Хорт хавдар нийгмийн хөгжилд нөлөөлж байна

Батчулууны Гэрэлт-Од

\Цуврал ярилцлага-11\
…Өнгөрсөн хавар АНУ-ын Блүүмингтон хотноо аж төрдөг Ажаа гэгээн, Монголд “Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх” эмнэлэг барих буяны үйлстээ хандив цуглуулах арга хэмжээг Вашингтон ДС хотноо зохион байгуулсан юм. Тэр тухай бичсэн миний бичлэгийн дараа фейсбуук дээр Б.Гэрэлт-Од гэдэг бүсгүй надад хандаж, уг эмнэлэгт хандив өргөхөд хэрэгтэй дансыг олж өгөхийг надаас хүсэв. Бид хоёрын жаахан хууч хөөрөлдөөнөөс Б.Гэрэлт-Од бүсгүйг Германы нэгэн эмнэлэгт “зүрх судасны сэхээн амьдруулах тасагт эмч”ээр ажилладаг болохыг, Монголд өдгөө ихэд дэлгэрч байгаа “хорт хавдрын өвчлөл”-д санаа нь зовж явдаг тухай, Ажаа гэгээний санаачлагыг талархан дэмжиж сар бүр 100 еврог цалингаасаа хандивлахыг хүсч байгааг ойлгож мэдсэн юм.

Түүний мэргэжил болон сайхан сэтгэл нь миний сонирхлыг татаж, адил төстэй санаа бодлоо олны хүртээл болгохын тулд ярилцлага хийх хүсэлтээ хэлсэн. Бид цахим захидлаар харилцаж, заримдаа нетээр ярилцаж, санаа бодлоо ойлголцсоны үндсэн дээр энэ ярилцлагыг бүтээв. Цахим орон зайд хийсэн анхны ярилцлага минь энэ.

Нэг. Намтрын товчоон
-1971 онд Дорнод аймагт төрсөн, гахай жилтэй
-1978-1988 онуудад Дорнод аймгий Чойбалсан хотын 1-р 10 жилийн дунд сургууль
-1991-1998 онуудад Улаанбаатар хотод АУИС -ийг “ерөнхий эмчилгээний анги”-д “хүний эмч” мэргэжлээр суралцаж төгссөн
-1998 онд Чойбалсан хотод “өрхийн эмч”
-1999 онд Улаанбаатар хотод “Төрөх эмэгтэйчүүдийн эмч” мэргэжил дээшлүүлэх курс
-2003-2004 онд Мартин- Лютерийн нэрэмжит ИС-ийн харьяа \Martin- Luther University\ Halle an der Saale хотын герман хэлний Коллежэд хэлний бэлтгэл
-2004-2008 онуудад Халле хотын Мартин-Лютерийн нэрэмжит АУИС \Martin-Luther University, Halle an der Saale\ -д хүний эмчийн мэргэжлээр суралцаж төгссөн
-2012 онд “Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ”ний мэргэжил дээшлүүлэх курс. Арнсбург хот \Arncberg\
-2013 онд “Яаралтай анхны тусламж”-ийн мэргэжил дээшлүүлэх курс. Арнсбург хот \Arnsberg\
-2008-2010 онд Мартин -Лютерийн нэрэмжит ИС-ийн харьяа Дэссау хотын Клиникийн зүрх судасны тасаг \Akademisches Lehrkrankenaus der Martin-Luther Universitat Halle-Wittenberg Stadtische Klinikum Dessau\
-2010 оноос одоог хүртэл Ханновер хотын АУИС-ийн харьяа Хэрфорд хотын Клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг \Akademisches Lehrkrankenhaus der Medizinischen Hochshule Hannover\

gerelt-4-4
Хоёр. Бага насны дурсамж
-Г.Галбадрах: Хаана төрж, өссөн юм бэ?
-Б.Гэрэлт-Од: Би Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, тэндээ өссөн. Багадаа ер нь “шартай” талдаа хүүхэд байсан юм шиг. Найз нөхөдтэйгээ тоглохдоо заавал хожих гэсэн эрмэлзлэлтэй. Бусдаас дор орохгүй гэсэндээ ч юм уу дуу, бүжиг, хөгжим, сагсан бөмбөг гээд олон ч зүйлээр хичээллэдэг байж. Багаасаа л өвөөгийндөө очиж, хөдөө өссөн болохоор хөдөөний бусад хүүхдүүдийн адилаар бүх л ажлыг хийж сурсан. Хонь мал хариулна, бас малаа усална, үнээ сааж, цагаан идээ боловсруулах гээд ажил мундахгүй. Өвөөгийнх маань нилээд сайхан морьдтой. 6 наснаасаа морь унаж сураад, хөдөөгийн хөвгүүдийн адил морин дэл дээр хийсч өсөв. Морь гэдэг даанч ухаантай амьтан юм шүү дээ. Би одоо хэр нь моринд их дуртай, боломж гарвал морьдтой газарт очихыг хүсдэг.
-Г.Галбадрах: Морин дэл дээр өссөн гэхээр нилээд эршүүд талдаа өссөн байх?
-Б.Гэрэлт-Од: Ер нь эршүүд талдаа шүү. Дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй, дунд талын охин болохоор тэд бас нөлөөлсөн байх л даа. Бид 3, том нүүр гарын арчуураараа гараа ороож боксын бээлий хийж, боксдоно. Би дүүтэйгээ ээлж таараад, дүүгийнхээ нүдний дээд хөмсгийг сэтэртэл нь цохиж, дүү минь эмнэлэгт очин хөмсгөндөө оёо тавиулж билээ. Хөвгүүдийн тоглоом их хатуу. Тэр хоёртойгоо их хатуу “үзэлцэж”, хожигдохгүй гэсэндээ уйлалгүй, их л хатуу тэмцдэг байж билээ. Телевизороор гарч байгаа 1945 оны дэлхийн 2-р дайны тухай Оросын кинонуудыг их шимтэн үзнээ. Цэрэг хувцастай эмэгтэй эмч нарын дүр их таалагддаг. Тэгээд л “Том болж байгаад заавал цэргийн хувцас өмсдөг эмч, эсвэл онгоцны нисгэгч болно” гэсэн хоёрхон хатуу мөрөөдөлтэй.
-Г.Галбадрах: Сургуульд хаана орсон юм бэ?
-Б.Гэрэлт-Од: Тэр үед 8 настай 1-р ангид оруулдаг байсан ч, 7 настайдаа Дорнод аймгийн Н.Ф Гастеллогийн нэрэмжит “Улсын тэргүүний” 1-р сургуулийн 1-р ангид Цэрэнханд багшийн ангид орж билээ. Хичээлдээ маш идэвхитэй, даалгавраа “яс” хийдэг, хичээлээс гадуур олон дугуйланд суралцдаг сурагч байв. Ямар дугуйланд суралцах тухайгаа аавтайгаа зөвлөнөө. 4-8-р анги хүртлээ 4 жил хөгжмийн оройн сургуулийн “шанз”-ны ангид суралцаж төгсөв. Их л идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
-Г.Галбадрах: Ийм идэвхитэй хүүхдүүд багаасаа өөрийн гэсэн бодолтой, “биеэ даасан” хүүхэд болж төлөвших нь нийтлэг байдаг?
