Хариуцлага тооцож МАХН бас АН-ыг ч татан буулгая

Ардчилал, Монголчууд бидэнд олон зүйлийг өгсөн. Оюун санааны эрх чөлөө, гадаадад чөлөөтэй зорчих боломж, өмч хөрөнгө, шударга өрсөлдөөн, үзэл бодол, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж гээд…Бид ардчиллын олон сайн үр шимийг хүртэж байгаа ч, өөр олон боломжуудыг алдаж байна. Юу юунаас илүү нийгмийн хүнд сурталгүй шударга тогтолцоо, баялгийн шударга хуваарилалт, иргэдийн төлөөх нийгмийн халамж үйлчилгээ, тайван амьдралын баталгаа, өөрийн боломж чадлаар ажиллаж, амьдрах боломжууд бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл өнөөгийн монголын нийгмийн тогтолцоо гажуудалд орж эхэлжээ.
Бид алив зүйлийн бодит үр дүнг, өөрийн нүдээр харж, гараар баригдах, бие сэтгэлээр мэдрэх мэдрэмжээр хэмждэг.

Сайхан яриа, хооосон амлалт, бүтэшгүй мөрөөдлөөр бус, бидний эргэн тойронд байгаа олон үзэгдэл, үйл ажиллагаа, хандлагаас мэдэрдэг. Сайн муу олон зүйлийг өрөөл бусадтаi харьцуулан жишиж, байж болох олон боломжуудыг олж харан мэдэрдэг.
Нийгмийн тогтолцоо сайн муу байх сонголтыг бид өөрсдөө хийдэг. Тийм болохоор сонголтынхоо сайн муу үр дагаварыг бид ч үүрч, хуваалцах болно. Гэхдээ буруу муу үр дүнгээ засч залруулан өөрчлөх, сайн үр дүндээ хүрэх сонголт та бидэнд байсаар байгаад л ардчилалын үр дүн оршдог аж.

Нэг. Намууд өөрсдөдөө хөшөө дурсгал босгож байна
…Алдарт 7 сарын 1 ний үймээнээр намынхаа байрыг шатаалгасан МАХН, уг барилгынхаа суурин дээр хуучнаасаа илүү бат бөх, гоёмсог ордон босгож байна. Тэд энэ тухайгаа ил тод мэдээлж, барилгын зураг төслөө харуулж, баахан бардамнан гайхуулав. Шударга бус, заль луйвар ихтэй сонгуулийн дүнгийн эсрэг, өдгөө болтол оршин тогтносоор байгаа, дарга төвтэй МАХН-ын дарангуйлалын эсрэг, хэзээ ямагт улс орон, ард нийтийн төлөө бус, өөрийн намын эрх ашиг, нэр хүндийн төлөөх үзэл суртлын эсрэг, олон нийтийн дүргүйцсэн хөдөлгөөнд МАХН ийнхүү хариу барьж байна. Тэд хэзээ ямагт оршин тогтнож, цаг ямагт дарангуйлсаар байх болно гэдгээ ийн илэрхийлж байна. Тэд Монгол орны хувь заяаг олон жил мэдэлцэн шийдэж байсан, цаашид ч энэ хэвээрээ байх болно гэдгээ ийн сануулж байна.
Тийм ээ!  Тэд өөрсдөдөө хөшөө дурсгал босгож, өнө мөнхөд оршин тогтнохыг хүсч байна.
… Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ойгоороо Э.Бат-үүлийг “баатар” болгож, 20 давхар өндөр Ардчилалын ордон босгохоор АН шийдвэр гаргажээ.Тэд энэ тухайгаа олон нийтэд зарлаж, “тоосго цуглуулах хөдөлгөөн ” өрнүүлж байна.
Ард олны хүсэн хүлээж, хүртэж болох, ардчилалын ололт амжилтыг сааруулсныхаа төлөө, хүчтэй сөрөг хүчин байж, ард олны ашиг сонирхлыг хамгаалан тэмцэж, илэрхийлээгүйн төлөө, олон нийтийн итгэл найдвар, урам зоригийг хугалсныхаа төлөө ичихээ байснаа тэд ийн илэрхийлж байна. Ардчилалтай гэж өөрсдийгөө “өхөөрдөн”, нам дотроо олигархиудыг төрүүлж, өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж, урваж шарвасаар үнэ цэнээ алдсаар буйгаа тэд ийн халхалж байна. Юу юунаас илүүтэй, үндсэн зарчмаасаа ухарч, өчүүхэн эрх ашиг, сонирхлын төлөө, ардчилалыг анархи болгон хувиргасан арчаагүй байдлаа ийн харуулж байна.
Тийм ээ!  Тэд өөрсдөдөө хөшөө дурсгал босгож, мөнхөд алдаршихыг хүсч байна.
МАХН ч АН ч өөрсдийгөө дөвийлгэн, нам нийлж, сэм хуйвалдан үеийн үед, мөнхийн мөнхөд Монгол Улсыг удирдаж байхыг хүсч байна.

