ХЭН МОНГОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЮМ БЭ?

УИХ-ыг  болон Нийслэлийн ИХ-ыг сонгох сонгууль  дууслаа.  Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу ард иргэд саналаа өгөв.  Харин сонгогдсон нөхдүүд ажлаа хийдэггүй ээ.  УИХ нь эмтэрхий шаазан шиг эрэмдэг, зэрэмдэг.  ЗГ байгуулах асуудал нь яг л “Зэлтэрийн гацаа” гэдэг шиг  “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болчихсон. Нийслэлийн ИХ нь  дөнгөж сая л  даргаа сонгож, батламжуулж амжив.  Сонгуулийн өмнөхөн өрсөлдөгч намууд  “Бидэнд зөвхөн Монгол орны эрх ашиг л эрхэм” гэж сурталчлаад байсан хэрнээ одоо болохоор таг мартчихсан.  Хусмаа чамалсан хүүхэд шиг хошуугаа унжуулж суучихаад “та нарыг тэгвэл би ингэнэ, намайг ингэвэл та нар ингэх ёстой” гэж үгэлж суугаа айлын эрх хүүхэд шиг.
Энэ хэрээрээ “хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах” цаг айсүй. Шийдэх учиртай олон олон асуудлууд шил шилээ дараад хүлээж буй. Намуудыг талцаж тунирхаж,  гацаж мэдэмхийрч байх хооронд олон нийтийн санаа бодол ч дэгэн догон,  хэн нэгнийг өмөөрч, харааж, таамаглаж,  талцаж маргалдсаар, эвдэрч бухимдсаар.  Сэтгүүлчид элдэв таамаг дэвшүүлж, янз бүрийн “бор шувуу” нисгэн тандана, бас зугаацна.  Улстөрч гэж өөрсдийгөө нэрлэгсэд нь болохоор ” сонгуулийн өмнө соохолзож, сонгогдсон хойноо хоохолзоно” гэдгийн үлгэр лугаа адил. Та нарт ингэх эрх бий гэж үү?

МАНАН ба гурав дахь хүчний нүүр царай

Хэдийгээр энэ удаад  сонгогчдын саналаар АН олонхи болсон ч, дангаараа ЗГ байгуулах хэмжээнд  хүрч чадсангүй. Аль намтай эвсэж ЗГ -аа байгуулахаас  тэдний цаашдын үйл ажиллагаа ихээхэн хамаарна.  Харамсалтай нь АН-ийн хувьд МАН эсвэл, МАХН-МҮАН-ы эвсэлтэй тохиролцохоос өөр сонголт үгүй. МАН болохоор эхэлж “сүй тавьж”, зөвшилцөөгүй болохоор “гэдийчихсэн”,  МАХН-МҮАН-ын эвсэл болохоор  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувь заяагаар “дэнчин ” тавьчихсан.  Намууд болон хувь хүний асуудал Монгол орны хувь заяа, хөгжлөөс доогуур байх ёстой юм гэж үү? эрхмүүд ээ.
-МАН-ын зүгээс Өвөрхангайн болон одоо хэр нь “будилж дуусаагүй” зарим тойргийн асуудлаар барьцаа тавин “зөвшилцөх” оролдлого хийж буй бололтой.  МАНАН хамтдаа төр барьсан энэ олон жилүүдэд “зөвшилцөх” гэдэг  хэллэг моодонд орсон.  Яг үнэндээ тэд зөвшилцөхдөө “бидний энэ асуудлыг та нар ингэж дэмжвэл, бид та нарын дараагийн асуудалд  ингэж дэмжинэ” гэх барьцаа  үүсгэдэг нь нууц биш.  Монголын уран сайхны  “Ардын элч” гэдэг кинон дээр  “Энэ ноён биднийг яаж угтаж авна, бид тэгж хариу барих болно” хэмээн гамингийн жанжин өгүүлдэг шиг.  Харин тэд ингэж зөшилцөхдөө зөвхөн намуудынхаа эрх ашгийг эрхэм болгодог болохоор хууль дүрэм зөрчих, бусдын эрх ашиг хохирох юу ч биш.  Зөвшилцөнө гэдэг нь хуйвалдаж тохиролцоно гэдэг утга болж хувирчээ. Тэд хэдий их “зөвшилцөнө” тэдий хэмжээгээр бие биенээ “дарамтлах” шалтгийг бий болгож байгаа. Хууль бус үйлдэл болгон хэзээ нэгэн цагт , барьцаа дарамт болон хувирдаг.  “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэгчлэн МАН өдгөө ч энэ оролдлогоо давтаж буй.
-МАХН-МҮАН-ын эвслээс Н.Энхбаярын шүүх ажиллагаатай  асуудлыг холбон тавьж буй. Хэрэв “Н.Энхбаярыг цагаатгавал бид та нартай эвсэнэ, ял өгвөл бид эвсэхгүйгээр барахгүй та нартай тэмцэх болно” гэж тэд мэдэгдэж байна.  Тэд энэ үйлдлээрээ “Монголын хууль”  улстөрчдийн хувь “тохиролцооны дэлгүүр” мэт гэж үзэж буйгаа илэрхийлж байна. Жирийн иргэдэд хууль хатуу чангаар үйлчилдэг хэрнээ, улстөрчдийн хувьд харилцан зохицож болдог  зүйл гэж үү? Бидний итгэж сонгосон, хууль эрх зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх учиртай эрхмүүд асуудалд ийн  хандаж байна. Тэд “хуулийн дагуу асуудлыг шударгаар шийдэж байна уу?” гэдэг талаас нь асуудалд хандах ёстой биш гэж үү? Зүгээр л “хэлмэгдүүлж байна” гэж орилох нэг хэрэг, түүнийгээ хуулийн дагуу баталж чадахгүй бол энэ хоосон хардлага болон хувирдаг.
Өөрсдийгөө “үндэсний хэмжээний нам” гэж нэрлэдэг намууд ч, улстөрийн гурав дахь хүчин гэж зарладаг намуудын үнэн нүүр царай ингэж л илэрч байна. Тэдэнд нам болон бүлэглэлийн эрх ашиг нь  Монгол орны нийтлэг эрх ашгаас илүү аж. Тэд өнгөрсөн он жилүүдэд ч ийм л байсан одоо хэр нь өөрчлөгдсөнгүй.  Хэзээ та нар Монгол орны хөгжил болон монгол иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж сурах юм бэ? Бид хэдий болтол та нарт итгэж найдаж хүлээх юм бэ?

