Цэнхэр дэлгэц бол миний амьдрал

“Монголчууд Америкт” цуврал ярилцлага-32

Нэг. Намтрын товчоон

– УБ хотын 10 жилийн 53-р дунд сургууль
– Сувилагчийн дунд сургууль
– Москвагийн Останкины Төв Tелевизийн дэргэдэх Нэвтрvvлэгч, хөтлөгчийн дээд курс
– Радио Телевизийн Дээд Сургууль
– Монголын Vндэсний Телевизэд “Vдшийн хэмнэл “студийн хөтлөгч, Нэвтрvvлэгч, Нэвтрvvлэгчдийн албаны дарга, “Цагийн хvрд” нэвтрvvлгийн хөтлөгч
– AНУ дахь Монгол Телевизийн дэд захирал
– Америк дахь UМОN TV-ийн захирал

Хоёр: Олон нийтэч хүүхэд

-Г.Галбадрах: Хаана төрж, дунд сургуулиа хаана дүүргэв?

-Б.Уранчимэг: Улаанбаатар хотод төрсөн. 6-р сургуульд 1-р ангид элсэж, харин 10-р ангиа 53-р сургуульд төгссөн. Багаасаа л нийгмийн идэвхи сайтай хүүхэд байлаа. Сургууль дээр зохиогдох олон нийтийн ажилд байнга л оролцоно. Урлагийн үзлэг, төрөл бүрийн уралдаан тэмцээн, АСТ, уран гимнастикийн тоглолт гээд оролцохгүй юм байхгүй. Одоо ямар байгааг мэдэхгүй байна. Тэр үеийн сургуулиудад хичээлээс гадна маш олон төрлийн ажил зохион байгуулагдаж, хүүхдүүдийн авьяас сонирхлыг хөгжүүлэхэд бас ч нилээд нэмэр болж байсан юм шүү.

-Г.Галбадрах: Тийм ээ, хичээлээс гадуурх”Xүмүүжлийн ажил” гэж олон төрлийн ажлууд зохиогдож, сургууль хооронд төдийгүй Улсын хэмжээнд ч уралдаан тэмцээн их зохиогддог байсан.

-Б.Уранчимэг: Манай анги удирдсан багш Б.Цэрэндулам гэж монгол хэлний багш байсан. Биднээр зохион бичлэг их бичүүлнээ. Бас уран уншуулна. Их зохиолч Д.Нацагдоржийн шvлэг найрaглалыг биднээр байнга цээжлvvлнэ. Тэр үед улсын хэмжээгээр сурагчдын орос хэлний мэдлэгт туслах зорилготой “Бид Артект очно” гэж орос хэлээр бэлтгэж явуулдаг телевизийн уралдаант нэвтрүүлэг болдог байсан. Сургуулиасаа 4 хүүхэдтэй баг болж бэлтгэж оролцсон нь 2-р байранд шалгарч “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнагдаж байв. Тэр нэвтрүүлэгт оролцож байхдаа л анх удаа телевизийн нэвтрүүлэг яаж хийгддэгийг анх өөрийн биеэр үзэж, мэдэрч байсан юм. Намайг бага байхад аав ээж 2 минь их завгүй байсан болохоор би эмээ дээрээ өссөн. Эмээг маань Дагвын Янжмаа гэдэг. Одоо 92 настай ч ануухан хэвээрээ. Би эмээтэйгээ уулзах гэж Монгол руугаа явах дуртай.

-Г.Галбадрах: Аав, ээж 2-ийнхоо тухай товч танилцуулж болох уу?

Б.Уранчимэг: Аавыг маань Онхооны Баярхvv гэдэг. 1979 онд Москвагийн Хөгжмийн Дээд Сургуулийг хөгжмийн удирдаачийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймагт жил орчим, дараа нь Улаанбаатарт хуучнаар “Монголын Ардын Армийн Дуу Бvжгийн Ансамбль”-д хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад 1985 онд нас барсан. Хэдий аавын маань уран бvтээлийн зам богино байсан ч цэргийн хөгжимд зориулсан марш, ардын болон орчин vеийн дууны найруулга, утга уянгын дуу гээд тайз, дэлгэцийн олон бvтээлvvдийг туурвиж амжсан. Тэдгээрээс аавын минь зохиосон “Энхийн орон” гэдэг дууг нь МУГЖ О.Баярмагнай гуай дуулж Монголын радиогын алтан фондод бичүүлсэн нь одоог хvртэл хадгалагдан, эгшиглэж байдаг юм.

Миний ээжийг Дэмчигсvрэнгийн Оюун гэдэг. 27-р сургуульд олон жил багшаар ажиллаж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ээж минь хэдий багш мэргэжилтэй ч урлагийн маш их авъяастай, бүх ард тvмний урлагийн үзлэгүүдийн алт мөнгөн медалиудтай.
Миний дүү Б.Тулга ЦИС-ийг хөгжмийн удирдаачийн мэргэжлээр төгсөөд одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа. Аавыгаа залгамжилж байгаа урлагийн хүн. Энэ ч утгаараа, манай гэр бүлийн уур амьсгал соёл урлагт ойр байсан нь намайг урлагийн ертөнц рүү чиглүүлсэн байх гэж боддог.

