ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДОНО

.

Сайнжаргалын Энхсайхан

“Америк дахь Монголчууд” цуврал ярилцлага-21

Нэг. Намтрын товчоон

– 1978 Эрдэнэтийн 1-р сургууль
– 1978-1984 Украйны Харьковын Инженер-Эдийн засгийн дээд сургууль
– 1984-1989 Статистикийн Төв Газрын Тооцоолон Бодох Төв(ТБТ) программ зохиогч
– 1989-1990 онд Японд, Ази Номхон далайн орнуудын статистикийн институт
– 1990 – өнөөг хуртэл Нэгдсэн Yндэстний Байгууллага(HYБ)-д ажиллаж байна.

Хоёр. Сургуулийн жилүүд

-Г.Галбадрах: Хаана төрж, бага насаа хаана үдэв дээ?

-С.Энхсайхан: Би хөдөө төрсөн. Аав ээжийгээ дагаж 2 настайдаа Улаанбаатар хотод орж ирсэн юм билээ. 1-р ангидаа 4-р сургуульд орсон. Тэр үед 4-р сургууль “туршилтын” нэртэй лаборатори маягийн сургууль байлаа. Тэр уеийн бага сургууль буюу 4 жилийн програмыг 3 жилд багтааж заах буюу 3-р ангиас шууд 5-р ангид дэвшyyлэн оруулах туршилт хийж байсан юм билээ. 2-р ангид нь орос хэл зааж байсныг санаж байна.

-Г.Галбадрах: Тэгээд туршилтаар анги алгасан “үсрэв” үү?

-С.Энхсайхан: 2-р ангиа төгсөөд шууд 5-р анги руу “үсэрсэн” дээ. Ээж Ичинхорлоо туршлагатай багш тул тэгэж шийдсэн юм, дээр нь би математикийн хичээлдээ их сайн сурч байсных. 5-р ангидаа жаахан хүүхэд орчихоод хичээлээ бичдэггүй, сонсоод л тогтоодог байж билээ. Учир нь хурдан бичиж дадаагуй байж дээ. Хичээлээ бичихгүй тогтоодог байсан нь одоо бодоход тархинд ой тогтоолтын сайн дасгал болж байсан юм шиг билээ.

-Г.Галбадрах: Тэр ч харин тийм талтай шүү.Одоо харин энэ талаар нилээд сул байгаа. Үржүүлэхийн хүрд цээжлэхгүй, тооны машинаар бодохоор хүүхдийн ой тогтоолт яаж ч хөгжих билээ. 10-р ангиа хаана төгсөв дөө?

-С.Энхсайхан: 5-р ангиадаа 33-р сургууль руу шилжиж, 9-р ангидаа 5-р сургуульд суралцаж, 10-р ангиа Эрдэнэтийн 1-р 10 жилийн сургуулийг төгссөн.

-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд?

-С.Энхсайхан: 10-р ангиа төгсөөд ОХУ-ын Эрхүүгийн ИС-д мэдээллийн системийн чиглэлээр суралцлаа. 1-р курсээ төгсөөд Украйны Харьковын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд шилжиж суралцаад 1984 онд төгсөв.

Хоёр. Статистикийн Төв Газарт

enkhsaikhan1

-Г.Галбадрах: Харьковт төгсөөд Монголдоо мэргэжлээрээ ажилласан уу?

-С.Энхсайхан: Харьков-т дээд сургуулиа төгсөөд Статистикийн Төв Газар (СТГ) -ын Тооцоолон Бодох Төв(ТБТ-)-д программ зохиогчоор ажиллаа. Тэр уед, ТБТ нь Тооцоолон бодох Электрон Машин (ТБЭМ) нэртэй нүсэр том 2-3 mainframe компьютертэй, олон программчидтай, мэргэжлийн сайхан газар байлаа. Анх байгуулагдахдаа, ЗГ-ын бодлогоор УБДС-ийн математикийн ангийн оюутнуудаас сонголт хийж нилээд хэдэн оюутнуудыг Беларусын Минск хотод ТБЭМ-ны программын чиглэлээр бэлтгэсэн юм билээ. 1-2 жил тэнд хэрэглээний программ COBOL, PL/1 хэлууд дээр том
машинууд дээр боловсруулж суутал, Personal Computer (PC) манайд орж ирэв. Тэр үед РС -г хүмүүс тэгтлээ ойлгож тоохгүй, тоглоом тоглодог машин гэж уздэг байлаа. Нээрээ ч миний анхны програм Apple-IIc дээр бичсэн тоглоомын программ байсан. Анхны IBM PC XT гэдэг машин дээр бол голдуу ажлын чанарын программ хийнэ. РС -г ингэж судлахад англи хэлний мэдлэг л их тусад оров.

-Г.Галбадрах: Тэгэхээр ямартай ч англи хэлний мэдлэгтэй байж дээ?