-Б.Гэрэлт-Од: Намайг 3-р ангид сурч байсан жил аав, ээж 2 минь Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх курст суралцахаар явсан юм. Тэгэхэд би жаахан охин байсан хэрнээ гэрээ сахиж үлдэв. Хичээлдээ гүйгээд, хажуугаар нь гэрээ цэмбийтэл цэвэрлэчихээд, хичээлээ хийнэ. Аав ээж хоёрыгоо буцаад ирэхэд нь халуун сав дүүрэн цайтай, бас болоогүй ээ, цуглуулсан мөнгөөрөө таваг дүүрэн чихэр авсныгаа ширээн дээр тавьж угтахад, тэд их баярлаж билээ. Хэрдээ аав ээж хоёрыгоо баярлуулах гэж хичээсэн байх л даа. Багаасаа их ч хэрсүү, биеэ даасан хүүхэд байсан.
-Г.Галбадрах:Аав ээжийгээ баярлуулахыг хичээдэг хүүхдүүд ер нь багаасаа хүмүүст тус болохыг хичээдэг зуршилтай болдог юм шигээ. Магадгүй, хүмүүсийг баярлуулахыг хичээдэг сайн чанар болон төлөвшдөг байх?
-Б.Гэрэлт-Од: Тийм шүү. Биднийг дунд сургуульд суралцаж байхад зохион байгуулалттайгаар тэр орчмынхоо өндөр настай, эсвэл ядарсан хүний гэрт нь очиж, хашааг нь цэвэрлэж, түлээг нь хагалж өгч, усыг нь авч өгч тусалдаг байв. Яагаав нөгөө “Төмөр ба түүний команд” гэдэг ном болон киног дуурайж. Уг нь тийм ажил хүүхдэд сайнаар нөлөөлнө л дөө. Ядаж л “ядарсан хүнд туслах ёстой, туслах хэрэгтэй юм” гэдэг санааг тархинд нь суулгаж өгч байгаа юм. Нэг удаа аавтайгаа машинаар явж байтал зам дээр нэг настай эмээ шуудайтай түлээ нуруун дээрээ үүрчихсэн явж байхтай тааралдав. Аавыгаа гуйж, машинаа зогсоогоод тэр эмээг түлээтэй нь хамтад гэрт нь хүргэж байсан юм. Тэгсэн эмээ учиргүй баярлаад л намайг “эмээгийнхээ 80 насыг аваарай” гэж ерөөж билээ. Одоо хэр санаанаас гардаггүй юм.
-Г.Галбадрах: Аав, ээжээ танилцуулж болох уу?
-Б.Гэрэлт-Од: Би айлын ганц охин болоод тэрүү, аав минь охиндоо илүү санаа тавьдаг байсан болоод ч тэрүү “аавын амины охин” болж өссөн. Амьдрал дээр ажаад байхад охин хүүхэд аавдаа илүү дотно, эрэгтэй хүүхэд ээждээ илүү дотно байдаг юм шиг ээ. Миний аавыг Лувсансүхийн Батчулуун гэдэг. Дорнод аймгийн Матад суманд төрсөн, “хатагин” овгийнх. Барилгын инженер мэргэжилтэй, бараг 40 гаруй жил улсад ажилласан хүн. Ээж минь Долсүрэнгийн Туяа. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эдийн засагч мэргэжилтэй, багшаар олон жил ажилласан.
-Г.Галбадрах: Нээрээ, охидууд аавдаа арай л илүү дотно байж, санаа бодлоо хуваалцаж, нууцаа сэмхэн ярьж, илүү дотно ханддаг тохиолдол элбэг байдаг шүү. Магадгүй илүү ойлголцдог байж болох юм?
-Б.Гэрэлт-Од: Би багаасаа л аавтайгаа их дотно өссөн. Магадгүй эр хүн шиг зоримог, шулуун шударга, өрөвч энэрэнгүй, зорьсондоо хүрэхийн тулд шаргуу тэмцдэг зан чанаруудаас надад бага ч болов байгаа бол аавын минь нөлөө. Аавын минь бага залуу насандаа туулж өнгөрүүлсэн амьдрал нь тэр үеийн сэхээтэн залуусын амьдралын дүр зурагтай адил. Аав минь 3 хүүтэй айлын том нь. Орос хэлээр их сайн ярина. Аав минь барьж авсан юмаа зүгээр нэг аялуулж байдаг идэвхгүй хүн биш, үргэлж зүлгэж, хөдөлгөж, хөгжүүлж байдаг хүн. Сардаа нэг удаа ааваасаа үнэтэй сургааль үгийг нь сонсох мөн ч сайхан даа.
-Г.Галбадрах: “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэнэ” гэдэг дээ. Хүний аав ээж л өөрийн үр хүүхдүүдээ сайн мэддэгийн хувьд, яг хэрэг болох үгийг нь чин сэтгэлээсээ л сургаал болгон хэлдэг.
-Б.Гэрэлт-Од: Аав минь амьдралд минь хэрэг болох олон сургаалиудыг хэлдэг. Тэр нь нээрээ л яг надад хэрэг болдог юм даа. “…Чи бусдын өмнө чадах зүйлээ л чадна гэж хэл. Чадахгүй бол үгүй гэдгээ шууд хэл. Яг тодорхой байх хэрэгтэй. Санаанд чинь нэг л багтсан бол түүнийгээ барьж авах хэрэгтэй” гэнэ. “…Хүн хэзээ ч хэн нэгэнтэй муудалцаж дайсан болохыг хүсдэггүй. Гэвч хувь заяа чинь өөрийн эрхгүй чамайг хүнтэй муудалцуулж, дайсантай болгож байдаг. Тийм болохоор үүнээс зугатах хэрэггүй ч, өөрийн урдах зүйлээ л хийгээд явж сурах хэрэгтэй.” гэж сургадаг. Би аавынхаа энэ сургаалиудыг байнга санаж, өөрийн амьдралдаа мөрдлөг болгохыг хичээж явдаг. Аав минь хааяа халамцахдаа “Үлэмжийн чанар” дууг сэвэлзтэл дуулна шүү дээ.
-Г.Галбадрах: Сайхан сургаалиуд байнаа.
-Б.Гэрэлт-Од: Хэлмэгдүүлэлтийн сүүдэр аавыг минь тойроогүй. Намайг 3 билүү 4-р ангид байхад аавыг минь баривчилж, гэрийг минь миний нүдэн дээр онгичин нэгжиж, хамаг шкаф, шүүгээг минь лацдаж ломбодоод явцгаасан. Шоронд аавын минь бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлгийн шатан дээр надад дуу дуулж өгөх гэж хичээсэн боловч хоолой нь гарахгүй, ядарсан байж билээ. Тэгэхэд би аавыгаа ихэд өрөвдсөн. Хожим нь буруугүй нь нотлогдож цагаатгагдсан л даа. 10-р ангид сурч байхдаа “анхны хайр” гэдэг юмтай учирч, аавыгаа нилээд зовоож орхисон. Аавдаа хэлэлгүйгээр “оройн кино” үзэж, оройтож харьсныхаа төлөө анх удаа аавдаа ороолгуулж билээ.
-Г.Галбадрах: Аав хүний” хайр нь дотроо хал нь гаднаа” байдаг гэдэг. Заримдаа энэ тухай хожим нь ухаараад, “харамсах” тохиолдол бишгүй гардаг.
