ХУРТАЙ НАЙРГИЙН НААДАМ (Лос-Анжелес хотноо болсон “Тулга -уран үгсийн чуулган”-ы тэмдэглэл)

…Лос-Анжелес хотод буух бүрийд бүгчим халуун угтдаг. Өвөлдөө цас унахгүй, зундаа тэр тусмаа 7, 8 сард бараг бороо ордоггүй энэ хотод цөөнгүй монголчууд ажил, амьдралын мөр хөөж, өөрсдийн бизнесээ босгож буй. Номхон далайн эрэг дээр орших “Холливуудын төв” гэдгээрээ алдартай энэ хотод аж төрдөг монголчууд нилээд идэвхтэй. Миний л мэдэхийн эндхийн Монголчуудын Холбоо нь нилээд ардчилсан сонгууль явуулж, алдаа оноо бүхнээ ил хэлэлцэж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Шагайн харваа, ширээний теннис, волейвол, сагсан бөмбөг зэрэг спортуудын төрлөөр нилээд сайн багтай, тэд нь ч АНУ-ын монголчуудын дунд явагддаг спортын уралдаан тэмцээнүүдэд амжилт үзүүлдгийг бид мэдэх юм.

Өнгөрсөн жилийн өдийд Вашингтон ДС хотноо зохион байгуулагдсан “ТУЛГА Уран үгсийн чуулган-3” арга хэмжээний дараагийн буухиаг хүлээж авсан эднийхэн нилээд эртнээс бэлтгэсэн. Өмнөх жилүүдэд энэ арга хэмжээний нэр болоод лого, эмблемийг албан ёсны болгож баталгаажуулсан бол энэ жилийн хувьд арга хэмжээнд оролцох болоод арга хэмжээг шүүх дүрэм журмыг боловсруулж, цахим хэлбрээр олон нийтийн дунд хэлэлцүүлсэн юм. Аливаа зүйлд “хайнга” ханддаг зангаараа бид төдийлэн анхаарч санаа тавиагүй нь арга хэмжээг шүүх явцад илэрч, бага зэрэг маргаан үүсгэсэн хэдий ч учраа ойлголцсон л доо.
Сонгодог хэлбрээр зассан танхимд өдрийн 2 цагт товлогдсон “ТУЛГА-Уран үгсийн наадам-4” арга хэмжээ ердөө 30 минут л хоцорч эхлэв. Ер нь хаа газар монголчуудынхаа дунд зохион байгуулж байгаа арга хэмжээгээ цагт нь эхлүүлэх талаар зохион байгуулагчид нилээдгүй анхаарах болсон. “Хүлээнэ гэдэг амаргүй, хүлээлгэнэ гэдэг хүндгүй”. Энэ л монголчууд бидний бие биеэ хүндлэх хүндлэлийн эхлэл.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн миньөв их эрдэнэ
Сонсох бүрийд яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юугээн бишрэн магтмуу би

Мөрөн гол цутгалант, ширгэш үгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

Их бичгийн гүн ухаант Б.Ренчин гуайн гайхам яруу хэллэгээр энэ арга хэмжээ эхэлсэн. Энэ жилийн арга хэмжээнд Чикаго, Денвер, Сан-Франциско, Лос-Анжелес, Сиэтл хотуудаас нийтдээ 20 уран уншигчид ирж оролцлоо. Энэ 20 оролцогчдийн 11 нь Денверээс ирж оролцож байгаа гэхээр, үндсэндээ жил жилийн энэ арга хэмжээнд Денверийнхний гал халуун сэтгэл, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл тулгын чулуу мэт тулгуур болдог. Тэд анх асаасан найргийн их галаа манаж явдаг юм. Энэ жилийн арга хэмжээнд Монголоос МУСГЗ, нэвтрүүлэгч Ж.Батбаяр, МЗЭ -йн шагналт зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нар оролцохоор зорьж байсан боловч, хүндэтгэх шалтгааны улмаас Б.Сарантуяа маань ганцаараа ирж оролцлоо. Сэтгэлдээ найрагтай, богцондоо “Сорхугтани”, “Сайн хаан Бат” романуудтай ирсэн Б.Сарантуяа маань энэ арга хэмжээний хүндтэй зочин нь байв.

* ШҮҮГЧИЙН ӨЧИЛ

Жил жилийн арга хэмжээнд “хэн шүүгч байх вэ?” гэдэг нь маргаан дагуулсан асуудал болоод удаж буй. Зарим жилийн арга хэмжээг өөрсдөө шүүж, зарим жилийнхийг зөвхөн Монголоос ирсэн хүмүүсээр шүүлгэж байсан боловч “санаанд нь нэг хүрдэггүй”. Энэ жилийн арга хэмжээний шүүгчдийг томилохдоо “мэргэжлийн” гэдэг талаас нь СУИС-ийн тайзны ярианы багшаар ажиллаж байсан Б.Хандсүрэн, оролцогчдийн хэнийг нь ч танихгүйг бодолцож Монголоос ирсэн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяаг, жил жилүүдийн арга хэмжээнд тасралтгүй оролцож, оролцогчдийн “багцааг мэдэх” -ээр нь намайг сонгосон юм билээ. Дээр хэн нэгний намайг учиргүй загнаснаар “дуртайдаа энд тэнд очиж далбаганаж” явдагтаа шүүгчээр оролцоогүй гэдгээ учирлахад таатай байна. Уг нь байна шүү дээ, ийм арга хэмжээний шүүгчээр ажиллана гэдэг “ёстой тамтай” ажил юм билээ.

Нэгэнт шүүгчээр томилогдсон болохоор өөдөөс харж мишээсэнд нь оноо нэмж, өөдөөс муухай хараад байснаас нь оноо хасаад байх эрхгүйгээр нэгэнт гаргасан шүүгчийн журамд л захирагдах болдог. Тэр журмыг нь бид боловсруулаагүй болохоор, зарим маргаантай асуудлуудаар журмыг боловсруулсан хүмүүс руу хуруугаараа зааж орхих жишээтэй. Заримдаа “энэ уншигч энэ жил сайн байна даа” гэж бодоод бусдынхаа өгсөн оноог нэмээд харахад “хасагдаж” орхиход нь сэтгэлдээ харуусна, нөгөө хоёр руугаа заримдаа “том харна”. Гээд яахав дээ, шүүгчийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Нуулгүй хэлэхэд амаргүй ажил. Нэг их хүсмээр ч зүйл бас биш. Гэхдээ хэрээрээ л “шударгаар шүүсэн”. Шийдвэр болгон хүн бүрийн сэтгэлд 100 хувь нийцнэ гэж ч юу байхав. Наадам сайхан болсон. Уран уншигчийн сэтгэлээс нь, бүр сэтгэлийн гүнээс нь урсах учирлал, хайр энэрэл, ухаарал болгон нь үзэж суугаа хүн болгоны зүрхэнд уярлын нулимс болон шингэж байлаа. Ялаа ниссэн ч сонсогдох тэр танхимд яруу сайхан монгол үгс уянгын сайхнаар хэлхэгдэж байлаа. Яг энэ үдэш л харийн энэ тэнгэрт монгол найраг, яруу тансаг үгс уянгалан эгшиглэж, тэнгэрт дүүлэх шувууд шиг зүрхэн дундуур халин дэвж байлаа.

* ОРОЛЦОГСОД

1-р даваа:
1. Ч.Нарангэрэл \Сиэтл\ П.Бадарч “Эхийн сэтгэл”
2. С.Хандмаа \Чикаго\ С.Хандмаа “Эх орон юутай ч зүйрлэшгүй”
3. Д.Ганчимэг \Лос- Анжелес\ Г.Мэнд- Ооёо “Хүлээж буй ээж”
4. Ш.Байгалмаа \Денвер\ Г.Мөнхцэцэг “Дагуулахдаа л дагуулна”
5. П. Энхээ \Денвер\ Б.Лхагвасүрэн “Цэцгэн эрхи\
6. Б.Энхдулам \Чикаго\ Д.Пүрэвдорж ” Светланагийн өчил буюу хүүхэлдэйн дууль”
7. Ч.Өнөрцэцэг \Денвер\ Ц.Хулан “Аавдаа”
8. Ц.Энхболд \Денвер\ Б.Лхагвасүрэн “Аргагүй амраг”
9. Б.Намуунбайгаль \Денвер\ Ц.Хулан “Яруу найрагчаас нөхөртөө хэлэх үг”
10. С.Байгалмаа \Сан-Франциско\ С.Байгалмаа “Уйлахуй учир”
11. Н.Батдэлгэр \Лос- Анжелес\ Ш.Гүрбазар “Монголоороо гоёдог”
12. Т.Оюун \Сан-Франциско\ Ц.Хулан “Би дургүй”
13. Ц.Нарангэрэл \Денвер\ Р.Чойном “Миний цонхны өмнүүр”
14. Э.Сосорбарам \Лос-Анжелес\ Б.Мягмаржав “Реквием”
15. Б.Баярмаа \Денвер\ И.Цэрэнжамц “Эргэлт”
16. Б.Энхжаргал \Сан-Франциско\ Ц.Хулан “Ганцхан эжийдээ унших шүлэг”
17. Б.Амгаланбаяр \Денвер\ Б.Лхагвасүрэн “Монголын их нүүдэл”
18. М.Бат-Эрдэнэ \Денвер\ Ж.Мөнхбат “Дутах эс дутах”
19. Д.Баттулга \Денвер\ Б.Лхагвасүрэн “Сайхан цэнхэр хөдөө”
20. Б.Амгалан \Денвер\ Т.Кана “Гуниглах дуртай”

2-р даваа:
1. Т.Оюун \Сан-Франциско\ Г.Цагаанхүү “Манжуурын толгод”
2. С.Хандмаа \Чикаго\ Б.Баттөр “Монгол гоо”
3. Б.Баярмаа \Денвер\ Х.Болор-Эрдэнэ “Охинд минь дурлах хархууд илгээх захидал”
4. Ц. Нарангэрэл \Денвер\ “Кондуктор минь уучлаарай”
5. Б.Энхдулам \Чикаго\ Т.Бум-Эрдэнэ “Охид”
6. Б.Амгаланбаяр \Денвер\ До. Цэнджав “Хоёрын даваа”
7. Э. Сосорбарам \Лос-Анжелес\ Б.Баярсайхан “Үйлийн үрийн төлөөс”
8. Ч.Нарангэрэл \Сиэтл\ С.Баттулга “Ижий зул”
9. М.Эрдэнэбат \Денвер\ Ж.Лхагва “Бид ялав”
10. Б.Амгалан \Денвер\ Б.Цоожчулуунцэцэг “Төлөөс”
11. П.Энхээ \Денвер\ Б.Цоожчулуунцэцэг “Диваажинд байгаа ээждээ”

Энэ даваанд 3-р байрын төлөө Т.Оюун \Сан-Франциско\, Ц.Нарангэрэл \Денвер\ нарын оноо тэнцсэнээр хоёр уншигчийг дахин уншуулж, шүүгчдийн өгсөн оноогоор байр эзлүүллээ.

*ШҮҮЛТИЙН ДҮН:

1-р байр Д.Энхдулам \Чикаго\ Лос-Анжелесийн DBN Carrier LLC
Вашингтон ДС “Пирамид” компаны шагнал
2-р байр Э.Сосорбарам \Лос-Анжелес\ “Боргил” корпорацийн шагнал
3-р байр Т.Оюун \Сан-Франциско\ “MGLogiistics” компаны шагнал
– Н.Батдэлгэр \Лос-Анжелес\
“Үүсгэн байгуулагчийн шагнал” буюу Денверийн “Тулга” клубын шагнал
-Б.Намуунбайгаль \Денвер\ Лос-Анжелесийн “Монгол номын сан”-гийн шагнал
-Ц.Нарангэрэл \Денвер\ Сан-Францискогийн Монголчуудын Холбооны шагнал

Түүнчлэн энэ арга хэмжээний нээлтэд Сан-Франциско хотод Монгол Улсаас суугаа Ерөнхий консул Д.Баярхүү оролцон баяр хүргэж үг хэлэнгээ, энэхүү арга хэмжээг өргөн дэлгэр явуулж, олон нийтийн хүртээл болгоход их хувь нэмэр оруулж байгаа Денверийн” Тулга клуб”, Лос-Анжелесийн “Монгол номын сан” -д “Өргөмжлөл” гардуулав. Мөн Сакраменто хотод үйл ажиллагаа явуулж байгаа Бурхан шашинтны хийдээс арванайлж бүтээсэн бурхны хөргийг тэргүүн байр эзэлсэн Д.Энхдуламд төлөөлөл болгон гардууллаа.