-С.Энхсайхан: Би дунд сургуулийн 2-р ангид байхдаа аавын сурах гэж цуглуулсан пянз, ном ашиглан англи хэлийг сонирхон судалж байсан. Харин дээд сургуульд суралцаж байхдаа англи хэлний курст суралцсан. Төгсөж ирээд ажиллаж байхдаа МУИС-ийн англи хэлний курст орж суралцав. Мэдээллийн текнологийн хөгжил их хурдацтай болж, мөн заавар номууд нь мөнөөх л англи хэл дээр. Тэр үед англи хэлний мэдлэгтэй мэргэжилтэн цөөхөн байлаа.
Одоо бол байдал ондоо болж байна, дэлхий ойртон жижгэрч байна. Жишээ нь монголчууд номоо англи хэл дээр бичээд дэлхийгээр нэг зарж байна шyy дээ. Apple-iin iTune гэдэг AppStore дээр хэрэгтэй ‘app’ (хэрэглээний программ) бичээд тавихад дэлхий даяар авна. Тэр Интернет лангуунд бyртгyyлэхэд $100 байдаг. Одоогоор хагас сая ‘app’ бyртгэгдээд зарагдаж байна:http://www.apple.com/iphone/built-in-apps/app-store.html. өөрөөр хэлбэл дэлхий нэгэнт хавтгай болжээ – Энэтхэгийн тосгонд төрсөн хyн Америкийн Баруун эрэг дээрхи “Silicon Valley”-д ажиллаж амьдрах болжээ. Энэ талаар “NY times”-ийн
нийтлэлч Thomas Friedman сайхан ном гаргасан.

-Г.Галбадрах: Энэ их хурдац, өөрийгөө хурдан хөгжүүлэхийг шаардаж эхэлсэн байх?

-С.Энхсайхан: Тэр үед СТГ-ын орлогч даргаар ажиллаж байсан Гэндэнбаатар гуай надаас MS-DOS version 1.0 номыг гуйж авч сонирхлоо. Гэтэл 7 хоногийн дараа 2-р эмнэлгээс намайг дуудуулдаг юм байна. Намайг яваад очтол Гэндэнбаатар гуай нөгөө номыг англи хэлнээс монгол руу орчуулчихсан “чи үүнийг үзээд сайн редакторлоод, ном болгоод хэвлүүлчих, номоо борлуулахаар ашгаас нь аваарай” гэлээ. Би тyyнээс та англи хэлтэй юм уу гэж асуухад тэрээр “Би сайн мэдэхгүй, тэгэхдээ ах нь Англи-Монгол толь хийсэн хүн дээ” гэж билээ. Би тэр үед үнэхээр гайхаж
бас бахархсан. Гэндэнбаатар дарга урьд нь “Англи орос толь бичиг” ашиглаад мэдээлэл-холбооны салбарт зориулсан “Англи-орос-монгол толь бичиг” зохиосон байж. Түүнийгээ ашиглаад нөгөө номыг орчуулчихсан байсан. Би тэндээс л “хүний сэтгэлгээнд хязгаар үгүй, бас хүсвэл юу ч хийж болох юм байна” гэдгийг маш сайн ойлгосон доо.

-Г.Галбадрах: Тэгээд номоо хэвлүүлэв үү?

-С.Энхсайхан: Бид эхний номоо хэвлүүлж ядаж байтал DOS-ийн дараагийн хувилбарууд (v.2, v.3) гараад явчихваа. Гэхдээ би эндээс “алив зүйлийг шалтаг тоочилгүйгээр шууд , шуурхай хийж байх хэрэгтэй” гэдгийг нэмж ойлгосон. Энэ бол мэдээллийн энэ зуунд асар хэрэгтэй зарчим. Үүний дараа би компьютерт анхны крилл үсгийн монгол фонт боловсруулдаг систем хийлээ. Өмнө нь Ш. Баатар (одоо San-Francisco-д байгаа) фонт уншигч хийсэн байсныг илүү боловсронгүй болгон фонт засварлагч бий болгов. Үүнийг хэрэглэн Ундэсний Тооцоолох Төв-ийн NCC стандардыг
боловсруулж ажиллагаанд оруулав. Нэг угээр хэлбэл тэдний компьютеруудийг монгол хэлтэй болгов. Дараа нь Монголын Хүн Амын Нэгдсэн бүртгэлийн зарим программийг РС дээр хийлээ. Нэг ёсондоо би өөрийгөө дайчилж байв. Гэхдээ л цаашид илүү хөгжих шаардлага гарсаар.

-Г.Галбадрах: Мэдээж цааш илүү хөгжих боломж тань гадаад ертөнц байсан байх л даа?

-С.Энхсайхан: CТГ-ын Хүн амын регистрийн асуудал хариуцсан дарга нартай хамт Скандиновын орнуудаар явах боллоо. Тэдэнд орчуулагч хэрэгтэй байснаас гадна би явж PC networking судлах сонирхолтой байсан. Тэр үед намайг англи хэлтэй болохоор НҮБ-ийн харилцааг хариуцуулсан байсан юм. Энэ аялал НҮБ-ийн шугамаар байсан болохоор би өөрийн санал хүсэлтээ НҮБ-д бичлээ. Гол нь жижиг компьютер болох РС-г сyлжээнд оруулан хyн амын мэдээллийн систэм хийдэг туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. НҮБ-ээс мэргэжилтэн ирж надтай уулзахад
нь би өөрийн хийж байгаа ажлаа үзүүлж танилцуулав. Гэтэл тэд миний РС дээр хийсэн бүртгэл мэдээллийн программуудыг ихэд сонирхож, “чи үүнийгээ манай байгууллагад хийж өгч чадах уу?” гэж асуусан. Тэр үед НҮБ бүх мэдээллээ нөгөө л том оврын ТБЭМ-дээр хийдэг байж л дээ. Тэгээд би тэр аялалын бүрэлдэхүүнд орж Скандинавын орнуудаар явсан юм.
-Г.Галбадрах: Тэр цагт социалист орнуудаас хөрөнгөтөн орон руу туршлага, тэр тусмаа хүн амын нэгдсэн бүртгэлийн талаар судлах гэж явж дээ?

