ЧИКАГОГИЙН “МОНГОЛ МЭДЛЭГ” СУРГУУЛЬ

Миний фейсбуукийн танил У.Сувданцэцэг тэр өдөр надтай холбогдож “11-сарын 14 нд зохион байгуулагдах Чикаго хотын “Монгол мэдлэг” сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээнд ирж оролцож чадах уу?” гэж лавласан юм. Монголын боловсролын салбарт адилхан ажиллаж байсан, алс холын Америкт адилхан санаа өвөрлөж яваа болохоор түүний саналаас татгалзаагүй юм. Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн сургуулийн англи хэлний орчуулагчийн бакалаврын эрчимжүүлсэн сургалтын ахлах менежерээр ажиллаж байсан тэрээр 2011 онд АНУ-д ирээд Чикаго хотод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан “Монгол мэдлэг” сургуульд багшаар мөн “ORT” институтад туслах багшаар ажиллаж эхэлсэн аж. 2010 онд “Монгол улсын англи хэлний бодлого, түүний хэрэгжилтийг судалсан нь” бүтээлээрээ хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалсан тэрээр “Монгол мэдлэг” сургуульд ажиллахдаа гадаадад төрж, өсч буй хүүхдүүдэд монгол хэл зааж сургах арга зүй, стандарт, сурах бичиг зохион боловсруулах талаар ч багагүй санаа тавин ажиллаж байгаа аж. Сан-Францискогийн “Гэр төв”-ийн Эс-Олдох нарын багш нартай хамтран гадаадад сурч буй монгол сурагчдад зориулсан “Миний монгол хэл” сурах бичгийг зохион хэвлүүлэхэд оролцжээ. Богинохон хугацаанд уулзаж ярилцсан бид 2-ын яриа, гадаадад сурч буй хүүхдүүдийн сургалтын арга зүй чиглэлийн талаар, мөн АНУын хот хотуудад байгуулагдан тус тусдаа үйл ажиллагаа явуулж буй “Монгол сургууль”-иудын хамтын ажиллагаа, хамтын боломж руу чиглэж байв. Энэ нь зүгээр л бидний сэтгэлийн мухарт оршиж байгаа адил төст “зовинол”-ын илэрхийлэл байлаа. Хааяадаа боловсролын салбарын хүмүүстэй уулзаж, ингэж ярилцахад сайхан байдаг юм.

“МОНГОЛ МЭДЛЭГ” СУРГУУЛЬ

2011 онд Чикаго хотноо байгуулагдан 5 дахь жилдээ 60 гаруй сурагч, 11 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол мэдлэг” сургууль, энэ хугацаанд нийтдээ 300 гаруй хүүхдүүдийг сургалтдаа хамруулжээ. “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, хүний их эмчийн мэргэжилтэй Ц.Энхтуяа, Чикаго хот дахь “Монголчуудын Холбоо”-ны тэргүүн, бизнесмен Д.Баясгалан нар санаа нэгдэн энэ сургуулийг санаачилж байгуулсан төдийгүй өдгөө хүртэл удирдан авч яваа аж. Америкийн хот хотуудад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж буй бусад монгол сургуулиудын адил монгол хүүхдүүдэд монгол хэл, соёл урлаг, дуу хөгжмийн хичээлүүдээр дамжуулан “монгол хүн” хэвээр нь үлдээхийн төлөө хичээж ажиллаж байна. Бусад “Монгол Сургууль”-иудын адил түрээсийн байр, санхүүжилт, сургалтын төлбөр болон зохион байгуулж байгаа арга хэмжээний зардлууд гээд асуудлууд мундахгүй. Миний очиж  үзсэн хичээлийн байр нь “тун давгүй” байсан. Д.Баясгалан “Азаар бид овоо боломжийн хичээлийн байрууд олж дөнгөөд байгаа шүү” хэмээн хуучилсан юм.  Боловсролын салбарын хүмүүс биш хэдий ч “сэтгэл байвал зууханд гал олдоно” гэдэгчлэн ойр зуурын санхүүжилтээ боломжоороо  “шийдэж” дөнгөөд байгаа нь тэдний хамтын ажиллагааны сайн үр дүн юм. Бусад хотуудын монгол сургуулиудаас “Монгол мэдлэг” сургуулийн ялгарч байгаа нэг онцлог нь, сургалтын үйл ажиллагаанаасаа гадна Чикаго хотод амьдарч буй бүх хүүхдүүдийг хамруулан олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа хэлбэр юм. Эдгээрээс дурьдвал:
-“Спорт өдөрлөг” \Насанд хүрэгчид болон хүүхдүүдийн дунд цомын төлөөх олон төрөлтийн тэмцээн\
-“Монголын багш нарын баяр” \Чикаго хот орчимд ажиллаж амьдарч буй бүх багш нарыг оролцуулдаг\
– “Монгол Улс тунхагласны баяр”
-“Шинэ жил” \Чикаго хот орчимд амьдарч буй бүх хүүхдүүдийг оролцуулна\
-“Цагаан сар”
– “Шатарчин хүү”
-“Гар зургийн уралдаан”

