Хүний эрх-ялгаварлан гадуурхалт – солиорол

“35-аас доош насны, царайлаг, өндөр бүсгүйг өндөр цалинтай ажилд авна” \Монголын хэвлэл дээрх зараас\

…Тэр жирийн л нэг бүсгүй. Тэрээр Монголд төрсөн хувь заяандаа баярлаж, Монгол орноороо бахархдаг. “Монгол орон минь аугаа түүхтэй, мундаг өвөг дээдэстэй, нүүдэлчдийн ёс заншил өв соёл нь дэндүү гайхамшигтай сайхан, бидний ахмад үеийнхэн энэ их баялагтай газар нутгийг бидэнд амь нас, саруул ухаанаараа өвлүүлж үлдээж өгсөн болохоор өнөөгийн монгол залуус бид азтай” хэмээн бодно.

Тэрээр нөхөр хүүхэдтэй, дажгүй боловсролтой, өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун. Алив зүйлд өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хүн болж төрсөн болохоор, өнөөдөр болж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь хамгаас чухал гэж бодно. Нэг их муу юм бодохгүй ч “боломж олдвол бусдад тус болж байх  хэрэгтэй” гэж аав ээж нь сургаж хүмүүжүүлсэн болохоор бусдад сайхан сэтгэлээр хандаж, хааяадаа бусдад тус болохдоо баярлах авч нэг их дурсах дургүй.

Ардчилал ялснаас хойш хувь хүн өөрийн боломж чадлаараа хөгжих боломж олдсонд баярладаг. Эхэндээ амаргүй байсан ч аяндаа арга эвээ олоод л амьдарч байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийгмийн байдал, хүмүүсийн хандлага арай л өөр болоод байх шиг.

