ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛСӨН МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ

Өдгөө Монголд болон дэлхий нийтийн хэмжээнд “Хорт хавдар”-ын өвчлөл хүмүүсийн амьдрал болон сэтгэлгээнд маш их эрсдлийг авчирч байгаа. Улаанбаатарын утаа, агаарын болон хөрсний бохирдол, байгаль орчны сүйрэл, баталгаагүй хүнсний хэрэглээ, ядуурлаас үүдэлтэй сэтгэлийн хямрал болон бухимдлаас үүдэлтэй хорт хавдрын өвчлөл Монголд жилээс жилд хүрээгээ тэлэн өргөжсөөр байна. Өрх айлын хэн нэг нь хорт хавдраар өвчлөхөд л, тэр айлын эдийн засаг, хүмүүсийн амьдрал, сэтгэлийн хямрал зэрэгт шууд болон шууд бусаар нөлөөлж “сүйрэл”-д хүргэж байгаа нь нууц биш. Энэ талаас нь харах ахул, хорт хавдрын өвчлөл өнөөгийн Монголын нийгмийг хамарсан, анхаарахгүй байж боломгүй чухал асуудал болон хувирчээ.

Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хорт хавдраар өвчлөхөд, тэр хүний эмчилгээний өндөр зардлаас шалтгаалан бусдаас санхүүгийн дэмжлэг хүлээх шаардлага бий болдог. Хайртай дотно хүнийхээ “хорт хавдар”-аар өвчлөөд шаналж, зовж байгааг өдөр тутам харах гэдэг, эмчлэх боломж нь байсаар атал санхүүгийн боломжгүйгээсээ болон “юу ч хийж чадахгүй” байна гэдэг, байгаа боломжоо ашиглаж чадахгүй байсаар бүх зүйл муугаар төгссөний дараа өөртөө харамсан гашуудах гэдэг ямархан хэцүү болохыг олон олон хүмүүс мэдэрч шаналж байгаа. Өдөр мөч тутам “хорт хавдар”-аар өвчилсөн хайртай хэн нэгнийхээ төлөө “хандив” гуйн учирлах учирлал цахим мэдээллийн орон зайд маш ихээр гарч байгааг та бид харсаар байна. Сэтгэл байгаад ч боломж нь бүрдэхгүйгээсээ болоод бид “юу ч хийж чадахгүй” байх тохиолдол зөндөө.

Сүүлийн жилүүдэд Монголд маань хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн тоо ихэсч, тэдэнд зайлшгүй тусламж хэрэгтэй болохыг мэдэрсэн АНУ-ын Индиана мужийн Блүүмингтон хотноо аж төрдөг Ажаа гэгээн, Улаанбаатар хотын “Эх нялхасын эмнэлэг”-ийн хашаан дотор “Цусны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг”-ийг шинээр барьж байгуулан ашиглалтад өгөх санаачлагыг гаргаж, энэ буяны үйлстээ олон хүмүүсийг уриалан оролцуулж байгаа билээ. Энэ буянт үйлсийг нь АНУ-ын хотуудад ажиллаж амьдарч байгаа олон олон монголчууд дэмжиж, хандив цуглуулах арга хэмжээг өнгөрсөн 2013 онд тус тусын хотдоо зохион байгууллаа. “Далайд дусал нэмэр” гэгчээр энэ хандивын өглөг, их буяны үйлсэд багагүй нэмэр болж буй. “Өгье гэвэл ганцаасаа” гэдэгчлэн хүн болгон л боломжоороо хандивласан. “Өглөгийн их бага” даа бус, “өгье” гэсэн сэтгэлдээ буян нь оршиж байдаг болохоор ийм хандив бүхэнд хүмүүсийн сайхан сэтгэл шингээстэй.

