Ч.Ганжавхлангийн “Халуун сэтгэл”

Чадраабалын Ганжавхлан миний зээ дүү л дээ. Түүний ээж Г.Ганчимэг миний төрсөн дүү байгаа юм. Жавхаа багадаа нэг их нүдээ анивчиж ярьдаг, алиадуу төрхтэй хүүхэд байсан. Гачууртад аав ээж хоёрыг минь амьдарч байхад амралтаараа очиж үнээ хариулна, тугал эргүүлнэ, худгаас ус авч, гэр цэвэрлэдэг байсан. Ээж их магтанаа. “Манай Жавхаа ер нь сүрхий шүү” гэж ирээд . Дараа нь тэр Солонгост сурахаар явж, хожим нь Хятадад Их Сургууль дүүргэсэн юм. Тийм болохоороо солонгос, хятад хэлээр нилээд сайн ярьдаг. Харин өнгөрсөн хавар АНУ-д англи хэлний сургалтад ирсэн л дээ. Яг л бусдын адил айлын өрөө хөлсөлж амьдарч, хичээлдээ хамаг анхаарлаа хандуулна. Хааяа над дээр ирж жаахан “буу хална”. “Миний дүү мөнгөтэй юу?” гэж асуухаар “Санаа зоволтгүй ээ, мөнгө байгаа” гэж хариулах. Тэр үед их л бие даасан бодолтой болж байгаа нь анзаарагдаж байв.

Монголдоо буцсанаас нь хойш түүний санаачилж хийж байгаа болгоныг нь, өөрийн санаа бодлоо илэрхийлж байгаа байдлыг нь фейсбуукээс л анхааралтай ажиглаж байлаа. Тэрээр гэнэтхэн хэн хүний зориглон хөндөж байгаагүй “Монгол дахь хүний наймаа”-ны асуудлыг хөндөж өөрийн тэмцлээ эхэлсэн.

Дараа нь амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийг дулаан өвөлжүүлэхэд нь туслах гэж хуучин хувцас цуглуулж тэдэнд тарааж өгөв. Дараа нь залуусыг уриалж гудамжны хог цэвэрлэж, Зайсан толгой орчмын цасыг цэвэрлэв. Бас залуусыг уриалж өглөө эрт цуглаж, дуртай сэдвээрээ “буу халах” “Үүжгэнэ жүүжгэнэ” нэртэй клуб байгуулсан. Харин одоо шинэ жилээр хүүхдүүдэд бэлэг цуглуулах уриалга гаргажээ.

Монголчууд бид олон юмыг шүүмжилдэг л дээ. Болохгүй бүтэхгүй байгаа болгоны бурууг “ТӨР”-өөс хайж, тэдний шийдвэр уриалгыг л хүлээж суудаг. Ямар нэгэн санаачлага гаргасан нэр алдартай, эсвэл улстөрч, нөгөө бол бизнесменийг л уухайлж дэмждэг. Тэднийг дэмжих аян хүртэл зохион байгуулна гээч. Зүгээр л жирийн нэгэн залуугийн санаачлагыг ингэж дэмжиж байсангүй. Харин Ч.Ганжавхлангийн санаачлагыг дэмжиж байгаа залуус болон иргэдийг хараад би баярладаг. Уг нь би сэтгэлдээ ийм л зүйлийг битүүхэн хүлээж байсан. Маш олон залуустай уулзаж, тэдний сэтгэлийн шаналал бухимдлыг сонсож байсан л даа. Гэхдээ бид их л том юм бодоцгоогоод зүгээр л бидний хажууд байгаа энгийн хийж болох санаа, санаачлагуудыг анзаардаггүй. Би ч бас тэдний л адил. Харин залуус минь өөр мэдрэмж, өөр сэтгэлгээтэй болж эхэлжээ. Энэ их сайхан урам юм шүү.

Ч.Ганжавхлан миний зээ дүү гэдэгтээ ч биш, Монголд байгаа залуусын өөдрөг хүсэл тэмүүлэл, бас түүнээ ажил хэрэг болгох санаачлага, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх эрмэлзлэл нь бодит байдлаар хүмүүст хүрч байгаа нь хамгаас чухал юм, Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг санаачилж хийхэд “энэ хүн ямар ашиг харж үүнийг хийж байна” хэмээн хардангуй ханддаг. Харин эдэнд ямар ч ашиг харсан алсын тооцоо байхгүй. Тийм болоод л тэд энэ санаачлагаа “Халуун сэтгэл” гэж нэрлэсэн байх. Жирийн хэрнээ хүмүүсийн сэтгэлд хүрч, тэднийг баярлуулах “Халуун сэтгэл” л бидэнд дутагдаад байж дээ. Би одоо зээ дүүгээ дэмжихийг хүсч байна. Бас олон халуун сэтгэлт хүмүүс дэмжээсэй гэж хүсч байна. Ta ч бас дэмжихийг хүсвэл Ч.Ганжавхлангийн фейсбуук хаяг нь Ganjavkhlan Chadraabal э-майл хаяг нь: cb-javkhaa@yahoo.com утас нь 8885 5525

Харин тэрээр “бусдад туслах сайхан санаанй жагсаалт гаргаж, олон нийтийн санал асуулгаар шалгарсан санааг нь хэрэгжүүлье. 2013 онд хэрэгжүүлэх 100 сайхан санааг гаргаж хэрэгжүүлье” гэж фейсбуук дээрээ уриалсан байна билээ. Бас сайхан санаа. Санаачлага болгон огт багаддаггүй. Өнөөдөр түүний фейсбуук дээрээ бичиж тавьсан доорхи бичлэгийг та нарт хүргэе гэж бодлоо.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах