“ХҮНИЙ ӨӨРИЙНХ НЬ ДОТООД СЭТГЭЛД БУРХАН ОРШДОГ”

Бямбадоржийн Хандсүрэн
Нэг. Намтрын товчоон

Бямбадорж овогтой Хандсүрэн нь 1987 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987-1988 онд Киев хотын Соёлын Их сургууль, 1988-1992 онд Харьков хотын Театр урлагийн их сургууль төгсөж, 1992-1995 онд СУИС-д тайзны хөдөлгөөний багш, 1995-1998 онд ХБНГУ-д Берлин хотын Сoёлын дээд сургууль, 1998-1999 онд Кино үйлдвэрийн дэргэдэх Харцага дээд сургуульд багш, 1999-2002 онд Лос-Анжелесийн Theatre of Art’s-д суралцаж, улмаар 2002-2005 онд Сustoms Broker Company, 2006-2011 онд City of Los Angeles/LAWA-д ажиллаж байна.
 
Хоёр. Спорт хүнийг тэсвэр хатуужилд сургадаг
Г.Галбадрах-Хүүхдүүд бага байхдаа их л олон зүйлийг сонирхдог. Тэдгээрээс ирээдүйгээ сонгох  тохиолдол олон байдаг.
Б.Хандсүрэн –Хүүхэд насандаа сонирхдог зүйл олон байсан. Урлагт авьяас сонирхолтой байсан даа. 2-р ангид байхдаа Хөгжим Бүжгийн Дунд Сургууль дээр Ленинградын балетийн сургуулийн шалгаруулалтанд өөрөө явж очоод шалгуулаад тэнцчихсэн юм даг. Гэрийнхэндээ тэнцсэн  тухайгаа хэлсэн боловч харийн нутагт бага балчир охиноо явуулмааргүй байна гэснээс явж чадаагүй юм.
Г.Галбадрах- Таныг волейболын спортоор нилээд амжилттай хичээллэж байсныг сонссон юм байна.
Б.Хандсүрэн – 8-р ангид байхдаа волейболоор хичээллэж эхэлсэн. Ээж маань бага залуудаа сагс, волейболоор хичээллэдэг байсан нь нөлөөлсөн байх. Сүхбаатар дүүргийн “Хоршоолол”-ын багт тоглож байв. Олон ч мундаг тамирчидтай хамт хичээллэж, хот, улсын аварга шалгаруулах зэрэг тэмцээнүүдэд оролцож байлаа. Волейволын Халзан багш намайг сонгож идэрчүүдийн улсын шигшээ багт сонгон авсан юм. Хэрдээ л амжилттай хичээллэж байв.
Г.Галбадрах -Мэдээж спортоос багагүй зүйл сурсан байх.
Б.Хандсүрэн -Тэгэлгүй яахав. Байнгын бэлтгэл, сургууль, уралдаан тэмцээн гээд явахаар их ч тэвчээр хатуужил, өндөр сахилга батад суралцсан. Мэдээж хөдөлгөөний эвсэл, мэдрэмж их чухал. Волейболын спорт багийн тоглоом болохоор мэдрэмж хамгийн их хэрэгтэй. Бөмбөг хаана унахыг биш, миний хажууд байгаа хэн, яаж тоглохыг, ямар хөдөлгөөн хийхийг ч хүртэл мэдэрч байх хэрэгтэй болдог.
Ер нь миний амьдралд тохиолдож байсан олон ч зүйлүүдэд спортоос олж авсан тэвчээр хатуужил л үнэхээр хэрэг болж байсан шүү.
Г.Галбадрах- Цаашдаа спортоор явсан уу?
Б.Хандсүрэн – Үгүй л дээ. 10-р ангид байхдаа хөдөлмөрийн хичээлийн дадлагаар оёдлын үйлдвэрт очлоо. Тэр үйлдвэрийн дизайнер эгч надад загвар өмсөх санал тавьсныг сонирхож зөвшөөрсөн. Манай ангийн  С.Золзаяа  бид хоёр хамт загвар өмсөж эхлэв.  Бүр хэд хэдэн том шоунд Шатарцэцэгтэй хамт загвар өмсөж оролцож явлаа. Дизайнер Соёлмаа “Чи энэ чиглэлээрээ яваад модель болох хэрэгтэй” гэж ч зөвлөж байсныг санаж байна.
