ХҮНИЙ ХӨГЖИЛ-МОНГОЛЫН ХӨГЖИЛ – “Надад хэлэх үг байна-4” Вашингтон ДС-д болсон арга хэмжээний мэдээлэл

“БИД ӨНГӨРСНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ, ИРЭЭДҮЙН ЭХЛЭЛ, ЭХ ОРНЫ ЭЗЭД” \баннер дээрх үг\

АНУ-д суралцаж, ажиллаж байгаа монгол оюутан залуусын “Надад хэлэх үг байна” нэртэй уламжлалт арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо 3 сарын 14-15 ны өдрүүдэд VIU \Virginia International University\ сургууль дээр явагдаж өнгөрлөө. АНУ-ын Лос-Анжелос, Сан-Франциско, Денвер, Чикаго, Вашингтон ДС, Бостон зэрэг хотууд болон Пеннисилваниа, Миннесота, Миссиури зэрэг мужуудаас олон оюутан залуус энэ удаагийн арга хэмжээг зорьж, өөрсдийн зардлаараа ирж оролцов. Урьдчилж ирүүлсэн илтгэлүүдээс 16 илтгэл 2 өдөрт дараалан тавигдаж, хэлэлцүүлэгдсэн.

Нэг. ТАВИГДСАН ИЛТГЭЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА:

  1. “Өнөөдрийн нийгмийн Хууль, Эрх Зүйн тогтолцоо ба Шинэчлэлт” – Д.Жанцанхорол \University of California, Berkeley\Political Science concentration in Comparative Politics & International Affairs
  2. “Монголын ирээдүй бидний гарт” – Б.Очир \Minnesota State University Moorhead\ finance
  3. “Антибиотикийн зөв хэрэглээ” – Э.Энхчимэг \Mercy high school San-Francisco\ student
  4. “Улстөрчдийг хүмүүжүүлэх нь” – Г.Цолмон \Colorado Shcool of Mines\ геологич
  5. “Уул уурхайн салбар бидний өдөр тутмын амьдралд” – Т.Тэмүүлэн \Colorado School of Mines\ mining ingineer
  6. “Хүнсний аюулгүй байдал” – Э.Эрдэнэмөнх \Santa Louis Community College\ business administration
  7. “Ногоон эдийн засгаар-Ногоон хөгжил рүү” – Б.Номин \ Virjinia NVCC\ economist
  8. “Анхны тусламж-Амь нас аварна” – Э.Маралхишиг \Diablo Valley College\ biology
  9. “Баялгийн хараал” – А.Мөнхтулга \Colorado School of Mines\ mineral and energy economist
  10. “Монгол бичиг-Төрийн бичиг” – Д.Болд \Pennisilvania state University\ үйлдвэрлэлийн инженер
  11. “Иргэний төлөвшил” буюу “Хүн болох багаасаа” – М.Маралмаа \California BYU-1\ business management-marketing
  12. “Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслэлүүдийн үйлчилгээг сайжруулах нь” – Э.Гуамарал \Diablo Valley College\ fine arts
  13. “Оюутан”- онлайн орчуулгын товчоо” – Б.Баясгалан \Lindenwood University\ masters oj business administration
  14. “Хөгжилд хүн бүрийн хошуу” – Г.Бадамсэрээжид \Minnesota state University Moorhead\ health service administration
  15. “Улаанбаатар хотын утааг СЭХ ашиглан багасгах арга” – Э.Мөнхбилэг \LUISS Business School of Italy\ MBA International business
  16. “Эх оронч буюу залуу хүний манлайлал” – Д.Отгонтамир \Lindenwood University\ finance

…Монгол хэлээр тавигдсан эдгээр илтгэлүүд нь Монгол орны хөгжилд хэрэг болох маш олон сэдвүүдийг хамарсан төдийгүй багагүй судалгаа баримтууд дээр түшиглэсэн, шинэ санаа болон хэрэгжиж эхэлж байгаа, хэрэгжих боломжтой төслүүдийг санал болгож байгаа нь хүмүүсийн сонирхлыг татаж байв. Илтгэлүүдийг нийтэд нь нэгтгээд анхаарахад “МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ НЬ ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХӨГЖЛӨӨС ХАМААРАХ БОЛНО” гэсэн санаа тулгуур нь байлаа. Уул уурхай болон материаллаг баялгийн тухай ихэвчлэн ярьж, хүмүүсийн анхаарал сонирхлыг энэ зүгт татаж байгаа Монголын улстөрчдөөс огт өөрөөр, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцаж, ажиллаж байгаа монгол залуус минь “ХҮНИЙ ХӨГЖИЛ” ярьж байгаа нь биднийг баярлуулсан. Бүх илтгэлүүд төгс төгөлдөр байгаагүй, зарим нь хийсвэр, алдаа оноотой байсан хэдий ч “Надад хэлэх үг байна-4” арга хэмжээний маш сайн үр дүн нь энэ юм. Баярлаж бахархмаар.

