Чиний эргэн тойронд…

Чиний эргэн тойронд ямар хүмүүс байхыг хүсч байна, тэр хүмүүсээ чи ѳѳрѳѳ л сонгодог. Би энэ амьдралд зѳндѳѳ хүмүүстэй найзалж нѳхѳрлѳж явав. Зүгээр л бусадтай ойр дотно байх гэсэн сонголтгүй хүсэл, ѳѳртѳѳ хэрэгтэй хүмүүсээ сонгож нѳхѳрлѳх боломж хүртэл олон он цагийг элээжээ. Хэрэв чи ѳѳрийн мѳн чанараа мэдэрч, ѳѳрийн санаа бодол, хүсэл мѳрѳѳдѳл адил тѳст хүмүүсээ сонгох гэвэл сэтгэлийн дотоод анираа чимээл. Хэн нэгэн шоолж магад мѳрѳѳдѳл тань чиний сэтгэлийн гэрэл гэгээ бол бусдын тохуурхлыг үл ажран тийм хүмүүс рүү хараачил, бас мэдрэмжээ чагна. Магадгүй чи итгэхгүй байж болох ч чамтай адил хүсэл мѳрѳѳдѳлтэй хүмүүс энэ ертѳнцѳд зѳндѳѳ бий, чи итгэ.

Би нэг зүйлийг мѳрѳѳддѳг, Тэр юу гээч! Энэ насныхаа тѳгсгѳлд дандаа гэгээн сайхан мѳрѳѳдѳлтэй, түүндээ хүрэх гэсэн тэмүүлэлтэй, ѳѳрийн боломжоо бусдын тусад зориулах хүмүүстэй нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүйгээр нѳхѳрлѳж дотносох хүсэл. Мэдээж амаргүй боловч би түүндээ хүрч байгаагаа мэдрэхдээ баяртай байдаг. Тийм гэгээн хүсэлд хязгаар гэгч огт байдаггүй юм билээ. Хүсэл хүслийнхээ чимээг анирдах гэдэг, мѳрѳѳдѳл мѳрѳѳдлийнхээ долгионыг мэдрэх гэдэг, биелэл биелэлийнхээ таашаалыг амсах гэдэг амаргүй мэт санагдавч тийм ч хэцүү биш. Зүгээр л чи ѳѳрийн хүсэл мэдрэмжээ ямар ч хуурамч аяглалгүйгээр илэрхийлж байх нь тэр боломжийг олгодог юм.

Ойлголцлийн хязгаараас хайрлах хүртэл, үзэн ядахын хязгаараас уучлал хүртэл, гунихын хязгаараас баярлах хүртэл орон зай чиний сэтгэлийн багтаамжийг илэрхийлж байдаг. Ѳѳрийн мѳн чанартаа үнэнч байгаа чиний хүсэл ѳѳртэйгээ адил хүсэлтэй хүмүүсийг ойртуулах дуудлага нь болдог. Гутранги санаагаа сэтгэлээсээ холдуулж, омог бардмаар тэргүүнээ ѳргѳж орчноо харах мѳчид чи тэр хүмүүсийг олж хардаг. Чухам тэр үеэс л чи энэ ертѳнцийг, бас хүмүүсийг огт ѳѳрѳѳр харж мэдэрч эхэлнэ. Чиний сэтгэлийн гэрэл гэгээг мэдэрсэн тэр хүмүүс чам руу ѳѳрсдѳѳ хүрч ирдэг. Тэгээд л чи эргэн тойрондоо гэгээлэг хүмүүсээр хүрээлүүлж, чи бусдын гэгээлэг бүрхүүлийг хамтдаа бүтээнэ. Амьдрал сайхан шүү дээ. Чиний эргэн тойронд дандаа гэгээлэг хүмүүс тодроод ирэхэд л чи амьдралын сайхныг жинхэнээр нь ойлгож мэдэрч, бас баярлан бахадна. Амьдраад л баймаар, бас бусдыг хайрлаад л баймаар..

Share Your Thoughts