Хариуцлага

-Нөгөө хэн гуай хариүцлагатай ажилд  томилогдсон гэнэ
-Тэр мөн ч хариуцлагагүй хүн юм аа
-Ажлын хариуцлага алдаж арга хэмжээ авахуулав
Албархуу маягийн иймэрхүү яриа, мэдээллээс, хариуцлага гэдэг их л сүрхий юм байдаг тухай, аймаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг ойлголт сэтгэлд минь төсөөлөгдөж асан.
…Харин залуу насандаа хөдөөгийн сумд багшилж байхдаа, даасан ангийн минь нэг сурагч, захирлын нэрэмжит ариун цэврийн үзлэгээр бөөстэй гарсны төлөө, цалингаасаа хасуулж, арга хэмжээ авагдаж билээ. “Ажлын хариуцлага алдсаны төлөө…” гэх тодотголтой уг арга хэмжээ, миний эгдүүцлийг төрүүлсэн хэдий ч эсэргүүцэх эрх даанч үгүй. Харин дараагийн удаа цалингаасаа хасуулахгүйн тулд, тэр сурагчийнхаа бөөсийг ангийн сурагчдын хамт цэвэрлэх ажилтай болсон сон.

Гэхдээ амьдралын боломж муутай айлын тэр хүүхдийг, тэр болгон цэвэрлэх арга үгүй.
…Айлд сантехникийн засвар, угсралт хийж байгаа хүн, хайхрамжгүй эсвэл чадвар нь хүрээгүйн улмаас, ажил нь дууссаны дараа аль нэгэн газраас нь ус гоожоод байвал, гэрийн эзэд бухимдаж, бас тохь алдана. Хэдийгээр тэр хүн дахин ирж, уучлал хүсэн, засч янзалсан хэдий ч, гэрийн зэний сэтгэлд төрсөн таагүй сэтгэгдэл амар арилахгүй. Ямартай ч дараагийн удаад, тэр хүнд итгэж хандахгүйгээр барахгүй, өөр илүү хариуцлагатай үйлчлэгчид хандах болдог.
…Үйлдвэрийн дамжлагаас гарч буй бүтээгдэхүүн гологдол болж, захиалагч хэрэглэхээс татгалзах тохиолдолд, нилээд асуудал босч ирнэ. Аль дамжлага дээр, хэн алдаа гаргасныг тодруулах боловч, нэгэнт гологдол болсон бүтээгдэхүүнийг дахин хийх болдог. Олон хүний хөдөлмөр талаар болж, ажиллагсад урам хугарч, бухимдах төдийгүй, дахин материал зарцуулж, тэр нь үргүй зардал болон хувирч, үйлдвэр хохирол амсах аж. Хэдийгээр алдаа гаргасан хүн зохих хэмжээгээр хариуцлага хүлээвч, энэ бол их зүйлийн алдагдал, бас хохирол болно.
Ингээд бодохоор хариуцлага гэгч, зөвхөн дарга нaрт төдийгүй, ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрт хамаатай зүйл аж. Ямар ч ажил үйлчилгээ, бүтээл хөдөлмөр хийж буй хүний, ажилдаа хандах сэтгэл, ур чадвар, дадал туршлагын хэмжүүр нь хариуцлага юм. Харин хариуцаж буй ажлын цар хэмжээ, үйлчлэлээс хамаараад, хариуцлагын сайн муу үр дүн нь бас янз бүр байх аж. Зарим хүний хариуцлагын алдаа нь өөрт нь, заримынх нь өрөөл бусдад, нөгөө нэг  хэсгийнх нь улс орны хэмжээнд хохирол учруулдаг.

