Хайр- хүндэтгэл-итгэл

ГЭГЭЭН ХАЙРЫН өдөрт зориулав.

  • Хайр гэдэг агуу зүйл. Бас энхрий ялдамхан.

 Адуун сүргээс унтаж хоцорсон бяцхан унага, алсаас сүүмэлзэх манан дунд, сүүмэлзэн зэрэглээтэн айсаж ирэх шиг хайр хүний сэтгэлийн манан дунд эрхлэн нялхран бас уяраан догдлууланхан ирдэг. Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх мөрөөдлийн совинг хайр бас авч ирдэг. Хайрлан дурласан хүнд бүрхэг манантай өдөр ч, жавар тачигнасан хахир шөнө ч бүлээн дулаахан, гэрэлтэй, өнгөлөгөөр мэдрэгддэг. Хайр гэрэлтсэн нүдэнд, өвлийн цасан дороос ув улаахан сарнай цэцэг цомирлогоо дэлгэж, аагим халуун өдөр ч гоёмсог цасан ширхэг гялалзан гялтганан агаарт бүжиглэнхэн харагднам. Чамайгаа харах бүрийд сэтгэл зүрх минь баяраар  гийж, орчлон ертөнцийн бүх л зүйлс гайхамшигтай сайхан, үлгэрийн мэт санагдаж, өмнө нь хэзээ ч ажиглаж, мэдэрч байгаагүй бүхэн нүдний өмнө тодрон, бид өөрсдөө үлгэрийн үзэсгэлэнт гүнж, гайхамшигт хан хүү мэт болно. Чамайгаа, бас орчлон ертөнцийг зөвхөн би ингэж гайхамшигтайгаар мэдрэх нь агуу ХАЙРЫН ид шид буюу.
Хүндэтгэл гэдэг эрхэм зүйл
…       Олон олон гоёмсог цэцэгсийн дундаас гайхамшигт сайхан цэцгийг ялган олж харахдаа түүний нэг л эрхэмсэг төрх, төд өнгө, бас гоо үзэсгэлэнг бахдан биширнэм. Бусдаас ялган олж харж буй сэтгэл, зүрхэнд минь мэдрэгдэж буй тэр л эрхэм зүйлс миний сэтгэлд хүндэтгэл бишрэлийг төрүүлнэм. Чамайгаа би өөрийн нүдээр харж, өөрийн сэтгэлээр мэдрэх бүрдээ чамаасаа түмэн гайхамшигийг олж түүгээрээ бахархан, бишрэн хүндэтгэнэ. Өөр хэнд ч биш зөвхөн би л мэдэрч байдаг тэрхүү гайхамшигууд чинь намайг баярлуулж, хайрлах сэтгэлийг минь цаг ямагт хөглөн эгшиглүүлнэ. Гоо сайхан гэдэг зөвхөн гаднаасаа биш  дотроосоо л гэрэлтэж байдаг. Чинийхээ ухаалаг, алив зүйлд хүлээц тэвчээртэй ханддаг, бас намайг ойлгож хайрладаг, бусдын өмнө сайхан харагдуулахыг хүсдэг хүсэл чинь намайг бишрүүлж, үүний төлөө би чамайгаа бишрэн шүтэж, хайрлан хүндэтгэнэм. Тиймээ! ХҮНДЭТГЭЛ гэдэг эрхэм зүйл чи минь өөрөөсөө олон сайхан гэгээ цацруулж тэрхэн цацрагууд дор би ертөнцийн бүх л зүйлсийг өөдрөг сайханаар харна.

 

  • Итгэл гэдэг бат бөхийн бэлэгдэл.

Сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт хайр сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах болдог. Энэ тансаг, булбарайхан цэцэг минь өөр хэнийх ч биш зөвхөн минийх байлгахыг хүсэхдээ өөр хэн ч биш зөвхөн би л арчилж тордох ёстой. Бид хоёр бие биедээ цаг ямагт баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэгдэж байхын үндэс ньитгэл юм. Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд угаадас мэт бохир усаар бус, шим тэжээлт цэвэр усаар ундаалж байх лугаа адил чамайгаа өөрийн байлгахын тулд хараал зүхлийн, хар хорын үгээр бус хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх учиртай. Хорвоод зөвхөн чи минь минийх, би  чинийх байна гэдэг итгэл л бидэн хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн бэлэгдэл болном. Утга учиргүй хардлага, хар хорын сэтгэл, сайхан цэцгийг угаадсаар усалж байгаатай  ялгаа юун.  Тийм ээ! Бидэн хоёрын аз жаргалын, эх булаг дундаршгүй хайрын ундарга нь ИТГЭЛ билээ. Итгэл нь сэтгэл өөдрөг, тайван амьдралын баталгаа, бат бөх хайр сэтгэлийн бэлэгдэл билээ.   …Олон жилийн өмнө би Улаанбаатараас баруун аймагруу нойтон цас хаялсан, жихүүн үдэш явж байхдаа Архангайн Тариатын нутагт байдаг Суман голын нэгэн харзанд ганц хун шувуу өвөлжиж байхтай таарч, удтал харж зогссон юм. Хайр сэтгэлийн бэлэг тэмдэг, гоо үзэсгэлэн, эрхэмсэг төрхийн манлай, хун шувууны ганцаардал, гуниглал яагaад ч юм сэтгэлд минь нэг л гуниг төрүүлж хүн гэдэг бодгал төдийгүй хун шувуу, бусад амьтан, ургамал цэцэгс хүртэл хосоороо байхдаа ямар их гэрэл гэгээ цацруулж, баяр баясгалан мэдрүүлж байдгийг ойлгосон юм. Бид хүний ертөнцөд хайр сэтгэлийн тухай өгүүлж, магтан дуулахдаа зөвхөн “хайр”-ыг нь салган алдаршуулдаг хирнээ нөгөө 2 чухал тулгуур “хүндэтгэл”, “итгэл”-ийг нь мартаж орхидог.

Хайр-Хүндэтгэл-Итгэл энэ 3-ыг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л хайр сэтгэл, бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог юм шүү дээ. Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө нэг их хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болж орхидог. Бид 2 бие биедээ хайртай мөртлөө яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ?! эсвэл яагаад салж орхивоо?! гэж олон хосууд гайхацгаадаг. Хайртай мөртлөө бүдүүлэг үг хэлээр харааж загнаад байдаг, эсвэл бусадтай хардаад байдаг бол таны амьдрал тэгш сайхан болж чадахгүйд хүрнэ. Аргагүй шүү дээ! Ганц болоод 2 бөөрөнхий чулуун дээр тогоо тавиад цай чанаж болдоггүй, заавал 3 чулуу тулж байж гал түлж тогоо тавин цай чанадагтай адил хайр-хүндэтгэл-итгэл хэмээх гурван тулгуурын аль нэг нь дутахад амьдрал болж чаддаггүй. Тиймээ! Та хоёр бие биедээ маш их хайртай, өдөр бүр бие биедээ байгаа сайхан чанарыг олж харан баярлаж, бахархдаг, хэзээ ч бие биедээ худлаа хэлэхгүй, бас хуурахгүй гэж итгэдэг бол амьдрал чинь цаг ямагт гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ, цай чинь үргэлж буцалж, халуунаараа байж, тогоотой цай чинь aсгарахгүй болно. Тогоотой цайгаа асгахгүйн тулд хамтдаа 3 чулуугаа тулж, үргэлж тэгшилж бат бэх суурилуулж байх хэрэгтэй. Хэрэв аль нэгэн чулуу дутагдвал, та 2 хамтдаа тэр чулууг олж бий болгож байж тогоотой цайгаа асгахгүй байж чадна. Энгийн мөртлөө энэ үнэнийг л мэдэрдэггүйгээс болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирдөг. Эцэс сүүлд нь “яагаад”, “юунаас болчиховоо?” гэж бодсоор хариуг нь эс олж чадна. Зарим нь бүх насаараа л “үнэн”-ий эрэлд хатна.

Залуусаа! Бие биеэ чин сэтгэлсээсээ хайрлаж, бие биеэ шагшин магтаж, бахархаж, бие биедээ итгэгтүн! Аль нэг нь байхгүй бол хоёул тэврэлдэж суугаад ярилцаж зөвлөлдөж үүнийг бий болгогтун!  Бие биеэ хайрладаг атлаа хэрэггүй муу үгээр бүү гомдоогтун! Монголчууд 3-ын тоог бэлэгддэг. Хүний амьдралын хайр сэтгэлийн нандин гурван тулгуур, Хайр-Хүндэтгэл-Итгэл гурвыг бүү салгагтун! Гэгээн хайрын энэ өдөр хайртай хосууд та нар хамтдаа үүнийг уншаарай бас ярилцаарай! Та хоёр насан туршдаа бие биедээ хязгааргүй хайртай байж, бие биеэ хүндлэн дээдэлж, халуун итгэлийн илчинд омог бардам байг.

 

Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах

2-р сарын 12, 2008

Share Your Thoughts