Өөрийнхөөрөө амгалан тайван байсан амьдралын хэмнэл нь нэг алдагдах гээд байх шиг. Монголын нийгэм даяар ийн “савлаж ” байгаа нь түүнд сайхан санагдахгүй байгаа ч “усыг нь ууж ёсыг нь дагах”-аас өөр сонголт үгүй мэт. Одоо тэрээр өөрийн амьдарч буй амьдрал болон нийгэмдээ нэг сэтгэл дундуур байх болжээ.
Тэр нэг их царайлаг ч биш, бас тийм ч өндөр биш
…Өнөөгийн монгол бүсгүйчүүд царайлаг болохыг хүсч их ч мөрөөдөн, элдэв арга зам хайх болжээ.  Зарим нь царайлаг бус ээж аавдаа “гомдон” элдэв заслалаар өөрийгөө “өөрчлөн засварладаг ” болсон гэнэ. Ийм байдлаар зарим нь өөрийгөө, заримыг нь ээж аав нь “танихгүй” шахам болж байгаа юм байхаа. Өнөөгийн залуус бусад хүмүүсийг харахдаа “царайлаг” ба “царайлаг бус” хэмээн ангилж харьцдаг болсон гэх. Зарим царайлаг оюутнуудыг эрдэмтэй багш нь зориудаар шалгалтанд нь “унагааж”, үдшийн цагаар нэмэлт “давтлага” өгч “нэмэлт үйлчилгээ” гээр мэдлэгийг нь ” үнэлдэг” болсон гэх.
За тэгээд царайлаг төрсөн бүсгүйчүүдэд ажил олдох нь элбэг. Ямар нэгэн даргын үүдэнд сууж алба болон аминых нь “нарийхан бичиг” гэдэг ажил хийнэ. Нэгэн баян хүний “нууц амраг” нь болж сэтгэл дундуур хэдий ч “бие амар, гэдэс цатгалан, мөр бүтэн” амьдарна.  Ядахнаа л аль нэгэн ТВ-д “сэтгүүлч “-ийн ажил хийж өдөр болгон зурагтаар гарсаар олны танил болж “од” болон гялалзах зам нээгдэнэ. Ямар ч сургуульд орсон заавал хичээхгүйгээр “амжилттай” суралцаж болно. Нэг их хичээл зүтгэлийн хэрэг үгүй. Гол нь гоё сайхнаар л “гунхалзах” хэрэгтэй.
Аль  ч орны бүсгүйчүүд царайлаг, өндөр , гоо сайхан байна гэдэг ердөө ч муу зүйл биш. Харин ч бахархмаар зүйл. Үүн дээрээ мэдлэг ухаанаар сэлбэдэг бол бүр ч гайхамшигтай. Харин  зөвхөн “чихрийн цаас”-ыг бүх зүйлийн “үнэлгээ” болгон хөөргөөд байгаад л хамаг гай нь байгаа юм. Нэгэн цагт “Царайны сайхнаар цай сүлэх биш” гэдэг хэллэг өнөө цагт “Царайны сайхнаар амьдрал сүлнэ” гэдэг болж байх шиг. Монголын нийгэмд үүнийг “харсан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг” өнгөрөөж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхаж буй нэгэн хэлбэр мөн.
Тэр 35-аас дээш настай
Ямарваа ажилд нас бус туршлага илүү чухал. Хичнээн сайн мэдлэгтэй байлаа ч  ямар ч ажлыг хийх тусмаа туршлага сууж, илүү сайнаар ажиллаж  амжилт гаргах боломж нь нээгддэг. Тэр тусмаа оюуны хөдөлмөрт ийм боломж нь бүр ч илүү. Ажлын туршлага гэдэг олон сайхан нээлтийн үндэс нь байдаг. Хүн олон жил ажиллах тусмаа “ажлынхаа амт”-анд орж, ажилдаа дуртай болж, ажилдаа ирэхдээ ямагт баяртай байж чаддаг.
Ажилд авахдаа насаар нь ангилна гэдэг нийгэмд буй хамгийн муу үзэгдэл. Монголд буй ийм үзэгдлээс болж монгол залуус 30 нас хүрэнгүүтээ сэтгэл нь түгшиж “яанаа, би хөгширч хэнд ч хэрэггүй болчих вий” хэмээн айдаст автдаг болж. Мэдлэг чадвар, авьяас сонирхлоосоо илүүтэй наснаасаа “айдаг” муу зуршилд автах болж. 30, 40 насандаа “хөгширч” буй залуус хэд наслах нь бас л сонирхолтой асуудал.
Ийм үзэгдэлд Монголын нийгмийн “тэтгэвэр”-ийн тогтолцоо муугаар нөлөөлж байна. Тэтгэвэр гэдэг нэршил ” хэнд ч хэрэггүй хүн” гэдэг ойлголтыг  нийгэмд төрүүлж байна. Ийм л хандлагаар ахмад үедээ ханддаг залуусыг Монголын нийгэм бий болгож байна даа. Хүний оюун санаа болон авьяас чадвар “хөгширдөггүй” гэдгийг л бид сайн ойлгож хүлээж авахгүй байна даа. Монголын нийгэмд энэ байдлыг  “анзаарсан ч анзаараагүй юм шиг, мэдэрсэн ч мэдрээгүй юм шиг” өнгөрөөж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхаж буйн нэгэн хэлбэр мөн.
Тэр брендийн хувцсаар гоёдоггүй