-С.Энхсайхан: Тэр үед хөрөнгөтөн орнуудаар явах бүрэлдэхүүнийг МАХН-ын ТХ баталдаг байсан юм. Тэр аялалд явах байсан таван хүнээс 2 мэргэжилтнийг хасч баталсан байсан. Уг нь НYБ болон цаад орнууд нь бүх зардлыг нь даачихсан онгоцны билет ирyyлчихсэн байсан. Манайд байсан систем нь ‘тоталитари’ маягийн байснаас биш жинхэнэ социализм коммунизм биш байжээ. Бид юмыг өнгөрсөн хойно ойлгох юм. Yүнийгээ өөрчлөх, өнөөдөр ч гэсэн бид өөрсдийгөө “зөв явж байна уу” гэж асуух хэрэгтэй болж байна.
1987 онд тэгж Скандинавын 3 орноор Хүн Амын Нэгдсэн Бүртгэлийг яаж хийдэг талаар судлав. Тэд болохоор бидэнд “хүн амын мэдээллийн нэгдсэн системийн ажиллагаанд хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах” талаар үзүүлж сургах гээд байдаг, бид болохоор программ болон техникийг нь илүү сонирхоод байдаг. Эдгээр орнуудад хүн амын бүртгэлийг эрт дээp уеэс ( 16-р зуунаас) сүмүүд нь хариуцаж хийсэн юм билээ. Гэр бул бологсод, шинээр төрсөн хүүхдүүд болон нас барсан хүмүүсийн ёслол сүмд хийгддэг байж. Бас энд тэндээс шилжиж ирсэн хүмүүс нь
эхлээд сүмдээ бүртгүүлдэг байж л дээ. Харин орчин үед хүн амын бүртгэл/регистэр, ерөнхий бодлого болон хяналт нь Сангийн Яамандаа төвлөрнө. Энэ тогтолцоо татварын системтэйгээ холбоотой гэж байв.

-Г.Галбадрах: Миний бодоход энэ их чухал асуудал юм. Монголд ингэж хийж болдоггүй юм болов уу?

-С.Энхсайхан: Манайд хийж эхэлсээн. Ер нь мэдээлэл тэр дундаа хүн амын болон татварын мэдээлэл бол ямар ч орны хувьд маш чухал. Манай орон наяад оны дундаас эхлэн хүн амын мэдээллийн систем хийж эхэлсэн. Наяад оны суулээр иргэдийг регистрийн дугаартай болгосон шуу дээ. Удахгуй иргэдийг цахим үнэмлэхтэй болгох гэж байгаа. Ер нь тэгээд Хүн амын Нэгдсэн бүртгэлээс гадна хувь хүний мэдээллийн нууцлал болон түүнийг хамгаалах тодорхой хууль дурмийн орчинг бий болгох нь чухал.
Өмнөд Солонгост татварынхаа системийг улам боловсронгуй болгоод татварын байцаагч хувь хүн болон компаны санхүүчтэй нүүр тулан уулзахыг болиулснаар татварын байцаагч нарын авилгалыг устгаж улсын орлого нь өссөн гэнэ билээ. Компани болон хувь хүмүүс татварын мэдуулгээ 100 хувь Internet-ээр өгөөд, татварын байгууллага тэр мэдээллийг тусгай программаар болон эчнээгээр шалгаад л. Үүнийг нэвтрүүлэх юм бол манай улсад ч гэсэн орлого нэмэгдуулэх боломж бий юм шүү.
Yyнээс гадна тэр замаар иргэдээ бүрэн компьютержyyлж, түүнийг тойрсон ‘service industry’ (Internet service газрууд, Интернет кафе-нууд, Татварын, Хуулийн болон Мэдээллийн системийн компани-ууд) бий болох юм.

-Г.Галбадрах: Бас өөр орнуудаар явж судалсан уу?

-С.Энхсайхан: 1989 онд Японд суралцахаар явлаа. Энэ удаад Ази Номхон далайн орнуудын статистикийн сургалтын байгууллагын шугамаар. Сургалтын явцад орон бүхэн туршлагаасаа хуваалцана. Тэр уед монголын Хүн амын бүртгэлийн системийг орон нутгийн захиргаа болон эмнэлгийн бүртгэл дээр түшиглэн нилээд сайн хийсэн байсан. Maнaйд бол хүн амын тооллогыг өдөр бүр хийх ч боломжтой гэхэд Азийн бусад орны статистикийн салбарийнхан нилээд гайхаж сонирхож байв. Бид энэ талаар Азидаа тэргүүлж байжээ. Энэтхэг улс бүх хүндээ регистрийн
дугаар олгож тyyгээр дамжуулан тэдэндээ банкны данс нээж өгөх ажлыг одоо л эхэлж байна.

-Г.Галбадрах: Японд байхдаа өөр орнуудын талаар судлав уу?

