ХӨӨСӨРСӨН СЭТГЭЛГЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгийн зургаар “сор залж” буй бичлэг сүүлийн үед интернет ертөнцөд шуугиан дэгдээв. Байнга дэлхий ертөнцийг “шуугиулж”, “алмайруулж”, “гайхашруулж” байна хэмээх сүр дуулиантай сүржин мэдээллүүдийн нэг нь. Яг үнэндээ бид хөөрцөглөөд сүржигнээд байгаа болохоос, дэлхий ертөнц тэр чигээрээ амьсгаагаа даран монголчуудыг ширтэн “ямар мундаг юм бэ?” хэмээн уулга алдаж, ухаан нь балартатлаа гайхашраад байгаа гэвэл худлаа. Бидний хөөсөрсөн сэтгэлгээний нэг илрэл. Гэхдээ Ерөнхий сайдынхаа зургаар “сор залж” байна хэмээн инээдээ нууж ядан, олон нийтийн хэвлэл мэдээллээр хээв нэг мэдэгдэл хийж зогсоо хүмүүсийг харахаар бахархлаас илүүтэй, өрөвдөх харамсах сэтгэл төрнө. Энэ талаар хэн нэгний дургүйцлээ илэрхийлж бичсэн сэтгэгдлүүд рүү эгээ л улангассан ноход шиг дайрч “боорлох” нь аймшигтай. Эрээ цээрээ алдсан зарим хүмүүс “эх орончдын дүр” д тоглож, өөрийнх нь санаа бодлыг дэмжээгүй бусад хүмүүс рүү заналхийлэн уурсаж, сүрдүүлэн дарамтлах нь хэрээс хэтэрчээ. Үүний цаана монголчуудыг эвдрэлцүүлж хэмлэлдүүлдэх гэсэн зорилготой, зохион байгуулалттай бүлэг байгаа мэт хардлага төрөх боллоо. “Хүний олон нь хүнээ барьдаггүй” гэдэг хэллэг бий. Бидний хэн нь ч өөрийн санаа бодол, санал санаачлагаа илэрхийлэх эрхтэй.

Төрийг үзэн ядахуй

Бид өөрсдөө сонгосон Монгол Улсын Ерөнхийлэгч, УИХ, тэднээс томилогдсон Засгийн Газраа байнга харааж зүхэж, байнга “огцруулна” хэмээн занаж сүрдүүлэх нь хэрээс хэтэрчээ. Асуудлын шалтгаан нь хоёр талдаа байгаа.

Өнөөдрийн Ерөнхийлэгч, УИХ, ЗГ арчаагүй муудаа биш юм. Сүүлийн 25 жилд ээлжлэн, бас хамтран засгийн эрхийг барьсан МАН, АН-ууд улс орны, нийтлэг олны эрх ашигт бус, тодорхой бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж, боловсруулж батлуулсан хууль дүрэм журмаа өөрсдөө огт биелүүлэхгүй байгаа муу жишгээс үүдэлтэй. Бас тэдний үүсгэсэн улстөрийн буруу тогтолцоо. Сүүлийн Засгийн Газрууд тодорхой хэмжээнд өөрчлөлт хийж шийдэмгий ажиллах гэж хичээх авч, өмнөх Засгийн Газруудын ажлын муу үр дүн нь заавал залгамжлан нөлөөлдөг. Намуудын талцал “даарин дээр давс асгаж”, өөрсдийн “зөв” гэдгээ нотлохын тулд дараа, дараагийн ЗГ-уудын үйл ажиллагаанд санаатай, зохион байгуулалттайгаар саад учруулна. Үүндээ намын гишүүд болон “угаадас” горьдсон зусардагчдийг ашигладаг. Тэдний хэн нь ч нийтлэг олны эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй. Нийтлэг олны эрх ашигтай намуудын бүлэглэлүүдийн эрх ашиг зөрчилдөж байдагт гол шалтгаан нь байгаа. Шийдвэр гаргах эрх мэдэлд ажиллаж байсан намын гишүүдийн “таргалсан”, энгийн иргэд олон нийтийн “турсан” үзүүлэлтүүд үүний баталгаа.

