ХУУЛИЙН ӨМНӨ АВ АДИЛХАН БАЙЦГААЯ

Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хэн боловч дарга цэрэг, баян ядуу, хөөрхөн муухай, хөгшин залуу байхаас үл хамааран хуулийн заалтын дор адил захирагддаг. Энэ бол ардчилал болон шударга ёсны нэгэн баталгаа. Тэгэхээр ямар нэгэн гэмт үйлдэлд сэжиглэгдсэн бол хэн ч бай шалгуулж зөв буруу болон худал үнэнийг тогтоолгон зохих хариуцлагаа үүрч байх учиртай.Ингэж гэмээ нь хүмүүс гэмт үйлдэлд холбогдохгүйг хичээн, гэмт үйлдэлд нотлогдсон хүмүүс олон нийтийн эрх ашгийг хохироосныхоо төлөө нийгмээс тусгаарлагдана. Хуулийн тухай энгийн ойлголт энэ.

Монгол Улсын иргэн, Монгол Улсын Ерөнхийлэгчээр ажиллаж байсан Н.Энхбаярыг  “Эрүүгийн хууль”-ийн тодорхой зүйл ангийн дагуу сэжигтнээр тооцож, мэдүүлэг авахын тулд албадан саатуулсан ажиллагаа өдгөө Монголын олон нийтийн анхаарлыг татаж, нилээд шуугиан дэгдээж буй. Хүмүүс энэ талаар янз бүрийн бодолтой байж, энэ үйлдлийг өөр өөрийнхөөрөө л тайлбарлаж буй. Бид ч энэ талаарх маш олон видео бичлэгүүдийг үзэж, мэдээллүүдийг уншиж байхдаа мөн л өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Буруу ч бай, зөв ч бай ингэх эрхтэй. Би өөрийн бодлоо хуваалцвал:
1. Энэ бол баярлаж бахдаад, бахардаж унаад байх зүйл биш.
Иргэн Н.Энхбаярыг олон үйлдэлд сэжиглэж, шалгаж байгаа тухай мэдээлэл нилээд эртнээс гэрч байсан. Түүний эхнэр Цолмонгийн нотолж байгаагаар бараг 3 жил орчим шалгаж байгаа бөгөөд иргэн Н.Энхбаяр энэ хугацаанд 2-3 удаа тайлбар хүргүүлсэн гэнэ. Оны өмнө мэдээллийн хэрэгслэлээр ярилцлага өгөхдөө Н.Энхбаяр “Энэ бол Ц.Нямдоржийн надад өс санаж, захиалгаар хийж байгаа ажиллагаа. Тэгэхээр би шалгуулахгүй. Хэрэв шалгуулах бол Ц.Нямдоржийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд хамтдаа шалгуулья” хэмээн дурдаж байсан. Жирийн иргэд ингэж
хэлж, хуулийг эсэргүүцэж зүрхлэх байсан гэж үү? Ямар нэгэн асуудалд сэжигтнээр шалгагдаж учиртай хэнд ч шүүхийн зарлан дуудах хуудас ирэх нь ердийн л үзэгдэл. Харин тэр хуудсан дээр “Та дуудсан хугацаанд ирэхгүй бол … хуулийн заалтын дагуу албадан саатуулах болно” гэж бичсэн байдаг. Хэрэв  “их зан” гаргаад очихгүй бол цагдаа нар гэрт нь очиж шууд баривчлан саатуулах тохиолдол зөндөө.

