ХУВААГДСАН ЭРХ АШИГ (Сүүлийн үеийн “шуугиант” асуудлаарх миний бодол)

-Ер нь энэ улстөрчдийн үйлдэл болон хандлага нэг л биш ээ.
-Ийм цөөхөн хүн амтай атлаа асар их баялагтай улс орныг зөв удирдаж, сайхан хөгжүүлж болдоггүй л юм байх даа.
-Баян ядуугийн ялгаа хэт ихэсч хууль бусаар баяжсан эрхмүүд өөрсдийн буруу муу үйлдлээ хуулийн заалтаар хамгаалж баталгаажуулах болжээ.
Тэртээх 1990 онд Монгол оронд тайван замаар ялсан ардчилсан хувьсгалаас олон сайн үр дүнг хүлээж байгаад, өнөө хэр цөхөрч итгэл алдаж байгаа хүмүүс өөр хоорондоо ийнхүү халаглан ярьж байна. Ардчиллын нөлөөгөөр бидэнд олж авсан олон ололтууд бий. Гэхдээ олдож болох илүү сайн боломжуудыг ашиглахгүй байгаад, нийгмийн баялгийн хуваарилалт нь хэт шударга бус байгаад, уул уурхайгаас олж болох мөнгөний тухай л яриад түүнээс илүү баялаг болох хүний хөгжлийн тухай огт анхаарч, ажил хэрэг болгохгүй байгаад л хүмүүс бухимдаад байгаа хэрэг. Ардчиллын үнэт зүйлсийн тухай өөрийн ойлголт, мэдлэгтэй болсон хүмүүс алдагдаад байгаа үнэт зүйлсийн төлөө харамсаж байна. Сүүлийн жилүүдэд төр барьж байгаа эрх мэдэлтнүүдийн хийж эхэлж байгаа нааштай алхмуудыг анзаарахдаа “Өмнө нь яагаад энэ бүхнийг хийж болоогүй юм бол?” хэмээн эргэлзэж байна. Ардчиллын үнэт зүйлс нь АН-ын ч, МАН -ын ч биш ард олон өөрсдийнх нь “өмч” гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байгаа. Өөрчлөлт, хөгжил дэвшлийг заавал хууль тогтоомж, дүрэм журам хүлээлгүйгээр өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм гэдгийг ойлгож эхэлж байгаа. Юу юунаас илүүтэй ил тод байдал, ойлгомжтой бодлого, шударга ёсыг бий болгох хэрэгтэй юм гэдэгтэй олон хүмүүс санал нийлж байна. Харин бидний хүсээд байгаа энэ зүйлсүүдэд хэрхэн хандаж буйгаа ардчиллын нэрээр өөрсдийгөө дөвийлгэгсэд, хичнээн олон жил эрх мэдлийг авсан хэрнээ хариуцлага огт хүлээж байгаагүй улстөрчдийн үйлдлүүд харуулж байна.

* ШУУГИАД Л ШУУГИАД Л, ТАЛЦААД Л ТАЛЦААД Л…

…Сүүлийн үед ойр ойрхон гарч олны анхааралд өртсөн “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн “Монголын тусгаар тогтнол”-ын талаар хөндсөн дугаар, “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Го.Бадарч, Г.Сарангэрэл нарын орсон дугаар, 25-р суваг ТВ-ээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний өгсөн ярилцлага, дээрх асуудлаас үргэлжлэн Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хийсэн “нээлттэй уулзалт”, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ярилцлага болоод олон, олон мэдээллүүдэд хүмүүс янз янзаар хандаж буй. Нэг хэсэг хүмүүс энэ асуудлаар шууд л талцаж, Х.Баттулгын “талынх”, Ц.Элбэгдоржийн “талынх” гэхчилэн хуваагдан маргалдаж, өөрсөдтэй нь санал нийлээгүй хүн болгоныг “урвагч”, “эрлийз” хэмээн харааж зүхэж, олон нийтийг хагаралдаанд уриалж байна. Бид ингэж талцаж, бие биенээ үзэн ядах нь зарим хүмүүс болон бүлэглэлд хэрэгтэй байж болох. Харин бид энэ асуудлыг олон талаас нь харж, эрүүл саруул ухаанаар дүгнэлт хийх хэрэгтэй юм шиг. Шуугиад л шуугиад л , талцаад л талцаад л бид хожихгүй.

1. “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн тухайд:

-Х.Баттулгын оролцож өөрийн санал бодлоо илэрхийлсэн энэ нэвтрүүлгээр би 2 зүйлийг л ойлгосон. 1. Монгол орон цаашид үйлдвэрлэл хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргаж байж тогтвортой хөгжинө. 2. Эдийн засгийн хувьд нэг орноос хараат байж болохгүй учраас хоёр хөршөөсөө гадна бусад орнууд рүү чиглэсэн бодлого хэрэгтэй. Мэдээж энэ санаа надад таалагдсан. Х.Баттулга энэ зорилтуудыг шийдэх өөрийн хувилбраа гаргаж олон нийтэд маш тодорхой тайлбарлав. Элдэв бухимдал, маргааныг тооцохгүйгээр энэ асуудалд анхаарлаа хандуулбал боломжийн нэг хувилбар байлаа. Яг энэчлэнгээр “Газрын болоод ашигт малтмалын зэрэг хуулиудын талаар гаргах гэж байгаа бодлогынхоо талаар олон нийтэд ингэж мэдээлж байвал зүгээр юм байна” гэж надад бодогдсон.

-Харин уг асуудлыг хэт дэвэргэж, батлагдах боломжгүй баримтаар хүмүүсийг “Хятадын эрлийз” хэмээн цохон нэрлэж, “Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч” гэж тэмдэглэсэн нь надад лав таалагдаагүй. Хоёр хөрштэй холбоотой ийм асуудлыг ингэж олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр хариуцлагатай хүмүүс ингэж хөндөж байгаа нь улстөрийн хувьд зохимжгүй асуудал болов уу? Хэдийгээр тодорхой хүмүүст болоод, олон нийтэд таалагдаагүй байлаа ч ингэж нэрлэгдэж, зарлагдаж байгаа хүмүүсийн аав, ээж, ах дүү, үр хүүхдүүд нь уншиж сонсож байгааг бид мартаж боломгүй. Хуулийн өмнө баримтаар нотлогдоогүй тохиолдолд ингэж цохож нэрлэн олон нийтийг тэдний эсрэг турхирах нь, монголчууд бидний эв нэгдэлд муугаар нөлөөлнө.

-Уг нэвтрүүлгээр хөндсөн төмөр замын өргөн болоод нарийн царигийн тухайд, нэвтрүүлэгт оролцогсод өөр өөрийн итгэл үнэмшил болоод байр сууриа илэрхийллээ. Уул Уурхайн Ассиоцацыг төлөөлж оролцсон Дамба “Бидний баялгийг худалдаж авах түнш нь гарцаагүй Хятадууд байх учраас, энэ боломжийг ашиглан маш хурдан мөнгөтэй болох нь чухал” гэж тайлбарласан бол Х.Баттулга “Өнөөдөр мөнгө олохын тулд яаран сандран бодлогогүй алхам хийснээс ирээдүйгээ харж холын бодлогодоо анхаарлаа хандуулах шаардлагатай” гэж учирласан. Хүмүүст Х.Баттулга өргөн царигийг санал болгосноор Оросын талын бодлогыг дэмжиж байгаа, Дамба нарийн царигийг санал болгосноор Хятадын талын бодлогыг дэмжиж байгаа мэт харагдавч, угтаа бол Монгол Улсын тусгаар тогтнол хийгээд монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлого нь боловсрогдох учиртайг олон нийтийн анхааралд өртүүлж чадлаа. Бас 2 хөршийн хувьд адил тэгш хандлага байх учиртайг ч бидэнд ойлгуулав.

-Х.Баттулгыг энэ үйлдлийнх нь төлөө буруушааж байгаа, дэмжиж байгаа, бас өөрөөр дүгнэж харж байгаа хүмүүс олон байгаа ч, өөрийн санал бодлоо ингэж олон нийтэд ил тод гаргаж ойлгуулж байгаад би лав талархаж байгаа. Яг юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй байдлаар өөр хоорондоо хуйвалдаж үгсэх замаар бодлогыг тодорхойлж, дараа нь элдэв хардлага дагуулан хараал зүхэлд булуулж байдаг өнөөгийн улстөрчидтэй харьцуулбал зөв алхам, зөв эхлэл юм гэж бодогдож байлаа. Х.Батулгын “зөв” , “буруу” гэдэгтэй бус, улс орны эрх ашигтай холбоотой асуудлаар өөрийн үзэл бодол, санал санаачлагаа олон нийтэд ингэж ил тод ойлгуулж байх цаг болсон. Хэдийгээр өнөөдөртөө бид маргалдаж, хэрэлдэж байлаа ч ийм мэдээллээр харьцуулалт хийж, зөв санаа бодлыг дэмжих ухаан, мэдлэгтэй монголчууд олон байгаа. Цаашид бүр олон залуус бий болно.