Засгийн эрх барьсан бүх л хүчнүүдийг харааж зүхсээр “заншжээ”. Олон ч “эх орончид”, олон ч “ардын баатрууд” эндээс төрж байгаа. Хэдийгээр нийгмийн зарим салбарт ахицтай зарим өөрчлөлтүүд гарч байгаа боловч, тэр тухай огт дурдахгүйгээр бүх зүйлийг “хар бараан” өнгөөр дүрсэлж, олон нийтийг “цус урсгах”-ад уриалж, нэр бүхий хүмүүсийг “алж хядах” “цаазлах” уриалга гаргаж, үүнийг нь шүүмжилсэн хүн бүрийг хараан зүхэж, занан сүрдүүлж байдаг нь тэдний араншин. Асуудалд шүүмжлэлтэй хандаж, эрүүл саруул ухаанаар шаардлага тавьж байгаа олон хүмүүс бий. Гэхдээ бид хамтдаа няцаах аргагүй баримт судалгаа, үгүйсгэх аргагүй статистик үзүүлэлтүүд дээр нэгдэж чадахгүй байна. Энэ талаар бодитой судалгаа, баримттайгаар асуудлыг гаргаж тавьдаг Амарлинг ч өдгөө дэмжих дэмжлэг нь буурч байгаа нь харамсалтай. Асуудлыг зөвөөр гаргаж тавихад хуурамч “эх орончид” дундуур нь орж будлиантуулан замхруулдаг жишиг бий болжээ. Улстөрчдийн хууль бус үйл ажиллагаа, гаргасан буруу шийдвэрүүдийн булхайг няцаах аргагүй баталгаа нотолгоотойгоор нийтэд гаргаж мэдээлдэг улстөрөөс хамааралгүй, олон нийтийн судалгааны байгууллага байгуулж, тэднийг дэмжиж ажиллах цаг нэгэнт болжээ.

Бодлогогүй хариуцлагагүй, хувийн эрх ашгаа дээдэлсэн улстөрчдийн уршгаар Монголын төр арчаагүйдэж, хэн дуртай хүмүүс нь очиж нулимж болдог самбар болж хувирчээ. Харин эднийг иргэд бид өөрсдөө сонгож, өөрсдөө л өөгшүүлдэг. Дараа нь өөрсдөө бухимдан харааж зүхдэг. Харин хаширдаггүй. Бас өөрчилдөггүй, өөрчлөгдөхийг ч хүсдэггүй. Харамсалтай байгаа биз.

Бизнесменүүдийг үзэн ядахуй

Уул уурхайгаар “халуурсан” монголчууд бид аль нэгэн ордыг гадаадынхан авбал “луйвардлаа” гэнэ, дотоодын компани нь авбал “хуйвалдлаа” гэнэ. Улстөр нь хутгалдахгүйгээр бизнесийн зарчмаар явагддаг олон улсын жишгийг бид ерөөсөө ойлгохгүй. Улстөр нь бизнес болон хувирсан монголчуудын хувьд өөрсдийн ашиг сонирхлоо шингээхгүйгээр уул уурхайн үйлдвэрлэлийг явуулах хүсэл үгүй. Амжилттай бизнес эрхлэхээр оролдлого хийж байгаа бизнесменүүд аргаа мухардахаар МАН, АН-ын бүлэглэлүүдийн гишүүдэд “хувь хүртээж” байж, эсвэл өөрсдөө улстөрд орж лобби хийж байж бизнесээ явуулах боломж олж байдаг нь үүний нотолгоо. Таван толгойн орд газруудын талаарх МСS групп, төмөр замын талаар “Женко” группуудын саналд хандаж байгаа олон нийтийн хандлага нь үүний жишээ. Бизнесийн санал ярьж байгаа хүний бизнесийн саналд дүгнэлт хийхээсээ илүүтэй тэр хүний хэрхэн баяжсан хийгээд хэрхэн луйвар хийсэн тухай гомдоллосон үгсүүд “эх оронч” дын амнаас урсана. Тэгээд тэднийг “авч ч чадахгүй, хаяж ч чадахгүй” тээг байдалд оруулж байж сая санаа нь амарцгаана. Чамд ч үгүй, надад ч үгүй. Гунигтай байгаа биз.