АНУ-ын Невада мужид оршдог, дэлхий дахинд казино болон шоуны төв гэдгээрээ алдартай Лас-Вегас хотноо ажиллаж амьдардаг монголчууд энэ 2 сарын 23 нд “Хорт хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдэд туслах хандивын тоглолт, арга хэмжээ”-г зохион байгуулах гэж байна. Лас-Вегас хотноо тоглогддог Канадын “Нарны цирк”-ийн “О” шоунд нугардаг монгол бүсгүйчүүд, “Zumanity” шоунд тоглодог Ч.Өлзийбаяр, “Mystere” шоунд тоглодог О.Эрдэнэбат, “KA” шоунд тоглодог У.Алтанзул нар болон бусад олон монголчууд энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэхүү хандивын арга хэмжээ нь 3 хэсгээс бүрдэж байгаа. 2 сарын 23 ны өдрийн 2 цагт хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ нь хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй. Энэ арга хэмжээний тасалбар нь 10 $-ын үнэтэй. Мэдээж тэд өөрсдийн үндсэн тоглолтын дараа уг арга хэмжээгээ зохион байгуулах болохоор насанд хүрэгчдэд зориулсан арга хэмжээ нь шөнийн 10 цагаас 02 цаг хүртэл үргэлжлэх болно. Үндсэн хөтөлбөр болох “Гала” тоглолтод дээрх шоунуудад тоглодог монголын жүжигчидээс гадна, “Нарны цирк”-эд оролцдог гадаадын жүжигчид, дэлхийд алдартай хөтлөгчид болон найруулагчид оролцох юм. Мөн энэ үеэр тэд уран зургийн үзэсгэлэн болон дуудлага худалдаа болно. Үндсэн арга хэмжээ болох “Гала” тоглолтын тасалбар нь ердөө 25 $ -ын үнэтэй. Уг тоглолтын дараа, шөнийн клубт болох арга хэмжээнд 15 $ төлөөд уг тоглолтыг сонирхохоор ирсэн монголчууд бие биетэйгээ танилцан, хамтдаа бүжиглэж, үдшийг сэтгэл хангалуун өнгөрүүлэх боломжтой.

Эдгээр арга хэмжээнүүдийн орлогоос орсон орлогыг Ажаа гэгээний барьж байгуулж байгаа “Цусны хорт хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг”-т хандив болгон өргөж, тодорхой хэсгээр нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудын халуун сэтгэлээр бүрдэх “Хорт хавдраар өвчилсөн монгол хүүхдүүдэд туслах сан”-гийн суурийг эхлүүлнэ. Бидний байгуулж байгаа энэ сан нь олон нийтэд нээлттэй, ил тод байх бөгөөд ийм хандивын арга хэмжээг тодорхой төлөвлөгөөний дагуу байнга үргэжлүүлж байх юм. АНУ-д ажиллаж байгаа Монголын залуу уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээнд монголчуудыг ирж оролцохыг урьж байна. Та гэр бүлээрээ энэ арга хэмжээг зорьж ирэн төлж байгаа 3 арга хэмжээний нийлбэр болох 50 $ тань энэхүү буяны үйлсэд зарцуулагдах болно. Мөн та дээрх арга хэмжээг дэмжин хувиасаа хандив нэмж өргөх боломжтой. Үндсэн арга хэмжээ болох “Гала” тоглолтод дэлхийд нэр хүндтэй Канадын “Нарны цирк”-ийн олон шоунуудад тоглодог монгол жүжигчдийн ур чадвар болон, уг циркийн нэр алдартай зарим гадаад жүжигчдийн ур чадварыг нэг дор үзэх ховорхон боломж энэ удаад тохиож байна.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг хэллэгээр хорт хавдраар өвчилсөн хэн нэгэнд туслахаас гадна, нийт олонд тус болж чадахуйц орчин үеийн оношлогоо эмчилгээний арга бүхий, мэргэжлийн түвшинд ажиллах эмч сувилагчид бүхий эмнэлгийн байгууламжийг барьж байгуулж чадвал, маш олон хүмүүст тус болж чадна. Ийм сайхан санаачлагын 2014 оны анхны буяны үйлсийг эхлүүлж байгаа Лас-Вегасын залуусын санаачлагыг дэмжицгээе. Хэрэв та энэ арга хэмжээнд оролцохоор урьдцилан захиалга өгөх бол nara_dx@yahoo.com цахим хаягаар болон 702 499 4076 дугаарын утсаар тэдэнтэй холбогдоорой. Гэр бүл, найз нөхөд болон хамт олноороо оролцох бол тэд та нарын хүсэлтийн дагуу Лас-Вегас хотоор аялах сонирхолтой аялалыг зохион байгуулах боломжтой.

Share Your Thoughts