Ийм арга хэмжээнд илтгэл тавихаар бэлтгэж, бэлтгэсэн илтгэлээ олны өмнө гарч танилцуулан хэлэлцүүлнэ гэдэг амаргүй. Тэр тусмаа ажил болоод хичээл сургалтдаа маш их цагаа зарцуулдаг залуусын хувьд. Хэдийгээр “илтгэлийн уралдаан” гэж нэрлэж байгаа боловч “байр эзэлж шагнал авна” гэхээсээ илүүтэй өөрийн санаа бодол, санаачлагаа өөрийнхөөрөө илэрхийлж бусадтай хуваалцана гэдэг л “хамгийн чухал зүйл” гэдэг санаан дээр залуус бүгдээрээ нэгдсэн. Залуусын тавьж байгаа илтгэлийн чанарыг сайжруулах, судалгаа болон баримтан дээр тулгуурлах, хийсвэр мөрөөдлөөс амьдрал дээр хэрэгжих бодит бололцоо руу ойртуулах зорилгоор шүүгчид илтгэлүүдийг шүүж, олны өмнө нээлттэй хэлэлцүүллээ. Бусдаас илүү сайн илтгэлүүдийг нэрлэж олны өмнө урамшуулах нь, дараа дараагийн олон арга хэмжээнүүдэд илтгэл тавьж оролцох залууст “сайн загвар”, “сайн үлгэр жишээ” болох юм.

ug2

Хоёр. УРИГДСАН ЗОЧИД БОЛООД ШҮҮГЧИД, ШҮҮЛТ

2011 онд Лос-Анжелосийн “Монгол Оюутны Холбоо” анх санаачилж эхлүүлсэн энэ арга хэмжээ 2012 онд Сан-Франциско хотноо, 2013 онд Чикаго хотноо тус тус зохион байгуулагдсан. Арга хэмжээ болгон дээр оюутан залуус цаг зав болон зардлаа зохицуулаад ирж илтгэл тавин, түүнийг нь зорин ирж сонирхож байгаа залуус сонсож, талархаад л өнгөрдөг. “Бодит үр дүн нь хаана байна вэ?” гэдэг асуулт, зохион байгуулагчид болон дэмжигчдийн сэтгэлд эргэлдэж байв. Монголын төрд болон залууст хандан “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” гэж хэлж байгаа санаа нь зөвхөн АНУ-д эргэлдээд байдаг. Хүрээгээ тэлж бодол санаа, санаачлагаа илүү олон хүмүүст хүргэх хэрэгтэй байв.

“Надад хэлэх үг байна-4” арга хэмжээний зохион байгуулагчид дээрх санаан дээр анхаарлаа хандуулсан. АНУ-д суугаа Монголын ЭСЯ-аар дамжуулан Монголын нилээд олон байгууллага болон амжилттай бизнес эрхэлж байгаа компаниудад хандав. Түүндээ энэ арга хэмжээний зорилго болон мэдээллээ илгээгээд, энэ жилийн арга хэмжээг дэмжиж, “ирж оролцооч” гэж хүслээ. Энэ хүсэлтийг нь “Номин холдинг”, “Моннис”, “МАК” зэрэг томоохон компаниуд хүлээн авч энэ жилийн арга хэмжээг ивээн тэтгэсэн төдийгүй өөрсдийн төлөөлөгчдөө ирүүлэв. АНУ-д суралцаж ажиллаж байгаа залуусын дунд нөлөөлж чадах “үлгэр жишээ” зарим залуусыг ч урьж, санал болгосон.

