Хариуцлагатай уул уурхай

…АНУ-ын Аризона мужийн Тусон (Tucson) хот дахь SGS Metcon / KD Engineering хэмээх уул уурхайн компанид ахлах инженерээр ажилладаг Г.Нацагдорж бид хоёр уулзаж ярилцахаар тохиролцоод багагүй хугацаа өнгөрөөсний эцэст тэдний хотод очиж гэрт нь зочлох боломж тохиолоо. Дэлхийн уул уурхайн салбарт нөлөө бүхий Австрали, Америк улсуудад мэргэжлээрээ ажиллаж байгаа түүнтэй өөрийнх нь тухай, уул уурхайн мэргэжлийн тухай, Монголын уул уурхайн өнөөгийн нөхцөл байдлын талаар багагүй зүйл ярилцсанаа ийнхүү сийрүүлэв. Г.Нацагдорж нь АНУ-ын Аризона мужийн уул уурхайн зөвлөх инженер бөгөөд АНУ, Австралийн их дээд сургуулиудад уул уурхайн мэргэжлээр суралцаж төгссөн анхдагчдын нэг юм.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

2011–Одоо Алхлах металлургич инженер, Tucson, AZ. USA
2010–2011 Graduate research fellow, Murdoch University, Perth, Australia
2009–2011 Graduate Diploma, Murdoch University, Perth, WA. Australia
2006–2008 Магистр, ШУТИС, Улаанбаатар, Монгол Улс
2001–2008 Металлургич инженер, Эрдэнэт Үйлдвэр
1997–2001 Bachelor of Science, Colorado School of Mines, Golden, CO. USA
1996–1997 Interlink English Language School, Golden, CO. USA
1993–1996 Дипломын инженер, Техникийн их сургууль, Улаанбаатар, Монгол Улс
1983–1993 10 жилийн сургууль

Хоёр. УУЛ УУРХАЙТАЙ ХОЛБОГДСОН ЗАМ

-Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсч өндийв?
-Г.Нацагдорж: Би Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа хотод төрж өссөн. Бага нас минь бусдын нэгэн адил эгэл жирийн, санаа зовох зүйлгүй, их л хоромхон хугацаанд болоод өнгөрсөн мэт санагддаг. Аав минь УБ Төмөр Замын модны үйлдвэрт жолооч, ээж минь дунд сургуульд ажилладаг байв. Би айлын том хүү, нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Айлын том хүү болоод ч тэр үү аав минь намайг тээвэрт их авч явна. Ер нь бага насны минь ихэнх хэсэг аавтай хамт тээврийн машины кабинд өнгөрсөн байх. Намайг 10 настай байхад аав минь бурханы оронд заларч, амьдралын өөр нэгэн хуудас эхэлсэн дээ. 1988 онд буюу 6-р ангиа төгсдөг зун гэр бүлээрээ Зүүн Хараагаас Булган аймгийн Өлзийт хороо руу нүүж тэндээ 2 жил сурч, амьдарсан. Төрөл саднууд маань Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг байсан болохоор ээжид минь тус дэм болж намайг төв газар бараадуулсан нь тэр. Тэгээд 8-р ангид ордог жилээ Эрдэнэт хотод шилжиж ирэв. Эрдэнэт хотын 5-р 10 жилийн сургуулийг 1993 онд суралцаж төгссөн.

-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв?
-Г.Нацагдорж: Одоо эргээд харахад бидний үеийнхэн нийгмийн шилжилтийн хамгийн хүнд үед, ирээдүйд ямар мэргэжилтэй, ямар хүн болох вэ гэдэг сонголтоо хийж байж гэж санагддаг. 1993 онд их дээд сургуулиуд төлбөртэй болж эхэлж байсан үе. Тэр үед их дээд сургуульд элсэж байгаа оюутнууд төрийн сангийн зээл, байгууллагын зардал, хувийн зардал гэсэн гурван хувилбараар сургалтын төлбрөө хийх сонголттой байсан юм. Тэр жил тухайн үеийн нэрээр Техникийн Их Сургуульд Эрдэнэт Үйлдвэрийн захиалгаар уул уурхайн баяжуулалтын инженер, мэргэжилтэн бэлтгэхээр болж оюутан элсүүлж таарч. Тэгээд л уул уурхайн талаар юу ч мэдэхгүй хэрнээ “Сургуулиа төгсөөд ГОК-д ирэх юм байна” гэсэн ойлголттойгоор энэ мэргэжлийг сонгосон доо. Энэ мэргэжлийг сонгоход бас нэг нөлөөлсөн зүйл бол сургалтын төлбөрийг Эрдэнэт Үйлдвэрээс төлөх явдал байв. Энэ бүгд нийлээд аз завшаан ч байсан уу, төөрөг тавилан ч байсан уу “Уул уурхайн баяжуулагч” гэдэг сайхан мэргэжлийг сонгосон.

-Г.Галбадрах: Тэр үед Монголд хөгжиж эхэлж байсан уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэх төрийн бодлого байжээ. Гэхдээ бас тийм мэргэжилтнүүдийг “гадагшаа” сургах чиглэл ч барьж байсан байх шүү?
-Г.Нацагдорж: Тийм, төрийн бодлого гэхээсээ илүү Эрдэнэт Үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд ирээдүйд уул уурхайн боловсруулалт, баяжуулалтын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага бий болохыг харсан байх. Тиймдээ ч ТИС-д баяжуулалтын мэргэжлээр шинэ элсэлт авч сургаж байгаад дараа нь гадаадын их дээд сургуульд нарийн мэргэжлээр суралцуулах төлөвлөгөөтэй байсан шиг байгаа юм. Манай анги 3-р курс төгсөхөд Эрдэнэтээс суралцаж байсан оюутнуудаас гурван оюутныг АНУ, дөрвөн оюутныг ОХУ-ын уул уурхайн сургуульд үйлдвэрийн санхүүжилтээр явуулж суралцуулахаар болж АНУ явж суралцах гурван оюутны нэг нь болох сайхан завшаан тохиосон юм. Бид гурав 1996 онд АНУ-ын Колорадо мужийн Уул Уурхайн Сургуульд ирж нэг жил хэлний бэлтгэлд суралцаад үргэлжлүүлэн 2001 он хүртэл үндсэн мэргэжлээрээ суралцаж төгссөн. Бидэнтэй хамт Колорадогийн уул уурхайн сургуульд мөн хоёр монгол залуу Эрдэнэт Үйлдвэрийн санхүүжилтээр суралцдаг байлаа. Би шинэ мянганы эхэнд АНУ-ын уул уурхайн сургуулийг дөрвөн жил суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн анхдагчидын нэг гэдгээрээ бахархдаг.