-С.Энхсайхан:Энэ байгууллагын дэд захирал Японы эрдэмтэн Ишида сан энэ талаар гайхалтай лекц уншсан. Бyр 50-иад оны сyyлээр Японы засгийн газар “Input-Output table” буюу улс орны хөгжлийг олон арван жилээр төлөвлөдөг математик-статистикийн аргачлалыг нэвтрүүлжээ. Тэрээр 25 насандаа энэ системийг боловсруулах Японы засгийн газрын Товчоог тэргүүлж ажилсан юм билээ.Энэ систэмийг Орос гаралтай Америкийн эрдэмтэн Василий Леонтев 1949 онд нээж, түүгээрээ Нобелийн шагнал хүртсэн юм.
Япон орны эдийн засагийн салбруудын гаргаж байгаа бүтээгдэхyyн мөн тухайн салбарт шаардагдах хөрөнгө оруулалтын хoорондын уялдааг 100х100, сүүлд нь 400х400 гэсэн матрицийн нарийвчлалаар хийжээ.
Одоо бол Японд 4000х4000 болон түүнээс ч том матрици дээр хийж засгийн газрын зохицуулалт, хөрөнгө оруулалт, үнийн болон татварын бодлогоо явуулдаг гэж байсан.
Ямар ч орон хөгжихдөө, аль ч газрын дэвшилтэт технологийг нэвтрyyлэх, тоног төхөөрөмж, машин текникийг хуулбарлан хийх замаар хөгждөг. Анхны нэхмэлийн машины текнологийг Америк орон 18 дугаар зууны эцсээр Англиас хулгайлaн, хөдөө аж ахуйн орноос аж yйлдэрийн орон болох гараа нь эхэлсэн гэдэг. Японууд 1905 онд Англиас анх удаа машин оруулж ирээд 150 удаа задалж угсраад, жилийн дараа машины үйлдвэртэй орон болсон баримтууд бий.
Манай хойд хөрш ийм замаар хөгжсөн, урьд хөрш бас л ийм замаар явж байна. Азийн орнууд, Тайланд, Малайзи, Солонгос бас ийм замаар саяхан л хөгжлөө.

Гурав.НҮБ-д ажилласан жилүүд
M2.2

-Г.Галбадрах: НҮБ-д хэзээнээс ирж ажилласан юм бэ?

-С.Энхсайхан: Японд сургуулиа төгссөний дараа 1990 онд НҮБ-ээс намайг ирж ажиллахыг санал болгон урьсан. Тэгээд л ирсэн дээ. НҮБ-д ирээд aнхны Дэлхийн тоо баримтын (UN Statististical Yearbook 92, 93, 94) CD-ROM уудыг хийлээ. 1994-1995 онд НYБ-д сар бyрийн мэдээллийн Вэб хуудсыг (Monthly bulletin of Statistics) хийлээ. Тэгээд 1996 онд НYБ-ийн энхийг сахиулах байгууллагын шугамаар Bosnia явж ажилласан. Сараевод дайны дараах сэргээн босголтын жилүүдэд нь ажиллав.

-Г.Галбадрах: Сараево-ын талаар жаахан дэлгэрэнгүй ярьж болох уу?

-С.Энхсайхан:
Сараево 1984 оны өвлийн Олимпийн хот. Одоо бол Bosnia-Herzegovina-гийн нийслэл. Манай УБ шиг дөрвөн уулын дунд байдаг сайхан хот. Хүн ам нь 1991 онд УБ -тэй адил 500 мянга байснаа дайны дараа 300 мянга болж буурсан .
Удтал үргэлжилсэн дайны эцэст 6 улс болон задарсаны нэг нь Босни-Герцоговина улс. Югославын удирдагч Б.Тито-г нас барснаас хойш задрал явагдсан юм билээ, угтаа бол нэг хэлтэй хүмүүс шүү дээ.
Анх очиход дэлхийн 2-р дайны дараа Европ-ийн хот иймэрхүү байсан байх гэж бодогдсон. Гэтэл 4-5 жилийн дараа хотоо бүрэн засаад тохижуулаад авчихсан. Maнaй Улаанбаатарыг Европын хотын хэмжээнд аваавчихад иймэрхүү л хугацаа хэрэгтэй. Манайд Европи болон Америкийн стандартыг нутагшуулж эхэлж байгаа нь маш зөв алхам.
Социалист системийн орнуудаас Югослав opoн коммунизмыг жинхэнэ утгаар нь байгуулж байсан юм билээ. Яг Карл Маркс-ийн зааснаар Капиталыг бий болгогч ажилчид нь үйлдвэрийн жинхэнэ эзэд нь байж. Yйлдвэрийг удирдахад ардчилалтай байж. Газар, тоног төхөөрөмж нь улсынх ч гэсэн, aжилчид жинхэнэ эзэд нь байж, хурлаараа үйлдвэрийн удирдлагаа сонгоно, бас өөрчилнө. Yйлдвэрийн зорилго нь ажилчдын аж байдлыг сайжруулахад чиглэнэ. Йзрайлийн ‘kibbutz’ системтэй нилээд төстэй.
Югослав-т бүр 70-aad оноос айл болгон хувийн 2-3 давхар байртай, 2 машинтай (ихэвчлэн өөрийн үйлдвэрийн “Юго”). Би бас хөдөө нутгаар нь нилээд явсан л даа, бас л нөгөө 2-3 давхар стандарт байшингууд. Миний Босни найз ярихдаа “энэ бол Австри дахь Альпийн тосгоны стандарт байшинг Югослави-д хэрхэн амжилттайгаар нутагшуулсаны үр дyн” гэж тайлбарлаж байсан. Тосгоны эрчүүд цуглаад нэг weekend-ээр буюу хагас, бутэн сайн өдрөөр 2 хоногийн дотор ийм байшинг бyрэн угсардаг гэж байсан. Ямар дарааллаар барьдаг болон хаана нь хэдэн тоосго ордгийг
бараг хyн бyр мэддэг аж. Манайхан гэрээ барьдагтай ижил юмуу даа гэж бодогдсон. Одооны тyргэн хотжилт тyyнийг дагасан утаашилт хурдацтай болж байгаа Монгол оронд нутагшуулж болохоор дулаан, сайхан байшин.
Ер нь манай УБ хот дох утаа гаргагчид бол нийт дэлхий даяар явагдаж байгаа хотжих хөдөлгөөний л нэг хэсэг. Одоогоор 150 мянган айл байгаа бол 2-3 жилийн дараа 200 мянга болох төлөвтэй юм билээ. Тэр их хүчийг зөвөөр зохион байгуулбал манай улсын ирээдүйн хөгжлийн хөдөлгүүр болох боломжтой.
Дэлхийн орнуудын туршлагууд бэлээхэн байна. Энэ нь иргэдийг байртай болгох, цахилгаан, цэвэр бохир усны болон интернет-ийн сүлжээнд оруулах явдал юм.

