Хичээл энэ чинь маш амархан бас хөгжилтэй \цуврал-03\

Монголын боловсролын салбaрын шинэчлэлд зориулсан цуврал-3
Дунд сургуульд суралцаж байхдаа маш олон хичээл үзэж судалж байсан хэрнээ, өнөө эргээд санахад амьдралд тэгтлээ хэрэг болж байгаа нь цөөхөн.
-Бараг 10 жил шахам монгол хэлний хичээлээр монгол хэлний дүрэм болох эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч, гээгдэх ба гээгдэхгүйн дүрэм гээд л судалсан. Үүний шалгуур болгож залхатлаа цээж бичиг , зохион бичлэг бичлээ. Одоо хэр нь бид олон янзын ном уншихдаа эгшиг, гийгүүлэгч болон тийн ялгалуудыг төдийлэн анзаарахгүйгээр уншаад, утгыг нь ойлгоод л байх. Харин бүтэн 10 жил монгол хэлээ судалсан хэрнээ монгол хэлээрээ зөв, утга төгс ярьж сураагүй, өөрийн бодол санаагаа бусдад ойлгуулах гэж ээрч мууран хахаж цацна. Ядахнаа л хэрэгтэй баримт бичиг төлөвлөж. өргөдөл хүсэлт бичиж сурсангүй бусдыг гуйж суух. Хүн утга төгс , оновчтой, уянгалаг яруу сайхан ярьж сурахад хамгийн их хэрэг болдог уранзохиолын хичээлийг нь БСШУ-ны сайд байхдаа Болормаа хасуулсан дуулдсан. Тэгэхлээр монгол хэлний хичээл нь хэл шинжлэлч бэлтгэх зорилготой болж үлдэх шив дээ.

-Математикийн төрлийн хичээлүүдийг дунд сургуульд хамгийн хүнд гэдэг тодорхойлолтод оруулна. Энэ сургаар ихэнхи сурагчид сэтгэлээр унаж, хичээгээд ойлгохын оронд, хэцүү гэсэн шүү гэдэг бодлоор өөрийгөө “дарамтална”. Эцэс төгсгөлгүй гаргалгаа, баталгаа, теоромуудаас өдгөө хэдэн хууль, синус, косинус гэх мэт нэрүүд санаанд үлджээ. Өөртөө хэрэгтэй тооцоонуудаа хийхдээ үл мэдэгчтэй тэгшитгэл, язгуур хэрэглэхгүй болохоор “юунд тэгтлээ биднийг зовоож байсан юм бол” хэмээн хааяадаа гайхах. Харин амьдралд тулгарч байгаа янз бүрийн асуудлуудад олон хариу олж гарцаагүй зөвийг нь хэрэглэдэг болохоор бас ч бодлого бодож сурсны ач байх гэж бодно.
-Газарзүй, амьтан ургамал судлалын нэртэй байгаль судлалын олон хичээлүүдээр энэ дэлхийн 5 тивийн газарзүйн тогтоц, амьтан ургамлыг бишгүй судалж, Африкийн халуун шугуйд анааш болон арслан заан амьдардаг, Австралийн усан тивд кенгру байдаг гэдгийг муугүй мэднэ. Гэсэн хирнээ насаараа амьдарч байгаа өөрийн аймаг, хот, сумынхаа газарзүй, амьтан ургамлыг төдийлэн мэдэхгүй. Угтаа бол миний амьдарч буй нутгийн хаана нь ямар гол ус, ямар ургамал амьтан байдгийг бас түүх домгийг нь мэдэж баярхаж бас гайхуулж баймаар.

