Хүн ихийг сурах тусмаа мэдэхгүйгээ мэддэг

Батсүхийн Жавхлан  \цуврал ярилцлага-08\

Нэг. Намтрын товчоон

Боловсрол:
-Нийслэлийн 1-р сургууль, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги \1993\
-МУИС-ийн Эдийн засаг, Банкны анги \1993-1997\
-CPA license, California Board of Accountancy (2005-2006)
-The George Washington University, Master of Science in Finance (2010-2012)

Ажилласан газрууд:
-“Голомт” банк  (1995-1998)
-U.S. Trust, Bank of America Private Wealth Management (2000-2001)
-American Red Cross (2001-2005)
-NKSF, CPAs (2005-2006)
-Mazon (2006-2010)
-Public Company Accounting Oversight Board (2011-Present)

  Хоёр. Ээжийн минь чиглүүлсэн эрдмийн зам

-Г.Галбадрах: Бага насны дурсамжаа сэргээвэл?

-Б.Жавхлан:  Аав минь цэргийн хүн, хошууч цолтой. Тушаал бол тушаал. Манайх чинь Хархорин, Сэлэнгэ аймаг гээд л нүүж амьдардаг байв. Ээж минь их ч мундаг холыг хардаг, ухаантай бас тэвчээртэй хүн. “Энэ хэдэн хүүхдээ ингэж явуулахгүй ээ. Багаас нь нэг газар тогтвортой байлгаж, эрдэмд номд нь анхаарч ирээдүйг нь бодох хэрэгтэй байна” гээд биднийг аваад хот руу нүүж ирсэн юм. Бид чинь  эхээсээ зургуулаа л даа.  3 эгч минь биднээс нилээд дээр төрсөн.  Тэгээд гурван багыгаа аваад, аавыг орхиод,  ээж минь хотод ирж. Тэгээд яалт ч үгүй аав минь бидний араас ирсэн л дээ.

-Г.Галбадрах:Тэр үед армийнхан тушаалаар хөдөө их ажилладаг байж билээ. Ээж тань их зоримог шийдвэр гаргаж дээ?

-Б.Жавхлан: Би тэгэхэд 5-р ангид сурч байсан юм байна. Намайг анх 33-р сургуульд орууллаа.  Би ч хичээлдээ гайгүй сайн сурч байв. Манай ангийнхан намайг “чи хөдөөний хүүхэд байж хичээлдээ яасан сайн юм” гэдэг байж билээ. Намайг 8-р ангиа төгсч байхад ээж минь “миний охин тоондоо сайн юм чинь” гээд  дагуулаад  1-р сургууль дээр очлоо. Тэр үед 1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид хүүхдүүд шалгалт өгч элсдэг байсан юм. Бараг 240-өөд хүүхэд шалгалт өгснөөс 24 хүүхэд  тэнцүүлж авсанд  нь багтаж орсон.

-Г.Галбадрах:1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн дургалттай анги гэдэг их ч нэр хүндтэй байсан. Тэр хэрээрээ шаардлага өндөртэй. Тийм болохоор хүүхдүүд их ч амжилтай суралцдаг байсан.

-Б.Жавхлан:1-р сургуульд ороод л маш их хичээллэсэн. Ангийн багш минь Пүрэвдорж гээд  их  ч сайн багш. Бидэнд маш их даалгавар өгнө. Их ч хатуу шаардлагатай. Өвөл зуны амралт гэлтгүй байнгын давтлагатай. Ангид гэхэд бүгд л хичээлээ хийгээд суухад ялаа дүнгэнэх нь хүртэл сонсогддог байж билээ. Тэр үед би “Хүн ядуу амьдрахгүйн тулд хичээлээ л сайн хийх хэрэгтэй юм байна” гэж байнга боддог байснаас хичээлээ л хийгээд суугаад байдаг байж. Билл Гейтс хэлдэг дээ, “Хүн ядуу төрнө гэдэг ичгүүр биш, харин ядуу үхнэ гэдэг бол ичгүүр” гэж… 8-р ангиасаа л шөнийн 2-3 цаг хүртэл хичээлээ хийгээд суудаг хэвшилтэй болсон. Ээж минь надад “Миний охин унтаач, ядаргаа болох нь” гэж санаа зовж үглэнэ. Их даалгавартай болохоор гэрийнхнийгээ унтсан хойно нь чив чимээгүй орчинд хичээлээ хийгээд суухад анхаарал ч их төвлөрч, их ч юм хийж амждаг байж.

-Г.Галбадрах:Тэр болгон нь хүүхдийг өмнөө зорилготой болгож, бас тэсвэр тэвчээртэй болгож сургаж байсан байх.

-Б.Жавхлан: . Ер нь эргээд анзаарч байхад 1-р сургуульд сурч байхдаа л сахилга бат, хариуцлага,тэвчээр, уйгагүй сурах хэвшил, хүмүүжилд суралцсан байсан. 1-р сургуульд ороод анх удаа “дунд” дүн авчихаад уйлж байж билээ. 8, 9, 10-р анги их ч хурдан өнгөрсөн дөө. 10-р анги төгсөх улсын шалгалт дээр манай ангийнхан бүгд л “онц” авцгаасан. Одоо манай ангийнхан бүгд л  мундаг яваа шүү.

-Г.Галбадрах:10-р ангиа төгсөөд ямар сонголт хийв дээ?

-Б.Жавхлан:1993 онд 10-р ангиа төгсөөд элсэлтийн шалгалтад өгөхдөө МУИС, ЭЗК \Эдийн Засгийн Коллеж\ -д  хоёуланд нь тэнцлээ. ЭЗК-д эхний 10-т орсон болохоор төлбөргүй сурах боломжтой, МУИС-д төлбөр төлөх ёстой байв. Тэгээд их хөгжилтэй. Ээж  минь болохоор надад “Миний охин, төлбөр төлөхгүй юм чинь ЭЗК-доо орчих” гэж ятгана.  Би болохоор  “Үгүй ээ, би тэнцсэн юм чинь МУИС-даа ормоор байна” гэнэ.  Тэгээд лам дээр очиж асуухаар боллоо. Аз болж зорьж очсон лам маань  “МУИС-д орох нь дээр юм байна” гэж  ” төлөг” буулгаснаар МУИС-аа сонгож орж байв.

-Г.Галбадрах:  Хөгжилтэй л түүх байна. МУИС-д ямар мэргэжлээр суралцсан юм бэ?

