ЧИНИЙ АРД ХЭН БАЙГАА ЮМ БЭ? \АМАРЛИНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА\

…Ач охин өвөөгөөсөө асууна. -Өвөө цөмийн хаягдлыг яагаад Монголд булсан юм бол? Өвгөн ачийнхаа толгойг илж -Мэдэхгүй юм даа гэв. -Өвөө! Цөмийн хаягдлыг булаад муу юм болоогүй биз дээ? -Харин л дээ, миний охин гээд өвөө нөгөө толгойг нь илэв. \Сүүлийн үед гарсан онигооноос\

…Энэ хавраас Монголд Цөмийн аюул болон Монголын газар нутаг дээр харийн цөмийн хаягдлыг булах тухай асуудал олны анхаарлыг нилээд татаж шуугиан дэгдээсэн. Энэ сэдвийг анхлан хөндөж, маш олон судалгааны материал болон бодит баримтууд дээр түшиглэн гаргаж ирсэн хүн бол Амарлин. Асуудлыг тавих цагаас эхлэн” түүний ард хэн байгааг” таах уралдаан явагдаж, асуудлыг төрийн эрх баригчид “намжаах” дор түүнийг ” Хятад болон Оросын тагнуул”, “Санаатайгаар хоосон шуугиан дэгдээгч”, “Н. Энхбаярын хамсаатан” гэхчилэнгээр дуу дуугаа
авалцан цоллож эхэллээ. Монголчууд бидний хийрхэл туйлшралын нэгэн жишээ энэ. Би Амарлинг эчнээгээр бага зэрэг мэддэг төдийгүй түүний гаргаж тавьсан асуудлыг дэмжиж байгаа. Түүний бодол санааг олон нийтэд хүргэх зорилгоор түүнтэй нетээр ярилцсан юм.

Нэг. Амарлин яагаад ийм судалгаа хийх болсон юм бол…

-Г.Галбадрах:Амарлин гэж хэн юм бэ?

-Амарлин:  Намайг Амарлин гэдэг. Энэ бол миний жинхэнэ нэр биш, Амарлингуй гэдэг үгнээс эхний хэсгийг нь зээлдсэн зохиомол нэр л дээ. Би гадаадад боловсрол эзэмшсэн, одоо нэг судалгааны байгууллагад ажиллаж байгаа монгол хүн. Судалгаа бол миний үндсэн мэргэжил. Монголоосоо гараад удсан ч хүнийрхүү сэтгэл надад байхгүй, холдох тусам эх орныхоо улам ихээр сэтгэл зовинож, яавал монголчууддаа туслах вэ гэж бодож явдаг нэгэн. Аль нэг намын гишүүн биш, сонгуульд ч бараг санал өгч үзээгүй л дээ. Улс төрийг саяхан болтол
сонирхдоггүй байсан. Би бас мэргэжлийн сэтгүүлч ч биш. Зүгээр л хувийн www.golomt org нэртэй блогийг хөтөлж түүндээ Монгол улс, газар нутаг, үндэсний аюулгүй байдлын талаарх чухал асуудлуудыг хөндөхийг хичээдэг.

Зарим хүмүүс миний бичсэн зүйлийг үзчихээд бүхэл бүтэн судалгааны баг ажиллаж байгаа гэж ойлгодог. Тэгээд ганцаараа бичсэн гэхээр итгэхгүй, яагаад ийм их цаг зарцуулж байна вэ гээд гайхдаг. Мэдээж бусдын адил миний хоног 24 цагтай, би өөрийн гэсэн ажил амьдралтай. Гэвч эх орон минь сүйрлийн ирмэг дээр тулчихаад байхад хувиа бодож, хойшоо суухыг зүрх сэтгэл минь тэвчихгүй байна. Хүн бүрт хувийн асуудал байдаг ч, эх оронгүй болчихвол эдгээр асуудлууд нь чухал хэвээрээ байсаар байна гэж үү?

-Г. Галбадрах: Та цөмийн хаягдал болон хор хөнөөлийн асуудлыг анхлан хөндөж тавьсан. Гэхдээ  маш тодорхой баримт нотолгоотой бичиж эхэлсэн. Энэ тухайгаа тайлбарлавал?

-Амарлин: Монголд цөмийн хаягдал булшлах тухай асуудлыг Америкийн нэр бүхий эх сурвалжаас олж үзээд, Монголын олон нийт мэдэх хэрэгтэй гэсэн бодлоор орчуулаад, өөрийн блог дээр бас мэдээллийн ганц хоёр сайтад тавьсан. Тухайн үедээ энэ асуудлыг үргэлжлүүлэн судлах болно гэж огтхон ч бодож байгаагүй. Магадгүй, асуудлыг  нэг хөндчихөөр манай сэтгүүлчид дэмжээд цааш нь нягтлан судлаад, эрэн сурвалжлах байх гэж битүүхэн найдаж байсантай минь холбоотой байх л даа.

Харин мэдээллийг гаргаж тавьсаны дараах эрх мэдэлтнүүдийн хариу үйлдэл тун хачин санагдсан. Тэд асуудлыг үгүйсгэхдээ нэг тийм сонин үндэслэл, ойлгомжгүй тайлбар гаргаж, зальжин хандаж байгаа нь  мэдрэгдсэн.  Анхлан энэ талаар бичсэн  Nuclear Threat Initiative (NTI) гэдэг мэдээллийн байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлийг “шар сонин” гэж нэрлээд, нэр хүндийг нь гутаахаар огт худлаа мэдээлэл зохиож бичиж байсан. Гэтэл NTI байгууллага нь нэр хүндтэй төдийгүй, удирдах зөвлөлийнх нь захирлаар АНУ-ын cенатор Сэм Нанн болон CNN хэмээх мэдээний
сувгийг үүсгэн байгуулагч  Тэд Тернер нар хамтран ажилладаг. Удирдах зөвлөлийн бусад гишүүд нь ч АНУ-ын Батлан Хамгаалах Яамны төрийн нарийн бичиг дарга асан, Йорданы ханхүү, Нобелийн шагналтай эдийн засагч, Харвардын их сургуулийн профессор, дэлхийд нэртэй цөмийн физикч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай зөвлөх доктор Нафис Садик гээд нэр хүндтэй хүмүүс байдаг.  Тэдний зөвлөхөөр нь АНУ-ын тэрбумтан, өглөгийн эзэн Уоррен Баффет байдаг гээд бод доо. Ийм нэр хүндтэй байгууллагыг “шар сонин” гаргадаг гэж бичиж болох
уу даа.