Хоёр. Хэрэв 1990 онд МАХН-ыг татан буулгасан бол?
1990 онд тайван замаар Монгол оронд ялсан ардчилсан хувьсгалын гол алдаа нь энэ байлаа. 70 шахам жил Монголын төр засгийг дангаараа барьж, алдаа оноо бүхний хариуцлагыг үүрч байсан МАХН-ын дарангуйлал, үзэл суртлын дэглэм, хүнд суртлын тогтолцооны эсрэг энэ хувьсгал хийгдсэн.
Гэсэн хэрнээ 20 жилийн дараа, мөнөөх дэглэмийг нь унагаасан МАХН, АН-тай хамтдаа төрийн эрх мэдлийг атгаж, “ард иргэдийг жаргаана, Монгол орныг хөгжүүлнэ” хэмээн амалсаар л… Өөрчлөгдөж шинэчлэгдсэн, өмнөх үеийнхээ алдаа, хариуцлагыг үүрэхгүй гэж мэдэгдэж байгаа МАХН, удахгүй 27-р их хурлаа хийнэ гэвэл, та юу гэж ойлгох бол? Анхандаа эсэргүүцэн шүүмжилж, сөрж тэмцэж байсан АН, өдгөө мөнөөх дэглэм, тогтолцооныхоо өмнө хүчин мөхөсдөж, эвсэж нэгдэн, хамтарч хуйвалдан, арс олны итгэл сэтгэлээр тоглоом тохуу хийж байгааг, та юу гэж үзэх вэ?
Тийм ээ! Их ололт амжилтын хажуугаар, өнөөдрийг хүртэл муу үр дүнг нь мэдэрч бухимдсаар байгаа ардчилсан хувьсгалын гол алдаа нь, 1990 онд МАХН-ыг татан буулгаж, бүх хөрөнгийг нь хурааж, олон намын тогтолцоог жинхэнэ ёсоор бий болгон, нэгэн гараанаас эхлүүлээгүй явдал.   Хэрэв тэгж чадсан бол:
-Дарга төвтэй МАХН дотроо задарч, энэ суурин дээр эрүүл сэтгэлгээтэй, нэгэн зорилготой, олон хүмүүсийн нэгдэл хэд хэдэн нам үүсч болох байлаа
-Нэгэн гараанаас эхэлсэн олон намууд мөнгө ашиг сонирхлын төлөө бус, эрүүл сэтгэлгээ, алсын хараа, оноч сонголттой хөтөлбөрүүд боловсруулан, шударгаар өрсөлдөх байлаа.

-Явцын дунд, намууд ижил төстэй үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлагаараа өөр хоорондоо нэгдэж, илүү эрүүл саруул, оюунлаг, хүчирхэг намууд үүсэх байлаа
-Тэд өөр хоорондоо, үзэл баримтлал, олон ургальч санаа, оюунлаг сэтгэлгээгээрээ ялгарч, ард нийтэд сурталчлан ойлгуулж, тэдний сонголтын нөлөөгөөр бие биенээ бодитоор хянаж чадах байлаа
-Юу юунаас илүү тэд олон нийтэд өөрсдийгөө сурталчилж, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа, чиг хандлагаараа зөв сонголт хийх боломжийг олгож чадах байлаа
Нэгэн цагт Монгол Улсын засаг захиргааны бүх нэгж, тэр ч бүү хэл аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүртэл өөрийн салбартай, татвараар цуглуулсан асар их хөрөнгөтэй, мэдээллийн иж бүрэн сүлжээтэй, ухамсраар бас зөнгөөр дагалдан дэмжих олон гишүүдтэй, шийдвэр гаргаж биелэлтийг нь хатуу хянаж байдаг удирдах тогтолцоотой МАХН-тай зэрэгцэн оршиж, тэр ч бүү хэл “давж гарна” хэмээн тооцсондоо л тэр үеийн АН-ын удирдлагууд алдсан юм даа.  Зүйрлэвээс: олон жил ажиллаж сайн муу бүх л арга залийг эзэмшсэн, хашир туршлагатай ня-бо той, дөнгөж сургууль төгссөн, ажил амьдралын туршлагагүй хэрнээ, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй залууг өрсөлдүүлэхтэй адил.
Харин өдгөө МАХН, АН ав адил, намыг удирдаж байгаа тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхолд хөтлөгдөж байгаа нь нууц биш.