Үер
Ойрын өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болон, хөдөө орон нутагт болсон wерийн аюул, олон хүний амь насанд хүрч, нилээдгүй эд хөрөнгийн хохирол учруулж, гамшигийин байдалд хүрчээ. Одоо үерийн хохирлыг арилгахын тулд улсаас 1.6 тэр бум төгрөг зарцуулах гэнэ.
Харин энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг асуултад, ихэнхи хүний яриа нэг л ойлгомжгүй болж, байгаль дэлхий руу хуруугаараа заах янзтай. Үер ус, цас зуд, онгоц болон авто осол зэрэг олон олон гамшигийг үзэн өнгөрүүлж, эмгэнэн гашуудаж, хохирлыг арилгах гэж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахдаа, үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болон хөгжиж байна даа Монгол оронд минь.
…Дархан цаазат Богд уулнаас буусан их хэмжээний үерийн ус урсах ёстой газар нь барилга барьсан байснаас, ус нь өөр газраар сад тавьж, цэвэр бохир бүгд холилдон
урссан тухай монгол Улсын ерөнхий сайд С.Баяр мэдээлэл хийдээ дурdаж байв. Тэрээр цааш хэлэхдээ, энэ тухай тодруулан хариуцлага тооцох тухай, холбогдох газруудад нь үүрэг өгснөө мэдэгдэв.
Яг эндээс л хариуцлагын тогтолцооны гажуудал нь эхэлдэг. Мэдээж хуулиар хориглосон дархан цаазат Богд уулын дэвсгэр нутагт, жирийн иргэд барилга барихгүй. Нилээд эрх мэдэл, хээл хахуулын хэмжээнд баригдсан энэ барилгын эзэн нь, зөвшөөрөл өгсөн эрхмийн гарын үсэг бүхий баримт заавал байж л байгаа. Зүй нь энэ баримтыг гаргаад олон нийтэд үзүүлж, хууль зөрчсөнөөс үүдсэн хохирол болон бусад асуудлыг хөндөх учиртай.
Одоо үерийн хохирлыг арилгах, өөр бусад олон асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулаад, энэ бүхэн мартагнан өнгөрөхөд гайхах зүйлгүй болох нээ. Монгол Улсын ерөнхий сайдын олон нийтийн өмнө мэдэгдсэн, энэ үүргийн биелэлтийг эргэж мэдэгдэн эздийг нь нэрлэж, зохих хариуцлага тооцох учиртай. Хэрэв ийм ажиллагаа болохгүй л бол, энэ бүхэн дараагийн үер болтол, ахиад хохирол учиртал чимээгүй өнгөрнө гэсэн үг.

Энэ хариуцлага, шударга байдал мөн үү?
…Үерээс хамгаалах зориулалтын далан шуудууны аман дээр дур мэдэн гэрээ барьсан олон иргэд, айл өрх хохирчээ. Одоогийн Улаанбаатар хотын удирдлага, засгийн газрын шадар сайд нар үер болсон газар дээр, байдалтай танилцаж, хоорондоо хэрхэн маргалдаж, мэтгэлцэж байгааг, мэдээгээр харуулав. Алив ажлын зохион байгуулалт, ажил хэрэг хэрхэн явагддагаа тэд газар дээр нь мэдрүүлж байлаа. Харин энэ бүхний үндэс нь хаана байв?
“Ниргэсэн хойно нь хашгирав”  гэдэгчлэн, Улаанбаатар хотын төлөвлөлтийн бодлогыг алдагдуулж, газрын зөвшөөрлийг бизнес болгон хувиргаж, өөрсдөө баяжиж, тэр мөнгөөрөө өнөөдөр монголын улстөрийг бизнес болгон хувиргахаар зорьж яваа олон хүн бий. Нэгэн үед Улаанбаатар хотын засаг дарга, ерөнхий менежерээр гар нийлэн ажиллаж байсан, өдгөө монгол улсын шадар сайд, ХААХҮ-ын сайд хийж байгаа Энхбөлд, Бадамжунай нарын тухай олон зүйл яригддаг. Тэд хичнээн үгүйсгэлээ ч өнөөдрийн үерийн балаг, тэдний хийсэн ажлын балаг биш гэж үү? Хээл хахуулиар, эрх мэдлээр хууль зөрчин олгосон олон газрын зөвшөөрөлтэй, өнөөдөр үерийн далан дээр гэрээ барьсан иргэд барьцаж л байсан.
Хаа хаанаа хууль журмаа сахиж чаддаг сан бол, өнөөдөр ийм гамшигт хүрч, ийм их хохирол амсах байсан уу? Үерийн ус урсах газраараа урсч, урсах ёстой тэр газрыг нь стандарт шаардлагын дагуу байгуулж, хянаж хамгаалж  байх учиртай газрууд нь хийх ёстой ажлаа эзний ёсоор хийж байсан бол, өдий хэрийн хохирол амсах байсан гэж үү? Одоо үүний төлөө хэн хариуцлага хүлээх вэ?
Энэ хариуцлага, шударга байдал мөн үү?
Яг эндээс хариуцлага, шударга байдлын эхлэл харагдах учиртай. Яг үүний төлөө олон хүн Ц.Элбэгдөржийг дэмжсэн. Одоо бид сануулж, шаардах эрхтэй. Эс тэгвээс үер урсдагаараа урсаж, эд хөрөнгө үрэгддэгээрээ үрэгдэж, иргэд хохирдогоороо хохирсоор л байх болно.
Үерийн усыг зориулалтын газраар нь урсгаж, учруулж болох хохирлоос урьдчилан сэргийлэх лугаа адил, монгол оронд хариуцлагын бодит, шударга тогтолцоог бий болгож, олон олон эмх замбараагүй, дур зоргоороо авирлах байдлаас сэргийлэх цаг болжээ.