Нөгөөтэйгүүр, олон улсын цөмийн хаягдлыг Монголд булшлах талаар анх ярьсан хүн нь Ричард Стратфорд гэдэг АНУ-ын Төрийн Департментийн хэлтсийн дарга, олон жилийн туршлагатай ахмад дипломатч хүн. АНУ-ын өндөр тушаалын түшмэл хүн ” хадуураад” мэдэх мэдэхгүй зүйлээ ” чалчина” гэж огт байхгүй. Гэтэл тухайн үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр Р. Стратфорд ч буруу ярьчихсан юм шиг, эсвэл монголчууд ч буруу ойлгоод байгаа юм шиг бичиж байсан нь хачирхмаар санагдсан.

-Г.Галбадрах: Харин Монголын эрх баригчид болон мэргэжилтнүүд хэрхэн хүлээж авсан бэ?

-Амарлин: Энэ асуудлыг хөндсөний дараа эрх баригчид янз бүрээр тайлбарласан. УИХ-ын гишүүн О. Чулуунбат шуудхан “Цөмийн хаягдал огт хоргүй, хүний ялгадаснаас бага хортой, ер нь ч ашигтай сайхан бизнес” гэж ярилцлагадаа дурдсан байгаа. УИХ-ын гишүүн П. Алтангэрэл, академич Б. Чадраа, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраа нар “хоргүй” гэж баталж байсан. Сэтгүүлчид ч энэ талаар нарийвчлан судалж бичихгүй, тэгсгээд мартуулах шинжтэй болсон. Харин миний хувьд эндээс олон зүйлийг ойлгосон.

Би урьд нь монголчуудыг гадаад ертөнцийн талаар маш их мэдээ мэдээлэл авдаг гэж  боддог байсан юм. Гэтэл үнэндээ хамгийн чухал, хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцроод байсан. Тэр бүү хэл, олон нийтийн ” тархийг угаах”-ын тулд эрх мэдэлтнүүд огтхон ч ичихгүйгээр эрээ цээргүй худлаа ярьж чадаж байгаа нь миний дургүйг хамгаас илүү хүргэсэн. Хүн бүр гадаад хэл мэдэхгүй, интернет ашиглаж мэдээлэл авч чадахгүйг далимдуулан олон нийтийг элэг барин басамжлан доромжилж , дур зоргоороо
авирладаг юм байна.  21-р зуунд мэдээллийн технологи асар хөгжсөн байхад “эд нар яаж мэддэг юм” гэсэн увайгүй хандлага нь үнэхээр жигшмээр байлаа. Дээрээс нь сэтгүүлчид ч асуудлыг  ул суурьтай судлан, үндэслэлтэй мэдээлэл өгөх нь дутмаг байдаг нь энэ байдлыг улам даамжруулдаг юм байна.

-Г. Галбадрах: Тэгээд л энэ талаар гүнзгийрүүлэн судалж эхэлсэн үү?

-Амарлин: Тийм ээ, хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх нь маш чухал юм байна гэдгийг ойлгоод л,  асуудлыг гүнзгийрүүлэн судлахаар сэтгэл шулуудсан даа. Ингээд энэ асуудалтай холбоотой хэд хэдэн хэл дээр гарсан мэдээ материалуудыг хайж судалсан. Мэдээж миний сурсан эрдэм. мэргэжил их хэрэг болсон. Судлаач хүн болохоор баримт материал хайх, баталгаажуулах, судлах тал дээр асуудал байгаагүй.  Ингэхдээ бүр эхнээс нь буюу уран гэж юу юм бэ, түүнийг хэрхэн олборлож, боловсруулдаг тухай, түлш болгох үе шат болгонд ямар хог хаягдал
гардаг, ямар хор нөлөөтэй, АЦС ашигласан цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулдаг эсэх, бусад улс орнууд хог хаягдлаа хааш нь хаядаг вэ? гээд л судалж эхэлсэн. Ингэж судлахад 20 гаруй хоног зарцуулж, 100 гаруй хуудас материал бэлтгэсэн л дээ. Өдөр нь ажилтай болохоор шөнө дөл хүртэл сууж, бас хагас бүтэнгүй ажиллаж байсан. Хүмүүст ойлгомжтой, буцаад нягтлах эзэнтэй байхын тулд бүх эх сурвалжийг хадахыг хичээсэн. Материалаа бэлтгэчихсэн хойноо л хэт урт болсныг анзаарсан. Хүмүүс ч “наадах чинь сонины нийтлэл биш, судалгааны
ажил болжээ” гэж шүүмжилж байлаа. Гэхдээ бичсэн зүйлээ 3 хуваагаад  “Цөмийн цуврал-1,2,3” нэртэйгээр www.golomt org блогтоо тавьсан. Тэр үеэс миний блогийг хүмүүс ч арай илүү  сонирхож эхэлсэн, цувралыг сонин.мн авч нийтэлсэн. Энэ цуврал цөмийн хаягдлын асуудлаар бичсэн миний анхны томоохон ажил болсон гэж боддог.

