ХАЛУУН ГАР

…Бид заримдаа бүдэрч унасан хэн нэгнийг татаж босгох гэж түүн рүү гараа сунгадаг. Өвдсөндөө ярвайх авч өөдөөс нь сунгасан тэр л гар руу сарвайж, эрүүл саруул итгэл төгс таталтанд нь хөл дээрээ босон тэнцэхдээ хүмүүс баярлана. Түүнд туслахыг хүссэн сайхан сэтгэлийн илчинд тэр хүний гар дулаахан бас халуун байдаг. Хүмүүс бид бие биенээ татаж босгож, хамтдаа мөр зэрэгцэн алхаж байхдаа баяр жаргалыг мэдэрнэ. Хүмүүсийн бие биедээ талархсан харц шиг сайхан нь үгүй.

АНУ-д бусдын адил ажил амьдралаа залгуулах гэж хичээж зүтгэж явсан Баяржаргалын Болд бөөрний дутагдалд орж амь нас нь “дээсэн дөрөөн дээр” л савлаж байна. 34 настай Б.Болд эхнэр Даваасүрэнгийн хамт 2006 оноос хойш АНУ-д ажиллаж амьдарч 6 настай Сатай, 2 сар хагастай Тулуй гэж хоёр сайхан хүүтэй болжээ.

Б.Болд амжиргаагаа дээшлүүлэх хүслээр бусдын адил тракны жолооч болох зорилгоор жолооны тест өгч, эмнэлгийн шинжилгээнд орохдоо “хоёр бөөр нь ажиллагаагүй шахуу буюу дөнгөж 20 % орчим л ажиллаж байгаа”-г мэдсэн гэнэ. Тэгээд 2014 оны 8 сараас эмчийн хяналтад орсон боловч 12 сараас биеийн байдал нь улам хүндэрч байнга унтаж, толгой нь үргэлж өвддөг болсон аж. Эмчийн заавраар эмчилгээгээ үргэлжлүүлж байсаар 2015 оны 12 сарын 30 ны шөнө гэнэт ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн ирж, 12 сарын 31 ний өглөөний 7 цагаас цээжээр нь гуурс дамжуулан уг гуурсыг бөөрнүүдтэй нь холбож цусыг нь шүүх хагалгаа хийлгэжээ. Түүнээс хойш өдөр болгон бөөрний аппаратад 4 цагаар орж байгаа. 8 сараас 12 сар хүртэлх 4 сарын хугацаанд 20 % хэмжээнд ажиллаж байсан бөөр нь одоо бол ажиллахгүй болжээ. Эмч нарын учирлаж байгаагаар бөөрний донор олтол 7 хоног бүр 3 удаа бөөрний аппаратад заавал орж байх ёстой гэнэ. АНУ-д бөөрний донор олох амаргүй, захиалгад бичүүлээд 6-7 жил хүлээх ч тохиолдол байдаг аж. Тэр тусмаа энэ улсын иргэн биш бол магадлал бүр ч бага. Тэд, хоёр хоногийн өмнө эмнэлгээс гэртээ гарсан. Үндсэндээ эмнэлгийн хувьд хийх ёстой зүйлээ хийсэн гэж үзэж байгаа аж.

“Би нөхрийгөө эрүүл саруул явж байгаад ийм байдалтай болсноос нь хойш шокноосоо гарч чадахгүй, яах ч учраа олохгүй байнаа. Эгч маань удахгүй ирж 2 хүүг минь Монгол руу авч явах юм. Бид ингэж донорын дугаар хүлээж удаж байснаас богино хугацаанд донор олж, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг л хүсч байна. Өндөр өртөгтэй энэ мэс заслын өртгийг бид дийлэхгүй болохоор монголчууддаа хандаж тусламж гуйж байгаа юм” гэж эхнэр Б.Даваасүрэн нь над руу холбогдож учирласан.

34 настай 2,5 сараас-6 насны 2 хүүтэй, амьдрал нь ид цэцэглэж яваа энэ залуугийн амьдралд “хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин” бараан сүүдэр болон туслаа. Ийм хүнд үед л монголчууд бид бие биендээ өөрсдийн боломжоороо халуун гараа сунган тус болбол юутай сайхан. Фейсбуук болон бусад мэдээллийн хэрэгслэлүүдээр Б.Болдын тухай мэдээлэл товч гарч, хандив цуглуулж эхэлсэн юм билээ. Хэрэв та тэдэнд туслахыг хүсвэл:

Монгол дахь Худалдаа Хөгжлийн Банкны 459002801 тоот дансанд Мягмаржав Даваа гэсэн нэрээр , АНУ-д бол Bank of America 325037904773 тоот дансанд хандив өгч, эхнэр Б. Даваасүрэнтэй нь 213 249 2004 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх боломжтой. Бас эдгээр залууст эмчилгээний талаар зуучилж, мэргэжлийн талаас нь зөвлөлгөө дэмжлэг үзүүлэх сайхан сэтгэлт хүмүүс хэрэгтэй байна. Монголчууд бид “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэж сургадаг. Таны сайхан сэтгэлээсээ илгээж байгаа нэг ширхэг пиццаны үнэ ч энэ залуугийн амь насыг аврахад дэм болно доо. САЙХАН СЭТГЭЛИЙН ДУЛААН ИЛЧ НЬ ШИНГЭСЭН ТУСЛАМЖИЙН ХАЛУУН ГАРАА Б.БОЛДОД СУНГАЦГААЯ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

bold2

bold4

bold3

bold5

Share Your Thoughts