2. Ерөнхийлэгчийн “нээлттэй уулзалт”-ын тухайд

-“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгээр хөндсөн асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж “зөвлөх”, “зэмлэх”-ийг хослуулан өөрийн санал бодлоо олон нийтийн өмнө “нээлттэй” илэрхийлсэн нь бас л зөв алхам байлаа. Монгол Улсын Ерөнхийлэгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар олон нийтийн өмнө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ “Төр”-ийг төлөөлдөг. Тийм учраас сэтгэл хөдлөлдөө автаад авгай хүүхнүүдийн “хов жив” шиг шалдир булдар зүйл ярих эрхгүй. Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж “Төр”-ийн өмнөөс Х.Баттулгад хэлж сануулах зүйлээ тодорхой ярьсан. Зарим хүмүүс “шоудаж байна”, “жүжиглэж байна” гэж дургүйцэж байгаа ч Ерөнхийлэгчийн хувьд өөрийн үүргээ биелүүллээ. Бас л сайн жишиг. Олон нийт Ерөнхийлэгчийн үгийг сонсож, өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн. Х.Баттулгын хувьд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлэгчийнх нь хувьд хүндэлж, элдвээр маргалдаж мэтгэлцэлгүй үгийг нь сонсов. Энэ бол улстөрч хүний соёл. Маргалдаж хэрэлдэж, олны өмнө муугаа дуудалцах бий гэж санаа зовж байсан олон нийтэд тэд, улстөрч хүмүүсийн “монгол жудаг”-ийг харуулав.

-Харин Ерөнхийлэгчийн “Чамд хоёр удаа боломж олгосон боловч, чи уг ажлыг хийж чадсангүй” гэсэн үг, хариуцлага хүлээдэггүй улстөрчид болон албан тушаалын хуваарилалт нь “тохиролцоо” маягаар явагддаг жишгийг илэрхийлэх шиг санагдсан. Хэрэв Х.Баттулга өмнө нь “Зам тээврийн сайд”-аар ажиллахдаа ажлаа сайн хийж чадаагүй юм бол, дараагийн удаад Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайдаар дахин томилох шаардлага юунд байсан юм бол? Одоо ажлаа өгсөн Х.Баттулгын оронд өмнө нь Батлан Хамгаалахын сайдаар ажиллаж байсан Түвдэндоржийг зүтгүүлэх хэрэг юу байгаа юм бол? Салбар бүрт “бодлогын сайд” гэдэг халхавчин дор мэргэжлийн бус хүмүүсийг дахин дахин томилуулж ажиллуулж байгаа нь улстөр дахь фракц, бүлэглэлүүдийн эрх ашгийг тэргүүнд тавьж байгаагийн илрэл гэж би хардаг.

-Ерөнхийлэгч уг нэвтрүүлэгтэй холбоотойгоор алив үйлдэл болгон заавал нэр ус, хаяг нь тодорхой байхыг сануулсан. Тэр ч зөв л дөө. Гэхдээ үүнийг өмнө нь яагаад шаардаж болоогүй юм бол? Өдгөө залилан, авилгалын түвшинд хардагдан яригдаж байгаа газрын болоод хайгуулын, ашиглалтын маш олон лицензүүдийг олгосон хүмүүсийн гарын үсэг болоод албан тушаал, нэр хаяг нь уг бичиг баримтууд дээр бичээстэй байгаа атал тэднийг нэрлээд хариуцлага тооцож чадахгүй байгааг би өнөө болтол гайхдаг. Магадгүй энэ нь шийдвэр гаргагсадын бие биенээ “шантаажлах” боломж нь болон хувирч байгаа ч юм билүү? Уг нэвтрүүлгийг хийсэн “Херо Интертайнмент”-ын багийг хариуцлага тооцохоор ТЕГ ажиллаж байгаа тухайд, Ерөнхийлэгч “Тэдэнд сануулаад өнгөрөөх хэрэгтэй, түүнээс биш шоронд хийж болохгүй” гэж өөрийн саналаа хэлнэ билээ. Бодвол жаахан “айлгах” хэрэгтэй болсон юм байх.

