Хариуцлагын төлөө

Америкт оюутан солилцооны хөтөлбөрөөр буюу бидний нэрлэж байснаар Ж-1 визээр ирсэн оюутнуудын олонхи хэсэг нь монголдоо буцаж очоод тодорхой зохион байгуулалтад орж зуучлагч компаниуддаа зохих шаардлага тавьжээ.
Тэд энэ шаардлагадаа:

1. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх
2. Гаргасан алдааныхаа төлөө эцэг эх болон оюутнуудаас уучлал гуйх
3. Энэ хөтөлбөрт хамрагдснаар тодорхой хэмжээгээр хохирсон оюутнуудын хохирлыг барагдуулах
Тэд энэ шаардлагаа, бидний бэлтгэж Монголын НТВ-ээр гаргасан ” Монгол оюутнууд Америкт”баримтат нэвтрүүлэгт голлон үзүүлсэн “Open World”, ” Prince World”, ” Global leadership”байгууллагуудад хүргүүлж, хариуг тодорхой хугацааны дараа авч бас тодорхой хэмжээгээр шийдвэрт хүрсэн гэнэ. Ямартай ч тодорхой хугацааны дараа тэд тохиролцоонд хүрч компаниуд их бага хэмжээгээр асуудлыг шийдэж байгаа юм байна.
-“Open World” компани Атлантик хотод тэрэг түрж байсан оютнуудад ихэвчлэн 185$ буцаан олгож үүнийгээ 100$ нь ажилд зуучилсны, 85$ нь тэрэг түрэх зөвшөөрөл авсны төлбөр гэж тайлбарласан гэнэ. Харин тэд энэ асуудлыг зохион байгуулахад оролцсон оюутнуудад 600$ олгож “тайвшруулсан” гэнэ.
-“Global leadership” оюутнуудын хувьд сайн судалж гэрээгээ дүгнэж байж 300$ хүртэлх хэмжээний мөнгийг буцаан олгож байгаа гэнэ.
-“Prince World” зарим оюутнуудын хохирлыг барагдуулна гэж амалсан боловч яг одоогоор бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй байна. Харин тэд ирэх жил энэ хөтөлбөрт өөрийнх нь компанид бүртгүүлэн зуучлуулбал 700$-1000$ хөнгөлөлт үзүүлнэ гэж амалж байгаа бололтой.
Ямартай ч хууль дүрэм журмыг зөрчиж, хувийн ашиг завшаан хайж, оюутан залуусыг их бага хэмжээгээр хохироосон дээрхи компаниудад хариуцлага тооцуулж, шударга байдлын эхлэлийг тавих гэж хичээсэн бидний оролдлогын төгсгөл иймэрхүү.
Монгол орны ирээдүй болсон оюутан залуус өөрсдийн эрх ашгаа хамгаалж, асуудлыг гаргаж тодорхой шаардлага тавьж, бага боловч үр дүнд хүрч байгаа нь муу биш эхлэл. Аль ч улс оронд төрийн муу үйл ажиллагааг эсэргүүцэж, чин сэтгэлээсээ шаардлага тавьж тэмцэл хийн үр дүнд хүрдэг хамгийн хүчтэй хэсэг нь оюутан залуус байдаг. Энэ удаад эдгээр оюутнуудыг төлөөлж, хуулийн мэргэжлээр суралцаж байгаа болон нилээд идэвхтэй оюутнууд энэ ажиллагааг зохион байгуулсан юм. Тэдэнд талархахаас өөр яах билээ. Яг үнэндээ ихэнх оюутнууд гэртээ очоод л энэ тухай “мартаж”, асуудлыг гаргаж тавихаас “төвөгшөөж”, ямар нэгэн байдлаар өөрийн нэр төрөө “сэвтээхээс айж” байсан нь манай өнөөгийн оюунлаг залуусын харамсалтай жишээ байв.