Гурав. Нам дагасан хийрхэл
Саяхан Монгол ТВ-ээр Монгол Улсын гурав дахь ерөнхийлэгч Н.Энхбаярын оролцсон “Хариулахгүй ч байсан болно” нэвтрүүлэг болон өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан, энэ нэвтрүүлэгийн үргэжлэл болох ярилцлагуудыг хүн болгон мэдэж байгаа.

Экс ерөнхийлэгч маань энэ ярилцлагуудаараа,  хариуцлага хүлээдэггүй боловсон хүчний”төлбөртэй тогтолцоо”, намын удирдлагууд нь будлиулж болдог сонгуулийн дүнгийн тухай, нэгдсэн бодлогогүй, өөрсдийн үзэмж сонирхлоор өөрчилж болдог төрийн бодлогын тухай, ард иргэд нь зовж. дарга нар нь жаргаж байдаг нийгмийн гажуудлын талаар “ам халж”, “гэнэт гэгээрч”, ” сэтгэлээ онгойтол” ярив. Монгол Улсын Соёлын сайд, ерэнхий сайд, УЙХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлэгч зэрэг бүх албан тушаалыг, ардчилал ялсан 20 жилд дараалан хашиж байсан, МАХН-ыг олон жил удирдан жолоодож байсан энэ эрхэмийн ярианд итгэхгүй байх шалтаг үгүй. Хамгийн гайхалтай нь энэ бүхнийг энэ бүх эрх мэдлээс салсны дараа гэнэт ухааран, учирлаж бас “гэгээрч”  байгаа дүр байлаа. Түүгээрч үл барам энэ ярилцага, бидний төсөөлж таамаглаж байсан олон муу үзэгдлийг батлан нотолж байгаагаараа ч бас “гэгээлэг”.
Нэгэн үе “нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй”  гэдэг алдарт лоозон мэт хэллэг өнөөдөр ” намаа дагавaл баяжиж, бас жаргана ” гэсэн утгатай болсон бололтой. Чухам өнөөдөр МАХН, АН-ын  удирдлагын төлөөх, улс төрийн хөшигний ар тал дахь “цусгүй дайн”, монгол орны хөгжлийн төлөө бус, тодорхой бүлэглэлүүдийн ашиг сонирхлын төлөөх “дайн”болон хувирчээ.  Үгүй гэж үү?
Их мөнгө хаяж, арга заль бүхнийг шавхан байж УЙХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн сайд, аймаг дүүргийн засаг дарга болж, эрх мэдэл атгасан эрхмүүд, тансаг хаусанд заларч, үнэтэй машин хөлөглөж, гадаад улсад хэсч, гахай шувууны мах зооглон,  хөөрхөн хүүхнүүдээр “гангарч”, казино тоглон, хөрөнгө цуглуулж яваа нь, ардчилсан хувьсгалын үр шимийг хууль бусаар хүртэгсэд. Тэд Монголын улс төрийг бизнес болгон хувиргаж, намыг шүтэж, хуурамч “эх оронч дүр ” эсгэн, эрх мэдэл, хүнд суртал, авилгал хүнд суртлаар зогсолтгүй мөнгө олон, зоволгүй жаргаж байна.

Худлаа гэж үү?
Чухам эдний балгаар, Монгол орныг аалзны тор мэт бүрхсэн авилгал хээл хахуулын сүлжээ, хүнд суртлын танил талаараа босгосон хана хэрэм, шударга бус эрээ цээргүй шунал тачаалаас, энэ бүхнээс үүдэлтэй олон нийтийн бухимдал, бүдүүлэг, хэрцгий үйлдлээс айж, залхахдаа монгол залуус харь орныг сонгон дүрвэж байна. Яг л живж буй хөлөг онгоцноос дайжих мэт.  Үгүй гэж үү?
МАХН, АН хамтран нэг бус удаа төр барихдаа, олон нийтийн санаа бодол, хүсэл эрмэлзлэлд бус, намыг удирдаж буй цөөн хүмүүс, тэдний ард оршиж буй бүлэглэлүүдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргадагаас  хүнд хүрч, амьдралд хэрэгжин, үр дүнгээ өгч чаддаггүй. Үүний уршгаар нам дагасан хийрхэл газар авч, хүмүүс талцан хэрэлдэж, үгсэн хуйвалдаж, шударга бус байдалтай эвлэрэн зохицохыг оролдож байна. Тэд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, эмнэлэгийн дарга, багийн засаг дарга, гаалийн, татварын, газрын байцаагч болохын төлөө танил тал, хээл хахуулын нөлөөгөөр улайрцгааж байна. Нийтлэлч Баабарын нэгэнтээ бичиж байсанчлан, намын нэрээр газар газар албан тушаалд очсон “тэнэг” үүд ажил сайжруулах бус “амжиж идэх хэрэгтэй ” хэмээн ам амандаа үглэн улайрч байгаа.
Эрдэм чадалтай, ажил хэрэгч, шударга нь бус зусар бялдууч, хор найруулагч, хов зөөн мэдээлэгч, зальжин хүмүүс л “бялуу хүртэцгээж” байна даа. Харин жирийн гишүүд дэмжигчдийг тэд, сонгуульд санал өгөх, намын төлөө уриа лоозон хашгирахад л ашиглаж байна бус уу.  Нам дагасан солиорол мэт ийм хийрхэлийг МАХН, АН-ын удирдлагууд дэвэргэн өөгшүүлж байна.
Үгүй гэж үү? Та эргэн тойрноо сайн хар даа! Бүр сайн ажиглаж хар!

Дөрөв. Хариуцлага хаана байна вэ?
Улстөрийн намуудын туйлын зорилго нь мөрийн хөтөлбөр, бодлогоо боловсруулан,  сонгуульд оролцон ялалт авч, төрийн эрхийг барих явдал. Олон нийтийн дэмжлэгийг авч төрийн эрх мэдэл авч, бодлогоо хэрэгжүүлэхдээ гаргасан сайн муу үр дагаварынхаа төлөө заавал хариуцлага хүлээж байх зарчимтай. Бүр заавал шүү.