-Б.Жавхлан:МУИС-д 1-р курсэд сурсан сурлагаар нь жагсаагаад, 2-р курсээс нь мэргэжлийн ангид хуваарилдаг байсан юм. Тэр үед чинь банкны мэргэжил “моод”-онд орж байсан үе. Тэгээд банкны ангийг сонгож 2-р курсээсээ тэр мэргэжлээр суралцсан. 3-р курсэд суралцаж байхад “Голомт” банкныхан сургууль дээр ирж оюутнуудтай уулзаж сонголт хийв. Цагаан гуай, Зоригт, Баясгалан захирал нар оюутнуудтай уулзаж ярилцаж байсан юм. Надтай уулзахдаа л лав “Банкны тайлан уншиж чадах уу?” гэж асууж байсан юм даг. Тэр үед би банкны нилээд ангиуд авчихсан хэрдээ мэдлэгтэй болчихсон байсан. Тэгээд тэр сонголтод нь тэнцсэн л дээ.

-Г.Галбадрах:”Голомт” банкны тэр бодлого их ч зөв алхам байж дээ?

-Б.Жавхлан: Тэгээд “Голомт” банк нийтдээ 50-иад оюутныг сонгон авч байсан юм. Тэр үед “Голомт” банкны менежментийн бодлого нь их зөв байсан. Тиймдээ ч тэд их хурдан хөгжсөн. Тэнцсэн оюутнуудаа “Улаанбаатар” зочид буудалд хүлээн авалт хийж танилцуулж байсан юм. Тэр үед одоогийнх шиг баар, ресторан олон байсан биш. Надад лав их гоё санагдаж байж билээ.

-Г.Галбадрах: Тэгэхээр сурахын хажуугаар “Голомт” банкиндаа ажиллахаар, төгсөөд ажлын байр бэлэн  байсан хэрэг  байх нь?

-Б.Жавхлан: “Голомт” банк бидний сургалтын төлбрийг төлж, дээр нь бидэнд цалин өгч ажиллуулж байсан юм. 3, 4-р курсдээ бид нар өглөө нь хичээлдээ яваад орой нь банкиндаа ажиллав. Шөнө хүртэл ажиллана. Би ч дотроо “ийм сайхан боломж олдож байхад хичээх хэрэгтэй ” гэж боддог байж.Хичээл дээр сурч мэдсэнээ банкин дээр ажиллахдаа дадлага туршлага болгон өөртөө шингээнэ. Миний хувьд бүх зүйл өөрчлөгдөж, амьдралдаа зорилготой болчихож байгаа юм. Сургуулиа төгсөөд ажлын байр бэлэн. Цалин авч байсан болохоор ангидаа “баян оюутан”. Ангийнхныгаа  заримдаа хуушууранд даана. Тэгж явсаар сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд “Голомт” банкиндаа ажиллав.

       Гурав. Илүү зорилго руу тэмүүлсэн үеүд

Photo 2
-Г.Галбадрах:”Голомт” банкнаас ажлын гараагаа эхэлжээ. Аль салбар дээр нь мэргэжиж байсан юм бол?

-Б.Жавхлан: “Голомт” банкинд би анх хадгаламж хариуцаж байсан юм. Тэр үед программ тэгтлээ нэвтэрч амжаагүй  байсан болохоор хадгаламж эзэмшигчдийнхээ “хадгаламжийн хүүг” нь гараараа бодно. Энэ ажил дээрээ өөрөө санал тавьж байж, зээлийн тооцоог нэмж авсан. Хичээж сайн ажиллаж байсан болохоор урамтай байлаа. “Шилдэг ажилтан” хүртэл болж байв. Дараа нь “эдийн засагч”-аар дэвшиж ажиллаа. МУИС-д сурч байхдаа ажилласантайгаа нийлүүлээд тооцоход би “Голомт” банкинд 3 жил гаран хугацаанд ажиллажээ.

-Г.Галбадрах:Ямартай ч нилээд дадлагажих хугацаа байна.

-Б.Жавхлан: Тэгээд би бодож байгаа юм. “За банкинд 3 жил ажиллаа. Сурах юмаа боломжийн түвшинд сурч, ажил дээр ч боломжийн түвшинд дадлага туршлагатай боллоо. Дараагийн зорилго маань юу байх ёстой вэ?” гэж. Дараагийн зорилго минь өөр хэл сурахын тулд гадагшаа гарч суралцах. Нэг ёсондоо гадагшаа гарч “нүд тайлах” хүсэл байсан. Нэг удаа би хувийн ажлаар  Солонгос явав. Солонгост очоод “Оюутны хотхон”-оор явж байхдаа, гитар тоглоод хамтдаа дуулж байгаа оюутнуудыг хараад “ямар гоё юм бэ? эдэн шиг дахиад оюутан болох сон” гэж өөрийн эрхгүй бодож байгаа юм. Тэр болгоноос л гадагшаа явах хүсэл, сэтгэл дотор минь бага багаар асч байсан гэх үү дээ.

-Г.Галбадрах: Тэр үед залуу хүн бүр гадагшаа явж хэл сурах бодолтой болж байсан. Бас боломж нь ч харьцангуй олдож байсан болов уу?

-Б.Жавхлан:  Тэр үед миний нэг найз бүсгүй маань надад “Хоёулаа Америк явж сурах уу? Манай эгч тэнд байдаг юм” гэж санал болгов. Шууд л “тэгье, тэгье” гэж зөвшөөрөөд визний материалуудаа хөөцөлдлөө. Виз маань гарсаны дараа л Баясгалан захирал дээр орж “Би ингээд Америк явах боллоо. Би хэдэн сар  англи хэлийг сайн сурчихаад буцаж ирээд банкиндаа ажиллана” гэж учирласан. Тэгэхэд Баясгалан захирал “Аа мэдэхгүй, Америк явсан хүмүүс ч буцаж ирдэггүй юм даа” гэж хэлж билээ.

-Г.Галбадрах: Нээрээ ч тийм байсан байх шүү. Зорьж ирсэн Америктаа хэрхэн дасав?

-Б.Жавхлан:  1998 оны сүүлээр Америкт ирлээ. Англи хэлний курст 3 сар сурав. Мөнгө ч дууслаа. Хэлний хувьд анхны мэдэгдэхүүнтэй.  Хүнтэй  дөнгөж л  ойлголцох хэмжээнд сурч аваад, ажил хайхаар гарлаа. Амжиргааны мөнгөө олох хэрэгтэй шүү дээ.  Эхлээд настай хүн асрах ажил олов. Яг тэр үедээ  бие минь өвдөөд их ч зүдэрсэн. Өрөөндөө бараг мөлхдөг байсан хэрнээ, ажлаа орхиж болохгүй. Нуруу минь өвдөөд, нуруундаа тариа хийлгэсэн хэрнээ нөгөө өндөр настай хүнээ шууд зуугаад л өргөх үе ч байсан. Найзууд минь тусалж дэмжсэний хүчинд хөл дээрээ босч ирсэн шүү. Нэг ёсондоо Америкийн нийгмийн хатуу нүүртэй тулж байгаа юм. Зарим хүмүүс тэр үед надад “Чи ингэж зовж байхаар Монгол руугаа буцаач” гэнэ. Би тэгэхэд нь “Би ингэх гэж энэ оронд ирсэн биш. Би сургуульд сурч мастер хамгаалах зорилгоо л заавал биелүүлнэ” гэж хэлдэг байсан.

-Г.Галбадрах: Америкт мэргэжлээрээ мастер хамгаална  гэдэг л гол зорилго тань байж дээ?

-Б.Жавхлан: Ер нь Америкт ирээд хэлний курст суралцаж байхдаа “Би ямар ч байсан Америкт өөрийн мэргэжлээрээ мастер хамгаална” гэж боддог байв. Энд байгаа боломжуудыг харж мэдэрч байлаа. Гэхдээ зорилгоо биелүүлэхийн тулд “мөнгө хэрэгтэй”. Бага бус мөнгө хэрэгтэй. “Нохой хамартаа хүрэхээр усч ” гэж, цагаа тулахаар хүн амьдрахын тулд ямар ч ажлыг хийх болдог. Янз бүрийн ажлууд хийсэн дээ. Сүүлд нь нилээд баян айлын 9 настай охиныг хардаг ажил хийлээ. Тэдний гэр нь Беверли Хиллст байдаг. Ээж нь ийш тийшээ удаан хугацаагаар явдаг болохоор ихэвчлэн тэр охинтой үлдэнэ.  Тэр надад “Чи бол миний хамгийн хайртай эгч “гэнэ. Бид 2 хамтдаа хооллож, хамтдаа кино үзэж,  зугаалж, хамтдаа тоглодог болохоор нилээд  дотно. Бараг  жил гаруй ингэж ажилласан юм байна.

-Г.Галбадрах: Боломжийн ажил байсан юм биш үү? Хүн болгон тийм ажил олж хийхэд амаргүй байсан байх.
-Б.Жавхлан: Тэгсэн нэг өдөр тэр охин, надад хандаж “Чи бол миний бэби сестэр. Тийм болохоор чи миний хүссэн болгоныг хийх ёстой” гэж хэлдэг байгаа. Хэдийгээр тэр жаахан охин гэлээ ч, энэ хэлсэн үг нь миний тархин дундуур гэнэт татаад авах шиг л болсон. Гэнэтхэн  өөртөө “Би чинь юу л болж явна даа. Би чинь дээд боловсролтой, мэргэжилтэй, ажлын туршлагатай хүн. Гэтэл 9 настай хүүхдэд ингэж хэлүүлээд явж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж хэлэв. Ерөөсөө л цочролд орж байгаа юм. Хэдийгээр тэр жаахан охинд дургүй хүрч гомдож байгаа ч, нөгөө талаараа би тэр охинд баярласан. Хэрэв тэр охин тэр өдөр надад гэнэт тэгж хэлээгүй бол , би энэ амьдралаа “болж байгаа юм шиг бодоод” дахиад хичнээн жил ингэж явах ч байсан юм билээ. “Би ер нь яах гэж сургууль төгссөн юм бэ? Яах гэж энд ирсэн юм бэ?”  гэж хүртэл өөрөөсөө асуулаа. Тэгээд л мэргэжлийн ажлаа олж хийхээр шийдлээ.

-Г.Галбадрах:Заримдаа хэн нэгний санаандгүй хэлсэн үг сэтгэлд цочрол өгч, огцом шийдвэр гаргах түлхэц болох нь бий.

-Б.Жавхлан:  Тэгээд  өөрийнхөө CV гээ, бусад материалуудаа бэлтгээд, аятайхан костюм пиджак худалдаж авч өмсөөд , ажил зуучилж олж өгдөг байгуулагуудад хандлаа. Банкны мэргэжилтэй болохоороо эдийн засаг, санхүү, нягтлангийн чиглэлийн ажил хайсан юм. Тэр зуучилдаг байгууллага дээрээ шалгалт өгч байгаа юм. Бараг 4 цаг шалгалт өгсөн байх аа. Компьютерийн программууд дээр ажиллах чадвар, нягтлан бодох бүртгэлийн асуултууд, программуудаар шалгуулсан.  Би өмнө нь  ня-бо бүртгэлийн программууд дээр ажиллах талаар гэрээрээ бие даагаад судалсан байсан л даа. Гэтэл маргааш нь над руу тэр газраас утасдаад “танд ажил олдлоо, та маргааш ирж ажилдаа орно уу? “гэсэн. Би их азтай. Бараг нэг өдрийн хугацаанд шахуу мэргэжлийн ажилдаа орсон доо.

      Дөрөв. Америкт мэргэжлээрээ ажилласан жилүүд

-Г.Галбадрах:Тэр нь ямар ажил байсан юм бэ?

-Б.Жавхлан: Тэр нь Лос-Анжелост байдаг 2 ихэр өндөр барилгад байршилтай  US Trust гэдэг компани, одоо бол Bank of America-гийн салбар компани болсон байгаа. Намайг ажилдаа ороод удаагүй байтал 2001 оны 9 сарын 11 ний халдлага болсон юм.  Тэр өдөр намайг ажилдаа очсон чинь бөөн харуул хамгаалалт болсон байв. Нью-Иоркийн хоёр ихэр Худалдааны Төвийн дараа Лос-Анжелосийн 2 ихэр өндөр барилга руу  халдлага хийж болзошгүй гэж хамгаалж байсан юм билээ. Тэр өдөр ажилдаа очсон чинь хүн бүрийг гэр рүү нь буцааж явуулж байлаа. Тэр компани минь  мөнгөтэй хүмүүсийн хөрөнгө мөнгийг ашигтай байдлаар байршуулахад зөвлөж туслах үйл ажиллагаа явуулдаг юм. Тэнд жирэмсний амралтаа авсан бүсгүйн оронд нягтлангаар орсон юм. Эхлээд 3 сар ажиллах байснаа, аз болж сунгасаар 1 жил шахам ажилласан юм байна.

-Г.Галбадрах:Анх удаа Америк компанид ажилд орж байхад юу бодогдож, юу мэдрэгдэж байв?

-Б.Жавхлан: Америк компанид эхлээд ажилд орж байхдаа , сэтгэл дотроо сүрдэж л байв. “Америкчуудтай ажиллахад ямар байх бол,  ажил нь хэцүү байх болов уу?, шаардлага нь хатуу болов уу?” гэхчилэн л бодож байгаа юм. Яг ажлаа аваад хийхдээ “Өө энэ чинь ядаад, сүрдээд байх юм алга байна шүү дээ. Урьд нь хийж л байсан ажлууд. Юу нь болохгүй гэж?” гэж бодсон. Ажлын арга барил нь арай өөр, илүү их техникжсэн, технологи нь сайн, юм юм нь их цэгцтэй, хүн болгоны хийх ажил нь маш тодорхой, ойлгомжтой. Үүрэг хариуцлага нь ч тов тодорхой. Ийм байдалд өөртөө итгэх итгэл минь бадарч байв. “Хэнээс дутах юм бэ?”  гэж өөртөө хэлсэн.

