Цол дагаж бяр уу? мөнгө үү?

…Монголд минь энэ зуны их наадам цэнгээн өндөрлөх шатандаа орж буй бололтой. Хааяадаа Монгол руу хэн нэгэнтэй утсаар ярихаар энд тэндгүй наадам цэнгээн болж буй тухай л хууч хөөрөх. Нэгэн цагт “Наадмын дараа намар” гэдэг хэллэг байсан бол өдгөө цагт “Наадмын дараа наадам, бас дахин наадам” гэдэг хэллэгтэй болсон бололтой. Монгол орон минь хөгжлийн оргилд хүрсэн аятай л наадаж цэнгэх юм. Эрхэм түшээд нь эгэл ард нь ч энэ л өдрүүдэд наадмаар амьсгалж, наргиан цэнгээн дүүрэн байх нь баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг…
Нэгэн цагт экс ерөнхийлэгч Н.Энхбаярын “гэгээрэх мөч”-дөө айлдсан “Түмэн олон жаргаж, төрийн түшээд нь зовох ёстой” гэдэг айлдвартай жишиж үзвэл “Төрийн түшээд нь ч, түмэн олон ч хамтдаа жаргаж” байгаа нь жаахан эргэлзээ төрүүлэх аж. За тэр ч яахав.

…Энэ жилийн наадам сайхан болсон. Их л олон түүхт ой давхацсан билэг дэмбэрэлтэй энэ наадамд эр бяр, эрч хүчтэй залуус “уран мэхийг уралдуулан, эр чадлыг гайхуулан” байж наадмын их шөвөг болон үзүүр түрүүнд шалгарч түмэн олныг үнэхээр баясуулан цэнгүүлэв.

Тэднийг харан баяссан олон ч хүмүүс “Одоо л монгол үндэсний бөхөд найрааг арилгаж, үнэн хүч чадлыг үзүүлэх болж дээ” хэмээн сэтгэл лугаа тэнэгэр байсан. Үнэхээр сүүлийн жилүүдэд монгол бөхөд амь бөхтэй оршсон “найраа”-ны уршгаар зүлэг ногоон дэвжээн дээр “жүжиг маягийн
театрчилсан тоглолт” үзэж залхсан хүмүүсийн урам зориг нь алдарч байсан нь үнэн. Үндэсний бөхдөө дуртай, үнэн хүчит бөхдөө хайртай ард түмэн жил жилийн энэ л наадмаар жилийн турш ярих сониноо цуглуулж, сэтгэлийн алжаалаа тайлж, хийморио сэргээдэг. Угаасаа “юм үнэнээрээ байх л сайхан” гэж ярьдаг монголчууд худал хуурмаг зүйлд дургүй.
…Харин наадмаас хойш зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр болон хүмүүсийн ам  дамжсан яриагаар Монгол үндэсний бөхийн найраа арилах бүү хэл улам ч өргөжин тэлж, ханш нь үнийн өсөлтийн хурдаас хол давж байгаа гэнэ. Энэ жилийн наадмын “начин” болон бусад цолны ханш 100 саяас 250 сая төгрөгт хүрсэн гэлцэнэ. Урьд нь 3, 4-ийн даваанаас яригддаг байсан найраа өдгөө 1-ийн даваанаас эхлэн яригддаг болсон гэх. Бас энэхүү “найраа” гэгч зөвхөн улсын баяр наадмаас хальж, аймаг сумын наадамд хийгдэх болсон бололтой.
Мэдээж энэ бол баримтгүй, ам дамжсан яриа таамаг төдий зүйл болохоор аймгуудын наадмын тухай мэдээллийг сонирхож үзлээ. Монголын 21 аймгийн наадамд Говьсүмбэр /у.а Д Азжаргал/ Дорноговь /у.х А. Цацабшир/ Өвөрхангай /у.а Д.Ганхуяг/ Сэлэнгэ /у.аварга Г.Эрхэмбаяр/ Увс /у.а Б.Ганбат/ Хөвсгөл /у.а Мөнхбаатар/ нарын улсын цолтой бөхчүүд түрүүлж, ихэнх аймгуудад аймгийн болон сумын начин, заан цолтой бөхчүүд түрүүлжээ. Гэхдээ ихэнх аймгуудын наадамд улсын цолтой олон бөхчүүд очиж барилдсан байхад шүү дээ.

Цол дагаж…?

…-Монголын үндэсний бөхөд “цол дагаж бяр” гэдэг хэллэг бий. Мэдээж өөрийн бяр чадал, уран мэхээрээ олныг баясуулан байж “цол” хүртсэн бөхчүүд урам орж, “олны итгэлийг дааж үүнээсээ муу барилдаж болохгүй” гэсэн сэтгэлийн хичээл зүтгэлээр улам ч амжилттай барилддаг. Бас монгол бөхийн ам авах ёс ч барилдааны амжилтад их ч нөлөөлнө. Монгол бөхийн цол хүртэнэ гэдэг амаргүй хэдий ч дааж явахад хүнддэхээр хүндэтгэл дагаж ирдэг. Тийм болохоор бөхчүүд хүмүүсийн хүндэтгэлийг дааж явахын тулд хүссэн ч хүсээгүй биеэ сайнаар авч явж,
хэлэх үгээ хүртэл цэнэж, алив ёс жудагт суралцах хэрэгтэй болдог аж. Бөхөө дээдэлдэг монголчууд, нэр алдартай бөхөө зочлоод ирэхэд хоймроо залж, идээний дээжийг хүндэтгэн барьж, хийморь сүлдийг нь дээдлэн чухалчилна.  Энэ нь “нутаг усны нэр сүрийг авч яваа” гэж хүндэлдэг хүндэтгэлээс үүдэлтэй.. Энэ хэрээрээ сайны жишээ болгож, санаатай болон санамсаргүй муу үйлдлийг ч өршөөж уучлахад бэлэн байдаг. Юу юунаас илүү монгол бөхийн жудаг гэдгийг л хаа хаанаа эрхэмлэн сахидаг байж.

…-Харин өнөө цагт “цол дагаж мөнгө” ирдэг болж. Улсын цол авсан бөхөд нутгийн зөвлөлөөс эхлээд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд “мялаалга” болгон бэлэг сэлт болон хандив өргөнө. Хамгийн багадаа суурь сууриар мал цуглаж, унах унаа, суух байрыг нь хүртэл бэлтгэж өгч “хүндэлнэ”. Энэ нь сумаас эхлээд аймаг, улсын хэмжээнд нийтлэг жишиг болон тогтож дээ. Жишгээс гадна нууцxан өрсөлдөөн маягийн хөдөлгөөн болон хувирсан нь нууц биш.
“За нөхөд минь нутгийн нэрийг улсад гаргасан бөхдөө ахиухан юм өгч нүнжигтэй хандахгүй бол, бусад нутгийнхны шившиг болж мэднэ” гэхчилэн ярилцаад нутаг усны нэрээ “бузарлачихгүйн тулд” хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахуу юм болж хамаг байдгаа шавхацгаана. Сэтгэлдээ хичнээн дургуй байлаа ч “нутаг усны нэр хүнд” гэдэг айхавтар “жишиг” олныг дагаж “хийрхэх”-ээс өөр аргагүйд хүргэнэ. Энэ жилийн үзүүр түрүүний бөхчүүд олонд ил байгаагаас 4 өрөө байр, сүүлийн үеийн загварын “Lexus 570” машинаар шагнуулж олныг гайхуулав. За тэгээд
энэ бол зөвхөн эхлэл. Үүний цаана үргэжлэх их бэлгийн цувааг хэн тоолж барна гэж?
…-Энэ их хийрхэл, өрсөлдөөн л өнөөгийн Монголын залуусыг бөх болох их замналд дуудан хөтөлж байгаа. Монгол бөхийн холбооны төлөвлөж байгаагаар удахгүй 4000 гаран монгол бөх барилдуулж Гиннессийн номонд орох гэнэ. Ядаж байхад Гиннесийн номонд орох өрсөлдөөнөөс гажиж чадахгүй. Өөрийн оюун ухаанаар биш, эрдэм мэдлэгээр биш, арай дөт аргаар их мөнгө олж, нэр алдарт хүрэх боломж нь өнөөгийн Монгол залуусын дунд “дуу дуулах”, ” бөх барилдах” болж байгаа гэхэд хилсдэхгүй байхаа. Мэдээж үүн дотор илүү авьяас чадвартай, ирээдүйтэй
мундаг залуус зөндөө бий л дээ. Гэхдээ ном унших, боловсрох, өөрт хэрэгтэй мэргэжил чадвараас үүнийг илүүд үзэж байгаа залуус даанч олон байгаа. Бөх сайн барилдсанаар, дууг сайн дуулснаар улс орон хөгждөг бол яая гэхэв. Спортоор урлагаар олон залуус хичээллэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг ийм олноороо амьдралын зорилго, “олзны их булаг”  болгож байгаа нь цөөхөн хүн амтай монголчууд бидэнд арай л зохимжгүй мэт.
Улс орны хөгжилд залуусын оролцоо өнөө цагт даанч их хэрэгтэй байгаа. Ядаж л уул уурхай болон барилга замын бүтээн байгуулалтад монгол залуус ажиллаж байвал хичнээн сайхан.