Зөвхөн үер ч биш

Сүүлийн үед, Монгол оронд хэн нэгний хариуцлагагүй байдлын улмаас, ард иргэдийг ихээхэн бухимдуулж буй олон асуудлын талаар, хэвлэл мэдээлллин хэрэгслэлээр мэдээлэгдэж байгаа зүйлийг уншиж л байна….Стандартын шаардлагын дагуу, зохих технологоор хийгдээгүйгээс байнга эвдэрч цөмөрч, үүнийг нь засах гэж нөхөж цойлдож, ёроолгүй сав руу цутгах мэт мөнгийг үрдэг, “там” болсон олон зам бий. Монголын автозамын газрын даргаар олон жил ажиллаж, олон ч тендерийг хэрэгжүүлж байсан Буд гэдэг хүн, өдгөө УЙХ-д сонгогдож, олон сайхан хурдан морьдоор гайхуулж буй. Өдгөө эвдэрч байнга засагдаж байдаг олон зам, түүний үед баригдсаныг хэн бүхэн мэдэж байгаа.
Хариуцсан ажил нь хичнээн муу байх тусам, хариуцсан эзэд нь улам баяжиж, бас дэвшдэг гаж тогтолцоо Монголоос өөр хаана байдаг бол?
Авто зам барих технологийн горимыг зөрчиж, хучилтын зузаанаас 1 см багасгах төдийд, ямар их мөнгө тэдний халаасанд орж, тэднийг баяжуулж, улс орон хичнээн их хохирч, иргэд хичнээн их бухимдаж, зутардагийг замын тендер нэрээр баяжигсад мэдэхийн дээдээр мэдэж л байгаа. Харин үүний төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй  атлаа, энэ балгийг дарах гэж жил бүр улсын төсвөөс хэдэн тэрбүмаар нь зарцуулах… бид ямар ч баян билээ? Энэ бүхний ард эзэд нь нэр устайгаа байж л байгаа.

