Цаг хугацаа

…Цаг хугацаа хором ч зогсолтгүй урагшилна. Яг л голын ус мэт. Тасралтгүй мяралзан урсах голын ус бүхнийг хаман одох төдийгүй ёроолдоо байх чулууг хүртэл мөлийлгөн өнгөлнө. Ус зөөлөн хэдий ч хурц ирмэгтэй хатуу чулууг бөв бөөрөнхий болгон мөлийлгөн өнгөлөх нь тасралтгүй, зогсолтгүй урсах урсгалын шуд буюу.
Хүмүүс бид энэ амьдралд цаг хугацааны урсгал дунд элэгдэж мөлийдөг. Яг л чулуу мэт. Бүхнийг мэднэ чадна, би бүхнээс илүү мундаг гэж бодох омголон бардам залуу насандаа, хүний гарыг ч зүсэх хурц ирмэгтэй чулуу мэт. Бүх л зүйлд болгоомжтой хандан гурвантаа тунгаан бодож нэгэнтээ шийдэх идэр насандаа тал нь хурц ирмэгтэй атлаа тал нь элэгдэж мөлийсөн гоёмсог  чамин чулуу мэт. Алив зүйлд уужуу ухаан, ууч сэтгэлээр хандах өтөл насандаа хаанаас нь харсан өөлөх аргагүй өөхөн чулуу мэт.
Хүмүүс бид өөрсдөө ч үл анзаарах цаг хугацааны урсгалд элэгдэж эмтэрч, өөрсдөө ч үл анзаарахаар өөрчлөгдөж хувьсана. Цаг хугацааг зогсоож үл болдогийн адил өнгөрсөн тавиланг эргүүлж үл болох.  Зогсоож  болдоггүй цаг хугацааны урсгалд эргүүлж болдоггүй тавилангаа хэрхэн дааж явах нь эрдэнэт хүмүүний ухааны цараанаас хамаардаг гэнэм.

Цаг хугацаа бүхний шалгуур
– Би ганцxан чамдаа л хайртай. Чамгүйгээр би амьдарч чадахгүй. Бүх насаараа ганцxан чамдаа л үнэнч байж чадна.
Дурлалдаа мансуурч ичимхий сарны бүүдгэр туяан дор энхрий түүнийхээ гарыг илбэн байж амалсан амлалтын үнэн худлыг өөр хэн ч биш зөвхөн цаг хугацаа л шалгаж нотолдог. Өдий хүртэл бие биенээ хайрлан халамжлах үнэнч сэтгэлийг, өөр хоорондоо муудалцан салж холдсон хэрнээ өр зүрхэндээ сэм шаналах ууч сэтгэлийг, цаг зуурын жаргалд бусдын сэтгэлийг сэмэлж, цаанаа ч шаналах зүйлгүй мартаж мартагдахын харгалдааныг цаг хугацаа л илчлэн харуулдаг.
-Аав ээжийгээ ачлан хайрлаж, халамжлан жаргаах амлалтын худал үнэнийг цаг хугацаа л шалгаж нотолдог.
Ээж аавдаа чин хайраар талархах сэтгэлийг, эрхэлж тэнэглэхийн завсар нойрыг нь хулжаан сэтгэлийг нь чилээх тамлалыг, наанаа худал хөөрхийлэвч цаанаа хөрөнгө мөнгөнд нь шунах цэвдэг мунхаглалыг, амьдрал даахгүй үйлээ аав ээждээ давхар үүрүүлэх арчаагүйдлийг, өрөөл бусдыг бус зөвхөн өөрийгөө гэх өчүүхэн тэнэглэлийг цаг хугацаа л илчлэн харуулдаг.
-Анд нөхдийн нөхөрлөл, итгэл сэтгэлийн бат бөхийг цаг хугацаа л шалган нотолдог.
Балчир бага наснаасаа хамтдаа тоглон, хамтдаа уйлж дуулж өссөн цагаахан сэтгэлийн үерхлийг, хатуу хүнд цагт чин сэтгэлээр нөхөрлөсөн нөхөрлөлийн чанарыг, эрх мэдэл албан тушаалд дулдуйдсан зусар зулгуй хандлагыг, энэхэн зуурын ашиг хайсан тооцоотой нөхөрлөлийг, атаархал хорслоо нуун байж хуурамчаар инээх хэврэгхэн үерхлийг, архи дарсанд хөлчүүрхэн байж бие биенээ хөөргөн магтах түр зуурын найзыг цаг хугацаа л илчлэн харуулдаг.
-Яг тэр мөчид өмнө минь тулгарч давж гарах аргагүй мэт санагдан мухардах бэрхшээл, хожмын нэгэн цагт алхаад гарч болох жижигхэн саад мэт санагдах нь бий. Яахын аргагүй гайхамшигтай мэт санагдан бишрүүлж асан бүхэн хожмын нэгэн цагт эгэл жирийн мэт санагдах нь бий. Гарцаагүй үнэн, өөр юутай ч зүйрлэшгүй мэт санагдаж байсан бүхэн хожмын нэгэн цагт, гаргалгаа нь өөр, бодлогын олон хариу мэт санагдах нь бий.
Бид өнөөдөр бусдад олон зүйл амалж, бусдад тустай гайтай олон үйлийг үйлдэж, бусдын нүдэнд сайхан муухай олон янзаар харагдаж, бусдын сэтгэлд сайн муу олон янзаар дурсагдавч, бидний хэн байсныг бас хэн болохыг цаг хугацааны урсгал л нотлон харуулдаг аж.