3. “Цензургүй яриа” нэвтрүүлгийн тухайд

-“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн шуугиан, талцал дагуулсан дугаарын дараа сэтгүүлч Б. Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ уг нэвтрүүлгийг хөтөлсөн найруулагч Го.Бадарчийг урьж оролцуулав. Мэдээж “Ямааны мах халуун дээрээ” гэж бодож тооцсон байх л даа. Го. Бадарч өөрийн санаа бодлоо илэн далангүй, нилээд хурц хэлбрээр илэрхийллээ. Сайн ч ярьсан. Ер нь сүүлийн үед хүмүүс дэлгэцийн өмнө гарахаараа маш сайхан ярьдаг болсныг энэ дашрамд дурдахад таатай байна. Өөрийгөө Хятадын эрлийз гэдгээ тов тодорхой хэлээд, “Эрлийз хүн болгон урвагч байдаггүй, цэвэр монгол цустай мөртлөө эх орноо худалдахдаа сэтгэл нь шаналахгүй урвагч хүмүүс бишгүй байдаг” гэдгийг дурдсан нь хэтэрхий хийрхэлд автаж байгаа хүмүүст нэгийг эргэцүүлэх бодол төрүүлсэн байх.

-Харин Го. Бадарчийн “Хэрэв төмөр замын цариг нарийнаар шийдэгдэх юм бол, энэ асуудлаар авилгал болон хуйвалдааны шинжтэй маш ноцтой баримтууд өөртөө байгаа” гэдгийг дурдаад, “болохгүй бол уг баримтуудыг гаргаж тавих тухай” “шантааж” маягийн мэдээлэл хэлсэн нь анхаарал татсан. Ер нь ноцтой асуудлууд хөндөгдөх бүрт “надад ноцтой баримтууд байгаа, хэрэв асуудал өөрийнхөөр нь шийдэгдэхгүй бол гаргаж тавина” гэж ярьдаг жишиг Монголын улстөрд нэгэнт тогтжээ. Эх орныхоо хувь заяа болон хөгжил дэвшилд муу нөлөө үзүүлж болзошгүй үйлдлүүдийн баримтыг мэдэж байгаа хэрнээ шударгаар гаргаж тавин хуулийн хүрээнд шалгуулах иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа хүнийг “эх оронч” хүн гэх үү? “хувиа хичээгч хүн” гэх үү? Монголын улстөрд бие биенийхээ хууль бус үйлдлийг мэддэг , өөрөө хууль бус үйлдэл хийгээд түүнийг нь нөгөө хүн бас л мэдэж байгаа тохиолдолд “харилцан зохицож”, “нуун дарагдуулдаг” арчаагүй байдал бий болсны илрэл гэлтэй. Тийм болоод Монголын улстөрд хичнээн мөрөөдөөд ч “шударга удирдагч” гарч ирэхгүй байгаагийн нэгэн шалтаг энэ байж болох юм.

– “Цензургүй яриа” нэвтрүүлгийн дараагийн дугаартаа сэтгүүлч Б.Мөнхбаясгалан Хууль Зүйн сайд Х.Тэмүүжингийн “нууц амраг”-аар тодроод, олон нийтийн дүргүйцэл, эргэлзээг бадрааж байгаа Г.Сарангэрэл гэдэг бүсгүйг оролцуулав. Үйл явц хэтэрхий хурдан өрнөж, олон нийтийг эргэцүүлж бодож амжихгүйгээр “шок”-онд оруулах гэж хичээж байгаа нь энэ үеэс мэдрэгдэж, “Захиалгат нэвтрүүлгүүд яваад байна уу даа?” гэдэг бодол шууд төрүүлсэн. Мөнхбаясгалан сайн сэтгүүлч байж болноо. Харин энэ нэвтрүүлгээрээ тэрээр сэтгүүлзүйн ёс зүйг, өөрийнхөө ёс зүйтэй хамтад нь “унагаж” орхисон, миний бодлоор. “Ёс зүйтэй, хараат бус сэтгүүл зүйг бий болгох” уриатай энэ нэвтрүүлгээ хэн нэгний санхүүжилттэй, захиалгатай, ёсзүйгүй гэдгээ өөрөө бусдад нотолж орхив. Өмнө нь үзэхэд сонирхолтой санагдаж байсан энэ нэвтрүүлэг миний хувьд “шал утгагүй” болж орхилоо. Бидний хувьд сэтгүүл зүй худалдагдаж орхисны бодит жишээ энэ байлаа, харамсмаар.