-Г.Галбадрах: Мэдээж хийж сурсан ажил болохоор, тэр тусмаа сайн ажиллаж сурсан болохоор өөртөө итгэх итгэл тань эргэж ирж дээ.

-Б.Жавхлан: Орны хүн маань ажилдаа ирсэн ч, надад дараагийн ажил санал болгов. “Та энэ хугацаанд сайн ажиллаа. Одоо “Улаан загалмай”-д ажиллах уу?” гэсэн л дээ. Мэдээж би дуртайяа зөвшөөрсөн.  Намайг 6 сар ажилласны дараа тэр байгууллага маань “жинхэнэ ажилтан”-аар ажиллахыг санал болгов. Жинхлээд бараг 4 жил орчим ажиллаа.  Америкийн “Улаан загалмай” бол олон ч хүн ажилладаг, муж болгонд салбартай нилээд том байгууллага. Вашингтон ДС-д төв нь байдаг. Тэр байгууллага маань өөрсдийн гэсэн байргүй болохоор байр түрээсэлж байсан. Хожим нь өөрсдийн байртай болсон чинь байрлал нь нилээд хол.  Гэрээсээ  ажил руугаа түгжрэлтэй үед бараг 3 цаг явж байсан тохиолдол бий. Мэдээж завгүй ажиллаж, амьдарч байсан болохоор, тийм байдалд цагаа үрэхийг хүсээгүй. Тэгээд  даргадаа учраа хэлсэн л дээ.

-Г.Галбадрах:”Улаан загалмай” бол хүмүүнлэгийн байгууллага. Тийм болохоор өмнө ажиллаж байсан байгууллагаас тань өөр байсан байх?

-Б.Жавхлан: Өмнө нь ажиллаж байсан байгууллага маань ашгийн төлөөх байгууллага байсан бол “Улаан загалмай” бол ашгийн бус, буяны байгууллага. Ашгийн төлөөх байгууллага бол “яаж их мөнгө олох вэ” гэдэгт анхаарлаа хандуулж, хүмүүсийг аль болохоор хямд зардлаар ажиллуулахыг хичээдэг.  “Улаан загалмай” д ажиллаж байхад, жилийн эцсийн тайлангийн хурал дээр манай дарга маань бидэнд хандаж “Өнгөрсөн жилийн  бидний ажлын үр дүнгээр авч үзвэл, манай байгууллагын нэг ажилтан мянган хүний амийг аварсан байна” гэж хэлэхэд надад их сайхан санагдаж билээ. Энэ бол мөнгөөр хэмжихийн аргагүй буян юм даа. Ажил нь дандаа хүмүүнлэгийн зорилготой болохоор их сайхан.  Ажилдаа хариуцлагатай байж, ажлын төлөө зөв сайн санаа гаргаж, чин сэтгэлээсээ ажиллаж байхад аяндаа бүх зүйл болоод л явчихдаг юм.

-Г.Галбадрах: Тийм ээ, хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахад бүх зүйл амжилт руу хөтөлдөг гэдэгтэй санал нэг байна.

-Б.Жавхлан: Дараагийн орсон ажил маань нилээд сонирхолтой ажил байв. Холливудын уран бүтээлчдийн санхүүгийн тооцоог хийдэг ажил. Алдартай  жүжигчид, продюсерууд, зохиолчдыг хариуцаж аваад тэдний такс болон орлого зарлагын тооцоог хийнэ. Жишээ нь  Френдс-ийн зохиолч байна.  Нэг  зохиолчийнх нь, зохиол бичээд авахаар хийсэн гэрээ нь жилд 5 сая доллар. Зарим зохиолчид, продюсерууд ямар нэгэн шалтгаанаар гэрээгээ цуцлахад л, гэрээ цуцалсаны төлөө 100 000 доллар авах жишээтэй. Тэгэхэд л би хүмүүсийн хөдөлмөрийн үнэлгээ болон амжиргааны өртөг нь ямар их зөрүүтэй байгааг анзаарсан. Нэрд гарсан зохиолч жилд нэг зохиол бичээд л ийм үнэлгээний гэрээ хийж байхад жирийн хүмүүс цагийн 6-10 долларын ажил хийх гэж яаж зүтгэдэг билээ. Угтаа бол бид цөмөөрөө л Лос-Анжелост амьдарч, нэг гудамжинд хамтдаа алхацгааж байгаа шүү дээ. Бидний хэрэглээ нь ав адилхан. Адилхан үнэтэй бензин, адилхан үнэтэй хоол хүнс хэрэглэж, адилхан үнтэй кино шийр үзэж байгаа. Тэр тусмаа Лос-Анжелос “Холливудын төв” гэдгээрээ ийм ялгаа маш их мэдрэгддэг.  Мэдээж энэ бол маш их чадвар, ажилдаа дээд зэргээр мэргэшсэний илрэл , бас баталгаа юм даа. Бид ямар их ялгаатай нийгэмд амьдарч байгаагаа ч анзаарсан даа. Дараа нь би нэг байгуулагад санхүүгийн менежерээр ажиллав. Тэр компаныхаа бүх л орлого, зарлагад хяналт тавина. Эндээ бараг 4 жил ажилласан юм байна.

-Г.Галбадрах: Магадгүй олон байгууллагад дамжин ажиллаж байхдаа ажилдаа улам ч туршлагажиж, илүү олон боломжуудыг харж, мэдэрч байсан байх?

-Б.Жавхлан: Хүн ер нь ажилдаа туршлагажих тусмаа  илүү санаачлага гаргаж, хүмүүсийнхээ итгэлийг нь даагаад явж байхад болдог юм. Дараа дараагийн ажлууд сонгоход хүртэл илүү хялбар болдог. Америкт хаана ч ажилд ороход өмнө ажиллаж байсан газраас нь заавал тодорхой мэдээлэл авахыг хүсдэг. Өмнө ажиллаж байсан газартаа нэр хүндтэй, үнэнч шударга, сайн ажиллаж  байсан бол тэд ч дуртайяа сайнаар тодорхойлно. Ингээд харахаар юм болгон заавал хоорондоо уялдаа холбоотой байгаа нь анзаарагддаг.

-Г.Галбадрах: Ажиллаж байх явцдаа нөгөө гол зорилгоо орхиогүй биз дээ?