-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд ямар сонголт хийсэн бэ?

-Б.Уранчимэг: 10-р ангиа төгсөөд УБДС-ийн монгол хэлний ангид шалгалт өгөөд тэнцээгүй. Тэр үед сэтгэлээр их унасан. Конкурсийн шалгалтад авсан онооныхоо дарааллаар Сувилагчийн Сургуульд орох боломжтой байлаа. Би “эмнэлгийн чиглэлийн хүн болно” гэж ер бодоогүй болохоор дургүй байсан. Харин ээж минь надад “Миний охин хүнд тариа хийгээд, хүнийг асраад сурчихад хэрэг л болно. Хоёрхон жил юу байхав” гэж зөвлөхөд нь үгнээс нь гаралгүй Сувилагчийн Сургуульд орлоо. Сувилагчийн Сургуульд ороод бас л олон нийтийн ажилд оролцож эхэлсэн. Оюутнуудын дунд явагддаг “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн тэмцээнд багаараа бэлтгэн оролцож “Ламбада”, “Рок н Ролл” бүжгүүдээр 2-р байр эзэлсэн. Тэр vед Монголын Үндэсний Телевизийн найруулагч Го.Бадарч гуай биднийг сонирхож, бидний бүжиглэсэн “Рок н Ролл” бүжгийг “Залуучуудын нэвтрүүлэг”-т оруулах санал тавьсан. Бид энэ нэвтрүүлэгт орохоор ТВ-дээр бичлэг хийлгэж байхад, бүжиглэж байгаа бидний 4 охиныг тус тусад нь зургийг нь авч байсанд бид жаахан гайхаад л өнгөрсөн. Гэтэл хожим нь энэ зургууд “Титэм” хамтлагын дуучин Тайванбатын дуулсан “Үзэсгэлэнт од” дууны клипэнд орсон байсан шүү. Тэгэхэд 2 дахь удаагаа МТВ-дээр бичлэг хийлгэж байгаа нь тэр.

-Г.Галбадрах: Сувилагчийн Сургуулиа төгсөөд?

-Б.Уранчимэг: Сувилагчийн Сургуулиа төгсөөд Радио Телевизийн Дээд Сургууль-д элсэхээр бэлтгэлээ. Энэ хооронд Сувилагчийн Сургуульдаа хөгжмийн лаборантаар 1 жил ажилласан л даа.

Гурав. Монгол Телевизийн “тогоо”-нд

Urna2

-Г.Галбадрах: РТДС-д суралцахаар аль хэдийн сонголтоо хийчихсэн байсан хэрэг үү?

-Б.Уранчимэг: Намайг 10-р анги төгсөх жил манайх 1-р хороололын шинэ байранд орохоор нүүсэн юм. Тэр үед хүүхдүүд орцондоо цугларч “Зохиомол дуу” их дуулцгаадаг байж. Манай найз нар надад “чи Мэндсайхан гэдэг охины дуулахыг сонсоорой, үнэхээр гоё дуулдаг юм” гэж ярина. Очиж сонирхлоо.Тэгээд танилцацгааж, аяндаа найз болцгоож, сүүлдээ хоршиж дуулцгаадаг болсон. Тэр Мэндсайхан, нэвтрүүлэгч Батбаяр гуайн охин л доо. Бид сайхан найзууд болцгоосон. Одоо “SBN” телевизид сэтгүүлч. Мэндсайхан маань тэр үед Монгол Телевизээр гардаг хүүхдийн кинонд дуу оруулдаг байсан юм. Тэгээд би чинь найзаасаа “кинонд яаж дуу оруулдаг юм” гээд л их сонирхож, асууж шалгаадаг байсан болоод ч тэр үү нэг удаа надад “Чиний хоолой ер нь давгүй юм аа, чи хүүхдийн кинонд дуу оруулахаар шалгалт өгөөд үзээч” гэлээ. Би ч дуртай байсан болохоор зөвшөөрсөн. Мэндсайхан надад 43 хуудас хүүхдийн киноны зохиол авчирч өглөө. Дүр болгон нь өөр өөр. Тэгээд л дүр болгонд хоолойгоо тааруулж, жүжиглэн уншина. Ингээд нилээд бэлтгэж байгаад Монгол Телевизэд очиж нэвтрүүлэгч Ж.Батбаяр гуайд шалгуулж тэнцээд 10-р ангиа төгсөхдөө орчуулгын хүүхдийн кинонд дуу оруулж эхэлсэн байсан.

-Г.Галбадрах: Тэгвэл 10-р ангиа төгсөхдөө ТВ-д ажиллаж эхэлсэн байсан хэрэг байх нь.