-Б.Гэрэлт-Од: 3 жилийн өмнө аавыгаа “элэгний хорт хавдар”-аар өвчилснийг мэдэж, Германд авчраад сайн профессор, эмч, сувилагч, асрагч нарын тусаар хагалгаанд оруулж амь насыг нь аварсан. Тэгж арга хэмжээ авч амжаагүй бол аавд минь цөөхөн хугацааны л нас байсан. Одоо хэр нь аавынхаа эрүүл мэндэд санаа тавьж, байнга хянаж байгаа. Аавыгаа “хорт хавдар”-аар өвчилж, түүнийг нь эмчлүүлэх гэж хичээж явахдаа “хорт хавдар”-ын тухай илүү мэдлэг, мэдрэмжтэй болж, “хорт хавдраар өвчилж шаналсан олон хүмүүст туслах хэрэгтэй юм байна” гэж бодсон. Эмч хүний хувьд шүү дээ.
-Г.Галбадрах:Сайхан мэдрэмж байна шүү. Аав ээжээ амьдад нь “баярлуулна” гэдэг том буян.
-Б.Гэрэлт-Од: Аав минь ээжтэй бараг хүүхэд байхдаа Дорнодод танилцсан гэдэг. Ээж минь аливаа ажилд маш зүтгүүр зантай, ямар нэгэн ажлыг маш чанартай, дуустал нь хийж байж л санаа нь амардаг. Энэ урт хугацаанд үр хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө бүхнээ золиослоход бэлэн тийм их тэнхээ, тэмцэл ээжид минь байжээ. Амьдралын зовлон , хатуу сорилтод бууж өгөлгүй, цэх шулуун зогсож байна даа ээж минь. Өнөөдөр хүүхдүүд нь том болцгоон тус тусын амьдралаа хөөж хаа нэгтээ одоцгоож, настай аав ээж хоёр минь гэрээ сахин бөөвийгөөд хоцордог. Үргэлж хамт байхгүй ч сэтгэлдээ би ямагт аав ээжийнхээ хайранд “бөмбөрч” байгаа.
-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?
-Б.Гэрэлт-Од: Ахлах ангид суралцаж байхад ирээдүйд эмч болох сонирхолтой хүүхдүүдийг “Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг” -т гишүүнээр элсүүлж, түргэн тусламжийн болон нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх анхан шатны суурь мэдлэг, чадварт сургадаг байсан юм. 10-р ангиа “сайн” дүнтэй төгссөн боловч, тэр жил нь АУИС-ийн хуваарь ирээгүй. Сувилагчийн Сургуулийн 2 хуваарь ирсэн байсан. Тэр сургуульд 2 жил “онц” суралцсан оюутныг АУИС-д оруулдаг байсан юм. Уг нь би АУИС-д орох гэж хими, биологи, орос хэлний хичээлээр бэлтгэж байсан юм. Тэгээд өөрийн хүсэлтээр Дорнодын Нэгдсэн Эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт 2 жил ажиллав. Багаасаа л эмч болох мөрөөдлөө биелүүлэх гэж тэр.
Гурав. Эмч болохын төлөө хичээж зүтгэсэн жилүүд

gerelt-5
-Г.Галбадрах:Ер нь яагаад заавал эмч болох гэж зүтгээд байсан юм бол?
-Б.Гэрэлт-Од: Би чинь өвөө эмээгийнхээ хайртай, “амины нь охин”. Сургуульд ороогүй байхдаа яагаад ч юм бэ “Би том болоод эмч болноо” гэж гэрийнхэндээ хэлж л дээ. Тэгсэн өвөө минь баярлаад л “Манайд нэг эмч байх ёстой юм шүү” гэж хэлж байсан гэдэг. Хожим нь намайг том болсон хойно өвөө минь надад хандаж “Миний охин заавал эмч болоорой” гэж хэлж байсан нь, зөн совингоороо миний ирээдүйг харж байсан бололтой. Өвөө минь олон жилийн өмнө улаан хоолойн хорт хавдраар өвчилж, зовж байхад нь би аманд нь жижиг халбгаар сүү уулгаж байхдаа, өөртөө “би заавал эмч болох ёстой” гэж “андгайлсан. Өвөө минь тэгээд “өөд болсон” доо.
-Г.Галбадрах: Хүмүүсийн өвчин зовлон, бусдад тус болох хүсэлтэй нийлээд “эмч” болох сонголтод хүргэж байсан тохиолдол зөндөө. Гэхдээ чи эмч болохын тулд анхан шатнаас нь ажиллаж эхэлж байж дээ?
-Б.Гэрэлт-Од: Энэ 2 жилийн хугацаанд маш их зүйлийг сурч, ойлгосон. Өвчтний бие засах газрыг угааж цэвэрлэн, шал угааж, бохирыг нь зөөж, тэднийг цэвэр цэмцгэр орчинд байлгаж асрахыг сурсан. Өвчтнийг сонсох, тэднийг хайрлаж, асарч энэрэх, өвчтний ар гэрийнхэнтэй нь харьцаж ойлголцохыг бас сурав. Өвдөж шаналж, зовж зүдэрч байгаа хүн мэдээж эрүүл саруул гялалзаж байгаа хүмүүсээс огт өөр. Тэдэнд халуун дулаан үг, ойлголцол, хайр халамж илүү хэрэгтэй. Бурхан хүнийг биш, зүтгэлийг нь илүү үнэлдэг. Ингэж 2 жил ажилласны дараа хүсч байсан АУИС-даа орсон доо.
-Г.Галбадрах: “Бурхан хүнийг биш, зүтгэлийг нь илүү үнэлдэг” гэдэг үгтэй тань санал нийлж байнаа.
-Б.Гэрэлт-Од: Гэхдээ мэдээж хүн бүх зүйлд ганцаараа зүтгэж амжилтад хүрнэ гэж байхгүй л дээ. Миний “эмч ” болж, өдий зэрэгтэй явахад минь дэмжиж тусалж, мэдлэг боловсролоо харамгүй зориулсан дунд сургуулийн анги удирдсан багш Цэрэнханд, Цогзолмаа, Дорнод аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ажиллаж байсан их эмч Гозуна, бурханы оронд нойрсож байгаа эмч Баатар, эмч Ээлтбаатар нарын олон хүмүүсээр бахархан хайрлаж, хүндэлж явдаг. Миний ажил төдийгүй амьдралын гараа ч энэ хүмүүстэй салшгүй холбоотой. АУИС-ийн 4-р курсийн оюутан байхдаа Гозуна, Ээлтбаатар, Баатар эмч нарын удирдлага дор жижиг хагалгаа хийж сурсан. Хөдөөд “холын дуудлага”нд дүүрэн өвчтэнтэй яаж явдгийг, олон цагийн хагалгаанд балга ус ууж амжихгүй, нойр хоолгүй яаж тэвчиж болдгийг тэднээс сурсан. Энэ бүх дадлага чадвар, сайн эмч болж байгаад минь их ч нөлөөлсөн.
-Г.Галбадрах:Мэдээж АУИС-д ороод хичээж сурсан уу?
-Б.Гэрэлт-Од: Өөрөө хүсч, бэлтгэж байж энэ сургуульд орсон болохоор хичээж сайн сурсан. Өмнө нь 2 жил өвчтөнтэй ажиллаж сурсан болохоор онол дээр суралцахад арай дөхөм байсан болов уу?Ингэж ажил мэргэжлийн хамгийн доод түвшингээс нь эхлэн хатуу хөтүүг нь нүдээр үзүүлж биеэр амсуулж байж, сая оюутан болгодог байсан нь “сайн эмч” бэлтгэн гаргах нөхцөл нь болдог байсан. Ядаж л бусад эмч, ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнтэй хэрхэн харилцаж, хамтран ажиллахад суралцсан байдаг байж. АУИС-д элсэхэд 1 жилийн бэлтгэлийг заавал хийлгэдэг байсан юм шүү дээ.Тэр үед АУИС сургалтаараа ч, оюутнууддаа тавих шаардлагаараа ч мундаг байсан.
