Хар гэртээ хаан, бор гэртээ богд

…Би ажлаасаа гэртээ ирэхдээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Миний гэр, миний хувьд өөрийнхөө эрх дураар байж болох цорын ганц орчин, бас цорын ганц боломж. Би ажлаас ядарч, гэртээ ирээд усанд орж, хоолоо хийж идээд, зурагтынхаа өмнө, эсвэл компьютерийнхээ ард сууж байхдаа л өөрийн үнэ цэнэ болон эрх чөлөөг жинхэнээр мэдэрнэ. Би гэртээ юу хүссэнээ л хийдэг.

Яагаад гэвэл энэ миний л гэр
Бид өөрийн гэртээ ямар ч өнгө будаг, зусар зулгуй үггүй өөрийнхөөрөө байдаг. Бид хэн нэгэнд таалагдах, хэн нэгэнд сайн хүн гэдгээ нотлох, хэн нэгэнд сайхан харагдах гэж хичээхгүйгээр зөвхөн өөрийнхөө үнэн төрхөөр байх боломж нь бидний гэр. Бид өөрийн гэртээ л яг эхээс төрснөөрөө, өөрийн  төрөлх араншингаараа, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө байж чаддаг. Тэгэхээр бидний гэр орон бидний эрх чөлөө.

Бид энэ ертөнцөд болон нийгэмд бусад олон хүмүүс болон бусад олон зүйлстэй хамтад ажиллаж, амьдардаг. Энэ бол нийгэмшил. Бид энэ орчинд зөвхөн өөрийнхөөрөө байх эрхгүйгээр барахгүй тодорхой хууль журамд захирагдана. Энэ бол нийгэмшилийн хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл чи өөрийн дураар байж болно, гэхдээ бусдын эрх ашигт муугаар нөлөөлөхгүйгээр шүү дээ. Хэрэв чи өөрийнхөө дураар байх этгээд хүсэл тань бусдын эрх ашигт харшилж байвал, хууль дүрмийн дагуу чи эрхээ хязгаарлуулна гэсэн үг. Яагаад гэвэл, чи энэ ертөнцөд цор ганцаар биш болохоор.
Харин гэртээ бол өөр өө. Тэр бол таны өөрийнхөөрөө байж болох цор ганц орчин.
Гэхдээ энэ орчинд миний эрх гээд эхнэрээ зодоод, хүүхдүүдээ дарамтлаад байж бас болохгүй. Хүн болгон гэр бүлийн орчиндоо өөр өөрийн эрх үүрэгтэй. Харин ч таны харилцах хүрээ арай бага орчинд та зохицуулахад арай амар гэдэг ч юм уу.
Монголчууд эрт үеэс л “Хар гэртээ хаан, бор гэртээ богд ” гэдэг хэллэгээр гэр бүлдээ байх таны байр суурь үнэлэмжийг тодорхойлж өгчээ. Та улсад хаан, бас богд байх боломжгүй хэдий ч гэртээ энэ эрх үүргийг өөртөө авч байх боломжийг тань өгүүлсэн хэрэг. Гэр бүл гэдэг бас л бичил орчин, тусгаар улс. Тэр улсад шийдвэр гаргадаг “ерөнхийлэгч”, санхүүг зохицуулж байдаг “сангийн сайд” бас гадаад бодлого, ауюлгүй байдлын зохицуулалт гээд олон асуудал байдаг тухай Монголын хошин шогийнхон нэгэнтээ үзүүлж байсныг санаж байна.

Гэр бүл тусгаар орчин
…Миний багад хөдөө суманд их найр болж, хүмүүс ч их ууцгаадаг байсан сан. Найр болгоны төгсгөлд тэр сумандаа “агсам” гэх тодотголтой хэн нэгэн айл айл хэсэж агсам тавьж гэр орныг нь түйвээдэг байж. Түүнийг нь бүгдээрээ байх л үзэгдэл мэтээр хүлээн авч гэр орноо түйвээлгэчихээд маргааш нь “баалах” төдийгээр өнгөрөөнө. Өшиглөж унагаалгасан зуухаа янзлаж, эвдэлж хэмхэлсэн авдар саваа засч, талаар нэг тарааж хаясан эдлэлээ цуглуулж байхдаа, ” хнн, энэ монш засрахгүй нээ, нутгийн нэр баастаад” хэмээн хамар доороо гуншигнан үглэх. Талаар нэг тарсан амьдралд энэ нь зугаа гаргах үзэгдэл байж болох.