-Б.Жавхлан: Би  мэргэжлээрээ мастерт суралцах гол зорилгоо мартаагүй ээ.  Боломж л хүлээж байв. “Улаан загалмай”д ажиллаж байхдаа  даргадаа мастерт суралцах тухай санаагаа хэлсэн чинь  “Чи одоогоор мастерт суралцаад хэрэггүй ээ. Түүний оронд мэргэшсэн ня-бо болсон нь дээр. Хичнээн мастерт сайн суралцаад ажил олдох нь элбэг биш. Харин мэргэшсэн ня-бо болсон тохиолдолд ажил олдох боломж нь илүү байх болно” гэж зөвлөв. Бас дээрээс нь  “Чи мэргэшсэн ня-бо-гийн үнэмлэхийг авсан байхад  Харвардаас ирсэн байна уу? Монголоос ирсэн байна уу? Африкаас ирсэн байна уу? гэдэг  огт хамаагүй. Ямар сургууль төгссөн нь ч тийм чухал биш. Гол нь энэ ажилдаа мэргэшсэн гэдэг л чухал шалгуур юм шүү дээ”  гэж хэлсэн. Энэ маш сайн зөвлөлгөө байсан шүү. Тэр үед мэргэшсэн ня-бо гийн  сургалт нь мастерийн сургалтын зардлаас хямд ч байсан.

-Г.Галбадрах: Америкт “мэргэшсэн” чадварыг ихэд үнэлдэг. Гэхдээ мэргэшсэн ня-бо болно гэдэг тийм ч амар биш гэж би сонсож байсан юм байна.

-Б.Жавхлан:2006 онд мэргэшсэн ня-бо болохоор бэлтгэж эхлэв.  Өглөө ажилдаа яваад , орой ажлаасаа ирээд л шалгалтандаа бэлтгэж сууна. Энд нөгөө 1-р сургуульд сурч байхдаа шөнө орой сууж сурсан хэвшил маань хэрэг болж байгаа юм. Угаасааа цаг их шаардагдаж байсан л даа.  Ажлаасаа ирээд шөнө болгон 3 цаг заавал суудаг байсан. UCLA-д суралцаж, шаардлагатай  хичээлүүдээ авсан байсан.  Ганцхан 5 дахь өдөр амрангаа толгойгоо сэргээж, кино, жүжиг үзэж, гадуур дотуур явна.  Тэгэхгүй бол ядаргаа болж мэдэхээр байлаа.  Тэгж гүрийснийх, жилийн дотор мэргэшсэн ня-бо-гийн 4 шалгалтуудаа анхны оролдлогоор амжилттай өгч чадсан. Бүх шалгалтууддаа тэнцсэний дараа манай дарга гайхаж “Би энэ шалгалтуудыг чинь 4 жилийн туршид өгч байж тэнцсэн юм шүү дээ”  гэж хэлж билээ. Тэр үед жаахан ч гэлээ, өөрөөрөө бахархаж байсан шүү. Их л амаргүй ачааллыг давж байж мэргэшсэн ня-бо-гийн үнэмлэхийг авсан.

-Г.Галбадрах:Мэргэшсэн ня-бо болохоор давуу тал нь яаж мэдрэгдэж байв?

-Б.Жавхлан:  Мэргэшсэн ня-бо болсноос хойш бүх зүйл огт өөр болж өөрчлөгдөж байгаа юм. Цалин 2-3 дахин нэмэгдэж, албан тушаал, хариуцлага ч шууд нэмэгдсэн. Ажлын үнэлэмж нэмэгдэнэ гэсэн үг юм даа. Угаасаа шалгуурт нь “мэргэшсэн” байвал таны цалингийн доод хэмжээ тэд байна гээд заачихсан байгаа.

-Г.Галбадрах: Мундаг байна шүү? Мэдээж зөвхөн ня-бо бүртгэл дээр ч биш, бүх салбарт ингэж үнэлдэг байх аа?

-Б.Жавхлан: Би түүнээс хойш “мэргэшсэн” гэдэг  шалгуур ямар их хэрэгтэй болохыг ойлгосон доо. Заавал ня-бо гэлтгүйгээр, монголчууд маань өөрийн эрхэлж байгаа ажил болон сурсан мэргэжлээрээ  “мэргэшсэн” гэдэг лицензийг нь  авчихад л маш их хэрэг болно.  Цахилгаанчин байлаа ч, компьютерийн мэргэжилтэн байлаа ч, барилгачин, чулуучин  байлаа ч яаж ийж байгаад “мэргэшсэн” гэдэг шалгуурт нь тэнцээд үнэмлэхийг авсан байхад заавал хэрэг болдог. “Хар ажил” хийгээд цагийн 6-10 доллар олоод олон жил явж байснаас, 2-3 жил гүрийгээд сургуульд суралцахад л бүх зүйл чинь шал өөр болж, боломж тань нэмэгдэх болно.  Тэр хугацаанд олж болох мөнгөө алдаад байгаа юм шиг боловч, сурч мэргэшсэний дараа үүнийгээ хэд нугалаад л олоод авчихаж чадна. Үүнийг л энд байгаа залуучууддаа хэлмээр санагдаад байдаг юм. Сургуульд суралцаж, ажилдаа мэргэшинэ гэдэг чинь энэ оронд байгаа хамгийн том боломж. Үүнийг л алдаж болохгүй, заавал ашигламаар байгаа юм даа. Тэр тусмаа залуучууд. Тэгж чадсан байхад үлдсэн амьдрал чинь шал өөр болоод ирнэ. Дуртай машинаа унаж, дуртай хувцсаа өмсч, дуртай хоолоо идэж, дуртай газраа аялж чаддаг болно. Дээр нь хээл хахуул, арга залиар биш, өөрийн сурч мэдсэнээрээ  олж байгаа мөнгө гэдэг маш амттай, бас өгөөжтэй, шингэцтэй. Цаг хугацааг хүртэл үр дүнтэй ашиглах боломж болж хувирна. Манай монголчууд чинь оюуны чадамж сайтай хүмүүс шүү дээ.