-Г.Галбадрах: Энэчлэнгээр НҮБ-ийн төсөл хэрэгжүүлэх гэж гадаадын олон орноор явж байв уу?

-С.Энхсайхан: Төсөл хэрэгжүүлэх болон энхийг сахиулах чиглэлээр Африк, Арабийн хойг, Ази болон Европ-ийн олон орноор явж ажилласан.

-Г.Галбадрах: НҮБ -д нийтдээ хэдэн монголчууд ажилладаг болон тэд ямар чиглэлээр ажилладаг талаар ярьж болох уу?

-С.Энхсайхан: НYБ-ын олон оронд байгаа салбар төвүүдэд нийтдээ зуугаад хyн ажиллаж байгаа. Мөн энхийг сахиулах чиглэлээр ажиллаж буй манай армийнхан, цэрэг цагдаагийн мэргэжилтнүүд, нарийн мэргэжлийн зөвлөхүүд болон дипломат ажилтнууд оролцоод хэдэн зуугаараа ажиллаж байгаа нь, энэ байгууллагад Монголчуудын оруулж байгаа их хувь нэмэр юм.

Дөрөв. Бусад олон сонирхолтой асуудлууд

-Г.Галбадрах: Мэдээж дэлхийн нэр хүндтэй байгууллагад олон жил ажиллаж, олон орноор явж байсан болохоор харьцуулах, санаа авч хэрэгжүүлж болох олон санаанууд байгаа байх. Хүний хөгжлийн талаар таны санаа бодлыг сонсвол?

-С.Энхсайхан: АНУ-ын эрдэмтэн Маслов “Хүний хэрэгцээний пирамид”-ыг зохиожээ. Түүнд дурдсанаар Хүний хэрэгцээ пирамид хэлбэртэй 5 тyвшинтэй гэнэ.1. Хүний анхдагч хэрэгцээ буюу физиологийн хэрэгцээ. Энэ ангилалд хүнийг амьд явахад шаардлагатай бүх л хэрэгцээ багтдаг аж. Хооллох, хувцаслах, идэх, унтаж амрах гэхчилэн. 2. Хүний амгалан тайван байх хэрэгцээ ордог аж. Амьдрахын тулд ажилтай орлоготой байх, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх, айдас дарамтгүй амьдрах боломж болон гэр бүлтэй болох, үүн дээр нэмээд өөрийн гэсэн мораль \ёс
суртахуун\-тай болох гэхчилэн. 3.Хүмүүстэй холбогдох хэрэгцээ. Энэ ангилалд гэр бүл, найз нөхөд болон өөрийн гэсэн хүрээлэл ордог гэнэ. Нэг ёсондоо бусад хүмүүсийн хувьд өөрийн гэсэн орон зайгаа бий болгох явдал юм. 4.Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ. Энэ ангилалд өөртөө хэр итгэлтэй байх, өмнөө зорилго тавин түүндээ хүрэх чадвар,бусдыг хүндэтгэж, бусдаар өөрийгөө хүндэтгүүлэх чадвар багтана. 5.Энэ дээд шатанд бусдын төлөө гэх хэрэгцээ ордог аж.
Нэг ёсондоо доод шатнаас өөрийгөө хөгжүүлж, өөрийн гэсэн моралиа бий болгож, өөрийн гэсэн асуудлаа шийдэж чадсаны дараа бусдад туслах, тэдэнд сайнаар нөлөөлөх чадварыг авч үздэг байна. Тэгэхээр хувь хүмүүс үүнийг өөрийн хөгжлийн хөтөлбөртөө тусган ашиглавал тустай зyйлийн л нэг. Нэгэн гyн ухаантан хэлсэн байдаг “Ухаантай хүн насаараа л өөрийгөө хөгжүүлдэг” гэж.

-Г.Галбадрах:
Мэдээж хүн болгон энэ ертөнцөд амьдарч байгаа болохоор янз бүр л байдаг. Гэхдээ хүн болгон л сайхан амьдрахыг хүсдэг нь нууц биш.