Н.Энхбаяр ба түүний гэр бүл

МАХН-ын дарга Н.Энхбаярын албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх зүйлчлэлтэй хэргийн шүүх хурал болж өнгөрлөө.  7 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх энэ хэрэгт 4 жилийн ял оноов.  Н.Энхбаярын өөрийнх нь мэдүүлэг болон эхнэр Цолмонгийн ярилцлагууд  хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр дүүрэн.  Уншиж, сонсох тусам “бид ямар өчүүхэн сэтгэхүйтэй хүнээр төр бариулж байгаа вэ?” хэмээн гайхаж сууна.  Мэдээж хүн болгон өөр өөрийнхөөрөө л дүгнэж байгаа. Зарим нь “аврагч минь хэлмэгдлээ” гэж дуу алдаж байхад, “ингэж их завшсан хүнд ял нь дэндүү хөнгөдлөө” гэж зарим нь бухимдаж байв.  Бас хардлагууд дүүрэн.
“Элбэгдорж  2013 оны Ерөнхийлэгчийн сонгуульд өөрийн өрсөлдөгчөө зайлуулж байна” хэмээн зарим нь үзэж байхад “Аягүй бол Элбэгдорж  ингэж байгаад Энхбаярт өршөөл үзүүлж, суллана харж л байгаарай” гэж зарим нь таамаглана. Талцаж хэрэлдэнэ, маргалдаж мөрийцнө.  Харин хэн ч “хуулийн дагуу шийдэж чадсан уу?” гэж сонирхохгүй.  Энэ талаар нотолж, эсвэл үгүйсгэсэнгүй. Монголчууд бидний хуульд ханддаг хандлага иймэрхүү.
Шүүгдэгч Н.Энхбаяр бүх л зүйлийг үгүйсгэж “мэдээгүй”, “хараагүй” , “сонсоогүй” гэж өгүүлэв.  Гэр бүлээрээ компани байгуулан уул уурхай руу орох гэсэн чинь С.Баяр цаанаасаа үүрэг өгч лиценз олгуулаагүй. Лицензи олгодог  том дарга нь түүнд ийн учирласан гэсэн.  Тэгээд компаниа тараасан гэнэ.  Монгол Улсын Ерөнхийлэгч байсан хүн, шүүх хурал дээр ийм л зүйл яриад зогсож байна гэхээр үнэхээр харамсалтай.  Ядаж л Ерөнхийлэгч байсан хүний “зангараг”, харилцааны соёл, ярианы чадвар гэж баймаар.  Хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудыг захирч байсан хүнийхээ хувьд хуулийг хүндэлмээр. Шүүхийнхэн ч гэсэн нэг л дорой, харц  доогуур байгаа нь “үхсэн буурын толгойноос амьд  ат айна” гэдэг хэллэгтэй дүйцэж очихоор.  Яг үнэндээ Ерөнхийлэгч байсан хүн ч, өрдийн нэгэн иргэн ч хуулийн өмнө ав адилхан. Тэдэнд ямар ч ялгаа үгүй.
Н.Энхбаярын эхнэр Цолмон  нөхрийгөө “хэмлэгдэж байгаа” гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй. Тэр ч бүү хэл, энэ хэлмэгдүүлэлт нь Ерөнхийлэгч Ц.Элбэгдоржийн захиалгаар хийгдэж байгаа гэдгийг мэдэгдээд, түүний тухай олон “но” байгаа тухай ч дурдана билээ. Өмнө нь Н.Энхбаярыг хоригдож байхад “Нөхрийг минь тамалж, тарчлаан зовоож, хоригдлуудын өмнө нүцгэн явуулж зовоосон” тухай гадаадын байгууллагуудад захидал илгээж, туслахыг хүссэн нь ил болсон. Эр нөхрөө хайрлаж хүндэлдэг эхнэр хүний хувьд, түүнийг ойлгож болох хэдий ч тавьж байгаа асуудал нь “эргээ халин давалгаалж” гадаад ертөнцөд Монголын нэрийг муугаар дуурсган , бидний тогоон дунд гаднаас өнгийн сануулга өгөх нь арай хэтэрмээр.  Яг үнэндээ маш олон хүний “но”-г мэддэгийн хувьд энэ асуудлын хүрээнд  олон буруу муу зүйлийг илчилж, шударга ёс тогтооход  бага ч атугай нэмэр болох болов уу? гэж нэг бус хүмүүс харж байсан. Гэтэл энэ нь зүгээр л “жүжиг” маягаар өрнөж, урьдын адил хоорондоо ойлголцон “зохицох” найдлага дунд эргэлдэж байгаа нь мэдрэгдээд байна.  Манай тэргүүлэгч улстөрчдийн дүр төрх иймэрхүү.