-Сонгуульд хөтөлбөрөө тайлбарлан ойлгуулах бус, бэлэн мөнгө амалж, санал худалдан авах үзэгдэл 2000 оноос эхэлсэн. МАХН, АН аль аль нь олон нийтийн санал дэмжлэг авахын тулд  “үнэ хаялцах” дуудлага худалдаа сонгуулиас сонгуульд өссөөр 2008 оны сонгуулиар 1.5-2.5 сая төгрөгөнд хүрчээ. Ямар ч судалгаа тооцоо үгүй, “Түмний нэг ” киноны морины наймаа шиг дуудсан “үнээ” өнөөдөр өгч чадахгүй гэдгээ ил тод мэдэгдэж байгаа. “Оргүйд орвол охинтой” гэдгээр саяын цагаан сарын өмнө хүүхэд хөгшчүүдэд 70 000 төгрөг тарааж “бужигнуулав”. Ард олны өөрийн чадал боломжоороо ажиллаж амьдрах боломжийг өгөхийн оронд, бэлэн мөнгө өгнө гэж худал амлан, олон нийтийн сонголт, сэтгэхүйгээр тохуурхсаны төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ?
-Хууль тогтоох үүрэгтэй УЙХ гишүүд нь тойрогтоо асуудал шийдэх нэрээр, өөрсдийн мэдэлд батлуулсан мөнгө 50 саяас эхэлж, өдгөө 1 тэрбүм төгрөгт хүрч буй.  Энэ мөнгөөр бизнес хийн өөртөө ашиг унагааж, нэр хүнд эрх мэдлийг худалдан авч, өөрийгөө сурталчилж, өрөөл бусдын хийх ажилд саад болдог  гаж тогтолцоогоо баталгаажуулсаар байна. Улс орны өмнө шийдэж болох олон асуудалд санаа тавихгүйгээр үл барам, хөрөнгө мөнгийг тарамдуулж, үр дүнгүй зарцуулж байдаг гаж тогтолцоо бий боллоо.  Тэр ч бүү хэл хууль санаачилж, батлуулсаныхаа төлөө 20 сая төгрөг авч байхаар хуульчилж, мөнгөний төлөөх улайрлаа эрээ цээргүй илчлэх боллоо. Хууль дүрэм журмыг улс орныхоо хөгжил, тулгамдсан асуудлын төлөө бус, өчүүхэн ашиг сонирхлын төлөө гаргаж, олон нийтийг үл ойшоож, хууль зөрчих үйлдлийг өөгшүүлж байгаа энэ үзэгдлийн төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Ард иргэд, олон нийтэд амин хэрэгцээтэй байгаа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхгүй мөртлөө, өөрсдөө гадаадад эмчлүүлж, үр хүүхдээ гадаадад сургаж, татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсган гайхуулж, бас баярхаж яваа энэ үзэгдэл улам улмаар гаарах боллоо. Дотроо тогтоон барьж болох мөнгөний урсгалыг гадагшаа хайр гамгүй цацаж, харин үүнийхээ оронд гадаад орноос мөнгө гуйн бадарчилж, хожим хүүтэй төлөх мөнгөөр өнөө бодлогогүй тансаглаж байна. Монголын хөгжил, монгол хүний үнэ цэнэ хөгжлийн төлөө, үндэсний үзэл бахархалын төлөө юу ч хийхгүй атлаа өр зээл завшиж ирээдүй үеэ хорлож байгаа бодлогогүй тэнэглэлийн төлөө хэн хариуцлага хүлээх юм вэ?
-Хүнд суртал авилгал, хуйвалдаан заль мэх, хууль бус үйлдлээр хүн олны нүдэн дээр өдрөөс өдөрт, цагаас цагт Дагдангийн эхнэр мэт баяжин таргалж, улам улмаар ядууран ядарч, бас бухимдан Цэрмаа шиг турж байгаа эгэл ардуудад баярхан гайхуулж, басамжлан доромжилж байна. Монголд шударга үнэнч байгаад дэмий бусадтай л адил, хулгайлан завшиж, хуурч мэхэлж байх нь дээр юм. Дээр байгаа нь багахан идээсэй билээ, тэд идэх л байх даа, ядаж л юм үлдээх байлгүй гэх ядмагхан сэтгэлгээг, яг л борооны дараах мөөг мэт үржүүлж байна. Хаа сайгүй л адилхан хулгайлж завшиж , хууль ёсыг зөрчиж, хуулийг биелүүлэхгүй байх “барьцаалсан” сэтгэлгээг бий болгож олныг муу зуршилд дасгаж байгаагийн төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ?

-Юу юунаас илүүтэй монгол хүмүүсийн өөртөө итгэх итгэл, улс орныхоо хөгжилд эргэлзэх эргэлзээг төрүүлж байгаа нь хамгаас гамшиг.  Шударга бус, эрээ цээргүй байдал, улайрсан шунал, хууль  бус үйлдэл, цөөхөн монголчуудыг өөр хоорондоо эвдрэлцэх, бие биенээ үзэн ядах, харааж зүхэх, хэрцгий балмад үйлдэл рүү түлхэж байна. Ирээдүйн сайхандаа итгэх итгэлээ алдах шиг аймшиг юу билээ. Энэ бол улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж болзошгүй муу үйлдэл.  Монгол орны хөгжлийг сааруулж, монгол хүний өөртөө итгэх итгэл, маргаашийн сайн сайханд тэмүүлэх тэмүүллийг унтрааж байгаа үйлдлийн төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ?
Тав. Намуудыг татан буулгая
Өнөөдөр монголд улстөрийн намууд жинхэнэ утга учраа алдаж, үүргээ биелүүлж чадахгүйд хүрчээ. Бид хэн нэгний тайлбарыг сонсож бус бидний амьдралд мэдрэгдэж байгаа бодит үр дүнг л  хүлээдэг. Өнөөдөр Монгол орны төрийн эрхийг хамтран барьж байгаа МАХН, АН ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаар барахгүй, улам улмаар намыг удирдаж байгаа цөөн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж байна. Тэд өнөөдөр тэвчээртэй байж, бүгдийг ажиглаж мэдэрч байгаа ард олныг ” тэнэг мулгуу ”  мэтээр төсөөлж улам бүр улайран шунаж, ичгүүргүй аашлах боллоо.