-Г.Галбадрах: Чиний эзэмшсэн мэргэжил тань юу юм бэ?
-Г.Нацагдорж: Эзэмшсэн мэргэжил бол эрдэс боловсруулалт, эрдэс баяжуулалт. Тэр дотроо би гидрометаллургийн аргаар өнгөт болон үнэт металлыг хүдэр, баяжмалаас хэрхэн уусгах, ялган авах чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

-Г.Галбадрах: Сургуулиа төгсөөд?
-Г.Нацагдорж: Нэгэнт Эрдэнэт Үйлдвэрийн зардлаар суралцсан болохоор төгсөөд шууд л Эрдэнэтдээ очсон. 2001–2008 онуудад Эрдэнэт Үйлдвэрийн хөгжлийн хэлтэст нийт долоон жил гаруй хугацаанд сайхан хамт олонтой ажилласан. Их сургуулийн хэдэн жилээс илүүтэй ажил, амьдрал дээр энэ хамт олноос суралцсан болгон минь мэргэжил болж надад шингэсэн байхаа.

Гурав. ЭРДЭНЭТ МИНИЙ АЖЛЫН ГАРАА

-Г.Галбадрах: Тийм шүү, сургуулиа төгсөөд ажил, амьдрал дээрээс мэдлэгээ бэхжүүлэх нь сайн мэргэжилтэн болох эхлэл гэдэгтэй санал нийлж байна. Харин ямар чиглэлээр ажлаа эхэлж байсан юм бол?
-Г.Нацагдорж: 2001 онд сургуулиа төгсөөд Эрдэнэт Үйлдвэрт металлургич инженер гэдэг албанд ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед Эрдэнэт Үйлдвэр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийн шинэчилэл, бүтээгдэхүүний гүн боловсруулалт, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан “Хөгжлийн Хэлтэс” гэж шинэ хэлтэс байгуулаад удаагүй байсан юм. Тус хэлтэст орж үйлдвэрийн үндсэн цех хэлтсүүдээс цуглаж бүрдсэн шилдэг инженерүүдтэй хамт ажиллах завшаан олдсон. Манай хэлтсийн захирлаар Ш.Батсайхан гэж ОХУ-ын Уралын Политехникийн Дээд Сургуульд металлургийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эрдэс боловсруулалт, металлургийн маш өндөр мэдлэг, туршлагатай хүн ажиллаж байсан. “Хөгжлийн хэлтэс” 2002 оноос эхлэн баяжуулах үйлдвэрийн гаргадаг зэсийн баяжмал, баяжуулах үйлдвэрийн шаардлагад тэнцдэггүй бага агуулгатай балансын бус болон исэлдсэн хүдрийг хамтад нь боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэх үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн туршилт судалгааны ажлыг маш эрчимтэй хийж эхэллээ. Энэ төслийн технологийн сонголт, туршилтын ажил дээр л голлон ажилладаг байсан.

-Г.Галбадрах: Эрдэнэтийн зэсийн хүдрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оролдлого, санаачлага гаргаж байсан хэрэг үү?
-Г.Нацагдорж: Ер нь манай Эрдэнэт Үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, инженерүүд зэсийн баяжмалаа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах санаачлагыг 1978 онд үйлдвэр ажиллаж эхэлсэн цагаас эхлээд л гаргасаар ирсэн. Зэсийн баяжмал боловсруулж цэвэр зэс үйлдвэрлэхэд “хайлах”, “уусгах” гэсэн үндсэн хоёр аргйг хэрэглэдэг. Хайлах технологийг хэрэгжүүлэхээр нэг бус удаа удаа туршилт судалгаа хийж, төсөл боловсруулсан боловч төслийн хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрээс гарах хэт их хэмжээний хүхрийн хүчлийн үйлдвэрлэлээс болоод хэрэгждэггүй байж. Харин хүдэр, баяжмалаас зэсийг уусган ялгаж авах технологиуд 80–90-ээд онд дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж, үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн байдаг. Уусгах аргаар цэвэр зэс гаргадаг үйлдвэр бол бидний сайн мэдэх “Эрдмин” үйлдвэр байгаа шүү дээ. Энэ бол уусгах технологи хэрхэн найдвартай ажилладгийн хамгийн тод жишээ.

-Г.Галбадрах: Сонирхолтой юм байна, уусгах аргын тухай арай дэлгэрүүлэхгүй юу?
-Г.Нацагдорж: Усан уусмалаар баяжуулах буюу гидрометаллургийн арга нь хүдэр, баяжмал дотор байгаа зэсийн эрдсийг хүчлийн шингэрүүлсэн уусмалаар уусгаж зэсийг нь усан орчинд шилжүүлэн түүнийгээ цэвэршүүлж, цахилгаан химийн аргаар катодын цэвэр зэс гарган авах технологи юм. Уусгах технологийн давуу тал нь зэсийн баяжмал, баяжуулах технологид тохирдоггүй хаягдаж үлддэг хүдрээ боловсруулахын зэрэгцээ, нөгөө асуудал болоод байдаг их хэмжээний хүхрийн хүчлийг гаргахгүйн дээр хямд өртөг зардлаар үйлдвэр байгуулах боломжтойгоороо онцлогтой. Энэ чинь л бидний нөгөө яриад байдаг байгалийн баялагаа хаягдалгүй, иж бүрнээр нь ашиглая гэдэг байхгүй юу. Мэдээж энэ бүгдийг сайн судалгаа, туршилт, тооцоо хийсний эцэст хэрэгжүүлнэ л дээ.

-Г.Галбадрах: Энэ төсөл дээр ямар баг ажиллаж байсан юм бол?
-Г.Нацагдорж: Энэ хосолсон төслийг Эрдэнэт Үйлдвэрийн захиалгаар АНУ-ын METCON Research / KD Engineering, Австралийн Bateman Engineering зэрэг компаниудаас туршлагатай инженерүүдийг нь ээлжлэн урьж авчирч удирдуулдаг байсан. Монгол талаасаа “Хөгжлийн хэлтэс”-т шинээр орсон бидний хэдэн залуучууд үндсэн ажлуудад нь оролцож, гардан хийдэг байлаа. Энэ нь бидэнд маш их туршлага болсон. Туршлагаар ч зогсохгүй Эрдэнэт Үйлдвэр дээр маш сайхан металлургийн лабораторитой болж, дээр дооргүй л гидрометаллурги буюу уусгах технологийн талаар төсөөлөл, зөв ойлголттой болцгоосон.