-Г.Галбадрах: Тийм ээ, би энэ яриатай тань санал нийлж байна. Харин Монголын АУИС-д эмч бэлтгэх тогтолцоондоо үүнийг больчихсон юм уу?
-Б.Гэрэлт-Од: Одоо сонсоод, уншаад байхад цагийн сайханд “Цагаан нөмрөгтөн, алтан гартан” гэж шүлэг дуунд хүртэл мөнхөрч явсан эмч, сувилагч, асрагч нарын мэргэжлийн чадвар, нэр хүнд тийм ч сайнгүй байгаа бололтой. Зарим сайн эмч нарыг эс тооцвол шүү дээ. Энэ нь АУ-ны мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны гажуудалтай холбоотой болов уу. Одооны залуус сургуульд тэнцлээ, элслээ гээд шууд оюутны ширээний ард сууж байна. Нөгөө талаар мөнгөтэй л бол дуртай сургуульдаа мөнгөө төлөөд сурдаг болж. Хүний амь нас, эрүүл мэндийг шууд хариуцдагийн хувьд, сайн эмч болохын тулд наад зах нь сэтгэлзүйн бэлтгэлтэй байх ёстой. Өвчтэй хүмүүстэй ажиллаж сурсан байх ёстой, би л тэгж боддог юм.
-Г.Галбадрах: АУИС-иа төгсөөд?
-Б.Гэрэлт-Од: 1998 онд АУИС-аа төгсөөд бага насны мөрөөдлөө биелүүлсэн сэтгэлийн их баяраа аав болон гэрийнхэнтэйгээ хуваалцаж их баяртай байсан. Сургуулиа төгсөх үед минь зах зээлийн харилцаа нилээд будилаантай, ажил олдохгүй, амаргүй байв. Өрхийн эмчийн орон тоо гартал “Өндөр настны халамжийн газар”-т эмчээр ажиллах хугацаандаа “Эх барих эмэгтэйчүүдийн эмч”-ийн курст суралцаж мэргэжлээ дээшлүүлсэн. Дараа нь амьдралын шаардлагаар ХБНГУ-д ирсэн дээ.
-Г.Галбадрах: Эмч хүний хувьд Германд ирээд юу анзаарав?
-Б.Гэрэлт-Од: Германчууд эрүүл мэнддээ маш их анхаарал тавьж, таргалалтын өвчинд нэрвэгдэхгүйн тулд байнга гүйж, гимнастик хийдэг хүмүүс юм. Өндөр настнууд маш олон учир 500 хүн тутамд нэг хувийн эмнэлэг ноогддог. Ялангуяа “нүдний эмнэлэг” гудамж болгонд тааралдана. Тэгсэн мөртлөө байнга л “сайн эмч болон түүнийг дагалдах сувилагч ажилд авах” зар харагддаг. Бүх шатны сургууль нь үнэ төлбөргүй, нийгмийн халамж үйлчилгээ нь бүгд даатгалтай, улсаас хангагддаг. Ер нь товчхондоо бол хүний төлөө анхаарал халамжаа чиглүүлсэн улс орон юм.
-Г.Галбадрах: Энд эмчээр үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн үү?
-Б.Гэрэлт-Од: Тийм бодол, хүсэл байсаан. Германд суралцахад Монголд АУИС-д суралцсан хичээлийн программ хангалтгүй, зарим нэгэн хичээлийн зөрүү шалтгаанаар 5-р семистрээс дахин АУИС-д суралцах болсон. Эмчээр ажиллахыг хүсч байхад дахиад хугацаа алдана гэдэг “хайран” санагдаж байв. 1 жилийн хэлний бэлтгэлд суралцсан. Мэдээж эхлэл бүхэн амар биш. Лекцинд герман багш нарын ярьж байгааг ойлгохгүй “манан дунд төөрсөн” мэтээр эхний 1 сар явлаа. “Ингэж цаг алдаад яахав” гэж бодоод, хуулийн сургуулийн номын санд бүтэн 3 сар мэргэжлийн номоо орчуулаад суусан. Словардаад л, гүүгэлдээд л сууна шүү дээ. Ингэсний хүчинд хэлний бэрхшээлээс аажмаар гарч лекциндээ бүтэн суудаг болов. Сурахын хажуугаар бага сагаар ажил хийж, сарынхаа цалингаар хэрэгцээтэй ном, сурах бичгээ худалдаж авна.
-Г.Галбадрах: Германы АУИС-д суралцаж байхдаа чиний анзаарч мэдсэн сайн талууд нь юу байна?
-Б.Гэрэлт-Од: Энд суралцсан 4 жилээ зөв ашиглаж, сайн мэдээгүй зүйлүүдээ сурч авсандаа баяртай байгаа. Германы Их Дээд сургуулиудын номын санд байгаа мэргэжлийн номын хүрэлцээ, өдөр болгон шинэчлэгдэж байдаг ном бүтээлүүд, мэргэжлийн сэтгүүлүүд нь оюутны өөрийгөө хөгжүүлэх асар их боломжийг олгодог. Түүнчлэн зөвхөн онол биш, дадлагын ажилд маш их анхаардаг, оюутны хөдөлмөрийн биржийг үр ашигтайгаар ажиллуулдаг нь их таалагдсан. Ер нь мэргэжлийн чанартай сайн сургалтыг хангахын тулд тухайн оюутны сургалтын байр, номын сан, оюутны байр зэргийг таатай бүрдүүлсэн байдаг нь Германд чанартай сайн мэргэжилтнүүд төрөн гарч байгаагийн нэгэн үндэс нь болов уу. Үүнд нь төрийн бодлого, дэмжлэг, үүрэг хариуцлага нь маш их нөлөөлдөг.

gerelt-3-3
-Г.Галбадрах: Монголд минь төрийн зүгээс боловсролын салбарт яг ийм бодлого, дэмжлэг, үүрэг хариуцлага дутагдаад байгаа юм уу даа? гэж би бодоод байгаа юм.
-Б.Гэрэлт-Од: Сүүлийн жилүүдэд Монголд оюутнуудыг төрийн зүгээс боломжоороо дэмжиж эхэлж байгаа нь сайн хэрэг. Биднийг АУИС төгссөний дараа надад болон хөдөөний оюутнуудад ажиллах ажлын байр олдохгүй байсан. Гэтэл одоо хэр нь Монголд байгаа танилуудын дунд “дээд сургууль төгссөн хүүхдэд нь ажлын байр олдохгүй байгаа ” тухай яриа сонсогдсон хэвээрээ. Бид ажлын байрны төлөө биш, тухайн салбартаа амжилт гаргахын тулд их, дээд сургуульд суралцдаг шүү дээ. Бас манайханд байгаа нэг муу тал нь, хүүхдүүд сургуулиа сонгочихоод, дараа нь мэргэжлээ сонгодог явдал. Жишээ нь, ТИС-д л орвол болоо. Улсын сургуульд орсон бол ямарч мэргэжлээр суралцах нь хамаагүй гэж бодож болохгүй. Эхлээд мэргэжлээ сонгочихоод, тэр чиглэлээрээ чанартай боловсрол олж авах ёстой л доо.