Энэ бүхнийг хэн өгдөөгөөд байна вэ?

1. Нутгийн зөвлөл
Монгол бөхийн найраанд их хүчтэй хувь нэмэр оруулж байгаа болон оруулсаар өдий болсон албан ёсны байгууллага бол аймаг аймгийн нутгийн зөвлөл. Наадам болгоны өмнө нутгийн зөвлөлийг удирдаж байгаа хүмүүсийн дунд “энэ жил хэнийг улсын цолонд хүргэж, нутаг усныхаа нэрийг гаргах вэ?” гэсэн хөгжөөнтэй болон хоржоонтой асуудал өрнөх. Хэнийг гэдгийгээ товлосны дараа үүнд “авилгал” болгон зарцуулах мөнгөний асуудлыг шийдэх даваа тулгарна. “Нутаг усны нэр хүнд” гэдэг алдарт уриа, тэр л нутгаас төрж гарсан бизнесменүүдийг халаасаа
тэмтрэхэд хүргэнэ. Үүний дараа “найрааг зохицуулах” нэр нөлөө бүхий хүмүүс ажилдаа орно. Хэрэв найруулга амжилттай болж нутгийн бөх цол авч чадвал “мялаалгын арга хэмжээ” төлөвлөгдөнө. За тэгээд л наадмын дараа энгүй их найр, мялаалга өрнөж “нутгийн нэрийг өндрөөс өндөрт өргөсөн” эрхмүүд мандан бадрах авай.
“Нутгийн зөвлөл” гэгчид тэр л нутгаас төрж гарсан улстөрчид, бизнесменүүд, нөлөө бүхий нэр алдартангууд байх нь элбэг. Тэдэнд нутаг усны хөгжил, элдэв асуудал огт хамаагүй. Тэр бол төрийн асуудал. Гагцxүү нутгийн нэрийг гаргаж байх нь л чухал. Тэдний үндсэн ажил нь Монголын уламжлалт баяр болох наадам, цагаан сараар л хязгаарлагдана. Цол авсан бөхдөө үнэтэй машин бэлэглэж байхдаа сумынх нь эмнэлэгт түргэн тусамжийн машин дутагдаж байгааг анзаарах ч үгүй. Суурь сууриар мал өргөж байхдаа тэр л нутгийн өвдөж ядарсан, бусдын тус
хэрэгтэй байгаа хэн нэгнийг санах ч үгүй.