-Г.Галбадрах: Тэгээд энэ төсөл хэрэгжсэн үү?
-Г.Нацагдорж: Судалгаа, туршилтын ажлууд 2002–2005 оны хооронд хэд хэдэн үе шаттайгаар баяжмалаас цэвэр зэс гаргах, хүдрээс цэвэр зэс гаргах чиглэлээр хийгдэж, төслийн бичиг баримт болоод аргачлалын хувьд бэлэн болсон байсан ч дэмжигдэж хэрэгжээгүй.

-Г.Галбадрах: Харамсалтай. Гэхдээ тэгж боловсрогдож бэлэн болсон тэр төслийг одоо анхаарч хэрэгжүүлж болох уу?
-Г.Нацагдорж: Мэдээж тэр үеэс хойш техник, тоног төхөөрөмж, материалын үнэ өртөг зэрэг нь өөрчлөгдсөн болохоор энэ бүгдийг шинэчилж тооцоод, урд хийгдсэн туршилтын үр дүнгийн тайланг ашиглахад болохгүй юм байхгүй. Тэр үед хийгдсэн туршилт судалгаануудыг маш их өртөг зардал гаргаж нэлээд өргөн хүрээг хамруулан олон цэгээс дээж авч хийсэн болохоор туршилтын үр дүнгийн тайлан ерөнхийдөө манай Эрдэнэтийн Овооны орд газар уусгалтын технологид хэр тохиромжтой, хэдий хэмжээний металл авах боломжтой эсэхийг тодорхой гаргасан байгаа.

-Г.Галбадрах: Нэгэнт төсөл тань зогссон болохоор өөр сонголт хийх хэрэгтэй болсон байх?
-Г.Нацагдорж: Ер нь хүн чинь цаг ямагт өмнөө зорилго тавьж, өөрийгөө хөгжүүлж боловсруулж байх хэрэгтэй. Төслийн ажил дээр биднийг удирдан ажиллаж байсан гадаадын инженерүүдийг хараад тэдний мэддэгийг мэдэж, түүнээс ч илүүг сурах хүсэл төрсөн дөө. Тэр хүсэлдээ хөтлөгдөн АНУ, Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнууд руу явж үргэлжлүүлэн суралцъя гэж шийдээд, судалж хөөцөлдсний эцэст 2009 оны эхээр Австрали орон руу гэр бүлээрээ явах боломж гарч явцгаасан. Австралид очиж гидрометаллургийн чиглэлээр Murdoch Их Сургуульд суралцахын зэрэгцээ сургуульдаа судалгааны ажил хийж 2 жил шахам ажиллав.

-Г.Галбадрах: Австралид гэр бүлээрээ явсан гэлээ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Г.Нацагдорж: Миний эхнэрийг Пүрвээгийн Буянжаргал гэдэг. Бид нэг сургуульд суралцаж төгссөн, ижил мэргэжилтэй. Оюутан болсон цагаасаа хойш л бие биенээсээ холдолгүй хамт байгаа. Манай хүн чинь бас банк санхүүгийн мэргэжилтэй. Банкныхаа мэргэжлээр л голлон ажилладаг. Энэ олон жил гадна дотно амьдрахад эхнэр минь ар гэрийн албаны ихэнх хүндийг үүрч, сайн зөвлөх, найдвартай туслах минь байсан учраас миний өдий зэрэгтэй яваагийн гол учиг юм.

-Г.Галбадрах: Америк руу ирэх болсон шалтгаан тань?
-Г.Нацагдорж: 2011 онд METCON / KD Engineering команиас ажиллах санал авснаар АНУ-д ирсэн. Би чинь өөрөө үйлдвэрлэл, инженерийн чиглэлийн хүн болохоор Их сургууль, Институтэд удах нь надад зохимжгүй л дээ, нэг талаасаа. Нөгөө талаасаа Их сургуульд ажиллана гэдэг чинь PhD зэрэг авч профессор болох эсвэл өндөр хэмжээнд бэлтгэгдэн судалгааны ажлаар дагнан ажиллах явдал юм. Гэтэл миний хүсэл сонирхол чинь үйлдвэрлэл, инженерийн чиглэл байхгүй юу. Тэгээд л саналыг шууд хүлээн авч ирсэн. Ирээд энэ компанидаа бараг дөрвөн жил ажиллаж байна.

Дөрөв. УУЛ УУРХАЙН ЛАБОРАТОРИ

-Г.Галбадрах: Америкт ирээд ажилдаа хэр гаршин ажиллаж байна?
-Г.Нацагдорж: Өмнө нь 2003–2005 онд энэ компанийн инженерүүдийн удирдлаганд ажиллаж, бие биенээ сайн таньж мэддэг байсан болохоор ирээд хамт ажиллахад их дөхөмтэй байлаа. Ажлын хувьд бол өөрийн мэргэжил болохоор их сонирхолтой байдаг. Хамгийн гол нь барууны стандартаар уул уурхайн технологийн төсөл тооцоо, металлургийн туршилт судалгаа хэрхэн хийгдэж, ямар үе шаттай явагддаг болохыг дунд нь орж ажлаад тэндээс суралцахад их сайхан байна.

-Г.Галбадрах: Ажилладаг компанийн чинь хувьд?
-Г.Нацагдорж: 1982 онд Mr. Joseph Keane нарын 3 найз хамтарч KD Engineering гэж компаныг байгуулж өнгөт болон үнэт металлын уусгалт, баяжуулалтын туршилт судалгаа, инженеринг, зураг төслийн үйл ажиллагаа явуулж эхэлж байж. Энэ чиглэлээр 30 гаруй жил ажилласны эцэст 2013 онд METCON Research / KD Engineering компанийг дэлхийн аварга том компаниудын нэг SGS компани худалдаж авсан. Тус компани нь дэлхий даяар нийт 1,650 орчим салбартай, 80 мянга гаруй ажилчинтай судалгаа, шинжилгээ, стантартчилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын компани юм.