Энэ хөтөлбөрт зуучилж, бага бус ашиг олж, асуудалд “монгол арга”аар хайнга хандсан дээрх компаниуд, гарцаагүй байдалд орсны улмаас, хариуцлага хүлээх шаардлагыг их эвтэйхэн байдлаар “аргалж” өнгөрөөж чадлаа. Тэд буруугаа хүлээж уучлал хүсэх шаардлагыг олон нийтийн өмнө биш, оюутнуудын өмнө “шивнэж”, асуудлыг зохион байгуулсан оюутнуудтай эхэндээ басамжилсан, эцэстээ зохицсон байдлаар харилцаж байв. Хохирлын мөнгийг барагдуулахын оронд “ирэх жил бидэнд хандвал…” гэхчилэн аргалах хандлага давамгайлж байв. Яг үнэндээ энэ жил хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын 10%-иас илүүгүй нь ирэх жилийн хөтөлбөрт хамрагдах дүрэм журамтайг ч хэлж өгсөнгүй. Бусдын итгэл эвдэж, ашиг завшаан эрэлхийлсэн атлаа ирэх жил дахиад хийнэ гэж амалж байгааг бодохоор “тэнэгийн дотор уужим” гэдэг үг санаанд орно. Тэдний зарим нь ирэх жилийн сурталчилгаагаа эхэлсэн бололтой. Яг үнэндээ эдгээр компаниудыг энэ хөтөлбөрт дахин оролцуулахгүй байхыг бид хүсч байгаа.
Хариуцлагын тухай бидний ойлголт болон хариуцлага хүлээдэг тогтолцоо иймэрхүү дүр зурагтай байна. Монголчууд бид хохирол гэхээр мөнгө л санаанд нь ордог. Яг үнэндээ худал амлалт, ятгалга бодит байдлын зөрүүгээс болж сэтгэл санааны шоконд орж, хүнд нөхцөл байдлын улмаас айж ичиж, зовж шаналж явсан сэтгэл санааны хохирлын тухай  нэг ч үг дуугарсангүй. Хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулж, үүний төлөө хариуцлага хүлээнэ гэдэг ойлголт хэзээ бий болох юм бол?
Дээрхи компаны захирлууд энэ асуудалд өөрсдийгөө өмөөрсөн, оюутнуудыг буруутгасан байдлаар хандаж ” за яахав нэг удаад та нарыг өрөвдөн харж үзлээ шүү”
гэх маягаар харьцаж байснаас бус оюутнуудтай чин сэтгэлээсээ ярилцан ойлголцож, энэ хөтөлбөрийг сайжруулах талаар бодол санаагаа солилцсонгүй. Тэд буруу зүйл хийсэн ч “бие тоосон” хэвээрээ байгаа нь ихэд “эрэмгий” шинжтэй.

Бид нэвтрүүлэгтээ “Open World” компанитай эрхэм хатагтай Оюунгэрэл ямар хамаатайг асуусан. Харин тэдний вэб хуудсанд байсан өөрсдийн зургаа татаж авсан нь энэ асуултын хариу юм болов уу? гэж ойлгогдохоор…

Ажил хийвэл дуустал
Бид анх энэ асуудлыг хөндсөндөө асуудлыг шуугиан болгоод орхих бус эцэст нь хүртэл бүрэн шийдэхийг зорьсон. Нийтдээ 5 орчим нийтлэл зөвлөлгөө бичиж вэб хуудсуудад болон монголын зарим хэвлэлд тавьж олон нийтийн анхаарлыг хандууллаа. Харин энэ бүх үйл ажиллагааг баримтжуулан “Монгол оюутнууд Америкт” нэртэй баримтат нэвтрүүлэг бэлтгэн монголын НТВ-ээр болон нилээд хэдэн цахим хуудсуудаар гаргаж асуудлыг тавилаа. Харин НТВ биднийг дэмжиж, үргэжлэл нэвтрүүлэгийг өөрсдөө санаачлан бэлтгэж гаргасан.
Энэ хөтөлбөрт хамрагдсан 200 орчим хүүхдүүдээс судалгаа авч бусад олон хүмүүстэй харилцаж, өөрсдийн нүдээр харж, уулзаж ярилцаж нилээд баримтуудыг цуглуулсан. Ж.Дарь эдгээр баримтуудыг нэгтгэж, өөрийн ажлынхаа зав чөлөөгөөр нилээд их цаг гарган байж, энэ хөтөлбөрийн дүгнэлт болон санал зөвлөмж болох 140 орчим хуудас баримт бичиг бэлтгэлээ. Бид АНУ-д байгаа монголын ЭСЯ-д эдгээр баримтаа хүргүүлэн тэдэнтэй хамтран энэ хөтөлбөрийг монгол оюутнуудад үр дүнтэй сайн байдлаар сайжруулах санал зөвлөмж болгон АНУ-ын төрийн Департмент болон спонсор байгууллагуудад, Монголын УИХ, ГХЯ, БСШУЯ болон бусад холбогдох газруудад хүргүүлэх гэж байна.
Бидний гол зорилго нь алив асуудлыг шүүмжлэн буруутгах бус, сайжруулах арга зам болон боломжийг хамтдаа ирж хайж, ажил хэрэг болгох явдал байлаа. Мэдээж их цаг хугацаа багагүй мөнгө зарцуулсан энэ ажиллагаагаа бид, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын зүгээс Монгол руу хандсан бодит ажлуудын хэсэг нь гэж үзэж байгаа. Асуудалд нилээд гүн оролцож, олон баримтууд цуглуулсаны хувьд энэ хөтөлбөрийг цаашид сайжруулах олон боломжууд болон зарчмуудыг нэрлэж байна. Товчхондоо:

-Энэ хөтөлбөрийн зорилгыг анхнаасаа зөв тодорхойлж, хаа хаанаа асуудалд бодитой хандаж байх хэрэгтэй байна. Энэ бол мөнгө олох хөтөлбөр биш, Америкт ажиллаж, амарч, аялах, энэ хугацаандаа Америкийн нийгмийн тогтолцоо, хөгжил, боловсролын хандлага зэрэг олон зүйлийг харж мэдрэх боломж олгоно гэсэн үг.
-Энэ бол ашиг олох хөтөлбөр бус нийгмийн чиглэлийн хөтөлбөр учраас оролцогч байгууллагууд нь ашгийн бус байх шаардлагатай. Ийм ч учраас энэ хөтөлбөрийн үндсэн зардал нь  2000$-2500$-оос илүүгүй байх боломжтой гэж бид үзэж байгаа юм. Түүнчлэн амьдралын боломж муутай айлын хүүхдүүдийг хамруулах зорилгоор зээлийн асуудлыг шийдэж болно.
-Гэрээ хийж байгаа талууд анхнаасаа эрх тэгш байж, асуудлыг зөвөөр ойлголцож байх хэрэгтэй байна. Ямарваа гэрээг зөвхөн цаас гэж үздэг, үүнд тэгтлээ ач холбогдол өгдөггүй бидний муу зуршил, энэ жил их тод мэдрэгдсэн. Өнөө цагийн аливаа харилцаа гэрээгээр зохицуулагддаг гэдгийг бид ойлгох цаг болжээ. Тийм болохоор гэрээ байгуулагч тал болон оюутнууд, эцэг эхчүүд ч энэ гэрээнд гол анхаарлаа хандуулах шаардлагатай.
-Аль болохоор энэ хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой байлгах зорилгоор мэдээллийг хамгийн ил тод байлгах төдийгүй үйлчлүүлэгч өөрийн хүссэн мэдээллээ авч байх боломжийг олгоно гэсэн үг. Хэрэв хүсвэл оюутан ажил олгогчоос өөрөө мэдээлэл авч тодруулах боломжийг олгох шаардлагатай.
-Оюутнуудад чиг баримжаа олгох сургалт зохион байгуулахдаа нөхцөл байдлыг маш сайн ойлгуулж, гарч болох ямарваа эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах, мөн хаана хандаж болохыг ч хэлж сургах учиртай. Тэр ч бүү хэл маш их мэдээллийг агуулсан гарын авлага материалыг ч бэлтгэж оюутнуудад өгөх боломж бий. Тэр мэдээлэлд ядаж зам харилцаа болон хоолны газар шаардлагатай үед хандаж болох утасны жагсаалт, хэрэг болох олон тэмдэглэгээг ч тусгах өгвөл сайн.
-Энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай үед оюутнуудад туслах, зөвлөлгөө өгөх тогтолцоог ч бий болгох хэрэгтэй байна. Зуучлагч компаниуд болон спонсор компаниуд бусад олон байгууллага болон хувь хүмүүс ч оролцож болох боломжийг олгоход зүгээр.
-Энэ хөтөлбөрт оролцох оюутнууд ч өөрсдийгөө бэлтгэх шаардлага тавих хэрэгтэй байна. Юуны түрүүн хэлний бэлтгэл, өөрийгөө авч явах чадвар, алив зүйлд хандах хандлага, цаашдын зорилго хүсэл тэмүүллийг ч анхаарах учиртай. Ядаж л энэ жилийнх шиг Америкт очоод “харлаж үлдэх” боломжийг ч зогсоох хэрэгтэй байна. Энэ үйлдэл нь цаашид Монголоос Америкт ирж ирээдүйн зорилго чиглэл, хүсэл мөрөөдлөө мэдрэх хүсэлтэй олон оюутнуудад муугаар нөлөөлж байгааг хаа хаанаа анхаарах цаг болжээ.
Ямартай ч  энэ ажилд зориулсан цаг хугацаа, сэтгэл зүтгэл шингэсэн бидний энэ хөдөлмөр, Монголын олон олон оюутнуудад сайн үр дүнгээ өгөөсэй гэж бид чин сэтгэлээсээ хүсч байгаа.