…Энэ арга хэмжээний үеэр дуу хуураа өргөсөн “Андууд” хамтлаг байгуулагдаад удаагүй байгаа юм билээ. Ихэнх нь миний сайн таних залуус. “Хөөх та нар чинь ямар гоё дуулж байнаа” гэсэн чинь “хэхэхэ бид ч байгуулагдаад удаагүй байгаа юм аа” гэж хуучилсан. Хамтлагийнхаа нэрийг “Андууд” , “Ахмадын золбоо” гэж маргаж байснаа, тайзан дээрээс Болор-Эрдэнэ маань “Андууд” хамтлаг” гээд зарлахаар нь түүгээрээ шийдсэн биз. Болор-Эрдэнэ хөтлөнгөө өөрөө дуулсан. Мундаг залуу байна билээ. Бид 2 уулзаж багагүй хууч хөөрч амжсан. Бас Денверээс зураач М.Цогтсайхан анд минь уран зургийн дээжсээсээ авч ирж, Л.Мөнхтөр андын хамт үзэгчдэд зургуудаа сонирхуулсан. Хөтлөгчид, шагнал гардуулах ёслол бүгдийг нь монгол хувцастай, монгол уламжлалаараа сайхан үйлдсэн. Зохион байгуулагч та нартаа маш их баярлалаа. Арга хэмжээний үеэр аадар бороо асгарч, гайхсан хүн болгон “Лос-Анжелест сүүлийн 20-иод жил өдийд бороо орж байгаагүй юм гэсэн” гэж бэлэгшээж байв. Монголчууд бидний амны бэлгээр “Хувьтай хүмүүс хур бороо дагуулж ирсэн” байж ч болох. Бас монгол найргийн уянга яруу хэлхээсэнд уярч хайлаад, тэнгэр уйлсан байж ч болох. Ерөөлөөр болог.

* ЗОХИОЛЧ НАЙРАГЧДИЙН ЦАГ:

Маргааш орой нь “Зохиолч найрагчдийн цаг” буюу уулзалт үдэшлэг болсон. Газар газраас найргийн хур тээж ирдэг уран уншигчид маань энэ үдэш тухтайяа уулзаж, сэтгэлээ онгойтол “буу халж”, гунигаа тайлагдтал бүжиглэдэг. Энэ үдшүүд тэдний дараа жилийн наадамд учрах “болзоо” нь болдог. “Яадаг юм, дагуулахдаа л дагуулна” гэдэг шиг омголон хэрнээ яруу үгс хөвөрч, хэн хэнийхээ алдаа оноог бас хэлж өгнө. Уран зохиол, яруу найрагт дуртай хүмүүсийн нөхөрлөлийн цаг. Сэтгэлд нь найргийн гал асч байдаг болохоор тэд үгсийн сайхныг хэлэлцэж, үйлсийн сайхан руу тэмүүлж байдаг юм. “Сархадад биш, найрагт согтдог үдэш”. “Андууд” хамтлагийнхан маань амьд хөгжмөөрөө энэ үдшийг “доргиож” өгөв. Тэд нилээд хэд хэдэн газруудаас “амьдаараа тоглох” урилга авч амжсан байхаа. Бүсгүйчүүд болгон тэднийг ширтэж санаа алдаад байсан нь дараа дараагийн олон аялан тоглолтын заллагын шалтгаан болох буйз.

Зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа шүлгүүдээ уншиж, “Дөчин нас” ны эрхэмсэг хэрнээ бардамхан ухаарлаа бидэнтэй хуваалцав. Сонсоод л баймаар түүний шүлгүүд сонсож байгаа биднийг “эх орондоо ирээч” хэмээн учирлах шиг санагдсан. Лас-Вегасаас яруу найрагч Дашбалдан анд минь энэ үдшийг зорьж ирж, “найрагчийн зүрхэнд үрчлээ суудаггүй юм” гэдгийг яруу тансаг шүлгээрээ омогшин байж бусдад хэлж өгөв. Нэг л гоё мэдрэмж. Онгоцноосоо хоцрохдоо бүсгүйчүүдийн дуудлага, даллагаар хурайлуулан байж Чикагогоос ирсэн АМУЗ-ын тэргүүн Ө. Пүрэвсүрэн анд минь нэг л сонин содон мэдрэмжээ хуваалцлаа. Пүүжээ маань АНУ-д Монголын утга зохиолын галыг манах гэж хичээж зүтгэж яваа. Залуу хүн болохоор сэтгэж зүтгэж байгаа нь биднээс арай өөр. Пүүжээ маань “Хоёр морь хөтөлж, ногт ганзгалж ирээд наадмаа аваад буцлаа шүү” гэж бидэнд хэрдээ “томроод ” л буцсан. Сан-Францикогоос Я.Баатар ирж найргаасаа хуваалцав. Бараг 40 жилийн тэртээ Завханы Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд миний дээд ангид шүлэг бичдэг байсан даруухан бор хүү хэвээрээ. Угаасаа бурхан зургийг нь тэгээд зурчихсан болохоор зургаараа яваа авьяасын онгод.