-Г.Галбадрах: Лабораторийнхаа үйл ажиллагааны чиглэлийг товч тайлбарлаж болох уу?
-Г.Нацагдорж: Манай компанийн металлургийн лаборатори, инженерингийн департмент нь үнэт болон өнгөт металлын хүдрийг баяжуулах, тэдгээрийн хүдэр болон баяжмалыг уусган эцсийн цэвэр метал бүтээгдэхүүн гаргаж авах технологийн схем зохиох, техникийн шийдэл дезайныг боловсруулах, горим тохируулах чиглэлээр баяжуулалт, гидрометаллургийн төрөл бүрийн туршилт судалгаа хийхээс гадна үйлдвэрийн инженерийн тооцоо, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг NI 43–101 стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайн үйлдвэрийн төслийг туршилтаас нь эхлээд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл хүртлэх бүх шатны ажлыг хийдэг гэсэн үг.

Тав. УУЛ УУРХАЙН “ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР”

…Тэрээр саяхан АНУ-ын “уул уурхайн зөвлөх инженер”-ийн эрхээ авсан бөгөөд миний анзаарч байгаагаар АНУ-д ажиллаж байгаа монголчуудын хувьд анхных байх. Ямартай ч монгол залуу АНУ-ын “уул уурхайн зөвлөх инженер” болж байгаа нь дэлхийн уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдэж байгаагийн баталгаа хэмээн би бэлэгшээж байна. Уул уурхайн салбар ирээдүйтэй хөгжиж эхэлж байгаа Монгол орны хувьд энэ бол бас нэгэн боломж юм.

-Г.Галбадрах: АНУ-д уул уурхайн зөвлөх инженер болоход ямар шаардлага, шалгуур тавьдаг юм бэ?
-Г.Нацагдорж: Зөвлөх инженерийн эрх авахад дараах үндсэн дөрвөн шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:

ABET буюу инженер, технологийн итгэмжлэлийн зөвлөлөөс итгэмжилсэн их дээд сургуулиудад суралцаж төгссөн байх.
NCEES буюу инженерийн болон хэмжил зүйн шалгаруулалтын үндэсний зөвлөлөөс зохион байгуулдаг инженерийн үндсэн суурь шинжлэх ухааны (Fundamentals of Engineering) шалгалтанд тэнцсэн байх.
4–5 жил мэргэжлээрээ ажилласан, ажлын туршлагатай байх.
NCEES-ээс зохион байгуулдаг зөвлөх инженерийн (Professional Engineer) салбар мэргэжлийн шалгалтанд тэнцсэн байх.

Энэ шаардлагуудыг биелүүлж байж тухайн үйл ажиллагаа явуулж байгаа муждаа бүртгэгдэж зөвлөх инженерийн эрх авах боломжтой. Нэг мужаас эрхээ авсан тохиолдолд АНУ-ын бусад мужийн инженерийн зөвлөлд бүртгүүлээд шилжүүлэх эсвэл давхар бүртгүүлээд байх боломжтой.

-Г.Галбадрах: “Уул уурхайн зөвлөх инженер” болсны сайн тал нь юу вэ, хувь хүн талаасаа?
-Г.Нацагдорж: Энгийнээр хэлэхэд албан ёсоор “инженер” гэж нэрлэгдэх эрхтэй болох юм. Өмнө хэлсэн шаардлагуудыг бүрдүүлж мужийн техникийн зөвлөлд бүртгүүлснээр тухайн мужид зөвлөх инженерийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл өөрийн мэргэжлийн чиглэлээр хийгдэж байгаа инженерийн ажлын төлөвлөгөө, тайлан, ажлын гүйцэтгэлийг орон нутгийн засаг захиргаа, гүйцэтгэгч байгууллагын өмнөөс олон нийт, оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг батлан даах үүрэг хариуцлага хүлээж байгаа явдал юм. Зөвлөх инженерийн эрх авснаар мэргэжлийн зөвлөлгөө өгч, туслалцаа үзүүлэх, металлургийн лаборатори байгуулж бие даасан үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаагаараа давуу талтай. Хэдий мэргэжлийн чиглэлээрээ бие даан үйл ажиллагаа явуулах өргөн боломж бүрдэж байгаа ч түүнтэй зэрэгцээд өндөр үүрэг хариуцлага давхар оногдож байгаа юм.

-Г.Галбадрах: Харин улс орны хувьд?
-Г.Нацагдорж: Мэдээж олон жилийн туршлага хуримтлуулсан, зөвлөх инженерийн үндсэн шалгууруудыг давж эрхээ авсан мэргэжлийн хүмүүсээр ямар нэгэн ажлыг хянуулж, баталгаажуулж байж хэрэгжүүлэх нь алдаа мадаггүй биш юм аа гэхэд ядаж эрсдэл багатай байна. Улс орон, орон нутгийн засаг захиргааны үндсэн үүрэг нь ард түмний эрүүл ахуй, тав тух, байгаль орчны бүрэн бүтэн байдлыг хадгалах явдал биз дээ. Тийм болохоор энэ улс орнууд чинь мэргэжлийн хүмүүстээ өндөр шаардлага, шалгуур тавьж, тэдэндээ итгэл өгч, хариуцлага үүрүүлдэг юм байна.

Зургаа. БИДЭНД АЖ ҮЙЛДВЭР ХЭРЭГТЭЙ

-Г.Галбадрах: Хайлах болоод уусгах үйлдвэрийн гол ялгаа нь юунд байна вэ?
-Г.Нацагдорж: Орд газрыг ерөнхийд нь авч үзвэл дээд өнгөн хэсэгт орших эрдсүүд олон жилийн турш байгалийн үзэгдэлд өгөршин хувирч химийн урвалд орж задрахад дөхөм болсон байдаг. Харин гүн рүүгээ болох тусам анх үүссэн хэлбрээрээ, хувиралд ороогүй байдаг бөгөөд химийн урвалд оруулж задлахад хүндрэлтэй.
Уусгах технологи нь химийн аргаар хялбар уусдаг исэлдсэн хүдрийг уусган боловсруулахад илүү тохиромжтой ба сүүлийн 20–30 жил улам боловсронгуй болж, уусгахад хүндрэлтэй сульфидын хүдэр болон баяжмалыг ч боловсруулахад хэрэглэгдэж байгаа.
Харин хайлах технологийн хувьд олон жилийн турш үйлдвэрлэлд хэрэгжиж, батлагдсан, найдвартай технологи хэдий ч, энэ аргыг зөвхөн зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс гарган авахад хэрэглэх бөгөөд баяжуулах үйлдвэрт тохирдоггүй бага агуулгатай хүдэр болон исэлдсэн хүдрийг боловсруулах боломжгүй.