Цаг хугацаа бүхнийг элээдэг
…Хашааныхаа гадна хаврын ээвэр наранд дулаацах гэж нарлах суугаа хөгшчүүдийн хажуугаар өнгөрөх хүн бүхэн, тэдний тухай нэгийг боддог. “Хөөрхий дөө, хэцүү л байгаа байхдаа”  гэж бодох нэгэн байхад, хөөргөн ойворгон зарим нь “хөгширч үхэх гэж байж” хэмээн мөнхийн юм шиг санах залуу насны аагиа гайхуулна. Өрөвч сэтгэлтэй зарим нь “өө та чинь ануухан байна шүү” гэж урмын үг хэлнэ.
Цаг хугацааны урсгалд элэгдэж мөлийсэн тэднийг харахдаа ” бид нэгэн цагт эдэн шиг л болно шүү дээ” гэж бодож чаддаггүй. Үрчлээтэж холцруутсан нүүр нь нэгэн цагт үзэсгэлэн гоогоороо бусдыг бишрүүлж, дурлуулж л байсан, ус гүйж хаван суусан нүд нь цагтаа тормолзон ирмэж бусдыг дуудаж л байсан, бөгтийж атийсан нуруу нь цагтаа залуу хус мод шиг гуалиг сайхнаараа гунхалзаж л байсан, таяг тулж жижиг биеэ дааж ядах хөл нь цагтаа тэгш сайхнаараа гайхуулж байсан.  Харин бид энэ бүхнийг сэтгэлдээ ургуулж, нүдэндээ төсөөлөн харж чаддаггүй.
Юу юунаас илүү тэдний сэтгэлийн бөх батыг бид анзаардаггүй. Нэгэн цагийн залуу улиас өвгөн мод болтлоо ургаж, цэцэглэхдээ үндэс нь салаалж, газарт бат шигдэж, хэрийн хүчтэй салхи шуурганд булгарч унадаггүйн адил тэдний амьдралын туршлага, хурааж хуримтлуулсан ухаарал бүхэн нь юутай ч зүйрлэшгүй.
Харин бид өөрсдийгөө мөнхөд залуу байх юм шиг л санаж омогшсоор.  Харин цаг хугацаа урсан урссаар…

