Хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйл хэрэг үү?

Нэгэн цагт Монгол орныг удирдаж, нам засгийн хайр ивээлээр ард түмнээ “хайрлан өлгийдэж “, “халамжлан жаргааж ” байсан МАХН, “хүүхдийн хүмүүжил бол бүх нийтийн үйл хэрэг мөн ” хэмээн лоозогнож, олон ч аян өрнүүлэв дээ.
Сурлага хүмүүжлээр доголдож яваа нэгнийг сайн сурлагатай, өв тэгш хүмүүжилтэй нэгэнд “даалгаж “, ажил хөдөлмөрт дүйгүй, бас залхуу, арчаагүй нэгнийг ахмад настай намын гишүүн нэгэнд “хариуцуулж “, архи ууж, танхайрах этгээд нэгнийг ажил үйлсээрээ тэргүүний хамт олонд “халамжлуулж ” байв даа. Алив оролдлого бүхэн сайн муу үр дагавартай байдагчлан, алдаа оноо, авах гээх бүхэн дагалдаж л байсан. Бүх нийтийн нөр шаргуу зүтгэлийн үрээр, засарч сайжирсан, завхарч эвдэрсэн аль аль нь байж байсан.
Харин энэ үйлдлээс эцэг эхийн үүрэг хариуцлагыг бүдгэрүүлж, буруу үйлдлийн буруугаа бусдаас хайдаг, өөрөө өөрийгөө биш, өрөөл нэгнээр хүмүүжүүлэх гэж хардаг, өөрөө өөрийгөө төдийгүй өрөөл бусдаар өрөвдүүлэх гэж хичээдэг гаж үзэгдлүүд бий болсон нь үнэн. Амьдралд арчаа муутай, анхиагүй байгаад төр буруутай байж болох ч өөрөө бүр их буруутай байж л таараа. Алив зүйлд тэвчээргүй хандаж, бэрхшээл болгоноо зовлон болгож, бэлэн болгоныг хүсэн мөрөөдөж, шаналлаа сархадаар даруулан хөлчүүрч, зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах хүсэлд тань аав ээжийн буруу бий ч, алд биед тань бүр ч их буруу бий.
“Хүүхэд төрүүлэх амаргүй ч хүн болгож өсгөх бүр ч амаргүй “. Харин төрүүлсэн хүүхэд нь буруу мууг хийсний төлөө хариуцлага хүлээсэн эцэг эх бий бил үү?
Өгүүлэх нь:
…Саяхан Монголын дархан хил дээр алба хаахаар очсон “шинэ үейин залуус ” бие биенээ буудаж, бас барьцаалж, нэг биш залуусын амь насыг хөнөөсөн хэрэг гарч олныг цочоов. Хилийн мөргөлдөөн зөрчлийн улмаас бус, харилцааны зөрчил, дарамт, хонзогнол өширхлөөс болж 50 орчим залуус амь насаа алдаж, бас тахир татуу болсон гэх.
Хүүхдийнхээ хүссэн бүхнийг өгч, хүсэл бүхнийг нь сохроор гүйцэлдүүлж байсны муу ул мөр энэ. Ажил ихтэй, зав чөлөө муутай, алжааж ядарсан гэх олон шалтгаар учир шалтгааныг нь олохыг ч хүсэлгүйгээр, буруу зөв бүх л хүсэлд “төвөгшөөн  зөвшөөрөх ” хандлага ийм муу уршигт хүргэж болохыг бид анзаардаггүй.