Дөрөв: Эмчийн ажил бол сайхан сэтгэл,
их хариуцлага дээр тулгуурладаг
-Г.Галбадрах: Тийм шүү. бидэнд тийм сул талууд ажиглагддаг. Германд АУИС-аа төгсөөд?
-Б.Гэрэлт-Од: 2004 онд Германы АУИС-ийг “эмчийн мэргэжлээр ажиллах эрхтэй” төгссөн. Оюутны ширээнээс шууд хүлээн авахын жижүүрийн хамт давхар тасгуудын жижүүрт гардаг эмч болж, хүнд өвчтөн ч үздэг, бие даан эмчилдэг, сорьж дадлагажуулсан жилүүд байлаа. Германы эмнэлэгт ороод л би өөрийнхөө сул тал, алдааг олж харсан. Мэдрэлийн эмч хүн зөвхөн мэдрэлийн өвчтөнөө ганцаараа үзээд байхгүй. Мэдрэлийн өвчтөн чинь нэг хоёр мэдрэлийн эмчийнх биш, олон эмч нарын, жишээ нь дотрын, мэс заслын эмч нарын дундын өвчтөн. Тиймээс бусад эмч нарын арга барилыг харж ажиглах, харьцуулж зөвлөлгөө авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Саяхан нэг иргэн интернетэд “Цус харвасан өвчтөн заавал зүрх судасны эмчид үзүүлэх естой юм байна” гэж бичсэн байсан. Харин “ямар учраас” гэдгийг нь би тайлбарлаж бичсэн л дээ. Энд клиник нь хувийн эмнэлгүүдтэйгээ нягт хамтран ажилладаг. Энэ бол маш чухал юм. Клиникийн эмч нар тэр болгон өвчтнийхээ, өвчний өмнөх түүхийг нь мэдэхгүй. Тиймээс өрхийн эмчтэй утсаар холбогдож хэрэгтэй мэдээллээ авдаг юм.
-Г.Галбадрах: Германы эмнэлгийн үйл ажиллагаа болон ажил үүргийн хуваарь нь тодорхой байдаг байх?
-Б.Гэрэлт-Од: Эмч ч, сувилагч ч \германд асрагч гэж байдаггүй, сувилагч нь сувилгаа асаргаагаа давхар хийдэг\ өөр өөрсдийн хариуцах үүрэгт ажилтай. Хүн болгон өөрсдийн үүрэгт ажлаа хийж, хариуцлагаа хүлээдэг. Өгсөн үүрэг даалгаврыг хийсэн бол хийсэн гэдгээ, хэрэв хийгээгүй бол тэр чигээрээ “алга бололгүй”, “яагаад?” гэдгээ ирж тайлбарлана. Хоорондоо маш соёлтой харилцаатай, энэ нь хүний ажиллах сонирхлыг их төрүүлдэг. ” Team work” гэдэг ямар чухал зүйл болохыг энд сайн мэдэрдэг юм.
-Г.Галбадрах: Түүнээс гадна “сайн эмч” байхын тулд өөрийгөө байнга хөгжүүлж байх ёстой.
-Б.Гэрэлт-Од: Мэргэжилдээ “эзэн” байлгахын тулд Герман улсад эмч нарыг байнга мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжаанд байгууллагаас тодорхой хэмжээгээр төлбрийг нь төлж хамруулдаг. Долоо хоног болгоны мягмар юм уу баасан гаригт нэг эмч, мэргэжлийн сэдвээр 30 минутын илтгэл тавьж, түүгээрээ туршлагатай эмч профессоруудтай ярилцан их мэдээллийг сонсож мэдэж авна. Мэргэжилдээ эзэн байхын тулд эмч хүн өөрөө өдөр бүр шинэ мэдээллүүдийг уншиж байх естой. Тиймээс би мэргэжил дээшлүүлэх сургалтад байнга хамрагддаг. Тухайлбал, “Яаралтай анхны тусламжийн мэргэжил дээшлүүлэх курс”, “Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний мэргэжил дээшлүүлэх курс”, “Зүрхний бичлэг-зүрхний ЭХО-ний курс” гэхчилэн.
-Г.Галбадрах: Чамайг одоо энэ эмнэлэгтээ “зүрх судасны болон сэхээн амьдруулахын эмч”ээр ажиллаж байгааг мэднэ. Яагаад заавал энэ чиглэлийг сонгож авсан юм бол?
-Б.Гэрэлт-Од: 2 жилийн сорилтын хугацаагаа дуусгаад нарийн мэргэжлээ сонгох болоход “уушигны эмч болох”, “зүрхний эмч болох” сонголт дээр очсон. 2 жил зүрх судасны тасагт ассистентаар ажилласан болохоор, “би үүнээсээ илүүг сурах ёстой” гэдэг сонголтоор, “дотрын сэхээн амьдруулах” тасагт одоог хүртэл ажиллаж байна. Зүрх судасны сэхээн амьдруулахын эмч гэдэг асар их тэвчээр , хариуцлага, мэдлэг шаардсан ажил. Эмч хүн мэдлэггүй, хайхрамжгүй, алагчилсан сэтгэлээр ажиллавал хүний амь нас хохирох эрсдэлтэй. Би болохоор угаасаа өвчтөний хөрөнгө мөнгө, зүс царай, эрх мэдлийг харж ажиллах дургүй хүн. Ямар ч хүний амь насыг өөрийн аав ээжийн амь шиг хайрлаж, эрүүл мэндийг нь хохироохоос хамгийн их айж, сэтгэлийнхээ гүнээс сонор соргог ажиллахыг хичээдэг. Өвчтөн бол өвчтөн шүү дээ. Тэр бол хүн. Мэргэжил бол үүрдийн хань. Би чин сэтгэлээсээ “ямар хүн болохыг хүсч байна вэ?” гэдгээ анзаарч, өөрийн хувийн онцолг чанаруудаа олж мэдрээд л энэхүү нарийн мэргэжлийг сонгосон юм.
-Г.Галбадрах: Өөрийн хувийн сайн чанаруудаа мэдэрч байж мэргэжлээ сонгосон гэдэг тань содон сонсогдож байнаа?
-Б.Гэрэлт-Од: Манай зөвлөх эмч нар үргэлж шинийг санаачлагч, өөртөө итгэлтэй, зоригтойгоор асуудлаа тавьж шийддэг, шударга, их эрч хүчтэй хүмүүс л дээ. Хамтран ажиллахад их урамтай. Би Монголдоо суралцаж, ажиллаж байсан болохоор эндхийн эмнэлгийн хөгжилтэй өөрийн орныхоо эмнэлгийг байнга харьцуулж, бусдын хийж байгаа зүйлийг анхааралтай ажиглаж суралцснаар, санаа авснаар миний мэргэжлийн хөгжилд дэвшил гарч байгаа юм.
-Г.Галбадрах: Бид “эмч хүн” гэдэг ерөнхий нэрэнд дасчээ. Гэхдээ яг “эмч хүн гэж хэнийг хэлэх вэ?” гэдгийг тэгтлээ анзаарч эргэцүүлдэггүй. Чиний хувьд “эмч хүн” гэдэг?