Загвар өмссөн нь миний амьдрал, аливаа зүйлд хандах хандлагад ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Би бас зурах дуртай байсан болохоор 10-р ангиа төгсөөд дизайнерээр суралцахаар бэлтгэж байв.
Г.Галбадрах-Гэтэл өөрчлөгдсөн үү?
Б.Хандсүрэн- Өөрчлөгдсөн. Спорт, загвар аль алинаар нь яваагүйд багш нар маань их харамсаж байсан. 10-р ангид сурч байх тэр жил Хүүхэд Залуучуудын Театраас 20 хүүхдийг ОХУ-д сургахаар зар гарган шалгаруулж байсан юм. Найруулагч И.Нямгаваа гуай энэ ажлыг зохион байгуулж байв. Тэр шалгаруулалтад  ороод тэнцчихэв.  Тэгээд  Киев хотод суралцахаар явлаа. Тэнд 1 жил хэлний бэлтгэлд суралцсан. Би 23-р сургуулийг төгссөн болохоор хэлний хувьд бэрхшээлгүй байсан ч энэ хугацаанд жүжигчний ур чадварын чиглэлээр нилээд зүйл сурч амжсан минь хожим надад их хэрэг болсон доо.
Хэлний бэлтгэлээ төгсөөд би Харьковын Театр Урлагийн Их Сургуульд очиж суралцлаа. Харьковт суралцаж байхад манай тайзны ярианы багш Лариса Леонидовна гэж еврей эмэгтэй байсан юм. Тэрээр намайг Тарас Шевченкогийн нэрэмжит уран уншлагын уралдаанд бэлтгэн оролцуулж, тус уралдаанд шүлгээ  би украйн хэлээр уншиж, 2-р байранд шалгарч байв. Миний хувьд энэ чиглэлээрээ явсан бол нилээдгүй амжилтанд хүрэх байсан байх гэж боддог юм, хааяа даа.
Г.Галбадрах-Ямартай ч явж явж сонголт тань урлаг руу очсон юм байна шүү дээ?
Б.Хандсүрэн -Тийм ээ! Аав маань бас залуудаа урлагийн талын, хөгжимчин хүн байсан. Аав, ээжийн урлаг, спортын авьяас надад нөлөөлсөн юм болов уу. Спортоос олж авсан бүхэн минь урлагаар суралцахад их сайнаар нөлөөлсөн. Театрын сургуульд миний хувьд ур чадварыг л илүү сонирхож байлаа. Дипломын ажлаа Эдуардо де Филиппогийн зохиол “Филумена Мартурано” жүжгийн гол дүр Филумена Мартуранод тоглож  хамгаалсан. Сүхбаатарын нэрэмжит цалинтай суралцаж байгаад 1992 онд сургуулиа улаан дипломтой төгслөө.
Г.Галбадрах -Сургуулиа төгсөөд дараагийн сонголт тань?
Б.Хандсүрэн -Надад 3 сонголт байлаа. Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчин, Соёлын Яаманд мэргэжилтэн, СУИС-д багшаар ажиллах.  Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж зөвлөлдөж байгаад СУИС-д багшаар очихоор шийдлээ. Өөрөө жүжиглэхээс илүүтэй, сурч мэдсэнээ бусдад зааж сургах нь хэрэгтэй юм гэж үзсэн хэрэг. Тэгээд ч багшийн ажил их сайхан шүү дээ.
СУИС-д очоод хичээл заах гэж анхандаа их ч тэвдсэн. Оюутнууд янз бүрийн асуулт их тавина. Тэр болгонд хариулах, зааж сургахын тулд их ч уншиж, их ч судалж, өөрийгөө бэлтгэнэ.  Энэ хэрээрээ өөрөө ч бас хөгжиж байв.
Г.Галбадрах -СУИС-д ямар хичээл зааж байсан юм бэ?