-Аав аа би кино үзээд ирье, надад мөнгө өгөөч
-Ээж ээ би компютер тоглоом тогломоор байна, мөнгө өгөөч
-Би найзтайгаа уулзаад ирнэ, оройтож магадгүй
Үзэж байгаа кино нь бүхэлдээ аллага хүчирхийлэл, тоглож буй тоглоом нь хүртэл мөн л аллага хүчирхийлэл, сонирхож буй нэвтрүүлэг нь бас л хүчирхийлэл, шалиг марзан үзэгдэл, ярьж буй яриа нь хүртэл марзагнал эсвэл сүрдүүлэг. Энэ бүхний эцэст хүний амь гэдэг “ямархан хямд ” хэмээн төсөөлөх болж дээ. Мал муулахдаа хүртэл маань уншдаг байсан монголчууд , өнөө цагт шарилын газар бууриа сэлгэж, шалигийн газар оройг өнгөрөөж байхад яанам бэ? Харин үүний төлөө хэн хариуцлага хүлээх бол?
Өгүүлэх нь:
…Нэгэн жаахан охин үйл урлаж суусан ээжийнхээ дэргэд тоглож суухдаа, үйлийн хайчийг нь авах гэж уйлжээ. Болохгүй хэмээн хоригловч , хүсэлдээ хүрэх гэж тасралтгүй бархирах охиноосоо төвөгшөөж, авах гэж зүтгэсэн хайчийг нь өгч орхиж. Үйл үртэсдээ улайран суусан эх ,үйлийн хайчинд нүдээ сох хатгаад бархирах тэр л чимээгээр ухаан орсон боловч, нэгэнт бүх зүйл өнгөрсөн байсан гэдэг.
Хожим хойно ертөнцийг харах хувьгүй нүдэндээ харамсаж суухдаа, “Уйллаа уйллаа гэхэд сохортол л уйлав гэж үү? Учир мэдэхгүй надад үйлийн хайч юунд өгсөн юм бол доо ” хэмээн харамсан гомдож суусан гэдэг.
Учир мэдэхгүй балчир ухаандаа, уйлж айлган бархирч, хүссэнээ авах гэж сарвайх, болох болохгүй зүйлд тэмүүлэх үйлдлийг, учирлан болиулж, ухааруулан хориглоогүйгээс нүд бүү хэл ухаан нь сохор явах үйл буй. Тэр л үйлдээ хорвоо дэлхийд миний хүссэн бүхэн биелж байх учиртай гэж сэтгэнэ. Уйлж бархиравч биелж өгөхгүй тавиланд ухааны чагтагаа, сархадаар даруулан дэрвэлзэх нь бий.
Хөл нь дэлхий онохгүй, хэл нь салхи гүйцэхгүй, ааш нь бусдыг залхааж, авир нь бусдыг гомдоох олон олон  “шинэ цагийн залуус ” энэ л дураар аашны балаг.
Үйлийг нь хэн үүрч, үүргийг нь хэн дааж явах юм бол?
Өгүүлэх нь:
…Миний нэгэн танилын яриа санаанаас гардаггүй юм. АНУ-д ирээд нилээд хэдэн жил болсон тэрээр эхнэрийн хамт, амьдрал залгуулах гэж, бас хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтүүлэх гэж хэрдээ л зүтгэнэ. Бага насандаа ухаан, авьяасаараа гайхуулж байсан хүү нь, өнөө харин өөрөө өөрийгөө бөөцийлэн, эцэг эхээ ч өрөвдөхгүй нэгэн болж орхисон гэнэ. Ажлаас ядарч зүдрэн орж ирэх эцэг эхдээ аяга шөл хийж , аягалж талархахын оронд, өөртөө л жаахан хоол хийж, өдөржингөө л өрөөндөө амарч, дураар амьдрах хүү нь, гомдож үглэх үгний нь хариуд “тэжээж хайрлаж чадахгүй байж, намайг яах гэж төрүүлж өсгөсөн юм бэ?” хэмээн “сургаж “, зэмлэсэн гэх. Гомдож тэвчиж ядсан эцэг эхийн маргаан хэрүүлийн бай нь мөнөөх л хүү…
Уурлаж бухимдсандаа гар хүрч, хууль шүүхдээ хүрч “ямаан дээр тэмээний гарз болсонд орвол,  чив чимээгүй л “нэг гараа нөгөө гараараа барьж ” тэвчиж амьдрахаас өөр арга бас үгүй.