..Улаанбаатар хотод завсар зайгүй чигжиж барьсан олон барилгууд байгаа. Орон сууцны цогцолбор бүү хэл, хүүхэд хөгшид нарлах, тоглох ч талбайгүй энэ барилгууд одоо “зэсээ” цухуйлгаж байгаа гэнэ. “Мөнгө цагаан, нүд улаан” гэгчээр, амар хурдан баяжихын төлөө хямд чанаргүй материалаар барьж, гадна талыг нь гоёмсгоор өнгөлсөн барилгууд өдгөө айдас болгоомжлол дагуулж буй.
Байнга дусаал гоожиж, хананд нь цууралт үүсч, айдас төрүүлж байгаа “Гангар инвест” – ийн барилгыг бариулсан захиалагч, барьсан гүйцэтгэгч, ашиглалтад хүлээж авсан комиссын бүх хүний нэр нь бичиг баримтуудад нь байж л байгаа. Гэтэл эднийг нэрлээд, үндсэн баримт материалыг олон нийтэд дэлгэж, тэдэнд хариуцлага тооцох газар үгүй, оршин суугч хүмүүсийн зовлонгийн “хохь” болж болно гэж үү? Гадаадад бас монголдоо хүч хөдөлмөрөө зарцуулан байж олж цуглуулсан, олон хүний хөдөлмөрийн хөлсний  үр дүн нь ийм байж таарах уу?
Чанар муутай, хэврэг барилга нь нурж, саяын үерээс ч илүү гамшиг болохыг хүлээгээд байна гэж арай баймгүй. Энэ бүхний ард хариуцсан эзэд нь байж л байгаа.
…Өдгөө Монгол оронд минь, нэгэн цагт мяралзан жирэлзэж асан олон гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэж үүний уршгаар байгаль орчин өнгө үзэмжээ алдан, ” зэвэрч”  буй гэнэ.  Алт баялаг арвйнаар олдож, амар хялбраар баяжиж байвал, авдар сав нь ч яамай гэх ядмагхан сэтгэлгээгээр хандсаны балаг нь энэ.
Хохирсон байгалын буруу биш, хохироосон эзэд нь байсаар атал, харйуцлага тооцон, нийтэд мэдээлсэн нэг ч тохиолдол үгүй. Алтыг нь аваад, авдрыг нь хэмхлээд одсон тэр эрхмүүдийн араас, нутгаа гэсэн харамслын сэтгэлтэй хэдэн хүн, нөхөн сэргээлт хийлгэх үүрэгтэй хэдэн байцаагчаас өөр хөөцөлдөх хүн даан ч үгүй. Өв хөрөнгөөрөө гайхуулж, үнэтэй машин хөлөглөж, өрөөл бусад руу нулимах шахсан тэдэнд хариуцлага тооцох эзэн нь хэн юм бол?
Өдгөө , ширгээж орхисон гол ус, сүйтгээд орхисон байгаль, сэглээд орхисон газар нутгийн эзэд нь, зөвшөөрөл өгсөн кадастарын албаны бичиг баримтад байж л байгаа.

Хариуцлага гэдэг:
Ямар ч ажил үйлчилгээ, түүний чанартай сайн гүйцэтгэл, зөв сайн шийдвэр, бусдад өгөх сэтгэл ханамжийн баталгаа нь хариуцлага юм. Энэ нь тухайн хүнээс өөрийн ажил хэрэгтээ хандах хандлага, хэрэглэгч үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж байх үзүүлэлт юм.