-Г.Галбадрах: Тэгэхээр баяжмалыг хайлах технологи нь нилээд түгээмэл юм уу даа гэж надад санагдаж байна.
-Г.Нацагдорж: Дэлхийн хэмжээнд жилд 20 орчим сая тонн зэс үйлдвэрлэгддэгийн 30 орчим хувь нь уусгах технологиор, үлдсэн 70 орчим хувь нь хайлах технологиор боловсруулагддаг.

-Г.Галбадрах: Оюу Толгой төсөл дээр эцсийн бүтээгдэхүүн боловсруулахаар зоригловол, хайлах технологи нь тохиромжтой юу?
-Г.Нацагдорж: Хайлах технологи олон жилийн турш хөгжиж ирсэн баталгаатай технологи ба үйлдвэрийн хүчин чадал өндөр байх тусмаа нэгж бүтээгдэхүүнд ноогдох өөрийн өртөг, хөрөнгө оруулалт буурах ерөнхий хандлага байдаг. Тийм болохоор Оюу Толгойн хувьд зэсийн баяжмалаа хайлах аргаар боловсруулах нь илүү үр дүнтэй болов уу? Хэдий тийм ч, зэсийн баяжмал хайлахад асар их хэмжээтэй хүхрийн хүчил дагавар бүтээгдэхүүн хэлбрээр үүснэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Нэг тонн зэсийн баяжмал боловсруулахад нэг тонн орчим хүхрийн хүчил гарна. Тэгэхээр тэр их хэмжээний хүхрийн хүчлийг яах вэ? Хятад улсын зах зээлд гаргаж зарах уу? эсвэл Монголдоо химийн үйлдвэрлэл хөгжүүлж дотооддоо хэрэглэх үү? Энэ бүхнийг тооцож, зах зээлээ судалж байж л шийдэх асуудал.

-Г.Галбадрах: Монголд өнөөгийн нөхцөлд Сайншандын Аж Үйлдвэрийн Цогцолборыг байгуулах нь ашигтай, ашиггүй гэж санал зөрөөд байна л даа.
-Г.Нацагдорж: Монголдоо уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулж түүнийг дагалдсан химийн үйлдвэр, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад аж үйлдвэрүүдийг хөгжүүлж байж л бид хөгжинө. Тийм болохоор аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах нь маш зөв. Энэ бүхнийг цогцоор нь ул суурьтай тооцох хэрэгтэй. Энд тодруулж хэлэхэд “цогц”, “цогцолбор” гэдэг үгүүдийг зөвхөн цогцлоон босгох гэдэг талаас нь биш “иж бүрнээр нь”, “нийтээр нь” гэдэг талаас нь ойлгож нэг үйлдвэрийнх нь хаягдал, дагавар бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн нөгөөгийнх нь түүхий эд болж байхаар хооронд нь маш нарийн уялдуулж байгуулбал аль аль талдаа хэмнэлт гаргаж болно.

Долоо. УУЛ УУРХАЙ ДАХЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦОО

-Г.Галбадрах: Миний хувийн бодлоор бол, бид аль болох зөв тооцоолж, боломжоо шавхаад ч болов боловсруулах үйлдвэртэй болох нь хэрэгтэй юм шиг?
-Г.Нацагдорж: Боловсруулах үйлдвэр байгуулах нь маш чухал. Энэ чинь аж үйлдвэр хөгжих үүд хаалга нээгдэж байна гэсэн үг шүү дээ. Оюу Толгойн баяжуулах үйлдвэртэй ойролцоо хүч чадалтай Batu HiJau гэж зэсийн баяжуулах үйлдвэр Индонезид байдаг. Индонезийн засгийн газраас экспортонд гаргаж байгаа бүтээгдэхүүнийг нь аль болох эх орондоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах шаардлага тавьдаг. Ингэхийн тулд экспортоор гаргаж байгаа зэсийн баяжмал дээр тавих татварынхаа хэмжээг жил ирэх тутам нэмэгдүүлж тооцохоор гэрээнд зааж өгсөн байх жишээтэй. Энэ маягаар эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөшүүрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр Оюу Толгойд ч манайх иймэрхүү бодлого баримталж болно шүү дээ.

-Г.Галбадрах: Надад нэг хүн ийм жишээ ярьж байсан л даа. Надад буудай байдаг. Гэтэл нэг хүн над дээр ирээд “би тоног төхөөрөмж ольё, тэгээд хамтдаа гурил үйлдвэрлээд бусдад зарж мөнгө ольё” гэж. Тэгээд тэр хүн маань надад хэлж байна. “Энэ тоног төхөөрөмжийг би 20 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгэхээр гурил зараад олж байгаа мөнгөнөөсөө тоног төхөөрөмжийнхөө үнийг төлөх хэрэгтэй” гэлээ. Би зөвшөөрч хамтарч ажиллав. Бодоод байсан чинь миний буудайгаар гурил үйлдвэрлээд байгаа мөртлөө миний буудайг үнэлэхгүйгээр, өөрийн тоног төхөөрөмж болоод зардлаа үнэлээд зарж олсон мөнгөнөөсөө үнийг нь төлөөд байгаа юм байна. Тэгэхээр би буудайгаа бас үнэлүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлнэ. Оюу Толгойн гэрээг тойрсон маргаан дунд яг л ийм асуудлууд үүсээд байгаа юм гэж надад жишээ авч тайлбарлаж байна. Тэгэхээр Оюу Толгой төслийн хувьд, хөрсөн дор байгаа баялгаа үнэлж болдоггүй юм уу? гэж зарим хүмүүс эргэлзээд байна л даа?
-Г.Нацагдорж: Ямар нэгэн зүйлийг зарж борлуулаад олсон үнэ цэнээс түүнийг хийж бүтээхэд зарцуулагдсан бүх зардлыг хасаж цэвэр ашгаа тооцдог. Харин газрын хэвлийд байгаа байгалийн баялаг бол таны сая хэлсэн жишээнээс арай өөр. Хөрсөн дор байгаа баялагийг шууд үнэлэхэд хэцүү. Тийм болохоор байгалийн баялаг олборлож олсон ашгаас нь, эсвэл нийт орсон орлогоос хувь тогтоож “газрын хэвлий ашигласны татвар” буюу “рояалти” гэж авдаг.