2. Аж ахуйн нэгж, алдарт компаниуд
Сүүлийн үед гэнэт баяжиж, олж буй мөнгөө хэрхэн зарцуулах ухаанаа олохгүй байгаа, эсвэл их зээлтэй хэрнээ зээлээ төлөхгүй мөртлөө бусдад “баян, буянтай” болж харагдах хүсэлтэй аж ахуйн нэгж, пүүс компаниуд хурдан морь, хүчит бөхчүүдээр өөрсдийгөө гоёх болжээ. Харин сур харваачид л одоохондоо аргаа олохгүй байгаа бололтой.  “Aйсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн ална”гэдэгчлэн хууль бус аргаар баяжигсад цаанаа буянтай дүр эсгэн, наанаа бусдын анхаарлыг татах хүслээр ингэж хандах нь их болсон. Яг үнэндээ шударга хөдөлмөр болон
сайн менежментээр амжилтад хүрч буй олон ч аж ахуйн нэгжүүд болон компаниуд ийм асуудлаар хөөцөлддөггүй бөгөөд ийм боломж ч үгүй. Тэдэнд үүнээс ч илүү хийх ажлууд их байгаа.
Өсч яваа ирээдүйтэй залуу бөхчүүдийг ивээлдээ авч улсын цолонд хүргэхийн тулд их хэмжээний мөнгөөр найрааг зохион байгуулахад оролцдог компаниудын тоо жилээс жилд өссөөр л байна. Хэн нэгийг улсын цолонд хүргэхийн тулд авилгал болгон өгч буй тэр их мөнгөө улс орны болон өөрсдийн хөгжилд зарцуулбал хичнээн их асуудал шийдэж болох байсныг тэд тооцохгүй. Тэдэнд улс орны хөгжил тэгтлээ чухал биш, өөрсдийн нэр алдар нь хэн нэгнээр дамжин олны анхааралд өртөж байх нь л чухал

3. Монгол төрийн оролцоо
“Монголын үндэсний баяр наадмын тухай хууль”-д зааснаар тухайн жилд улсын цолд хүрсэн бөхчүүдийг Монгол Улсын Ерөнхийлэгчийн зарлигаар батламжилдаг болсон. Энэ бол монгол бөхийн цолыг “Төрийн шагнал”-ын хэмжээнд аваачиж байгаа “хүндэтгэл”. Энэ хүндэтгэлийг дагасан их хийрхэл л дэлхийн хэмжээнд гаргасан урлаг спортын амжилтыг “үндэсний” бөх морьдын хажууд “жижиг” болгон харагдуулж байна. Төрийн зүгээс дагалдаж буй шагналаас илүүтэй, нийтлэг хандлага болон олон нийтийг “хөлдөө чирж” буй хийрхэл нь энэ үзэгдлийг бий болгож
байгаа.
Тухайн жилийн баяр наадмаар найраатай ч найраагүй ч, будлиантай ч будлиангүй ч нэг л  удаа улсын цол авч байгаа тэр бөх, энэ цолоо хэзээ ч баталж чадахгүй байсан ч насан туршдаа үүгээрээ л  цоллуулж байдаг нь арай ч шударга бус явдал. Хэн нэгэнд мөнгө өгч “найраад” авч буй улсын цолоо хэзээ ч баталж чадахгүй байхад, хуурамч энэ цолыг Монголын Төр баталгаажуулж байгаад хамаг учир байгаа юм. Аливаа хүндэтгэл болон цол шагналд өөрийн гэсэн хэм хэмжээ, тодорхой шалгуур заавал байх учиртай. Энэ асуудлаас болж Монголын Төрийн
хүндэтгэлийн утга учир алдагдаад байгаа юм.
Өөрөө хүчээр цол авч чадахгүй байж өрөөл бусдын дэмжлэгээр нэг л удаа улсын цол авчихаад, насан туршдаа үүгээрээ гайхуулахаас ичихгүй байна гэдэг хувь хүний асуудал гэхээсээ бусдад муу нөлөө үзүүлж байгаа гэдгийг хэн ч тооцдоггүй. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг үг бий.