-Г.Галбадрах: Энэ бичлэг тань олон нийтийн сонирхол анхаарлыг татаж байсан төдийгүй өөр ч эх сурвалж мэдээллүүд гарч эхэлсэн.

-Амарлин: Удалгүй Японы “Майничи” сонинд энэ тухай хэд хэдэн мэдээлэл гарч, асуудал дахин анхаарлын төвд орлоо. Гэтэл дахиад л “Майничи” сонинг “шар сонин” гэж цоллон мэдээллийг үгүйсгэсэн.  “Майничи” сонин 5,6 сая хувь хэвлэгддэг, дэлхийн 20 гаруй оронд салбартай,  Пулицерийн шагнал авсан цорын ганц Япон сонин юм шүү дээ. Энэ сонины хоёр ч удирдах ажилтан нь Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан гэдэг.  Ийм өндөр нэр хүндтэй сониныг “борлуулалттаа нэмэгдүүлэхээр худал мэдээ нийтэлсэн шар сонин” гэж ярьж байсан. Зүйрлүүлж хэлбэл
“Нобелийн шагналт” эрдэмтнийг “бичиг үсэг мэдэхгүй, харанхуй бүдүүлэг” гэж гүтгэсэнтэй адил шахуу юм уу даа.

Хүмүүст аль болох бодитой мэдээлэл өгөхийн тулд “Майничи” сонин болон бусад баталгаатай эх сурвалжууд дээр гарсан мэдээллүүдийг орчуулж www.golomt.org блог дээрээ тавьсан. Ер нь Японд суугаа монголчууд их идэвхтэй хандсан л даа, зарим нь надад орчуулсан нийтлэлээ хүртэл явуулж байсан. Удалгүй  sonin.mn, shuud.mn болон бусад сайтууд эл мэдээллүүдийг нийтэлж байсан. Энэ үед л элдэв явууллагууд гаарч эхэлсэн. Ер нь чухал эгзэгтэй асуудлууд хөндөгдөж эхэлмэгц л олон нийтийн сэтгэл зүйгээр их тоглодог юм билээ. Ихэвчлэн элдэв янзын
“сэтгэгдэлүүд” болон үгүйсгэсэн захиалгат бичлэгүүд их гарна. Нэн ялангуяа монголчуудын үндсэрхэг үзэл, Хятадаас болгоомжлох үзлийг  маш овжноор ашигладаг юм билээ. Нэг жишээ дурьдая  л даа. З. Боргилмаа гэдэг сэтгүүлч news.mn дээр “энэ цуурхалыг хэн гаргаад байна, ер нь дор нь бичсэн сэтгэгдлийн IP-аас үзэхэд дандаа Хятадаас гэхдээ монгол хэлээр бичиж байна” гэсэн огт үндэслэлгүй юм зохиож бичсэн байсан. Үнэхээр тэр бүх IP судлаад шалгасан юм бол бүгдийг нь жагсааж бичээд тэдний өдрийн тийм нийтлэлийн доор тэдэн сэтгэгдэл
бичсэнээс тэд нь Хятадаас орж ирсэн байна гээд тодорхой тоо баримттай, бас эх сурвалжтай бичих хэрэгтэй шүү дээ. Ноцтой асуудлын ач холбогдлыг алдагдуулах, олны анхаарлыг өөр зүйлд хандуулах гэсэн өрөвдөлтэй оролдлого байсан. Энэ нь хэвлэл мэдээллийн сувгууд эрх мэдэлтнүүд болон улстөрчдийн гарт орсонтой холбоотой байх л даа.

Хоёр: Цөмийн тухай үлгэр ба үнэн

-Г.Галбадрах: Олон нийтийн хувьд цөмийн энерги, АЦС, цөмийн хаягдлын талаар мэдээлэл их дутмаг, бас өрөөсгөл хандлагатай байна.

-Амарлин: Тийм шүү. Жишээ нь, цөмийн хаягдал гэхээр цөмийн зэвсэгтэй андуурдаг. Зарим хүмүүс цөмийн хаягдал авбал цөмийн зэвсэгтэй болно гэж ойлгож байна. Гэтэл манай улс “Цөмийн зэвсэггүй улс” гэдгээ аль эрт зарлан тунхаглачихсан. Дээрээс нь тэр технологи нь маш нууц, тун цөөхөн улс орны мэдэлд байдаг.Бид яаж ийгээд цөмийн зэвсэгтэй болдог юмаа гэхэд дэлхийн улс орнуудын эсэргүүцэл, хөрш 2 орны хандлага ямар байх билээ.

Бас цөмийн хаягдлыг сансарт нисгэе гэсэн бодолтой хүмүүс байдаг. Онц хөнөөлтэй түвшний хаягдал болох цөмийн түлшний хаягдал гэхэд манай гариг дээр 350 мянган тонн хуримтлагдсан байдаг байна.  Тэднийг бүгдийг сансарт нисгэхийн тулд маш олон сансрын хөлөг, хөөргөх байгууламжууд  хэрэгтэй болно. Асар их хөрөнгө шаардагдах тул хэрэгжүүлэх боломжгүй юм билээ. Тэгээд ч монголчууд бидний хэлдгээр “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” буух болбол яах билээ. Бүр өч төчнөөн их хөрөнгө зарцуулаад ийм төсөл хэрэгжүүллээ гэхэд
сансрын хөлөг хөөрөх үед болон сансрын орчинд гарах эрсдлийг ч бид мартаж болохгүй.

Мөн цөмийн хаягдлыг дахин боловсруулах боломжтой, ашигтай түүхий эд гэж ярьж байна. Манай гариг дээр хуруу дарам цөөхөн тооны дахин боловсруулах байгууламж бий, гэхдээ хүчин чадал бага, аваар осол ихтэй юм билээ. Эдийн засгийн хувьд ч ашигласан түлшийг дахин боловсруулах нь ашиггүй гэдгийг баталсан тэргүүлэгч орны эрдэмтдийн тайлан тооцоо байна. Тэнд дахин боловсрууллаа гэхэд, зарим нь шингэн хэлбэртэй, ашиглах боломжгүй хаягдал их хэмжээгээр гардаг юм байна. Энэ асуудлыг сүүлийн 50-60 жил судалж байгаа ч одоо хүртэл
дорвитой ахиц үгүй, “ойрын 50-100 жилд ч баталгаатай арга олно гэдэгт эргэлзэж байгаа” тухайгаа зарим эрдэмтэд өгүүлж байгаа.

Үнэхээр дахин боловсруулж болдог эсэхэд эргэлзээд байгаа хүмүүст зөвлөхөд монголчууд бид өөрсдийгөө “гүйлгээ ухаантай” хүмүүс гэдэг шүү дээ. Тэгвэл хар ухаанаар бодоод үзээрэй. Үнэхээр дахин боловсруулах боломжтой юм бол, яагаад Финлянд улс дотоодынхоо онц аюултай түвшний цөмийн хаягдлаа дахин хэзээ ч гаргаж авахгүйгээр булшлахаар Онкала гэдэг агуулах газрын 500 м гүнд байгуулж байна вэ? Америкчууд ч бас Невада мужийн Якка ууланд төстэй байгууламж байгуулж байсан гээд эргэцүүлээрэй. Асар ашигтай, үнэтэй түүхий эдээ
үүрд булшилна гэж байх уу?
Энд нэг зүйлийг нэмчихье. Өнөөдөр ураны үнэ дэлхийн зах зээл дээр сүүлийн хэдэн жилд байгаагүй ихээр унасан байгаа юм билээ. Тэгэхээр тэрнийг олборлож, боловсруулаад асар хямдаар зарах нь хэнд ашигтай вэ гэдэг асуултыг хүн бүр бас болгоох хэрэгтэй байхаа. АЦС байхгүй, барьсан ч ганцыг барих Монгол улсад уу эсвэл бусад орнуудад уу?

-Г.Галбадрах: Байдал ийм байсаар атал Монголд цөмийн баялгийг ашиглах тухай яриа намжихгүй л байна даа.

-Амарлин: Б.Чадраа гуай нэг ярилцлагадаа “Монголын говь цөмийн хаягдал хадгалахад таарсан сайхан газар” гэж өгүүлсэн байсан.  Гэтэл Монгол улсын газар нутгийн 90 гаруй хувь нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаардаг гэсэн мэргэжлийн хүний судалгаа байдаг. Зөвхөн энэ он гарснаас хойш гэхэд хэд хэдэн удаа хүчтэй газар хөдөлсөн, өнгөрсөн долоо хоногт Өмнөговьд 6-7 баллын газар хөдөлсөн гэсэн мэдээ байсан.
Хүмүүс Монголд АЦС барих хэрэгтэй, энэ бол хамгийн цэвэр энерги гэж андуурдаг. АЦС байгуулаад ашиглавал заавал цөмийн хаягдал гарна. Энэ хаягдал нь асар аюултай, хүний үр удамд нөлөөлнө, хор хөнөөлөө хэдэн зуун мянган жилээр өөртөө агуулдаг. Та бидний үед ямар нэг осол гарвал түүний хор хөнөөл нь 200 мянган жилийн дараа ч яг хэвээрээ байна гэж ойлгож болно. Нөгөө талаар жирийн станцтай харьцуулахын аргагүй асар их ус хэрэглэнэ. Тэр усан санг байнга хүйтэн усаар хангаж байхгүй бол юу болдгийг бид Фукушимагийн ослоос харсан.
Тэгэхээр АЦС баривал монголчууд бид алтны хэнээрхлээс болж ширгэсэн гол нууруудаас үлдсэн жаахан усаа ууршуулах нь байна.
Анзаараад байхад цөмийн хаягдал, АЦС-ыг энгийн зүйлтэй харьцуулах, хүмүүст буруу ойлголт  төрүүлэх гэсэн оролдлого их байна. Тухайлбал: УИХ-ын гишүүн О. Чулуунбат АЦС, цөмийн хаягдлыг онгоц, машинтай, Гадаад Харилцааны Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд асан А. Ундраа хутгатай зүйрлэж байв. Тэгээд “Хутга ч гэсэн аюултай  гэхдээ гал тогоонд л байдаг зүйл. Онгоц аюултай гээд бид онгоцонд суухаа больдоггүй биз дээ?” гэхчилэн тайлбарлацгаан учирлана.  Хамгийн аюултай гэмт хэрэгтний гарт хутга бариуллаа гэхэд магадгүй 10-20
хүний амь нас сүйдэж болох, онгоц сүйрлээ гэхэд магадгүй 100-200 хүний амь нас сүйдэж болох юм. Харин АЦС дээр осол гарвал Улаанбаатар хот, цаашлаад Монгол Улс ч газрын хөрснөөс арчигдаж болох юм. Мөн бид эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, бидний үр удам төрөлхийн гажигтай, амьдрах чадваргүй төрөх болно. Ялгаа нь энд л байгаа.

-Г.Галбадрах: АЦС-уудад гарсан ослын улмаас үүдсэн хор уршиг өнөө хэр дэлхий нийтийг түгшээж байна.

-Амарлин: Чернобыль, Фукушимагийн ослын үр дүнг хар л даа. Хичнээн хүн хохиров? тэр хавийг цэвэрлэх гэж хичнээн их хөрөнгө хүч зарцуулав? Тэглээ гээд тэнд хэдэн зуун жилдээ хүн амьдрах боломжгүй боллоо.  Нийт цацраг идэвхит бодисын тунадас нь Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс 25 дахин их байна, асар аюултай цезий гэхэд 160 дахин их байна гэсэн тоо баримтууд байгаа.  Эдгээр тоо нь Чернобылийн ослын үеийнхнээс хавьгүй их байна. Албан бус тоогоор Чернобылийн ослоор сая хүн нас барсан гэж бичдэг.