Хэдийгээр Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлэгчээр ажиллаж байсан ч “Монгол Улсын Хууль”-ийн өмнө жирийн иргэдтэй ав адилхан. Тэр тусмаа Монгол Улсын Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлэгч зэрэг бүх л хариуцлагатай албан тушаалыг хашин ажиллаж Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль дүрэм журмыг боловсруулан баталж, хэрэгжүүлж байсныхаа хувьд, Монголын Төрийг хүндэтгэх, хуулийг дээдлэн сахих талаар ард олонд үлгэр жишээ үзүүлэх учиртай хүний хувьд , “Надад ямар ч буруу байхгүй, шалгуулахаас айх зүйл алга” хэмээн удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдэгдэж байсныхаа хувьд очоод шалгуулж үнэн мөнө тогтоолгох хэрэгтэй байлаа. Хэрэв тэгсэн бол бусдад илүү сайнаар нөлөөлөх байв. Бид хичнээн “буруугүй” гэдгээ бусдын өмнө тайлбарлаад ч үүнийг зөвхөн хууль тогтоодог дэлхий нийтийн жишиг бий. Хэдийгээр “Монголд хууль ёс завхарч байна” гэж бид ам амандаа халагладаг хэдий ч үүнээс өөр сонголт үгүй. Тэгэхээр энэ бол баярлаж бахдаад, бахардаж унаад байх зүйл огт биш. Иргэн Н.Энхбаяр хулийн дагуу шалгуулах ёстой.

Харин иргэн Н.Энхбаярыг албадан саатуулах үед гэрт нь хамтдаа сууж байсан одоогийн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар энэ үйл ажиллагааг “хууль бус” гэж тайлбарлан гомдол гаргаж байгааг ойлгосонгүй. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гэрт орж ирэн “гараа толгойныхоо ард ав” гэсэн цагдаагийн шаардлагын хариуд гараа салаавчлан үзүүлж байгаа нь хэнийг доромжилж байгаа нь бас ойлгогдсонгүй.  Монгол Улсад хууль боловсруулан батлах эрхэм үүрэгтэй гишүүд маань өөрсдөө хуулиа үгүйсгэж, олон нийтэд
буруу ойлголт өгч турхирч байгаа нь дэндүү харамсалтай хэрэг. Эрх мэдэлтэй байж өндөр алба хашиж байсан олон хүмүүс “албадан саатуулагдаж, шалгагдаж , үнэн мөнөө тогтоолгож” байсан. Тэглээ гээд тэднийг дагаж ийм хийрхэл шуугиан дэгдэж байсан нь олон биш. Хуулийн өмнө бид ав адилхан байх учиртай. Эс тэгвээс хууль гэж байхын хэрэг юун.

2. Энэ бол хаа хаанаа бэлтгэлтэй ШОУ маягийн зүйл болов.
Иргэн Н.Энхбаярыг баривчлан саатуулах ажиллагаа хэдийгээр өглөөний 6 цагт болсон ч олон нийтийн өмнө “нээлттэй, ил тод” болсноороо шоу маягийн сэтггэдэл төрүүлж байв. Өөрийг нь баривчлах гэж байгааг мэдсэн Н.Энхбаяр өөрийн гэртээ ТВ-9 телевизийн багийг урьж ярилцлага өгч, өөрийг нь дэмждэг, хамтран зүтгэгч нөхдөө дэргэдээ байлцуулан бүх л үйл явцыг “наадмын бөх тайлбарлаж” байгаа аятай тайлбарлан үзүүллээ. Байрны гадаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлийнхэн цуглаж бичлэг хийн, хэн нэгэн “Наашаа ирж миний зургийг  аваач” хэмээн хашгирч байгаа нь, хэн нэгний шидсэн зүйлээс цочиж байгаа цагдаа нар гээд инээдтэй ч эмгэнэлтэй олон дүр зургууд  яг л шоу нэвтрүүлэг мэт санагдаж байв. Н.Энхбаярыг баривчлахын тулд 300 орчим бие бүрэлдэхүүн ажиллаж “сүрийг үзүүлэв”. Хэдийгээр тэд үүргээ биелүүлж байсан ч гэртээ амарч байсан энгийн иргэдийг гэрээс нь хөөн гаргаж байгаа нь нэг их таатай санагдсангүй.

