Харах өнцөг

…Дунд сургуулийн геометр болон шугам зургийн хичээл дээр өнцгийн тухай судалдаг байв даа. Өнцгөөс үүдэлтэй гурвалжингууд нь адил хажуут болон тэгш өнцөгтэй байдаг тухай. Гурван өнцөгтэй гурвалжины талууд болон өнцгийн харьцааг элдэв байдлаар задалж, бодлого болгон хариуг нь олох гэдэг амаргүй. Хэрдээ хөөрхөн будилах авч эцсийн дүндээ гарч байгаа хариу нь адилавтар. Зарим нь мэддэг онолын гаргалгаагаараа шууд бодож байхад, зарим нь эргэлзэж будилдаг. Өөртөө итгэлгүй зарим нь бодлогоо бодож чадахгүйд хүрэхдээ бусдаас хуулж амжина.
Амьдрал дээр бидэнд учирдаг олон үйлдэл, тохиолдлуудыг хүмүүс бид өөр өөрсдийн өнцгөөс хардаг.

Өнцгөөс харна гэхээр тормойтол эргэлдэж байсан нүдээ хялайлган, сөлийж харна гэсэн үг хараахан биш л дээ. Хүмүүний сэтгэлд аливааг харж, задлан боловсруулж, дүгнэж цэгнэх үйлдэл нь өөр өөр байдаг болохоор илэрхийлж байгаа хэлбэр нь хүртэл өөр өөр байдаг. Дээр үед дарга нар хурал дээр илтгэл тавихдаа, ихэмсэг нь аргагүй хоолойгоо засч байгаад “Би энэ асуудлыг энэ өнцгөөс харахдаа…” гэхчилэн ярьдаг байж билээ. Даргын жишээ авч байгаа тэр өнцөг нь бидэнд харагдахгүй хэдий ч, асуудалд өөр өөр өнцөг байгааг мэдэж авна.
Нэгэн тохиолдол: Бидний хажуугаар сайхан бүсгүй гунхалзан алхаж, зөрж өнгөрөх үед ,
-Мөн ч сайхан бүсгүй еэ? Гоо сайхан гэдэг хэний ч харааг булааж сэтгэлийг баясгах юм даа. Энэ бүсгүй аз жаргалтай яваа байх даа.
-Сайхан бүсгүй байна шүү. Гадаад гоо үзэмж шигээ дотоод сэтгэл нь сайхан болов уу? Одоо ч тэгээд хүмүүс зөвхөн гадаад үзэмжийг л шүтэх болж дээ.
-Хэ, байж байгааг нь. Өөрийгөө юу гээд бодчихсон юм. Энэ ч мөнгөтэй хүмүүсийн зугаа болж яваа амьтан биз дээ. Харваас хамраа сөхчихсөн, олигтой амьтан биш л байна даг.
Нэгэн тохиолдол: Бидний урд алаглан ургасан цэцэгсийн гоёмсог мандлыг харахдаа,
-Ямар гайхамшигтай сайхан цэцэгс вэ? Ямар гоёор арчилж ургуулаа вэ?Ямар сайхан харагдаж байна вэ? Сэтгэл сэргэж байна шүү. Хажууд нь хэсэгхэн сууя байз.
-Хөөрхөн цэцэгсийн мандал байна шүү. Дажгүй л харагдаж байна. Манайхан ч нэг үеийг бодоход юм хийж л байгаа юм байна. Яамай даа.
-Хнн. Энд хэдэн цэцэг тарьж дээ. Манайхан болсон хойно удахгүй тасдаад зулгаагаад хаячихна биз. Шал хэрэггүй юм хийж байх юм.
Нэгэн тохиолдол: Замын хажуугаар ганхан гуйван алхахчаа аядах согтуу эрийг харахдаа,
-Хөөрхий энэ эр хэтрүүлээд уучихаж дээ. Амьдралд нь таагүй зүйл тохиолдоо юм болов уу, эсвэл сэтгэл нь тавгүй л байсан байх даа. Харьж чадах болов уу? Очиж туслахаас.
-Чааваас гэгээн өдөр уучихаж. Одоо ч тэгээд хүмүүс их л ууцгаах болж дээ. Нийгэм нь бухимдал төрүүлээд байгаа болохоор хүн болгон л бухимдах юм. Ингэж яваад эрүүлжүүлэхэд оччих вий дээ. Салгалж яваад харьчих байгаа даа.
-Энэ нэг амьтны байж байгааг. Арчаагаа алдчихсан амьтан. Ийм арчаагүй амьтсыг буудаад буудаад хаячихад яана даа. Биднийг бузарлаж гүйцлээ.
Нэгэн тохиолдол: Өөрийг нь дайрчих шахаж, дохиогоо орилуулан давхиж өнгөрөх машины араас,
-Анхааралтай явахад яадаг байнаа. Хүмүүсийг цочоочих юм. Их л яарч яваа юм шиг байна даа. Ингэж яарч яваад муу зүйл тохиолдох вий дээ.