Б.Хандсүрэн -Тайзны хөдөлгөөний хичээл зааж байсан. Харьковт суралцаж байхад тайзны хөдөлгөөний багш минь Мойсей Яковлевич гэж еврей хүн байв. Тэр багш минь намайг тайзны хөдөлгөөний чиглэлээр дагнан суралцахыг зөвлөж байсан юм. Их ч өндөр шаардлагатай хатуу багш байж билээ. Зарим оюутнуудын хувьд, миний хувьд ч шантрах зүйл олон байдаг байсан ч их зүйлийг сурч авсан даа. Тайзан дээр жүжиглэж байгаа хүний хэлж байгаа үг яриа нь үйл хөдлөлтэйгээ яг л зохицож байх учиртай. Үг яриа, үйл хөдлөл нь хоорондоо зөрөөд авцалдахгүй бол жинхэнэ дүр болж чадахгүй. Тэгэхээр энэ чадвар маш чухал.
Г.Галбадрах- СУИС-д багшилж байхдаа жүжиг, кинонд тоглож байв уу?
Б.Хандсүрэн -Тэр үед хэд хэдэн кинонд тоглуулах санал ирж байсан боловч би багшийн ажил хийж байсан болохоор татгалзсан. Харин реклам сурталчилгаанд оролцож байсан. СУИС-д багшилж байхдаа олон ч сайхан хүмүүстэй хамт ажиллаж, олон ч сайн оюутнуудад хичээл зааж байснаараа би өнөө хэр ч бахархаж явдаг. Дуучин Сарантуяа, Наран, Үнэнхүү, Алтанцэцэг, нэвтрүүлэгч Ичинхорлоо, Чимгээ, жүжигчин Доржсүрэн (Дооёо), Эрдэнэзаан, Баттулга (Аглуу), Ариунболд (Бооёо), Батхуяг(Амбий) , Ундармаа, Гэрэлсүх гээд зөндөө л олон шавьтай болсон.
Г.Галбадрах -Сайн ажиллажээ. Яг л залуу хүний эрч хүчээр. Мэдээж хүсэл мөрөөдөл бол их байсан байх.
Б.Хандсүрэн -Жинхэнэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан даа. Тайзны хөдөлгөөний урлагийг илүү дэлгэрүүлж хөгжүүлэх хэрэгтэй байв. Энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх гэж 1995-1998 онд Германд 3 жил суралцлаа. Энд суралцаж байхдаа Германдаа нэр хүндтэй багшаар  тайзны туялзуур жадны чиглэлээр хичээл заалгаж байсан. Энэ бол жүжигчнээс маш их мэдрэмж, нөгөө талаар маш их техниктэй байхыг шаарддаг. Яг л туялзуур жадчин шиг гэсэн үг. Мэдрэмж-техник байх хэрэгтэй. Үг хэлэхгүй байлаа ч үйл хөдлөлөөрөө дотоод сэтгэлээ илэрхийлэх урлаг. Би хичээж сайн суралцсан.
Энэ ур чадварыг монгол сэтгэхүй, монгол ахуйд суулгаж өгөх нь миний гол зорилго байлаа.
Г.Галбадрах-Төгсөөд СУИС-дээ буцаж ажилласан уу?
Б.Хандсүрэн -1998 онд төгсөж ирээд СУИС-д ажиллах боломж олдоогүй. Тэгээд л кино үйлдвэрийн дэргэд байгуулагдсан “Харцага” Дээд Сургуульд багшилсан.  Харин 1999 оны 6 сарын сүүлээр Унгарт болсон Уильям Шекспирийн жүжгийн олон улсын наадамд монголын жүжигчид оролцоход, тайзны хөдөлгөөнийг нь хариуцаж оролцож байлаа. Энэ наадамд оролцуулахад Х.Жамбалжамц зохион байгуулж, найруулагчаар нь н.Түвшин нар ажиллаж байсан юм. Энэ наадамд У.Шекспирийн жүжгийг монгол хэлээр, монгол үндэсний урлагийн онцлогийг тусган анх удаа найруулан тавьсан нь их амжилттай болсон. Энэ үеүд надад их сайхан санагддаг юм. Оюутнууд, залуу уран бүтээлчидтэй чин сэтгэлээсээ ойлголцож, хамтран ажиллах ямар сайхан гээч.