-Г.Галбадрах: Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэж?

-Амарлин: Яг наад асуултыг тань миний бичлэгийг уншсан олон хүн надаас асуудаг. “Бид бүгдийг удирдах нэг удирдагч гарч ирээсэй” гэж аргаа барсан зарим нь бичнэ. Миний бодлоор бол бид хэн нэгэнд найдах биш хүн бүр дор бүрнээ өөрийн чадах бүхнээ хийх хэрэгтэй байх. Ямар ч том барилга ширхэг тоосгоноос эхэлдэг биз дээ? Тэгэхээр өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ эрүүл энх аж төрөхийн төлөө, Монгол улс, эх орныхоо төлөө бид дор бүрнээ хариуцлага хүлээх ёстой. Бид хамтдаа эсэргүүцвэл амжилтад хүрнэ. Зарим хүмүүс “Сүх далайтал үхэр
амар” гэдэгчлэн “За яахав, булна гээд ороод ирвэл эсэргүүцнэ дээ” гээд аажуу тайван монгол зангаар, хэнэггүй, олхиогүй байдлаар ханддаг. Бас “Тэр цөмийн хаягдал булшлах гэсэн Америк-Япон-Монголын нууц гэрээний нэг хувийг үзүүлчих, тэгвэл итгэе” гэсэн хүмүүс байдаг гэж сонсоод би үнэхээр харамссан. Бид хувиа хичээж, бэртэгчин царайлж суувал нэгэн цагт Монголын хөрсөнд цөмийн хаягдал булшилж л таарна.
Одоогийн байдлаар уран олборлолт, АЦС барихын эсрэг, цөмийн хаягдал булшлахын эсрэг тэмцдэг фейсбуукын хэд хэдэн бүлэг байгуулагдсан байгаа. Бид дор бүрнээ цацраг идэвхийн хор хөнөөлийн талаар ард олонд үнэн зөв мэдээ мэдээлэл хүргэх, үзэсгэлэн зохион байгуулах, кино орчуулах, жагсах, гарын үсэг цуглуулах, холбогдох хүмүүстэй уулзах гээд чадах чинээгээрээ ажиллаж байна. Энэ дашрамд хэлэхэд уран гэдэг ашигт малтмал нь байгальд байхдаа аюул багатай ч гар хүрч хөндмөгц идэвхжиж, урвал задрал явагдаж үхлийн хөнөөлтэй хор
болж хувирдаг. Ер нь уран олборлохоос эхлээд уран боловсруулах бүх үе шатанд хортой хий, тоосонцор, туяа ялгардаг. Ашигласан түлшний хаягдал бол хамгийн хортой, хамгаалалтгүй бол хажууд нь хэдхэн минут зогсоод үхэж болно. Ураны тоосонцорыг манайхан төдийлэн хортой гэж боддоггүй. Гэтэл цацраг идэвхт тоосонцорыг амьсгалах юм бол хүний дотор эрхтэнд наалдаж, цусны эргэлтэнд нэвтэрч хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан. Дээрээс нь АЦС осол аваар ихтэйг түүх бидэнд харууллаа. Түүнчлэн цөмийн хаягдлыг тээвэрлэх 300 удаагийн
тохиолдол тутамд 1 удаа зам тээврийн осол гардаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Ослын улмаас газрын хөрсөнд нэвчиж буй тэр их хорыг яах вэ? гэдэг асуудал ч байгаа. Ер нь ч тэгээд авто машинаар болон төмөр замаар тээвэрлэхэд орчны радиацийн түвшин нэмэгддэг нь үнэн.
Ийм байхад Монголчууд бид уран олборлох, АЦС барих, цөмийн хаягдал булшлах гэсэн энэ хоорондоо нарийн уялдаатай үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Үнэндээ дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүчийг илүүтэй сонирхож байна, Герман, Швейцар гээд цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзахаар шийдсэн, АНУ, Япон, Франц энэ талаар хэлэлцэх болсон. Бид хоцрогдож буй АЦС барихаас татгалзснаараа зарим нэг хүмүүсийн хэлж буйгаар “аргал түлж, хоцрогдоно” гэсэн үг биш шүү дээ. Харин орчин үеийн аюул осол багатай шинэ
технологийг нэвтрүүлж байж бид хөгжинө.

Гурав. Олон улсын цөмийн булшны асуудлаар

-Г.Галбадрах: Дэлхий нийтийн хэмжээнд хурц болж байгаа асуудал нь олон улсын цөмийн хаягдлыг хаана булшлах тухай асуудал болж байгаа бололтой.

-Амарлин: Энэ асуудал нь 1990-ээд оноос Олон Улсын Атомын Энергийн Агентлагаар (ОУАЭА) хэлэлцэгдэж байгаа нь нууц биш. Энэ талаарх баримт бичиг, тайлан судалгаанууд нь байдаг. Товчхондоо бол цөмийн хаягдал нь хор хөнөөлтэй, дээрээс нь цөмийн зэвсэг үйлдвэрлэж болох тул олон улс орнууд тус тусдаа хадгалах гэж ядарч байснаас нэг орон бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээгээд, тодорхой төлбөр авч тэр хаягдлыг өөрийнхөө газар нутагт хадгалах тухай санаа юм. Өөрөөр хэлбэл “бусдын лай ланчгийг өөртөө үүрэх”  гэсэн бодлого юм даа. Гэвч
өнөөг хүртэл бусдын цөмийн хаягдлыг нутагтаа булшлах хүсэлтэй улс орон гарч байгаагүй. Зарим нэг улс орнууд, тухайлбал Казахстан, Австрали зэрэг улсуудын эрх баригчидтай тохиролцож эхэлмэгц ард түмэн нь эсэргүүцэн болиулж байсан удаатай.