-Хийгдэж буй ажил бүхэн, гаргаж буй шийдвэр бүхэн “буух эзэн, буцах мөртэй”. Оргүй хоосноос бий болсон, огт эзэнгүй зүйл гэж үгүй.  Харин муу хийгдсэн ажил, чанаргүй бүтээгдэхүүн, буруу шийдвэрийн төлөө, ард иргэд, улс нийгэмд учирсан хохирол бүрийн төлөө, үүнийг хийсэн эзэд нь хариуцлага хүлээж байх учиртай.
Энэ тогтолцоо, үндсэн зарчим нь алдагдаад байгаа учраас л, өнөөдөр монгол оронд төр засаг нь ч, ард иргэд нь ч дур зоргоороо, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа нь үнэн. Тийм болоод дархан цаазтай Богд уулын аманд мөнгөтэй нэг нь хууль зөрчин барилга барьж, гэр хорооллын үерийн далангийн аманд мөнгөгүй нэг нь журам зөрчин гэрээ бариад байгаа хэрэг шүү дээ.
Энэ бүхний эзэд нь тодорхой байж, тэдэнд хариуцлага тооцон, олон нийтэд мэдээлж, барьсан барилгыг нь нурааж, айлыг нь нүүлгэж өөр газар буулгах нь төр засгийн хийх ажил. Энэчлэн олон олон дур зоргоороо, эрх мэдлээрээ, авилгал хээл хахуулиар хууль журам зөрчсөн бүхнийг шийдэж эхлэх цаг болжээ.
-Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи он жилүүдэд Монгол орны өмч хөрөнгийг хувьдаа завшиж, баялгийг нь хулгайлан завшиж баяжиж байгаа олон хүн, олны нүдэнд ил харагдсаар атал, хариуцлага тооцсон ганц тохиолдол үгүй. Саяхан Монгол улсын шинэ ерөнхийлэгч санаачилж, УЙХ-аар баталсан “Өршөөлийн хууль” д хамрагдагсадын тухайд, авилгал, албан тушаалын гэмт хэргээр зүйлчлэгдэн яллагдсан нэг ч хүн байхгүй байлаа хэмээн Ц.Элбэгдөрж гайхангүй мэдэгдэв.
Манай төр засаг, хариуцлагын асуудалдаа хэрхэн хандаж ирсэний бодит жишээ энэ.
Энэ боломжийг ашиглан, эрх мэдэл, хээл хахууль, хууль зөрчсөн олон үйлдлээрээ баяжиж, баяжиж олсон тэр мөнгөөрөө монголын улс төрийг бизнес болгон хувиргаж, “тасартлаа баяжих”  хүсэлтэн олон бий. Авилгалтай тэмцэх газар байгуулж, олон ч хүнээр “оролдож”,  оролдсон хэрээрээ цагаатгаж, “өөх ч биш булчирхай ч биш”  болгож байгааг хариуцлага гэх үү? “Хэрэг хуучирдаггүй” гэдэг шиг, хэзээ нэгэн цагт эдэнтэй хариуцлага тооцох, шударга үе ирэхийг олон хүн хүлээж буй.
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад, тэдгээрийн удирдагчид ямар ч тохиолдолд хийсэн ажил, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг жишиг буй. Олны итгэлийг алдаж, хувийн өчүүхэн ашгаа эрхэмд үзэн, улс орон, олон нийтэд хохирол учруулсан үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээж, хатуу шийтгүүлэн, зарим тохиолдолд дахиад хэзээ ч улстөрд орох боломжгүй болдог тухай бид уншиж, үзэж байсан. Албан тушаал эрх мэдлээ ашиглан, их хэмжээний хахууль авсан нь нотлогдсоны төлөө хэдхэн сарын өмнө БНСУ-ын ерөнхийлэгч асан амиа хорлосон нь үүний нэгэн жишээ. Амиа хорлохдоо ард иргэдээсээ уучлал хүссэн нь,  ядахдаа л
хүн чанарынх нь илрэл.
Бид ядуу байж болноо. Ядаж л хүн чанартай байх хэрэгтэй шүү дээ. Хөгжих гэж байгаа Монгол орны шийдвэр гаргах эрх мэдэлтэй улстөрчид, эрхэм нөхдөөс үүнийг л хүсээд байгаа юм шүү дээ.

Төгсгөл
Хариуцлага гэдэг өчүүхэн жижгээс авахуулаад асар том хүрээнд ч яригдаж, хэрэгждэг. Хувь хүний хариуцлагагүй байдал, тухайн хувь хүн, түүний ажиллаж амьдарч буй хүрээнд л муугаар нөлөөлдөг. Харин улс орны хэмжээний хариуцлага гэгч, монгол хүн бүхэнд хамаатай байж, бидний амьдралын өнөөгийн хэмнэл, маргаашийн сайханд итгэх итгэлд хүртэл нөлөөлдөг.
Яг энэ бодол хүслээр Ц.Элбэгдөржийг дэмжиж олон хүн түүнд саналаа өгсөн. Монгол оронд шударга ёсыг тогтоож, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх амлалт нь олон хүний, түүнийг дэмжих шалтгаан болсон гэдэгт би итгэж байна. Шударга ёс, хариуцлага гэдэг үгс үргэлж хамтдаа хэлэгддэг.
Харин одоо буруутай хүн бүрийг барьж авч, “шоронд хатааж, шонд дүүжлэх”  нь гол бус, хийсэн сайн муу үйл бүхнийхээ төлөө, хуулийн дагуу хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгож , хэвшүүлэх нь хамгаас чухал байна даа. Тэгж гэмээ нь Монголын улстөрийг авилгалч, амин хувиа хичээгч, хариуцлагагүй эрхмүүдээс цэвэрлэж, шударга ёсыг тогтоох зөв эхлэл бий болох болно.
Их үер буусан ч зөвхөн гольдирлоороо урсаж, хичнээн омголон догшноор цалгилавч, айл гэрийг урсгаж, ард иргэдийг чилээдээггүй болох болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-07-30

Share Your Thoughts