Г.Галбадрах- Тийм шүү. Багш байхын жаргал энд л байдаг. эргэн тойронд дандаа өсч өндийж яваа залуу үе. Яг л цэцэгсийн хүрээлэн дунд байгаа мэт.
Б.Хандсүрэн -Тийм ээ. Мэдээж багш хүн бусдад илүү ихийг зааж сургахын тулд өөрөө ямагт хөгжиж байх учиртай. Монголын театр Константи́н Сергеевич Станиславскийн системээр голчлон явдаг. Миний хувьд өөр бусад орнуудын системийг сонирхож байсан л даа. Тийм болохоор Америк, Германы энэ чиглэлийн сургуулиудад хүсэлтээ явууллаа. Хэд хэдэн газраас хариу ирснээс би Лос-Анжелест байдаг Theatre of Art’s-ийг сонгосон. Тэгээд АНУ-д ирсэн дээ. Эхлээд англи хэлийг маш сайн сурах ёстой. Мэргэжлийн талаасаа бол ур чадварын хичээлийг сонгосон.
Энд бол тайзны уран чадвар, телевиз, тайзны хөдөлгөөн, тайзны яриаг багтаасан сургалт байдаг. Бас Screen Actors Guild (SAG)-д гишүүнээр элсэхийн тулд кредит цуглуулах гээд зөндөө л олон боломжууд бий. Намайг сурч байхад ТВ-д ажиллах санал ирж байсан. Нилээд хичээж суралцаж байж 2002 онд сургуулиа төгссөн.

Гурав. Гэр бүлийн амьдралын төлөөх миний сонголт
Г.Галбадрах-Сургуулиа төгсөөд Америкт ажил хайсан уу?
Б.Хандсүрэн -Сургуулиа төгсөх үедээ хүүгээ Монголоос авчирсан. Цаашид өөрийн карьер хөөх, хувийн амьдралдаа илүү анхаарах сонголт дээр очлоо. Би энд ганцаараа байхдаа гэр бүлийн амьдрал гэдэг ямар чухал зүйл болохыг сайн ойлгосон. Хүмүүс гэр бүлийн амьдралыг янз бүрээр ойлгож, янз бүрээр л хүлээж авдаг. Хүү минь юм юмыг анзаарч ойлгож эхэлж байгаа үедээ байгаа болохоор миний туслалцаа их байв. Ирээдүйд миний хүү ямар хүн болж, яаж амьдрах нь надаас ямар нэгэн хэмжээгээр хамаарч байгаа гэсэн үг. Мэдээж хүүгээ сайн хүн болгохын тулд би хүүдээ нилээд цаг зарцуулах хэрэгтэйг ойлгож байлаа.
Тийм учраас би хувийн амьдралдаа илүү анхаарч сонголтоо хийсэн л дээ. Америкт амьдарч байгаа болохоор амьдралаа залгуулахын тулд янз бүрийн л ажил хийж байсан. Харин миний нэг найз надад цагаачлалын албанд ажил санал болгосон юм. Гол нь миний монгол, орос, англи, герман хэлний мэдлэгт тохирсон ажил байв.
Г.Галбадрах- Энэ харин сайн хэрэг. Цагаачлалын албаны ажил, гаднаас Америкт ирж байгаа бүх хүмүүст хамаатай. Энд монгол хүн ажиллана гэдэг олон ч монголчуудад тус болох боломж болно.
Б.Хандсүрэн – Би яг одоогоор City of Los-Angeles LAWA /Los-Angeles World Airport/-д ажилладаг. Энд ажиллахын тулд 2 шалгалт өгөх ёстой. Шалгалтуудаа өгч тэнцээд ажиллаж эхэлснээс хойш 5 жил болж байна. Би энэ ажилдаа сонирхолтой. Бас монголчууддаа туслах, өөрийн хэлний мэдлэгээ ч сайжруулах хүсэлтэй. Зөвхөн манай хэсгээр гэхэд миний ажиллаж хугацаанд л өдөрт 12000-13000 орчим зорчигчид хилээр нэвтэрч орж ирдэг. Өдөр болгон л янз бүрийн асуудал гарч ирдэг.