-Г.Галбадрах: Гэтэл Монгол улс энэ асуудлаар санаачлага гаргасан байж болох тухай өөрийн тань бичлэгт дурдагдсан байсан.

-Амарлин: Олон yлсын болон бүс нутгийн цөмийн хаягдлын агуулах байгууламж барихыг ОУАЭА-ийн захирал Эль Барадей дэмждэг байсан. Манай Ерөнхий сайд асан С.Баяр 2008, 2009 онуудад түүнтэй биечлэн уулзаж, С.Батболд Ерөнхий сайд болчихоод тус байгууллагын удирдлагад  2010 оны 3 сард бараалхаж, бас эл байгууллагын Ерөнхий захирал нь 2010 оны 11 сард Монголд айлчилж байжээ.

2010 оны 6 сард гарсан эрдэм шинжилгээний сэтгүүлд АНУ-ын Цөмийн зэвсгээр хөөцөлдөхийн эсрэг  Монтеррейн Судалгааны Хүрээлэнгийн судлаачдын бичсэн нийтлэлд “Монгол улс гадны цөмийн хаягдлыгөөрийн нутагтаа хадгалахыг сонирхож байна” гэж бичсэн байна. Тэгэхээр тэдгээр нэр бүхий шинжээчдээс энэ мэдээллийг хэнээс авсан болохыг судалж болох талтай.

“Монголын Цөмийн санаачлагa” (Mongolian Nuclear Initiative) гэж байгаа. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг АНУ-д айлчлах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл сайшаасан гэсэн. Гэтэл тэр төслийн тухай мэдэх хүн алга.  Үнэндээ тэр төсөл бол Монголд Цөмийн түлшний банк байгуулах төсөл. Монголчууд уранаа олборлож, түүнийгээ түлш болгож бусдад зараад, гарсан цөмийн түлшний хаягдлыг Монголдоо эргүүлж авна гэсэн үг. Тэгэхээр дахин боловсруулах баталгаат технологи байхгүй өнөө үед энэ бол Монголд цөмийн хаягдлыг  хадгалах байгууламж барина гэж ойлгож
болно.

-Г.Галбадрах: Тэгэхээр манай талын санаачлагаас гадна гадны улс орнууд энэ зорилгоор Монголыг сонирхох сонирхол байна гэсэн үг үү?

-Амарлин: Тийм.  Цөмийн хаягдал хадгалах улс орнуудад тодорхой шаардлагууд тавигддаг. Нутаг дэвсгэр нь том, хүн ам сэлүүхэн суурьшсан, дэд бүтэц хөгжсөн, мэдээж харж хянахад хялбар, шинээр цөмийн зэвсгээр хөөцөлдөх хүсэлтэй орнуудаас аль болох зайтай, цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүн хүч, технологи эзэмшээгүй бол сайн байж таарна. Энэ шаардлагад ” дэд бүтэц хөгжсөн” гэдгээс бусдаар Монгол улс таарч тохирч байгаа. Сүүлийн хэдэн жилд Дорнодоос Хятад руу гарсан төмөр зам барих төсөл яригдаж, хэрэгжих шатандаа ороод байга аюм билээ.
Тэгэхээр дэд бүтцийн асуудал ч бас шийдэгдээд байгаа бололтой.

Дөрөв: Бусад асуултууд

-Г.Галбадрах: Энэ асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж эсэргүүцэж эхлэх үед эрх баригчид олон нийтэд таалагдах үйлдлүүд хийж эхэлж байна.

-Амарлин: Ерөнхий сайд, Сэлэнгийн 11 жилийн сурагчийн хүсэлтээр цаасан дээр “Монголд Цөмийн хаягдлыг булшлахын эсрэг” гарын үсэг зуржээ. Гэвч С. Батболд сайдаас асуух зүйл байна. “Та 2011 оны 1-р сард Арабын орнуудаар айлчилж явахдаа АНЭУ-д цөмийн түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн гэж ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байсан.  Айлчлалаас ирээд 1-р сарын 21- ний өдрийн УИХ-н чуулганд хандаж хэлсэн үгэндээ “Монголд Цөмийн хаягдал хадгалах байгууламж барина” гэж дурдсан байгаа. Тэгвэл АНЭУ-д түлш нийлүүлчихээд ашиглаж дууссан
хойно нь хаягдлыг нь Монгол Улс авах уу үгүй юу? Энэ талаар тодорхой хариулт сонсмоор байна.

Бас  Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржоос “Та 2009 оны 9 сард Энэтхэг явж Цөмийн түлш нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд энэ зун Энэтхэгийн Ерөнхийлөгч ирж энэ гэрээг баталгаажуулаад явлаа.  Монгол Улс уранаа боловсруулаад гадны нэг орноор түлшээ захиалан үйлдвэрлүүллээ гэж бодоход Энэтхэгээс, ашигласан түлшнийх нь хаягдлыг эргүүлж авах уу? Ер нь Монгол улс Цөмийн түлш боловсруулан зээлдүүлэх юм уу Цөмийн түлшний банк гэгч үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа юу? Тийм бол ОУАЭА-аас тийм үйлчилгээ үзүүлэх улс нь, Олон улсын цөмийн
хаягдлыг хадгалах байгууламжтай байх ёстой, эсвэл тийм байгууламжтай гуравдагч оронтой хамтрах ёстой гэсэн зөвлөмж байгаа шүү дээ” гэж тодруулан асуумаар байна.