-Саналыг хүлээж авч ирж оролцсон зочид:

  1. Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл
  2. Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны ерөнхий консул Д.Мөнхжаргал
  3. МАК” компаны Бизнесийн хөгжил, Хамтын ажиллагааны газрын захирал Б.Энхмандах
  4. “МАК” компаны Хүний нөөцийн мэргэжилтэн Үрэл-Эрдэнэ
  5. “МОННИС Интернэшнл” ХХК- ны Үйл ажиллагааны газрын ерөнхий менежэр Б.Сэргэлэн
  6. Бостон дахь TUFT -ийн Их Сургуулийн Флечерийн сургуулийн мастерын оюутан Б.Хонгорзул

Энэ жилийн арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос ирж оролцож байгаа зочдыг оролцуулах нь, мөнөөх илтгэлүүдийн “Монголын хөрсөн дээр буух” боломжийг “тандсан” хэрэг. Бид өөрсдөө болон илтгэл тавьж байгаа оюутан залуус ч Монголынхоо өнөөгийн байдал болон боломж нөхцлийн талаар тэдэн шиг мэдэхгүй.

-Энэ жилийн арга хэмжээг шүүсэн шүүгчид:

  1. Д.Мөнхжаргал \ЭСЯ-ны төлөөлөл\
  2. Б.Энхмандах \”МАК” компаны төлөөлөл\
  3. Г.Галбадрах \Зохион байгуулагчдын төлөөлөл\
  4. Б. Сэргэлэн \”МОННИС” компаны төлөөлөл\
  5. Б.Хонгорзул \АНУ-д суралцаж байгаа оюутан залуусын төлөөлөл\

-Шүүгчдийн бүрэлдэхүүн, тавигдаж хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг:

  1. Асуудлыг гаргаж хөндсөн байдал
  2. Уг асуудлын шийдэл
  3. Судалгаа болон баримтууд
  4. Илтгэх ур чадвар

зэрэг үзүүлэлтүүдэд оноо өгч \ олон улсын жишгээр\ уг онооноос гадна, шүүгч тус бүр эхний 3 байр эзлэх илтгэгчийг санал болгон харьцуулах маягаар дүгнэлээ. Илтгэлүүд нийтдээ чанартай, бас сонирхолтой байснаас гадна сэдвүүдийн агуулгууд нь өргөн хүрээтэй, илтгэгчид нь ахлах сургуулийн сурагч, бакалавр, мастераар суралцаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтүүд нь харьцуулан дүгнэхэд амаргүй байв. Шүүгчид өөрсдийн дүгнэлт, харьцуулалтаа танилцуулж, санал зөрсөн зарим асуудлуудаар санал хурааж, олонхиор шийдэх зарчмаар байр эзлүүлсэн.

ug3

Гурав. ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД:

  • “Тэргүүн байр” М.Маралмаа “Иргэний төлөвшил” буюу “Хүн болох багаасаа”  \”Пирамид Граните” компани ивээн тэтгэв\
  • “Дэд байр” Г.Цолмон “Улстөрчдийг хүмүүжүүлэх нь” \”Монгол Америкийн Худалдааны Танхим ивээн тэтгэв\
  • “Гутгаар байр” А.Мөнхтулга “Баялгийн хараал” \”Member s Granite” А.Ганбат ивээн тэтгэв\
  • “Тусгай шагнал” \Зохион байгуулагчдын шагнал\  Д.Болд “Монгол бичиг-Төрийн бичиг”,  Э.Мөнхбилэг “Улаанбаатар хотын утааг СЭХ ашиглан багасгах арга”

Энэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, VIU \Virjinia International University\ “МАК”, “МОННИС” групп, “Номин холдинг” компани, “Пирамид” компани, А.Ганбат, Цолмон, Энэбиш, Баярмаа, Халиун, Энхцэцэг зэрэг хувь хүмүүс ивээн тэтгэж оролцлоо.

Дөрөв. ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

…Өнгөрсөн жил Чикагод болж өнгөрсөн “Надад хэлэх үг байна-3” арга хэмжээний дараа, үргэлжлүүлээд болох газрын талаар чимээ хүлээсэн боловч “таг чиг” байлаа. Энэ арга хэмжээг “тасалж болохгүй” гэдэг зовинол миний сэтгэлд байв. Тэгээд Ц.Бархас руу холбогдож ” Энэ жил уг арга хэмжээг Вашингтон ДС хотноо зохион байгуулах ажлыг хариуцаач” гэдэг санал тавьсан. Ц.Бархас маань өнгөрсөн жилийн “Надад хэлэх үг байна-3” арга хэмжээний “тэргүүн” байрын шагналт шилдэг илтгэгч, нэг бус арга хэмжээн дээр бид уулзаж ярилцаж байсан болохоор түүнд хандсан хэрэг. Миний саналыг хүлээж авсан тэд, үнэхээр сайн баг бүрдүүлжээ.