Хувцас бол хүний ердийн хэрнээ зайлшгүй хэрэгцээ. Ямар хувцас өмсөх нь хувь хүний эрхийн асуудал хэдий ч, хүмүүс ихэвчлэн биедээ эвтэйхэн, бас зохисон, өөртөө таалагдсан хувцсыг сонгодог. Хувцас нь тухайн хүний гадаад төрхийг илэрхийлэхээс бус,  мэргэжил мэдлэг, дотоод мөн чанарыг тэгтлээ илэрхийлж чаддаггүй. Мөн үнэтэй бас хямд байж болох боловч хамгийн гол нь өөрийнх нь сонголт  л байдаг. Түүнээс бус тухайн хүнтэй харилцах “хэмжүүр ” нь  байж боломгүй.
Монголд хүмүүсийг өмссөн хувцсаар нь “хэмждэг” болсноос  зохисон ч зохиогүй ч, таарсан ч таараагүй ч “бренд”-ээр гоёх өвчлөл ихэд газар авчээ. Бренд  хэдийгээр нэр төр болон чанарын баталгаа байдаг хэдий ч үүнийг хүн болгон заавал эдлэх албагүй. Ихэвчлэн үнэ нь өндөр байдгаас худалдан авахдаа хүн болгон өөрийн боломжоо л харгалзан үздэг. Үүнээс хямд үнэтэй хэрнээ чанартай бас өөрт нь таалагдсан биед эвтэй хувцсыг хүмүүс илүүд үздэг. Харин манайх шиг улс нийтээрээ “брендээр өвчилсөн” газар тийм ч элбэг бус.
Ийм үзэгдлийн улмаас булга минжин шуба дороос ядарч шаналсан “будмал царай”, брендийн хувцасны төлөөх өрсөлдөөнд хорсож гомдсон төрх, бие биедээ гайхуулж бардамнах гэсэн тэнэглэлүүд нь өөрөө Монголын бренд болон хувирч байх шиг. Ажил амьдралын дэв зиндааг хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөр нь бус өмссөн хувцсаар нь хэмжиж байгаа энэ үзэгдэл өнөөгийн монголчуудын  “найман настай балчраас наян настай буурлууд” ыг хүртэл бүх хүмүүсийн бухимдлын нэгэн шалтаг болж буй.  Монголын нийгэмд энэ байдлыг “мэдсэн ч мэдээгүй юм шиг,
харсан ч хараагүй юм шиг” өнгөрөөж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаагийн нэгэн хэлбэр мөн.
Тэр жирийн орон сууцанд амьдарч, бага оврын авто машин унадаг
Сүүлийн үед АНУ-аас монголчууд, “LEXUS-570” машин ихээр Монгол руу ачуулдаг болжээ. Ийм маркийн машины эрэлт хэрэгцээ маш их болсон гэнэ. АНУ-д олон жил ажиллаж өөрийн шударга хөдөлмөрөөрөө боломжийн амьдарч байгаа монголчууд хүртэл “монголдоо байгаа монголчуудын тансаг хэрэглээ болон их мөнгөтэй  болсон” -ыг гайхан ярилцаж байна. За тэгээд нийтийн орон сууцанд бус тусдаа тансаг хаусанд амьдрахыг илүүд үзэх болсон гэнэ. Тусдаа хаустай, “LEXUS” машинтай бол “дээдсийн хүрээлэнгийн хүн” гэж үздэг болсон юм биз дээ.
“Иргэн баян бол улс баян” гэдэгчлэн иргэд нь баян байвал сайхан байлгүй л яах вэ? Гэхдээ бүх боломжоо ашиглаад шударга хөдөлмөрөөр олсон бол шүү дээ. Амьдрах байр болон унах машины хэрэглээ бол зайлшгүй л зүйл. Тэр нь ямар үнэтэй байх нь хүмүүсийн өөрсдийн хичээл зүтгэлээс хамаарна. Олж буй орлого нь нэмэгдэх хэрээр хүмүүс хэрэглээнийхээ чанарыг нэмэгдүүлдэг. Зөв шударгаар хөдөлмөрлөж ийм хэрэглээнд хүрэхэд чамгүй олон жилийн хөдөлмөрөө зарцуулна. Гэхдээ л ийм хүмүүс өөртөө сэтгэл хангалуун байдаг. Харин үүнд хүрэхээсээ өмнө шатахуун бага зарцуулдаг машин унаж, нийтийн сууцанд амьдарч байхдаа тэд ичдэггүй.
“Гэнэт идэх гэдсэнд цөвтэй, гэнэт баяжих насанд цөвтэй” гэдэгчлэн “гэнэт ихээр баяжсан” олон хүмүүс л гэнэт тансаг хэрэглээнд умбаж, энэ хэрээрээ гэнэт гайхуулан “шинэ баян цээж өвчтэй” дүр эсгэдэг болсон нь олон монголчуудын сэтгэлийн “шунал”-д  “монгол атаархлын галыг асаагаад” байгаа хэрэг. Үүний төлөө хичнээн хууль бус зүйл хийгдэж, хичнээн өр зээл сэтгэлийн дарамт шаналал болон хувирч буйг хэн ч анзаарахгүй. Гэсэн мөртлөө энэ хэрэглээ нь бусадтай харилцах, ажлаа бүтээх “нэрийн хуудас” болж байгаа нь муу зүйл. Монголын нийгэмд энэ байдлыг  “мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг” өнгөрөөж байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаагийн нэгэн хэлбэр мөн.