Миний сайн танил “усны” Лхагваа, Чикагогийн Д.Уранзул нарын дунд сургуулийн төгсөлтийнхөн 35 жилийн ойгоо тэмдэглэнгээ энэ үдшийн цэнгүүнийг “чимэглэв”. 10-р анги төгсөөд 35 жил болж байгаа хэрнээ л “манай ангийн охид”, “манай ангийн хөвгүүд” гэж дуудах нь, хүний амьдралын олон дурсамжуудаас огт хуучралгүй, цав цагаан цаас шиг дурсамж нь сурагч насны дурсамж болж үлддэгийн илрэл. Хожим нь хэн ч болсон бай, ангийнхан нь тэр л үеийн төрх, зан аашаас нь өөрөөр төсөөлж чаддаггүй. Хичнээн хувирч өөрчлөгдсөн ч зөвхөн тэд л уулзаж учрахдаа сурагч үеийнхээсээ өөрөөр байж чаддаггүй. Хүүхэд насны гэгээн сайхан дурсамж хөвөрсөн энэ үдэш тэд олон хүмүүсийн сэтгэлд нь “мартагдсан дурсамж” -ийг нь сэргээсэн буйз аа.

Уламжлал ёсоороо дараа жилийн “ТУЛГА Уран үгсийн чуулган-5” болох газарт эмблем логог гардуулсан. Уг нь Сан-Францискогийнхон дараа жилийн арга хэмжээг зохион байгуулахаар санал өвөрлөж ирсэн юм билээ. Энэ наадмыг анхлан зохион байгуулсан Денверийн “ТУЛГА” клуб ирэх жил 5 жилийн ойгоо тэмдэглэх учраас наадмыг зохион байгуулах тухай ч яригдаж байсан. Ямартай ч “давуу эрх” ээрээ гэх үү, Денверийнхэн энэ буухиаг хүлээж авлаа. Монгол хэлний яруу тансаг хэллэгээр нөхөрлөсөн андууд болохоор ойлголцож, бие биенээ дэмжицгээх буйз. Дараа жилийн наадам даан ч хол байна даа, хол байна” гэсээр ажил амьдралын хэмнэл дунд, эргэх хорвоогийн эргэлт дунд бид дахиад уулзаж учирцгаах болноо.

*ЭНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ДЭМЖЛЭГ

Лос-Анжелест болсон энэ жилийн арга хэмжээг Лос-Анжелесийн “Монгол номын сан”, Лос-Анжелесийн Монголчуудын Холбоотойгоо хамтран зохион байгуулсан нь дэмжигч, зохион байгуулагчдийн хүрээ өргөжсөн сайхан жишээ. Арга хэмжээг зохион байгуулахад тулгуур болдог санхүүжилтийг хамтдаа босгосон “Бурхан Шашинтны нийгэмлэг”, “Ogii s avto transportation”, “Borgil corporation”, Piramid Granite LLC”, ” DBN Carrier Inc”, ” MGLogistics”, “Sushi Koo” байгууллагууд болоод Н.Содномпунсум, Э.Болор-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, Эрдэнэбаяр, Д.Бишүүгарам, Б.Ариунтуяа, Н.Оюунчимэг, Б.Болорчимэг, А.Өлзийбаяр, Д.Отгонбаяр, М.Баясгалан, Ч.Алтанжан, Ч.Амарбаяр, Л.Мөнхбаяр, Ч.Дашдорж, Н.Баттулга, Б.Жавхлан, Д.Мөнхбаяр, А.Баярмаа нарт талархаж байна. Мөн арга хэмжээний хамаг хүндийг нүрүүн дээрээ үүрч гарсан Б.Ган-Энхбаяр, Л.Мөнхтөр анд нартаа ч их баярлалаа. Энэ бол олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд гал асаасан буянтай үйлс. Та нарын буян дэлгэрч явах болтугай.

*ТӨГСГӨЛ

Лос-Анжелесийн бугчим хуурай орчинд тэнгэрээс аадар асгаруулж газрыг сэтгэлтэйгээ хамтад норгосон найргийн наадам өндөрлөв. Одоо бол Лос-Анжелест бүгчим халуун л байгаа.

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд охид, халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юугээн хайрлан дээдэлж
Энхжүүлэн бадруулахын бат зориг төгс, юутай сайхан

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Share Your Thoughts