Ц.Бархас, Б.Баярмөнх бид гурав лав л гурван удаа уулзаж ярилцснаас гадна, мэдээллүүдээ байнга харилцан солилцож, хамтран ажиллаа. Тэдний ажил хэрэгч, шуурхай байдал нь надад их таалагдаж байсан төдийгүй “Энэ жилийн арга хэмжээ санасан түвшинд хүрч чадах нээ” гэдэг итгэл сэтгэлд минь асч байв. Зохион байгуулах багийн залуус минь маш сайн ажилласан. Хэн нэгэн индэр гарахаасаа өмнө “Одоо яанаа” хэмээн чанга чанга цохилох зүрхний хэмнэлдээ тэвддэг тэвдэлтийн оронд, “За залуус аа, би жаахан тэвдээд байна. Гэхдээ дажгүй шүү” гэж хэлж хамтдаа инээлдэх хөгжөлдөөн нь танхимын “албархуу “уур амьсгалын “ёсорхуу” төрхийг эвдэж байв.

  1. Ц. Бархас -Ерөнхий зохион байгуулагч
  2. .Б.Баярмөнх -Тэмцээний зохицуулагч
  3. Т.Болормаа- Тэмцээний зохицуулагч
  4. Э.Энхдалай -IT координатор
  5. Т.Хишигбаяр – IT координатор
  6. Э. Энхтамир -IT координатор
  7. Б.Урин -Тэмцээний зурагчин
  8. Н.Ананд – Тэмцээний зурагчин
  9. Т.Энхжин -Илтгэлд холбоос хийгч
  10. Мишээл -Цаг бүртгэгч
  11. Д.Сайнноён -Цаг бүртгэгч
  12. Б.Ундрам- Хөтлөгч
  13. Ц.Батзориг -Хөтлөгч
  14. Б.Номинсүрэн -Арын алба

Хөтлөгч Б.Ундрам, Ц.Батзориг нартай тааралдаад “мундаг байна залуус минь” гэсэн талархлын хариуд “Яанаа, би анх удаа л арга хэмжээг хөтөлж үзэж байгаа юм шүү дээ. Гайгүй байж чадсан уу?” гэж санаа зовинонгүй асууна. Арга хэмжээ болгоны дараа “Естой сайхан боллоо шүү” хэмээн сэтгэлдээ талархал тээдэг хүмүүс, энэ “сайхныг” нь бий болгох гэж хичээж зүтгэж, шаналж тэвддэг “арын алба” ны багийнхны жаргал зовлонг тэгтлээ мэдэхгүй. Залуус маань сэтгэлээрээ нэгдэж, багаар ажиллаж чаддаг болж байна. Талархахгүй байхын аргагүй залуус.

ug4

Тав. АРГА ХЭМЖЭЭНИЙ БОДИТ ҮР ДҮНГҮҮД

-Энэ жилийн арга хэмжээ зөвхөн “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” илтгэлээр хязгаарлагдсангүй. “НАДАД ҮЗЭХ ЗҮЙЛ БАЙНА” арга хэмжээгээрээ “Sundog” үйлдвэр, АНУ-ын Конгрессийн ордон “Капитол”-ыг үзэж сонирхон, “НАДАД СУРАХ ЗҮЙЛ БАЙНА” мөчүүдээр Монголоос ирсэн зочид болох Б.Энхмандах \”МАК” компаны танилцуулга\, Б.Сэргэлэн \”МОННИС Интернэшнл” компаны танилцуулга”, Б.Хонгорзул \Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжууд\, М.Дэлгэрцогт \АНУ-д бизнес эрхлэх боломж\ нарын мэдээлэл, зөвлөмжийг сонсч, “НАДАД ХЭЛЭХ УРИАЛГА БАЙНА” цагаараа илтгэгчид өөрсдийгөө танилцуулан сэтгэгдлээ ярьж, оролцогч бусад залуусаа өөрсдийн хэлэх үгээрээ “уриаллаа”.