-Г.Галбадрах: Гэхдээ л баялаг нь хөрсөн доор байгаа болохоор ашиглах тохиолдолд, тухайн улс оронд давуу тал байх ёстой биз дээ?
-Г.Нацагдорж: Мэдээж газрын дорх баялаг бол ард түмний өмч. Түүнийг төр, ард түмний өмнөөс хамгийн оновчтой, ашигтай хувилбраар зөв зохистой захиран зарцуулж, ашиг шимийг нь буцаагаад улс орны хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах ёстой. “Давуу эрхтэй байх ёстой” гээд аливаад бодлогогүй хандаж болохгүй. Өөрөө чадахгүй бол чадах нэгээр нь хийлгээд авах ёстой татвар, ашгаа аваад л байж байх хэрэгтэй.

-Г.Галбадрах: Тэгвэл Монголын ЗГ заавал 34 % -ийг эзэмших шаардлагатай юм уу?
-Г.Нацагдорж: Хамтарсан бизнесийн алтан дүрэм чинь харилцан ашигтай ажиллах л явдал шүү дээ. Тийм болохоор заавал хувь эзэмшиж орохын оронд, тавих ёстой шаардлагуудаа гэрээндээ тусгаад, тавих ёстой хяналтуудаа цаг тухайд нь тавиад, авах ёстой татвар, ашгаа аваад хамтарвал зүгээр санагдах юм. Заавал өдөр тутмын “тогоо шанага”-тай нь зууралдаад байх ямар ч шаардлага байхгүй. 34 %, 51%, 70% гэх мэт ид шидтэй юм шиг хэдэн тоонууд гаргаж ирээд их ярьдаг. Эдгээр нь тодорхой тохиолдлуудад чухал тоонууд хэдий ч, аливаа зүйлд тэр тусмаа том төслүүдийн хувьд бүх нөхцлүүдээ тооцсон эдийн засгийн үнэлгээ, тооцоо заавал хийж байж хувь хэмжээг ярих шаардлагатай байх.

-Г.Галбадрах: Жишээ нь Америкийн ЗГ, бидэн шиг уул уурхайн асуудалд хувь эзэмшиж оролцдог уу?
-Г.Нацагдорж: АНУ-ын ЗГ, муж орон нутгийн засаг захиргаа уул уурхайн компанид хөрөнгө оруулж, хувь эзэмшдэггүй. Харин холбогдох хууль журмынхаа хэрэгжилтэнд маш өндөр хяналт тавьж, авах ёстой татвараа аваад л байж байдаг. Уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангаж өгөхөөс гадна тухайн байгууллагын зүгээс байгаль орчин, хүн амьтанд хортой нөлөө үзүүлэхгүй байлгахын тулд холбогдох хууль дүрмүүдээ “чанга” тавьж, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт бол чухал асуудал. Энэ дээрээ бас сайн анхаарах хэрэгтэй. Жишээ нь АНУ-д уул уурхайг ашиглаж эхлэх цагаас нь эхлээд нөхөн сэргээлтийн зардлыг нь үйл ажиллагааны зардалд оруулан суулгаж, “Нөхөн сэргээлтийн сан” үүсгээд боломжтой бол үйлдвэр ажиллаж байх үед ашиглаад дууссан хэсгүүд дээр нь цаг алдалгүй нөхөн сэргээлт хийгээд явж байдаг. Уул уурхайн ашиглалт дуусахад нөхөн сэргээлтийг хуримтлуулсан сангаас санхүүжүүлж, мэргэшсэн компаниудаар хийлгэх жишээтэй.

-Г.Галбадрах: Гэтэл Монголын ЗГ уул уурхайн асуудалд хэт их хутгалдаад, бараг л өдөр тутмын гол асуудал болгоод байх шиг надад санагдаад байгаа юм.
-Г.Нацагдорж: Төр, засгийн зүгээс иймэрхүү зүйлд хутгалдаад ирэхээрээ л “дампуу” болгож байгаа юм. “Дампуу” гэдгийн учир нь хүн өөрөө өөрийнхөө хийсэн ажлыг хянаад ирэхээрээ л бурууддаг биз дээ. Том ордуудын хувьд шаардлага хангасан компанид гэрээний үндсэн дээр эзэмшүүлж ашиглуулаад хяналтаа тавьж, авах татвараа аваад явж болмоор юм. Харин өмнө нь улсын зардлаар хайгуул хийж нөөц нь тогтоогдсон бол түүнд зарцуулагдсан зардлаа ямар нэгэн хэлбэрээр тооцож авах нь зөв л дөө. Нэг үгээр хэлэхэд, төрийн зүгээс уул уурхайн үйлдвэрлэлийн өдөр тутмын асуудалд нь хутгалдаад байх шаардлагагүй л баймаар.

-Г.Галбадрах: ЗГ-аас гадна уул уурхайн асуудалд орон нутгийн оролцоо нэмэгдэх хандлагатай байгаа.
-Г.Нацагдорж: Байгалийн баялаг, орд газрууд бүгд хөдөө орон нутгийн харьяа нутаг дэвсгэр дээр байгаа шүү дээ. Гэтэл тэр уурхайнуудаас олборлолт хийгээд олж байгаа ашгаас нь улс ихэнх татварыг нь авчихдаг. Тэрнээсээ орон нутагт төсөв хуваарилна. Яг үнэндээ тэр аймаг, орон нутаг байгалийн баялгаасаа болж хамгийн их хохирол амсах магадлалтай. Тийм болохоор орон нутгууд уул уурхайн ашиглалтын асуудлаар нилээд эрх мэдэл эдлэх нь зүйтэй болов уу. Харин Монголын өнөөгийн дүр зураг, орон нутгийн удирдлагууд нь дээрээсээ томилогдож, бас тэндээсээ санхүүжиж, хэт хараат байдалтай байгаа нь асуудлыг улам ч хүндрүүлж байгаа мэт санагддаг.