Монголчууд бид эдийн засгийн хувьд бусдаас хараат бус хөгжье гэвэл үндэсний үйлдвэрлэл, тэдэн дээр өндийж боссон үндэстний бизнесменүүд үгүйгээр чадна гэж үү? Хичнээн алдаа оноотой байлаа ч бид бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байж, бизнесээ хөдөлгөж байж суралцана. Гадаадын хөрөнгө оруулалт нь бидний дэлхийн хэмжээнд сэтгэж, олон улсын зарчмаар бизнесээ эрхлэн амжилттай хөгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Харин энэ бүхний ард Монгол улсын тусгаар тогтнол, нийт ард иргэдийн эрх ашиг оршиж байх учиртай. Харин Монголын өсч өндийж байгаа цөөхөн бизнесменүүд нь өөр хоорондоо ойлголцдоггүй, уулзаж учраа ололцдоггүй, нэгэн эрх ашгийн төлөө нэгдэж чаддаггүйн зовлон их байнаа. Тэдний дундуур гүйсэн улстөрчдийн хувийн сонирхол, хуурамч “эх оронч” дын алсын хараатай шантаажны “хар муур” ууд гүйлдсээр. Хууль бусаар баяжсан, хөдөлмөр зүтгэлээр баяжсан эрхмүүдийг мөнгөнд хэрхэн хандаж байгаа, мөнгийг хэрхэн үнэлж байгаагаар нь ялгаж мэдэж болно. Харин шударга хөдөлмөрөөрөө “баяжиж” байгаа бизнесменүүдийг “үзэн ядаж”, тэдэнд тэгтлээ саад болохгүй байвал тэдний төлж буй татвараар бид олон асуудлаа шийдэж чадна даа.

Харин бид өөрсдөө…

Бидний олонхийн шударгаар хөдөлмөрлөхгүй, хичээж зүтгэхгүйгээр баян амьдрах мөрөөдөл нь цахим ертөнцөөр урсаж байгаа “мөнгөний зурганд шейр хийгээд баяжиж болох”, хэн нэгэн үзмэрчийн “түрүүвчээрээ даллан хурайлаад баяжиж болох”, “Баян Намсрай бурхныг гэртээ шүтээд баяжиж болох”, за тэгээд мөнгөний даллага болдог мод, могой, элдэв зургуудыг тахин шүтэх тухай ухуулгуудаар илэрнэ. Хувь хүмүүсийн шүтлэг бишрэл нь хувийн асуудал хэдий ч эдгээр нь арай л хөөсөрсөн сэтгэлгээ. Өөрсдөө хичээж хөдөлмөрлөхгүй байж өрөөл бусдын чинээлэг амьдралд атаархаж хорсоно гэдэг тэнэг хэрэг. Амар хялбар аргаар мөнгө олох боломж нь хулгай, луйвар, биеэ үнэлэлт гурав. Тэглээ гээд хүний сэтгэл ханана гэж үү? Төр засаг арчаатай, арчаагүй байхаас үл хамааран өөрийн чадал, чадвар боломжоороо хөдөлмөрлөж байж л бид сайхан амьдарна. Өөр сонголт үгүй. Дээд сургууль төгссөн дипломтой л бол “сайхан амьдарна” гэдэг социализмын сэтгэлгээнээсээ салж, хүнд хэрэгтэй хэрэгцээтэй сайн зүйлсийг бүтээж байж сайхан амьдардаг гэдгээ ойлгох цаг нь болжээ. Чиний хийсэн зүйлийг худалдаж авч байгаа, чиний үйлчилгээнд мөнгө төлж байгаа болгон чиний үйлчлүүлэгч, бас чамайг санхүүжүүлэгч гэдгийг бид ойлгож тэдэнд талархан, тэднийг хүндлэх цаг ирсэн. Бага зүйл гэж үгүй, харин сэтгэлээсээ хийж байгаа бүхэн тань үнэтэй.

…Харин монголчууд бид уул уурхайгаас олсон мөнгөнөөс “хувь хүртэж сайхан амьдрах болно” гэдэг ахархан бодлоосоо болж улстөржиж, “эх орончид” болцгоож байна. Бусдаас хамааралгүй өөрийн чадлаараа ажиллаж амьдрах боломж нь бидний байгуулах гэж байгаа нийгэм. Бид л халамжинд найдаад хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй, болж бүтэхгүй байгаа зүйлийнхээ бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайгаад байгаадаа өөрсдийгөө зовоогоод байгаа хэрэг. Харааж зүхээд, дагаж зусардан давруулаад байгаа улстөрчдөө бид өөрсдөө л сонгодог. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг дээ. Бидэнд дахиад зөндөө олон сонголтууд байгаа. Харин бид өөрсдөө газар дээрх “баялаг” гэдгээ мартаж боломгүй. Хөрсөн доорх баялаг нэгэн цагт дуусахад бидний мундаг үр хүүхдүүд Монголын баялаг болж дэлхийд үнэлэгдсээр үлдэх болно. Харин бид одоо л бага “хөөсөрч”, алив асуудлыг бодитоор харж, бодлогоор дүгнэх сэн дээ.

Share Your Thoughts