Гэрийнх нь хаалгыг эвдэж орсон цагдаа нар Н.Энхбаярыг зөвхөн оймстой нь дөрвөн хөлөөс нь өргөн авч явснаар шоу өндөрлөсөн. Тэр жил Н.Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчлахдаа бас ингэж “хоньчлох” маягаар авч явсантай төстэй. Саатуулах гэсэн хүн нь” явахгүй” гээд цахдахаар нь цагдаа нар шууд дарж унагаан дөрвөн хөлнөөс нь дамжлан авч явдаг арга Монголын цагдаа нарт уламжлал болж буй бололтой. Хүмүүс энэхүү ажиллагаанд эгдүүцэж, зэвүүцэж байгаагаас анзаарах ахул, энэ нь олон нийтийн нүдэн дээр ил болсон “сүрт баривчилгаа”
болсон бололтой.
Н.Энхбаяр ТВ- д ярилцлага өгөхдөө “Ард түмэн минь айх хэрэггүй, би ч айхгүй байна” гэж ярьж байсан атлаа цагдаа нарыг авч явах гэхэд “явахгүй” гэж эсэргүүцсэн нь дээрх байдалд хүргэж олон нийтийн сэтгэлд айдас зэвүүцлийг төрүүлэв. Хэрэв Н.Энхбаяр цагдаа нарт хандаж “Та нар олон нийтийг бүү айлга, би та нартай хамт яваад шалгуулья” гэж хэлээд 2 хөлөөрөө өөрөө гарч явсан бол ингэж олон нийтийг айдас зэвүүцэлд автуулах байсан гэж үү?

3.Н.Энхбаярыг “өрөвдөх” хөдөлгөөн
Энэ цагаас л бүх хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр “Энхбаярыг өрөвдөн хамгаалах хөдөлгөөн” өрнөлөө. Баривчилснаас бус буруу зөвийг нь тогтоогоогүй байхад шүү дээ. Энэ үйл явцыг улстөржүүлэн олон олон хүмүүс мэдэгдэл хийж, намаасаа гарч МАХН д элсэж байгаа мэдэгдэж, талбай дээр цугласан олон ч хүмүүс  “Хөөрхий дарга минь гуталгүй, оймстой байгаа шүү дээ. Хурдан суллаж авахгүй бол хор өгөөд алхчихна шүү дээ” гэх халаглал өнөөгийн Монголчууд бидний хийрхлийн сонгодог жишээ болж байна. Сүхбаатарын талбай дээр цуглаан хийж Монгол
Улсын Ерөнхийлэгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт “шаардлага” гардуулан, шаардлагыг биелүүлэхгүй бол “тэмцлийн дараагийн хэлбэрт” шилжихээр сүрдүүлж, “Шударга ёсны төлөө тэмцэгчийг хэлмэгдүүллээ”, “Монголд ардчилал үгүй болж олигархийн засаглал хүчээ авч байна” хэмээн сүржин маягийн мэдэгдлүүд өнөөгийн Монголын нийгмийн эмх замбараагүй байдлын нэгэн илрэл болж байна.
Н.Энхбаярыг баривчлан саатуулсан ажиллагаа нь нэг хэрэг. Харин үүнтэй холбоотой “өс авалт”, “хэлмэгдүүлэлт”, “ардчилалыг устгах” зэрэг хардлага нь дараагийн асуудал. Иргэн Н.Энхбаярыг цаашид хуулийн хүрээнд буруу зөвийг хэрхэн тогтоож, асуудлыг хуулийн дагуу шударгаар хэрхэн шийдвэрлэж чадаж байгаа үйлдлүүд нь дээрх хардлагыг нотлох, эс бөгөөс үгүйсгэх баталгаа болно. Түүнээс өмнөх ийм үйлдлүүд нь өдгөө бухимдалтай байгаа олон нийтийг буруу тийш турхирах, мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх
оролдлого болон хувирах болно. Харин одоо бол энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэхийг харах үлдэж байна.