             Тав. Зорилгодоо  хүрсэн алхам

-Г.Галбадрах:Тийм ээ, би үүнтэй тань санал нэг байна. Залуу хүмүүсийг боломж гаргаад суралцаасай гэж боддог. Монголдоо буцаад очиход ч энэ болгон заавал хэрэг болно шүү дээ?
-Б.Жавхлан: Монголдоо буцах гэхээр Монголоосоо гарахдаа өөртөө тавьсан гол зорилгодоо хүрээгүй байдаг. Тэгээд л мастерт суралцахын тулд сургууль хайж эхлэв. Надад “баруун эрэгт нилээд хэдэн жил ажиллаж амьдарлаа, одоо зүүн эрэгт амьдарч үзэх хэрэгтэй юм” гэсэн бодол байв. Тийм болохоор сургуулиа зүүн эрэг хавиар хайсан. Нэгэнт сурах юм чинь сайн сургууль сонгох хэрэгтэй гэсэн бодол ч байв.  Эхлээд Нью-Иоркийг сонирхсон. Их ч давчуу, олон хүн бужигнасан газар болохоор надад таалагдаагүй. Дараа нь Вашингтон ДС-д ирсэн чинь надад таалагдав.  Вашингтон ДС-ийн дөрвөн улиралтай нь ч бас сэтгэлд нийцэж байлаа.  Би нээрээ Лос-Анжелост ирээд огт цасгүй “шинэ жил” үзсэн чинь яагаад ч юм бэ? сонин санагдаж билээ.

-Г.Галбадрах: Ямар сургуулиудыг сонирхож байв?

-Б.Жавхлан: Сайн сургуулиудыг судалсан. Жоржтауны Их Сургуулийн төлбрийг төлж дийлэхээргүй байсан.  Жорж Вашингтоны Их Сургууль руу материалуудаа явууллаа. Ажиллаж байсан газруудын дарга нар маань их сайн тодорхойлолт гаргаж өгсөн нь ч бас нөлөөлсөн байх. Жорж Вашингтоны Их Сургууль суралцуулахаар зөвшөөрөв.  Тэгэхэд их ч баярласан.

-Г.Галбадрах: Суралцах зардлаа яаж шийдсэн юм бэ? Мэдээж төлбөр нь өндөр байгаа байх.

-Б.Жавхлан: Сургууль надад тодорхой хувийн тэтгэлэг өгсөн. Америкт ирээд ажиллахдаа хураасан мөнгөө үндсэндээ сургуулийн төлбөртөө зарцуулсан. Бас хүүгүй сургалтын зээл авсан. Ер нь тэгээд өөрөө болгосон доо. Үндсэндээ 2 жил сураад төгсөв.

-Г.Галбадрах: Жорж Вашингтоны Их Сургуулийг нилээд нэр хүндтэй гэж сонсож байсан. Энд санхүүгийн чиглэлээр суралцсан уу?

-Б.Жавхлан: Жорж Вашингтоны Их Сургууль нь Америктаа эхний 50-д ордог. Их ч нэр хүндтэй, сайн сургууль. Манай ангид гэхэд 30-аад орны 60 гаруй оюутнууд суралцаж байлаа. Орон орноос ирсэн их ч мундаг залуучууд. Юмыг их хурдан сэтгэдэг, мэдрэмж, мэдлэг сайтай оюутнууд их байсан. Энэ сургуульд их ч эрдэм сурсан.  Би чинь Монголдоо банк-санхүүгээр Их Сургууль төгссөн хэдий ч мэдэхгүй, сураагүй зүйл их байв. Нэг ёсондоо “нүд нээгдсэн” гэх үү дээ. Ер нь дэлхийн болон Америкийн хөрөнгийн зах зээл дээр ямар их мөнгө эргэлдэж байгааг,  хүмүүс мөнгөө энэ зах зээл хэрхэн яаж байршуулж, ямар их ашиг олж байгааг, хувьцаа ,бонд болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл,  тэдгээрийн хууль, дүрэм журам, хувьцаа болон бондыг үнэлэх,  банк санхүүгийн харилцан үйлчилгээ гээд  маш их зүйлд суралцсан. Ингээд суралцаж байхад “хүн ер нь их зүйл сурах тусмаа өөрийнхөө мэдэхгүй зүйлээ мэддэг” гэдэг үнэн юм гэж бодож байлаа.  Хүн өөрийгөө их юм мэддэг гэж боддог боловч яг их зүйл сураад, сонсоод ирэхээрээ өөрийнхөө өчүүхэн бага мэдлэгтэйгээ ч мэдэрдэг юм билээ. Тэгэхээр “Эрдэмд оройгүй” гэдэг шиг “Сурахад ч хязгаар үгүй”  гэдэг ч мундаг үгнүүд.  Үүнийг их сайн ойлгосон доо.

-Г.Галбадрах: Тийм шүү.Америкийн хөрөнгийн зах зээлийн онцлог нь юу юм бол?

-Б.Жавхлан: Америкчууд мөнгөө банкинд бол барагтай хадгалуулдаггүй. Банкны хүү бага болохоор тэгдэг . Хүмүүс их ачаалалтай ажиллахаас гадна, ухаалаг амьдардаг. Олсон мөнгөө бүгдийг үрээд байлгүй, дор хаяхад 3 сар амьдрах зардлын мөнгөө хадгалж, илүү мөнгөө  ихэвчлэн хувьцаа, бонд , үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ирээдүйд тэтгэвэрт гарахаараа зарцуулах гэхчилэн ирээдүйгээ харсан ашигтай зүйлд мөнгөө оруулна. Жишээ нь Аpple -г анх гарч ирж байхад  10 000 доллараар хувьцааг нь авч байсан бол миний тооцож үзсэнээр, өнөөдөр тэр мөнгө нь 1 сая 500 000 доллар болох байжээ.  Тэгэхээр хүн болгон энэ зах зээлийн харилцааг сонирхдог. Бас их мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. Бас эрсдэл ч бий. Одоо Монголд ч гэсэн энэ зах зээл хөгжиж байгаа. Хүмүүс өнөөдрөөс илүүтэй маргаашаа л их бодно.Татвар, даатгалын тогтолцоо нь ч их нарийн. Тийм болохоор хүн ер нь төрөхөөс эхлээд үхэх хүртлээ л бүх зүйлээ тооцож байдаг. Жишээ нь, эцэг эх нь амь насаа 1 сая доллараар даатгуулсан бол, хожим нь тэр мөнгө үр хүүхдүүдэд нь очих жишээтэй. Гэрээ гэрээслэлээ ч эртнээс өөрсдийн гэсэн хуульчдаараа дамжуулаад бэлтгэчихсэн байдаг.

Зургаа: Аудит бол хүмүүсийн эрх ашиг болон мөнгийг хамгаалдаг

-Г.Галбадрах: Одоо ажиллаж байгаа компанидаа яаж ажилд орсон юм бэ?

-Б.Жавхлан: Суралцаж байхдаа оюутнууд хагас цагаар компаниудад ажиллаж, мэргэжлээрээ дадлага хийдэг юм. Тэр үед одоо ажиллаж байгаа PCAOB \Public Company Accounting Oversight Board\ компаниа сонгож ажилласан. Намайг сургуулиа төгсөхөд энэ компани маань ажилд авлаа. Тэгээд одоог хүртэл ажиллаж байна.  Үндсэндээ аудиторуудын үйл ажиллагааг хянадаг, Улсын статустай компани юм.