Мөн монголчууд бид уранаа олборлож эхлээгүй, цөмийн түлш үйлдвэрлэээгүй мөртлөө ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг асар олноор нь байгуулчихсан. Тэр бүү хэл урьдчилгаа аваад эхэлчихсэн байгаа. Энэтхэгээс гэхэд л Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 25 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авахаар 2009 онд тохирсон, сая 7 сард Энэтхэгийн Ерөнхийлөгч айлчлахад  20 сая ам. долларын зээлийн асуудал бас яригдаж байсан. С. Баяр Ерөнхий сайд байхдаа ОХУ-аас 300 сая ам. долларын зээл авч, атар эзэмших төсөлд зарцуулсан гэдэг. Японы “Марубени” корпорациас
ч гуйж байсан, Хятадаас ч зээлж байсан тухай мэдээ бий. Тэгэхээр Монголын ураны урьдчилгаанд хэр зэрэг зээл аваад хэрхэн зарцуулсан бэ гэдэг асуулт бас гарч ирж байна.

-Г.Галбадрах: Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар зарлиг гаргаж, олон нийтийн талархлыг хүлээж байна.

-Амарлин:Ерөнхийлөгч энэ зарлигтаа ” Цөмийн хаягдлын талаар ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр яриа хэлэлцээр хийж болохгүй” гэсэн байгаа.  Гэтэл ҮАБЗ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нараас бүрддэг. Мөн тус зарлигтаа ч, НҮБ-ийн чуулганы индэр дээрээс ч “Монголд Цөмийн хаягдал булахгүй” хэмээн мэдэгдэж байна. Гэвч 2009 оны 7 сард гарсан “Цөмийн энергийн тухай” хуулинд “цөмийн хаягдал” гэж юу болох хийгээд “гадны” болон “дотоодын цөмийн хаягдал” гэж тодорхой зааглан тайлбарлаагүй болохоор, цөмийн түлшний хаягдлыг “түүхий
эд” нэрээр Монголд оруулж ирэх, мөн  “өөрийн уранаар хийсэн түлш юм чинь бид хаягдлаа буцааж авах ёстой, тийм журамтай” гэхчилэн хүмүүсийг мэхлэж байгааг яах вэ?  Би үүнийг хүмүүсийн сэтгэлийг засах болон амрааж тайвшруулахаар хийж байгаа үйлдэл байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм.
Асуудал үүгээр дуусгавар болоогүй тул сэтгэл амарч тайвширч болохгүй. Бусад улс орнууд цөмийн хаягдлаа шийдэж дуустал Монгол улс анхаарал сэрэмжтэй байх ёстой.

-Г.Галбадрах: Тийм ээ! Би ч энэ асуудалтай санал нэг байна. Бид сонор сэрэмжтэй байхаас гадна ийм асуудал дээр эв нэгдэлтэй байх нь илүү хэрэгтэй байна.
-Амарлин: Тийм шүү. Миний бичсэн зүйлийг уншиж, улмаар нэгдэж, Монгол улсаа Цөмийн аюулаас холдуулахаар чин сэтгэлээсээ тэмцэгч хүмүүсийн нэгдэл бий болсон. Тэдэнд миний овог нэр, гурван үеийн намтар төдийлэн чухал биш. Хамгийн гол нь намайг “хэн бэ?” гэдгийг миний хэлсэн болон хийсэн зүйлээр нь дүгнэсэн байх. Нүүр тулж үзээгүй мөртлөө надад асар ихээр итгэл хүлээлгэсэнд нь талархаж, тэднийг хүндэтгэж явдаг. Цөмийн аюулыг Монголоос  зайлуулахаар цаг зав, хүч чадлаа харамгүй зарцуулж буй нөхдөөрөө би маш их бахархаж байна.
Тэдний надад өгч буй санал зөвлөлгөө, урмын халуун дотно үгс надад их эрч хүч урмыг өгдөг юм.

Бидний эгнээнд АНУ, Герман, Япон, Австри, Монгол гээд олон улс оронд сурч, ажиллаж ,амьдарч байгаа  бүх насны хүмүүс болон гадны эрдэмтэд судлаачид ч бий. Мөн бидэнд хандаж захидал, мэдээлэл ирүүлдэг хүмүүс ч цөөнгүй байгаа.  Бид энэ асуудлыг цаашид ч хянасаар байх болно.
Саяхан Цөмийн аюулыг эсэргүүцэгч хэсэг хүмүүс Монголын Цөмийн Энергийн Газрын дэд дарга Дамдинсүрэнтэй уулзаж ярилцсан байна лээ.  Гэтэл санал бодлоо солилцож, үзэл бодлоо илэрхийлсэний  эцэст тэрээр “Би Монголд АЦС барихын төлөө үхэн үхтлээ тэмцэх болно. Та нар энэ байгууллагад ажилладаг 90 гаруй хүнийг ажилгүй болгох гэлээ” хэмээн бухимдан уурлажээ. Тэгвэл бид 90 хүний эрх ашгийн төлөөсөнд 2,7 сая хүн хохирохгүйн төлөө ажиллах болно. Бид өөрсдийнхөө төлөө, ард олныхоо төлөө, шударга ёсны төлөө тэмцэж байгаа тул амгалан бас
итгэлтэй байна.