-С.Энхсайхан: Энэ талаар Brian Tracy гэдэг Канадад төрсөн АНУ-ын бизнесмэн 11мянга орчим саятангуудыг судлан сайхан ном гаргажээ. Тэрээр дүгнэлт хийж, ‘NO EXCUSE – The Power of Self-Discipline’ номондоо бичихдээ “Хүн болгонд маш их боломж байдаг хэрнээ ямар нэгэн зүйлийг хийхгүй байх ШАЛТАГ-ийг олдог” гэжээ. Нэг талаар монголчуудын хэлдэг “Ажил хийх хүнд арга нь олддог, ажил хийх дургүй хойрго хүнд шалтаг нь олддог” гэдэг үг л үүний тайлал юм даа. Хүн болгон л сайхан амьдрахыг, амжилттай байхыг хүсэцгээдэг. Харин үүнийхээ төлөө зүтгэхээс татгалзах
шалтгийг олдог бол хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Харин шалтаг бодож ололгүйгээр шууд л ажил хэрэгтээ ороод явчихдаг хүмүүс ямагт амжилтад хүрдэг аж.
-Г.Галбадрах: Тийм ээ, би наад үгтэй тань санал нэг байна. Харамсалтай нь зарим залуус амар хялбар аргаар сайхан амьдрахыг мөрөөддөг.

-С.Энхсайхан: “Заавал туулах ёстой замаар явж, бүхнийг өөрөө хийж үзэх хэрэгтэй” гэж Brian Tracy хэлсэн байдаг. Тууний хэлснээр “Хүн богино, дөт замаар явах тусмаа буруу болдог” гэнэ. Энэ нь нэг талаасаа уйгагүй байж, бага ч гэхгүйгээр юм болгонд суралцаж байхыг зөвлөсөн байдаг. Хүн болгон л ийм байж, бие биедээ сайнаар нөлөөлж байвал монголчууд бид амархан хөгжинө.
Johns Hopkins-ийн ИС д багшилдаг Francis Fukuyama гэдэг эрдэмтэн “улс орон хөгжихөд хүмүүсийн бие биедээ итгэх итгэлцэл өндөр түвшинд байх нь сайнаар нөлөөлдөг” гэж бичсэн байдаг. Иргэд нь бие биедээ итгэх итгэлцэл дээд цэгтээ байдаг гэх үзүүлэлтээр Япон, Герман, АНУ гэж дараалдаг юм билээ. Хүн бүр өөрийн тyвшинд худлаа ярьдаггүй, хэлсэн амандаа хүрдэг, хариуцлагатай байна гэдэг л хөгжлийн хамгийн чухал зарчим аж.
Африкийн нэгэн эдийн засагч эрдэмтэн хэлсэн байдаг “яагаад Африкийн улс орон маш их газрын баялагтай, үржил шимт хөрстэй, дулаан сайхан уур амьсгалтй мөртлөө одоо хир хөгжиж чадахгyй байна вэ?” гэж. Тэрээр өөрийн асуултанд хариулахдаа, “Африкчууд “шалтаг” олохдоо гаргуу сайн” гэнэ, мөн “хүн хүндээ итгэх” итгэлээр дэлхийн орнуудын сyyлийг мушгидаг юм байна.

-Г.Галбадрах: Oнөөгийн Монголын минь байдалтай төс байна уу?

-С.Энхсайхан: Италийн Vilfredo Parito гэдэг эрдэмтэн Европийн хямралуудыг судалж л дээ. Эндээс 80/20 гэдэг харьцааг гаргажээ. Тухайн орны хүн амын 20-иос бага хувь нь баялгийн 80 хувиас ихийг эзэмшиж байгаа тохиолдолд хямрал гараад байсныг олж тогтоожээ. Ийм үзэгдэлд хээл хахууль, хууль бус үйлдэл их нөлөөлдөг гэнэ. Үүн дотроос авилгал дэлхий нийтийн хэмжээнд анхаарал татаж байна. АНУ-д авилгал авсан болон өгсөн хүний аль нэг нь буруугаа хүлээгээд ирэхэд тэр хүнийг “буруугүй” гэж үздэг жишиг бий. Монголд энэ мэтчилэнгээр хуульчилбал
авилгалыг бараг л устгана даа.
Энэ энгийн хуулийг боловсруулж батлахгyй байгаа нь одоо байгаа “төлөөлөх ардчилал” манайд олигтой ажиллахгуй байгаагийн гэрч. Сонгуулийн саналыг яагаад заавал ёроолдоо нууц давхрагатай модон хайрцаг дотор авах ёстой юм бэ? Афганистан, Пакистан мэтийн орнуудад доторхи нь ил харагдах циллиодон хайрцганд авч байхыг ТВ-ээр харсан биз ээ. Манай орны хувьд бол дээрхи авилгалын эсрэг зарчимыг бүх нийтээр санал хураах замаар шийдэж болно. Яг л 1945 онд манай тусгаар тогтнолыг бүх нийтийн санал (референдум) -аар шийдсэн шиг.
Швейцарийн “шууд ардчилалын” туршлагыг манайд нэвтpүүлэхэд ихэд боломжтой. Тэр оронд хууль дурмийг иргэдийн шууд саналаар баталдаг болжээ. Манайд ийм “шууд ардчиллын” систем нэвтруулэх бурэн болoмжтой бөгөөд хэт улс төржиж байгаа өнөө үед бүр ч хэрэгтэй “эм тан” нь байж болох юм.
Тойрог бүрт баталж өгсөн 3 тэрбум төгрөгөөр тойргийн 20 мянган иргэд бүрийг таблет компьютэрээр хангах бүрэн боломжтой дээр улдсэн мөнгөөр нь тэднийг Internet-ед холбон 76 е-Тойрогтой болгох замаар хийнэ. Ийм таблет компьютерийг $50-аар энэтхэгийн нэгэн компани зарж эхэлжээ. Ийм систем нэвтрүүлснээр хөдөөгийн иргэд Интернет-эд холбогдож, хот хөдөөгийн “дижитал ялгаа” арилах сайхан боломж нээгдэнэ. Хөдөөгийн иргэд, бизнесууд хэрэгтэй мэдээллээ шуурхай авдаг болж, е-Банк, е-Зах, е-Тээвэр, е-Татвар, е-Гаали, е-Даатгал хөтөлбрууд aяндaa
биелэлээ олох юм.

