Хүн чин сэтгэлийн хайраар дутдаг

Олон өнгө сүлэлдсэн орчлон ертөнцийн аяг аашинд хүний сэтгэл хайраар л дутаж явдаг.Хатуу зөөлөн хосолсон амьдралын нугачаанд халгаж бүдэрч, босож сэхэж явахдаа хүний сэтгэл хайраар л дутаж явдаг. Хааяадаа ганцаардаж, хэн нэгэнд гомдож бас гомдоож явсан сэтгэлийн үрчлээсэнд гагц хайраар л дутаж явдаг.

…Хаврын, зөөлөн хэрнээ ялдамхан үнэр шингэсэн бороон дунд чамтайгаа хамт алхах сайхан. Удаан хүлээсэн сэтгэлийг минь аргадаж зөөллөх мэт борооны дуслууд бид хоёр дээр асгарна. Үсийг минь норгож, нүд рүү урсах борооны дуслууд ус болон урсахдаа сэтгэлийн ган тайлах мэт. Тэнгэрийн үүлнээс унжин дуслах сувдан дуслууд, тэр чигээрээ хэлхээс болон бүх л биеийг норгоно.
Харин бид хоёр чив чимээгүй хөтлөлцөн алхална. Хааяадаа бие бие рүүгээ инээмсэглэн харах харцанд, борооны дуслууд нулимс болон бөнжигнөнө. Хөл доор минь борооны дуслууд хөгжилтэйеэ үсчиж, хаана гишгэхийг минь тааж ядан, тохуурхан бүжих мэт.
Бусад цагт борооны дуслуудаас зугатан харайх атал, гагц өнөөдөр л энэ борооноос зугатаж үл чадна. Ирж яваа цагийн үнэр шингэсэн бороог ингэтлээ хүлээснийх, ингээд чамайгаа ирнэ гэж санаагүйнх, энэ өдрийн бороо хүлээсэн хайрыг минь дэвтээх мэт. Бидэн хоёр чив чимээгүй, хайрлаж итгэсэн , бас санасан сэтгэлээ харцаараа л бие биедээ шивнэнэ. Дутаж байсан хайрыг минь хаврын анхны бороо надад авчирчээ. Одоо өөр юу хэрэгтэй гэж…

…Анир чимээгүй харанхуйн дунд чинийхээ гарыг атган чамтайгаа хамтад суух сайхан. Тэр тусмаа газар дээр. Мөр мөрөө түшин, гар гараа атгалцан чив чимээгүй суух тэр агшинд, зүрхнээс зүрхэнд хайр урсан шингэхийг анзаардаг. Чив чимээгүй энэ орчинд чи юу ч ярихгүй байхад би бүгдийг мэдэрнэ. Чиний надад хэлэхийг хүссэн, хайр энхрийлэл дүүрэн үгсийг чиний зүрх миний зүрхэнд дамжуулан шивнэдэг юм.
Мөрөн дээр минь асгарсан чиний зөөлөн үс, хөдлөх тоолонд минь биед минь хүрч ирвэгнүүлэн, бас гижигдэж, тохуурхах мэт. Гарыг минь алгандаа атгасан чиний гарын илбээ, хайраа илчлэн шивнэх зүрхийг минь илбэх мэт. Хүсэл тачаал бүхнийг умартан, зөвхөн хайр энхрийллээр бие биенээ аргадан аргадах энэ мөчүүд хэдий болтол үргэжлэхийг чи бид хоёроос хэн ч үл мэднэ.
Яг энэ хоромд, бид хоёр бие биедээ ямар их хайртайгаа үгээр бус, зүрхээр мэдэрнэ.
Хааяа ч гэлээ ингэж суухад, сэтгэл минь хайраар дүүрч, энэ хорвоод хайрлах хайрлуулахын жаргалыг мэдэрдэг. Чамайгаа санаж үгүйлсэн мөч бүхэнд шаналж байсан сэтгэлийг энэ л мөч дэвтээнэ. Хүн бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж байхад ямар их аз жаргалтай байдаг гээч.

…Харь нутагт монгол аргамжаа эвхэх мэт жил, сар, өдрийн урсгалд хааяадаа амсxийж, бодол хөглөх мөчид ” нэг сайхан хайрлаж, хайрлуулах сан” гэж сэтгэлдээ сэмхэн хүснэ. Ганцаардлаар хучуулж, дэрээ жиндээн, нойр хулжих олон олон шөнийн уртад хайр энхрийллээр дутаж, мөрөөдөж, зүүдэлж “жаргана”. Харин өглөө босоод ажилдаа явах мөчид, сэтгэл бяцxан гуниж, ханаагүй нойр, амсаагүй жаргалдаа харамсан байж жаахан мушилзана.
Алжааж ядартлаа зүтгэсэн хөлс минь мөнгө болж алган дээр минь асгаравч, чин сэтгэлийн хайр үгүй. Алмаазан бөгж эвэршсэн хуруундаа зүүж, бусдад гайхуулавч сайхан харагдах нь үгүй. Бусадтай инээж ярьж, ууж наргивч жаргалтай  сайхнаар харагдах нь үгүй. Өнгө мөнгө, үнэт эдлэл, үнэтэй брендийн хувцсаар өөрийгөө хичнээн хучивч, чин сэтгэлийн хайр үгүй бол гэрэлтэж үл чадна бид.
Үүлэн чөлөөний наран шиг энэхэн тавиланд, үдлээд л буцдаг энэ орчлонд, өнгө мөнгө, өөр юуны ч төлөө өдөр шөнөгүй зүтгэхдээ юуг олж, юуг алдаж орхино вэ ? бид.
Хайр хайж энэ орчлонд нүцгэн ирээд, хайраа аваад нүцгэн буцахдаа л хүн жаргаснаа мэдэрдэг.  Хүмүүсээ бие биенээ чин сэтгэлээсээ хайрла.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-05-11

Share Your Thoughts