроо “эвлэрэх” зай заавал үлдээж байгаарай. Энэ тун чухал шүү. “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ’ гэсэн монгол хэллэгийг би лав ойлгодоггүй. Маргаан бүхэнд, үүний уршгаар хэлэгдэж буй муу үг бүхэн хүний зүрх сэтгэлийг шархлуулдаг. Энэ шархыг чин сэтгэлээсээ гуйх “уучлал’, дахин давтахгүйн “гэмшил’, итгэл үнэмшил л эдгээдэг юм даа.

Төгсгөл

Би энэ захидлыг уншиж, ийм тохиолдлуудын тухай бодож суухдаа хэн нэгэнд бурууг өгөх гэсэнгүй. Ойлголцож чадахгүйгээс болж, олон гэр бүл салж, үр хүүхдүүд “өнчирч”, үр хүүхдүүдээ бодсондоо олон гэр бүл “шүд зуун, тэсэж” бусдын өмнө сайхан гэр бүл болж харагдах гэж жүжиг тавин амьдарцгааж байгаа нь ч нууц биш. Бид ч яахав, дүүрч гэж бодоход, одоо өсч өндийж байгаа бидний үр хүүхдүүд, хойч үе маань бидний алдааг давтан, бид харсаар, харамссаар суух уу? Хэн тэдэнд энэ бүхнийг хэлж, зааж сургаж, зөвлөж ухааруулах юм бэ? Аав ээж, ах эгч, найз нөхөд, ном хэвлэл эсвэл “ид шидтэн үү”. Алив зүйлийг нууцлах тусам хүмүүсийн сонирхлыг илүү татдаг.
Энэ талаар нэн даруй хийх зүйл бол, монголын боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ЕБС-ийн 11, 12-р ангид “Гэр бүл, бэлгийн хүмүүжил’ хичээлийг оруулж судлуулах явдал юм. Энэ тухай олон жил яригдаж байгаа хэдий ч өнөөг хүртэл хэн ч зориглож хийхгүй байна. Ийм хичээлээр, “гэр бүлийн нийгэмд хүлээх үүрэг, энэ талаарх хууль эрх зуй, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн эдийн засаг. бэлгийн хүмүүжил, хүүхэд төрүүлж, өсгөх, хүмүүжүүлэх арга зүй”-н ойлголтуудыг заавал эзэмшүүлэх шаардлагатай. Дээр нь эцэг эх, ах эгч нар нь илэн далангүй ярилцаж, зөвлөн тусалж байх нь илүү үр дүнд хүрэх боломжийг олгоно.

Өнгөрсөн зуунд, залуу үейинхний хайр сэтгэлийн тухай өгүүлсэн Оросын “Валентин, Валентина хоёр” хэмээх уран сайхны кинонд хайр сэтгэлийг нь салгах гэсэн оролдлогод гомдсон бяцхан охин уйлж, “томчууд гэдэг чинь яасан муухай хүмүүс вэ? Хүнд хайртай болсны төлөө баярлаж баяр хүргэхийн оронд бүгд л үзэн ядацгаах юм” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
Хайр сэтгэл. гэр бүл, бэлгийн харилцаа гэдэгт хэн ч зааж зөвлөж сургаагүйн улмаас “бор зүрх’ “хар мэдрэмжээрээ” хөл тавьж байсан бидний үейин зарим нь, хайр гэдэг зарим хүнийг “тэнэг’ болгодог юмаа гэж гайхширч сууна.
Хайр сэтгэл хүний ертөнцийн хамгийн агуу нандин, гэгээлэг зүйл болох тухай миний бие өмнө нь “Хайр, хүндэтгэл, итгэл” өгүүлэлдээ бичсэн билээ. Надад хандсан уншигч танд талархлаа илэрхийлье.
Хайр сэтгэл хүмүүсийн амьдралд үргэлж л баяр баясгалан, хоёр биений түшиг тулгуур, харилцан бие биеэ хүндэтгэх ухаарал өгч байх болтугай.
Хайр сэтгэлийн хүчинд та хоёр бие биеэ илүү ухаалгаар хайрлаж, илүү ухаалгаар хүндэтгэж, илүү ухаалгаар итгэж, аз жаргалтай сайхан амьдрах болтугай.
Та бүхэнд аз жаргал ерөөе!
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Share Your Thoughts