-Г.Галбадрах: Энэ компаныхаа тухай  жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Б.Жавхлан: Энэ компани байгуулагдсан түүх нь их сонин. 2001 оны үед  Америкт “Энрон” гэдэг нэртэй 60-70 тэрбум долларын  эргэлтийн хөрөнгөтэй компани байсан юм. “Энрон” компани хөрөнгийн бирж дээр хувьцаатай. Мэдээж нэр хүндтэй, ашигтай ажиллаж байсан болохоор хувьцаа нь ч чамгүй өндөр үнэтэй байлаа.  Хүмүүс энэ компанид итгээд маш их хэмжээний мөнгөө байршуулсан байж. Аудиторууд жил болгон компаны тайлан балансыг шалгадаг. Дэлхийн хэмжээнд нэр хүндтэй компаниудыг шалгаж, үнэлгээг тогтоодог таван компани бaйсан. Түүний нэг нь болох “Артур Андерсон”  компани “Энрон”-ыг шалгаж л дээ. Тэр үед буруу үйл ажиллагаа явуулснаас болж “Энрон” алдагдалд орж байсныг, тэд хуйвалдан нууж, компани хэвийн ашигтай ажиллаж байгаа мэтээр  харуулж байсан аж. Мэдээж компаны нэр хүндээс гадна авилгалын асуудал ч байсан байж магадгүй.  2001 онд энэ бүхэн ил болж, Америкт хамгийн том дампуурал болсон. Энэ үед “Энрон”ы хувьцаа 100-аад доллараас 1 доллар болж унаж байсан.  “Энрон”-ы дампуурлыг дагаж худлаа мэдээлэл өгч байсан мөнөөх “Артур Андерсон” ч шууд дампуурчээ. Мэдээж шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой компани нь худлаа мэдээлэл өгч байсан гэхээр цаашид хэн ч энэ компанид итгэх билээ.

-Г.Галбадрах:Ер нь хаа сайгүй ийм тохиолдлууд их гарах юм. Эцэстээ мөнгөө итгэж байршуулсан жирийн иргэд илүү хохирдог.

-Б.Жавхлан: Энэ дампуурлын дараагаагаар АНУ-ын Конгрессийн 2 сенатор нийлээд  шинээр хууль дүрэм журмыг нь боловсруулан баталж, PCAOB гэж энэ компаныг 2002 онд байгуулжээ.  Өөрөөр хэлбэл аудиторууд нь шалгаж байгаа компаниудтайгаа хуйвалдаж, буруу мэдээлэл өгөөд байж болзошгүй учраас  аудиторуудыг давхар хянах Төрийн мэдлийн байгууллага . Энэ нь хөрөнгийн зах зээл дээр байршиж байгаа өөрийн иргэдийн мөнгийг эрсдлээс хамгаална гэсэн үг юм. Манай компани, дээр дурдсан аудитийн шалгалт хийдэг дэлхийн хэмжээний 4 том компаныг хянана. Түүнчлэн Америкийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аудитийн шалгалт хийдэг бүх компаниудыг болон гадаад орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагааг ч хянадаг.  Одоогоор бараг 90 шахам оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад аудитийн шалгалт хийдэг компаниудад  хяналт тавьж байгаа.

-Г.Галбадрах:Нэг талдаа иргэдээ хамгаалсан төрийн ухаалаг хяналт юм. Мэдээж ийм байгууллагад ажиллахад тавигдах шаардлага нь өндөр байдаг байх?

-Б.Жавхлан: Энэ компанид зөвхөн мэргэшсэн ня-бо  нар ажилладаг.  Гол шалгуур нь ажлаа маш сайн мэддэг, үнэнч шударга, зарчимч байдал.  Ажилд авахдаа маш өндөр шалгууртай. Тухайн хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийг шалгана. Ямар сургууль төгссөн, хаана хэрхэн ажиллаж байсан зэргийг анхаардаг. Энд авилгал, хээл хахуул гэсэн ойлголт огт үгүй. Бид хүнээс үнэгүй кофе ч авах эрхгүй. Хэрэв шалгаж байгаа компани, хоол цайгаар дайлсан бол манай байгууллага заавал тал үнийг нь буцааж төлнө.  Хэрэв ажилтан аль нэгэн компанид хувьцаатай байгаа бол заавал мэдэгдэх ба тэр компаны шалгалтанд оролцох эрхгүй. Мөн урьд нь тэр компанид ажиллаж байсан бол тэнд хийх шалгалтанд оролцохгүй.  Тэр ч бүү хэл, гэр бүлийн гишүүн нь  холбогдолтой  компани ч адил хамаатай. Гэр бүлийн гишүүний ажиллаж байгаа компани, байгууллагаас зохион байгуулж байгаа баяр ёслолын арга хэмжээнд жилд нэг удаа, гэхдээ зөвшөөрөл авч байж оролцоно.  Энэчлэн маш нарийн хяналттай байдаг юм. Ажлынхаа хажуугаар бизнес  хийх  гэх ч юм уу, өөр зайлшгүй шаардлагатай ажил хэргийн талаар заавал байгууллагадаа мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай.

-Г.Галбадрах:Ийм хатуу чанд шаардлага нь өөрсдийн ажилтнаа ч ёс зүйн талаас нь хамгаалах хамгаалалт болж чадах юм шиг санагдлаа.

-Б.Жавхлан: Нэг талдаа хөрөнгө оруулагчид болон хувьцаа эзэмшигч эгэл жирийн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, эрсдлээс сэргийлж байгаа болохоор бидэнд ийм шаардлага тавьдаг. Бас нөгөө талаасаа хувь хүний хувьд биднийг ч хамгаалж байгаа хэрэг юм. Хөрөнгийн зах зээлийн эрсдлээ ч хамгаалж байна.  Тийм болохоор байгууллага маань бидэнд “Та нар Америкийн 300 сая хүний эрх ашгийг хамгаалж байгаа юм шүү” гэж байнга сануулдаг. Саяхан болсон семинар дээр сенатор  Sarbanes (манай компанийг байгуулсан 2 сенаторийн нэг нь) ирж, “ Та бүхэн ( манай байгууллага 1000-аад ажилтантай)  Америкийн хөрөнгийн зах зээл дээр маш чухал хүмүүс шүү” гэж хэлж байсан. Компанид хэн хэзээ, аль компанийг шалгах гэж байгаа болон  шалгаж байгаа нь нууц. Шалгалт хийгдсэний дараа бүх дүгнэлт мэдээлэгдэнэ.  Буруу үйл ажиллагаа, зөрчилд маш шуурхай арга хэмжээ авдаг. Хэрэв эргэлзээтэй зүйл байвал компаны удирдлагуудаас  тайлбарлуулан тодруулж, шаардлагатай бол мэтгэлцэнэ.  Хувь хүний соёл, мөн чанараар  хамгийн шилдэг нь байх ёстой. Ажил маань надад их сонирхолтой болохоор би их дуртай. Эндээс маш их зүйл сурч байна.