-Б.Уранчимэг: Идэвхтэнээр гэсэн үг. Тэр үед бүтэн сайн өдөр болгоны 16 цаг 10 минутаас МТВ-ээр хүүхдэд зориулсан уран сайхны кино тогтмол гаргадаг байсан юм. Кино гарч байх үед нь эфирт шууд дуу оруулдаг байв. Одоогийнх шиг бичлэг хийгээд дараа нь гаргадагүй байсан л даа. Тийм болохоор алдаа гаргахгүй, анхаарал хариуцлагатай байхыг шаарддаг байсан. “Электрон жаалын адал явдал”, “Төмөр ба түүний нөхөд”, Би яах ёстой байсан бэ?” “Буратино”, “Нохойтой дөрвөн танкчин”, “Хаврын арван долоон учрал” гээд л зөндөө зөндөө. Ингэж л
Монгол телевизийн “мундаг” том дикторуудтай хамт ажиллаж, хүүхдийн кинонд дуу оруулж сурсан нь нэвтрүүлэгч болох дур сонирхлыг минь улам ихээр хөглөж, бас нэвтрүүлэгч болоход асар том түлхэц болсон. Тэгээд дараа нь жаахан ахиад өдөр бүр гардаг уран сайхны кинонуудад дуу оруулж эхэлсэн. 2000 оны үед дуу оруулсан киноныхоо тэмдэглэл хөтөлж байхад хүүхдийн, насанд хүрэгчдийн нийлсэн бараг 500 гаруй кинонд дуу оруулсан байсан. Кинонд дуу оруулна гэдэг нь тухайн дүр болгоныг маш сайн мэдэрч, үйл хөдлөл болон зан араншинд нь тохируулна гэсэн үг. Ер нь цаад жvжигчнийхээ тоглолтыг унагах ёсгvй. Тэгэхээр энэ нь маш их мэдрэмж, овсгоо, бас жүжиглэл шаарддаг.

-Г.Галбадрах: Бас телевизийн олон ангит кинонуудад дуу оруулж байсан уу?

Б.Уранчимэг: 2000 оны эхээр монгол телевизээр анх удаа олон ангит кино гарч эхэлсэн нь Венесуэлийн Телевизийн “Халтар царайт” кино байлаа. Тэр кинонд нэвтрүүлэгч Т.Баярхүү, Ш.Бямбацогт, Б.Гантигмаа нарын хамт дуу оруулах завшаан тохиосон юм. Би нохой Замура, Ребека, Дианера 3-ын дүрд зэрэг дуу оруулсан. “Халтар царайт” -д дуу оруулж байх үед кинондоо урьдчилан дуугаа оруулаад бичүүлчихдэг болсон байсан юм. Найзууд минь дараагийн ангийг нь үзэх гэж тэсч ядахдаа надаас асууна, би үнэд орно, их хөгжилтэй.

Г.Галбадрах: Тэр үед Халтар царайт кинонд тоглосон жүжигчид монголд ирж байсан. Тэдэнтэй мэдээж уулзсан биз дээ?

Б.Уранчимэг: Өө тэгэлгүй яахав. Биднийг кинондоо дуу оруулаад студдээ байхад Стрелита, Тони, Сантад тоглосон жүжигчид ирж, кинондоо яаж дуу оруулж байгааг харж, бас бидэнтэй уулзалт хийсэн. Бид ч зураг хөрөгөө татуулаад нэг хэсэг л бужигнацгаав. Дараа нь “Ошин” гэж Японы олон ангид уран сайхны киноны Ошины дүрд дуу оруулсан. Ошиныг жаахан хүүхэд байх үеэс насан өндөр эмээ болтол үеийн дууг оруулна гэдэг амаргүй байлаа. За тэгээд олон ангит киноны хувьд гэвэл одоо Америкийн Виржиниа мужид амьдарч байгаа жүжигчин Алтанбаганын
хамт бас “Анхны хайр” солонгосын кинонд ээрүү охины дүрд дуу оруулж байлаа.

-Г.Галбадрах: Тэгэхээр РТДС-д нилээдгүй туршлагатай оюутан оржээ.

-Б.Уранчимэг: Хэдийгээр би кинонд дуу оруулж сурч байсан ч цаашид энэ чиглэлээр илүү мэргэжих шаардлагатай байв. Тэр үед МТВ-ийн дэргэд РТДС нээгдэж, энэ чиглэлээр сайн мэргэжилтнүүд бэлтгэж байлаа. Захирлаар нь Бадар-Ууган асан ажиллаж, ангийн багш маань Радиогийн “Алтан Гүнсэн” гэгддэг СГЗ, нэрт сэтгүүлч байв. Мөн телевизийн алдарт сэтгүүлч, СГЗ Амбасэлмаа ” Сэтгүүлчийн ур чадварын хичээл”, Бадамханд “Барууны сэтгүүл зүй”, СГЗ, нэвтрүүлэгч Хишгээ “Хөтлөгчийн ур чадвар”, олон улсын тоймч Базарваань “Улс төрийн тойм” хичээлүүдийг зааж байсан. Ийм хүмүүсээр хичээл заалгаж байсан би их азтай. Ингээд  РТДС-ийг “Сэтгүүлч” мэргэжлээр суралцаж төгссөн дөө.

-Г.Галбадрах: МТВ-д бас олон нэвтрүүлгүүд хөтөлж байсныг тань мэдэх юм байна.