…Харин өдгөө цагт хэн нэгэн гэр бүл хэмээх тусгаар орчинд нэвтэрч басxүү өөрийн дураар авирлах нь мөнөөх л “хамтын амьдрал, хамтын хөдөлмөр”-ийн үлдэгдэл гэмээр. Айлд орж ирчихээд хэрэгт дурлаж, авдар савыг нь онгичих нь холгүйгээр авирлаж,өөрийн юм шиг эдлэлийг нь үзэж бас сонжиж, зөвлөлгөө өгч, бусдад мэдээлж явдаг базаахгүй зуршил өнөө хэр ч арилаагүй байгаа. Бид ч бас адилдаа, өөрийн өрх гэр өмч хөрөнгөө “нийтийн” юм шиг сэтгэж, өрөөл бусдад сонжуулж байх юу ч билээ. Та болон танай гэр бүлийнхэн сонгож авсан л бол тэр зүйл хэнд ч хамаагүйгээр барахгүй, бас хүртээлгүй. Энэ бол танай гэр бүлийн хүсэл сонирхлын илэрхийлэл төдийгүй, өрөөл бусдад заавал таалагдаж байх ч алба үгүй.
…АНУ-д гэр бүлийг ихэд хүндэтгэн үздэг. Хэрэв гэрийн эзний зөвшөөрөлгүйгээр энэхүү дархан газарт дур зоргоор халдах аваас тэд шууд л буудах эрхтэй. Үүний төлөө тэд ямар ч хариуцлага хүлээхгүй. Учир нь энэ бол тэдний хүвийн өмч хөрөнгө төдийгүй дархан цаазат газар нь. Энд тэд дураараа байж болох бөгөөд, өрөөл бусдын халдлага сонирхлоос ангид байх боломжийг төр нь олгож, хамгаалж байдаг.
Сургуульд хамт суралцдаг гадаад найз нь америк найзаасаа шөнө болсон хойно гэрт нь очихыг хүсчээ. Гэтэл америк найзынхаа татгалзсаныг үл хайхран хашааг нь давж орсны улмаас найздаа буудуулан амь насаа алдсан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Хоёр орны харилцааны асуудал хөндөгдсөн боловч, ямар ч тохиолдолд өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн хамгаалалт, энэ хэргийг гэр бүлийн аюулгүй байдлын төлөөх ухаалаг шийдвэрийг гаргахад хүргэсэн. Энэ бол мундаг жишээ. Төр нь иргэдээ хамгаалдаг сонгодог жишээ.  Энэ дэлхийд хэн ч хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ. Гэтэл Монгол оронд минь болж байгаа сүүлийн үеийн хэрэг явдал нэг л биш ээ.