Яг энэчлэнгээр харь оронд эцэг эхийнхээ хөлс хүчийг сорж, үнэтэй хувцас, тансаг хэрэглэлээр гангарч, өөрийн өчүүхэн биейиг ихэд бодсон, эцэг эхээ дорд үзсэн, ичиж бас дарамталсан нэгэн “шинэ үейинхэн ” бий болох нээ. Учирлаад хэлье ухаарч ойлгохгүй, алгадаад авьяа харь хууль хатуу, учраа олохгүй тэдэнд “тэнгэр хол, газар хатуу ” байх үе ч бий. Гэсэн хэрнээ өдөр өдрөөр “харьшиж ” , хаданд авирч, тэнгэрт гарч буй” мэт хүүхдээрээ бусдад гайхуулах боломжоо ч үл алдана.
Алсад буй одыг нэрлэж үл чадах лугаа, дэргэд байгаа хүүхдээ таньж захирч чадахгүй энэ л цагийн араншинг яалтай. Их мөнгөтэй болж чадах авч , их сайн хүүхэдтэй болох түүнээс амаргүй буюу.
Өгүүлэх нь:
…Хэсэг залуус нийлж, цэнгээний мөнгө олохын эрхээр нэгэн таксины жолоочыг боомилон, амь насыг нь хөнөөн, ар гэр амьдралаа залгуулах гэж хөдөлмөрлөж олсон мөнгийг нь дээрэмдэн авч, наргиж суугаад баригдсан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Адаг сүүлд нь хуулийн өмнө арчаагаа алдахдаа, “амьдрал хүнд хэцүү байгаа” тухай, “ажил олдохгүй зовж зүдэрч байгаа ” тухай, үглэн уйлж өршөөл эрсэн гэх. Хүний амь нас, тэдний зугаа цэнгэлийн мөнгөнөөс хямд мэт санагдах тэдгээр залуус буруугаа өөрөөсөө бус өрөөл бусдаас хайж байна.
Айлын хүүхэдтэй тоглож байгаад муудалцан уйлж бархиран орж ирэх хүүхдээ өмөөрч, бурууг нь бусдын хүүхдэд л онооно. Өөрийн хүүхдээ хайрлан, эрхлүүлэх ухаандаа бүх бурууг бусдад тохох арчаагүй сэтгэлгээг бий болгож буйгаа бид бас л анзаардаггүй.
Бүдэрч унавал гутлын буруу, хальтарч унавал газрын буруу, хахсан бол хоолны буруу, ханиасан бол өвчний буруу, буруу буруу бусдын буруу, харин миний хүүхдэд хэзээ буруу үгүй. Ингэж өссөн хүүхэд үйл үйлдлийн буруугаа өөрөөсөө бус өрөөл бусдаас л хайдаг болно. Адаг сүүлдээ арчаагүй нэгэн болбол аав ээжийн буруу болох нь харин үнэн байж магад. Харин хорвоо хатуу зөөлнийг тэнцүүлж байдаг гэдгийг бид сайн ухаардаггүй л юм даа.
Өгүүлэх нь:
Саяхан интернет дээр тавигдсан “Мөрдөгч Деррик ” нэвтрүүлэгээр, Эрээнд биеэ үнэлж байгаа монгол охидын тухай үзүүлж байсныг санаж байна. Тэд  ажил олж хийхийн оронд, өөрт байгаа боломж болох “биеэ үнэлж “, мөнгө олж, эсвэл хэн нэгнээс зээлж эвсан мөнгөний өрөө төлдөг тухай хээв нэг өгүүлж сууна. ажил хөдөлмөр хичээл зүтгэлээс хол, эрх дураар өсгөсний балаг энэ.
