ХЭН НЭГНИЙГ МУУЛЖ ШҮҮМЖЛЭХ АМАРХАН Ч, ОЙЛГОХ НЬ ТҮҮНЭЭС Ч ХЭЦҮҮ БИШ

Анзаараад байхад бид хүмүүсийн харагдах гадаад байдал хийгээд үзэгдэх үйлдлийг нь муулж, шүүмжлэх хандлага ихтэй. Халамцуу яваа нэгнийг “Ѳѳ энэ муу архичин” гэж хараах, гундуу яваа нэгнийг “Арчаагүй гэдэг нь” гэж зэвүүцэх, сайн бүсгүйд сэтгэл алдарсан нэгнийг “Завхарсан амьтан” гэж шүүмжлэх, сэтгэл хѳдлѳлдѳѳ автаад алдаа гаргасан нэгнийг “Гэнэн тэнэг” гэж шоолох, шаналалдаа дийлдээд бухимдан хашгирах нэгнийг “Галзуу солиотой” гэж дургүйцэх амархан ч, цаад үнэн учрыг хэн ч ойлгож мэдэрдэггүй. Гэсэн атлаа ѳѳрт нь адил үйлдэл тохиолдоход ойлгоогүйгээсээ болоод муулж хэлэлцэн, шоолж зэвүүцэхэд хэн ч дуртай байдаггүй. Дотроо дургүйцэх атлаа,  ѳѳр нэгнийг муулж шоолоход бас эсэргууцдэггүй, харин ч идэвхтэй оролцох хандлагатай. “Хүний мууд дуртай”даа ч  биш, зүгээр л бусад хүмүүс ч ѳѳртэй нь адил байгаад бага зэрэг баярлан тайвшрах тѳлѳвтэй. Бидний араншин юм даа.

 

“Ѳѳрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, ѳрѳѳлийн толгой дээрх ѳвсийг шоолох”, “Ѳѳрѳѳ ѳмдгүй байж, ѳрѳѳлийн ѳмдний цоорхойг шоолох” монголчууд бидний араншин. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ, тэр хүний оронд ѳѳрийгѳѳ орлуулаад эргэцүүлж үзвэл… Тэсгэл алдсан тэвчээрээ номхотгох гэж уусан байж болох, үйлийн үрээ дааж дийлэлгүй гундуу явж байж болох, хүсэл сэтгэлийн хязгаараа тэнцүүлэх гэж сэтгэлийн жолоогоо алдсан байж болох,  ухаан, туршлага нь дутаад алдаа гаргасан байж болох, багтарсан сэтгэлээ асгаж дундлах гэж хашгирсан байж болохыг бид мэдэхгүй ч ойлгох гэж хичээж болно. Хэн нэгнийг шоолж шүүмжлэн түүнээсээ болж хэрэлдэн маргалдаж байснаас ойлгохыг хичээгээд уучилж хандах нь хэн хэндээ сэтгэлийн амар амгалан, тайвшралыг авч ирдэг. Харин үүнээс болж уурлалдан хашгиралдаж, хэрэлдэн маргалдсанаас бүгдээрээ сэтгэлээ хиртээж, улам ихээр ядарна. Тэнэг мулгуу хүнд зүгээр л зам тавьж холдсон нь, түүнтэй түлхэлцэн маргалдаж, барилцан зодолдсоноос хамаагүй амар.

 

Цахим орчны бие биенээ шоолж, шүүмжилснээс үүдэлтэй харүүл маргаан, хоосон цэцэрхэл, хараал зүхлийг анзаарах бүрд сэтгэлд минь харуусал тѳрнѳ. Аливаа шүүмжлэлээс үүдэлтэй “алж хядах” заналхийлэл, ѳѳртэй нь санал нийлээгүй нэгнийг доромжлон дарамтлах, ѳѳрѳѳ учрыг нь ойлгоогүй мѳртлѳѳ бусдыг муу үйлдэлд уриалан турхирах хандлага дэндүү ихэсч байна. Үүний цаана “ямар зорилготой, хэн байна вэ?” хэмээн түгшин эргэцүүлэх үе ч зѳндѳѳ. Эрх мэдэлтнүүд, улстѳрчдийн гэм буруутайг тогтоон, хуулийн дагуу цээрлүүлдэг эрх зүйн тогтолцоог бий болгож чадаагүй буруутан нь бид ѳѳрсдѳѳ. Харин ийм тогтолцоог шаардах нь бидний үүрэг. Үүнээс бусад тохиолдолд, бусдын алдаанд тайван хандаж сурмаар. Чулууны ѳѳдѳѳс шидсэн чулуу, оногдохдоо хагардаг. Харин голын ус урсгал дундаа чулууг мѳлийлгѳнѳ. Цаг хугацааны урсгал хэн нэгний зѳв бурууг шүүдэг, ѳѳр хэн ч биш.

 

Хүмүүн бид тѳгс тѳгѳлдѳр биш болохоор алдаа гаргах тохиолдол зѳндѳѳ, бас алдаа гаргах ч эрхтэй. Хүн болгон ѳѳрийнхѳѳ “далан булчирхай”г тоочоод байдаггүй болохоор сэтгэл зүрхийг нь нээж харах, бусдад харуулах боломжгүй. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ “Яасан юм бол?” хэмээн эргэцүүлж нэг боддог бол, “Ийм тохиолдолд би яах байсан бол?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ асууж харьцуулдаг бол, үзэн ядахаасаа ѳмнѳ ѳрѳвдѳж, уучилж ханддаг бол танд ѳѳрт тань их л амар болно доо. Ингэлээ гээд танд хохирох юу ч үгүй. Бусдын харагдах байдлын ѳмнѳ ѳѳрийн сэтгэл зүрхээ чагнадаг бол юутай сайн, юутай амар амгалан гээч. Хэн нэгнийг сэтгэлээсээ ойлгох тийм ч хэцүү биш дээ.

Share Your Thoughts