-Б.Уранчимэг: Нилээд олон нэвтрүүлгүүд хөтөлж байсан . “Зургаа дахь мэдрэхүй”, “Загвар зохион бүтээгчид” цувралууд, “Морь сайтай хүн”, хүүхдийн “Хүрэл тулга” яруу найргийн наадам, Монголд суугаа гадаад орнуудын ЭСЯ-дын ажилтнуудын оролцсон нэвтрүүлгүүдийг хөтөлж байлаа. Мөн 1992 онд сэтгүүлч A.Авирмэд, Г.Золжаргал, Ш.Еолк, найруулагч Б.Баяр, Нямхүү нарын хэсэг уран бүтээлчид “Үдшийн хэмнэл” теле сэтгүүлийг анх санаачилан, “Цагийн хүрд” нэвтрүүлгийн өмнө хойно бүтэн 3 цагийн нэвтрүүлэг бэлтгэж гаргах болсон. Тэгээд Авирмэд ах намайг тэр нэвтрүүлгийнхээ ерөнхий хөтлөгчөөр ажиллахыг хүссэн юм. Тэгж “Үдшийн хэмнэл”-ийн анхны хөтлөгч болсон. Хөтлөгчөөс гадна тэнд туслах найруулагчаар ажиллаж байв. Тэгээд бас удалгүй А.Авирмэд , найруулагч Б.Баяр, сэтгүүлч Б.Чимгээ нар “Та та тунга” шинэ нэвтрүүлгийг санаачлан гаргаж, би туслах найруулагчаар нь ажилласан. Ингэж 2 жил гаран ажиллахдаа их ч зүйл сурсан. Харин 1993 оны сүүлчээр нэвтрүүлэгчдийн албанд шилжсэн.

-Г.Галбадрах: Өөрийг тань МТВ-ийн нэвтрүүлэгч байж, “Цагийн хүрд” нэвтрүүлгийг нилээд олон жил хөтөлж байсан гэдгийг тань хүмүүс  сайн мэддэг. Нэвтрүүлэгч болоход нилээд өндөр чадвар шаарддаг байх.

-Б.Уранчимэг: Нэвтрүүлэгч хүн телевизийн бүх төрлийн нэвтрүүлгүүдийг уран чадварлаг уншдаг, хөтөлдөг байх естой. Нэвтрүүлэг нь дотроо олон төрөлтэй. Хөрөг, нийгэм улс төр, хүүхдийн, цэнгээнт, спортын, хөгжмийн гэхчилэн. Дээр нь тайзны арга хэмжээ, яруу найраг гээд л. Энэ бүхнийг тухайн нэвтрүүлгийн онцлог байдалд нь тааруулан уран чадварлаг уншиж, хөтлөн хүмүүст хүргэх тийм чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг л даа. Зөвхөн мэдээ гэхэд л дотроо олон янз. Тэр бүхний хоорондын ялгаа, донжийг тааруулж, зохиогчийн хэлэх
гэсэн санааг гаргаж өгөх естой байдаг юм. Түүнчлэн мэдээ ихэвчлэн албан ёсны хэллэгтэй байхад кинонд дуу оруулах нь жүжигчилэл шаардана. Тайзны арга хэмжээ хөтлөлт шаарддаг. Энд л нэвтрүүлэгч хүний уран чадвар гарах ёстой. Тэгэхээр нэвтрүүлэгч хүн бол их олон талын мэдрэмжтэй, авъяастай, хувирамтгай байх ёстой.

-Г.Галбадрах: Нэвтрүүлэгч хүнд тавигдах шалгуур гэж бий юу?

-Б.Уранчимэг: Байлгүй яах вэ? Дээр хэлсэн зүйлс бол уран чадвартай холбоотой. Харин хувийн зүгээс “өгүүлэхүйн эрхтэн”- ий гажиггүй, шүд бүрэн, дууны өнгө зөөлөн сонсголонтой, үг хэл хурц, тод байх учиртай. Шүд муутай хүн исгэрээд байдаг. Нэвтрүүлэгт орохоос 30 минутын өмнө хоол ундаа иднэ,өлсөж болохгүй. Өлссөн хүнээс сайхан сэтгэл гарч уншиж чаддаггүй, cуудал дээрээ хүртэл бүтэн лаглайтал суухгүй хагас сууна. Ширээ рүү бүтэн тонгойх юм бол ширээн дээр ойсон дуу чанга яригчид өөрөөр тусна гээд бүгд нарийн дүрэм журамтай. Би
гэхэд нэвтрүүлэгч болохын тулд 2-3 жил дагалдангаар ажилласан. Жинхэлснээсээ хойш 2 жил тутам зэргийн шалгалт өгдөг. Нэвтрүүлэгч хүн байнга л өөрийгөө хөгжүүлж байх учиртай. СУИС-дээр очиж, дуучид шиг гам уншина. Хоолойны дасгал байнга хийнэ. Бас “хаана юу болж байгааг бусдаас түрүүлж мэдэж байх ёстой” гэж биднээс шаарддаг байсан. Энэ нь их мэдээлэл уншиж байх шаардлага юм. Нөгөө талаас хувийн соёл их чухал. Хувцаслалт ч бас анхаарах зүйлийн нэг. Эфирт шууд гардаг болохоор их ч авхаалжтай байх хэрэгтэй болдог. Заримдаа биднийг
эфирт гарч байхад мэдээний зарим нь дөнгөж л орж ирж байдаг. Яаруу сандруу, таталгаж бичсэн мэдээг зөв алдаагүй унших ёстой. Нэг ёсондоо эфирт авхаалж, ур чадвар 2 зэрэгцэж явдаг юм даа. Түүнээс гадна ямар ч тохиолдолд уншиж байгаа мэдээндээ хамаг анхаарлаа хандуулна. Өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болон илүү үйлдэл хийж болохгүй гэхчилэн. Гэхдээ нэвтрүүлэгч гэдэг үнэхээр гоё ажил. Биднийг чинь “Төрийн дуу хоолой” гэж нэрлэж хүндэлдэг байлаа.

