“ХЭРЭГТ ДУРТАЙ” ХҮМҮҮС

Уулзаж танилцахаасаа эхлээд “аман анкет” аар байцаалгаж, ямар нэгэн шаардлагаар хамтдаа байх болбол ѳдѳр тутмын асуудлаа заавал тайлагнаж байх ёстой юм шиг бодож харьцдаг хүмүүс олон болжээ. Миний хэн болох, гэр бүлтэй эсэх, хүүхдүүд нь ямар түвшинд ѳсѳлттэй болох, эхнэрийн зүс шүд, хаана ажилладаг, ямар мэргэжилтэй  болох, хэр хэмжээний цалин хѳлс авдаг, түүнээсээ ѳѳр орлоготой эсэх, аав ээж минь ямар хүмүүс болох, тэд ямаршуухан амжиргаатай болон ѳвчин хуучны шалтаг шалтгаан гэхчилэн олон мэдээллүүд зѳвхѳн миний хувийн асуудлууд боловч, үүнийгээ хэн нэгэнд маш тодорхой тайлагнаж байж ойртон дотносох ёстой хэмээсэн “хээгүй”, “цайлган цагаан”, “илэн далангүй” хандлага монголчүүд бидэнд түгээмэл бий. Үүнийхээ хариуд тэр хүнийхээ тѳрѳхѳѳс ѳдий хүртэл туулж ѳнгѳрүүлсэн амьдралын дэлгэрэнгүй намтар хийгээд илэн далангүй, ний нуугүй мэдээллүүдийг заавал сонсох шаардлагатай болно. Хэдийгээр үүнийгээ “дотноссон” сайхан харилцаа гэж тооцдог ч, хэзээ нэгэн цагт бусдад ѳѳрийг нь муучлах хов живийн үндэс болгож буйгaa бид анзаардаггүй.

 

Хүн болгонд байдаг хувийн асуудлуудыг эзэн нь ѳѳрѳѳ ярихыг хүсээгүй л бол түүнийг байцаан шалгааж, мэдэх гэж хүсэх нь буруу зүйл гэдгийг бид ойлгох цаг болжээ. Хэлэхийг хүсээгүй байхад нь бүсгүй хүний насыг асуухаас эхлээд ѳѳртэй нь адил нууц амрагтай эсэхийг лавлах, эхнэртэйгээ үүлэн борооны явдлыг хэрхэн үйлддэг тухай сонирхох нь хамгийн бүдүүлэг үйлдэл. Хэн нэгнээс ингэж асууснаараа чи ѳѳрийн хэр соёлгүй бүдүүлэг хүн болохоо илэрхийлж байгаа хэрэг. Энд ямар ч хошигнол, илэн далангүй, цайлган цагаан гэх учирлал хэрэггүй. Хэн нэгний хариулахыг хүсээгүй асуултад заавал хариулт авахыг шаардаад байгаа нь ѳѳрѳѳ бусдын ѳмнѳ шалдан зогсчихоод нѳгѳѳ хүнээ хувцсаа тайлахыг шаардаад байгаагаас ялгаа үгүй. Ѳѳрийнхѳѳ хувийн бүх асуудлаа сошиал орон зайд ѳдѳр тутам мэдээлэн, тайлагнаж байгаа хүмүүс ч үүнтэй адил. Хүмүүс сонирхож байгаа эс сонирхож байгаагаас үл хамаарсан энэ хандлага нь таны үнэ цэнийг доройтуулж, хожим нь таны эсрэг муугаар ашиглаж болох баримт болох юм гэж бид анзаардаггүй. Энэ бүхэн заримдаа залхмаар байдаг хэдий ч, цѳѳн биш хүмүүст сонирхолтой бас хѳгжилтэй байдаг болохоор бусдын хэрэгт дуртай хүмүүс цѳѳрдѳггүй байх.

 

Мэдээж бид итгэж дотноссон хүмүүстээ жаргал зовлонгоо хуваалцах гэж хувийн асуудлуудаа ярьж хуваалцдаг. Хэн нэгэнд ухаарал, бас хэрэгтэй зѳвлѳмж болон үлдэнэ. Заримд нь тийм нэг гэгээн дурсамж амьдралын тѳгсгѳл хүртэл мартагддагүй.  Зовлонгоо яриад сэтгэл нь онгойж тайвширна. Сэтгэл дотор хѳндүүрлэн дарж байсан хар чулууг аваад хаячих шиг нулимстай мэдрэмж. Энэ бүхэн нь, дээр учирладгаас шал ѳѳр харилцаа. Заримдаа хэн нэгний яриаг сонсоод суухад сэтгэл дотроо эрж хайн шаналж байсан асуудлынхаа хариуг олж авдаг. Хайж байсан эрдэнэсээ олсон мэт баяртай мэдрэмж. Яг үнэндээ ийм харилцаа л хүмүүсийн оюун санааны зэрэг зиндааг тодорхойлдог юм шүү дээ.

 

Бусдын яриаг анхааралтай сонсож зѳвхѳн тэр сэдвээсээ хадуурч бусгалгүй ярилцаж ойлголцож сурах нь харилцааны соёлын хэмжүүр. Хүсээгүй байхад нь заавал хариулахыг шаардаж байгаа бол энэ нь харилцаа биш байцаалт. Чиний хувьд бусдад ил гаргалгүй зѳвхѳн ѳѳрийн сэтгэл дотроо хадгалж байхыг л хүсдэг асуудлууд бусдад адилхан байгаа гэдгийг мартаж боломгүй.  Хэн нэгний чамд хов болгон ярьж байгаа асуудлыг ѳѳрийнхѳѳ ѳнцгѳѳс бас ѳѳр талаас нь заавал харьцуулан дүгнэлт хийж байх нь заавал хэрэг болно. Эс тэгвэл бид бусдын ѳдѳѳсѳн шуурганд “нүүр”-ээ болон “нэр”-ээ түлж шатааж байдаг. Бусдын тарааж буй цуу яриа, дуулиан шуугианыг “Юу билээ?” гэж эргэцүүлэлгүйгээр даган хашгирч байгаа бол “Морь унасан толгойгүй хүн”-ээс ялгаа юун. Заримдаа ийм мунхаг үйлдлүүд хэн нэгний амьдралд арилгаж боломгүй хар толбыг үлдээнэ. Ингээд эргэцүүлэхээр “хэрэгт дурлах” сэдэл болгон ѳѳрийн хэм хэмжээтэй байдаг аж.

Share Your Thoughts