Тэр Монголын компаны ердийн гар утас хэрэглэдэг

Яг үнэндээ Мобиком корпораци Монголд үүрэн телефоны үйлчилгээ оруулж ирж байхдаа ийм их амжилт олно гэж төсөөлж байгаагүй гэдэг. Харин одоо хэд хэдэн  компаниуд энэ салбарт нэмэгдсэн ч ашигтай л ажиллацгааж байна. Мэдээж энэ бол сайн хэрэг. Гар утас хүмүүсийн хувьд ердийн хэрэглээ болоод зогсохгүй ажил хэрэгт болон мэдээлэл хурдан солилцоход  маш сайнаар нөлөөлж байгаа.  Утасны дугаар болон гар утасны маркаасаа болоод хэрэглээ нь шал өөр байдаг гэвэл арай л үнэмшилгүй. Харин утасны дугаар болон хэрэглэж байгаа утасны маркаараа зэрэг зиндаагаа илэрхийлдэг гэвэл арай л тэнэг хэрэг.
Мобикомын 9911….. тэй дугаарууд болон зарим дугаарыг хэдэн арван сая төгрөгөөр худалдан авдаг, утсанд нь ирж буй дуудлагын дугаараас хамааран ярих ярихгүйгээ шийддэг гэвэл ямар ч өндөр хөгжилтэй орны иргэд “нүд нь орой дээрээ гарч” гайхна. За тэгээд хамгийн сүүлийн үеийн загварын IPAD, IFONE  хэрэглэнэ гэдэг сайхан хэрэг. Мэдээж эдгээрийг бүх л зориулалтаар нь ашиглаж сурахдаа хүмүүс ихээр хөгждөг. Харин үүнийгээ бусдад зүгээр л гайхуулах гэж, үүгээрээ “баян бас мундаг” гэдгээ илэрхийлэх гэвэл жаахан муухай л явдал. Гэхдээ яваандаа хэрэглээд сурчихвал сайн хэрэг.
Гар утасны хэрэглээ өнөөдөр дэлхий нийтийн мэдээллийн хөгжилд  асар ихээр нөлөөлж байгаа. Энэ чиглэлийн хөгжил харин Монголд  дутуугүй сайн байгаа. Харин энэ хөгжлийг бусдад яалгаварлан хандахад ашиглана гэдэг бол даанч бүдүүлэг, тэнэг хэрэг. Гар утсаараа гайхуулах, утасны дугаараараа бардамнах, зэрэг зиндаагаа илэрхийлэх үзэгдэл монголд  гаарсаар л байна. Монголын нийгэмд энэ байдлыг “мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй” мэт байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаа нэгэн хэлбэр мөн.
Тэр ажил “хөөцөлдөхөд” танил тал муутай