-Г.Галбадрах: Алив зүйл нууцлаг бас ойлгомжгүй байх тусмаа олон нийтийн хардлагыг дагуулдаг.

-С.Энхсайхан: Тийм шүү, мэдээлэл нууцлаг байх тусам л хүмүүст хуурч мэхлэх боломжуудыг олгодог. Энэ талаар нааштай зүйлүүд хийгдэж байгаа. Саяхан манайд мэдээллийг иргэдэд хүргэх болон мэдээллийн хамгаалалтын хууль батлагдсан. Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд заавал ил тод байлгах хэрэгтэй. Яг үүн шиг. Уул уурхайн үйл ажиллагааг олон нийтэд ил тод ойлгомжтой байлгаж, иргэдийн зүгээс хяналт тавих боломжийг нь олгоxод болно.

-Г.Галбадрах: Тэгэхээр ийм тогтолцоотой болохын тулд хүмүүсийн сэтгэхүй болон хөгжилд илүү анхаарах хэрэгтэй болно.

-С.Энхсайхан: Монголын боловсролд нэг алхам хийх хэрэгтэй гэж санагддаг юм. Бүх суралцагчиддаа монгол хэлний хичээлээр Монгол ардын зүйр цэцэн үгсийг эхлээд цээжлүүлж, дараа нь задлуулан тайлбарлаж, тэдний оюун ухаанд шингээж өгмөөр.
Монгол ардын зүйр цэцэн үгс чинь монголчуудын олон жилийн оюун ухааны их далай.Тэр чигээрээ Монголын философи, гүн ухаан. Энэ гүн ухаан л Монголын залуусын зөв сайн ёс суртахууныг бий болгож чадна. Үүнээс гадна “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар” зэрэг туулисууд, олон үлгэрүүдийг судалж сургах хэрэгтэй байна. Түүнчлэн монголд орж ирсэн олон шашны номлолыг заавал монгол хэл дээр уншиж байхаар хуульчилахад л монголчууд олон зүйлийг харьцуулан сайн ойлгодог болно. Монголчууд бид өөрсдийн өв соёл, зан заншлаа сайн мэдэх
тусмаа бидний оюун санаанд муугаар нөлөөлж байгаа “халдлага”-аас хамгаалах “дархлаа” -тай болно шүү дээ.
Олон улсуудын түүхээс харахад, материаллаг зүйл нь цагийн аясаар устаж алга болж байхад оюун санааны их баялгууд нь мөнхөд үлдсэн байдаг. Ямартай ч өнөө цагт монголчууд бид аугаа түүх, өв соёлоо зөв сайнаар сэргээж залуустаа өвлүүлэх нь хэрэгтэй болжээ.

-Г.Галбадрах: Тэгэхээр энд Монголын Төрийн ухаалаг бодлого хэрэгтэй байна гэж хэлж байнаа даа.