-Дүрслэх урлагийн хичээлээр чадах чадахгүй, сонирхолтой сонирхолгүйг нь үл харгалзан мэргэжлийн зураач нарт зуруулдаг натюрморт, эсвэл сэдэвт зураг зуруулаад суулгачихна. Харин дуу хөгжмийн хичээлээр солгой хоолойтой дуулах дургүй байсан ч сонирхлыг нь харгалзахгүйгээр самбрын өмнө гаргаж, нийтийн өмнө дуулуулах гэж тарчлаан зовооно. Сайн дурын уран сайханч эсвэл мэргэжлийн зураач бэлтгэх гэж буй янзтай. Дэлхийн болон монголын сонгодог урлагийн бүтээлүүдийг судалж, гайхан биширч, сэтгэл санаагаа ариусган, муу муухай бүхнийг сэтгэлээс нь арилгаж байх учиртай гоо сайхны боловсрол олгох зорилготой хичээлүүд маань нэг иймэрхүү.

-Хөдөлгөөний эвсэл, бие бялдрын хөгжил муутай хүүхдүүдийн хувьд биейин тамирын хичээл, авьяастай бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүдэд шоолуулж, дарамтлуулах шалтаг нь болно. Энэ хичээлээр спортын зэргийн норм биелүүлэх гэж бус өсч хөгжиж буй залуу бие махбодийг хөгжил, хөдөлгөөний зөв дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт явагдаж баймаар. Материаллаг нөхцөл муу гэдгээр шалтгаалан спорт тоглоом ихэвчлэн тоглуулдаг энэ хичээл бас л үт дүн муутай. Ядахнаа л биеэ зөв авч явах, хувцсаа зөв тохируулан өмсдөг болгон сургахад тусалмаар.
Иймэрхүү жишээг одоо судалж байгаа бүх хичээлүүд дээр дурдаж болно. Ололт амжилт багагүй ч өнөөгийн монголын боловсролын салбрын гол алдаа нь судалж буй хичээлүүд нь хоорондоо уялдаа муутай, олгож буй мэдлэг нь амьдралд хэрэглээ болдоггүйд байгаа юм. Хэрэглээ, хэрэгцээ болж чаддаггүй хоосон мэдлэг хэзээ ч хүүхдийн сонирхлыг татаж, сурч мэдэх их хүслийг бадраадаггүй.
Уйтгартай хичээл.
Манай сургуулиудын хичээл хэт загварчлагдсан. Бас хэт албадлагын шинжтэй.
Багш болон тухайн хичээл өөрт нь таалагдахгүй, сонирхолгүй байхаас үл хамаарч суралцагч заавал хичээлд сууж байх үүрэгтэй.
-Багш хичээл заахаар ангид орж ирмэгц сурагчидтай мэндлээд хичээлээ заана. Багшийн өөдөөс харсан олон эгнээ ширээний ард сууж буй сурагчид хариу мэндлээд багшийн яс төлөвлөсөн дарааллаар хичээлд оролцоно. Багш ханан дахь самбарт цэрдээр зурж бичиж, бодож, тайлбарлана. Зааж байгаа зүйл нь сурагчдад тарааж өгдөг сурах бичигт үг үсгээрээ байдаг болохоор сурагчдад нэг их сонирхолтой биш. Хэрэв хүсвэл хичээлээ тараад гэртээ очиж сурах бичгээ уншихад бүх зүйлийг ойлгоод л авна.