Энэ байдал удаан үргэжлэх аваас, ардчилалын ололт, мөн чанар улам бүдгэрч монгол орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд ч хүрч болзошгүй. Тийм ээ! Одоо дахиад л өөрчлөлт, оюун санааны хувьсгал хийх цаг болжээ. Саяхан Э.Бат-үүлийн бичсэнчлэн, “хүчирхийллээр хийгдсэн хувьсгал, хүчирхийллийг төрүүлж, хүчирхийллээр л хамгаалагддаг” гэдэгтэй санал нэг байна. Хүч хэрэглэх бус, бүх зүйлийг эрүүл ухаанаар ойлгож, хууль ёсоор, шударгаар сөрж зогсон, өөрчлөхийг шаардах хэрэгтэй байна. Харин үүний тулд бид чин сэтгэлээсээ эвлэлдэн нэгдэх,  бие биенээ ойлгож, зөв сайн үйлийг дэмжих хэрэгтэй байна.
Дээрхи шалтгаануудын улмаас МАХН, АН-ыг татан буулгаж болохгүй юм гэхэд, энгийн шударга гишүүд , дэмжигчид гишүүнчлэлээсээ албан ёсоор татгалзах, уг намуудаас УЙХ, ЗГ бусад олон салбарт алба хашиж байгаа зөв бодолтой шударга албан хаагчид намдаа хариуцлага тооцох, өөрчлөх гэхчилэн олон боломжууд байгаа.
УЙХ д сонгосон гишүүдийнхээ ёс зүй, үйлдэл, хийж буй ажил, олсон хөрөнгө орлогыг шаардан тайлагнуулах боломж буй. Юу юунаас илүүтэй ард иргэд олон нийт, өөрсдийн эрх ашиг, монгол орны хөгжил, ирээдүйн төлөө эвлэлдэн нэгдэж, нэгэн санаа бодол эрхэм зорилгын төлөө чин сэтгэлээсээ зүтгэвэл, болохгүй бүтэхгүй зүйл огт үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болох юм.

Өдгөө монгол орны эрх мэдлийг гартаа авч, хувь заяаг гартаа атгаж байгаа МАХН, АН-ын олигархжсан бүлэглэлүүд гаднаа хүчтэй мэт харагдаж, олны айдсыг төрүүлж, болгоомжлолд автуулж байгаа ч угтаа живж буй хөлөг онгоц шиг байгаа. Угаасаа шударга бус  үйл, заль мэх, бусдыг хохироож өчүүхэн ашиг сонирхолд хөтлөгдөн мунхаглах үйлдэл заавал гэсгээл хүртдэг жамтай.
Өнөөдөр, лам нарыг хоморголон буудаж, сэхээтнүүдийг хэлмэгдүүлж , хөрөнгийг нь хурааж хүчээр нэгдэлжүүлж байсан 1937, 1950, 1960, 1970-аад он биш, шинэ зуун 2010 он. Үзэл суртал, сэтгэлгээний дарангуйлал, тэгшитгэсэн эрх бүхий социализм биш, хүний эрх, чөлөөт сонголт, шударга ёс дээр тулгуурласан ардчилалын эрин үе.
Нэгэн үе Манж Хятад, нөгөө үе ЗХУ-аас хараат байсан Монгол Улс биш, дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар Монгол Улс.
Ардчилсан Монгол Улсын чөлөөт иргэд бид өнөөдрийн сонголтоо өөрсдөө хийсэн. Сонголтынхоо зөв бурууг мэдэрч шүүн, хариуцлага тооцох, өөрчлөх, эрхээ эдлэх боломж та бидэнд буй. Бүх зүйлийг шүүж, буруутанг гэсгээх эрх ч адил буй.
Бүх зүйл өөр хэнээс, юунаас ч бус та бидний эв нэгдэл, эр зориг, эрүүл сэтгэлгээнээс шалтгаална.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-03-11

Share Your Thoughts