Хүмүүс ээ, бие биеэ амьдад нь хайрла, бас урам хайрла

Шинэ он гарчихлаа. Ирж буй шинэ он бүхэн, өнгөрч байгаа хуучин оноосоо ямагт илүү байж, амжилт, урам зориг, өөдрөг сэтгэл, бас илүү мөнгөтэй болж амьдрал минь сайжрах болтугай гэж хүн бүр сэтгэлдээ шивнэдэг. Хүсэл мөрөөдөл болгон ямагт өөдлөн дэгжихийн бэлэгдэл болно. Хүн бүр өөр өөрийнхөөрөө мөрөөддөг. Зарим нь мөнгө, эд хөрөнгө, зарим нь хайр сэтгэл, зарим нь албан тушаал эрх мэдэл, зарим нь амар амгалан амьдрал…
Хүний хүсэл мөрөөдөл бүхэн яагаад биелдэггүй вэ? Бүх зүйл зөвхөн чамаас хамаардаг бол мөрөөдөл бүхэн биелэх боломжтой. Үгүй ээ!
Энэ ертөнцөд бид олуулаа болохоор бүх зүйл бие биенээсээ хамааралтай болж орхидог. Мөнгө олох нь биснесийн түншээсээ, хайр сэтгэл эсрэг хүйстнээсээ, албан тушаал эрх мэдэл нь хамтран ажиллагсад, үзэл бодол нэгтнүүдээсээ, амар амгалан амьдрал нь ах дүү хамаатан садан, найз нөхдөөс нь ямар нэгэн байдлаар хамаарна. Тэгэхээр та бусадтай яаж харьцах, бусдад өөрийгөө яаж ойлгуулахаас таны мөрөөдөл бодитой эсвэл хийсвэр болох нь тодорхой болно гэсэн үг. Тиймээ! Бид ердийн энгийн мөртлөө өдөр бүхэн бидэнд тохиолддог тэр үнэнийг анзаардаггүй. О.дашбалбар агсны ”Амьддаа бие биеэ хайрла”, Т.Очирхүүгийн ”Надад урам хайрла” шүлгүүдийг хаа нэгтээ уулзалт, нийллэг, баяр цэнгэл дээр уран сайхан уншиж, үүнийх нь төлөө алга ташиж, хундага тулгацгаах атлаа чухамхүү таны амьдралд алт шиг үнэн өгүүлэмжийг нь мартаж орхидог. Тэгээд л хаа нэгтээгээс сэтгэлдээ хайр урмыг хайж эхэлнэ.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохионо

Та бид, шүлгийг тайзан дээрээс сэтгэл хөдөлтөл уянгатайгаар уншихад зориулагдсан зүйл гэж боддог юм биш байгаа.
Нэгэн зүйл: Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн асан Ж. Наранцацралт, ”Монгол ньюс”-ийн эзэн Ц. Балдорж нар таалал төгсч, эдэнд зориулсан харуусал эмгэнэл дурсамж, хэвлэл дүүрэн нийтлэгдэв. Хэдийгээр дотно бус ч би энэ хүмүүсийг таньдаг, хийсэн бүтээсэн, бас бусдад үнэлэгдсэн нэр төрийг нь хүндэтгэдэг байсан Надад харамсалтай байсан хэдий ч хүмүүсийн бичсэн зүйлийг уншаад сэтгэлд бүр ч илүү гуниг төрлөө. Тэднийг ямар ч өө сэвгүй, бурханлиг, бас агуу хүн байсан гэж үгээ олохгүй магтах хүмүүс, энэ үгээ амьдад нь хэлж байхгүй яасан юм бол гэж бодогдном. Амьдад нь ”луйварчин”, ”урвагч”, ”тэнэг мулгуу”-гаар цоллон зөндөө бичихэд эд яагаад өмөөрөөгүй юм бэ?
Хүн амьд байхдаа ”адгийн”, нас барсан хойноо ”агуу” байж болохгүй биз дээ.
…Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ!
Алив сайхнаа бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийг харанхуй нүх рүү бүү түлх