Долоо. Гэр бүл минь миний хамгийн үнэтэй зүйл

-Г.Галбадрах:Аавынхаа тухай товч дурсвал?

-Б.Жавхлан: Аав минь ерөөсөө л цэргийн хүн.  Бүх л зүйл нь ном журмаараа. Хорих газруудад олон жил удирдлагаар ажиллаж байсан. Аав хүн ямар байдаг билээ. Цалингаа авчирна. Тэр болгон бидний амжиргааны зардал. Илүү дутуу зангүй, шулуухан. Ан гөрөө их сонирхдог.  Гарын  их уртай. Зүгээр сууж чаддаггүй. Хагас бүтэн сайнд амрах үедээ ширээ сандал хүртэл хийнэ.

-Г.Галбадрах:Ээжийнхээ тухай товч дурсвал?

-Б.Жавхлан: Ээж минь амьдралын их холч ухаантай хүн. Ар гэрийн бүх л зүйлийг зохицуулдаг. Эмчийн мэргэжилтэй байсан болохоор хүний төлөө л гэнэ.  Өвчин зовлон болгонд ээж минь явж, зохицуулна. Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн бол ээж минь.” Ээж минь тэгж сургаж байгаагүй бол би одооных шигээ явж чадаа билүү” гэж  заримдаа боддог юм.  “Хүлээн авах”-ын эмч байсан болохоор  өвчтэй  хүмүүсийн муу сайн бүх л зүйлтэй хутгалддаг.  Тэгж явсаар өөрөө хүнд өвчтэй болсон байсан.  Монгол ээжүүд минь өөрийгөө ч хайхрахгүй, үр хүүхдүүдээ л гэж явдаг. Эмчилгээ авахад оройтсон байсан л даа. Хэдэн жилийн өмнө өөд болсон . Би тэр үед хэд хэдэн удаа очиж асарч байв.  Эх хүн гэдэг аугаа юм шүү. Өөрөө хүнд өвчтэй хэцүү байсан ч “Тэр минь яах бол? энэ минь яаж явах бол?” гэж үргэлж л сэтгэл нь зовоостой. Би өөрөө охинтой болоод л ээжийгээ илүү сайн ойлгож байгаа юм. Тэр тусмаа ээжийгээ л их санадаг юм даа.

-Г.Галбадрах:Саяхан охинтой болсон гэсэн?

-Б.Жавхлан: Гэр бүлтэй болж, саяхан охиноо төрүүлсэн. Одоо 5 сартай. Хүүхэд төрүүлж “эх хүн” болно гэдэг энэ амьдралын хамгийн гол утга учир, бас аз жаргал юм даа. Хүүхэдтэй болж хэвлийдээ олон сар тээж, бүхэл бүтэн хүнийг энэ орчлонд мэндлүүлнэ гэдэг маш их гайхамшиг хэрнээ асар том хариуцлага юм. Хичнээн ажилтай байлаа ч, ядарсан байлаа ч охин руугаа л яарч, түүнийгээ элгэндээ тэвэрч байхдаа хичнээн аз жаргалтай байдаг гээч. Сургууль, ажил, амьдрал гээд уйгагүй зүтгэж байхдаа өөртөө “амьдралынхаа зорилгыг биелүүлж байгаад л хүүхэдтэй болно” гэж боддог байсан.

-Г.Галбадрах: Гэр бүлийн хүнээ танилцуулж болох уу?

-Б.Жавхлан: Гэр бүлийн хүн маань өөрийн гэсэн ажилтай, боловсрол мэдлэгтэй. Их ч цэвэрч нямбай, ажилсаг, хоол унд их сайхан хийдэг. Охиндоо их хайртай, түүнийхээ төлөө байнга анхаарч халамжилж байдаг.

-Г.Галбадрах: Чамаар маш их бахархаж байнаа, Жавхлан. Өөртөө итгэлтэй, уйгагүй тэвчээртэй байж зорилгодоо хүрч амжилттай ажиллаж байгаа олон монгол залуусын жишээ. Аудит болон санхүүгийн хяналтын чиглэлээр Америк оронд амжилттай ажиллаж байгаа болохоор бидний энэ ярилцлага олон хүмүүст хэрэгтэй мэдээлэл болох байх гэж найдаж байна. Ажилд тань бас гэр бүлд тань, хөөрхөн охинд тань эрүүл энх, аз жаргал, амжилт бүхнийг ерөөе.  Их баярлалаа

-Б.Жавхлан: Танд ч бас их баярлалаа. Надаас илүү мундаг явж байгаа олон монгол залуус байгаа. Ер нь монголчууд бид их тэвчээртэй, шаргуу хүмүүс. Заавал том, жижиг ажил гэлтгүй, одоогийн эрхэлж байгаа ажил болгондоо “мэргэшиж”, тэр хэрээрээ өндөр амжилт гаргаж, амьдралаа сайн сайхнаар авч явах боломж бий. Хэсэгхэн хугацаанд ч болов өөрийгөө хөгжүүлэхийн төлөө заавал сураад үзэхэд хэрэг болно доо. Манай монголчууд мундаг шүү дээ. Би тэднээрээ их  бахархдаг. Бүгдэд нь амжилт хүсье.

…Б.Жавхлан маань Лос-Анжелост ажиллаж амьдарч байхдаа “Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо” байгуулагдах цагаас нь дэмжиж хамтран зүтгэсэн юм билээ. “Лос-Анжелосийн Монголчуудын Холбоо”-ноос зохион байгуулж байсан олон ажилд хамтран оролцож байсан найзуудынхаа тухай бахархан дурсаж байв. Тэрээр монголчууддаа такс тооцож бодох талаар болон Америкийн хөрөнгийн зах зээлийн талаар бага биш мэдээллүүдийг хүргэж байсан тухай миний танил олон хүмүүс бахархан дурсаж байсан. Тэрээр энэ ярилцлагынхаа төгсгөлд “Би одоо ч монголчууддаа өөрийн мэдлэг чадвар болон мэдээллээ хуваалцан туслахад бэлэн байгаа” тухайгаа хэлснийг дамжуулья.  Түүнтэй ярилцсаны дараа надад “Монгол бүсгүйчүүд ямар их тэвчээртэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй болж байгаа” -г бахархах сэтгэл төрж байв. Тийм ээ, монгол залуус өөдрөг сэтгэлээр улам ч их урагшилж байна даа. Тэгэхээр яаж тэднээр бахархахгүй байж болох юм бэ?

Share Your Thoughts