…Бид залуу насандаа санаатай болон санамсаргүйгэээр бусдад гомдож, бусдыг гомдоодог. Тэр л омголон үедээ юуг ч эргэцүүлж, зогтусахгүйгээр өөрийнхөөрөө л бүхнийг шийднэ. Заримдаа буруу зүйл хийж буйгаа ч анзаардаггүй, анзаарсан ч зөвшөөрч чаддаггүй.
Харин цаг хугацааны урсгалд аажим аажмаар элэгдэхдээ олон зүйлийг өөрөөр харж өөрөөр эргэцүүлнэ. “Тэр үед би тэнэг байж дээ! тэсч болох л байсан шүү дээ” гэх харамсал нь эргүүлж болдоггүй цаг хугацааны тохуурхал мэт. Болж өнгөрсөн олон зүйлийг, болж болох байсан олон тохиолдлуудтай жишихдээ, бодлого ганц хариутай биш олон гаргалгаатай байж болохыг ухаарахдаа бусдыг уучлах сэтгэлтэй болдог.
Цаг хугацааны зогсолтгүй урсгал тэр л хүмүүний сэтгэлд ухаарал болон ууч сэтгэлийг шингээж байдаг гэнэм. Өтөл хүн болгон ухаантай байж чадахгүй ч ууч сэтгэлтэй байж чаддаг нь сэтгэлийн омголонг элээх цаг хугацааны урсгалын шид. Яг л голын усанд элэгдэж мөлийсэн гоёмсог чулуу мэт.
Бид өнөөдөр эрч хүчтэй, гоо сайхан, омголон бардам явавч цаг хугацаа бүхнийг элээдэг. Бид элэгдэхдээ ухаарал, ууч сэтгэлийг өөртөө илүү шингээнэ. Бидний ирээдүй болсон өнөөгийн ахмадууд энэ л элэгдлийн жишиг. Тэднийг хайрлан халамжилж, бас үгийг нь сонсч байх сан. Бид маргааш хүссэн хүсээгүй тэдэн шиг л болно.

Цаг хугацаа бүхнийг ухааруулдаг
“Бидэнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрээр ганцxан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй.” Oросын зохиолч Н.Островскийн хэлсэн энэ үгэнд би дуртай.

Амьдралдаа хожим харамсахгүйн тулд бусдын бүх л зүйлийг дуурайх биш, өөрийнхөөрөө байх хэрэгтэй болдог. Учир нь хүн гэдэг хэзээ ч давтагдашгүй өвөрмөц ертөнц. Таны өөртөө бий болгосон эрдэм мэдлэг, авьяас чадвар, ухаарал бүхэн өөр хэний ч бус зөвхөн таны л баялаг. Танд тохиолдож байгаа бүхэн өөр бусдад заавал тохиолдох албагүй болохоор та л өөрөө шийдэх хэрэгтэй болдог. Таны шийдвэр үйлдэл бүхэн нь танд л хамаатай болохоор үүнийхээ сайн муу үр дагаврыг та л өөрөө хариуцаж үүрэх болно.
Цаг хугацааны урсгал, бидний хүссэн ч эс хүссэнээс шалтгаалахгүйгээр олон зүйлийг бидэнд ухааруулж ойлгуулж байдаг. Өрөөл бусадтай заавал муудалцаж, өс хонзон өвөрлөж өөрийгөө зовоох хэрэггүйг, өнгөрсөн алдаа бүхэндээ гуньж гутран уруу дорой явах хэрэггүйг, өрөөл бусдыг зусардан дагалдаж өөрийн үнэ цэнээ алдах хэрэггүйг бидэнд хэлж өгдөг. Бусдад сайхан сэтгэлээр туслаад буцааж хариу нэхэх хэрэггүйг, бор сархадад толгойгоо мэдүүлж цаг хугацааг алдах хэрэггүйг, бусдын дэмэнд найдаж өөрийн боломж чадлаа алдах хэрэггүйг сануулдаг. Өөртөө эдийн баялаг бус эрдмийн баялаг хураах хэрэгтэйг, элдэв бэрхшээлд сөгдөж суулгүйгээр давж гарч сурах хэрэгтэйг, энэ бүхний эцэст өөрөө өөртөө л эзэн байж, хүн чанараа хадгалж явах хэрэгтэйг бидэнд ухааруулдаг.
…Цаг хугацаа урсан урссаар. Яг л тунгалагхан голын мяралзах урсгал мэт. Харин бид өөрсдийгөө мөнхийн залуу, үргэлж бардам, бас гоо сайхан байх юм шиг л санасаар. Цаг хугацаа нэг л мэдэхэд биднийг элээж , голын чулуу мэт мөлийлгэхэд өөртөө харамсахгүй л байх сан даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010 -10 -10

Share Your Thoughts