2 жилийн өмнө Чикаго хотод үйл ажиллагаа явуулдаг “Ану маркетинг” компанитай хамтран зураач Д.Лхамдидармаа багшийн шавь нарын уран бүтээлийн “Өнгөт салхи” нэртэй үзэсгэлэнг Монголд гаргаж байсныг би мэдэх юм. Энэ бүх үйл ажиллагаанууд нь монгол хүүхдүүдийн  хөгжил, сэтгэлгээнд сайн нөлөө үзүүлж байгаа.

ТАВАН ЖИЛИЙН  ОЙН АРГА ХЭМЖЭЭ

Миний зорьж  очсон “Монгол мэдлэг” сургуулийн 5 жилийн ойн арга хэмжээ сурагчдын урлагийн тоглолтоор эхлэв. Монголд “Хараацай” чуулгын багшаар ажиллаж байсан, боловсролын салбарт 35 жил ажилласан дуу хөгжмийн багш З.Батаа, бүжгийн багш Г.Батчулуун, Батцэнгэл, төгөлдөр хуурын багш Д.Маралгуа, морин хуурын багш Отгонбаатар нарын шавь нарын урлагийн тоглолтууд, монгол хэлний багш М.Шинэбилэг, У.Сувданцэцэг, жүжиг хэл ярианы багш Б.Энхдулам, С.Хандмаа нарын шавь нарын уран уншлага, “Манжин” үлгэрийн тоглолтууд өхөөрдөм хөөрхөн, үзүүштэй сонирхолтой болсон. Энэ бүх тоглолтын хувцсыг гар урлалын багш Ц.Даваацэрэн урласан гэсэн.  “Тайзны сахилга бат”-гүй,  дур дураараа “авирлах” тэдний ур чадвар, “монгол авьяас”-ыг шүтэн бишрэгчид нь хүүхдүүдийн эцэг эхчүүд байлаа. Монгол хэл, соёлын тусаар “монгол зүрх сэтгэл” харь энэ оронд бадамлаж байгааг мэдрэх сайхан байсан шүү. Ийм л орчинд “Монголын тусгаар тогтнол” батжиж байдаг юм даа.
Оройн арга хэмжээ сайхан болсон. “Монгол мэдлэг” сургуулийн багш нарын тоглолтууд үнэхээр гайхалтай сайхан байлаа. “Багш хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж байхгүй” хэмээн их найрагчдын шүлэглэсэн мөрүүд энд биелэлээ олж байв. Төгөлдөр хуурч  Д.Маралгуа, бүжигчин Батцэнгэл, морин хуурч Отгонбаатар нарын “мэргэжлийн” түвшний тоглолтууд “шавийн эрдэм багшаасаа” гэдэг хэллэгийг дуурсуулж, олон сайхан залуусын ирээдүйг төсөөлүүлж байв. Америк дахь монголчуудын “Уран үгсийн 4 дэх удаагийн чуулган”-ы аварга Б.Энхдуламын уран уншлага эх болсон монгол хэлний гайхамшигт аялгууг дуурсгав. Энэ арга хэмжээнд Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн болон олон нийтийн үүсгэл санаачлагын олон байгуулагууд зочноор оролцон талархал илэрхийлж байсан нь гадаадад байгаа монголчуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ. Цаг хугацааны нэгэн хэмнэлийг анзаарч ажих ахул монголчуудын “Эв нэгдэл”-ийн сайхан эхлэлүүд мэдрэгдэж байнаа. Бусдын төлөө бөхийн ажиллаж байсан “нуруу тэнийж” ойр орчноо “өөр нүдээр” харж, өөртөө байгаа боломжуудаа мэдэрч эхэлсний илрэл.