Төгсгөлийн оронд

Энэ удаагийн сонгуульд  элдэв хардлага маргаан дунд АН олонхи болсон.  “Өглөө” кинон дээр “Баярлалаа ч бархирлаа ч цаана чинь ардын засаг яллаа” хэмээн сэлэм Тогмидын өгүүлдэг шиг.  Одоо өөр сонголт үгүй. Тэд энэ удаад юу хийж чаддагаа харуулж нотлох ёстой. Харин түүнд нь саад болох хэрэггүй мэт. Тэр тусмаа жижиг сажиг асуудлаар, өс хонзон дургүйцлээр, өөр хоорондоо хуйвалдаж зохицдог муу зуршилгүйгээр.  “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдэг дээ.
Эхэлж байгаа нэг бус нааштай алхмуудыг олон нийт дэмжин анхаарч байгаа. Энэ алхмууд эрүүлших тусам олон нийтийн дэмжлэгийг бүр ихээр хүлээх болно.  Энэ нь намуудад гэхээсээ Монгол орны хөгжил болон монгол хүмүүсийн нэр хүнд, итгэл найдварт хэрэгтэй.  Үүнд л найдаж АН-ыг сонгосон байх. АН-ын олон олон зөрчил тэмцэл үүн рүү чиглэж байсан байх гэж би итгэж байгаа.  АН-д алдаа оноо олон бий. Гэхдээ ардчиллыг эхлүүлсэн тэртээх он цагуудын төлөө, түүний сайн үр дүнгийн төлөө , алдсан алдаагаа залруулж засахын төлөө олон монголчууд тэдэнд итгэж найдаж байна.
АН-д энэ удаад, юу юунаас илүү боломж нь Улаанбаатар хот. Тэд нийслэлд үнэмлэхүй олонхи болсон болохоор тэдэнд  өөрсдийн  санаагаа, чадвараа харуулах боломж нь энд бий. Улаанбаатарын утаа, замын түгжрэл, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, авилгал хүнд сурталд идэгдсэн төрийн алба, иргэдийн соёлгүй, замбараагүй дураараа, бүдүүлэг заваан байдал гээд  шийдэж болох маш олон асуудлууд байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өөрчлөлтөөс Монгол орны хөгжил дэвшил улбаалах болно.
Сонгуулиас  сонгуульд  бидний итгэл найдвар сэргэж байна. Нийгэм бүхэлдээ эрүүлжих эхлэлийг хүлээж байна. Алхам алхмаар бид урагшилж байгаа. Хүмүүс бид алив зүйлийг эрүүл саруулаар харж эхэлж байна.  Харин намууд минь ингэж бие биедээ “шавар хаах” -аа боль доо. Та нарын энэ заваан хандлага тань танай намын нэр хүндийг унагаад зогсохгүй, монголчууд бидний урагшлах алхамд саад болж байна. Бидэнд цорын ганц эрх ашиг байгаа. Энэ бол Монгол орон минь юм шүү дээ. Бид энэ л газар шороон дээр хамтдаа байх болохоор бие биенээ дэмжиж баймаар, бас буруу муу зүйлээ засч залруулж баймаар.  Тэгээд хамтдаа хөгжиж чаднаа.

Share Your Thoughts