Уг нь хуулиа маш сайн боловсруулж, олон нийтэд ойлгомжтой байдлаар хэрэгжүүлж чаддаг бол заавал танил хүний хэрэг үгүй л дээ. Санамсар болгоомжгүйгээс хууль зөрчиж буруу зүйл хийсэн бол хуулийн дагуу торгууль шийтгэлээ хүлээгээд л явна. Заавал хэн нэгнийг гуйж царайчлан  ” “аргалах” шаардлагагүй. Бүх зүйл нь ил тод маш ойлгомжтой байвал тэр хэрээрээ дүрэм журмаар нь явахад ямар ч сэтгэлийн дарамт үгүй. Даатгалдаа даатгуулж, татвараа ёсоор нь төлөөд явахдаа улсын өмнө “үүргээ биелүүлж байна” гэж бодоход сэтгэл амар. Хэннэгэнд авилгал, хахууль өгөхөөс хамаагүй дээр. Сэтгэл тайван.
Хүүхдээ сайн сургуульд оруулахын тулд, эмнэлэгт үзүүлэхдээ гайгүй эмчид “найдвартай оношлуулах”-ын тулд, торгуул бичсэн байцаагчийг аргалахын тулд, өөртөө хэрэг болсон ямар нэгэн баримт бичгийг бүрдүүлэхийн тулд, шаардлага гарсан ямар нэгэн ажил хэргийг хурдан бүтээхийн тулд заавал таньдаг хүнээр дамжуулах хэрэгтэй болно. Эс тэвэл хадан хана мэт төрийн байгууллагын “хүнд суртал”-ын өмнө хүчин мөхөсдөнө. Удаан хүлээнэ, олон дахин ирж очно, гуйж царайчлах хэрэгтэй болно. Түүний оронд таньдаг хүнээрээ зуучлуулан “хөөцөлдвөл” арай хурдан, бас төвөг багатай.  Гол нь “нэмэлт зардал” буюу авилгал шаардагдана.
Монголын өнөөгийн нийгэмд танил талаар дамжиж “авилгал хээл хахуулын сүлжээ” хөгждөг. Цалин багатай гэх хэрнээ маш олон төрийн албан хаагчид энэ сүлжээгээр дамжин “баяжина”. Энэ сүлжээг баттай болгохын тулд “томчууд” төрийн албан хаагчдыг “өөрийн хүн” ээр бүрдүүлнэ. “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ” гэдэг хэллэг сайн нөхөрлөлийн утгаар бус төрийн албаны “авилгалын сүлжээ”-нд жинхэнэ утгаар хэрэгжиж байгаа. Монголын нийгэм энэ байдлыг “мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй ” мэт байгаа нь иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаагийн нэгэн хэлбэр мөн.
…Тэр бүсгүй энэ байдлаас болж бухимдах болж. Ажилд авахгүй. Ажил сураглаж очсон газар нь хаалгачаасаа эхлээд л өмссөн зүүсэн эдэлж хэрэглэсэн бүхнийг нь сонжин харна. Найз нөхөд нь шоолно. “Шударга байгаад яах юм бэ, арга зальтай нь, ичих булчирхайгүй нь энэ нийгэмд сайхан амьдардаг юм” хэмээн сургамжилна. Зарим хүнтэй утсаар ярих гэхээр утсаа авахгүй. Машинаа зогсоолд тавихаар хэн нэгэн толийг нь хулгайлж одно. Хүүхдийнх нь багш “сурлагадаа базаахгүй ” байгааг дуулгаж “төлбөртэй давтлага” хэрэгтэй байгааг битүүхэндээ “сануулах”. Эмнэлэгт очиж үзүүлэхээр баахан эм тариа бичиж өгөнгөө аль эмийн сангаас худалдан авч болохыг “санал болгон” зөвлөнө. Амьдрал нэг л бараан болж орхижээ. Гол өөрийнхөөрөө байж болохгүй нь улам ч ихээр бухимдуулна.
…Монголын өнөөгийн нийгэмд олон нийт болон иргэдийн бухимдал асар их болж буйг нэгэнт хүлээн зөвшөөрч байна. Энэхүү бухимдалд нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй ядуурлаас гадна, нийгэм даяар оршиж буй ялгаварлан гадуурхалт нилээд ихээр нөлөөлж байгаа. Монголчууд бид бие биенээ нас бие, зүс царай, өмссөн хувцас, зүүсэн зүүлт, амьдарч буй байр, унаж яваа машин, барьж буй гар утас, танил талаар нь ялгаварлан гадуурхаж байгаа энэ үзэгдэл шуудхан хэлэхэд СОЛИОРОЛ. Энэхүү солиорлыг үүсгэн дэвэргэж, өөрсдийн ашиг сохирхолдоо зохицуулан ашиглаж байгаа нэг хэсэг нь байхад аялдан дагалдаж, дуурайн хошуурч, даган баясч байгаа олонхи нь байсаар байна. Энэ байдал удаан үргэлжлэх аваас Монголчууд бид өөрсдөө сэтгэлгээний СОЛИОРОЛД хүрч бидний мөн чанар алдагдахад хүрэх болно.Чоно шиг байсан монголчууд  бид яг л сармагчин мэт дуураймтгий, илжиг мэт тэнэг, хэрээ мэт сагсуу, гахай мэт арчаагүй болох нь хэнд ашигтай гэж?
Хэн энэ СОЛИОРЛЫГ өгдөөгөөд байна вэ?
…Өдгөө Монголд “шинэ үеийн баячууд” гэдэг хэллэг нэгэнт бий болжээ. Баяжигсад 2 янз.
Үнэхээр өөрийн мэдлэг боловсрол, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ баяжиж байгаа олон залуус бий. Тэр тусмаа дэлхий ертөнц бидний өмнө нээлтэй болсон энэ цаг дор бүр ч олон залуус ийм боломжийг олж харж байгаа. Тэд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад “хар ажил” хийн мөнгө цуглуулах гэж бус, өөрийгөө хөгжүүлэх гэж, өөртөө байгаа боломжуудаа бүрэн ашиглах гэж суралцаж, ажиллаж байна. Гадаадад гарч олон жил ажил амьдралын төлөө зүтгэсэн олон монголчууд мөнгө бус, өндөр боловсролтой ухаалаг залуус энэ амьдралын “баялаг” болж буйг мэдрэн тэдний төлөө бүх боломжоо дайчилж байна. Эд нар Монголын ирээдүйн “баячууд”.