-Яасан ч хөөрүү хүн бэ дээ. Анхаарал болгоомжгүй явж байж аваар хийх нь байна шүү дээ. Манайхан жаахан гайгүй машин унахаараа бусдад гайхуулах гээд байх болж дээ, ямар хэрэг байна.
-Өө сагсуу новш вэ? Үхсэн, луйвар хийж байж үнэтэй машин авч унаснаа юу гэж бодоод байгаа юм бэ. Үхэж далд ороосой.
Нэгэн тохиолдол: Улстөрчдийн маргааны талаар ТВ-ээр үзэж суухдаа,
-Манай улстөрчид нэг л эвээ олохгүй байна даа. Уг нь эхлээд ард олны эрх ашгаа бодож байвал болмоор юм. Монголчууд бид цөөхүүлээ болохоор, эв нэгдлээ л хичээж байвал амархан хөгжиж чадна даа.
-Энэ хэд үргэлж л маргалдаж сөргөөцөлдөж байх юм. Хэн хэнээ хэлэлтгүй, бүгд л идэж завших гэсэн улсууд. Тэгээд хүмүүсийг мангар тэнэг гэж боддог байх даа. Илэрхий худлаа яриад, ярьснаасаа огт өөр юм хийнэ, хэрэг алгаа.
-Өө энэ хэдэн хулгайчид дандаа ингэж байх юм. Наанаа ингэж цэцэрхээд цаагуураа болохоороо нийлээд л завшиж байгаа шүү дээ. Ингэж ингэж Монгол орон сөнөх байх даа.
Төгсгөлийн оронд
Хүмүүсийн бодол санааг залж залуурдаж, хорьж хориглож болдоггүй. Хүмүүсийн санаа бодол хэнд ч захирагдалгүйгээр, хязгааргүй орон зайд тэнүүчилнэ. Оюун санааны эрх чөлөө гэж энэ. Энэ бодол санаа хэрхэн илэрч байгаа нь хувь хүмүүсийн мөн чанар болон итгэл үнэмшил, суурь хүмүүжилтэй шууд холбогддог. Гэхдээ “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг хэллэгээр тухайн бие хүн л өөрийн санаа бодлоо хянаж, захирч, өөрчилж чадна.
Хэрэв та аливаа зүйлийг ямагт өөдрөг сайнаар харж мэдэрч байвал, таны дотоод ертөнц яг л нар шиг гэрэл гэгээгээр цацарч байх болно. Тэр илч гэрэл дунд амьдрал тань, дээр нь шувууд хөгжилдэн жиргэж, бэлд нь гоёмсог цэцэгс найгасан сүрлэг хэрнээ үзэсгэлэнтэй мод шиг л байдаг.
Хэрэв та аливаа зүйлийг ядаж л байгаа байдлаар нь харж мэдэрч байвал, таны сэтгэл ядаж л үүлгүй цэнхэр тэнгэр шиг мэлтийж байх болно. Тэр л тэнгэрийн уужим орчилд хааяадаа үүл хуралдаж, бороо шивэрч байвч, нарны гэрэлд солонго татах шиг сайхан байдаг.
Хэрэв та аливаа зүйлийг ямагт хар бараанаар харж мэдэрч байвал, таны дотоод ертөнц тань, нар жаргасны дараах харанхуй орчин шиг байх болно. Тэр харанхуй орчинд ямагт бухимдан цухалдаж, бусдыг үзэн ядаж, амьдрал хүртэл танд яршиг төвөгтэй, уйтгар гунигтай болдог.
Нээрээ бодох ахул, бидний сэтгэл хичнээн уйтгар гунигтай байвч энэ ертөнцөд нар манддагаараа мандаж, түмэн хэлийн жигууртэн шувууд бас амьтад өөрсдийн авиагаараа баяр бахадлаа илэрхийлж, салхи аалигүйтэн сэвэлзэж бүгдийг өдөн тохуурхаж, цэцэгс ургамал хүртэл өөрсдийн гоо үзэмжээрээ гайхуулан бүжиглэж, хамтдаа баясан цэнгэж байдаг. Энэ бүхний дэргэд уйтгар гуниг, хорсол гомдол, үзэн ядалт юу юм бэ?
Хэрвээ бид энэ бүхнийг жинхэнэ сайхнаараа мэдэрч чадах ахул, энэ ертөнцийн нэгэн нарны дор хамтдаа аж төрж байгаа бие биенээ хайрлан халамжилж, хамтдаа хүн болж хувь заяандаа баярлан талархаж, сүсэлдэг. Алив зүйлийг өөдрөг сайхан өнцгөөс харж, мэдэрч байх нь тийм ч хэцүү биш. Тэр чинь олдохгүй тэртээ холд биш, таны дотоод ертөнцөд л оршиж байгаа.
АМЬДРАЛ САЙХАН ШҮҮ ДЭЭ. ЯМАГТ ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВМААР.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2013-04-30

Share Your Thoughts