Г.Галбадрах-Монголчууд маань их ирж байна уу? Тэдэнтэй холбоотой асуудлууд их гарах уу?
Б.Хандсүрэн -Монголчууд маань нилээд зорчиж байгаа. Бусад үндэстнүүдтэй харьцуулахад манайхан ер нь гайгүй шүү. Гол асуудал нь мах их авч орж ирдэг. Монголчууд гэхээр л “мах авч яваа байх” гэдэг бодол хил гаалийнханд шууд төрдөг гээч. Өөр нэг асуудал нь хүүхдээ хүнээр дайж явуулах, авах тохиолдол их гарна. Энэ талаар манайхан ер нь их хэнэггүй ханддаг. Энэ тохиолдолд эцэг эхийн зүгээс баталгаатай баримт бичиг бүрдүүлэх ёстой. Гэтэл “би эмээ нь байгаа юм аа” гээд л зүтгэчихдэг. Хүний наймаа газар авч байгаа энэ үед америкчууд энэ асуудалд их эмзэг ханддаг юм.
Бас нэг хүндрэл учруулдаг асуудал нь өөр хүний ачааг дайж авч ирдэг явдал. Хүний ачааг өөрийн нэр дээр авч ирж байгаа бол өөр хэн ч, биш тэр хүн л хариуцлага хүлээх ёстой. Гэтэл мөнөөх хэнэггүй зангаараа “миний юм бишээ, хүн өгч явуулсан юм” гээд зогсчихно.
Энэ мэтчилэн асуудлууд нилээд гарнаа.
Г.Галбадрах- Ийм асуудлуудад мэдээж аль болохоор туслахыг хичээнэ биз?
Б.Хандсүрэн- Тэгэлгүй яахав. Настай хүмүүс их тэвдэж сандарсан байдаг. Очоод монголоор ярихаар учиргүй баярлаад л тайвширдаг юм. Манайхан илэрхий зүйл дээр худлаа хэлээд нөхцөл байдлаа хүндрүүлчихдэг талтай.  Болж л өгвөл үнэнээ хэлээд учирлаж ойлгуулбал арай амар байдаг юм. Заримдаа янз бүрийн асуудал дээр “танайханд ийм заншил байдаг юм уу?” гэж асууна. Америкчууд бусад орнуудын соёл, ёс заншлыг хүндэтгэн үздэг болохоор энэ нь тус болох тохиолдол зөндөө.
Харин сүүлийн үед бие биедээ ачаа, мөнгө, баримт бичиг дайх үзэгдэл бизнес хэлбэрт орж байгаа нь анзаарагддаг. Энэ их муу зүйл. Хүний ачаа авч ирж байгаа л бол өөрөө хариуцлага үүрнэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Бас зөвшөөрснөөс илүү их хэмжээгээр тамхи оруулж ирчихээд “Татвар төлөх ямар ч мөнгө байхгүй” гээд учирлаад байсан хүний ачаанаас 5000 ам.доллар гарч ирж байсан тохиолдол бий. Энэ бүхэн бусдад муугаар нөлөөлж, цагаачлалын албаныханд монгол хүний талаар сөрөг ойлголт төрүүлж болзошгүй юм.
Г.Галбадрах-Харин тийм ээ! Манайхан бие биедээ найдахын оронд зорчиж байгаа улсынхаа хууль, дүрэм журмыг нь сайн судалж,  сахиж сурвал ийм байдал гарах нь багасна.
Б.Хандсүрэн- Тийм шүү. Би энд ажилласнаараа монголчууддаа тус болж байгаа гэж боддог. Үүндээ ч их баяртай байдаг. Зөндөө л олон зүйл тохиолдоно. Тэр болгоныг энд тоочих аргагүй. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа олон орны янз янзын ааш зантай хүмүүстэй харьцаж, олон улс гүрний соёл, зан заншилтай танилцан их мэдээлэл авч байгаа  маань урлагийн хүний хувьд мэргэжлийн тал дээр цаашид хөгжихөд тустай гэж бодож явдаг.