Нэгэн зүйл:
Монголчууд бид хаа сайгүй нэгнээ муулцгаадаг. Өөрөөсөө илүү яваа нэгэндээ атаархана, өмссөн зүүснийг нь сонжино, амьдралыг нь сонирхоно, ажлыг нь судална. Сайн сайхан яваа нэгнийгээ ”Бидний нэг маань сайн яваа овоо доо” гэж бодохын оронд ”Тэр муу юу болчихоов, хэн л байлаа” гэж үглэх. Сүүлдээ энэ байдалдаа дасчихаад нийтээрээ ”хов ярих”, ”хүн муулах”-ын донд автаж, сэтгэлийн таашаал эдэлнэ.
…Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!

…Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй! (О.Дашбалбар )

Нэгэн зүйл:

Сүүлийн үед олон олон вэбсайтүүдын нийтлэл, мэдээлэлүүдийн доор бичсэн сэтгэгдэлүүдийг уншаад ой гутах боллоо. Бичсэн зүйлийг нь гутаах, ёс юм шиг хийсэн ажлыг нь муулахын тулд хичнээн бүдүүлэг үг хэллэгээр доромжилно вэ?
Хүн бусдад өөрийн бодол санаагаа хуваалцахын тулд сэтгэл оюунаа чилээж, цаг заваа зарцуулдаг. Ямар нэгэн арга хэмжээг (наадам, шинэ жил, тэмдэглэлт өдрийг) зохион байгуулахын тулд, хүмүүстэй уулзаж, гэрээ хэлцэл хийж, урьдчилгаа төлж, найруулга зохиож, хүмүүсийг бэлддэг. Энд мөнгө, цаг хугацаа, бас их хөдөлмөр ордог. Мэдээж бичлэг, арга хэмжээ хүн бүрт таалагдахгүй байж болох ч доромжлуулах шалтаг бас биш байлтай.
…Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас дарлаа гэж гунисхийн суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүсээ! Бие биедээ уарам хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла (Т. Очирхүү)

Төгсгөл:
Шинэ он бүхэн өөдрөг сэтгэл, хөгжиж дэвшихийн эхлэл. та мөрөөдлөө биелүүлэхийн тулд, сэтгэлийн амар амгаланг эдлэхийн тулд, бусдыг хайрла, бусдад урам хайрла, хариуд нь та бусдын хайрыг амсч, урмын үг сонсч амьдрал тань баяр баясгалангаар дүүрэх болтугай!
Аав ээж, амраг хань, алаг үрс, анд нөхөд,таньдаг бүх л хүндээ сайн сайхныг ерөөж сур. Хар хороо, атаа жөтөөгөө дарж байгаад ч болов бусдыг хүндэлж, бас хайрла. Гэхдээ бүү долигно. Зөөлөнд нь зөөлөн, хатууд нь хатуу байж, зөвхөн чин сэтгэлээсээ бие биедээ урам хайрлаж байж л сайхан амьдарцгаана.

…Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! (О.Дашбалбар )

Энэ нийтлэлийг уншаад уншигч та ч гэсэн эргэцүүлж нэг бодоорой.. Эргэн тойронд байгаа хүмүүсээ нэг хараарай. Энэ хоёр шүлгийг чанга дуугаар уншаарай. Таны амьдралын баяр баясгалан танаас бас хамааралтай. Өнөөдрөөс та олон зүйлийг өөрчлөх гээд үз. Бусдыг ойлгож, бусдыг хүндэлж хайрлаж, бас урамшуул!
2008 он танд баяр баясгалан, сэтгэлийн амгалан, урам зориг бас их мөрөөдөл авч ирэг ээ!

Харнууд овогтой Гомбосүрэнгийн Галбадрах

01.05.08

Share Your Thoughts