-Г.Галбадрах: Энэ бүхнийг эхлүүлэн санаачилсан Амарлин гэдэг хүнийг хүмүүс сонирхож байгаа. Яагаад нэрээ нууцлаад байгаа юм бэ? Яагаад үүний төлөө ингэж их цаг зарцуулж байгаа юм бэ? Танд ямар ашигтай юм бэ? гэж асууцгааж байгаа байх.
-Амарлин: Цөмийн хаягдлын асуудалд чин сэтгэлээсээ санаа зовиносондоо энэ бүх ажлыг ямар ч цалин хөлсгүйгээр дан ганц сэтгэлийн хүчээр хийдэг гэдэгт  эргэлзсэн хүмүүс мэр сэр байдаг. Яг үнэндээ би энэ ажилд маш их цаг зарцуулдаг. Маш хариуцлагатайгаар хэлэхэд би энэ ажлаасаа ямар ч ашиг болон нэр хүнд хүсдэггүй, бас миний ард ямар ч улстөрийн хүчин болон “захиалга” байхгүй. Өнөөдөр монгол залуус эрх баригчдаар “тархиа угаалгаж”, тэдний мулгуу үгээр “будаа идэж”, элэг бариулж хууртагдаж суухааргүй, мэдээллийг өөрсдөө олж
шинжлэн дүгнээд, худал үнэнийг ялгах, ирээдүйгээ харж төсөөлөх чадвартай болсон. Намайг болон миний нөхдийг дэмжиж, бидэнд захидал мэдээлэл илгээдэг хүмүүс улам олон болж байгаад бид маш их баярлаж явдаг.
Миний хувьд нэрээ нууцлах шалтгаан байгаа. Гэхдээ энэ бүхнийг хүн болгонд тайлбарлах шаардлагагүй. Миний хэн байх нь чухал биш, миний хийж байгаа ажил, гаргаж байгаа санаа санаачлага л хамгаас чухал. Хүн болгонд 3 үеийн намтар болон, дүр зургаа харуулснаар илүү сайн ажиллах болно гэж бодохгүй байна. Ер нь гаргаж тавьж буй асуудлыг авч хэлэлцэхийн оронд бичиж буй хувь хүн рүү нь дайрч давшлахын тулд  түүх намтраа тавиач гэж шалдаг бололтой юм билээ. Тийм хүмүүст намайг “казак үндэстэн”, “Орос Хятадын тагнуул” гэж цуурхаж
суудаг. Гэтэл цөмийн хаягдлын асуудлыг гаргаж тавьж буй эх сурвалжууд нь дандаа Америк, Японы эх сурвалжууд байгаа.

Бидний өдий хүртэл хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэж байгаа эрх баригчдад хандаж хэлэхэд, “Та нар өөрсдийн жишгээр бусдыг бүү хэмжээч. Нийтлэлд дэлгэж тавьсан баримтыг хоосон хэрүүлийн үгээр биш, бодитой баримт нотолгоогоор  нотлооч” гэж хүсч байна. Бид нэг л эх оронтой, нэг л эрх ашигтай тул бидний үйл ажиллагаа нэгэн зүгт явна гэж найдаж байна.

-Г.Галбадрах: Чин сэтгэлээсээ ярилцсанд их баярлалаа. Эрүүл энх байж , санасан бүхнээ сэтгэлчлэн бүтээгээрэй.

-Амарлин: Танд ч их баярлалаа. Бид хамтдаа Mонгол орныхоо сайн сайхны төлөө их зүйлийг хийж чаднаа.

… Монголд олон нийтийн эрх ашгийн төлөө хэн нэгэн асуудал босгож тэмцэж эхлэх мөчид уг асуудалд анхаарлаа хандуулахын оронд “энэ хүний ард хэн байна вэ?” хэмээн хардаж сэжиглэж эхэлдэг. Манай улстөрчдийн бий болгосон муу жишиг. Тэд хэн нэгэнд мөнгө, элдэв албан тушаал амалж иймэрхүү жүжгийн” гол дүрд” тоглуулна, Эцэст нь энэ бүхэн “өөх ч биш булчирхай ч биш” болон хувирч, дэмжиж байсан олон нийтийн урам дэмжлэгийг хамтад нь хугалж орхино.

“Хэлэмгий хүн сурамгай” гэдэгчлэн Амарлингийн хөндөж гаргаж ирэн, олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа “Цөмийн хаягдлыг монголд булшлахын эсрэг ” тэмцэлд тэд бас л ийн хандаж байна. Энэ хөдөлгөөнд  нэгдэн АНУ-ын Лос Анжелес хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан Л.Мөнхтөр болон Амарлин нарыг хэн нэгэн улстөрчийн “хамаатан садан”, “захиалгат ажиллагаа”, “гадаадын тагнуул” хэмээн оношилж байгаа эрхмүүд олон болж  байна. Гадаадад байгаа монголчууд бид өөрийн эх орныхоо хувь заяа, зөв сайн хөгжлийн төлөө яагаад дуугарч,
тэмцэж болохгүй гэж?

Яг үнэндээ  Амарлин энэ асуудлыг ингэж гаргаж ирээгүй бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, НҮБ-ын индэр дээрээс үгээ хэлж, Ерөнхий сайд С. Батболд  “Монголд Цөмийн хаягдлыг булшлахгүй байхын төлөө”  сурагчийн санаачлагыг дэмжин гарын үсэг зурах байсан гэж үү? Зөвхөн үүний төлөө бид Амарлинд талархах учиртай. Бас үүний төлөө сэтгэлээ чилээн тэмцэж байгаа олон олон залууст ч талархах ёстой.

Харин одоо бид эв нэгдлийг хичээн Монгол орны газар нутаг болон түүний ариун дагшин байдлын төлөө нэгдэцгээх цаг болж байна. Үүний тулд УРАНЫ ОЛБОРЛОЛТ ашиглалтаас татггалзаж, Монголд АЦС- барихаас түдгэлзэж, ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ  Монголд булшлуулахгүй байхын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Бидэнд амлалт биш ХУУЛИЙН БАТАЛГАА хэрэгтэй байна. Бид хууртаж бас тайвширч болохгүй.

“ТА НАРЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ?” гэж үү?  Бидний ард, туурга тусгаар МОНГОЛ ЭХ ОРОН минь байгаа.

Share Your Thoughts