Үндэсний бөхөд шинэчлэл хэрэгтэй болжээ

…Уламжлал гэхээсээ Монголын үндэсний бөхөд өнөөгийн нөхцөлд таацуулсан шинэчлэл хийх цаг болжээ. Өнөө цагт монголын үндэсний бөхөөр олон залуучууд тасралтгүй хичээллэж, байнгын бэлтгэлтэй байх болсон нь хөгжүүлэх нэгэн үндэслэл. Нөгөө талаар жилд нэг л удаа болдог үндэсний баяр наадмаар улсын цол олгож хүндэтгэл үзүүлж байгаа нь үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуусын жилийн орлогоо олох ганц л боломж болон хувирч байна.
Наадамд түрүүлж чадахгүйгээс хойш найраанд оролцоод жилдээ хэрэглэх мөнгөө олно гэдэг хэн ч бодсон ашигтай зүйл. Үндэсний бөхөөр хичээллээд байнгын орлоготой байх боломжгүй учраас тэднийг буруутгах үндэс бас алга. Монголын үндэсний бөхийн дүрэмд хичнээн заалт оруулаад ч найрааг арилгана гэдэг боломжгүй зүйл болж байна.
…Аливаа спорт мөнгөтэй их холбогдоод ирэхээр л “мэргэжлийн” тал руугаа орж эхэлдэг. Учир нь үүгээр тамирчид ч дасгалжуулагчид ч, зохион байгуулагчид ч, үзэгчид ч мөнгө олохыг хүсэцгээдэг. Гэхдээ нууцаар, найраагаар бус шударгаар. Харин энэ асуудалд төр л хутгалдаж ” нэр хүндээ барах”  хэрэггүй юм байгаа юм даа. Энэ бол бөхийн холбоодын шийдэж болох асуудал. Гэхдээ анхаарвал зохилтой хэдэн асуудал байнаа.
1. Бөхийн цолыг олгох шалгуур болон жишгээ эргэж наг хармаар. Сум, аймаг, улсын цол авсан бөх тодорхой хугацаанд буюу тодорхой нөхцөлд цолоо баталж чадаагүй бол цолыг нь хүчингүй болгодог тогтолцоо хэрэгтэй байна. Хэрэв цолыг нь хүчингүй болгодог байваас хэн ч ийм дэмий зүйлд их мөнгөө зарцуулж үрэхийг хүсэхгүй.
2. Бөхийн цолыг Ерөнхийлэгч бус Бөхийн Холбоо нь олгож байгууштай. Гэхдээ жилд нэг л удаа Улсын баяр наадмаар хэрхэн барилдсанаар нь биш тухайн жилийн туршийн барилдаанд хэрхэн барилдсан амжилтаар нь олговол илүү шударга болох мэт. Тэгвэл ядаж л “тэр өдрийн тэнгэр мэдэг” гэж аз туршихгүйгээр бүтэн жилд хичээж барилдах биз.
3. Харин үндэсний баяр наадмын барилдаанаа монгол уламжлалаараа явуулж, бай шагнал болон хүндэтгэлийг нь арай өөр байдлаар бодож олбол зүгээр байх. Үүнийг үндэсний ёс заншил, баяр наадам, ард олны цэнгэлийн хэмжээнд авч үзэн шийдвэл болох мэт.
Энэчлэнгээр “бүгдээрээ хэлэлцэн” зөв сайнаар шийдэж болох олон асуудал байгаа. Хамгийн гол нь Монгол үндэсний бөхчүүд маань “үнэн хүчийг үзэн”, “уран мэхийг уралдуулан” чин шударгаар барилдахыг л бид хүсч байгаа юм шүү дээ. Барилдаж байгаа нь ч үзэж байгаа нь ч монголчууд болохоор, үнэн хүчээрээ цол авсан нэг нь бяр, мэх нэмж, түмэн олондоо хайрлагдан хүндлэгдэж, тэр хайр хүндэтгэлийг бөхчүүд минь дааж явах болтугай.
Монгол бөхийн хийморь нь босоо байг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2011-08-05

Share Your Thoughts