Монголчуудтайгаа ойр байх бодлоор 2008 оноос Лос-Анжелесийн Монголчуудын Холбооны үйл ажиллагаанд оролцож байгаа. Америк дахь Азийн миссийн тэмцээний зохион байгуулагчид Лос-Анжелесийн Монголчуудын холбоотой холбогдсон юм. Тус тэмцээнд холбооныхон маань намайг оролцохыг санал болгосон л доо.

Дөрөв: Мисс хүн дотоод сэтгэлээрээ ч сайхан байх учиртай
mrsusa_4Г.Галбадрах- Та энэ саналыг хүлээж авсан уу?
Б.Хандсүрэн- Би энэ тухай нилээд удаан бодсон. Энэ тэмцээнд оролцох нь Монгол Улсаа сурталчлах том боломж юм гэж ойлгож оролцохыг зөвшөөрлөө. Бэлтгэл ажил үндсэндээ 3 сар үргэлжлэв. Бүх хувцсаа “Торго” салоны Болд дизайнераар хийлгэсэн. Энэ тэмцээнд миссийн категорид Г.Саруул, Б.Мандухай, би миссисийн категорид  Монгол улсаа  төлөөлж оролцсон доо.
Г.Галбадрах-Гурвуулаа хамтарч бэлтгэсэн үү?
Б.Хандсүрэн- Тэгэлгүй яахав. 3-уулаа л хамтарч ярилцаж зөвлөлдөж бэлтгэсэн. Зургаа яаж авахуулах, яаж алхаж гишгэх, тайзан дээр биеэ яаж авч явах гээд миний зүгээс тэдэнд мэргэжлийн талаас нь хэлж зөвлөх зүйл зөндөө. Түүнчлэн монгол бүсгүй бусдаас юугаараа ялгарч байх тухай болон дотоод сэтгэлээ яаж илэрхийлэх гээд зөндөө л асуудал байлаа. Бас асуултанд зөв оновчтой хариулахын тулд мэдээлэл их авч мэдлэгээ хөгжүүлэх хэрэгтэй. Уншиж судлах зүйл ч мундахгүй.
Би энэ тэмцээнд оролцохдоо Түмэн эх чуулгын бүжигчин Дуламсүрэнгээр баяд бүжиг заалгаж бүжиглэсэн. Өөр зүйл үзүүлж болох байсан ч зөвхөн үндэсний бүжгийг л сонгосон. Учир нь монгол бүжгийг хэрийн хүн бүжиглэж чадахгүй. Нөгөө талаас энэ бүжиг нь монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, уян налархай бие, хөдөлгөөний гайхамшигт эвслийг харуулдаг. Би энэ бүжгийг бүжиглэж сурсандаа их баяртай байгаа.
Г.Галбадрах-Тэмцээнд хэр амжилттай оролцов?
Б.Хандсүрэн- Энэ тэмцээнд Америкт байгаа Азийн олон орнуудын гоо бүсгүйчүүд оролцсон. Амьдрал гэдэг ямар сайхан зүйл, түүн дотор өөрийгөө нээж, таньж, урам орох гэдэг ямар сайхныг тэгэхэд мэдэрч байлаа. Бид гурвуулаа эхлээд Топ-10, дараа нь Топ-5-д орцгоосон. Миссийн категорид Г.Саруул 2-р байранд, Б.Мандуухай 5-р , би Миссисийн категорид 3-р байранд тус тус шалгарсан.
Миний өмссөн монгол үндэсний хувцас их өндрөөр үнэлэгдсэн. Аав ээж, ах 3 минь монголоос ирж дэмжив. Монголчуудын холбоо, Америкт ажиллаж, суралцдаг  монголчууд минь олноороо ирцгээж чин сэтгэлээсээ дэмжицгээсэн дээ. Одоо ч тэдэндээ баярлаж явдгаа илэрхийлье.