-Г.Галбадрах: Тэр тусмаа Монгол Төрийн хүндэтгэлийн арга хэмжээг хөтөлж байгаа нь цаанаа нэг эрхэмсэг бас сүрлэг санагддаг байж билээ.

-Б.Уранчимэг: Тийм ээ. Улсын наадмыг Төв цэнгэлдэхээс эхлүүлж, цагаан сараар зохиолч, яруу найрагчдын бүтээлийг бүх нэвтрүүлэгчдийн хамт уншихад үнэхээр гоё. Харин энд цагаан сар, наадам болохоор тэр үе минь санагдаж, цээж өөд нэг юм огшоод явчихдаг юм . Хаа ч явсан хүмүүсийн хүндлэл үнэхээр сайхан. “Нэг л танил холой байх чинь” гээд л хүмүүс хэлдэг. Би нэвтрүүлэгчийн ажилдаа их дуртай, нэвтрүүлэгч хийж байгаадаа ч аз жаргалтай байсан. Ажил амьдралын минь зам мөрийг минь зааж өгсөн МТВ-ийн алдартай нэвтрүүлэгч СГЗ Батбаяр, мөн СГЗ Нарантуяа, Бямбаа, Цоодол зэрэг мундагчуудын гараар орж хүмүүжсэн, тэднээс ч их юм сурсандаа одоо ч бахархаж явдаг. Нэвтрүүлэгч хийж байхдаа МУИС-ийн ОУХ-ны Дээд сургуулийн англи хэлний ангийг оройгоор төгсөж, Москвагийн Останкиногийн нэвтрүүлэгчийн дээд курст нэвтрүүлэгч Цоодолын хамт суралцаж байсандаа би өөрийгөө азтайд тооцдог. Тийм болохоор би одоо ч ТВ-ээс салж чадахгүй явна. “Цэнхэр дэлгэц бол миний амьдралын нэг хэсэг”.

Дөрөв: АНУ-д боломжийг хайсан жилүүд

-Г.Галбадрах: Америкт хэдийд яаж ирсэн юм бэ?

-Б.Уранчимэг: 2000 оноос Америк явах хүсэлтэй залуучууд их болсон. Одоогийн Монголын Үндэсний Телевизийн захирал Ц. Оюундарь бид 2 багаасаа л үерхсэн сайн найзууд л даа. Оюундарь маань Америк явж, Денверт ТВ-ийн чиглэлээр суралцаж байлаа. Бид байнга холбоотой байсан. Оюундарь маань намайг энд ирж суралцахыг санал болгож, миний бүх материалыг бүрдүүлж явуулснаар би Дэнвэрийн DPT бизнесийн сургуульд хэлний чиглэлээр суралцахаар ирлээ. Тэнд хагас жил орчим суралцаад сургуулиа орхисон. Яг үнэндээ санхүүгийн боломж ер болохгүй
байв. Тэгээд л бусдын жишгээр ажил хийж амжиргааны зардлаа олох гэж хичээсэн. Бас монголчууд олонтой болохоор Вашингтон ДС рүү зорьж, Оюундарь Сан Франциско руу сургуулиа үргэлжлүүлэхээр нүүсэн дээ.

-Г.Галбадрах: Тэгээд л бусдын жишгээр ажиллаж амьдарч эхэлж дээ?

-Б.Уранчимэг: Тэгсэн. Эхэндээ арга эвээ олох амаргүй байсан ч зүтгээд л байсан. Янз бүрийн ажил хийсэн. Гэхдээ л сэтгэлийн мухарт телевизийн тухай мөрөөдөл салахгүй байлаа. Тэр үед Оюундарь Сан-Францискогийн Бэркэлэйн их сургуульд мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцаж байсан юм. Оюундарь маань нэг удаа над руу утасдаж “Гадныханд зориулсан тусгай суваг байдаг юм байна. Түүнийг ашиглаад нэвтрүүлэг хийж цацаж болмоор юм байна. Чи хүрээд ирээч” гэж санал болголоо. Нэг талаар би ч өөрөө аргаа олж амжаагүй, нөгөө талаар Вашингтон ДС-д нилээд дасч байсан болохоор явж зүрхлээгүй.

-Г.Галбадрах: Бас Вашингтон ДС-д ТВ-д ажиллаж байсан хэд хэдэн хүмүүс байсан.

