Хууль ба золиос

…Нөхөр нь гэртээ согтуу ирж. Мэдээж уйтгар гунигаа тайлж, уур уцаараа гарган байж гэртээ агсам тавьжээ. Бөөн хэрүүл шуугиан, хараал зүхэл, уйлаан майлаан. Хөршийнхний дуудлагаар цагдаа нар ирж агсам эрийг баривчлан эрүүлжүүлэхэд хийж орхиж. Толгойд гарсан архи нь, биед нь багтаж ядсан ааг омогтой нь гарч одоход мөнөөх эрийн сүр сүлд нь шалдаа бууна.
Уурлаж бухимдаж байсан ч сэтгэл нь зовж, шаналж хоносон эхнэр нь өрөвч сэтгэлээр нэр нүүрээ хучин байж, өглөө эрт эрүүлжүүлэх дээр очин, багагүй мөнгө төлөн байж нөхрөө “худалдан авч” гэртээ авчирлаа.  Хаашаа ч эргэж мэдэх хувь заяаг нь “худалдан авч” гэртээ ирсэн эхнэрийнхээ үгэлж дуулах, учирлан зэмлэх үгийг сонсонгоо “дахиад хэзээ ч ууж чамайгаа зовоохгүй, одоо л хүн шиг болж амьдралаа бодьё” гэж амална.
Нилээд хэд хоногийн дараа мөнөөх эр дахиад л хүн биш арслан дүрд хувилж ирээд агсамнан “чи тэр эрүүлжүүлэхдээ өг л дөө, би гараад л ирнэ” хэмээн ааг омгоо багтааж ядан цамнана. Аргаа барсан эхнэр нь, илүү мөнгө зарлагадаж эрүүлжүүлэхээс авснаас эндээ л аргыг нь олж унтуулахаас өөр арга үгүй.

…АНУ-д ажиллаж амьдардаг гэр бүлийн нөхөр нь нилээд халамцуу гэртээ ирж “монгол уламжлалт заншил”-аар агсам тавьж дээ. Айж тэвдсэн эхнэр нь сандарсандаа цагдаа дуудаж. Тун ч удалгүй цагдаа нар ирж хэвийн бус байсан нөхрийг нь баривчлан авч явж шоронд хорьжээ. Нилээдгүй хугацаагаар хорьсоны дараа шүүх хурлаар асуудлыг хэлэлцэж, ” гэр бүлдээ ноцтой аюул учруулж болзошгүйн улмаас эхнэртэйгээ хамт амьдрахыг 2 жилээр хориглож, ямар нэгэн шалтгаанаар уулзах тохиолдолд эхнэртээ 10 м-ээс илүү зайнд ойртохыг хориглосон” шийдвэр гаргасан гэдэг.
Эхнэр нөхөр 2 учраа ололцож бие биенээ уучилсан боловч, нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас хамтдаа амьдрах боломжгүй . Ажлаасаа тарж ирсэн нөхөр нь ойр орчноо нилээд сайн судалж байж, нууцаар эхнэр дээрээ очиж хонодог гэнэ.
Хэрэв энэ байдал нь илчлэгдэх аваас шүүхийн шийдвэрийг зөрчсөн шалтгаанаар 2-уул асуудалд орж шийтгэл хүлээх учиртай.
Ямар ч тохиолдолд хуулийг сахих, түүнийг биелүүлэх өндөр шаардлага нь хүмүүсийн зүгээс, хийх үйлдлийнхээ өмнө заавал эргэцүүлж бодож байх дадалд сургадаг. Олон олон монголчуудын Монголдоо бус өндөр хөгжилтэй оронд амьдрах сонирхолтой байдгийн нэгэн шалтгаан нь энэ. Хуулийн хүрээнд айх аюул, сэтгэлийн дарамтгүй байна гэдэг хүний тайван ажиллаж амьдрахын нэгэн баталгаа болдог аж.

С.Зориг агсаны үхлээр шоудсан 13 жил
Монголд олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж, хамгийн их айдас төрүүлсэн, амьд гэрчтэй энэ аллага илрэлгүй 13 жил болж байна.  МАХН сонгуулийн амлалтдаа энэ хэргийг илрүүлнэ гэж сурталчилж, олонхийн саналыг авч байсан боловч өдгөө хүртэл илрүүлсэнгүй шуо болгон хувиргасаар. Тухайн үедээ гэмт хэрэг илрүүлэх ур чадвараараа өндөр үнэлэгдэж байсан Д.Мөрөнг энэ л сурталчилгаагаар УИХ- д сонгуулсан боловч тэд юу ч хийсэнгүй.
Энэ хэргийн сэжигтнээр олон ч хүнийг шалгасан боловч ямар ч ахиц гарсангүй. УИХ-ын 3 ч гишүүн, “малгайгаа мартсан” Э.Бат-Үүлийг баривчилж, ‘Ард” хэмээх Батсүхийг Америкаас, Энхбатыг Францаас “хулгайлан” aвчирч олон нийтэд шуугиан, горьдлого төрүүлж байсан боловч аль нь нотлогдсонгүй. Олны анхаарлыг татаж шуугиан дэгдээж баривчилсан ийм хүмүүсийг хэрэг нь нотлогдохгүй болмогц “айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална” гэдгээр өөр ямар нэгэн хэргээр яллаж, нэр хүнд, сэтгэл санаа, эрүүл мэнд амь насаар нь хохироочихоод юу ч болоогүй мэт авирлах.
Үүнийхээ төлөө хэнээс ч уучлал гуйдаггүй, хэн ч хариуцлага хүлээдэггүй, бас санаа зовдогггүй үйлдлийг шоу гэхээс өөрөөр юу ч гэх билээ. Энэ ардчилал гэж үү?