-Б.Гэрэлт-Од: Эмч хүний мэргэжлийн нэг онцлог бол цаг хугацаа, хариуцлага хоёрын хооронд дэнсэлдэг учраас, цагийн менежмент болон хариуцлага хүлээх чадвар нь хамгийн чухал зүйл. Нөгөө талаар мэргэжлийнхээ үр шимийг хүртэхийн тулд эмч хүн, өөрийн боловсролын талбайгаа ямагт өргөтгөж, сэлбэж шинэчилж байх учиртай. Эмч хүн зорилготой, залхуугүй, цаг хугацаатай уралдаж мэдлэг боловсролоо дээшлүүлдэг, зөв сонголттой, ёс суртахууны өндөр соёлтой, энэрэнгүй өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүний хамгийн эрхэм чанараар биеэ “чимсэн” байж чадвал, ямар ч өвчтөнийг сэтгэлтэй нь, эрхтэнтэй нь хамтад эмчилж чадна. Өрөвч зөөлөн сэтгэл, өндөр хариуцлага гэдэг эрхэм чанар эмч хүнд үгүй бол, зүгээр л цагаан халад өмссөн “араатан” гэсэн үг. Тухайн улс үндэстний “Аюулгүй байдал”-ыг бид л хариуцаж ажилладаг учраас, асар их хариуцлагатай байх ёстой.
-Г.Галбадрах: Өвдөж шаналсан хүн болгоны ард, гэр бүлийнхэн нь байдаг. Тэд бас л хамтдаа зовж шаналдаг хүмүүс.
-Б.Гэрэлт-Од: Өвчтөн, түүний ар гэрийнхэн нь эмч бид нарт хамаг итгэлээ хүлээлгэдэг. Эрүүлийг хүссэн хүн болгонд эмчээс асууж лавлах зүйл их байдаг. Миний анзаарч байгаагаар Германд хөгжлөө дагаад, хэтэрхий техникжсэн сэтгэлгээ газар авсан мэт. Машин техник, лаборатори, шинжилгээ хэдий чухал боловч, өвчтөнтэй ойртож ажиллах, өвчтөний биед үзлэг хийх, ярилцах цаг хугацаа дэндүү бага. Энэ бол миний бодлоор “алдаа” юм. Эмчийн тайлбарласнаар өвчтөн өөрийн өвчний талаар 100 % ойлгож мэдэж байх нь хэрэгтэй. Эмч өвчтөн маш сайн ойлголцсноор эмчилгээний явцад гарах үр дүн, тохиолдож болох элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж нь нэмэгдэнэ. Өвчтөнөө сайн харахгүй, тэмтэрч чагнаж үзэхгүйгээр шинжилгээний дүгнэлтийг хараад л эм бичээд өгч болохгүй шүү дээ.
-Г.Галбадрах: Хэрвээ өвчтөнд “найдвар үгүй” бол, өөрт нь болон гэр бүлийнхэнд нь мэдэгдэх ёстой гэсэн үг үү?
-Б.Гэрэлт-Од: Энд бол хэзээ ч эдгэрэхгүй өвчин болон, тохиолдох үхлийн талаар өвчтөн болон ар гэрийнхнээс нь нуудаггүй. Эсрэгээр, өвчтөнтэй болон ар гэрийнхэнд нь энэ талаар илэн далангүй ярьж ойлгуулдаг. Хүний хөлийг нь тайрч авчихаад нуугаад байж болохгүй шүү дээ. Түүнтэй л адил. Сэтгэл эрүүл бол бие эрүүл гэдэг. Хүний биеэс сэтгэлийг нь салгаад, бүр эд эрхтэн болгоноор нь хуваагаад мэргэшээд явчихсныг би, орчин үеийн АУ-ны “эмгэнэл” гэж боддог юм. Тэр ч бүү хэл өвчтний гэр бүл, ажлын орчин, мэргэжлийг нь хүртэл бүхлээр нь харж, сонсож чадвал ихэнхи асуултын хариуг бас олж болдог.
-Г.Галбадрах: Тэгэхээр өвчлөл гэдэг ойлголтыг цогц байдлаар нь авч үзэх ёстой болох нээ?
-Б.Гэрэлт-Од: Маш олон хүмүүс хөдөлмөрийн хамгаалал болон нөхцөл муутайгаас болж өвчилдөг. Жишээ нь, чулуу шороотой ажилладаг хүмүүс агаарын бохирдлоос болж уушиг, зүрх судасны өвчнөөр өвчилж байна. Хүн ардаа эрүүл орчинд ажиллаж амьдрах бүх боломжийг нь “хаачихаад”, өөрсдөө байгуулсан чанар үйлчилгээ муутай хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийг нь хариуцуулж болохгүй шүү дээ. Эмнэлгүүдэд хүн ардын эрүүл мэндийг даатгачихсан тохиолдолд, хүн өвдөхөөрөө л эмнэлэг рүү “гүйдэг” зуршилтай болсон мэт. Дээрээс нь өвдөхөөрөө л “тийм юманд сайн” гэдэг бодлоор хяналтгүй, баталгаагүй эм авч уудаг нь эмийн буруу хэрэглээнд сургаж байна. Энэ болгон чинь энгийн ард иргэдэд АУ-ны талаарх буруу ойлголт, хандлагыг бий болгоод байгаа юм.
-Г.Галбадрах:Өөрийн зорилгодоо хүрч, өндөр хөгжилтэй орны эмнэлэгт ур чадвараараа ажиллаж байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг байх?
-Б.Гэрэлт-Од: Сайн аппарат тоног төхөөрөмжөөр, сайн гартай эмч сувилагч нартайгаа хамтарч өвчтөнд дахин “шинэ амьдрал” хайрлаж байгаа буянтай сайхан ажлыг чин сэтгэлээсээ хийхээр өөрийн эрхгүй бахдам, дүүрэн жаргалыг мэдэрдэг. Ажилдаа явахдаа, тэр их ачааллын дараа ажлаасаа гэр рүүгээ явахдаа дуучин Мөнхбатын морины дуутай СД-гээ чанга дээр нь тавиад сонсож явахад, сэтгэл минь сэргэж, нутаг ус минь нүдэнд харагдаж, түр ч атугай нутагтаа очоод ирчихсэн юм шиг сайхан болдог юм шүү. Ер нь гадаадад суралцсан хүмүүсийн олон нь гадаадад үлддэг нь жаахан харамсалтай санагддаг ч шалтгаан нь янз бүр л байдаг байх. Сурсан зүйлээ амьдрал дээр өөрийн болгох, бас тэгээд амьдарч ажиллах орчин, өндөр цалин гээд мундахгүй шалтаг бий. Гэхдээ бид наанаа “аятайхан байгаа” юм шиг харагддаг хэрнээ сэтгэлдээ бол эх орноо санасан, эцэг эхээ үгүйлсэн хүмүүс л байдаг юм шүү дээ.
-Г.Галбадрах: Ер нь алсдаа Монголдоо буцах бодол байгаа юу?
-Б.Гэрэлт-Од: Аав ээж хоёр минь Монголдоо эсэн мэнд аж төрж байгаа. Миний одоогийн мэргэжил маань ч Монголд минь эрэлт хэрэгцээтэй байгаа. Гэхдээ одоо надад энд байхдаа хийж амжуулах хэд хэдэн тодорхой зорилгууд байгаа. Түүнийгээ хийж амжуулаад Монголдоо очиж ажиллана даа. 2010 онд докторын программд орж ажиллаж байгаа гол ажил маань” хавдар судлал”, “хөхний хорт хавдрын судалгаа”ны ажил байгаа. Одоогоор тодорхой шалтгааны улмаас түр зогссон байгаа. Үүнийгээ энэ жилээс нилээд гүнзгийрүүлэн судалж, өргөтгөн ажиллах бодол байгаа. Герман бол хорт хавдрын эмчилгээний чиглэлээр дэлхийд нилээд дээгүүрт үнэлэгддэг. Тийм болохоор энэ бол миний хувьд том боломж гэж би харж байгаа юм.