-Охин минь даарчихна, гэртээ дулаан сууж бай
-Охин минь ядарчихна, амарч бай
-Охин минь муухай болчихно, зүгээр сууж бай
Бага наснаас нь амьдралын хатуу хөтүү, бэрхшээл саадыг давж гарахыг сургахын оронд,  эрхлүүлж, дураар  байлгахаа “хайрлаж өсгөж байна”  хэмээн эндүүрдэг бидний муу зуршил. Насан туршдаа хамтад байж чадахгүй хорвоогийн тавилангаар, орхиж холдох тэр мөчид, өөрт тулгарсан олон бэрхшээлээс өөрийн ухаанаар, сурцаар шийдэж буй арга нь энэ.
Энэ хорвоод амар хялбар бүхэн үнэгүй, зовж сөрж, тэвчиж зүтгэж, хөдөлмөрлөж олсон бүхэн үнэтэй гэдгийг бид умартаад л байна даа.
Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу буюу төгсгөл
Бидний төрүүлсэн хүүхэд болгон бидний баялаг болон бахархал болдоггүй. Үр хүүхдээ л гэх элгэмсэг монголчууд бид заримдаа “энэ хүүхдийн биейиг нь төрүүлэхэээс ухааныг нь төрүүлэхгүй юм ” хэмээн халаглах нь бий. Бид өдөр тутам гэрээ цэвэрлэж, бохир аяга тавгаа угаадагтай адил, балчир хүүхэддээ анхаарал халамж тавьж чаддаггүйд хамаг учир байгаа юм даа.
Хичнээн амаргүй байлаа ч даарч зутрах, халууцаж харшихгүйн тулд өрх гэрээ дулаалж, бас давхаргыг нь авдагтай адил,  үр хүүхэддээ байнга л хайр халамж, хатуурхал зэмлэлийг нь тэнцүүлж л байх учиртай. Аль нэгийг нь хэтрүүлэх дор амгалан байдлаа алдаж зутрах нь бий.
Өнгөрсөн үейинх шиг хүүхдийн хүмүүжил бүх нийтийнх бус таных л байх цаг иржээ. Үр хүүхдийнхээ алдаа оноо, сайн муу үйлдлийн төлөө та л баярлаж, зовж байх учиртай. Харин таны үр хүүхэд бусдад болон нийгэмд хохирол учруулан, муу үйл хийсэн бол, төрүүлж өсгөсний төлөө та ч бас харйуцлагаас хуваалцах учиртай болдог.
Учир нь таны төрүүлж өсгөсөн үр хүүхэд ямар хүн болгож төлөвших нь өөр хэнээс ч бус танаас шалтгаална. Таны хүүхэд улсын цэцэрлэгт явж,  улсын сургуульд суралцаж байвч, хэрхэн төлөвших нь танаас бас л хамаарах болно. Яг ийм шалтгаанаар сургууль, цэцэрлэг тантай хамтран ажиллаж, шаардлагатай гэж үзвэл таны хүүхдийг сургахаас ч татгалзах эрхтэй байдаг юм даа.
Таны хүүхэд улсын иргэн хэдий ч, таны л хүүхэд. Нийгмийн өмнө, хуулийн өмнө ч насанд хүрээгүй байхад та л хариуцах учиртай. Насанд хүрсэн хойноо ч танаар овоглож байгаа болохоор, хариуцлагын талыг нь та л үүрэх болдог.
“Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу ” гэж монголчууд хэлэлцдэгсэн. Өнөө цаг дор хүүхдийн хүмүүжил “бүх нийтийн үйл хэрэг ” бус, зөвхөн таны л хэрэг болжээ. Үр хүүхдээрээ гайхуулах биш бахархахын тулд танаас их л хичээл зүтгэл шаардах болно.
Таны сэтгэл өөдрөг,  үр хүүхэд тань танаар бахархаж, та ч бас үр хүүхдээрээ бахархаж байх болтугай.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2009-12-19

Share Your Thoughts