-Б.Уранчимэг: Тийм ээ. ММ Агентлагийн даргаар ажиллаж байсан Сарантуяа эгч, зураглаачаар ажиллаж байсан Умбанямба ах энд байсан. Нэг удаа хүмүүстэй ярилцаж суутал Дашка / Виржиниагийн Монголчууд хүүхдийн эмч Дашка гэхээр анддаггүй юм/ “Энд олон нийтэд зориулсан ТВ-ийн суваг байдаг, улс улсын ТВ-ийн нэвтрүүлгүүд гардаг. Сайн судлаад үзвэл манай монголчууд ч гэсэн телевизийн нэвтрүүлэг хийх боломж байдаг юм билээ” гэж зөвлөв.
Харин түүний дараа сэтгүүлч Ц.Сарантуяа эгч бас энэ сувгийн талаар ярьж, утасдлаа. Тэгээд л бид уулзалдаж энд ТВ байгуулан хамтран ажиллаж, Арлингтоны чөлөөт Телевизээр нэвтрүүлгээ гаргах тухай санал бодлоо солилцов. Их ч мөрөөдөж их ч ярилцсан. Сарантуяа эгч болохоор ММ Агентлагийн дарга байсан сэтгүүлч хүн, би болохоор нэвтрүүлэг хөтөлж байсан. Бидэнд гол нь техникийн хүн бас монтаж хийх хүн их хэрэгтэй байлаа. Бас энд ТВ студи байгуулж, нэвтрүүлэг хийхийн тулд тодорхой сургалтуудад заавал суух ёстой. Хэрдээ л судалж бэлтгэлээ базааж байсаар 2008 он гарлаа. Энэ үед найз Ц.Оюундарь маань Беркелейд сэтгүүлчийн мэргэжлээр мастерын зэрэг хамгаалж, сургуулиа төгсөж байсан үе. Сарантуяа эгч, бид 2 Оюундарь луу утасдаж, хамтарч ажиллах санал тавьсан. Бид 2-ын саналыг дэмжиж Оюундарь маань бидэн дээр нүүж ирснээр “Америк дахь анхны Монгол Телевиз” нээгдэж ажиллах боломж бүрдсэн юм даа.

-Г.Галбадрах: Тэр үеийг сайн санаж байна. Нээрээ л АНУ-д монгол хэлээр ТВ-ийн нэвтрүүлэг гарна гэдэг хүмүүст их л сайхан санагдаж, талархаж байсан.

-Б.Уранчимэг: Харин тийм. Сарантуяа эгчийн санаачлагаар Оюундарь бид 3 нэгдэж Америк дахь анхны “Монгол ТВ”-ийг байгуулан эх хэл дээрээ Америкийн Телевизийн сувгаар нэвтрүүлгээ гаргана гэдэг сонин сайхан зүйлүүдийн нэг байлаа. Хүн хүч цөөтэй болохоор голдуу ар гэрийнхэн маань бидэнд тусалдаг байсан. Манай нөхөр гэхэд л надад камер, монтаж хийдэг программ худалдаж авч өгч бид тэдгээрийг нэвтрүүлэг бэлдэхдээ ашиглаж, хэрдээ л баярлаж байсан. Тэгээд л ажиллаж гарсан даа. Өөрсдийнхөө зардлаар Лас-Вегас, Дисней Ланд -аар явжнэвтрүүлэг бэлтгэлээ. Өөрсөддөө байгаа бүх боломжоо дайчлан ажиллаж байв. Харин түүнээс хойш удалгүй Оюундарь маань Монголд ажиллахаар болж, нөхөр маань New Mexico-д ажиллахаар болж бид салцгаасан. Түүнээс хойш энэ ТВ-ийг өдий зэрэгтэй авч яваад нь Сараа эгчид талархаж байдаг юм.

Тав. UMON ТВ бол миний мөрөөдлийн эхлэл

Urna3

-Г.Галбадрах: UMON-ыг яагаад байгуулах болсон юм бэ?

-Б.Уранчимэг: Яг наад асуултыг надаас олон хүн асуудаг. Нэг талаас би уран бүтээлч хүн, нөгөө талаас эзэмшсэн мэргэжлээ орхихгүй үүднээс бас Монгол Телевизэд ажиллаж байхдаа “Цагийн хүрд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсны хувьд уран бүтээлээ үргэлжлүүлэн, ялангуяа мэдээллийн хөтөлбөр бэлтгэх сонирхол маань байсаар л байсан. Ер нь сүүлийн жилүүдэд Америкт байгаа монголчуудын сонирхлын бүлэг болон байгууллагууд олноор бий болж, олон төрлийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулах болсон. Тэгэхээр эдний явуулж
байгаа олон үйл ажиллагааг мэдээ, мэдээлэл хэлбрээр бусдад хүргэх шаардлага болон хэрэгцээ бий болсон байлаа.
Би энэ тухай олон талаас нь бодсон л доо. Үүнийг “Би хийх хэрэгтэй юм” гэж бодсон. Бас чамгүй хэдэн жил АНУ-д телевизийн нэвтрүүлэг хийхийн зовлон жаргалыг мэдэх болсны хувьд ч тэр. Тэгээд л UMON-оо байгуулахаар шийдсэн. Ингээд 2010 оны 11 сарын 26- нд “UMON TV” анхны нэвтрүүлгээ Виржина мужийн Арлингтон, Файрфах гээд нилээд олон хотын олон нийтийн сувгаар гаргасан. Харин “NTV TV” -тэй гэрээ хийснээр нэвтрүүлгээ Монголд 2010 оны 11 сарын 27-ноос цацаж эхэлсэн.

-Г.Галбадрах: UMON-ТВ-ийн бусдаас ялгарах онцлог нь юу юм бэ?