Г.Галбадрах- Мисс бүсгүйчүүдийн талаар хүмүүс янз бүрийн бодолтой байдаг байх. Хүн бүр харилцан адилгүй байдаг болохоор тэд ч бас янз бүр байдаг. Сүүлийн үед хэтэрхий өнгө хөөцөлдөөд байгаа юм уу даа гэж надад бодогддог юм.
Б.Хандсүрэн- Хүн бүр янз бүр л дээ. Ер нь эмэгтэй хүн хэзээ ч өөрийгөө голж болохгүй. Бүсгүй хүн бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн байдаг. Харин гадаад төрх нь дотоод сэтгэлтэйгээ зөв уялдаж байж л бусдад сайхан харагдана. Хүний дотоод сэтгэл нь сайхан байж л гадагшаа гэрэлтэж мэдрэгддэг.  Харин үүнийгээ яаж илэрхийлэх вэ? гэдэг амаргүй. Ер нь монгол бүсгүйчүүдийн даруу төрх нь их сайхан. Даруу байна гэдэг бүх л зүйлд хүндэтгэлтэй ханддагийнх нь сайхан илрэл юм шүү дээ.
Г.Галбадрах-Саяхан Чикагод, Америкт байгаа монгол бүсгүйчүүдийн миссийн тэмцээн болж өнгөрсөн тухай мэдээллээс үзсэн.
Б.Хандсүрэн-Би ч бас түүнийг мэдээллээс үзсэн. Мэдээж энэ бол зоримог хэрнээ зөв эхлэл. Монгол охидууд минь өөрсдийгөө нээж, өөртэй итгэлтэй болоход ийм тэмцээн тус болно.  Сайхан бие, царай зүснээс илүүтэй, Монголыгоо яаж төлөөлж, илэрхийлэх вэ? гэдэг дээр илүү анхаармаар юм шиг. Мэдээж эхлэл болохоор алдаа, оноотой зүйл зөндөө л байгаа. Гэхдээ үүнийг шоолж гутаахаас илүүтэй, ойлгож дэмжиж байвал сайн  сан.
Дараагийн тэмцээнд оролцоход нэрээр нь дуудахгүй “монгол” гэж л дуудна. Энэ чинь их хариуцлага үүрүүлж байгаа хэрэг.  Цаг барихгүй, бусдыг хүндлэхгүй байхад л тухайн бүсгүй гэхээсээ монголчууд ийм байдаг юм байна гэж ойлгоно. Тэгэхээр бүгдээрээ л бие биедээ тусалж дэмжих хэрэгтэй. Хэрэв надад хандвал би чадах ядахаараа л туслахыг хичээнэ.

Тав. Хүний дотоод сэтгэлд өөрийнх нь бурхан оршиж байдаг
mrsusaГ.Галбадрах-Таныг гэр бүлийнхээ хамтаар шашин шүтлэгийн талаар бага бус зүйл санаачлан хийдэг гэж сонссон?
Б.Хандсүрэн- Би ер нь бүх л шашинд хүндэтгэлтэй ханддаг. Хэдийгээр шашнууд өөр хоорондоо ялгаатай ч үүний ард олон сая хүмүүсийн итгэл үнэмшил байгаа. Би ч эхэндээ шашин шүтдэггүй байсан л даа. Яг утга учрыг нь тэгтлээ ухаарч ойлгодоггүй байж. Гэтэл амьдрал дээр маш олон асуултууд байж байдаг. Сүүлийн жилүүдэд бурхны шашинг сонирхож байгаа. Буддын философи нь надад таалагддаг юм.
Г.Галбадрах-Ер нь  аль ч шашинд хүндэтгэлтэй, болгоомжтой хандах хэрэгтэй мэт. Гэхдээ хүн ямар ч тохиолдолд итгэх итгэл, айж эмээх зүйлтэй байх хэрэгтэй байх.