Харин Монголын улстөрийг бизнес болгон хувиргаж, Монголын газар нутгийн хөрсөн дээрх болон хөрсөн доорх баялгийг хууль бус аргаар завшин баяжиж байгаа хүмүүс цөөнгүй болж байна. Тэд гартаа хүрз барьж үзээгүй ч Монголын нүүрсийг хэдэн сая тонноор нь гадагш худалдан мөнгийг нь хуваан авч байна. Тэд толгойдоо тоо бодож зовоогүй ч “хамтын ашигтай ажиллагаа” гэдгээр Монголын баялгийг гадныханд ашигтай байдлаар “худалдсан”ыхаа төлөө сая саяар авилгалд мөнгө авч байна. Тэд өчүүхэн тархитай мөртлөө Монголын улстөрд “шургалж” элдэв айлчлал, гэрээ хэлэлцээр, төсөл төсөв нэрээр маш их мөнгийг “угааж” үүнээсээ “завшин хулгайлж” байна. Тэд өнөөдрийн Монгол “цээж өвчтэй” шинэ “баячууд”.
“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бидэнд хамаагүй” гэдэг хэллэг бий.  Гэхдээ тэр мөнгө нь хэнийх вэ? гэдэгт хамаг учир байгаа юм. Хэрэв энэ мөнгөний ихэнх нь биднийх байвал яах вэ? Тэгээд ч зогсохгүй энэ мөнгөөрөө биднийг ялгаварлан гадуурхах ЖИШИГ-ийг тогтоогоод байвал яах вэ? Ингээд ч ханахгүй Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, монгол хүний үнэ цэнийг “худалдаад” эхэлбэл яах вэ?
Дээр дурдсан жишээнүүдэд шударгаар баяжсан, шударга бусаар баяжсан хүмүүсийн ялгаа харагдаад байгаа юм. Өөрөө зовж байж олоогүй мөнгийг хэн ч хэрэггүй зүйлд үрэхдээ харамсдаггүй. Тэд ийнхүү “тэнэглэж” байхдаа бусдыг өөртөө “атаархаж байна” хэмээн эндүүрдэг юм. Бусдын зусардлыг “хүндэтгэл” хэмээн андуурдаг юм.  Тэд мөнгийг “цаас” гэж үзэн, эрх мэдлийг “мөнхийн” гэж бодож, эд баялгийг “барагдахгүй” хэмээн санадаг юм. Гагц тэд л өнөөгийн Монголын нийгэм дэхь ялгаварлан гадуурхах их СОЛИОРОЛ-ыг өгдөөж байна. Харин зусардагчид үүнийг улам улмаар дэвэргэж байгаа. Тэд бусдаас улам ихээр ялгаран харагдахыг хүсч байна. Гэхдээ эрдэм мэдлэгээр бус эд баялгаар. Ухаанаар бус тэнэглэлээр. Даруу зангаар бус сагсуурлаар.
Харин БУРУУТАН нь бид өөрсдөө

Саяхан Фейсбуук дээр нэгэн уриалга гарчээ.  “Монголын уламжлалт цагаан сараар бид олон жил Хятадын үйлдвэрлэлийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь бэлэг болгон худалдаж авлаа. Энэ жилийн цагаан сараас эхлэн зөвхөн Монголын үйлдвэрлэл болон бүтээгдэхүүнээ хэрэглэж дэмжицгээе” гэсэн утгатай. Бодох асуудал төдийгүй дэмжиж болох сайхан санаачлага. Хэдийгээр халагладаг боловч удаан үргэлжилсэн ийм байдлаас гарах зөв гарцыг хайж эхэлж байгаа нь өнөөгийн монгол залуусын зөв хөгжлийн эхлэл. Тэгэхээр энэ СОЛИОРОЛ-оос гарах арга замыг бид ч хамтдаа хайж болох юм.

-Бид өөрсдөө эхлээд “Брендийн солиорол”-оосоо татгалзаж болно. Заавал үнэтэй брендийн хувцас гэлгүйгээр өөртөө зохисон биед аятай хувцсаараа гоёж болно. Ялангуяа амьтны арьсан хувцаснаасаа салах цаг болжээ. Эхлээд найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд бас ажлынхантайгаа зөвлөлдөж болно.  Гэхээд ажлын хүрээнд заавал өмсөх хувцас байж болно л доо. Харин цэвэрхэн аятайхан хувцаслахаас эхэлж болно.