-Б.Уранчимэг: Зөвхөн Арлингтонд л гэхэд байнгын нэвтрүүлэг бэлтгэж гаргадаг гурван телевиз байна. Тэд бүгд л өөр өөрсдийн гэсэн өнгө төрхтэй. Манай телевизийн хувьд Америкийн Монголчуудын дунд болж байгаа үйл явдлуудыг багтаасан бүрэн хэмжээний ” Мэдээллийн хөтөлбөрийг” анх санаачилан гаргаснаараа онцлогтой. Ямартай ч үйл явдлыг үнэн бодитойгоор сурвалжлан хүргэх тал дээр нилээд ажиллаж байна.

-Г.Галбадрах: ТВ-ийнхээ бүх зүйлийг ганцаараа хийнэ гэдэг амаргүй байх?

-Б.Уранчимэг: Эхний нэг жил яг ганцаараа зүтгэсэн. Ганцаараа зүтгэж байгаа болохоор алдаа оноо, сайн муу юм бишгүй л байгаа. Камераа үүрээд зураг авч, нэвтрүүлгийнхээ текстийг бичиж, монтажаа хийхийн тулд шөнөжингөө суух үе зөндөө. Нөхөр минь намайг ойлгож надад их тусалдаг юм. Надад хамгийн хэцүү нь монтаж хийх байсан. Гэхдээ нэг үеийг бодвол одоо овоо л сурч байнаа. Нэвтрүүлэг хийх гэж АНУ-ын 9 мужаар явжээ. Эхэндээ өөрөө л зардлаа гаргаад явдаг байсан бол одоо хүмүүс санал тавьж, зардлыг минь дааж нэвтрүүлэг бэлтгэх болсон. Энэ бол бас л нэг алхам.

-Г.Галбадрах: Яагаад заавал ганцаараа зүтгэх гэж?

-Б.Уранчимэг: Монголд бол ТВ бүтэн багаар ажилладаг. 30 минутын мэдээ бэлтгэхийн тулд бүхэл бүтэн мэдээллийн агентлаг ажилладаг. Тэд энэ ажлыг хийснийхээ төлөө цалингаа авна. Харин энд бид нэвтрүүлэг хийхийн тулд сайн дураар, үндсэн ажлынхаа хажуугаар ажилладаг. Энэ оронд хүн болгон амьжиргааныхаа төлөө хөдөлмөрлөдөг болохоор тэр болгон зав гаргах боломжгүй. Бас элдэв асуудлууд байнга тулгарч байдаг болохоор тэр болгон ойлголцоход амаргүй. Нэг нэвтрүүлэг хийх гээд хэн нэгнийг хүлээгээд сууж байх хичнээн хэцүү гээч. Яг үнэндээ сайн дураар цалингүй ажиллаж байгаа нөхцөлд бусдаас хамааралтай байж, хийгдээгүй ажлынхаа төлөө бусдыг буруутгах гэдэг үнэхээр хэцүү.
Тийм болохоор одоохондоо бусдаас хамааралгүйгээр ганцаараа ажиллах нь арай амар байна л даа. “Хийхийг хүсвэл хэнд ч бүү найд, өөрөө л бүхнийг хийж сур” гэж өөртөө хэлдэг болсон. Тэгээд зургаа авч, нэвтрүүлгээ хөтлөн, монтажаа хийхийн хажуугаар вэб хуудсаа хүртэл өөрөө л ажиллуулж байна.Хүн хичээвэл болохгүй зүйл гэж байхгүй.
Харин өнгөрсөн оны сүүлээр буюу 12 сарын 23- наас манай нэвтрүүлэг Чикагогийн олон нийтийн телевизийн сувгаар гарч эхэлсэн. Хуучнаар МҮОНРТ -ийн “Өглөө хөтөлбөр” студид сэтгүүлчээр ажиллаж, “Замд гарья”, ” Төгс төгөлдөр “,” Хүслийн дуудлага” зэрэг олон нэвтрүүлгүүдийг бэлтгэж, хөтлөж байсан, сэтгүүлч Д.Адилзаяатай Чикаго хотод болсон Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын “Аяны шувууд” концерт болон “АНУ дахь Монгол охидын миссийн тэмцээн”-ий үеэр хамтран ажиллаж үзсэн юм. Бид бие биеэ ойлголцож, хамтран ажиллах боломжоо мэдрээд одоо хамтран ажиллаж байгаа. Монгол Телевизийн урдаа барьдаг сайн сэтгүүлчдийн нэг Адилаа маань намайг “тоож” ажилласанд би маш их баярлаж байгаа. Уран бүтээл гэдэг хамтын хөдөлмөр байдаг учраас бие биенээ хүндлэн, ойлголцон ажиллах нь чанартай уран бүтээл гарах бас нэгэн үзүүлэлт болдог л доо. Ингээд л урьд нь манай мэдээллийн хөтөлбөр зөвхөн Вашингтоны Монголчуудыг хамардаг байсан бол өргөжиж одоо Чикаго дахь монголчуудыг хамарч байна. Тэгэхээр энэ бол бас л нэг алхам юм даа. За тэгээд дээр нь орчин үеийн техник технологийн хөгжил ч бас аливаа зүйлийг хийхэд амар хялбар болгож байна.