-Багш тухайн сэдвээ зааж дуусмагц, сурагчид хэр зэрэг ойлголт авсныг шалгахын тулд ёс юм шиг асууна. Ердөө л сая өөрийн ярьж тайлбарласан зүйлээ эргүүлэн асууж, давтан яриулж буй хэрэг шүү дээ. Энэ богино хугацааны шалгалт сайн дүн авч, үнэлэмжээ тооцуулахад хэрэгтэй учраас л сурагчид эргэцүүлж бодож, эргэлзэж тээнэглэзэхгүйгээр тоть шиг давтан ярихад суралцана. Зарим тохиолдолд саяын суадласн сэдэвтэй холбоотой дасгал, дадлагын болон хяналтын ажил хийх боловч материаллаг нөхцөл муугийн шалтгаанаас энэ нь бас л үзэг цааснаас нэг их илүү гарахгүй.
-Багш заасан сэдвийн явцад сурагчид хэр ойлгосныг хянах, ойлгоогүй сурагчдад туслах зорилгоор сурагчидтай тулж ажиллах боловч энэ нь ихэвчлэн тааруухан сурлагатай сурагчдад чиглэнэ. Энэ хугацаанд оюуны чадавар сайтай, сайн сурлагатай сурагчдад хийх ажил олдохгүй, уйдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тааруухан сурлагатай сурагчдаа уг сэдвийг ойлгож авахыг хүлээнэ гэсэн үг. Ийм нөхцлүүд авьяас чадвартай олон сайн сурагчдыг зан харилцааны талаар эвдэж бас оюуны залхууралд оруулж байгаа нь нууц биш.
-Монголын боловсролын салбрын өөр нэг том алдаа нь тааруухан сурлагатай сурагчидтай сайн ажиллаж, сайн сурлагатай, авьяас чадвартай сурагчдаа хөгжих боломжийг нь хязгаарлан тогтоож, ингэснээрээ суралцагсдыг бүгдийг нь нэгэн хайрцагт сургадагт оршино. Энэ бол бүх сурагчдад яг адил сэдвийг адил аргаар зааж сургах оролдлогын илрэл юм. Сонголт, өөр олон хувилбар байдаггүй энэ тогтолцооны муу үр дагавар нь энэ юм.
Чухам ийм байдлаас л сурлага сайтай хэн нэгэнд ч сурлага муутай хэн нэгэнд ч хичээл уйтгартай байдаг юм даа.

Загварчлагдсан заах арга
Багш нар заах хичээлээ төлөвлөж, бэлтгэлээ базааж, заах аргаа сонгох нь бас л загварчлагдсан байдаг. Сургуулийн удирдлагууд багш нарын хичээлийн бэлтгэлийг тооцож, хэр зааж байгааг нь хичээлд нь суун хянаж, хэр сургасныг нь шалгалт авч шалгана. Ийм үедээ тэд аль нэгэн багшийн үр дүнтэй заах аргыг хуулбарлан дуурайж, амжилт үзүүлэхийг багш нараас шаардана.Нэгэн үе олон олон сайн багшийн “тэргүүн туршлага”-ыг заавал дуурайн эзэмшиж “гэрчилгээ авахыг шаардаж шахаж байв даа. Ингэхдээ тэд багш нар хэзээ ч давтагдашгүй өөрийн онцлогтой бие хүн, өөр өөрийн арга барил, өөр өөрийн итгэл үнэмшилтэй гэдгий тооцолдоггүй. Алив шинэлэг арга барилын санааг авч өөрийн онцлогтоо тохируулан хэрэглэж болохоос бус бусдыг сохроор даган дуурайж амжилтад хүрнэ гэж байдаггүй. Ийм хөдөлгөөний үрээр олон багш нарын өөрийнхөөрөө ажиллах боломжийг хязгаарлаж, өөртөө итгэх итгэл, урам зоригийг хугалсан.
Ийм хэт загварчлагдсан байдлын улмаас багш нар хичээл заахдаа, өөрсдөдөө болон өрөөл бусдад төвөгтэй байдлыг бий болгодог. Одоо дунд сургуулиудад математик, физик, хими, гадаад хэл зэрэг хичээлүүд “хүнд хэцүү”, дүрслэх урлаг, дуу хөгжим, биейин тамирын хичээлүүд “гол бус”, монгол хэл, түүх нийгмийн ухаан, байгаль судлалын хичээлүүд “амархан’ зэрэглэлд багтаж энэ хэрээрээ ялгавартай хандаж байгаа нь нууц биш. Хамгийн хүнд хэцүүг нугалдаг бага ангийн багш нарыг ч төдийлэн хүндлэхгүй байх нь бас бий. Гол нэрийн хичээл заадаг багш нар бусад багш нараа нилээд дорд үзсэн, их зантай, дуу өндөртэй байх нь ч ажиглагддаг.
Хичээл бүр чухал. Бүгд л хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэхэд адил нөлөөлдөг болохоор гол ба гол бус гэдэг ойлголт бүр үгүй. Багш бүр өөр өөрийн онцлогтой, авьяастай, өөр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, хүмүүжилтэй болохоор заавал бусдыг дуурайх албагүй. Хичээлээр ямар мэдлэг чадварыг ямар арга барилаар яаж суралцагсдад олгох ны багшийн эрх. Харин тэднээс бид бодит үр дүнг шаардах эрхтэй.