gerelt-6
Тав. Хорт хавдар – нийгмийн хөгжилд нөлөөлөх
хэмжээнд хүрээд байна.
-Г.Галбадрах: Тэгвэл чи цаашдаа “хорт хавдар”-ын эмчилгээний чиглэлийг илүү сонирхоод байнаа даа? Яагаад?
-Б.Гэрэлт-Од: Хорт хавдрын өвчлөл дэлхий нийтийн хэмжээнд хурц асуудал болоод удаж байгаа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд жил бүр 12 сая хүн “хорт хавдар” өвчин гэж шинээр оношлогдож, үүний 7,6 сая хүн нь нас барж байна. Монголд маань жилдээ дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, нас барж буй 5 хүний 1 нь “хорт хавдар”-ын улмаас хорвоог орхиж байна. Элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөх гэсэн 6 байрлалын хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 80 орчим хувийг эзэлдэг ба ёстой л хогийн ургамал шиг энд тэндгүй өндөлзөн, бидний нэг олдох амьдралыг дуусгаж байна даа. Хэрэв анзаарах юм бол, фейсбуук болон цахим орон зайд, “Хорт хавдраар өвчилж зовж байгаа тийм ч хүүхэд, тийм ч хүний амь насыг аврахад хандив өгч туслаач” гэсэн хүсэлтүүд маш их гарч байдаг. Бид ганц нэгээр нь хүмүүст хандив өгч туслаад, энэ асуудлыг шийдэж чадахгүй шүү дээ. Асуудлыг арай өргөн хүрээнд, цогц байдлаар нь авч үзэх хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа юм. Хэдийгээр бид өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа эмч нар ч гэсэн, “монгол эмч” гэдэг утгаараа сэтгэл минь өвдөж, шаналахгүй байж чадахгүй байна. Бид нар чинь эмч хүн шүү дээ.
-Г.Галбадрах: Би ч бас энэ тухай багагүй боддог. Хорт хавдрын өвчлөл ихэсч байгаа нь хүмүүсийн амьдралд их ч хүндээр тусч байгаа нь илт мэдрэгдэж байна.
-Б.Гэрэлт-Од: Нэг айлд нэг хүн хорт хавдраар өвчлөхөд л тэр айлын эдийн засаг, хүмүүсийн сэтгэлийн шаналал, зовлонт амьдрал гээд тэр айлыг үндсэндээ шууд л “сүйрүүлж” байгаа юм. Тэр хүнээ эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ авахуулах, эм тариа, хэвтрийн дэглэм, хоолны гам, асаргаа сувилгаа, сэтгэл санаан доторхи зовлон шаналал бүхэн нь, эргэн тойронд нь байгаа хайртай дотно бүх л хүмүүсийн баяр баясгаланг, амьдралын хэмнэлийг нь орвонгоор нь өөрчилж байна. Тэгээд нэг ч биш, маш олон айл өрхүүдэд ийм байдал тохиолдож байна гээд бодохоор энэ чинь бүх л нийгмийг хамарч эхэлж байна шүү дээ. Айл гэр “элэг бүтэн” байна гэдэг аз жаргалтай амьдралын баталгаа. Маш олон хүмүүс, айл өрх ийм байдалд ороход л өнөөгийн Монголын нийгэмд түгээмэл оршиж байгаа бухимдлын үндэс, эх үүсвэр нь харагдана даа. Юун уул уурхай вэ? Монголын нийгэмд өнөөдөр даруй анхаарч шийдэх учиртай “амин асуудал” нь “хорт хавдрын өвчлөл” болж байгаа юм биш үү? Эмч хүний хувьд би ингэж л харж байгаа.
-Г.Галбадрах: Чи мэргэжлийн хүний хувьд өөр өнцгөөс нь харж чадаж байнаа. Нээрээ бодох ахул, хорт хавдрын өвчлөл нь Монголын нийгмийн “амин асуудал” гэж хэлсэнтэй тань санал нийлж байна. Хорт хавдрын эх үүсвэрийн маш олон тохиолдол нь нийгмийн буруу бодлогоос болж байгаа гэвэл үнэнд ойртож очих байх?
-Б.Гэрэлт-Од: Та бодоод үз л дээ. Улаанбаатар хотод өвөлжингөө нүүгэлтэж байгаа утаанаас үүдэлтэй агаарын бохирдол, замбараагүй уул уурхайгаас үүдэлтэй усны, хөрсний бохирдол, ядуурлаас үүдэлтэй баталгаагүй хүнсний хордлого, архидалтаас үүдэлтэй бухимдал стресс, энэ бүхэн хорт хавдрын өвчлөлд шууд ба шууд бусаар нөлөөлж байгаа. Тэгэхээр л энэ бүхэн чинь явж, явж нийгмийн тогтолцоо, төр засгийн бодлого, хариуцлагатай шууд холбогдоод ирж байгаа биз дээ? “Хүмүүс ядуу болохоороо хямд үнээр муу хүнс идэж болно” гэдэг бол төрийн зөв бодлого уу? Төр засаг нь иргэдээ аюулгүй орчинд амьдруулж, баталгаатай хүнсээр хангах үүрэгтэй биз дээ? Тэр үүргийнхээ төлөө тэд татварт төлсөн мөнгөөр санхүүждэг. Заримдаа ч ийм бодлоосоо болоод би өөрөө ч бухимдаж орхидог юм.
-Г.Галбадрах: Тэгэхээр энэ асуудалд бид өөрсдөө илүү анхаарах хэрэгтэй гэсэн санаа юу?
-Б.Гэрэлт-Од: Америкт байгаа Ажаа гэгээнийг Монголд “Цусны хорт хавдартай хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг” -ийг санаачлан бариулж байгааг сонсоод би үнэхээр их баярласан. Тэгээд тэр санаачлагыг нь дэмжээд Америкийн монголчууд маш их хандив босгож чадаж байгааг мэдээд их ч бахархсан. Тэр үед “би ч бас ингээд суугаад байж болохгүй шүү дээ” гэж өөртөө хэлсэн. Эмнэлгийн барилга барина гэдэг нь их ч том үйлс. Манай монголчууд “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж хэлдэг шүү дээ. Дараагийн том асуудал байнаа. Эмнэлгийн барилга баригдчихдаг. Тэнд хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэж болох хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, шинжилгээний лаборатори, орчин үеийн эмчилгээний арга зүй, тэр эмнэлэгт ажиллах эмч, сувилагч нарыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх гээд маш нарийн асуудлууд ард нь зогсч байдаг. Ажаа гэгээний санаачлагыг эмч бид нар л мэргэжлийн түвшинд дэмжиж, Монголд, гадаадад байгаа гэлтгүй сэтгэл боломжоороо үргэлжлүүлэх хэрэгтэй юм гэсэн санаа төрсөн юм. Яагаад бид энэ боломжоо ашиглаад орчин үеийн, хамгийн сайнаа байг гэхэд, маш сайн эмнэлэгтэй болж болохгүй гэж?. Тэгвэл бидний одоо бухимдаад байгаа олон асуудлуудаас бага ч болов шийдэх боломж болох ч юм бил үү?