-Г.Галбадрах: Уул уурхайн ашиглалтын явцад тухайн орон нутаг эрсдэл хүлээх магадлал нь их болохоор уул уурхайн ашгаас нилээд хэмжээг нь орон нутаг нь хүртэх эрхтэй мэт.
-Г.Нацагдорж: Тэгэлгүй яахав. Наад зах нь АНУ-д татварыг “улсын”, “мужийн” гэж ангилж төлдөгтэй адил маягаар шийдэж болно шүү дээ. Баялаг ихтэй аймаг, орон нутгууд эдийн засгийн хувьд ч бусдаас илүү чадвартай байж, хүмүүсийн амжиргааны олон асуудлыг заавал “төрийн гар” харалгүйгээр өөрсдөө бие даан шийдвэрлэх чадвартай болно. Нөгөө талаас жирийн иргэдээсээ эхлээд хүн болгон энэ асуудалд ухамсартай, хариуцлагатай хандаж эхэлнэ.

-Г.Галбадрах: Уул уурхайн төслийг хэрэгжүүлж байгаа компаниуд Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж хөрөнгө оруулалтын зардлаа босгож байгааг, зарим хүмүүс “Манай баялгийг барьцаалж их мөнгө олж баяжиж байна” хэмээн дургүйцэж байгаа үзэгдэл ажиглагдаж байгаа.
-Г.Нацагдорж: Тухайн орд газрыг ашиглахаар гэрээ хийж, хөрөнгө оруулалтаа хариуцаж байгаа компанийн эрхийн асуудал. Нэгэнт хөрөнгө оруулалтаа хариуцаж байгаа болохоор санхүүжилтээ босгох ямар ч аргыг сонгож болно шүү дээ. Банкнаас зээл авах, хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргаж хөрөнгө босгох зэрэг чинь аль аль нь л санхүүжилтээ бүрдүүлэх үндсэн хэлбэр шүү дээ.

-Г.Галбадрах: Монголын уул уурхайд ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн авч буй цалин хэт өндөр байна гэдэг асуудлаар маргаан үүсч байгаа?
-Г.Нацагдорж: Гадаадын мэргэжилтэн гээд тэд өндөр цалин аваад байгаа юм биш. Тэр хүмүүсийн өөрийн улс орондоо авдаг жишиг хөдөлмөрийн хөлс нь л тэр шүү дээ. Амжиргааны өртөг өндөр, хөгжилтэй орнуудын ажилчид тогтсон цалингаа, магадгүй түүнээс ч илүүг авч гадаад орон (Монгол) руу, хөдөө хээрийн хүнд нөхцөлд, гэр орноосоо хол явж ажиллана. Жишээ нь, жилийн 100,000-аас 120,000 долларын цалинтай Австралийн уул уурхайн инженерийг “чи монгол явж ажил чамд сарын 5,000 доллар өгье” гэвэл хэн ирэх вэ дээ. Тиймээс бид хүний цалин тоолж суухын оронд улс эх орноо хөгжүүлж авдаг цалингийн доод хэмжээгээ тэдний хэмжээнд хүртэл өсгөх, за тэрийгээ больё гэхэд өөрсдийгөө хөгжүүлж “чамд ийм цалин өгье чи манайд ирж ажиллаач” гэтэл нь сурч боловсрох, туршлагажих хэрэгтэй байна шүү дээ.

Найм. ГЭРЭЭ ба ХУВЬ ХИШИГ

-Г.Галбадрах: Одоо Монголд маань Оюу Толгойн гэрээнээс эхлээд улс орон даяараа маргаан дэгдэж, үүнийгээ хэрхэн шийдэх учраа ололгүйгээр Таван Толгойн орд, ураны ашиглалт гэх зэргээр давхцуулаад яриад байх юм. Ер нь уул уурхайн олон улсын жишиг гэж байгаа биз дээ?
-Г.Нацагдорж: Таны энэ нэрлээд байгаа ордууд чинь бүгд манай нөгөө стратегийн ач холбогдолтой орд газар, баялаг, түүхий эд гээд байгаа чинь шүү дээ. Нэгэнт стратегийн гэдэг ангилалд багтаж байгаа энэ том ордынхоо төсөл, бүтээн байгуулалтын ажлыг их л бодлоготой, төлөвлөлттэй, уялдаатай хэрэгжүүлмээр байгаа юм. Том төслүүд хэрэгжүүлэхэд мэдээж дагаж мөрдөх ерөнхий үе шатууд байлгүй яахав. Гэхдээ энд хамгийн түрүүнд яригдах асуудал бол хууль дүрмээ тогтвортой байлгах, захиалагч, гүйцэтгэгчээ хариуцлагатай байлгах явдал шүү дээ. Өнөө цагт уул уурхай бол хамгийн их глобальчлагдсан салбаруудын нэг. Дэлхийн хэмжээний уул уурхайн хэдэн том “акулууд” энэ дэлхийн хаана ямар том орд газар, уурхай байна, бараг бүгдийг нь эзэмшиж байна шүү дээ. Тэд бүгд л өөрийн гэсэн дагаж мөрддөг зарчимтай. Тэдэн шиг бид зөв голидролдоо ороод дагаж мөрддөг жишиг, зарчимтай болчихмоор байгаа юм.

-Г.Галбадрах: Одоо Оюу Толгойн гэрээ буруу хийгдсэн, гэрээгээ засаж залруулах хэрэгтэй, хэрэггүй гээд л зөндөө маргаан болоод байгаа шүү дээ?
-Г.Нацагдорж: Ямарч байгууллага өөрийн гэсэн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэнтэй байдаг. Үүнтэй адил уул уурхайн төслийн гэрээний чиглэлээр мэргэшсэн гэрээний мэргэжилтэн улс орноо ч байна уу, байгууллагаа ч байна уу төлөөлөөд гэрээний төсөл боловсруулахад заавал оролцох хэрэгтэй. Тийм мэргэжлийн хүмүүс л анхнаас нь оролцож мэргэжлийн болоод олон улсад хэрэглэгдэж заншсан үг хэллэг, мөрдөгддөг хууль тогтоомжийг нэгд нэггүй нягталж шалгаж байх ёстой. Энд зөвхөн дурын хуульчдаа биш, дурын гэрээ контракт хийдэг хүндээ биш хамгийн гол нь мэргэжлийн, тухайн салбраа ойлгодог хуульч, гэрээний мэргэжилтэндээ байгаа юм. Маргаан юунаас үүсэв? Тухайн үед энэ дутагдсанаас болж л бид алдаагаа хэзээ хойно олж харж байгаа биз дээ.