Амархан бас хөгжилтэй хичээл
Хичээлийг ямар байлгах нь багшийн авьяас ур чадвараас ихээхэн хамаарна. Хичээл бол маш амархан бас хөгжилтэй гэдэг ойлголтыг суралцагсдадаа өгөхөөс эхлэх хэрэгтэй байна. Хичээлээ сайн ойлгоогүй сурагчид хандан “Энэ чинь тун амархан” гэж хэлж урам өгч байх нь их чухал.
-Хичээлийн цаг бол хүүхдийн хувьд танин мэдэхүйн цаг. Энэ цаг дээр сурагчид багшийн яриа тайлбарыг анхааран сонсож, асуулт тавьж бас маргалдаж, уг сэдвийг олон талаас нь судалж өөрийн гэсэн ойлголттой болж байх учиртай. Гэртээ хариад ч өөрийн ойлголтын зөв буруугаа сурах бичгээс уншин нотолж, эцэг эхтэйгээ санал бодлоо хуваалцаж байхад сургах нь тун хэрэгтэй. Олж авсан мэдлэгээ амьдрал дээр туршиж, үр дүнг нь мэдэрч байх нь хүүхдийг хичээлдээ дуртай байх, олон шинэ зүйл мэдэх хүслийг нь төрүүлж байх болно.
-Багш хөмсгөө зангидан, өндөр дуугаар зандарч бус энгийн ойлгомжтой, заримдаа шог хошин байдлаар сурагчадад мэдээлэл өгч тэдний бодол санааг сонсож, өөр олон зүйл рүү чиглүүлэн өдөөлт өгч байх нь хичээлийг сонирхолтой болгох эхлэл. Хичээлийн явцад ч багш сурагчид илэн далангүй байж, бие биеэ хүндэлж байх нь бас чухал. Хичээлээ сайн ойлгоогүй, эсвэл даалгавраа хийж чадаагүй бол багшдаа үнэнээ хэлж тэр цаг дээр бие даан хичээллэх гэх мэт. Эцсийн бүлэгт хичээл бол залхаан цээрлүүлэх цаг биш, суралцагч мэдлэг авах өөрийгөө хөгжүүлэх цаг гэдгийг л бид мартаж боломгүй.
-Ийм байдлын улмаас хичээлийн төлөвлөлт нь цаг минутөөр хатуу тооцоолсон зүйл биш тухайн нөхцөл байдалд хувирч өөрчлөгдөж болох зүйл юм. Харин бүлэг сэдвийг судалх хугацааг хатуу баримталж болох юм. Тухайн ангид суралцагсдийн онцлогийг байгш сайтар мэдэрч байх учиртай. Бүгдээрээ “онц сурлагатан” байх албагүй ч хичээлийн энэ цагтаа бүгдээрээ шинэ зүйл сурч, үүндээ баярлаж, хичээл бүрээсээ олон шинэ зүйлийг сэтгэл догдлон хүлээдэг болгох нь хамгаас чухал. Шинэ зүйл сурахын төлөө айх ичихийг умартан, илэн далангүй чөлөөтэй байх боломжийг олгох нь багшийн ур чадвар юм.

