Чингис хааныг ууж идэж, нулимж, хог дээр хаяж болно гэж үү?

…Нэг удаа найз минь Монголоос “Чингис” архи явуулжээ.” Идээний дээж ”  хэмээн бэлэгдэж, сэтгэлээсээ өгч явуулсан юм болохоор хэрдээ л баярлаж, найзуудтайгаа хувааж ” хүртэв”. Ууж дууссаны дараа хоосон шилийг нь хаях гэтэл, гэнэт нэгэн зүйл бодогдов. Шилний гадаргуу дээрээс намайг цоо ширтэх их хааны хөргийг харахдаа “их хаанаа ингээд л харийн хогон дотор хаяж болно гэж үү” хэмээн халамцсан сэтгэлдээ бяцxан “омогшив”. Тэр удаад хаяхаа азнаж, шилийг нь хадгалсан боловч, хэд хэдэн ийм “цуглуулгын”  дараа, хоосон шил хадгалаад байлтай биш, бүгдийг хагалж жижиглээд хогийн саванд хаях санаа төрсөн юм. Их хааныхаа дүрийг хогтой холихгүй гэсэн арга юм даа…

Монголчууд бид өөрсдийгөө “Аугаа их Чингис хааны үр сад”  хэмээн цээжээ дэлдэн “онгирдог”. Гадаад хүнтэй хэл нэвтрэлцэхгүй мунгинахдаа хүртэл “Чингис хаан, Монгол” гэж хальт хэлэхэд л нөгөө хүн нь “Чингис хаан”  хэмээн чин сэтгэлээсээ эсвэл хуурамч ч болтугай дуун алдана. Энэ үед эгээ л өөрөө дэлхийн талыг эзэлж, илбэн тохинуулахаар ирсэн мэт маадгардуу төрхөөр толгой дохино. “Сайн хүний нэрийг гурав худалдан иддэг” гэсэн хэлц үгтэй монголчууд бид, их эзэн хааныхаа нэрийг дэндүү ихээр, бас бүдүүлэгээр худалдаж идээд байна даа.
Өдгөө Монголд алив бизнесийн болон үйлчилгээний салбарт их хааны нэрийг брэнд болгон ашиглах нь ихэсчээ. “Чингис хаан”  нэртэй нисэх буудалд бууж,  “Чингис хаан”  нэртэй буудалд тухалж, ” Чингис хаан” нэртэй шар айраг болон сархадыг “Чингис хаан” нэртэй бууз болон хуушуураар ч даруулж магадгүй.

Түүгээр ч үл барам “Чингис хааны нэрэмжит” олон ч байгууллага болон шагналууд буй. Хэн тэдэнд ийн зөвшөөрөн соёрхсоныг хэн ч бас үл мэднэ. Их хааны нэрийг ашигласан ийм үйлчилгээ болон бусад зүйлээс, их эзэн хаанаараа бахархан омогших сэтгэл төрдөг гэвэл юу л бол?
Өдгөө дэлхийд нилээд алдаршиж байгаа “Чингис хаан”  нэртэй сархадыг ууж байхдаа, их эзэн хааныхаа өмнө тультраатаж, нулимж, агсамнан алингаа алдаж буй тохиолдол зөндөө л бий. Эцэст нь хоосон шилийг нь бусад муухай хог хаягдалтай хамтад хаяж, тэр ч бүү хэл дээрээс нь элдэв бохироо асгаж л буй. Энэ үзэгдэл нь хүндэтгэл бахархал мөн гэж үү? “Чингис хаан” нэртэй бууз хуушуур идэж ахуйдаа, их эзэн хааныхаа “мах” ыг идэж байгаа, эсвэл энэ хоолыг идсэнээр их бахархал омогшил нь буцална гэж бодвол арай л эндүүрэл болох байх. Энэ бүхнийг тэнгэрээс тольдож буй их эзэн хааны сүнс, бидэнд баярлаж талархахгүй л байх.
Монголчууд бид алив зүйлд хэт туйлшрамтгай, бас хэнэггүй байдалдаа дассаар байх гэж үү?

Их эзэн хааны бахархал
Өнөөгийн дэлхий ертөнцийн өдий хүртэлх түүхийн нугачаанд аугаа байлдан дагуулалт, ухаалаг улс төр эдийн засгийн бодлого, хууль цаазны дорхи эрхэмсэг оршихуйгаараа Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч,  Чингис хаан алдаршсан. 12-14 -р зууныг элээсэн 200 орчим жилд Монголын их хаадууд л дэлхий ертөнцийн их түүхэнд сайн муугаар нөлөөлж байсныг нийтээр хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас л 20-р зууны төгсгөлд, манай их эзэн Чингис хааныг “мянганы суут хүн”-ээр энэ үеийнхэн тодруулсан биз.
Харин өнөөгийн монголчууд бид их эзэн хааныхаа тухай тэгтлээ сайн мэдэх бил үү? Хаалттай байсан хана хэрмийг нэвтлэн, өдгөө бид их хаанаа өр цээжиндээ бахархал болгон хэр сурталчилж чадах  бол? Үр ач хойд үеийнхэндээ үлгэр болгон, үүх түүхийг нь хэр хүүрнэж чадах бол?