Зөвхөн АНУ-д төдийгүй гадаадын олон улс орнуудад байгуулагдан монгол хүүхдүүддээ монгол хэл, ахуй соёл, дуу бүжиг, уран зураг, хөгжим зэргийг зааж сургаж байгаа монгол сургуулиуд тэдний ирээдүйд асар их оюуны хөрөнгө оруулалт хийж байгааг олон эцэг эхчүүд ойлгон дэмжиж байгаа боловч, хамруулах боломжтой нийт хүүхдүүдийн тоотой харьцуулбал бага үзүүлэлт харагдаж байгаа юм. 2014 оны хүн амын тооллогоор АНУ-д 7500 орчим сургуулийн насны хүүхдүүд байна гэсэн статистик үзүүлэлт гарсан хэдий ч эдгээр хүүхдүүдээс ердөө 500 орчим хүүхдүүд “Монгол сургууль”д хамрагдаж байгаа аж. Ийм сургуулиуд бизнесийн ашиг сонирхлоор биш “эх оронч” сайхан сэтгэлээр ажиллаж байгааг хаа хаанаа ойлгож, эцэг эхчүүд төдийгүй Монгол Улсын Засгийн Газар ч анхаарлаа хандуулж дэмжих цаг болжээ. Учир нь “Монгол Улс тусгаар оршин тогтнох”-ын нэгэн баталгаа нь эдгээр “Монгол сургууль”-иудын хөгжил дэвшил болох цаг айсуй. Монгол хүн хэрнээ монголчуудтайгаа орчуулагчтай ярилцдаг болчихвол хэрхэн монголоороо үлдэж чадах билээ.

…Чикагод ердөө ганцхан өдөр өнжөөд маргааш нь гэр рүүгээ буцаж  нислээ. Ийм уулзалтуудад оролцох бүрдээ би сэтгэлдээ баяр бахдал, бас их итгэл найдвар тээж буцдаг юм. Юу ч гэмээр юм бэ? сэтгэлд нэг тийм гоё мэдрэмж урсаад л… Хэдийгээр харь оронд ажиллаж амьдарч байгаа ч, энэ орон зайд “монгол бахархал”, “монгол үнэ цэнэ”, “монгол омогшил” улам ихээр мэдрэгдэх болж байна. Хэзээ ч “Би Монголдоо хайртай” гэж цээжээ дэлдэхгүй ч, сэтгэлийнхээ тэртээд “монгол хүн болж төрсөндөө бахархах бахархал” дандаа агуулж явдаг. Тэр тээж яваа бахархал, омогшилоо үр хүүхдүүддээ шингээж үлдээх хүслийг нь монгол сургуулиуд биелүүлж байдаг. Тэдний өмнө зөндөө саад бэрхшээлүүд байгаа хэдий ч жилээс жилд өргөжин хөгжсөөр л байна. Тэнд л “монгол зүрх сэтгэл” лугшиж байдаг юм. Бахархмаар хүмүүс. Намайг урьсанд та нартаа маш их баярлалаа. Багш хүний сэтгэл зүрх, тархи мэдрэл хэзээ ч хүүхдүүдийн дуу чимээнээс төвөгшөөдөггүй юм даа. Та нартаа амжилт ерөөе.

Share Your Thoughts