-АНУ-д суралцаж, ажиллаж байгаа залуус минь энэ арга хэмжээнд ирж оролцсоноор өөртэйгээ адил сэтгэлийн гал тээж, хүсэл мөрөөдлийн их давалгаанд сэлж яваа үе тэнгийн олон залуустайгаа уулзаж “сэтгэлийн их цэнгэл”-ийг эдлэв. Ямар ч шоунаас илүүтэй. Тэдэнд бие биетэйгээ санаа бодлоо хуваалцахаас гадна дотно танилцаж нөхөрлөх, туршлагаа хуваалцаж, ирээдүйнхээ талаар зөгнөн ярилцах боломжийг энэ арга хэмжээ олголоо. Нууранд бууж цэнгэлдсэн шувууд нуураа орхиод нисэх төдийд, нуурын мандал дээр гунигийн мяралзаа үүсдэг шиг, нутаг нутгаа зорин буцаж очсон хойноо ч “Та нарыгаа санаж байна шүү, бид ямар гоё байваа. Дараагийн уулзалтыг тэсэн ядан хүлээж байна” гэж фейсбуук групп дээрээ бичсэн сэтгэлийн уулга алдалт, санаашрал нь энэ арга хэмжээний бодит үр дүн юм.

-Монголоос зорьж ирсэн “МАК”, “МОННИС” компаныхантай залуус минь уулзаж холбоо тогтоон, тэдний мэдээллийг сонсож, ажилд орох боломж, хамтран ажиллах гэрээ, ахуй нөхцлийн талаар илэн далангүй асууж ойлголцов. Энэ л хөдөлгөөн бужигнаан нь АНУ-д сурч ажиллаж байгаа монгол залуусын сэтгэлийн тэртээд оршиж байгаа “Боломж нь олдвол Монголдоо очоод ажиллах юм сан” гэх хүсэл мөрөөдлийн илрэл. Залуус минь Монголдоо очиж ажиллахад тохиолдож болох хүндрэл, “хүнд суртал” хийгээд бодит боломжийн талаар “тодорхой” мэдээлэл, төсөөлөл авсан байх. Монголоос ирж энэ арга хэмжээнд оролцсон бизнесийнхэн ч АНУ-д сурч ажиллаж байгаа монгол залуусын мэдлэг чадварын түвшин, өөрсдийгөө илэрхийлж байгаа чадвар, мөрөөдөж зорьж байгаа өндөрлөгийг анзаарсан биз. Оролцогчид ч, дэмжигчид ч, зохион байгуулагчид ч сэтгэл хангалуун байсан нь сайн үр дүн.

– Виржина мужид ажилладаг Т.Хишигбаяр, Э.Энхтамир нар саяхнаас эхлүүлж байгаа “онлайн бизнес”-ийнхээ талаар танилцуулж, МУИС-ийн доктарант Б.Бат-Эрдэнийн “Залуучуудын талаар Монголын төрөөс баримтлах бодлого” сэдвээр санал бодлоо хуваалцаж, сонирхогчид илтгэгч залуустай “дуусашгүй яриа” өрнүүлж байсан нь энэ арга хэмжээний өргөн цар хүрээний илрэл юм. Арга хэмжээний эхний орой, залуусын байрласан зочид буудалд оюутан залуус бид хамтдаа нилээд удаан цагийг ярилцаж өнгөрүүлэв. АНУ-д суралцаж ажиллаж байгаа залуусын нэгдлийг хэрхэн бий болгох, хот хотуудад ажиллаж байгаа “Монгол Оюутны Холбоо”д үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах, өдгөө уламжлал болж байгаа “Надад хэлэх үг байна” арга хэмжээг цаашид тасралтгүй хэрхэн явуулж, хэрхэн өргөжүүлж болох талаар илэн далангүй ярилцаж, тодорхой шийдэлд хүрцгээлээ. Тэр болгон уулзалдаж амждаггүй залууст боломжийг мэдрүүлсэн сайн ажил.

-Бид, зохион байгуулагчидтай хамтран “Надад хэлэх үг байна-4” арга хэмжээний үр дүнг олон нийтэд илүү сайнаар түгээхээр ярилцаж байгаа. Нийтдээ тавигдсан 16 илтгэл бүрийг редакторлон нэгтгэж, бичмэлээр болон цахим хэлбрээр товхимол болгох, арга хэмжээний дүрс бичлэг болон фото зургуудыг нэгтгэн ДВД болгож оролцогчид болон ивээн тэтгэгчид, бусад олон залуучуудын байгууллага, бизнесийн компаниудад илгээхээр төлөвлөж байгаа. Багагүй цаг хугацаа зарцуулах ажил. Мэдээж сонирхож, санал тавьсан хүмүүст ч хүргэх боломжийг олох болно. Тийм болохоор энэ удаагийн бичлэгтээ илтгэгчдийн илтгэл бүрийн талаар товч боловч дурдсангүй. “Ажил хийвэл дуустал” гэдэг дээ.