4. Миний бодлоор
Өнөөгийн Монголын нийгэмд Монгол орны эрх ашгийг хөсөр хаяж, өөрсдөө баяжихын тулд хулгайлж завших, хууль зөрчих, хуйвалдан зохицох явдал асар их болж, олон нийтийн бухимдлыг дээд зэрэгт хүргэж буй. “Томчуудад хууль үйлчилдэггүй”, “Дураараа дургиж, идэж завшиж байгаа тэднийг шалгах хэрэгтэй”, “Хэрэв шударгаар шалгаж чадвал өнөөгийн маш олон улстөрчид шийтгэл хүлээх болно” гэхчилэн олон ч хүмүүс санаа бодлоо илэрхийлж, нотлогдоогүй олон баримтуудыг жишээ болгон ярьдаг. “Шалгах хэрэгтэй” гэж нэрлэдэг олон хүний нэг нь
Н.Энхбаяр. АТГ-аас шалгахаар нэрлэж байгаа хэргүүдээс ч  илүү олон хэргийг судлаач Н.Ганхуяг, нийтлэлч Баабар нар бичиж байсан. Хардлага дагуулсан энэ олон асуудлыг шалгаж үнэн мөнийг тогтоох нь өнөөгийн Монголын Төрийн үүрэг. Нотлогдоогүй байхад хэн ч хэнийг буруутай гэж үзэх аргагүй. Н.Энхбаяр өөрөө “Надад ямар ч буруу байхгүй” гэдгийг удаа дараа хариуцлагатайгаар мэдэгдэж байсан. Түүнчлэн дээд албан тушаалуудыг бүгдийг нь хашиж байсны хувьд, МАХН-ын даргаар олон жил ажиллаж байсны хувьд маш олон хүний хууль бус үйлдлийг мэддэг, үүнийгээ өөрөө ч хэлж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр бус хуулийн өмнө үүнийгээ нотлох боломж нь энэ.

Хэрэв Н.Энхбаярын буруу зөвийг тогтоож чадахгүй бол цаашид хэний ч буруу зөвийг тогтоож чадахгүй.  Хэрэв энэ удаад асуудлыг зөв шударгаар шийдэж чадвал дараагийн удаад гадаадын компаниудаас их хэмжээний авилгал авсан байж болзошгүй гэж хардаж байгаа С.Баяр, “Бороо гоулд” тай хамтран 50 тонн алтыг татвараас зувчуулсан гэж хардаж байгаа С.Батболд гэхчилэн албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан олон ч хүмүүсийг шалгах боломжууд нээлттэй болох болно. Бид үүнийг хүсээгүй гэж үү? Монголд тогтох ёстой ШУДАРГА ЁС эндээс
эхлэх байх гэж би итгэж байна. Авилгалтай Тэмцэх Газрыг ажиллаж чадахгүй байна гэж бид багагүй шүүмжилсэн. Ажлаа хийгээд эхлэхэд нь “хэлмэгдүүллээ” хэмээн дарамтлаад байж бас боломгүй. Яаж хийхийг харах үлдлээ.  Хэрэв энэчлэнгээр бид асуудлаа хуулийн дагуу шударгаар шийдэж чадахгүй аваас  “гомдоллох” эрхгүй болно. Эрх мэдэлтэнгүүд улам ч дураараа авирлаж, олон нийт энэ байдалтайгаа эвлэрэн зохицож, эцэст нь бид  бусдын эрхшээлд орж мөхөх дээрээ тулж магад. Тэгэхээр бид үүнийг шаардах хэрэгтэй, бас эрхтэй. Алийн болгон
хардлага дунд “шаналж” явах билээ.

5. Үйл явдал тойрсон хардлагууд
…”Өчигдөр яасан, уржигдар яасан, заавал хавх эргэх өдөр” гэдэг шиг Н.Энхбаярыг  жилийн өмнө, ядаж сарын өмнө, үгүйдээ 3 хоногийн өмнө албадан саатуулахгүй яасан юм бэ? Заавал “7 сарын 1” ний хэрэг явдалтай холбоотой баримтуудыг дэлгэж эхэлсэн өдрийн дараа нь баривчилдаг нь яаж байгаа юм бол? Үйл явдлын энэ давхцал дээр “Н.Энхбаярын цаашид дэлгэх олон баримтууд”-ыг зогсоохыг хүссэн арга гэж ойлгогдохоор байгаа.