-Бусдаасаа авьяастай, оюуны өндөр чадвартай сурагчийг бусадтай адил бариад байхгүйгээр илүү өндөр түвшний хөтөлбөрт хамрагдах, тодорхой шатлал ахин суралцах боломжийг олгож байх хэрэгтэй. Үүний тулд л шинжлэх ухаанжсан мэдлэгийг түлхүү эзэмшүүлж болох сонгон суралцах хичээлүүд байдаг. Ийм сонгон суралцах хичээлүүдэд өнөөгийн манай сургалтын агуулга арай дөхөж очиж болох юм. Харин нийт суралцагсдаа амьдралд бэлтгэхэд илүүтэй анхаарах болжээ.
Хамгийн гол нь суралцагсад хичээлдээ дуртай, хичээлээсээ олон шинэ зүйлийг сурах гэж хүлээдэг болгоход энэ шинэчлэл чиглэгдэх ёстой.
Ийм шинэчлэлийг хийх эхлэл нь нэг багшид ноогдох сурагчийн тоог 15-20 хүртэл бууруулах явдал юм. Хичээл бол уйтгартай бус, амархан бас хөгжилтэй хором болгохын тулд өөрчлөлтөө өөрөөсөө эхэлж, зөв оновчтой арга замыг сонгох нь багш нарын үүрэг болж байна даа.

Төгсгөлийн оронд
Өдгөө бид хэт загварчлагдсан сургалтын агуулга, арга зүйгээ өөрчлөхөд их болгоомжтой хандах цаг болжээ. Гадны өндөр хөгжилтэй орнуудаас олон шинэлэг санаа авч болох боловч Монголын боловсролын салбрын үр дүнгээ өгсөн олон сайн зүйлийг орхиж боломгүй. Зөв хослол л их ухаалаг алхам болноо.
Бид дунд сургуулийн 1-р ангид элсэх сурагчдыг бэлтгэхдээ шууд л үсэг тоогоо заагаад л эхэлдэг. Гэтэл монгол хүүхдийн онцлогоосоо хамаарч, сургуульд шинээр эхлэн суралцах хүүхдэд хэрэгтэй:
-хүүхдийг сууж сургах
-хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж сургах
-хүүхдүүд бие биеэ хүндэлж сургах
-номыг дээдэлж сургах
– багшийг хүндэлж сургах зэрэг чадваруудад анхаарал хандуулахгүй байна. Зөвхөн үүгээр л сургуульд бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэж болно. Түүнчлэн:
-бага ангийн сургалт хөгжүүлэх чиглэлээр
-дунд ангийн сургалт мэдлэг чадвар дадал олгох чиглэлээр
-ахлах ангийн сургалт өөрийгөө хөгжүүлэх, сонгон суралцах чиглэлээр гэхчилэн зорилгоо тодорхойлж болмоор.
Сургууль бүр суралцагсдадаа өглөө бүр хичээл эхлэхээс өмнө ангид нь монголын төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа дуулж байх хэвшлийг олгох нь “эх оронч” үзлийг хөгжүүлэх нэгэн эхлэл. Энэ үедээ тэд өөрсдийг нь ийнхүү сайн сурч, хөгжих боломжийг нь олгож байгаа монгол төрдөө талархаж, байнга баярлан бахархаж байх хүмүүжилтэй болно.
Өглөө бүр яаж эхлэхээс хүмүүсийн сэтгэл санаа ямар байх нь хамаардаг. Монгол хүүхэд бүр өглөө эртлэн босч, өөрийн амьдралд хэрэгтэй шинэ зүйл сурч мэдэхийн төлөө сургууль руугаа яарч, хичээлдээ сэтгэл догдлонхон ордог болох болтугай. Багш сурагчид хамтдаа хичээлийн цагаа итгэл найдвар, баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөж, хамтдаа хөгжиж байг. Энэ бол монгол орны хөгжлийн ирээдүй юм.
Эрдэм ухаан дэлгэрэг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-02-04.

Share Your Thoughts