Монгол орон миний нэг гэр бүл, бас орон зай минь
Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн гол шуугиан нь Монгол улсад гэрээгээр ажиллаж байгаа хятадууд, зөрчлийн улмаас шаардлага тавьсан Монгол Улсын цагдаад халдаж тэднийг гэмтээж, хохироосон явдал. Энэ талаар Бэсүд овгийн Ж.Отгонбаатар өөрийн сэтгэлийн эмзэглэлээ бичиж интернет сайтууд дээр тавьсан байсныг санаж байгаа байх.
Хэдийгээр гадаадад ажиллаж амьдарч байгаа ч бидний нэгэн гэр орон минь Монгол орон. Монгол төдийгүй аль ч орон олон олон гэр бүлүүдээс бүрддэг. Бид хэдийгээр гадаад оронд ажиллаж амьдарч байгаа ч энэ оронд хууль дүрэм журамд хатуу захирагддаг. Энэ орнуудад бидэнд зориулсан тусдаа хууль дүрэм байдаггүй ч, бүгд л тэр орны хууль дүрмийг чанд сахих болно. Учир нь хэдийгээр хууль дүрэмд тодорхой заагаагүй ч, ямар нэгэн маргаантай асуудалд тэд өөрийн орны иргэний эрх ашгийг илүүтэй хамгаалдаг. Маргах аргагүй энэ үзэгдэл нь өөрийн гэр бүлээ хамгаалах оролдлогын нэгэн илэрхийлэл. Тиймдээ ч бид хууль дүрэм журмыг зөрчихгүй байхыг хичээнэ. Энэ бол бичигдээгүй хууль.Тэд үндсэн эзэд, харин бид “зочид” . Тэд үлдэнэ, бид явна.
Гэтэл Монгол оронд минь энэ нь эсрэгээрээ харагдаад байна. Нэг биш удаагийн ийм үйлдлүүд Монголд замхраад л байх юм. Өнгөрсөн хавар Дорноговийн Айраг суманд болсон хууль бус үйлдлийн төлөө хэсэг шуугиж байгаад чимээгүй болсон. Хэн ямар хариуцлага хүлээсэн тухай ямар ч мэдээлэл үгүй. Шуугиан дэгдээж олны анхаарлыг хандуулсан хүмүүс ч чимээгүй. Бидний энэ хөөргөн байдал дээр л гадныхан “ажиллаад” л байнаа. Хэсэг шуугиж байгаад чимээгүй болдог энэ үйлдлийн цаана мөнгөний наймаа яваад байгаа юм шиг санагдаад байх.

“Монголчууд яах вэ? хэсэг шуугиж байгаад, их мөнгө өгөхөөр чимээгүй болж орхино” гэж үйлдэлдээ дадсан хятадууд инээлдэж суувал яах вэ? Хэн хэнд их мөнгө өгч энэ шуугианыг дарж байгааг бид мэдэж төсөөлөх ч үгүй. Зэрэглээ мэт замхарч байгаа олон олон шуугианууд нэгийг өгүүлж, үүнийг батлах мэт. Энэ удаад бид энэчлэнгээр худалдаж орхивол дараагийн удаад үүнээс ч ноцтой зүйл гарахгүй гэх баталгаа үгүй мэт. Энэ удаад хүрз заазуураар зэвсэглэсэн хятадууд дараагийн удаад автомат, пулематаар зэвсэглэн халдвал яах вэ?
Хөрш орны харилцаа гэдгээр Монголын төр засаг чимээгүй өнгөрвөл, энэ байдал илүү ноцтой болноо. Хэрэв үүний төлөө юу ч болоогүй мэт өнгөрөөх ахул Монгол Улсын ерөнхийлэгч Ц. Элбэгдорж, УЙХ-ын дарга Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, өөрийгөө шударга гэж өөрөө тодорхойлдог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар ажлаа өгвөл таарна. Монгол орны тусгаар тогтнол, монгол хүний үнэ цэнийг ийм байдлаар хамгаалахгүй ээ. Өндөр хөгжилтэй аль ч оронд гадаадын  халдлагад өртсөн иргэнийх нь амь нас юутай ч зүйрлэшгүй үнэтэй байдаг юм. Энэ бол гэр бүлийн болон тусгаар тогтнолын баталгаа байдаг. Төр өөрийн цагдаагаа бусдаас илүү хамгааөлах учиртай.
Бидэнд их мөнгө өгч тусалж байгаа ч Хятадын засгийн газар биднээс заавал уучлал хүсч алдаагаа засах ёстой. Энэ бол олон Улсын мөрддөг хэм хэмжээ. Яагаад бид ийм дорой арчаагүй байх ёстой гэж?
Бид чинь Монгол гэдэг нэгэн тусгаар Улс, Монголчууд хэмээх олон олон гэр бүлээс бүрдсэн монгол гэр бүлүүд билээ. Бид дэлхийн  олон Улс гүрнүүдээс ялгаа нь үгүй билээ. Би ч та ч яг л адил монгол аугаа өвөг дээдсийн удам угсаа билээ.
Монголчууд бид бүгдээрээ хар гэртээ хаан, бор гэртээ богд байх эрхтэй билээ. Гагцxүү үүнийг хэн ч өнгө мөнгөөр арилжих эрхгүй. Яагаад гэвэл бид туурга тусгаар монгол орны эзэд билээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2010-08-27

Share Your Thoughts