-Сонгууль дөхсөн энэ үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг олон нийтээр “өрөвдүүлэн”, “шударга эх оронч, цогт тэмцэгч”-ээр тодруулан МАХН-ын сонгуулын сурталчилгааг хийж байгаа юм биш үү? гэх хардлага ч байна. Олигархиудын нэгдсэн хүчээр энэ сонгуульд ялалт байгуулахаар зэхэж буй МАН,АН-ы эсрэг авч буй нэгэн арга хэмжээ байж болох юм. Монголчууд бид өрөвч, өр зөөлөн сэтгэлтэй хүмүүс болохоор “зодож” буй хүнд зэвүүрхэж “зодуулж” буй хүнийг өмөөрөн өрөвддөг нэгэн зуршилтай.
-Сонгууль дөхсөн энэ үед МАН, АН-ы хүчтэй өрсөлдөгч болох МАХН-ын даргыг хорьсноор, сонгуульд  шударгаар өрсөлдөх нэгэн боломжийг хааж болно гэж тооцсон ч байж болох. Гэмт үйлдэлд холбогдоогүй тохиолдолд Н.Энхбаяр энэ сонгуульд хамгийн хүчтэй өрсөлдөгч. Ахмадууд тэр тусмаа нийгмийн тодорхой нэгдлүүд Н.Энхбаярыг дэмжиж байгаа. Энэ бол МАХН гэхээсээ Н.Энхбаярыг  дэмжигчид.
-Хамгийн ноцтой нь “Өмнөговийн Овооттолгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Саут гоби сендс” компанийн хяналтын хувьцааг Хятадын Төрийн мэдлийн хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко” компани 889 сая ам доллараар худалдан авсан тухай” түгшүүртэй мэдээ саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр гарсан. Хэдийгээр гадны компаны эзэмшилд байгаа ч энэ талаар Монголын ЗГ-ын зөвшөөрлийг авах учиртай байсан ч түүнийг огт тоогоогүйгээр барахгүй “тэр талаар санаа зоволтгүй, бид Монголын ЗГ-тай тохиролцсон” гэж хэлсэн тухай эх сурвалжид дурдаад, яаралтайгаар УИХ-аас ” Монголын баялгийг гадны улс орнуудын

Төрийн мэдлийн компаниудад худалдахад хязгаар тогтоох тухай хууль” батлуулах талаар шаардах хэрэгтэй байна гэсэн санал дэвшүүлсэн байсан. \эх сурвалж: www.news.mn Жаргалсайхан “Юун сонгууль, цаана чинь Монголоо”\
Энэ бол асар ноцтой асуудал. Монголын баялгийг эзэмшиж байгаа гадаадын компаниудаас аажим аажмаар Хятадын Төрийн мэдлийн компаниуд худалдаж авсаар байгаа нь Монгол орны Үндэсний Аюулгүй байдалд  харшилж байгаа төдийгүй бидний орших эс оршихтой холбогдох болно. Харин энэ асуудалд хэн оролцоод байгааг тогтоох шаардлагатай байгаа. Ийм ноцтой асуудал хөндөгдөх бүрт ямар нэгэн шоу маягийн зүйл сэдэж олны анхаарлыг холдуулдаг “муу арга” Монголын эрх баригчдад бий. Н.Энхбаярын баривчилгааг үүнтэй холбож ойлгож байгаа хүмүүс
ч бий. Би ч бас тэгж  хардаж байна.  Эдгээрийн аль нь үнэн болохыг цаашдын үйл явц болон цаг хугацаа нотлон харуулах биз.
Хууль журмыг чандлан сахидаг гадаад оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд энэ асуудалд арай өөр өнцгөөс харж дүгнэж байгаа. Мэдээж бид аль нэгэн намын гишүүд биш, хэн нэгэнтэй учир холбоотой бус болохоор асуудлыг тал талаас нь цэгнэх боломжтой. Энэ бичлэг маань миний л хувийн бодол дүгнэлт болохоор буруу зөрүү байж болохоос гадна бусдад заавал таалагдах албагүй. Харин бид өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байх нь нийгэмд шударга ёсыг тогтооход оруулж буй бидний хувь нэмэр. Мэдээж бидний хүсч буй олон зүйлийн дотроос
хамгийн чухал нь ШУДАРГА ЁС юм шүү дээ. Хэрэв шударга ёс үгүй бол бид хэрхэн өөртөө итгэлтэй, амар тайван ажиллаж, амьдарч чадах билээ.
ШУДАРГА ҮНЭН ЯЛАХ БОЛТУГАЙ

Share Your Thoughts