Ардчилалын тулгуур зарчим нь хүний эрх, эрх чөлөө, юу юунаас илүү амьд явах эрх байдаг билээ.
Ийм л заваан үйлдлээс болж монголчуудын сэтгэл зүрх айдсаас ангижирахгүй байна.
-Илүү дутуу зүйлд хошуу дүрж үнэнч царайлах хэрэггүй
-Ийм том хэрэг илрэхгүй байхад, чамайг хөнөөгөөд хол аваачаад булчихад хэн ч чамайг олохгүй
-Сохрын газар сохор яв. Үнэнийг хэллээ гээд чи юу ч хожихгүй
-Мэдээж энэ хэргийн цаана төрийн томчууд байгаа. Тэд яаж ч чадна
-Мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг яв. Одоо цөвүүн цаг
Хэлмэгдүүлэлтийн 1937 онд биш, ардчилал ялсан 20 жилийн хугацаанд хүмүүс дургүйцэл, бухимдлаа дарж ядан өөр хооорондоо ийн шивнэж байна.
Цорын ганц амьд гэрчтэй, ил тод болсон энэ хэргийг илрүүлж чадахгүй, илрүүлэхийг хүсэхгүй байгаа нь, санаатайгаар олон нийтийг айдаст автуулж, сүрдүүлж байна хэмээн би хардаж байна. Талийгаачийн дотны нөхөд , нэгэн цагийн анд найз нар нь жилээс жилд дуугаа хурааж, амаа жимийх болжээ.
Тэд юунаас айж, хэнийг юуг хүлээгээд байна вэ?

Н.Хурцын хурцадсан асуудал
Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа дуулиант асуудал нь Монгол улсын ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Н.Хурцыг Англид барьж хорьсон явдал байлаа. Энэ талаар Австралид амьдарч байгаа Ё.Гантулгын бичсэн “Хууль бүхнээс дээр буюу сэтгэлгээний ялгаа” нэртэй бичлэг удаах шуугианыг өрнүүлж байна.
Хачирхалтай нь энэ асуудал С.Зориг агсаны хэрэгт холбогдуулан, хэдэн жилийн өмнө тусгай ажиллагааны шугамаар Энхбатыг Францаас “хулгайлан” авчирсан явдалтай шууд холбогдож байгаа аж. Олон нийтэд тодорхой болсон үйлдлүүдийг үл давтан өгүүлэх нь:
1. Энэ асуудал нь Монгол Улсад хууль дүрэм журмыг завхруулан, эрх барьж байгаа намууд болон тодорхой бүлэглэл, бэхэжсэн эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд нийцүүлэх болсон заваан үйлдэл нь Монгол Улсын хил хязгаарыг давж, олон улсын хэмжээнд очих болсныг нотолж байна.
2. Нэг бус ийм үйлдлүүд болон гадаадын улс орнуудад Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломат ажилтнуудын хариуцлагагүй, мэдлэг чадваргүй, ёс зүйгүй үйлдлүүд Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаж, улмаар үл тоомсорлох, доог тохуу болгох үндэс нь болж байна.
3. Бид ардчилал гэж аман дээрээ тунхагладаг атлаа хүний эрх, эрх чөлөө, үүний дотор амьд явах эрх чөлөөг үл хайхран хууль бус дарангуйллыг бүдүүлгээр хэрэглэх болсон нь монгол хүний үнэ цэнийг унагаж, олон нийтийг айдаст авахуулж, аймхай хулчгар байдал руу түлхэж байна.