-Г.Галбадрах: Энэ маш сайхан санаа байна. Мэдээж хүн болгон шахуу ингэж бодож байгаа байх. Гэхдээ ийм асуудлуудыг шийдэхэд мөнгө, маш их мөнгө хэрэгтэй болно. Бидний санаачлагыг дэмжээд хэн ч зүгээр л “май” гээд өгөхгүй шүү дээ? Бас “чанартай юм үнэтэй байдаг” зарчим бий.
-Б.Гэрэлт-Од: Мэдээж мөнгө олох гэдэг амаргүй. Гэхдээ “мөнгө олдохгүй байх” гээд суугаад байвал, бид хэзээ ч юуг ч шийдэж чадахгүй. Германд болон өндөр хөгжилтэй орнуудад ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сан”-гууд олон байдаг. Тэд бол маш хариуцлагатай, үйл ажиллагаа нь ил тод, ойлгомжтой байж чаддаг болохоор олон нийтийн дэмжлэгийг маш сайн авч чаддаг. Сая Ажаа гэгээний санаачлагыг гадаадад байгаа монголчууд дэмжиж, нэг өдрийн дотор олон арван мянган доллар босгож чадаж байгааг харахдаа “боломж байна” гэдгийг мэдэрч байв. Нөгөө талаас хүн өөртөө мөнгө гуйх, бусдад тус болохын тулд мөнгө “босгох” гэдэг өөр хоорондоо ялгаатай үйлдлүүд. Гол нь өөрсдөө зорилго, үйл ажиллагаагаа бусдад зөв ойлгуулж, үйл ажиллагаагаа ил тод байлгаж, байнга бусдад тайлагнаж байх нь чухал. Германд “хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан” ТВ-ээр нэг өдрийн дотор хэдэн сая еврогийн хандив босгож байгааг хэрэг болгож үзэж байсан л даа.
-Г.Галбадрах: Түүнээс гадна нэр хүндтэй хүмүүсийн дэмжлэг ч бас их хэрэг болж магадгүй?
-Б.Гэрэлт-Од: Би энэ санаагаа бодож олсноос хойш, Германы хэд хэдэн нэр хүнд бүхий мэргэжлийн профессоруудтай уулзаж, санал бодлоо солилцонгоо зөвлөлгөө авлаа. Тэд надад маш хэрэгтэй зөвлөлгөөнүүдийг өгч, өөрсдөө ч бас “туслахыг хичээнэ” гэж амалсан. Бас одоогоор мэдээлэл солилцож, судалгааны түвшинд яригдаж байгаа хэд хэдэн асуудлууд ч байгаа. Миний хүсээд байгаа гол зүйл бол, өндөр хөгжилтэй орнуудад байгаа шиг орчин үеийн стандартыг хангасан, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, бүх шалгуурыг нь хангасан “Хорт хавдрын өдрийн клиник”-ийг Монголдоо байгуулах. Одоо Монголд минь нэг үеийг бодвол эдийн засгийн эргэлт сайжирч, амьдрал нь боломжтой болохын хэрээр “бусдад тус дэм болохыг хүсдэг” хүмүүс олон болж байна. Монголын залуусын минь сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, алив зүйлд бодитоор хандах хандлага нь улам л мундаг болж байгаа. Тэд дэлхийн хэмжээнд сэтгэдэг болжээ. Тэгэхээр “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдгээр бид сайн үйлсийн төлөө нэгдэж чадах л болно.

gerelt-od-1
-Г.Галбадрах: Одоо Монгол руугаа ямар ажлаар явж байгаа юм бэ?
-Б.Гэрэлт-Од: Энэ жилийн миний ээлжит амралт. Гэхдээ амрах нь чухал биш, бодож санаж байгаа зүйлээ ажил хэрэг болгох эхлэлийнхээ төлөө нилээд хугацаагаа зарцуулнаа. Би Монголоосоо гараад нилээд уджээ. Нөгөө л оюутан, эмч байхын төсөөллөөсөө нэг их хэтрэхгүй шахам. Харин энэ жил Монголдоо “Хорт хавдрын өвчлөл”ийн талаар мэдээлэл цуглуулах, боломжоороо тандалт хийх, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцох, бас Ажаа гэгээний бариулж байгаа эмнэлгийн явцыг сонирхох, боломж гарвал Ажаа гэгээнтэй уулзаж мэдээлэл болон санал солилцох төлөвлөгөөтэй байгаа. Бас нэг чухал ажил нь миний энэ санаачлагыг минь дэмжиж, хамтран баг болж ажиллах хүмүүсийг олж ойлголцох санаа бий.Хажуугаар нь амжиж хөдөө явж, морь унах санаатай. Энэ бүхнийгээ нэгтгэж бэлтгээд, эргэж ирээд “Монголын хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан” байгуулах төслөө хийж эхэлнэ дээ. Мэдээж үүнд нилээд хугацаа шаардагдах хэдий ч, эхнээс нь хийж эхэлж л байх хэрэгтэй байна.
-Г.Галбадрах: Дэмжихгүй байхын аргагүй сайхан санаачлага байна. Би ч бас энэ үйлсийг тань дэмжиж, хамтран ажилланаа.
-Б.Гэрэлт-Од: Маш их баярлалаа. “Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй” гэдэг шиг, нээрээ хүн болгоны тус дэм хэрэгтэй байлгүй яах вэ? Би хааяа боддог юм. Хүн энэ ертөнцөд зөвхөн өөрөө л жаргах гэж ирдэггүй юм. Өөрийн чадах зүйлээрээ бусдад тус болж, бусдыг баярлуулж явна гэдэг буянтай үйлс. Ийм зүйлийг мөнгөөр хэмжиж болно гэж үү? Энд чинь л хүн болж төрсний утга учир, баяр бахдал, хувь тавилан оршдог байх.

…Миний фейсбуук дахь олон “найз”-уудын минь нэг нь Б.Гэрэлт-Од. Түүнийг ихэвчлэн фейсбуукдээ морины зургууд оруулдаг, заримдаа эрүүл мэндийн талаар, эмийн хэрэглээ болон зарим өвчлөлийн талаар бичсэн зөвлөлгөөнүүдийг нь хальт харна. Тэр тухай нь асуухад “Манай монголчууд эрүүл мэнддээ их анхаарал тавьдаг болжээ. Тэдний асууж сонирхож байгаа олон асуултуудад нь эмч хүний хувьд, боломжоороо хариулж зөвлөлгөө өгч байх хэрэгтэй болдог юм. Даанч заримдаа ажлаасаа болоод зав чөлөө гарахгүй юм аа” гэж хэлж байсан. Энэ ярилцлагаа дуусгаад түүгээр маш их бахархлаа. “Хорт хавдрын өвчлөл нь нийгмийн хөгжилд муугаар нөлөөлөх хэмжээнд очиж байна” гэсэн санааг би түүнээс л сонссон. Түүнээс сонссон энэ санаа нь, ярилцлагын маань “хөтөч” болсон юм. Харин одоо хэрэгжүүлэх гэж зорьж байгаа “Монголын хорт хавдраар өвчилсөн хүмүүст туслах сан”-гийн тухай ойлгож мэдэхдээ “би бас энэ үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй” юм гэж шууд л бодогдсон. Нээрээ л хүний амьдралдаа заавал үйлдэх учиртай “том үйлс”-ийн нэг нь энэ байх ч юм бил үү?

Share Your Thoughts