-Заавал үнэтэй,  шатахуун их хэрэглэдэг машин гэхээсээ шатахуун бага хэрэглэдэг машиныг ихээр хэрэглэж болно. Байр, гар утас,машиныг өөрийн “имиж” гэхээсээ ердийн хэрэглээ гэдэг ойлголтоор хүлээж авч сурвал хичнээн амар гээч. Заавал өр зээл тавьж, өрөөл бусадтай барьцахгүйгээр өөрийн боломж чадалдаа хэрэглээгээ таацуулж сурах нь бухимдалгүй тайван амьдрахын нэгэн баталгаа болдог. Орлого хэрэглээ зөв зохистой байх нь соёлын нэгэн илэрхийлэл.

-Хүн болгон хууль дүрмээ мэдэж, өөрсдөө сахин биелүүлж, бусдыг шударгаар биелүүлэхийг шаардаж байх нь бидний л үүрэг. Эхэндээ амаргүй байвч нилээд хугацааны дараа бүгд л үүнд дасах болно. Учир нь өнөөдөр хүн болгоны дотоод сэтгэлд “бусдыг царайчилж, авилгал өгөхгүй байх” нүүцхан хүсэл оршиж л байгаа. Энэ байдлаас залхаж байгаа хэдий ч өөрчлөх зориг нь хүрэхгүй, өөрийгөө өмөөрөх олон шалтгийг бид өөрсдөө олж л байгаад хамаг учир нь байгаа юм.

-Харин хууль дүрмээ боловсронгүй болгож, авилгал хээл хахууль, шударга бус байдлын эсрэг, хууль бусаар завшин баяжиж байгаа эрхмүүдийн эсрэг бодлого явауулж арга хэмжээ авах нь төрийн үүрэг. Ядаж л ялгаварлан гадуурхаж байгаа хууль бус олон үйлдлийг хянаж, олон нийтийг бухимдалгүй амгалан тайван байлгах талаар төр бас л анхаарах ёстой. Харин төрийн түшээдийг бид өөрсдөө сонгодог гэдгээ ч мартаж боломгүй.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийнхэн зар мэдээ болон элдэв “хар” “шар” мэдээндээ анхаарлаа хандуулж, олон нийтийн сэтгэл зүйд аятай сайнаар нөлөөлөх үүрэгтээ анхаарлаа хандуулж баймаар. Хэдийгээр “мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг” зарчимтай ч олон нийтийн өмнө ямар хөгжим тоглож байгаа нь уншигчид болон хэрэглэгчдэд хамаатай. Тэр тусмаа та нарт татвараар дамжуулан мөнгөө төлж байгаа олон нийтэд.

-Хүний эрхийн төлөө болон хүчирхийллийн эсрэг зорилготой,  хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой олон байгууллагууд,  хүний эрхийн асуудлаар мэргэшиж улстөрд орж ирсэн олон ч залуус байгаа. Харин тэднийг ийм үзэгдлийн эсрэг яагаад дуугүй байдгийг би ойлгодоггүй юм. Өнөөдөр тэдний дуу хоолой болон үзэл бодол улам ч ихээр үгүйлэгдэж байна. Хүний эрх гэдэг улстөрийн ямар нэгэн сонирхолд захирагддаг байж боломгүй.
Хүмүүс бид алив болохгүй байгаа зүйлийн бурууг бусдаас хайж, өөрсдийгөө зөвтгөх түмэн шалтгийг олцгоодог. Буруу муу зүйлтэй эвлэрэн зохицож, дагалдан зусардах тусмаа л бид өөрсдөө улам ихээр бухимдацгаана. Бухимдах тусмаа сайн гэхээсээ муу зүйлийг улам ихээр бодож эхэлдэг.
Бид энэ ертөнцөд хүн болж төрцгөөсөн болохоор олон ч эрхтэй, бас олон ч үүрэгтэй.  Хамгийн үнэтэй АМЬД ЯВАХ эрхээс гадна, ЭРҮҮЛ байх , бусдад ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАХГҮЙ байх эрх их чухалд ордог. Хэрэв энэ эрх минь зөрчигдөх аваас бид өөрсдөө үүний төлөө тэмцэж, буруутай этгээдэд ХАРИУЦЛАГА тооцуулж байх учиртай. Тийм болоод ч ХҮНИЙ ЭРХ-ийн төлөө дэлхий нийтээрээ маш их анхаарал тавьдаг юм даа.

ХАРИН МОНГОЛЧУУД БИД?

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-01-19

Share Your Thoughts