-С.Энхсайхан: Тийм ээ, Гэхдээ манай өнөөгийн нөхцөлд улс төрчид Төрийн тогтолцоогоо ард түмэнд буруу ойлгуулаад байгаа юм.
ТӨР гэдэг бол хууль тогтоож, хэрэгжүүлэлтийг дүгнэж цэгнэж байх байгууллага. ЗАСАГ гэдэг нь гуйцэтгэгч, хэрэгжуулэгч байгууллага. Эдгээр нь тусдаа байж л Төр нь Засгийн Газрын уйл ажиллагааг хянана. Төрийн төлөөлөгч болох Улсын Их Хурлын гишуун Засгийн Газарт сайд болоод байж огт болохгуй нь илт байгаа биз дээ.
Монголын хувьд энэ тогтолцоо буруу байгаагаас өнгөрсөн 20 жилд улс орон бус хувь хүн л их хөгжжээ. Баян ядуугийн ялгаа хэт их болж байна. Ядуу хүнийг баян болгох арга нь “газар өг, дээр нь байшингаа бариг, тэгээд тэр хөрөнгөө барьцаалж бизнес эхлуулэх” зарчим, өөрөөр хэлбэл бүх хүмүүсээ өмчтэй болгох явдал.
Өнөөдрийн Улаанбаатарын утааг арилгах гол арга нь иргэдээ орон сууцжуулах явдал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Манайд иргэдээ боловсон байржуулж, цахилгаан халаалтанд оруулах 2 арга байна: (1) 1000 айлын 40 давхар сууц 80-100 тэрбум төгрөгийн үнэтэй босно гэхэд, УБ-д 200 ийм байрны цогцолборт 18-20 их наяд төгрөг хэрэгтэй болно. Энэ нь манaй улсын одоогийн төсвөөс даруй 3 дахин их тоо. (2) Харин иргэдийг одоо байгаа газар дээр нь байр барихад улсаас туслан цэвэр бохир усны сүлжээгээр хангах, орой болон шөнөдөө хямдруулсан
цахилгаанаар хангахад улсаас жил бур 1их наяд төгрөг гарган 3-4 жилийн дотор шийдвэрлэх бурэн болмжтойг бусад орны жишээнүүд харуулж байна. Энэ төсөлд 1.5 их наяд төгрөгийн өртөг бүхий 800-1000 мегаватт-ын цахилгаан станц багтаж орсон болно. Одоо гаргаж байгаа бүх цахилгааны хэмжээтэй ижил тийм хyчин чадлын цахилгаан станц хотоос хол, нуурсний уурхайг түшин барих юм.
Монголчууд аравт, зуут, мянгат зохион байгуулж хучирхэгжиж байсан сайхан жишээ бидэнд бий. Одоо ч гэсэн, гэр хорооллыг тэр маягын зохион байгуулалтад оруулж, 100 айл дундаасаа 1 барилгын компани байгуулан өөрсдийгөө эхлээд байр, гудамж, хуухдийн ясли, цэцэрлэг, тоглоомын талбай, томчуудын спорт амралтын газруудыг байгуулж, улмаар 1000 айл дундаа бизнэс болон дунд сургууль, соёлын төвийн барилга байгууламжаа хийх зэргээр өөрөө өөрсдийнхөө амьдрал аж байдлыг өөд нь татах юм. Ингээд л 3-4 жилийн дотор 2000 жижиг дунд уйлдвэр бизнес
шинээр төрж, 150-200 мянган ажлын байр бий болох боломж бүрдэнэ.
Хүний нийгмийн хөгжлийн түүх бол эцсийн дүндээ технологийн хөгжлийн түүх байдаг юм билээ. Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, уурын машин, дотоод шаталтат хөдөлгүүр, атомийн энерги, автомашин, зам гүүр, байр орон сууц, хоол хүнс тэжээл, өмсөх хувцас гээд бүгд технологийн үр дүнд буй болж тухайн улс орны хөгжил ард түмний хэрэглээ, ахуй хангамж, амьдралын түвшинг тодорхойлж байдаг. Технологийн хөгжлийг дагаж бас оюуны асар их өсөлт хөгжилт явагдаж байдаг.
Манайд ч гэсэн энэ замыг сонгож, зөв чиглүүлж, боловсон хүчнээ сургаж чадвал манай өргөн хэрэгцээний бараа, машин техникийг үйлдвэрлэх улмаар экспортлох салбруудтай болох боломжууд нээгдэнэ. Жишээ нь Эрээн хотын гэр бүлийн жижиг үйлдвэрүүд манайхны хэрэгцээг хангаж байгаа шиг бид өөрсдийн хэрэгцээг хангаад улмаар Буриад, Сибирийн хэрэгцээг хангаж яагаад болохгуй гэж?.

Монголын баялаг, газар нутаг монголчуудыг өөрийнхөөрөө хөгжиж, сайхан амьдрахад хүрэлцэнэ. Бидэнд “шууд ардчилал”, “ил тод засаглал”, “хүн хүндээ итгэх итгэлцлэл” дээр нь “технологийн хөгжил дэвшилийг монгол оронд нэвтрүүлэх” ажлыг “шалтаг эрэлгүй” эхлүүлэх л үлдээд байна.

-Г.Галбадрах: НҮБ -д ажиллаж дэлхийн маш олон орноор явж, олон орны хөгжил дэвшил болон сүйрэл уналтыг ажиглан мэдэрч байдгийн хувьд таны яриа маш сонирхолтой байлаа. Ховор хомс цагаасаа хугаслан байж надтай чин сэтгэлээсээ ярилцсан танд их баярлалаа. Монгол хүн бүр монгол орны цаашдын зөв хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж байгаа энэ цаг үед энэ яриа олон хүмүүст нэгийг бодогдуулах байхаа. Танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг ерөөж амжилт хүсье.

-С.Энхсайхан:
Цаг зав гаргаж намайг зорин ирж уулзаж ярилцсанд их баярлалаа. Монгол хүн бүр л Монгол орныхоо төлөө ихийг бодож бас их зүйлийг хийж бүтээхийг хүсч байгаа. Сэтгэл байвал тус, хувь нэмэр багадахгүй. Бас хүн болгон ямар нэгэн зүйлд шалтаг тоочихгүйгээр дор бүрнээ хийж чадах зүйлээ хийж, өөрсдийгөө хөгжүүлж байвал Монгол орон хурдан хөгжинөө. Монголчууддаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Бас эрүүл энх байгаарай.

…С.Энхсайхан бид 2-ын яриа нэг л мэдэхэд Монголын хөгжлийн тухай боломжийн тухай сэдэв рүү орсон байлаа. Ажлынх нь тухай асуултад тэрээр “НҮБ-ийн тухай бараг хүн болгон мэднэ дээ, хүмүүс тэртэй тэргүй энэ тухай их уншиж байгаа” хэмээв. Харин яриандаа миний бичиж байгаа зүйлийг уншсан тухайгаа дурдаад санаа авахуйц сайхан зөвлөлгөө өгсөнд түүнд маш их талархаж байнаа. Дэлхийд нэр хүндтэй энэ байгууллагад ажилладаг олон монгол залуусын нэг болох С.Энхсайхан болон түүний гэр бүл, хамтран ажилладаг монгол залуустаа эрүүл энх
болон ажлын амжилтыг хүсэн ерөөе. Та нар мундаг шүү

Share Your Thoughts