-Г.Галбадрах: Өмнөө зорилго тавьж амжилтад хүрч яваа тань мэдрэгдэж байна. Мэдээж цаашхи ирээдүйгээ өөдрөг сайхнаар төсөөлж байгаа байх?

-Б.Уранчимэг: Бидэнд бодож мөрөөдөж байгаа зүйл олон бий. Гэхдээ одоогоор ярих арай эрт байна. Ямартай ч UMON ТВ маань АНУ-д олон нийтийн сувгаар нэвтрүүлгээ байнга цацаж байгаа нь нэг алхам, ховор завшаан. Монголд НТВ ТВ-ээр нэвтрүүлгээ цацаж байгаа нь АНУ-д байгаа монголчуудаа Монгол оронтой нь холбосон “гүүр” болж тэдний ажил амьдрал, амжилт ололтыг элэг нэгт ахан дүүстэй хуваалцаж байгаа нь бас л нэг алхам, том боломж. АНУ-д маш их боломжууд бий. Түүнийг ашиглахын тулд хичээнэ. Миний хувьд “ярихаасаа хийхийг илүү”д үздэг.
Зорилгодоо хүрэхийн тулд өөрөөс хамаарах бүхнээ л хийдэг. Хийж байгаа зүйлээ “Болохгүй юм байна гэж бодоод орхивол юунд ч хүрэхгүй. Болохгүй байвал больчихно гэж бодож болохгүй”. Уйгагүй хийгээд л байвал заавал амжилтад хүрдэг.

-Г.Галбадрах: Ярилцлагын явцад нөхрийнхээ тухай хэдэнтээ дурслаа. Нөхрийнхээ тухай товч танилцуулж болох уу?

-Б.Уранчимэг: Миний нөхрийг Жим Бранган гэдэг. АНУ-ын Эрчим Хүчний Яаманд эрдэмтэн зөвлөхөөр ажилладаг. Цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан хүн. Нөхөр минь миний ажил болон хүсэл мөрөөдлийг маш сайн ойлгож чин сэтгэлээсээ дэмждэг. Бас бүх л боломжоороо надад тусладаг. Сайн ханьтай бас өөрийн дуртай ажлаа хийж байгаа болохоор би их аз жаргалтай байгаа.
-Г.Галбадрах:Миний саналыг хүлээн авч ярилцсанд их баярлалаа. Нэгэн цагт МТВ-ийн нэвтрүүлэгч байж олонд танил болсон бүсгүй, өдгөө цагт АНУ-д өөрийн өнгө төрхтэй UMON ТВ-ээ нээн ажиллуулж, бусдын оюун санааны их хэрэгцээг хангаж байна гэдэг бахархалтай хэрэг. Цашшид мөрөөдөж зорьж буй их үйлс тань бүтэмжтэй байх болтугай

Urna4

Б.Уранчимэг: Америкийн Монголчуудын тухай номныхоо зочноор урьж бусадтайгаа санаа бодлоо хуваалцах боломж олгосонд таньд баярлалаа. Эх орноосоо хол амьдралынхаа нэгээхэн түүхийг бүтээж яваа гадаадын монголчууд та бүхэндээ урсан өнгөрөх цаг хугацаа бүхнийг алдалгүй, аз жаргалтай , сайн сайхан амьдраарай гэж ерөөе. Бидний нэвтрүүлгийг цаг заваа гарган үздэг, дэмждэг бүх үзэгчиддээ маш их баярлалаа.

…АНУ-д  монголчуудын ажиллаж амьдарч байгаа хот болгон өөр өөрийн ТВ студитэй болж, дор бүрнээ өөрийн гэсэн өнгө аястай болж, бага багаар ч болов хөгжин дэвжиж байна. Хэд хэдэн ТВ-үүд 7 хоног тутам нэвтрүүлгээ бэлтгэж Америкт төдийгүй Монголд ч нэвтрүүлгээ цацаж байгаа. Бие дааж  7 хоног тутам мэдээлэл сайтай чанартай нэвтрүүлэг хийнэ гэдэг амаргүй. Б.Уранчимэгийн санаачилсан UMON ТВ Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд зохиогдож байгаа олон үйл ажиллагааг цаг алдалгүй хүргэж чадаж байгаагаараа “Мэдээ-мэдээллийн” гэсэн тодотголоо баталж чаддаг. Харин Б.Уранчимэг өөрөө зургаа авч, мэдээгээ бэлтгэж, монтажаа хийж бүхнийг амжуулж чадаж байгаа нь бахархалтай санагдсан. Юу юунаас илүү “бусдад найдалгүйгээр өөртөө итгэж, өөрийн боломжоо бүрэн дайчилж, алив зүйлийг хийвэл хийсэн шиг хийж байх хэрэгтэй” гэж өөртөө шаардлага тавьж зүтгэж байгаа нь надад таалагдсан. Тэгээд л би түүнтэй энэ сэдвээр ярилцахыг хүссэн юм. АНУ-д үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа олон ТВ-үүдийн нэг нь UMON. Та нартаа амжилт хүсч, улам улмаар өргөжин дэвжихийн ерөөлийг тавья. Оюун ухаан тань мэргэн байг.

Share Your Thoughts