Монголчууд бид “эх оронч” дүр эсгэн, их эзэн хааныхаа нэрийг шүлстэйгээ хамтад үсчүүлэн, цээжээ дэлдэн онгирч сагсуурахын оронд, түүхээ судалж, уншиж, чин сэтгэлээсээ бахархан омогшиж байх сан. Монголын түүхийн их хөлгөн судар болох “Mонголын нууц товчоо” болон, судрыг задалж бичсэн С.Жаргалсайхан, Л.Удвал нарын “Чингис хааны нууц түүх”, өдгөө дэлхийн олон уншигчдын сонирхлыг татсаар байгаа Жак Уэтерфөрдын “Өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, ” Монголын их хатдын нууц товчоо”  номуудыг уншиж ойлгохгүйгээр, бид хэрхэн омогшiл бахархалаар дүүрэн байж чадах билээ.
“Монголын нууц товчоо”  их судрыг айл бүрд залах тухай зарлиг гаргасан атлаа, үндсэний хэмээх ТВ болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээрээ аугаа их  хаадаа сурталчлахгүй байгааг юу гэж ойлгох вэ? Ядахнаа л орой болгон дэлгэцүүдээр цацагдах Солонгосын олон ангит “савангийн дуурь”иудынхаа оронд монголын бахархалт түүх болон их хаад, эзэнт гүрний тухай үзүүлж, сурталчилж чадахгүй байгаа нь, чадваргүйн харгай юу, эсвэл сэтгэлгүйн илрэл үү?
Энэ бүхний эцэст бид, эзэн Чингис хаанаа идэж ууж, хог хаягдал дээр хаяж байхдаа сэтгэл өвдөхгүй байх хүртлээ “доройтох” болжээ. Бахархал үгүй бол хөгжил үгүй. Хойч үе маань монголын бахархалаа ” Чингис хаан” нэртэй архиар төсөөлдөг болчихвол, үүний төлөө бид хэрхэн нүүр бардам орших билээ.

Надад санал байна

1.Монголын төрд эрх барих болон төрийн албанд ажиллахаар сонгогдох болон томилогдох бүх эрхэм түшээд болон “зальт” этгээдүүдэд “Монголын нууц товчоо”  судар болон их хаадын намтар, “Их засаг ” хуулийг заавал судлуулж, бас шалгаж байж сонгох болон томилж байгууштай. Тэд монголын тусгаар тогтнолыг үл хайхран, монголын газар шороог бусдад худалдахаасаа өмнө, энэ газар шороо болон эх орныг өдий хүртэл хэрхэн авч үлдэж, бидэнд өвлүүлснийг мэдэж байх хэрэгтэй байна.

2.Ард түмний эв нэгдлийг бэлэгдэгч эрхэм ерөнхийлэгч минь ” Их эзэн Чингис хаан болон бусад хаадын нэрийг ашиглах шалгуур журам болон төлбөрийн тухай хууль” санаачлан батлуулж, бас зарлиг гаргамаар. Эзэн Чингис болон бусад хаадын нэрийг ашиглан их мөнгө олох хүсэлтэй нэгэнд 1 сая $-оос багагүй мөнгө төлж эрхийг авах, ашиглах журмыг хатуу мөрдөж сургах нь хэрэгтэй байна. Энэ мөнгөөр нь одоо хийж чадахгүй байгаа болон хүсэхгүй байгаа сурталчилгаагаа хийх боломжтой болно доо.

3.Их эзэн хаадын нэртэй архины нэршлийг сольж, оронд нь уг архийг үйлдвэрлэн ашиг олж байгаа эздийн нэрийг нь зурагтай нь байрлуулж баймаар. Жишээ нь: “Хар Чингис”архины шошгоны оронд, архийг үйлдвэрлэж байгаа МСS группийн ерөнхийлэгч Оджаргалын зургийг тавьж “шар Оджаргал”  гэж нэрлэж болно шүү дээ. Мөн АПУ компаны үйлдвэрлэж байгаа ийм архины оронд Батхүү болон Батсайханы нэрийг зургийн хамтад хийж болно. Тэгвэл тэд ядахнаа, их эзэн хааны нэртэй архинд тохиолдож байгаа ” зовлон”  болон “бахархал”ыг тэд  өөрсдөө мэдрэх болно.
Тэдний нэр болон зурагтай хоосон архины шилийг хог хаягдалтай хутгалдаж, бохиртой холилдох цагт эхнэр хүүхдүүд нь эмзэглэх буйз. Харин өнөөдөр их эзэн ” Чингис хаан”-ы өмнөөс би болон бусад олон монголчууд эмзэглэж байнаа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2010-04-10

Share Your Thoughts