Бэлэгдэлийн төдий байгууллагууд
Саяхан Америкийн нэгэн их сургууль дээр оюутнууд жагсаал хийж, сургуулийн удирдлагадаа шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлага нь энэ сургууль дээр ажиллаж байгаа үйлчилгээний ажилчдын ажлын нөхцлийг сайжруулах, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтууд байсан гэнэ. Мэдээж энэ шаардлагыг хүлээж авсан. Оюутнууд гэдэг энэ нийгмийн оюунлаг гэгээлэг давхрага. Тэдний хандлагаас л улс орны хөгжлийн ирээдүйн чиг хандлага, мөн чанар, нийгмийн хөгжлийн алдаа оноо мэдрэгддэг. Яагаад гэвэл тэд ирээдүйд улс орны хөгжилд их хувь нэмэр оруулах болно.
-Монголын 1200 орчим оюутнууд энэ жил энэ хөтөлбөрт хамрагдан, хилийн чанадад эрх ашиг нь зөрчигдөн, зарим нь сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд тодорхой хэмжээгээр хохироод байхад Монголын Оюутны Холбоо гэгч байгууллага таг чиг. МАХН-ыг дагаж далдаганан, заримдаа марзан хэлбрээр улстөржиж, мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулж байдаг энэ байгууллага ямар зорилготой, чухам юу хийдэг нь тодорхойгүй. Оюутнуудад зориулсан нийтийн тээврийн хөнгөлөлттэй билетийн үнэн дээр “ажиллаж”, “мөнгө хийж” суудаг хэдэн нөхөд байдаг тухай оюутнуудаас сонсож байсан.
Энэ бүхнийг өөрчлөх цаг болжээ. Энэ л арчаагүй, зусар бялдуучлалын үнэр ханхлуулсан ийм байгууллага монголын олон оюутнуудын хүсэл мөрөөдөл, эрх чөлөөг боогдуулж байна. Харин өөрчлөхөд оюутнууд л өөрсдөө санаачлага гаргах хэрэгтэй болж байна. Мэдээж маш өөдрөг хүсэл мөрөөдөлтэй, өндөр мэдлэг чадвартай, үнэнч шударга олон оюутнууд байгаа. Бид монголын оюутнуудыг их өөрчлөлтийн түүчээ нь байгаасай гэж хүсч байна.

-НТВ-ийн бэлтгэсэн нэвтрүүлэгт БСШУ сайд Отгонбаяр, “энэ асуудал манай яаманд хамаагүй, зуучилсан компаниудын асуудал” хэмээн хээв нэг хариулж зогсоно билээ. Өөрийнх нь мэдэлд байгаа хонийг өөр нэгэн хариулж байгаад дутааж орхиход ” өө надад хамаагүй” гэж ханддаг малчин байхгүй. Асуудлын гол учирт бус алив хариуцлагаас зайлсxийдэг манай “удирдагчдын” төрх иймэрхүү.
Хариуцлага гэдэг хийж байгаа зүйлээ төгс төгөлдөр гүйцэтгэж, гаргасан өчүүхэн алдааныхаа төлөө сэтгэл нь зовж, үүнийгээ сайжруулахын төлөө хариуцлага хүлээх чадвар. Алдаа болгон муу муухай, бузар зүйл байдаггүй. Ямарваа алдаа өөрийн ажил хэргээ сайжруулах илүү олон боломжийг олгодог.
Энэ хөтөлбөрт “үйлчлэгч болон үйлчүүлэгч” гэдэг талаас нъ хэн ч хандсангүй. Хэрэгчлэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хэн ч ярьсангүй. Энд л бидний алдаа оршиж байна.
Компаниудын хариуцлагаа хэрхэн хүлээсэн тухай оюутнуудын сэтгэгдлийг асуухад “Оргүйд орвол охинтой үлдлээ” гэж хариулж байна билээ.
Ямар уудам юм бэ? Монголын тал нутаг
Ямар уужуу юм бэ?  Монгол хүний сэтгэл

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-10-24

Share Your Thoughts