ug1

НАДАД ТӨРСӨН БОДОЛ

…Одоогоос 4 жилийн өмнө Лос-Анжелосийн “Монгол Оюутны Холбоо”-ны тэргүүн Мөнх-Өргөө намайг онгоцны буудлаас тосч авахдаа санал болгон ярьж байсан “Надад хэлэх үг байна” нэртэй энэ арга хэмжээг хамтдаа эхлүүлж, энэ жил Ц.Бархаст би өөрөө санал тавих хүртэлх бүх арга хэмжээнүүдэд очиж оролцжээ. Залуу хүмүүсийн санал санаачлагыг дэмжих сэн, тэдний урмыг нь хугалж цөхрөөхгүй юм сан гэх зовинол минь Монгол орны ирээдүйд сэтгэл чилэх шаналалтай минь холилдож байдаг. Яг л гал шиг асч бадарч байгаа залуу насны эрч хүчээ дэлхийн түвшингийн мэдлэг чадвараар сүлж байгаа ийм залуус Монголын минь хөгжлийн ирээдүй. Тэдний цог золбоо, эрч хүч, өөртөө итгэх итгэл, ирээдүйгээ харж байгаа сайхан төсөөллүүдийг мэдрэх бүрдээ “Монгол орон минь сайхан хөгжинөө” гэсэн итгэл сэтгэлд минь бадарч байдаг юм.

Заримдаа “бусдаас мундаг” гэж өөрийгөө тоосон эрхэмсэг төрх, гэнэдээд алдахдаа цайлганаар инээд алдаж өөрийнхөө “дорой” г мэдрэх ичингүйрэл, болгоомжтойгоор эргэн тойрноо ажиж өөрийн дотоод сэтгэлтэйгээ харьцуулах харьцуулалт. Энэ бүхэн өнөөгийн залуусын нийтлэг төрх. Амьдралын их давалгааг цахлай мэт зүсээд л гарна гэж төсөөлж, залуу нас гэдэг гоёлоороо бусдад гайхуулж бардамнаж яваа энэ л залуус бидний хойч үе. Тэдэнд бид хэрэгтэй, бидэнд ч тэд хэрэгтэй. Тэдэнтэй найзалж нөхөрлөж, тэднийг зөв тийш нь чиглүүлж, хамтран ажиллах нь бидний үүрэг. Монголд минь “газар авч” хөгшин залуугүй талцуулж байгаа улстөрийн болхи хуваагдал, ийм залуусыг бүү хамраасай гэж би шаналдаг. Ямар нэгэн арга хэмжээн дээр хэн нэгэн “дарганцар “ирж оролцохдоо, халаасалж ирсэн “тэмдэг”-үүдээ хэн нэгэнд “тараах”-ыг би хүсэхгүй байгаа. Яагаад ? гэвэл ийм залуус яг одоо чин сэтгэлээрээ нэгдэж эхэлж байна. Энэ бүхэн нь монголчууд бидний хүсч мөрөөдөөд байгаа их эвлэрэл, нэгдлийн эхлэл байж магадгүй.

“НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” үнэхээр сайхан хэллэг. АНУ-д суралцаж ажиллаж байгаа залуусын энэ санаачлага, дэлхий даяар тархан суугаа оюутан залуусыг хамраасай гэж бид хүсч байна. Залуу хүн бүрийн сэтгэл дотор “ХЭЛЭХ ҮГ” нь эргэлдэж байгаа. Эрүүл сэтгэлгээ, адил төстэй хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэд нэгдэхийг хүсч байгаа. Тэд Монголын Төрийн өнөөгийн “заваан” тогтолцоог өөрчилж, Монгол орныхоо зөв сайн хөгжилд өөрийн мэдлэг чадвар, авьяас билгээ зориулахыг хүсч байна. Үүнд хамаагүй монгол хүн бий гэж үү? “НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-4” арга хэмжээнд илтгэл тавьж оролцсон, дэмжиж оролцсон, зохион байгуулсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. ТА НАР ҮНЭХЭЭР МУНДАГ БАЙСАН ШҮҮ.

“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ- ИРГЭН НЬ БОЛСОН ХУВЬ ХҮН БҮРИЙН ХӨГЖЛӨӨС Л ШАЛТГААЛНА”

Share Your Thoughts