-Г.Галбадрах: Гэтэл заримдаа бид арга мухардахаараа “ард түмнээрээ хэлэлцүүлэх ёстой” гэж уриалдаг.
-Г.Нацагдорж: Тодорхой зүйлийг ард түмнээр хэлэлцүүлж болно. Гэхдээ бүх юмыг “Ард түмнээр хэлэлцүүлнэ” гэдэг буруу. Тэр тусмаа мэргэжлийн шийдэл шаардсан зүйлийг ард түмнээр хэлэлцүүлж шийдүүлэх нь хамгийн буруу. Ард түмэн бүгдээрээ уул уурхайн мэргэжлийн хүмүүс юм уу? эсвэл ард түмэн бүгдээрээ гэрээний мэргэжилтэн юм уу?, хуульчид юм уу? Ард түмэн бол хамгийн сайхан ярьсан нэгэн рүү туйлшрах, нөгөө бол бэлэн мөнгө өгнө гэсэн талд “худалдагдах” магадлал өндөр шүү дээ. Мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс л асуудалд оролцож үнэлэлт, дүгнэлтийг гаргах хэрэгтэй. Харин шийдвэрийг бол гаргадаг хүмүүс нь гаргана биз.

-Г.Галбадрах: Уул уурхайн баялгаас ард олонд бэлэн мөнгө өгч “хувь хүртээнэ” гэдэг санаатай би л лав огт эвлэрэхгүй. Энэ чинь хүмүүсийг “бэлэнчлэх” муу зуршилд сургаж, аажимдаа мөхөөх бодлого болно гэсэн үг.
-Г.Нацагдорж: Нэгэнт газар болоод баялаг нь нийт ард олны өмч болохоор хувь хүртээх нь зүй ёсных. Харин ийм шалтгаанаар ард олонд бэлэн мөнгө тараагаад байх юм бол ёстой л “устгах” бодлого болох байх даа. Австралийн уугуул абориген, Америкийн уугуул индианчуудад газар нутгийг нь эзэмшиж байгаадаа ЗГ-аас нь бэлэн мөнгө, тэтгэмж олгосноор тэднийг үндсэндээ “устгаж” байна шүү дээ. Бэлэн мөнгө, тэтгэмж авч байгаа хүмүүс ажил хийх сонирхолгүй болно, сургуульд сурах сонирхолгүй болно, аливаа зүйлд тэмүүлэлгүй болно. Ингэснээр тэд амар хялбар амьдрал, арчаагүй залхуу байдлыг л сонгодог. Энэ бол мөхөл. Бэлэн мөнгө, тэтгэмжийн оронд эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, хүний хөгжилд анхаарч зарцуулах нь зөв болов уу.

-Г.Галбадрах: Өөрийг тань АНУ-д уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа болохоор зорьж ирж, сэтгэл дотроо эргэлзэж байсан олон асуултууддаа хариулт авлаа. Бид хоёрын яриан дундаас мэргэжлийн хүмүүс болоод энгийн иргэд ч өөрсдийн дүгнэлтээ хийх биз?
-Г.Нацагдорж: Уул уурхай чинь өөрөө агуу том салбар, шинжлэх ухаан юм. Чулуулгийн тогтоц, эрэл хайгуул, олборлолтоосоо эхлээд баяжмал, эцсийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл олон үе шат, процессийг дамждаг болохоор тэр бүгд тус бүрдээ өөр өөр мэргэжил, шинжлэх ухааныг шаардана. Тиймээс би “Уул Уурхай” гэдэг том салбрыг хамруулан ярьж чадахгүй л дээ. Гэхдээ өөрийн мэргэжлийн хүрээнд, уул уурхайтай холбоотой болохоор бас тантай адил Монголын уул уурхайн салбрын хөгжилд санаа зовж явдгийн хувьд санал бодлоо солилцож ярилцлаа.
Дашрамд хэлэхэд би таны эрхлэн гаргадаг цуврал ярилцлагуудыг уншдаг, тэндээс зөндөө их санаа авдаг. Манай олон сайхан залуучууд бахархмаар амжилтыг гаргаж, юу чаддагаа дэлхий даяар харуулж байна. Тэр хүмүүст нэг түгээмэл зарчим байдаг. Монгол залуус та бүгддээ “Бага ч гэлгүй өмнөө зорилго тавь, тэрнийхээ төлөө зүтгэ, тэгээд зорилгодоо хүр. Тэр бүхэн чинь амжилт шүү!” гэж, тэрхүү түгээмэл зарчмыг ажил хэрэг болгоорой гэж уриалмаар байна.

…Зөвхөн уул уурхайгаас эдийн засаг нь хамаарч, гадаадын томоохон хөрөнгө оруулагч компанитай хамтран ажиллах гэж онож алдаж яваа монголчууд бидний хувьд уул уурхай “амны зугаа”, “сэтгэлийн өвчин” болсон. Хүн болгон Оюу Толгойн тухай маргаж мэтгэлцэж, улс төрчид нь Оюу Толгой төслөөс өөртөө “ашиг унагах” гэж улайрч байгаа цөвүүн энэ цаг үед уул уурхайн мэргэжлийн монгол хүнээс санааг нь сонсох сон гэж хүсч байснаа биелүүлсэн минь энэ. Oлон улсын жишигт хүрсэн гадаадын уул уурхайн компаниудад ажиллаж байгаа монгол инженерүүд, менежерүүд энэ талаар бүгд л санаа зовж, сэтгэл нь шаналж яваа. Г.Нацагдорж тэдний л нэг нь. Судлаач, нарийн мэргэжлийн хүний түвшинд биш ч түүний ярианаас бага боловч хэрэгтэй ойлголт авах нь уул уурхайн хийрхлээс түр зуурч болов зогтусан, эрүүл саруул ухаанаар эргэцүүлж нэг бодох боломж болж юуны магад. Хөрсөн дороо их баялагтай Монгол орны хувьд ХАРИУЦЛАГАТАЙ, ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙ зөв сайн хөгжилд хөтлөх болно. Гэхдээ энэ их баялгийг өөрөө зөв хөгжсөн монгол хүмүүс л зөв сайнаар ашиглаж чадна. Бид чинь өөрсдөө түүнээс ч хавьгүй илүү баялаг юм шүү дээ.

One Comment

  1. Цэдээ багш

    June 5, 2016

    Сайхан ярилцлага болж. Сайн мэргэжилтэн болж үнэлэгдэж яваад чинь баяртай байна

Share Your Thoughts