* ХАРАМСМААР

…Сарангэрэл гэдэг бүсгүйн яриа болоод нэвтрүүлгийн дараа өрнөж байгаа үйлдлүүд монголчууд бидний ямархан арчаагүй, ядуурсан сэтгэлгээ, өнгө мөнгө, эрх мэдлийн төлөөх хүн чанараа гишгэчиж хэрхэн улайрч байгааг “нүцгэн үнэн”-ээр нь харуулав. Хууль бусаар эрх мэдэлд хүрч, хууль бусаар баяжиж байгаа эрхмүүдийн тэнэг улайрлын бодит жишээ. Тэд залуусыг мөнгөөр хөлсөлж бусдыг дарамтлуулж байна, тэд залуухан бүсгүйчүүдийг өөр хоорондоо худалдан арилжиж, бие биенийхээ эсрэг “өгөөш” болгон ашиглаж байна. Хүмүүс ам амандаа шивнэн ярилцаж, дүргүйцэж байгаа хэрнээ дасан зохицож, мэдсээр атлаа зусардан дагаж байгаа муу үйлдлүүдийг бидэнд нотлон ойлгуулав. Энэ тэнэглэл нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа, ой гутмаар. Өөрсдийн улайралдаа тэд хүмүүсийн амьдрал хувь заяаг гаргуунд нь хаян ашиглаж, тохуурхаж байна. Мөнгөөр эрх мэдлийг худалдан авч, мөнгөөр хүмүүсийг худалдан авч, мөнгөөр хүссэн бүхнээ хийж, мөнгөөр эх орон тусгаар тогтнолоо хүртэл арилжихад сэтгэл нь өвдөхгүй хүмүүсээр дүүрчээ, Монголын улстөр.

Бид өөрсдөө ямархан арчаагүй мунхаг, ядуурсан сэтгэлгээтэй, өнгө мөнгөний боол болсон, ямар зусар дорой болохоо толинд харж байгаа мэт мэдрэв. Өгсөн мөнгийг нь аваад л сонгоод, амалсан бүхэнд нь хууртаад л сонгоод, мэдсээр атлаа мэдрэлгүй дүр эсгээд сонгоод байсны муу үр дүн. Худлаа л “эх оронч” гэж цээжээ дэлдээд л, хэн нэгний өгсөн мөнгөнд амаа үдүүлээд л, юу ч уншиж эргэцүүлэхгүй хэрнээ бусдын ярьсан болгон шууд итгэж хийрхээд л, өөрөөсөө олж хардаггүй буруугаа өрөөл бусдаас олж харан харааж зүхээд л, “авгайдаа уурласан уураа аавдаа гаргав” гэдэг үлгэрээр бие бие рүүгээ хашгичиж занасан хүмүүс. Эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхгүй явсаар, айлын “эрхийн балай” болсон хүүхэд шиг л болж орхижээ. Биднийг ийм байлгахыг хэн хүсээд байна вэ? Эргэн тойрноо сайн ажиглаж, өөрийн ухаанаараа нэг цэгнэ дээ.