4. Ийм асуудалд орооцолдсон иргэн хүнд 2 сонголт тулгардаг. Өөрийгөө золиослоод нам болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалах. Өөрийгөө хамгаалаад нам болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлыг илчлэх. Харамсалтай нь энд л улстөрийн наймаа явагддаг учраас тэд өөрсдийгөө золиослоод энэхүү хууль бус заваан үйлдлийг халхалдаг. Үүний жишээ нь “Гаалийн” Баатар, “Хадгаламж банкны” Чимэдцэрэн, ҮХЯ-ны Сүрэнхор гэхчилэн.
5. Ийм олон үйлдэл болон ажиллагааг удирдан чиглүүлж, үүрэг өгч, шийдвэр гаргаж байгаа нэг ч хүн өнөөдрийг хүртэл илчлэгдсэнгүй. Ямарваа шийдвэр заавал гарын үсэг зурсан эзэнтэй байдаг жишиг бий. Үүнийг хэн ч хөндөж шаарддаггүй болохоор, тэд ийм үйлдэлдээ амтшиж бүхнийг зохицуулж, бүхнийг хяналтдаа байлгахыг хичээж байна. Тэд хэзээ ч хуулийн хариуцлага хүлээхгүйгээр олон олон ийм золиосуудыг илгээж байгаа. Энэ хуулийн хэрэгжилт гэж үү?
6. Н.Хурцтай холбоотой асуудлыг шударгаар ил гаргаж, энэхүү үйлдэлд холбоотой нь нотлогдсон улстөрийн хүчин, хувь хүн хэн боловч заавал хариуцлага хүлээх шаардлагатай. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал болон Улсын нууцтай холбоотой асуудлууд олон нийтэд, түүнчлэн гадаад ертөнцөд ч ил болж байгаа энэ асуудлын хариуцлагыг буруутай этгээд заавал хүлээх ёстой. Эс тэгвээс туурга тусгаар монгол Улс гэж байхын хэрэг юун.
Ё.Гантулгын бичсэн олон зүйлтэй би санал нийлж байна. Ё.Гантулга шийдвэр гаргагч, хууль тогтоогч биш хэдий ч Монгол улсын иргэн хүний хувьд өөрийн санаа бодлоо бичиж илэрхийлэх эрхтэй. Энэ бол бидний хүсч буй ардчилалын нэгэн хэм хэмжээ. Үүний төлөө хэн нэгнийг харааж зүхэж доромжлох хэрэг юун.
Бид хоцрогдсон сэтгэлгээнээсээ салж олон зүйлийг эрүүл саруул ухаанаар тунгааж, олон талаас нь харж дүгнэж байх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид хууль бус үйлдэл, хуулийн болхи дарангуйллын дор бухимдацгаасаар л байх болно.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж та огцрох цаг болжээ
Үнэн хэрэгтээ Монголын хууль зүйн салбар бүрэн дампууралд оржээ. Өөрсдийгөө ардчилалын загалмайлсан эцгүүд гэдэг, партизанууд гэдэг, гавьяатай гэдэг олон олон сайхан хүмүүсийг бид 20 жил харж, итгэж найдаж хүлээлээ. Та нар сайхан ярьж сурсан ч үр дүнтэй юу ч хийсэнгүй. Ядаж л иргэдийн нийгмийн асуудлаар тодорхой салбарт ямар ч өөрчлөлт хийсэнгүй.
20 жил бүлэглэл фракц болж бие биенээ магтан шагнаж, хуулийг завхруулж, хуулиар тоглолоо. Та нараас хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Та нарын хэн ч өөрчлөлт хийсэнгүй, хийхийг ч хүссэнгүй. Эцэс сүүлдээ Монголын улс төрийг, тусгаар тогтнолыг бие биенээсээ хонзон авах хэрэгслэл болгож байгаагийн жишээ энэ.
Одоо больцгооё!

-Монгол Улсын Парламентэд тасралтгүй 20 шахам жил сууж, ХЗДХЯ-ыг 2-тоо удирдаж байгаа Ц.Нямдорж та ажлаа өгчих өө!. Та мэдлэгтэй, туршлагатай сайн хуульч байж болно. Гэхдээ та юуг ч өөрчилж юу ч хийж чадсангүй. Та эргэн тойрноо нэг хар даа! Монгол Улсад хууль дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгааг бодитой нэг ажигла даа!
-Алив улс орон, иргэн бүхэн нь ягштал дагаж мөрддөг, хэрэгжүүлдэг, ойлгомжтой хууль дүрэм журамгүй бол хэзээ ч хөгжиж чадахгүй. “Их засаг” хуулийг бидний өвөг дээдэс болсон аугаа хаадууд зохиож, “түүний дээр тэнгэрээс өөр юу ч үл оршино” хэмээн зарлиглаж байхдаа Moнгол Улс дэлхийд хамгаас хүчтэи байсан.
-Доодост үйлчилж, дээдэст үйлчилдэггүй хууль гэж хаана ч үгүй. Хуулийн өмнө хэн боловч эрх тэгш байхын үлгэр жишээг өдгөө бидний ажиллаж амьдарч байгаа өндөр хөгжилтэй орнууд үзүүлдэг. Харьд байгаа монголчууд чухам үүнийг л хүсэн хүлээж байдаг юм шүү дээ.
-Ямар нэгэн буруу муу үйлдлийнхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй, өөр хоорондоо хуйвалдан зохицож өнгөрөөсөөр байх ахул Монгол Улс минь доройтож бусдын эрхшээлд орох магадлал өндөрссөөр байх болно. Хэн үүнийг өөрчлөх юм бэ?
-Монголчууд бид айдсаасаа салж, хууль бус ямар нэгэн үйлдлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, буруутай хүмүүст хариуцлага тооцуулж сурах цаг болжээ. Хэдийгээр амаргүй байх боловч үүнгүйгээр Монгол орон сайн сайхнаар хөгжиж, бид амар амгалан амьдарч чадна гэж үү?
Хууль бол хууль байхаас бус золиос байх учиргүй. Монгол төрийн сүлд өршөөг!

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-10-12

Share Your Thoughts