Б.Хандсүрэн-Ер нь хүний өөрийнх дотоод сэтгэлд бурхан  байж байдаг. Хүн бүрт бурханы мөн чанар нуугдмал байдаг. Гэтэл хүн өөрийгөө бусдад даатгадаг. Амьдралд бүх зүйл хүнээс өөрөөс нь шалтгаална. Баяр баясгалантай, уцаар бухимдалтай байхаа та өөрөө л сонгодог. Энэ бол дотоод сэтгэлийн ариусал юм.
Өнөөдөр монголчууд бид маш их бухимдаж, бие биедээ гайхуулж, атаархаж, өнгө мөнгөөр өрсөлдөх болж. Алив зүйлийн дотоод мөн чанарт биш, гадаад хэлбэр үзэмжийг л шүтэж байна.
Энэ бүхэн биднээс өөрсдөөс л шалтгаалаад байгаа юм шүү дээ. Гэтэл бид буруугаа өөрсдөөсөө биш бусдаас л хайгаад байдаг.
Г.Галбадрах-Хүний дотоод сэтгэлийн ариусал бол эрхэм зүйл гэдэгтэй тань санал нийлж байнаа.
Б.Хандсүрэн-Монголчууд бидэнд их олон гайхамшигтай чанар байдаг. Элгэмсэг, их тусархаг, алив зүйлд уужуу ухаанаар ханддаг гэхчилэн. Үүнийгээ л хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Түүнээс гадна гэр бүлийн хайр халамж, бие биенээ хүндлэх хайрлах нь их чухал. Хүн дотоод сэтгэлээ ариусгахгүй бол гаднаа хичнээн гоёод ч нэмэргүй.
Г.Галбадрах- Шашны цаад мөн чанарыг нь ухаарахгүйгээр мухар сүсэгт автах нь тийм ч сайн үзэгдэл биш байх.
Б.Хандсүрэн-Хүний бие организм хоол цай нэхдэгийн нэгэн адилаар  хүний оюун санаа ч мөн байнга тэтгэхийг шаардаж байдаг. Хүн хаалга тогшиход босч очоод онгойлгодог. Түүн шиг л өөрийнхөө оюун санааны хаалгаа нээж өгч байх хэрэгтэй мэт. Хүний өөрийнх нь дотоод сэтгэлд нь бурхан нь оршиж байгаа учраас түүнд маш их боломж байгаа гэсэн үг. Түүнийгээ бусадтайгаа хуваалцаж байх хэрэгтэй. Ер нь амьдралын аар саар олон асуудалд хэрхэн хандах нь өөрөөс нь шалтгаалдаг.
Хүсвэл та өөрийн дотоод сэтгэлээ ариусгаад үргэлж л баяр баясгалантай, өөдрөг тэмүүлэлтэй, ууч сэтгэл, уужим ухаантай байж болно шүү дээ.
Г.Галбадрах-Баярлалаа. Маш сайхан үг байна. Уулзаж чин сэтгэлээсээ ярилцсанд маш их баярлалаа. Би уулзаж ярилцсан бүх хүндээ өөрийн эрхгүй “та үнэхээр мундаг байнаа” гэж хэлдэг. Ажил амьдрал тань өөдрөг сайхан байж, хүсэл тань биелж, сэтгэл санаа тань ямагт ариун байг.
Б.Хандсүрэн-Танд ч бас баярлалаа. Монголчууд минь өөдрөг сайхан ард түмэн. Хүн бүр л дотоод сэтгэлээ ариусгаж, ямагт өөдрөг сайхныг бодож явбал бид мандан хөгжих болноо.
… Бид хоёр Лос-Анжелосийн нэгэн цайны газар нилээд удаан ярилцаж суусан юм.  Ямартай ч түүнээс гадаад төрхийн сайхнаас илүүтэй дотоод сэтгэлийн их эрч мэдрэгдэж байлаа. Эмэгтэй хүний гоо сайхны тухай, буддын шашны талаарх яриа ч сонирхолтой байлаа. Хэзээ нэгэн цагт урлаг түүнийг өөрийн эргүүлэгтээ татан оруулж, бусдын сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан бүтээл хийлгэх ч юм билүү? Танд сэтгэлийн их ариусал, амьдралын баяр баясагаланг ерөөе.

Share Your Thoughts