* БИДЭНД НЭГ Л ЭХ ОРОН БИЙ

Монголчууд бид нэг л эх оронтой, хэзээ ч сольж болдоггүй хоёрхон хөрштэй. Тийм болохоор бидэнд нэг л эрх ашиг бий. Салгаж, хувааж болохгүй эрх ашиг бол Монгол орны минь тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс орны минь хөгжил, монгол хүний хөгжил юм. Харин өнөөгийн Монголын улстөрчид үүнийг үгүй хийж байна. Хэрэв үүнийг “худлаа” гэвэл, “24 жилийн дотор юу хийв ээ?” гэж тэднээс асуу. Тэдний баяжиж таргалсныг, өөрсдийнхөө ядуурч турсантай харьцуулаад үз. 8-16-24 жил Монголын улстөрд оролцож, ээлж дараалан эрх барьсан маш олон хүмүүс байгаа. Тэднээс хариуцлага асууя. Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Х.Баттулгатай уулзахдаа “боломж олгосоор атал юу ч хийж чадаагүй” хэмээн зэмлэсэн. Яг түүн шиг 24 жил боломж олгосоор атал юу ч хийгээгүй, өнөөдрийг хүртэл сайхан “үлгэр” ярьж, зовлон тоочоод суугаа хүмүүстэй хэн, хэзээ хариуцлага тооцох юм бэ? Хэрэв энэ заваан байдлыг өөрчилж, улстөрч болгонтой хариуцлага тооцож чадахгүй юм бол “шударга Ерөнхийлэгч” гэж нэрлээд яах юм бэ?

Миний хүндэлж, анзаарч явдаг улстөрчид Х.Баттулга, Х. Тэмүүжин нарыг тойрсон энэ дуулиан шуугиан эргэлзэж, хардаж байсан олон муу зүйлсүүдийг бидний өмнө нотолж өглөө. Тэднээс дор тэнэг улстөрчид зөндөө бий. Эд нар Монгол орны хөгжилд сайн зүйл хийж чадахгүй юм байна гэсэн харамсмаар сэтгэгдлийг надад үлдээв. Монголын улстөр бохирдон ялзарч, арчаагүй дорой болж, мөнгөний төлөө юугаа ч худалдахаас буцахгүй “хүн сүрэг” бий болжээ. Тэд эвлэршгүй талцлаараа хүмүүсийг “зодолдуулах”-ыг хүсч байна. Биднийг “мал сүрэг” мэт байлгаж хүссэнээрээ “хариулж” байхыг хүсч байна. Уучлаарай, тийм зүйл гэж ёстой байхгүй.

Монголын шинэ залуу үе дэлхийн хэмжээнд боловсорч, өөрсдийгөө хөгжүүлж байна. Намуудын дотор ч өндөр мэдлэг чадвартай, багаар ажиллах чадвартай, эрүүл саруул ухаанаар сэтгэдэг залуус олон бий. Монголын хүн амын 4 ний 1 нь гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч, аялахдаа “ХӨГЖИЛ” гэж юу болохыг, “ХУУЛИЙГ ХЭРХЭН САХИЖ МӨРДДӨГ”-ийг, хувь хүний “ЭРХ ҮҮРЭГ” хэрхэн зохицолддогийг, “МӨНГӨ АМЬДРАЛД ЯМАР ҮҮРЭГТЭЙ” болохыг, “ЭХ ОРОН ГЭДЭГ ЯМАР ИХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ” болохыг мэдэх болсон. Тийм болохоор “МОНГОЛ” орон хэзээ ч мөхөж үгүй болохгүй, ямагт мандан бадрана гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг. Харин бид нэг л зүйлийн төлөө нэгдэх учиртай. Энэ бол МОНГОЛЫН ЭРХ АШИГ-ийн төлөөх нэгдэл. “Ташуураар хамгаалж байсан эх орноо тархиараа хамгаалах цаг болжээ” хэмээн фейсбуук дээр бичсэн байсныг уншиж байсан. Сайхан үг. Монголчууд бид “ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ БАЙСАН” учраас, өөр хоорондоо “зодолдох”-оос татгалзах хэрэгтэй. Бидэнд энэ бүхнийг өөрчлөх маш олон боломжууд байгаа.

Эхлээд хувийн эрх ашгаа бодож, дараа нь нам бүлэглэлийн эрх ашгийг бодож, эцэст нь улс орны эрх ашгийн тухай боддог өнөөгийн улстөрчид та нарыг зайлуулж, хариуцлага тооцох цаг ирнээ. Харин та нарын дараагийн улстөрчид эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, дараа нь нам бүлэглэлийн эрх ашгийг бодож, эцэст нь хувийн эрх ашгийн тухай санаж байх болно. Монгол орныхоо эрх ашгийн төлөө нэгдэж, зүтгэж чаддаг хүн болгоныг бид дэмжих болно. Эрүүл саруул ухаантай монгол хүн болгон “ЭВДРЭЛИЙН ЭСРЭГ”, “ЭВ НЭГДЛИЙН ТӨЛӨӨ” байх болно. Харин сонголт нь таных.

Share Your Thoughts